Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Витамин В1
Худалдааны нэр
Англи
Тиамин
Үйлдвэрлэгч
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
5%-1мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн хэрэглэх заавар

Витамин В1 5%-1 мл
тарилгын уусмал

Эмийн худалдааны нэр: Витамин В1

Олон улсын нэр: Тиамины гидрохлорид

Эмийн найрлага: Тиамины гидрохлорид, тарилгын нэрмэл ус

Гадна байдал: Өнгөгүй, тунгалаг уусмал

АТС: A11DA01

Жирэмсний категор: А

Фармакологийн бүлэг: Витамин

Фармакологийн үйлдэл:

Тиамины гидрохлорид нь усанд уусдаг витамин юм. Нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент бөгөөд мэдрэлийн систем, ходоод гэдэсний зам, зүрх, дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна вегетатив мэдрэлийн зангилаанд хориг үүсгэх ба араг ясны булчинг сулруулах үйлдэл үзүүлнэ. Мөн мэдрэлийн синапсаар сэрэл дамжих процессод оролцдог.  

Бие махбодод витамин В1 дутагдсанаар нүүрс усны солилцоо, зүрхний үйл ажиллагаа, төв мэдрэлийн систем ба захын мэдрэлийн системийн үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Эдгээрээс витамины дутагдалд хамгийн их нэрвэгддэг нь мэдрэлийн систем юм. Витамин В1-ын дутагдлын хүнд үед Бери-бери өвчин үүсэж парез, паралич болдог. Мөн зүрх судас болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа өөрчлөгдөнө.

Фармакокинетик:

Булчинд тарихад хурдан шимэгдэнэ. Фосфоржилт элгэнд явагдана. Элэг, зүрх, тархи, бөөр, дэлүүнд хуримтлагдаж бөөр болон гэдсээр ялгарна. 8-10% нь хувираагүй хэлбэрээр ялгарна. 

Хэрэглэх заалт:

Гиповитаминоз, авитаминоз В1, мэдрүүлийн үрэвсэл, өвдөлт, полиневрит, радикулит, зах хязгаарын саа, мэдрэл сульдал, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, элэгний цочмог ба архаг үрэвсэл, зүрхний булчингийн дистрофи, захын судасны агчил, мэдрэлийн гаралтай дерматоз, намарс, хайрст үлд болон чихрийн шижин, анорекси зэрэг өвчнүүдэд хэрэглэнэ.

Хэрэглэх арга ба тун:

Судас, арьсан дор болон булчинд тарьж хэрэглэнэ.

Булчинд тарихдаа гүн булчинд, судсаар тарихдаа удаан тарина.

Насанд хүрэгсдэд 20-50 мг тунгаар хоногт 1 удаа тарьж хэрэглэнэ. Курс эмчилгээ 10-30 өдөр үргэлжилнэ.

8-аас дээш насны хүүхдэд 0.25 мл-ийг (12.5 мг) тунгаар хоногт 1 удаа тарьж хэрэглэнэ. Курс эмчилгээ 10-30 өдөр үргэлжилнэ.

Хориглох заалт:

Янз бүрийн гаралтай харшил, гипервитаминоз В1 болон эмийн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно.

Болгоомжлол:

Цэвэршилтийн өмнөх ба цэвэршилтийн насны эмэгтэйчүүд болон архины гүнзгий хордлогын үед маш болгоомжтой хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл эх:

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Гаж нөлөө:

Харшлын урвал, анафилаксын шок, чонон хөрвөс, хавагнах, тахикарди, толгой өвдөх, хөлрөх, чичрэх, дотор муухай оргих зэрэг гаж нөлөөнүүд илэрч болно.

Эмийн харилцан нөлөөлөл:

Тиаминыг бензилпенициллин эсвэл стрептомицинтэй нэг тариурт хольж хэрэглэж болохгүй. Учир нь тиамин антибиотикийн идэвхийг бууруулдаг. Мөн витамин В6, В12, РР-тэй хамт хэрэглэсэн тохиолдолд харшлын урвал үзүүлж, нэг нэгнийхээ үйлдлийг дарангуйлдаг. Спирт нь тиамины шимэгдэлтийг удаашруулдаг.

Хадгалах нөхцөл:

25°C-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж болохгүй!

Олгох нөхцөл:

Жороор олгоно. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.

Савлалт:

Хайрцагт 1 мл х 50 полипропилен (ПП) ампулыг хэрэглэх зааврын хамт савлана.

Хүчинтэй хугацаа: 18 сар

Үйлдвэрлэгч:

АЙВИКО Тарилгын эмийн үйлдвэр

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Эв нэгдлийн гудамж

Улаанбаатар хот, 17061, Монгол улс

Утас: +976-77115735, +976-77115730

Факс: +976-11-345734­

Вэб: www.ivco.mn

Имайл:  www.info@ivco.mn