Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ибуфен Юниор
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
Pharmaceutical works polpharma S.A. medana branch in sieradz
Гарал үүслийн улс
Польш
Тун хэмжээ
200мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЭМИЙН БЭЛДМЭЛИЙГ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭХ ЗААВАР

(хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл)

Ибуфен® Юниор

Худалдааны нэршил

Ибуфен® Юниор

Олон улсын патентлагдаагүй нэршил

Ибупрофен

Эмийн хэлбэр

Бүрээс

Найрлага

1 бүрээсийн найрлага:

Үйлчлэгч бодис: ибупрофен 200 мг

Туслах бодис: макрогол 600, калийн гидроксид, шингэн мальтитол, шингэн сорбитол талсждаггүй, желатин, цэвэршүүлсэн ус.

Ерөнхий шинж

Цайвар шаргал өнгөтэй, зуйван хэлбэртэй, зууралдамхай шингэн агуулсан желатин бүрээс.

Эмийн эмчилгээний бүлэг

Үрэвслийн эсрэг болон хэрлэгийн эсрэг бэлдмэл (СБҮЭБ)

АТХ код: М01АЕ01

Фармакологийн үйлдэл

Фармакодинамик

Ибупрофен нь халуун бууруулах, өвдөлт намдаах болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй пропионы хүчлийн уламжлалт нэгдэл юм.

Ибупрофены үрэвслийн эсрэг үйлдлийн механизм нь арахидоны хүчлээс простагландин үүсэх урвалыг түргэсгэдэг циклооксигеназа ферментийн идэвхийг дарангуйлсны дүнд простагландины нийлэгжилт болон ялгаралтыг бууруулдагтай холбоотой, гэхдээ үйлдлийн өөр механизм байхыг үгүйсгэхгүй юм.  Эмийн бэлдмэлийг хэрэглэсэнээс хойш 30 минутын дараа ибупрофен халуун бууруулах болон өвдөлт намдаах үйлдэл илэрдэг болох нь нотлогдсон байдаг.

Фармакокинетик

Ибупрофеныг ууж хэрэглэсэний дараа хурдан шимэгдэж биемахбодод тархдаг. Өлөн үед ууж хэрэглэсэнээс хойш 1-2 цагийн дараа цусны сийвэнгийн хамгийн дээд тундаа хүрдэг. Ибупрофены шимэгдэлт хоолны нөлөөгөөр удааширдаг боловч түүний биохүртэхүй буурдаггүй, энэ тохиолдолд өлөн үетэй харьцуулахад (tmax) ойролцоогоор 30-60 минут урт буюу 1.5-3 цаг байдаг байна.

Ибупрофены цусны сийвэнгийн уургуудтай холбогдох чадвар 99%-иас ч өндөр байдаг. Ибупрофентай холбогддог үндсэн уургууд нь альбуминууд юм. Ибупрофен болон түүний метаболитууд нь биемахбодоос бөөрөөр бүрэн болон түргэн гадагшилдаг. Бүтээгдэхүүний хагас задралын хугацаа ойролцоогоор 2 цаг байдаг.

Хэрэглэх заалт

·         Төрөл бүрийн шалтгаантай, сул болон дунд зэргийн эрчимтэй өвдөлтийн хам шинжийн үед:

-       Дунд чихний үрэвслийн үеийн чихний өвдөлт

-       Шүдний өвдөлт, шүд өвдөлттэйгээр цухуйх

-       Толгойн өвдөлт, мигрень

-       Биений юм өвдөлттэй ирэх

-       Мэдрэлийн өвдөлт

-       Хэрлэгийн үеийн өвдөлт

-       Булчин, үений өвдөлт

-       Тулгуур хөдөлгөөний эрхтний гэмтэл

·         Төрөл бүрийн шалтгаантай халууралтын үед:

-       Салхинд цохиулах

-       Вирусын гаралтай амьсгалын замын цочмог халдвар

-       Томуу

-       гүйлсэн булчирхайн  үрэвсэл (фарингит)

-       биеийн температур ихэсдэг хүүхдийн халдварт өвчнүүд

-       вакцины дараах хариу урвал

Хориглох заалт

Ибуфен® Юниор бэлдмэлийг дараах өвчтөнд хэрэглэхийг хориглоно:

