Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Дексалгин
Худалдааны нэр
Англи
Декскетопрофен
Үйлдвэрлэгч
Laboratorios Menarini S.A.
Гарал үүслийн улс
Испани
Тун хэмжээ
25мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Савлагаан доторх эм хэрэглэх заавар: хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл

 

25мг Дексалгин®, нимгэн бүрхүүлтэй шахмал

 

Декскетопрофен


Энэхүү бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг бүхэлд нь анхааралтай уншаарай. Учир нь тэрээр таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулдаг.

 

Уг бэлдмэлийг үргэлж энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч  эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ.

  • Уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Таньд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв таньд ямар нэгэн нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө  хэрэгтэй болвол эм зүйчид хандана.
  • Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж зөвлөнө. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна. 4 хэсгийг үз.
  • Хэрэв 3-4 өдрийн дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.

 

Уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт юу агуулагддаг вэ?

 

  1. Дексалгин® бэлдмэл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Дексалгин® бэлдмэлийг хэрэглэхээс өмнө юу мэдэх шаардлагатай вэ?
  3. Дексалгин® бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. Дексалгин® бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл

 

  1. Дексалгин® бэлдмэл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

 

Дексалгин® бэлдмэл ньстероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл (СБҮЭБ)” гэж нэрлэгддэг эмийн бүлэгт хамаардаг өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл.

Түүнийг булчингийн өвдөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх (дисменорей), шүдний өвдөлт зэрэг хөнгөнөөс дунд зэргийн хүчтэй өвдөлтийн эмчилгээнд хэрэглэнэ.

Хэрэв 3-4 өдрийн дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.

 

  1. Дексалгин® бэлдмэлийг хэрэглэхээс өмнө юу мэдэх шаардлагатай вэ?

 

Дексалгин® бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.

 

  • Хэрэв та Декскетопрофен эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бүрэлдэхүүн хэсэгт харшилтай бол (6 хэсэгт жагсаасан)
  • Хэрэв та Ацетилсалицилын хүчил эсвэл стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлд харшилтай бол
  • Хэрэв та багтраатай эсвэл ацетилсалицилын хүчил эсвэл стероид бус үрэвслийн эсрэг бусад эм хэрэглэсний дараа багтрааны хөдлөл, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэл (хамрын салст бүрхүүлийн богино хугацааны үрэвсэл), хамрын уйланхай (харшлын улмаас хамарт хатуу хэсэг үүсэх), чонон хөрвөс (арьсны тууралт), судас мэдрэлийн хаван (нүүр, нүд орчим, уруул, хэл хавагнах эсвэл амьсгалын дистресс), эсвэл хяхтнасан амьсгал илэрч байсан бол
  • Хэрэв таньд кетопрофен (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл) эсвэл фибратууд (цусан дахь өөхний агууламжийг багасгах зорилгоор хэрэглэдэг эм) хэрэглэх үед гэрлийн харшлын болон гэрлийн хордуулах урвал (нарны гэрлийн үйлчлэлээр арьсан дээр цэврүү үүсэх эсвэл арьс улайх онцгой хэлбэр) илэрч байсан бол
  • Хэрэв та идэгдмэл шархлаа/ ходоод эсвэл гэдэсний  цус алдалттай эсвэл таньд өмнө нь ходоод ба гэдэсний цус алдалт эсвэл шархлаа, шархлааны цооролт илэрч байсан бол
  • Хэрэв та хоол боловсруулах үйл ажиллагааны архаг хямралтай бол (жишээ нь хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, цээж хорсох)
  • Хэрэв таньд өмнө нь өвдөлт намдаах зорилгоор стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсний дараа ходоод эсвэл гэдэсний цус алдалт эсвэл цооролт илэрч байсан бол
  • Хэрэв та үрэвслийн гаралтай гэдэсний архаг өвчнөөр (Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл) шаналж байгаа бол
  • Хэрэв та хүнд явцтай зүрхний дутагдал, бөөрний дунд эсвэл хүнд хэлбэрийн өөрчлөлттэй, эсвэл элэгний хүнд хэлбэрийн өөрчлөлттэй бол
  • Хэрэв та цус алдалтын эмгэгтэй эсвэл цусны бүлэгнэлтийн өөрчлөлттэй бол
  • Хэрэв та бөөлжилт, суулгалт, шингэн хангалтгүй хэрэглэсний улмаас их хэмжээний усгүйжилтэй (их хэмжээний шингэн алдсан) бол
  • Хэрэв та жирэмсний сүүлийн 3 сард байгаа эсвэл хөхүүл бол

 

Анхааруулга ба болгоомжлол

 

Дексалгин® бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандаж зөвлөгөө авна.

