Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Азитрон
Худалдааны нэр
Англи
Азитромицин
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

АЗИТРОН 250 МГ, 500 МГ ШАХМАЛ ЭМ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Эмийн худалдааны нэр: Азитрон

Олон улсын нэршил: Азитромицин

Эмийн хэлбэр: Бүрхүүлтэй шахмал

Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал эм нь 250 мг эсвэл 500мг азитромицинтэй шүтэлцэх хэмжээний азитромицины дигидратыг агуулна.

Туслах бодисууд: Микрокристал целлюлоз, поливинилпирролидон, натрийн сахаринат, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, тальк, титаны диоксид, натрийн карбоксиметил цардуул, гидроксипропилметилцеллюлоз.

Эмийн эмчилгээний бүлэг: Макролидын бүлгийн антибиотик

Эм судлалын үйлдэл: Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Үрэвслийн голомтонд өндөр концентрациар бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.   Азитромицин нь Streptococcus pneumoniae, St.pyogenes, St.agalatiae, C, F, G бүлгийн стрептококк, Staphylococcus aureus, St.viridans  зэрэг Грам эерэг бактери, Haemophilus influenzae, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, B.Parapertussis, Legionella pneumophila, H.ducrei, Campylobacter jejuni, Helicobacter pylori, Neisseria gonorrhoeae, Gardnerella vaginalis зэрэг Грам сөрөг бактери, Bacteroides bivlus, Clostridum perfingens, Peptostreptococcus spp зэрэг агааргүйтэн бактери мөн Chlamydia trachomatis, Mycoplasma pneumoniae, Ureaplasma urealyticum, Treponema pallidum, Borrelia burgdoferi зэрэг үүсгэгчид тус тус идэвхтэй үйлчилнэ. Харин эритромицинд дасал болсон Грам эерэг бактериудад нөлөөлөхгүй.                                                                             

Фармакокинетик: Азитромицин тосонд сайн уусах ба хүчиллэг орчинд тэсвэртэй байдаг нь хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх нөхцлийг бүрдүүлнэ.   Азитромициныг 500 мг тунгаар ууж хэрэглэхэд 2.5-3 цагийн дараа цусан дахь түвшрүүлэг дээд хэмжээндээ (0.4мг/г-д) хүрнэ. Биохүрэхүй нь 37%. Азитромицин амьсгалын зам, шээс бэлгийн замын эд эрхтнүүд ялангуяа түрүү булчирхай мөн арьс зөөлөн эдэд сайн нэвтэрнэ.

Бэлдмэлийн хагас задралын үе удаан ба эдүүдэд өндөр түвшрүүлэгтэйгээр (цусны сийвэнгээс 10-50 дахин их) агуулагддаг. Учир нь азитромицин цусны уурагтай бага холбогддог ба эукариот эсэд нэвтрэх чадвартай бөгөөд лизосомын ойролцоо рН бага орчинд хуримтлагддаг. Бэлдмэлийн тархалтын эзэлхүүн их бөгөөд сийвэнгийн клиренс нь өндөр байдаг. Азитромицин нь лизосомд хуримтлагдах бөгөөд энэ нь эсийн доторх үүсгэгчид үйлчлэхэд сайнаар нөлөөлнө. Фагоцит нь  азитромициныг халдвар байршиж буй хэсэгт хүргэх бөгөөд фагоцитозын үйл ажиллагааны үед чөлөөлөгдөнө. Үрэвслийн голомтонд азитромицины түвшрүүлэг эрүүл эдийнхээс ойролцоогоор 24-34%-иар их байдаг. Азитромицин фагоцитэд өндөр түвшрүүлэгтэй оршдог боловч түүний үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Богино хугацааны ээлж эмчилгээний (3-5 хоног) үед бэлдмэлийн бактери үхүүлэх түвшрүүлэг, үрэвслийн голомтонд сүүлийн тунг ууснаас хойш 5-7 өдрийн турш хадгалагдана. Элгэнд метилгүйжиж идэвхгүй метаболит үүсгэнэ.

Цусны сийвэнгээс 2 үе шатаар ялгарна. Бэлдмэлийг 8-24 цагийн зайтай хэрэглэхэд хагас гадагшлалтын үе нь 14-20 цаг, 24-72 цагийн зайтай хэрэглэхэд 41 цаг байна.                 

Хэрэглэх заалт: Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ.

  • Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар: дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл;
  • Улаан эсэргэнэ;  
  • Амьсгалын доод замын халдварууд: бактерийн гаралтай уушигны ба гуурсан хоолойн  үрэвсэл;
  • Арьс ба зөөлөн эдийн халдвар: ёлом, импетиго, арьсны хоёрдогч идээт халдвар;
  • Шээс бэлгийн замын халдварууд: заг хүйтний ба заг хүйтний бус гаралтай шээсний сүвийн үрэвсэл, умайн хүзүүний салст бүрхүүлийн үрэвсэл;
  • Лаймын өвчин ба erytema migrans-ын эмчилгээний эхэн үед;
  • Хеликобактериар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед.