-            ибупрофенд болон уг бэлдмэлийн найрлага дахь аль нэг туслах бодист, эсвэл бусад төрлийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлд  (СБҮЭБ) хэт мэдрэг байх,

-             ацетилсалицилын хүчил эсвэл бусад төрлийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл  (СБҮЭБ) хэрэглэсэний дараа гуурсан хоолойн агчил, гуурсан хоолойн багтраа, ринит, ангионевротик хаван эсвэл чонон гүвдрүү зэрэг хэт мэдрэгшилийн урвалын шинж тэмдгүүд илэрч байсан өгүүлэмжтэй бол,

-            Идэвхитэй хэлбэрийн ходоодны болон (эсвэл) дээрх гэдэсний шархлаа сэдэрсэн эсвэл дахисан үед, эсвэл цус алдаж байсан өгүүлэмжтэй (хоёр болон түүнээс дээш тоогоор дахисан байх, шарх сэдэрсэн эсвэл цус алдсан байх),

-            СБҮЭБ хэрэглэсэний дараа ходоод гэдэсний замын дээд хэсгээс цус алдаж байсан, эсвэл цоорч байсан өгүүлэмжтэй байх,

-            Тархины цус харвалт эсвэл өөр төрлийн цус алдалт үүсч байсан,

-            Шалтгаан тодорхойгүй цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны алдагдалтай байх (жишээ нь тромбоцитопени)

-            Цусархаг диатезтай өвчтөнд

-            Элэгний болон бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай,

-            Хүнд хэлбэрийн зүрхний дутагдалтай (NYHA-ийн ангиллаар IV үйл ажиллагааны ангилал)

-            Жирэмсний гуравдугаар гурван сартай

-            20кг-аас бага жинтэй хүүхдэд.

Тусгай анхааруулга

Дараах өвчтөнүүдэд уг эмийн бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ:

-            Тогтолцооны чонон хөрвөстэй болон холимог хэлбэрийн холбогч эдийн өвчтэй хүмүүст асептик менингит үүсэх эрсдэл нэмэгдсэн байдаг.

-            Хоол боловсруулах замын өвчин, мөн түүнчлэн гэдэсний архаг үрэвсэлт өвчнүүдийн (бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, Кроны өвчин) үед эдгээр өвчнүүд сэдэрч болзошгүй.

-            Артерийн даралт ихсэлттэй болон (эсвэл) өвчний түүхэндээ зүрхний дутагдлаар хүндэрч байсан бол эмчилгээний эхэн үед онцгой анхаарах хэрэгтэй. Хаван, артерийн даралт ихсэлт болон (эсвэл) зүрхний үйл ажиллагааны алдагдал нь бөөрний үйл ажиллагаа алдагдсаны дүнд болон (эсвэл) биед шингэн баригдсантай холбоотой үүсч болно.

-            Өмнө нь бөөрний өвчтэй байсан хүмүүст бөөрний үйл ажиллагааны цочмог алдагдал үүсч болзошгүй учир бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд.

-            Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд

-            Цус бүлэгнэлтийн алдагдалтай өвчтөнд (ибупрофены нөлөөгөөр цус гоожих хугацаа уртасч болно).

Эмийн бэлдмэлийг шинж тэмдгийг бууруулахад шаардагдах эмчилгээний хамгийн бага тунгаар, аль болох богино хугацаанд хэрэглэх нь гаж нөлөө илрэх эрсдэлийг бууруулдаг (доор харах: цусны эргэлтийн тогтолцоонд болон тархины судсанд, ходоод гэдэсний замд нөлөөлөх нөлөө).

СБҮЭБ хэрэглэсэний дараа гаж нөлөө илрэх эрсдэл ахимаг насны хүмүүст илүү өндөр байдаг, ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт, цоорол нь улмаар үхэлд ч хүргэж аюултай юм.

Гуурсан хоолойн багтрааны сэдрэл үед, эсвэл саявтархан сэдэрсэн болон бусад харшлын өвчнөөр өвдсөн хүмүүст уг эмийн бэлдмэлийг хэрэглэсэнээр гуурсан хоолойн агчил үүсгэж болно.

Ибупрофеныг бусад төрлийн стероид бус бүтэцтэй, үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдтэй, ялангуяа циклооксигеназа-2-ийг саатуулагчидтай хавсран хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Усгүйжилд орсон хүүхэд, өсвөр үеийнхэнд бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэх бодит эрсдэл өндөр байдаг.