  • Хэрэв та харшилтай эсвэл өмнө нь харшлаар шаналж байсан бол
  • Хэрэв та бөөр, элэг, зүрхний  (артерийн гипертензи ба / эсвэл зүрхний дутагдал) эмгэгтэй, түүнчлэн бие махбодод шингэн хуримтлагдах эмгэгтэй эсвэл өмнө нь эдгээр эмгэг илэрч байсан бол
  • Хэрэв та шээс хөөх эм хэрэглэж байгаа эсвэл их хэмжээний шингэн алдсаны улмаас цусны эзлэхүүн багассан эсвэл усгүйжсэн бол (жишээ нь шээс их хэмжээгээр ялгарах, бөөлжих, суулгасны улмаас)
  • Хэрэв та зүрхний эмгэгтэй  эсвэл цус харвасан эсвэл эдгээр эмгэг байдлын эрсдэл байгаа гэж бодож байгаа бол (жишээ нь хэрэв та артерийн даралт ихсэх эмгэгтэй, чихрийн шижинтэй, холестерины түвшин их, тамхи татдаг бол) эмчилгээнийхээ талаар эмчлэгч эмч эсвэл эм зүйчтэйгээ ярилцах хэрэгтэй. Дексалгин® зэрэг эмийн бэлдмэл нь зүрхний хөдлөл (зүрхний шигдээс) эсвэл тархины цусны эргэлтийн өөрчлөлтийн (цус харвалт) эрсдэл бага зэрэг ихсэхтэй холбоотой байж болно. Бэлдмэлийн тунг ихэсгэх эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгахад эрсдэл ихэсдэг. Зөвлөсөн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй.
  • Хэрэв та өндөр настай бол. Таньд гаж нөлөө үүсэх эрсдэл их байна (4 хэсгийг үз). Ямар нэгэн гаж нөлөө илэрвэл  яаралтай эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.
  • Хэрэв та нөхөн үржих үйл ажиллагааны эмгэгтэй эмэгтэй бол (Дексалгин® бэлдмэл нь  нөхөн үржих үйл ажиллагааны өөрчлөлт үүсгэж болох тул хэрэв та хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эсвэл нөхөн үржих үйл ажиллагааны үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа бол түүнийг хэрэглэж болохгүй.)
  • Хэрэв та цус төлжилтийн болон цусны эсийн эмгэгтэй бол
  • Хэрэв та системийн улаан чонон яр эсвэл холбогч эдийн холимог өвчтэй бол (холбогч эдийн гэмтэл бүхий  дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт)
  • Хэрэв та өмнө нь үрэвслийн гаралтай гэдэсний архаг өвчнөөр өвдөж байсан бол (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин)
  • Хэрэв та ходоод эсвэл гэдэсний бусад эмгэгтэй эсвэл өмнө нь эдгээр эмгэгээр өвдөж байсан бол
  • Хэрэв та халдвартай бол  - доорх “Халдварт өвчин” гэсэн хэсгийг үз.
  • Хэрэв та шархлаат өвчин эсвэл цус алдалт үүсэх эрсдлийг ихэсгэдэг бусад эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол – жишээ нь ууж хэрэглэхэд зориулсан стероид бэлдмэл, сэтгэл уналын эсрэг зарим эм (серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч эм), цусны бүлэн үүсэхийг саатуулдаг эм (жишээ нь аспирин) эсвэл цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм (жишээ нь варфарин). Энэ тохиолдолд Дексалгин® бэлдмэлийг хэрэглэхээс өмнө ходоод хамгаалах үйлдэлтэй эм (жишээ нь мизопростол эсвэл ходоодны хүчлийн үүсэлтийг саатуулдаг эмийн бэлдмэл) нэмж хэрэглэх боломжийн талаар эмчлэгч эмчтэйгээ ярилцаж зөвлөнө.
  • Хэрэв та хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, дайвар хөндийн архаг үрэвсэл эсвэл хамрын уйланхай зэрэгтэй хавсарсан багтраатай бол. Учир нь таньд ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлд харшил үүсэх эрсдэл бусад хүмүүсээс илүү өндөр байдаг. Уг бэлдмэлийг хэрэглэх үед ялангуяа ацетилсалицилын хүчил эсвэл стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай өвчтөнд бронхын багтрааны хөдлөл эсвэл бронхын агчил илэрч болно.

