
Хэрэглэх заавар
Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан
Эмийн хэрэглээний заавар
ЭСОБЕН-20
(Эзомепразол 20 мг)
шахмал
ТОДОРХОЙЛОЛТ:
Эзобен шахмал нь Helicobacter pylori – н халдвар бүхий дээрх гэдэсний шархлаа, үрэвслийн эсрэг өвдөлт намдаах (NSAID) бүлгийн эмийн хэрэглээтэй холбоотой үүссэн ходоодны шарх, ходоод, улаан хоолойн сөргөөт өвчин болон Золлингер-Эллисоны хам шинжийн эмчилгээнд зориулагдсан протоны шахуургыг дарангуйлах бүлгийн эм.
ЧАНАР БА ТООН НАЙРЛАГА:
Нарийн гэдсэнд хүрч байж хайлах зохицуулалттай бүрхүүл бүхий нэг шахмалд:
Эзомепразолын магнийн тригидрат BP (эзомепразол)…………… 20 мг
Улаан өнгө оруулагч: төмрийн улаан исэл ба титаны диоксид BP
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААЛТ:
-
Helicobacter pylori – н халдвар бүхий дээрх гэдэсний шархлаа
-
Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах (NSAID) бүлгийн эмийн хэрэглээтэй холбоотой үүссэн ходоодны шарх
-
Ходоод, улаан хоолойн сөргөөт өвчин
-
Золлингер-Эллисоны хам шинж.
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Эзомепразол нь ходоодны шүүсний ялгаралтыг бууруулахдаа, антихолинергик (парасимпатикийг дарангуйлах) эсвэл гистамины H2 хүлээн авуурын эсрэг үйлдэл үзүүлдэггүй. Харин ходоодны париеталь эсийн шүүрүүлэх сувгийн мембран дээр байрладаг протоны шахуурга буюу H + / K + АТФаза -г дарангуйлдаг. Ингэснээр ходоодны хөндий (люмен) рүү хүчил ялгарахыг дарангуйлдаг.
Эмийн энэ үйлдэл тунгаасаа хамаарах бөгөөд ходоодонд шүүрлийг өдөөгч (хоол) байгаа эсэхээс үл хамааран, “үндсэн” ба “өдөөгдсөн” шүүрэл үүсэлтийг дарангуйлдаг.
Эзомепразол бол сул шүлтлэг бодис учраас ходоодны хүчтэй хүчиллэг орчинд идэвхтэй метаболит болон хувирч H + / K + АТФаза ферментийг эргэлтгүйгээр дарангуйлж, ходоодны хөндий рүү устөрөгчийн ион орох үйл явцыг саатуулснаар ходоодны хүчил үүсэх үйл явцыг багасгадаг.
ХОРИГЛОХ ЗААЛТ:
Эсобен шахмалыг түүнд хэт мэдрэгшсэн буюу харшилтай болох нь тогтоогдсон хүмүүст хэрэглэж болохгүй
Ходоодны хорт хавдартай хүмүүст хэрэглэхийг хориглоно.
ТУСГАЙ АНХААРУУЛГА БА ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛГООМЖЛОЛ:
Протоны шахуурган хориглогч бэлдмэлийг элэгний эмгэгтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ёстой. Мөн энэ бүлгийн эмүүд ходоодны хорт хавдрын шинж тэмдгийг бүдэгрүүлдэг; тиймээс «түгшүүрийн дохио» бүхий (жишээ нь ходоодны цус алдалт, горойх шинж, үе үе бөөлждөг, шалтгаангүйгээр турж байгаа) хүмүүст энэ эмийг хэрэглэж эхлэхийн өмнө ходоодны хорт хавдрыг бүрэн үгүйсгэх хэрэгтэй.
Эзомепразол нь хавирга, нуруу, бугуйн ясны хугарал үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ эрсдэл ялангуяа 50-с дээш насныханд, нэг жилээс дээш хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж буй хүмүүст илүү их байдаг.
Эсобен шахмалыг уухдаа хуваах буюу зажилж болохгүй, зохих хэмжээний усаар даруулан бүхлээр нь залгиж уух хэрэгтэй.
ГАЖ НӨЛӨӨ:
Протоны шахуурган хориглогч бэлдмэлийг хэрэглэх үед голлон илэрдэг гаж нөлөө бол хоол боловсруулах замд (дотор муухайрч огих, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гэдэс цардайж дүүрэх, гүйлгэх эсвэл өтгөн хатах зэргээр) илрэх ба толгой өвдөх болно. Мөн ходоодны хүчиллэг чанар багассантай холбоотойгоор ходоод гэдэс халдварт (Clostridium difficile-ийн халдвар г.м) өртөх эрсдэл өндөршинө.
БУСАД ЭМҮҮДТЭЙ ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ:
Протоны шахуурган хориглогч бэлдмэлүүд нь зүрхний гликозид, циклоспорин, цилостазол, клопидогрель, эс хордуулах (цитотоксик) эмүүд, такролимус болон ходоодны шархлааны эсрэг хэрэглэдэг бусад эмүүдтэй (улипристал, циметидин) харилцан нөлөөлөлд ордог.