Цусны эргэлтийн тогтолцоо болон тархины судсанд нөлөөлөх нөлөө

Эмнэл зүйн туршилт судалгаагаар ибупрофеныг өндөр тунгаар (хоногт 2400 мг) хэрэглэх нь артерийн судасны эмболи (жишээ нь зүрхний булчингийн инфаркт эсвэл тархины судасны цус харвалт) үүсэлттэй холбоотой байж болохыг тогтоосон байдаг. Бүхэлд нь авч үзвэл ибупрофеныг бага тунгаар (жишээ нь хоногт £1200 мг) хэрэглэхэд тромбоэмболийн хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг гэж эпидемиологийн судалгаануудаар тогтоогоогүй байна.  Хяналтгүй даралт ихсэлттэй, зогсонгишилт хэлбэрийн зүрхний дутагдалтай (NYHA II-III анги), зүрхний ишеми өвчтэй, захын артерийн судасны өвчтэй эсвэл тархины цусны судасны өвчтэй хүмүүст ибупрофен эмчилгээг сайтар анхаарч хийх ба өндөр тунгаар (2400мг/хоног) хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлстэй өвчтөнд (артерийн даралт ихсэлт, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татдаг), ялангуяа ибупрофеныг өндөр тунгаар (2400мг/хоног) хэрэглэх шаардлагатай хүмүүст урт хугацааны эмчилгээ эхлэхийн өмнө болгоомжтой хандах хэрэгтэй.

Ходоод гэдэсний замд нөлөөлөх нөлөө

Бүх төрлийн СБҮЭБ-ийг хэрэглэсэний дараагаар амь насанд аюултай ходоод гэдэсний замын цус алдалт, шархлаа эсвэл цоорол ажиглагдаж болох бөгөөд эмчилгээний аль ч шатанд шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр илрэх, эсвэл ходоод гэдэсний замын ноцтой эмгэг өвчин (өвөрмөц бус шархлаат колит, Кроны өвчин) илэрч болно.

Өвчний түүхэндээ шархлаа өвчтэй, ялангуяа цус алдалт эсвэл цоорч байсан, мөн ахимаг насны өвчтөнд  СБҮЭБ-ийн тунг нэмэгдүүлэхэд ходоод гэдэсний замын цус алдалт, шархлаа эсвэл цоорол үүсэх эрсдэл улам нэмэгдэж байжээ. Ийм өвчтөнд эмчилгээг хамгийн бага хүртэмжит тунгаар эхлүүлэх хэрэгтэй.

Өвчний түүхэндээ хоол боловсруулах замын талд хортой нөлөө үзүүлж байсан өвчтөнгүүд, ялангуяа ахимаг насны хүмүүс хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас ямар нэг алдагдал, ялангуяа эмчилгээний эхэн үед илэрсэн тохиолдолд (ялангуяа ходоод гэдэсний цус алдалт) эмчлэгч эмчдээ зайлшгүй мэдэгдэх ёстой.

Ходоод гэдэсний талын хямрал эсвэл цус алдалт үүсгэдэг бусад эмийн бэлдмэлүүд, жишээ нь ууж хэрэглэдэг кортикостероидууд эсвэл варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд, серотонины эргэн шимэгдэлтийг сонгомлоор дарангуйлдаг эмүүд эсвэл ацетилсалицилын хүчил зэрэг антиагрегантуудыг нэг дор хавсран хэрэглэж буй өвчтөнүүдэд болгоомжтой хандах шаардлагатай.  

Ибупрофен хэрэглэж байгаад ходоод гэдэсний замаас цус алдсан эсвэл шархалсан хүмүүст эмчилгээнээс уг эмийн бэлдмэлийг хасах хэрэгтэй.

Арьсны урвал

СБҮЭБ хэрэглэсэнтэй холбоотой хүнд хэлбэрийн арьсны урвалууд, түүн дотроо амь насанд аюултай Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил зэрэг урвал маш ховор тохиолдож байсан. Эдгээр хүнд хэлбэрийн урвалууд үүсэх эрсдэл эмчилгээний эхэн үед өндөр байдаг бөгөөд ихэнхдээ эмийн бэлдмэлийг хэрэглэсэн эхний сард илүү их тохиолддог. Дараах эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ибупрофеныг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй: арьсны тууралт, амны хөндийн салст бүрхүүлд өөрчлөлт илрэх эсвэл хэт мэдрэгшилийн бусад шинж тэмдгүүд илрэх.