 

Халдварт өвчин

 

Дексалгин® бэлдмэлийг хэрэглэх үед биеийн хэм ихсэх, өвдөх зэрэг халдварын шинж далдлагдаж болно. Иймээс Дексалгин® бэлдмэлийг хэрэглэх нь халдварт өвчний үед тохирсон эмчилгээ эхлэхийг хойшлуулж хүндрэл үүсэх эрсдлийг ихэсгэж болно. Энэ нь бактериар үүсгэгдсэн уушгины үрэвсэл болон салхин цэцгийн үед илрэх арьсны бактерийн халдварын үед ажиглагддаг. Хэрэв таньд халдварт өвчин байгаа үед уг бэлдмэлийг хэрэглэж байгаа бол, таны халдварын шинж тэмдэг хадгалагдах эсвэл дордвол эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Салхин цэцгийн үед уг эмийн бэлдмэлийг хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг.

 

Хүүхэд ба өсвөр насныхан

 

Дексалгин® бэлдмэлийн үйлдэл хүүхэд болон өсвөр насныханд судлагдаагүй. Бэлдмэлийн үр нөлөө болон аюулгүй байдал нь  тогтоогдоогүй учир түүнийг хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэхгүй.

 

Дексалгин® бэлдмэл ба бусад эмийн бэлдмэл

 

Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл (жоргүй олгодог эмийн бэлдмэлийг оруулаад) хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч ба эм зүйчдээ мэдэгдээрэй. Хооронд нь хамт хэрэглэж болдоггүй эмийн бэлдмэл байх ба харин хамт хэрэглэх үед тунг нь тохируулах шаардлагатай хослол байдаг.

 

Хэрэв та дараах бэлдмэлүүдийн аль нэгийг хэрэглэж байгаа эсвэл Дексалгин® бэлдмэл дээр нэмж хэрэглэж байгаа бол зайлшгүй эмчлэгч эмч, шүдний эмч эсвэл эм зүйчид мэдэгдэх хэрэгтэй.

 

Зохисгүй хослол

  • Ацетилсалицилын хүчил, кортикостероидууд эсвэл үрэвслийн эсрэг бусад бэлдмэлүүд
  • Варфарин, гепарин эсвэл цусны бүлэн үүсэхийг саатуулах зорилгоор хэрэглэдэг бусад эмийн бэлдмэл
  • Литий, сэтгэл санааны зарим эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг эм
  • Метотрексатыг (хавдрын үед эсвэл дархлал дарангуйлах зорилгоор хэрэглэдэг бэлдмэл) өндөр тунгаар хэрэглэх (долоо хоногт 15мг)
  • Эпилепсийн эмчилгээнд хэрэглэдэг гидантоинууд ба фенитион
  • Бактерийн халдварын үед хэрэглэдэг сульфаметоксазол

 

Болгоомжтой хэрэглэх шаардлагатай хослол

  • Ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч эм, шээс хөөх эм, ангиотензин II-ын рецепторыг хориглогч – артерийн даралт ихсэх эмгэг болон зүрхний эмгэгийн үед хэрэглэдэг эм
  • Пентоксифиллин ба окспентифиллин  -  венийн судасны өвчний үед илэрдэг архаг явцтай шархлааны үед хэрэглэдэг эм
  • Зидовудин -  вирусын халдварын эмчилгээнд хэрэглэдэг эм
  • Аминогликозидын бүлгийн антибиотик – бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэдэг эм
  • Сульфонилмочевины уламжлалын эм (жишээ нь хлорпропамид, глибенкламид) – чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг эм
  • Метотрексат бага тунгаар хэрэглэх – долоо хоногт 15мг-с бага

