
Хэрэглэх заавар
Эмийн хэрэглэх заавар
Витамин В12 0.02%-1 мл
тарилгын уусмал
Эмийн худалдааны нэр: Витамин В12
Олон улсын нэр: Цианокобаламин
Эмийн найрлага: Цианокобаламин, тарилгын нэрмэл ус
Гадна байдал: Ягаан эсвэл улаан ягаан өнгийн тунгалаг уусмал
АТС: B03BA01
Жирэмсний категор: C
Фармакологийн бүлэг: Цус төлжилтөнд нөлөөлөх бэлдмэл
Фармакологийн үйлдэл:
Цианокобаламин бие махбодид орсныхоо дараа коферментийн хэлбэр аденозилкобаламин буюу кобаламид болон хувирна. Тэрээр өсөлтийн хүчин зүйл болон цус төлжилтийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатайгаас гадна тогтворгүй метилийн бүлгийн нийлэгжилт, холин, метионин, креатин болон нуклейн хүчил үүсэх үйл явцад оролцоно. Мөн сульфгидриль бүлэг агуулсан нэгдлүүд эритроцитод хуримтлагдахыг нөхцөлдүүлэх ба мэдрэлийн систем, элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Цианокобаламин цусны бүлэгнүүлэх систем болон нүүрс ус липидийн солилцоог идэвхжүүлэх, их тунгаараа тромбопластин, протромбины идэвхийг нэмэгдүүлэх, атеросклерозын үед цусны холестерины хэмжээг багасгаж лецитинхолестерины индексийг ихэсгэх зэрэг үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт:
Анеми (Аддисон-Бирмерийн өвчин, ходоодны өвчний улмаас үүссэн цус багадалт, цочмог цус багадалт, төмрийн гаралтай цус багадалт), эмийн бодисуудын хордлого, элэгний цирроз, гепатит, полиневрит, радикулит, гурамсан мэдрүүлийн өвдөлт, шижингийн нефрит, мигрень, Дауны өвчин, арьсны бүх төрлийн өвчнүүд, витамин В12-ийн дутагдал зэргийн үед тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун:
Арьсан дор, булчин, судсанд тарьж хэрэглэнэ.
Анеми өвчний үед 100-200 мкг-аар өдөрт, мэдрэлийн системийн гэмтэл бүхий буюу миелозын илрэлттэй анемид 500 мкг-аар эхний 7 хоногт өдөр бүр тус тус 1 удаа, дараа нь 5-7 хоногийн зайтай тарина. Миелозын илрэл арилсны дараа бататгах эмчилгээг 100 мкг-аар сард 2 удаа, мэдрэлийн талын өөрчлөлттэй бол 200-400 мкг-аар сард 2-4 удаа тус тус тарьж хэрэглэнэ.
Цусархагшлын дараах төмөр дутагдлаас үүссэн цус багадалтын үед 30-100 мкг-аар долоо хоногт 2-3 удаа, хүүхдэд цусны төлжилт алдагдсанаас үүссэн цус багадалтад 100 мкг, бага насны хүүхдийн тэжээл алдагдсанаас үүссэн буюу дутуу төрсөн хүүхдийн цус багадалтын үед 30 мкг-р 15 хоногийн турш тус тус тарьж хэрэглэнэ. Төв мэдрэлийн системийн өвчнүүдэд 200-500 мкг-аас эхлэн тарьж биеийн байдал сайжирсны дараа өдөрт 100 мкг-аар хэрэглэх ба ээлж эмчилгээ 2 долоо хоног хүртэл үргэлжилнэ. Захын мэдрэлийн гэмтлийн үед 200-400 мкг-аар 2 долоо хоногт 1 удаа 40-45 хоногийн турш хэрэглэнэ. Элэгний үрэвсэл, циррозын үед өдөрт 30-60 мкг-аар буюу өнжөөд 100 мкг-аар 25-40 өдрийн турш, бага насны хүүхдийн тэжээлийн хямрал, өвчлөлийн дараах тэжээлийн хямрал, Дауны өвчин, тархины саа зэрэгт өнжөөд 15-30 мкг, хөөслөг суулга, туяаны өвчин, шижингийн мэдрэлийн зовнил бусад өвчнүүдийн үед өдөр бүр 60-100 мкг-аар 20-30 өдрийн турш тарина.
Хориглох заалт:
Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн, тромбоз, стенокарди, эритроцитоз, варикоз, геморрой, хавдрын өвчнүүд, хөхүүл болон жирэмсэн эхчүүд тус тус хэрэглэхийг хориглоно.
Гаж нөлөө:
Харшлын урвал, тахикарди, зүрх орчим өвдөх, толгой өвдөх, мэдрэл хөөрөх, артерийн даралт ихсэх, толгой эргэх зэрэг гаж нөлөө илэрч болно.
Тун хэтэрсэн үед:
Өндөр тунгаар хэрэглэх үед зүрхний дутагдал, аритми, уушигны хаван, анафилаксын шок зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хадгалах нөхцөл:
25°C-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газар хадгална. Хөлдөөж болохгүй!
Олгох нөхцөл:
Жороор олгоно. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.
Савлалт:
1 мл-ээр полипропилен (ПП) ампулд савлах ба ампулыг гэрлийн шууд тусгалаас хамгаалж гадна талаар нь бор өнгийн фольганд, хэрэглэх зааврын хамт савлана.
Хүчинтэй хугацаа: 1 жил
Үйлдвэрлэгч:
“АЙВИКО” Тарилгын эмийн үйлдвэр
Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Эв нэгдлийн гудамж
Улаанбаатар хот, 17061, Монгол улс
Утас: +976-77115735, +976-77115730
Факс: +976-11-345734
Вэб: www.ivco.mn
Имэйл: www.info@ivco.mn