
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар
МИГ4% хөвмөл 40 мг/мл, ууж хэрэглэх зориулалттай хөвмөл
10кг (1-ээс дээг насны) –аас дээш биеийн жинтэй хүүхэд, өсвөр үеийнхэн болон насанд хүрэгсдэд зориулсан бэлдмэл.
Ибупрофен
Тухайн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө энэхүү эм хэрэглэх зааврын анхааралтай уншиж танилцана уу, учир нь Танд хэрэгтэй, чухал мэдээлэл агуулж байгаа.
Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт заасны дагуу, эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны зааврыг хатуу баримтлан баримтлан хэрэглэх хэрэгтэй.
- Дахин унших шаардлагатай болж болзошгүй учраас эм хэрэглэх энэхүү зааврыг хадгалаарай
- Хэрэв танд нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө хэрэгтэй бол эмийн сангийн ажилтантай зөвлөөрэй.
- Ямар нэг гаж нөлөө илэрсэн тохиолдолд өөрийн эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хандах хэрэгтэй. Үүнд бүх төрлийн гаж нөлөө, ялангуяа энэхүү зааварт дурьдагдаагүй гаж нөлөөний урвалуудыг оруулна. 4-р хэсгийг үзнэ үү.
- Хэрэв өвчний шинж тэмдэг хүндрэх, эсвэл
- Хүүхэд өсвөр үеийнхэнд 3 хоногийн дотор
- Халууралтын үед 3 хоногийн дараа
- Насанд хүрэгсдэд өвдөлтийн үед 4 хоногийн дараа сайжрал ажиглагдахгүй бол эмчид хандана уу.
Эм хэрэглэх зааврын агуулга:
1. МИГ4% хөвмөл гэж юу болох, ямар зорилгоор түүнийг хэрэглэх вэ?
2. МИГ4% хөвмөл эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?
3. МИГ4% хөвмөл бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. МИГ4% хөвмөл эмийн бэлдмэлийн хадгалах нөхцөл
6. Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл
1. МИГ4% хөвмөл гэж юу болох, ямар зорилгоор түүнийг хэрэглэх вэ?
МИГ 4% хөвмөл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэл (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл, СБҮЭБ) юм.
МИГ 4% хөвмөлийг богино хугацааны, шинж тэмдгийн эмчилгээнд дараах тохиолдолд хэрэглэнэ:
- Хөнгөн болон дунд зэргийн өвдөлт
- Халууралт
МИГ 4% хөвмөлийг 10кг (1-ээс дээш насны)-аас дээш жинтэй хүүхэд, өсвөр үеийнхэн болон насанд хүрэгсдийн эмчилгээнд хэрэглэх зориулалттай.
2. МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:
- Хэрэв та ибупрофен эсвэл энэ эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист харшилтай бол (6-р хэсэгт бичигдсэн бодисууд),
- Өмнө нь ацетилсалицилын хүчил (АСХ) хэрэглэсэний дараа эсвэл бусад өтрлийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдэд харшил өгч шинж тэмдэг илэрч байсан бол: гуурсан хоолойн агчил, гуурсан хоолойн багтраа, хамрын салст бүрхүүлийн хаван (ринит), ангионевротик хаван эсвэл арьсны урвалууд (чонон хөрвөс)
- Тодорхойгүй шалтгааны улмаас цус нөхөн төлжилтийн алдагдал
- Өмнө нь СБҮЭБ хэрэглэсэнтэй холбоотой ходоод/нарийн гэдэсний цус алдалт, цоорол тохиолдож байсан бол,
- Өмнө нь ходоод/12 хуруу гэдэсний дахилтат шархлаатай байсан, эсвэл одоо байгаа, эсвэл цус алдаж байсан (шархлаат өвчний хоёр буюу түүнээс дээш удаа сэдэрч байсан эсвэл цус алдаж байсан),
- Хэрэв тархины цус харвалт (тархины судасны цус алдалт) эсвэл бусад хэлбэрийн цус алдалт идэвхитэй байгаа,
- Хэрэв бөөрний үйл ажиллагааны эсвэл элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдалтай, хүнд хэлбэрийн зүрхний дутагдалтай,
- Бие махбодод илэрхий усгүйжилттэй (бөөлжилт, суулгалт эсвэл хангалтгүй хэмжээний шингэн хэрэглэсэнтэй холбоотой),
- Жирэмсний сүүлийн гурван сартайд хэрэглэхийг хориглоно.