 

Дараах бэлдмэлтэй хамт хэрэглэх үедээ сайтар анхаарах хэрэгтэй

  • Хинолины бүлгийн антибиотик (жишээ нь ципрофлоксацин, левофлоксацин) – бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэхэд зориулсан бэлдмэл
  • Циклоспорин эсвэл такролимус -  дархлалын системийн өвчний эмчилгээнд, түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах үед хэрэглэдэг эм
  • Стрептокиназа ба бүлэн ба фибрин хайлуулах бусад бэлдмэл – цусны бүлэнг задлах зорилгоор хэрэглэдэг эм
  • Пробенецид – тулай өвчний эмчилгээнд хэрэглэдэг эм
  • Дигоксин – зүрхний архаг дутагдлын эмчилгээнд хэрэглэдэг эм
  • Мифепристон – зулбалт үүсгэх (жирэмслэлтийг таслах) зорилгоор хэрэглэдэг эм
  • Сэтгэл уналын эсрэг эм – серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор хориглодог эмийн бүлэгт хамаарагдах
  • Цусны бүлэн үүсэхийг саатуулах болон тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах зорилгоор хэрэглэдэг эм - агрегацийн эсрэг эм
  • Бета-адреноблокаторууд – артерийн даралт ихсэх эмгэг болон зүрхний эмгэгийн үед хэрэглэдэг эм
  • Тенофовир, деферазирокс, пеметрексед

 

Хэрэв таньд Дексалгин® бэлдмэлийг бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхтэй холбоотой асуулт гарвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандана.

 

Дексалгин® бэлдмэлийг хоол хүнс, ундааны зүйлтэй хамт хэрэглэх нь

 

Шахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Шахмалыг хооллох үед хэрэглэнэ. Учир нь хооллох үед хэрэглэснээр ходоод эсвэл гэдэсний зүгээс илрэх гаж нөлөөний эрсдлийг багасгана.

Гэхдээ цочмог өвдөлтийн үед шахмалыг хоосон ходоодонд (хоолноос 30 минутаас доошгүй хугацааны өмнө) хэрэглэнэ. Учир нь энэ үед бэлдмэлийн үйлдэл түргэн эхэлдэг.

 

Жирэмсэн ба хөхүүл үе, нөхөн үржих чадвар

 

 

Дексалгин® бэлдмэлийг жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд болон хөхүүл үед хэрэглэж болохгүй.

Тэрээр таны төрөх хүүхдийн бөөр болон зүрхэнд өөрчлөлт үүсгэж болно.  Бэлдмэл та  болон таны хүүхдийн цус алдах хандлагад нөлөөлж болох бөгөөд түүнчлэн төрөлтийг хойшлуулах эсвэл төрөлтийн үргэлжлэх хугацааг ихэсгэж болно.

Жирэмсний эхний 6 сарын хугацаанд та Дексалгин® бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай болон эмчлэгч эмч зөвлөснөөс бусад тохиолдолд хэрэглэж болохгүй. Хэрэв таньд энэ хугацаанд болон жирэмслэхээр оролдож байгаа үед уг бэлдмэлийн эмчилгээ шаардлагатай болвол түүнийг хамгийн бага тунгаар, аль болох богино хугацаагаар хэрэглэх хэрэгтэй.

Дексалгин® бэлдмэлийг жирэмсний 20 долоо хоногоос хойш хугацаанд хэд хоногоос илүү удаан хугацаагаар хэрэглэвэл таны төрөх хүүхдэд бөөрний эмгэг үүсгэж улмаар  ураг орчмын амнион шингэний хэмжээ багасах (олигогидроамниоз) эсвэл хүүхдийн зүрхний цусны судас (ductus arteriosus) нарийсахад хүргэж болно. Хэрэв таньд хэд хоногоос удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болвол эмчлэгч эмч нэмэлт хяналт хийхийг зөвлөж болно.