Ховор тохиолдолд арьс болон зөөлөн эдийн талаас илрэх халдварт хүндрэлийн шалтгаан нь салхин цэцэг болж болно. Орчин үед ийм төрлийн халдварын сэдрэлд СБҮЭБ чухал үүрэг гүйцэтгэдэг байж болохыг үгүйсгэдэггүй. Үүнтэй холбоотой салхин цэцгийн үед ибупрофен хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг байна.

Үүнээс гадна өвдөлт намдаах бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэхэд бөөрний дутагдал үүсгэх эрсдэлтэй бөөрний гэмтэлд хүргэж (анальгетикийн гаралтай нефропати) болзошгүй. Биеийн хүчний их ачааллын үед давс болон ус их алдсантай холбоотой энэ эрсдэл улам нэмэгдэж болох учир өөр өөр төрлийн өвдөлт намдаах бэлдмэлүүдийг урт хугацаагаар хавсран хэрэглэхээс аль болох зайлсхийх шаардлагатай.

Бусад СБҮЭБ-ийн нэгэн адил ибупрофен халдварын шинж тэмдгийг бүдэгрүүлж болно.

Ибупрофеныг хэрэглэж байх үед хордлогот амблиопийн ганц нэг тохиолдол бүртгэгдэж байсан тул харааны бүх төрлийн өөрчлөлт илэрвэл эмчид мэдэгдэх шаардлагатай.

Маш ховор тохиолдолд хүнд хэлбэрийн, цочмог хэт мэдрэгшилийн урвалууд (жишээ нь анафилаксийн шок) ажиглагдаж байжээ. Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед хэт мэдрэгшилийн эхний шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоох нь зүйтэй. Илэрч буй шинж тэмдгээс хамаарч эмнэлгийн ажилтан зохих эмчилгээг хийх ёстой.

Бэлдмэл нь сорбитол, мальтитол агуулдаг учраас удамшлын ховор тохиолдох фруктоз үл тэвчилтэй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.

Нэг бүрээст 10,5мг кали агуулдаг. Бөөрний үйл ажиллагаа буурсан эсвэл хоолоор авах калийн хэмжээг хянах шаардлагатай байдаг өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. 

Жирэмсэн үеийн хэрэглээ

Жирэмсний эхний болон дунд гурван сард зайлшгүй шаардлагатай биш бол ибупрофеныг хэрэглэж болохгүй. Жирэмслэхээр төлөвлөж буй эсвэл жирэмсний эхний болон дунд гурван сард байгаа эмэгтэйчүүдэд ибупрофеныг зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол аль болох хамгийн бага тунг, хамгийн богино хугацаагаар хэрэглэхийг зөвлөдөг. Жирэмсний гуравдугаар гурван сартайд ибупрофеныг хэрэглэхийг хориглоно.

Хөхүүл үеийн хэрэглээ

Ибупрофен болон түүний хувирлын завсрын бүтээгдэхүүнүүд хөхүүл эхийн хөхний сүүгээр маш бага концентрацитайгаар (хэрэглэсэн тунгийн 0,0008%) гадагшилдаг. Одоогоор уг эмийн бэлдмэл хөхүүл хүүхдэд үзүүлэх хортой нөлөөний талаар мэдээлэл байхгүй хэдий ч өвдөлт болон халууралтын үеийн ибупрофен эмчилгээнд заасан тунгаар богино хугацаанд хэрэглэхэд хүүхдээ хөхүүлэхээ зогсоох зайлшгүй шаардлага байхгүй гэж үздэг.

Нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлөх нь

Циклооксигеназаг дарангуйлдаг бэлдмэлүүд (простагландины нийлэгжилт) эмэгтэйчүүдэд өндгөн эсийн гадагшлах үйл явцад нөлөөлөх замаар нөхөн үржихүйн үйл ажиллагааны алдагдалд хүргэдэг гэсэн баримтууд байдаг. Энэхүү нөлөө нь түр зуурын шинж чанартай, эмчилгээ дууссаны дараа арилдаг байна.