Вориконазол нь цусны сийвэн дэх эзомепразолын түвшрүүлгийг ихэсгэдэг бол типранавир зэрэг эмүүд багасгадаг.
Эзомепразолын нөлөөгөөр диазепамын хувиралд орох үйл явц дарангуйлагддаг ба фенитоин ба кумарины антикоагулянтуудын идэвхи нэмэгддэг.
ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН:
Эсобен шахмалыг өглөөний цайны өмнөхөн эсвэл цайлах үедээ залгиж ууна.
-
· Helicobacter pylori – н халдвар бүхий дээрх гэдэсний шархлаа өвчний үед бэлдмэлийг 20 мг тунгаар өдөрт 2 удаа бактерийн эсрэг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ.
-
· Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах (NSAID) бүлгийн эмийн хэрэглээтэй холбоотой үүссэн ходоодны шарх өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэх бол 18-аас дээш насанд хүрэгчдэд 20 мг тунгаар өдөрт 1 удаа, 4-8 долоо хоногийн турш ууж хэрэглэнэ. NSAID бүлгийн эмийг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа, ходоод гэдэсний талаас ямар нэгэн хүндрэл гарах эрсдэлтэй хүмүүст эмчилгээг (хоногт 20 мг тунгаар) түүнээс ч удаан хугацаагаар үргэлжлүүлэх хэрэгтэй.
-
· Ходоод, улаан хоолойн сөргөөт өвчнийг (улаан хоолойн салстын улайлттай) эмчлэх зорилгоор: насанд хүрэгчид ба 12-с дээш насны хүүхдэд хоногт нэг удаа 40 мг тунгаар 4 долоо хоногийн турш, 20 мг тунгаар дахин 4 долоо хоногийн турш зовиур ба өвчний шинж тэмдгийг бүрэн арилтал эмчилгээг үргэлжлүүлнэ.
1-12 хүртэл насны хүүхдэд: биеийн жин нь 10-20кг бол хоногт 10мг тунгаар 1 удаа 8 долоо хоногийн турш; биеийн жин нь 20 кг-с их бол хоногт 10-20 мг тунгаар 1 удаа 8 долоо хоногийн турш хэрэглэнэ.
-
Ходоод, улаан хоолойн сөргөөт өвчний (улаан хоолойн үрэвсэлгүй) шинж тэмдгийн эмчилгээний зорилгоор: насанд хүрэгчид ба 12-с дээш насны хүүхдэд хоногт нэг удаа 20 мг тунгаар 4 долоо хоногийн турш уулгаад, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзвэл 20 мг тунгаар дахин 4 долоо хоног уулгана.
1-12 хүртэл насны хүүхдэд: биеийн жин нь 10 кг-с их бол хоногт 10 мг тунгаар 1 удаа 8 долоо хоногийн турш хэрэглэнэ.
-
Золлингер-Эллисоны хам шинжтэй өвчтөнд: 18-с дээш насанд хүрэгчдэд, эмчилгээг хоногт 40 мг тунгаар хоногт 2 удаа уулгаж эхлээд, эмчилгээний үр дүнгээс хамааран тунг хоногт 80-160 мг хүртэл ихэсгэн хэрэглүүлнэ (хоногийн тунг 2-с дээш хувааж хэрэглүүл).
ТУН ХЭТРЭЛТ:
Өнөөдрийн байдлаар энэ эмийн тун хэтэрсэн тохиолдол маш цөөн байгаа. Хоногт 280 мг хэрэглэж байсан нэг эмчлүүлэгчид ходоод гэдэсний талаас зовиурлах, бие нь сульдах шинж илэрч байсан байна.
Эзомепразол бэлдмэлийг хоногт 80 мг тунгаар хэрэглэх үед ямар нэгэн хүндрэл гарахгүй. Энэ эмийн эсрэг тодорхой ерөндөг байхгүй. Эзомепразол сийвэнгийн уурагтай их хэмжээгээр холбогддог учраас, цуснаас гемодиализын аргаар зайлуулах боломжгүй.
Тун хэтэрсэн тохиолдолд шинж тэмдгийн болон амин эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээг хийх шаардлагатай.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
Тасалгааны 30ºC-с илүүгүй хэмд, чийглэг багатай орчинд хадгална. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгал.
САВЛАЛТ:
Нийлэг эдээр хийсэн үүрэн хавтгайд (блистерт) 10 ширхэгээр багцлан хийсэн ба нэг цаасан хайрцагт 3 ширхэг блистертэй бэлдмэл агуулагдана.
ҮЙЛДВЭРЛЭГЧ:
Кадила эмийн үйлдвэр
ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ХАЯГ:
Энэтхэг улс. Гуджарат муж. Долка – 38225, Ахмедабад гудамж, Трасад замын 1389
CADILA pharmaceuticals limited. 1389, Trasad Road, Dholka-382225. Dist. Ahmedabad, Gujarat State, India






















