Жирэмслэхээр оролдож байгаа эсвэл үргүйдлийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүдэд Дексалгин® бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй. Эмэгтэйчүүдийн нөхөн үржих чадварт үзүүлэх нөлөөний талаар “Анхааруулга ба болгоомжлол” гэсэн 2-р хэсгээс үз.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

 

Дексалгин® бэлдмэлийг хэрэглэх үед  илэрч болох толгой эргэх, нойрмоглох зэрэг гаж нөлөө нь таны тээврийн хэрэгсэл жодоодох болон машин механизмтай ажиллах чадварт бага зэрэг нөлөөлж болно. Эдгээр үйлдэл илэрвэл эдгээр шинж тэмдгийг арилтал тээврийн хэрэгсэл жодлоодохгүй ба машин механизмтай ажиллахгүй. Эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө.

 

Дексалгин® бэлдмэл натри агуулдаг

 

Уг бэлдмэлийн 1 шахмал 1ммоль (23мг)-аас бага хэмжээний натри агуулдаг. Өөрөөр хэлбэл практикын хувьд “натри агуулдаггүй” гэж ойлгож болно.

 

  1. Дексалгин® бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

 

Уг бэлдмэлийг үргэлж энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчтэйгээ ярилцаж зөвлөнө.

 

Шинж тэмдгийг багасгахын тулд бэлдмэлийг эмчилгээний хамгийн бага тунгаар, хамгийн богино хугацаагаар хэрэглэнэ.

Хэрэв та халдварт өвчтэй бол халдварын шинж тэмдэг (биеийн хэм ихсэх ба өвдөх зэрэг) арилахгүй хадгалагдах эсвэл гүнзгийрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй (2 хэсгийг үз).

 

Ерөнхийдөө хагас шахмалаар (12,5мг) 4-6 цагийн зайтай эсвэл 1 шахмалаар (25мг) 8 цагийн зайтай хэрэглэх бөгөөд хоногт 3 шахмалаас (75мг) их тунгаар хэрэглэхгүй.

 

Хэрэв 3-4 өдрийн эмчилгээний дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчлэгч эмчдээ хандаж зөвлөнө. Эмчлэгч эмч таньд хоногт хэдэн ширхэг шахмалыг хир зэрэг хугацаагаар хэрэглэхийг хэлнэ.

 

Дексалгин® бэлдмэлийн таньд шаардлагатай тун нь өвдөлтийн хэлбэр, илрэл, үргэлжлэх хугацаанаас хамаардаг.

 

Хэрэв та өндөр настай эсвэл бөөр эсвэл элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй бол эмчилгээг эхлэх хоногийн нийт тун нь 2 шахмалаас (50мг) хэтрэхгүй байна.

 

Өндөр настай өвчтөнд Дексалгин® бэлдмэлийн зохимж сайн байгаа үед түүний эхний тунг цаашдаа ердийн өвчтөнд зөвлөж буй тун (75мг декскетопрофен) хүртэл ихэсгэж болно.

 

Хэрэв таньд хүчтэй өвдөлт илэрч байгаа эсвэл түүнийг түргэн намдаах шаардлагатай байгаа бол шахмалыг өлөн үед (хоолноос 30 минутаас доошгүй хугацааны өмнө) хэрэглэнэ. Учир нь тэрээр энэ үед түргэн шимэгддэг (“Дексалгин® бэлдмэлийг хоол хүнс, ундааны зүйлтэй хамт хэрэглэх нь” гэсэн 2 хэсгийг үз).

 

Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ

 

Уг бэлдмэлийг 18 хүртэл насны хүүхэд болон өсвөр насныханд хэрэглэдэггүй.

 

Хэрэв та Дексалгин® бэлдмэлийг зөвлөснөөс их тунгаар хэрэглэсэн бол

 

Хэрэв та уг бэлдмэлийг хэт их хэмжээгээр хэрэглэсэн бол энэ тухайгаа яаралтай эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдэх ба эсвэл хамгийн ойрын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандана.

Уг бэлдмэлийн савлалтыг эсвэл энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааврыг өөртөө авч явахаа мартаж болохгүй.

 

Хэрэв та Дексалгин® бэлдмэлийг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол

 

Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд бэлдмэлийг давхарлаж хэрэглэж болохгүй. Түүнийг ерөнхийдөө ердийн тунгаар дараагийн хэрэглэх хугацаанд нь хэрэглэнэ (“Дексалгин® бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?” гэсэн 3-р хэсгийн  дагуу).