 

Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нөлөө

Эм хэрэглэх зааврын дагуу, богино хугацаанд уг эмийн бэлдмэлийг хэрэглэхэд авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөө үзүүлдэггүй.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл

Дараах эмийн бэлдмэлүүдтэй ибупрофеныг хавсран хэрэглэж болохгүй:

-            Ацетилсалицилын хүчил

-            циклооксигеназа-2 (ЦОГ-2)-ыг сонгомлоор дарангуйлдаг үрэвслийн эсрэг стероид бус бүтэцтэй бусад эмүүд.

Дараах эмүүдтэй ибупрофеныг хавсран хэрэглэхдээ онцгой анхаарах хэрэгтэй:

-            кортикостероидуудтай

-            шээс хөөх болон даралт бууруулах эмийн бэлдмэлүүдтэй

-            тромбо үүсэлтийн эсрэг, цус бүлэгнэлтийн эсрэг, антиагрегантуудтай

-            литийн бэлдмэлүүдтэй

-            метотрексаттай

-            фенитоинтай

-            зидовудинтай

-            ритонавиртай

-            циклоспорин эсвэл такролимустай

-            серотонины эргэх шимэгдэлтийг сонгомлоор хориглогчидтой

-            мифепристонтай

-            хинолон эсвэл аминогликозидын бүлгийн антибиотикуудтай

-            зүрхний гликозидуудтай

-            пробенецид болон cульфинпиразонтой

-            холестираминтай

-            цусны глюкоз бууруулдаг ууж хэрэглэдэг бэлдмэлүүдтэй

-            вориконазол болон флуконазолтай.

Хэрэглэх арга ба тун

Шинж тэмдгийг бууруулах эмчилгээний үр нөлөө бүхий хамгийн бага тунгаар, аль болох хамгийн богино хугацаанд эмийн бэлдмэлийг хэрэглэхэд гаж нөлөө үүсэх давтамж болон илрэх хүчийг бууруулж болно (“Тусгай заалт” хэсгийг үзнэ үү).

 

Тун

Хүүхдэд – ибупрофены хоногийн хамгийн дээд тун биеийн жинд 20-30 мг/кг байх ба хоногт 3-4 удаа хувааж хэрэглэнэ.

6 -9 насны хүүхэд (20-29 кг): нэг удаагийн тун 1 бүрээс. Дараа нь шаардлагатай тохиолдолд 8 цаг тутамд 1 бүрээс хэрэглэнэ. Хоногийн хамгийн дээд тун 3 бүрээс (600 мг ибупрофен) байна.

10 - 12 насны хүүхэд (30-39 кг): нэг удаагийн тун 1 бүрээс. Дараа нь шаардлагатай тохиолдолд 6 цаг тутамд 1 бүрээс хэрэглэнэ. Хоногийн хамгийн дээд тун 4 бүрээс (800 мг ибупрофен) байна.

12-оос дээш насны өсвөр үеийнхэн ба насанд хүрэгсэд: нэг удаагийн тун 1-2 бүрээс. Дараа нь шаардлагатай тохиолдолд 4 цагаас (200мг тунтай тохиолдолд) – 6 цаг (400мг тунтай тохиолдолд) тутамд 1 (200мг) – 2 (400мг) бүрээс хэрэглэнэ. Хоногийн хамгийн дээд тун 6 бүрээс (1200 мг ибупрофен) байна.

Тун бүрийн дунд хамгийн багадаа 4-6 цагийн завсарлагатай ууна.

Эмийн бэлдмэлийг хэрэглэж байх үед шинж тэмдэг 3-аас олон хоног хадгалагдаж байвал эсвэл улам нэмэгдэж байвал эмчид хандах хэрэгтэй.

Бэлдмэлийг яаралтай хэрэглэхэд зориулагдсан.

20 кг хүртэл биеийн жинтэй өвчтөнд хэрэглэж болохгүй.

Ахимаг насны өвчтөн: тусгай тун сонгох шаардлагагүй. Тухайн бүлгийн өвчтөний хувьд гаж нөлөө бий эсэхийг хянаж байх шаардлагатай.

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд: бөөрний хөнгөн болон дунд зэргийн үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд тунг бууруулах шаардлагагүй.

Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд: элэгний хөнгөн болон дунд зэргийн үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд тунг бууруулах шаардлагагүй.