Хэрэглэх арга, тун: Хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд амьсгалын дээд ба доод замын халдварын үед 500 мг тунгаар 1 удаа 3 хоног ууна. Арьс ба зөөлөн эдийн халдварын үед эхний өдөр 1000 мг-аар хоногт 1 удаа хэрэглэх ба дараагийн 2-5 дахь өдрүүдэд хоногт 500 мг тунгаар хэрэглэнэ. Шээс бэлгийн замын халдварын (хүндрэлгүй шээсний сүв ба умайн хүзүүний үрэвсэл) үед 1 г-аар хоногт 1 удаа хэрэглэнэ. Лаймын өвчин ба erythema migrans-ын эмчилгээний эхний өдөр 1 г-аар хоногт 1 удаа, дараагийн 4 өдөр 500 мг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ. Хеликобактериар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед хавсарсан эмчилгээнд хоногт 1 г-аар 3 хоног хэрэглэнэ. Хүүхдэд 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр хэрэглэх буюу эхний өдөр 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа, дараагийн 4 өдөр 5-10 мг/кг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Хүүхдэд erythema migrans-ын эмчилгээний эхний өдөр 20 мг/кг тунгаар, дараагийн 2-5 өдөр 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.

Анхаарах, болгоомжлох зүйлс: Ходоодны хүчиллэгийг саармагжуулах эмтэй 2 цагийн зайтай хэрэглэнэ. Эмчилгээг зогсоосны дараа зарим өвчтөнд харшлын урвал илрэх ба энэ үед эмчийн хяналтан дор тусгай эмчилгээ хийнэ.

Хориглох заалт: Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдал, хөхүүл үед хориглоно. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.    

Гаж нөлөө:

  • Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: суулгах (5%), дотор муухайрах (3%), хэвлийгээр өвдөх (3%,) гэдэс дүүрэх, бөөлжих, цөс зогсонгошилын шарлалт, хүүхдэд өтгөн хатах, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрнэ.
  • Зүрх судасны тогтолцооны зүгээс: зүрх дэлсэх, цээжээр өвдөх  шинж (1% ба түүнээс бага) илэрнэ.
  • Мэдрэлийн тогтолцооны зүгээс: толгой өвдөх, нойрмоглох, хүүхдэд цочромтгой болох, нойргүйдэх шинж (1% бага)  илэрнэ.
  • Шээс бэлгийн замын тогтолцооны зүгээс: үтрээний кандидоз, бөөрний үрэвсэл (1% бага)  тохиолдоно.
  • Харшлын урвал: Арьсаар туурах, гэрэлд хэт мэдрэгших, Квинкийн хаван, чонон хөрвөс ховор тохиолдоно.
  • Тун хэтрэх үед: дотор муухайрах, түр зуур сонсгол муудах, бөөлжих, суулгах шинж илэрнэ.

Эмийн ба бусад харилцан үйлчлэл: Хөнгөнцагаан ба магни агуулсан ходоодны хүчиллэгийг саармагжуулах эм, этанол, хоол зэрэг нь бэлдмэлийн шимэгдэлтийг удаашруулна. Варфариныг азитромицинтэй хамт хэрэглэхэд протромбины хугацаа өөрчлөгдөхгүй боловч цусны бүлэгнэлтийн эсрэг үйлдэл хүчжиж болох тул эмчилгээний явцад протромбины хугацааг хянах шаардлагатай. Дигоксины хамт хэрэглэхэд дигоксины түвшрүүлэг ихсэж болно. Эрготамин, дигидроэрготаминтай хамт хэрэглэхэд хорт нөлөө нь ихэснэ. Триазоламтай хамт хэрэглэхэд триазолам эмийн үйлдэл ихсэж клиренс нь багасна. Циклосерин, шууд бус үйлдэлтэй бүлэгнэлтийг саатуулах эм, метилпреднизолон, фелодипин зэрэг элгэн дэх микросомын исэлдэлтийг идэвхжүүлдэг эмүүд: карбамазепин, терфенадин, циклоспорин, гексобарбитал, харга мөөгний алкалойдууд, вольпроны хүчлүүд, дизопирамид, бромокриптин, фенитойн, цусан дахь сахарын хэмжээг бууруулах ууж хэрэглэдэг бэлдмэл теофиллин болон ксантаны уламжлалын эмүүдийн элэгний эс дэх микросомын исэлдэлтийг азитромицин дарангуйлснаар тэдгээрийн цусан дахь түвшрүүлгийг ихэсгэж ялгаралтыг удаашруулан хорт нөлөөг нь нэмэгдүүлнэ. Линкозаминуудын үйлдлийг сулруулах ба харин тетрациклин мөн хлорамфениколын үйлдлийг хүчжүүлнэ. Гепаринтай үл нийцнэ.

Савлалт: Азитрон 250 мг, 500 мг шахмал эмийг 6-10 ширхэгээр PVC/PTP блистерт савлаж, 1 блистерийг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.

Хадгалалт: 250С-ээс дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хүчинтэй хугацаа: 3 жил

Олгох нөхцөл: Жороор олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,

20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс

Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn

Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883