 

Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандана.

 

  1. Илэрч болох гаж нөлөө

 

Бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар уг бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрч болох боловч тэдгээр нь хүн бүрт тохиолдохгүй.

Илэрч болох гаж нөлөөг тэдгээрийн үүсэх давтамжаас нь хамаарч доор жагсаасан.

 

Олонтаа илрэх гаж нөлөө: 10 хүний 1-д ажиглагдаж болно.

Дотор муухайрах, эсвэл бөөлжих, ихэвчлэн хэвлийн дээд хэсгийн өвдөлт, суулгах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах (диспепси)

 

Хааяа илрэх гаж нөлөө: 100 хүний 1-д ажиглагдаж болно.

Эргэлдэх мэдрэмж, толгой эргэх, нойрмоглох, нойр өөрчлөгдөх, цухалдах, толгой өвдөх, зүрх дэлсэх мэдрэмж, цусны дүүрэлт буюу улайх, ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл (гастрит), өтгөн хатах, ам хуурайших, гэдэс дүүрэх, арьсны тууралт, ядрах мэдрэмж, өвдөлт, халуурах, дагжих, биеийн байдал ерөнхийдөө таагүй байх

 

Ховор илрэх гаж нөлөө: 1000 хүний 1-д ажиглагдаж болно.

Идэгдмэл шархлаа, идэгдмэл шархлаа цоорох эсвэл цус алдах (цустай бөөлжих эсвэл өтгөн хар гарах шинж илэрч болно), муужирч унах, артерийн даралт ихсэх, маш удаан амьсгалах, биед ус хуримтлагдах, захын хаван (жишээ нь шагай орчим хавагнах), төвөнхийн хаван, хоолонд дургүй болох, мэдрэхүй хэвийн бус болох, загатнаат тууралт, батга, ихээр хөлрөх, нуруу өвдөх, олон дахин шээх,  сарын тэмдэг өөрчлөгдөх, түрүү булчирхайн зүгээс өөрчлөлт илрэх, элэгний үйл ажиллагааны шинжилгээний үр дүн хэвийн хэмжээнээс хазайх (цусны шинжилгээ), элэгний эсийн гэмтэл (элэгний үрэвсэл), бөөрний цочмог дутагдал.

 

Маш ховор илрэх гаж нөлөө: 10000 хүний 1-д ажиглагдаж болно.

Анафилаксын урвал (цусны даралт унахад хүргэж болзошгүй хэт мэдрэгшлийн урвал), арьс, ам, нүд орчим, бэлэг эрхтэн дээрх нээлттэй шарх (Стивенс Джонсоны хам шинж ба Лайеллын хам шинж), нүүр, уруул, хоолой хавагнах (судас мэдрэлийн хаван), амьсгалын зам нарийссаны улмаас амьсгаадах (бронхын агчил), амьсгаадах, зүрх түргэн дэлсэх, артерийн даралт багасах, нойр булчирхайн үрэвсэл, харааны талбай бүдгэрэх, чих шуугих, арьсны мэдрэг чанар ихсэх, гэрэлд мэдрэгших, загатнаа, бөөрний зүгээс өөрчлөлт илрэх. Лейкоцитын түвшин багасах (нейтропени), цусан дахь тромбоцитын тоо цөөрөх (тромбоцитопени).

 

Хэрэв таньд эмчилгээний эхэнд хоол боловсруулах замын зүгээс ямар нэгэн гаж нөлөө (жишээ нь ходоод өвдөх, цээж хорсох эсвэл цус алдах) илэрвэл, хэрэв таньд өмнө нь үрэвслийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед ийм гаж нөлөө илэрч байсан бол эсвэл ялангуяа та өндөр настай бол яаралтай эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.

 

Таньд арьсны тууралт, ам эсвэл бэлэг эрхтний ямар нэгэн гэмтэл эсвэл харшлын ямар нэгэн шинж илэрвэл даруй Дексалгин® бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.

 

Стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний үед хаван (ялангуяа хөл ба шагайн хэсгээр) болон биед шингэн хуримтлагдах, артерийн даралт ихсэх, зүрхний дутагдал үүссэн талаар мэдээлэгдсэн.