Хэрэглэх арга

Бэлдмэлийг хоолтой цуг эсвэл хоолны дараа хэрэглэнэ. Бүрээсийг стакан усаар даруулан, зажлалгүй бүтнээр нь залгиж ууна. Бүрээсийг зажлаж, хүлхэж, хазаж болохгүй.

Гаж нөлөө

Бусад бүх эмийн бэлдмэлийн нэгэн адил энэ бэлдмэл нь гаж нөлөө үзүүлж болох ч хүн болгонд илрэх албагүй.

Ибупрофеныг ихэнхдээ сайн даадаг. Ибупрофеныг жоргүй эмийн хэлбэрээр олгосон, богино хугацааны эмчилгээний үед дараах гаж нөлөө ажиглагдаж байжээ.

Гаж нөлөөг илрэх давтамжаар нь дараах байдлаар тогтоосон:

Заримдаа (100 өвчтөнөөс 1 хүртэл өвчтөнд илэрсэн):

-                 биж, хэвлийн өвдөлт, дотор муухайрах, гэдэс дүүрэх, шулуун гэдэсний амсарт цочрох

-                 толгой өвдөх

-                 төрөл бүрийн тууралт

-                 загатнаа болон чонон гүвдрүү.

Ховор (1000 өвчтөнөөс 1 хүртэл өвчтөнд илэрсэн):

-                 суулгалт, гэдэс дүүрч унгуулах, өтгөн хатах, бөөлжих

-                 толгой эргэх, ноййргүйдэх, цочромхой болох, ядрах.

Маш ховор (10000 өвчтөнөөс 1 хүртэл өвчтөнд илэрсэн):

-                 асептик менингит төстэй шинж тэмдгүүд болох дагзны булчингийн хөшингө, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, баримжаа алдагдах зэрэг нь тогтолцооны чонон хөрвөс, холбогч эдийн хавсарсан эмгэг зэрэг аутоиммунн өвчтэй хүмүүст илэрч байв.

-                 Цусны бүтцийн элементүүдийн өөрчлөлт (анеми – цус багадалт, лейкопени – цагаан эсийн тоо цөөрөх, тромбоцитопени – ялтас эсийн тоо цөөрөх, панцитопени – цусанд цусны бүх дүрст элементүүд болох улаан эс, цагаан эс, ялтас эс дутагдах гематологийн өөрчлөлт, агранулоцитоз – мөхлөгт эсийн тоо цөөрөх). Эхний шинж тэмдгүүд нь: халууралт, хоолойн өвдөлт, амны салст бүрхүүлийн өнгөц шархлаа, томуу төст шинж тэмдэг, ядрах, хамрын цус алдалт, хөхрөх, цэгчилсэн тууралт.

-                 Хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн урвалын илрэх шинж болох нүүр, хэл, залгиур хавагнах, амьсгал боогдох, зүрхний цохилтын тоо олшрох, артерийн даралт багасах (анафилакси, ангионевротик хаван эсвэл шок).

-                 гуурсан хоолойн багтраа, багтраа сэдрэх, гуурсан хоолойн агчил, амьсгаа боогдох, исгэрсэн амьсгал.

-                 Мэдрэл сульдал

-                 Хараа муудах

-                 Чих шуугих, толгой эргэх,

-                 Хаван, артерийн даралт ихсэлт, зүрхний дутагдал (СБҮЭБ хэрэглэсэнтэй холбоотой)

-                 Ходоод, дээрх гэдэсний шархлаат өвчин, хоол боловсруулах эрхтний зүгээс цус алдах, цоорох, хар баас, цустай бөөлжих, эдгээр шинжүүд нь ялангуяа ахимаг настай, амны шархлаат үрэвсэлтэй, ходоодны үрэвсэлтэй, амны хөндийн салстын шархлаатай хүмүүст заримдаа амь насанд ч аюултай байдаг. 

-                 Шархлаат колит болон Кроны өвчний сэдрэл

-                 Ибупрофеныг урт хугацаагаар хэрэглэх үед элэгний үйл ажиллагааны алдагдал, гепатит, шарлалт үүсэх

-                 Арьсны хүнд хэлбэрийн урвалууд: Стивенс-Жонсоны хам шинж, олон хэлбэршилт эритема, эпидермисын хордлогот үхжил (улаан толбот тууралт, цэврүү, арьсны гуужилтаар илэрдэг, амны хөндийн салст, залгиур, хамар, бэлэг эрхтний салст, нүдсний салстын шархлаа). Хэрэв арьсны урвалын эхний шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй.  

-                 Бөөрний цочмог дутагдал: ибупрофеныг урт хугацаагаар хэрэглэсэний дараа цусны сийвэнд шээгний хэмжээ ихэссэн болон хавантай, мөн түүнчлэн бүх биеийн хавантай  холбоотой бөөрний хөхлөгийн үхжил, шээсэнд уураг болон (эсвэл) цус илрэх, завсрын эдийн нефрит, нефротик хам шинж илэрч болно.

-                 Лабораторийн шинжилгээгээр гемоглобин болон гематокритийн түвшин буурч болно.

Давтамж тодорхойгүй (байгаа мэдээлэлд үндэслэн давтамжийг тооцох боломжгүй):

-                 DRESS хам шинж гэж нэрлэгддэг арьсны хүнд хэлбэрийн урвалууд үүсч болзошгүй. DRESS хам шинжид: арьсны тууралт, халууралт, тунгалгын зангилаа хавагнах эсвэл эозинофилийн (цагаан эсийн нэг төрөл) түвшин нэмэгдэх. 

Ганц нэг тохиолдолд сэтгэл унал, солиорол зэрэг өөрчлөлт илэрч болно.

Тун хэтрэлт

Ибуфен® Юниор бэлдмэлийг зөвлөсөн тунгаас ихээр хэрэглэсэн эсвэл хүүхэд санамсаргүй хэрэглэсэн тохиолдолд яаралтай эмчид болон хамгийн ойр орших эмнэлэгт хандаж эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй аюулын талаар мэдээлэл авах, энэ тохиолдолд авах арга хэмжээний талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Ихэнх өвчтөнд дараах шинж илэрч болно:

-                 Дотор муухайрах, бөөлжих, аюулхайд өвдөх, суулгах (ховор)

-                 Чих шуугих, хараа муудах, толгой өвдөх, ходоод гэдэсний замаас цус алдах.

Төв мэдрэлийн тогтолцоонд хүнд хэлбэрийн хордлого үүсч дараах шинж илэрнэ:

-          Толгой эргэх, амьсгалын өөрчлөлт, амьсгал бачуурах мэдрэмж

-          Цочрол, баримжаа алдах эсвэл комын байдлаар ээлжлэх

Урт хугацаагаар хэрэглэхэд дараах шинжүүд илэрнэ:

-                 Артерийн даралт буурах, цусны сийвэнгийн калийн концентраци ихсэх

-                 Бодисын солилцооны хүчилшил – түүний шинжүүд нь: дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих (цусны судал байж болно), толгой өвдөх, чих шуугих, баримжаа алдагдах, нистагм. Өндөр тунгаар хэрэглэсэний дараа нойрмоглох, цээжний хэнхэрцгээр өвдөх, зүрхний цохилт олшрох, ухаан балартах, татах (зонхилон хүүхдэд), бие сулрах, толгой эргэх, шээсээр цус илрэх, даарах жихүүцэх, амьсгалын алдагдал.

-                 Протромбины хугацаа/INR уртсах

-                 Бөөрний цочмог дутагдал эсвэл элэгний гэмтэл

-                 Гуурсан хоолойн багтраатай хүмүүст багтраа өвчний шинж тэмдэг сэдрэх

-                 Ховор тохиолдолд таталт үүсч болно.

Шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээ хийнэ. Шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн эмч авч хэрэгжүүлнэ.

Хадгалах нөхцөл

Үйлдвэрийн савлагаанд, гэрэл болон чийгээс хамгаалсан нөхцөлд, 25°С-ээс бага хэмд хадгална.

Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Эмийн хэлбэр

10 бүрээс агуулсан ПВХ/ПВДХ болон хөнгөн цагаан фольгагаар хийсэн блистерийг хатуу цаасан хайрцагт савласан байна.

Хүчинтэй хугацаа

2 жил

Савлагаан дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жоргүйгээр олгоно

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч

АО «Химфарм», Казахстан

Үйлдвэрлэгч

Медана Фарма АО

98-200 Серадз

В. Локетка гудамж  10

Польш улс