 

Дексалгин® бэлдмэлтэй адил эмийн бэлдмэл нь зүрхний хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) эсвэл тархины цусны эргэлтийн өөрчлөлт (цус харвалт) үүсэх эрсдэл бага зэрэг ихсэхтэй холбоотой байж болно.

 

Холбогч эдийн гэмтэл бүхий дархлалын системийн эмгэгтэй (системийн улаан чонон яр эсвэл холбогч эдийн холимог өвчин) өвчтөнд үрэвслийн эсрэг бэлдмэл нь ховор тохиолдолд халуурах, толгой өвдөх, хүзүү хөшинг болох шинж үүсгэж болно.

 

Хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө хамгийн олонтаа илэрдэг. Идэгдмэл шархлаа, зарим үед нас баралтаар төгсөж болзошгүй шархлааны цооролт, хоол боловсруулах замын цус алдалт ялангуяа өндөр настай өвчтөнд илэрч болно.

 

Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах,  хэвлийн өвдөлт, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны хөндийн шархлаат үрэвсэл, түүнчлэн бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин гүнзгийрэх зэрэг шинж илэрсэн талаар мэдээлэгдсэн байна.

Ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл хааяа ажиглагддаг.

 

Стероид бус үрэвслийн эсрэг бусад эмийн адилаар цусны зүгээс урвал (хөхрөх, цус төлжилгүйдлийн цус багадалт, цус задралын цус багадалт, ховор тохиолдолд агранулоцитоз, ясны хэмийн гипоплази ) илэрч болно.

 

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдэнэ. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна.

Та түүнчлэн гаж нөлөөний талаар үндэсний мэдээллийн системээр шууд мэдээлж болно.

Гаж нөлөөг мэдээлснээр та уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээллээр хангахад тусална.

 

  1. Дексалгин® бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

 

Уг бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

 

Цаасан хайрцаг болон блистер дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш уг бэлдмэлийг хэрэглэхгүй.  Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.

 

Уг эмийн бэлдмэл нь хадгалалтын өвөрмөц нөхцөл шаарддаггүй.

Гэрлийн үйлчлэлээс хамгаалах зорилгоор үйлдвэрийн савлагаанд нь хадгална.


Эмийн бэлдмэлийг бохирын ус болон ахуйн хог хаягдалд хаяхгүй. Хэрэгцээгүй болсон эмийн бэлдмэлийг хэрхэн хаях талаар эм зүйчээсээ асууна. Эдгээр арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо хамааглахад тусална.

 

  1. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл

 

Дексалгин® бэлдмэл юу агуулдаг вэ?

 

  • Үйлчлэгч бодис нь декскетопрофен (декскетопрофены трометамол хэлбэрээр).
  1. Нимгэн бүрхүүлтэй шахмалд 25мг декскетопрофен агуулагдана.
  • Бусад бүрэлдэхүүн хэсэг:
    • Шахмалын цөм:  эрдэнэшишийн цардуул, бичил талст целлюлоз, цардуул гликолятын натрийн давс, глицерины дистеарат.
    • Нимгэн бүрхүүл: хуурай лак, гипромеллозын найрлаганд ордог, титанийн давхар исэл, макрогол 6000, пропиленгликоль.

 

Дексалгин® бэлдмэлийн гадаад шинж  ба савлалтын агууламж

 

Цагаан өнгөтэй, дугуй хэлбэртэй, хуваахад зориулсан хэрчлээстэй, нимгэн бүрхүүлтэй шахмал.


Дексалгин® бэлдмэлийг 20 нимгэн бүрхүүлтэй шахмалаар савлаж гаргана.


Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч


Менарини Интернэшнл Оперейшнз Люксембург С.А.

1, Авеню де ла Гар

1611 Люксембург, Люксембург


Үйлдвэрлэгч

Лабораториос Менарини С.А.

Альфонсо-ын гудамж XII, 587, 08918 Бадалона, Барселона, Испани

 

Савлалтан доторх энэхүү эм хэрэглэх заавар нь хамгийн сүүлд 2022 оны 9 сард хянагдсан.