Анхааруулга ба сэрэмжлүүлэг
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтанд хандаж зөвлөгөө аваарай.
Эмийн бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг арилгах эмчилгээний хамгийн бага тунгаар, хамгийн богино хугацаанд хэрэглэсэн тохиолдолд илэрч болзошгүй гаж нөлөө хамгийн бага түвшинд илрэх хүртэл бууруулж болно.
Хоол боловсруулах замын хувьд аюулгүй байдал
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг ЦОГ-2 хориглогч (циклооксигеназа-2-ыг сонгомлоор хориглогч) гэж нэрлэгддэг СБҮЭБ-үүдтэй хавсарч хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Ахимаг насны өвчтөн:
Ахимаг настай хүмүүс стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл (СБҮЭБ) хэрэглэхэд гаж нөлөө, ялангуяа амь насанд аюул учруулж болзошгүй ходоод гэдэсний цус алдалт, шарх цоорох зэрэг хүндрэл илрэх давтамж илүү өндөр байдаг.
Ходоод/гэдэсний цус алдалт, шархлаа болон цоорол:
Ходоод гэдэсний цус алдалт, шарх үүсэлт эсвэл шарх цоорох зэрэг амь насанд аюултай хүндрэлүүд аль ч төрлийн СБҮЭБ эмчилгээний ямар ч шатанд, урьдал шинж тэмдэг эсвэл хоол боловсруулах замын талаас ноцтой эмгэг өвчний түүхэнд байсан эсэхээс үл хамаараад илэрч болзошгүй байдаг.
Өвчний түүхэндээ цус алдалт эсвэл шарх цооролтын хүндрэлтэй байсан өвчтөнд (“МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэж болохгүй тохиолдлууд” 2-р хэсгийг үзнэ үү) болон ахимаг насны өвчтөнд СБҮЭБ-ийн тунг нэмэгдүүлэхэд ходоод гэдэснээс цус алдах, шарх үүсэх, цоорох эрсдэл улам нэмэгддэг. Ийм хүмүүст эмчилгээг байж болох хамгийн бага тунгаар эхлүүлнэ.
Эдгээр өвчтөнд болон ацетилсалицилын хүчлийг (АСХ) бага тунгаар эмчилгээнд хэрэглэх шаардлагатай, эсвэл хоол боловсруулах замын талаас эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай өвчтөнд мизопростол эсвэл протоны шахуургыг хориглогчид зэрэг хамгаалах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэх боломжийг судлаж үзэх хэрэгтэй.
Хэрэв өмнө нь таны хүүхдэд ходоод гэдэсний талаас гаж нөлөө илэрч байсан бол хоол боловсруулах замын талаас, ялангуяа эмчилгээний эхний шатанд илрэх дурын таагүй шинж тэмдгийн талаар (юуны түрүүнд ходоод гэдэсний цус алдалт) эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.
Хэрэв таны хүүхэд ууж хэрэглэдэг кортикостероидууд, цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд болох варфарин, сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг серотонины эргэн шимэгдэлтийг сонгомлоор саатуулагч эсвэл тромбоцитын эсрэг бэлдмэл болох ацетилсалицилын хүчил зэрэг шарх эсвэл цус алдалт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлийг хавсран хэрэглэж байгаа бол онцгой болгоомжтой хандах хэрэгтэй (“МИГ4% хөвмөл болон бусад эмийн бэлдмэлийн хэрэглээ” 2-р хэсгийг үзнэ үү).
Хэрэв эмчилгээний явцад таны хүүхдэд цус алдалт, ходоод эсвэл гэдэсний шарх зэрэг эмгэг илэрвэл МИГ 4% хөвмөл эмчилгээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй.
Өмнө нь хоол боловсруулах замын өвчнөөр (шархлаат колит, Кроны өвчин) өвдөж байсан өвчтөнд стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийг болгоомжтой хэрэглэхгүй бол эдгээр өвчин хүндэрч болзошгүй (“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).
Зүрх судасны тогтолцоо, түүнчлэн тархины судсанд үзүүлэх нөлөө
Ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг/өвдөлт намдаах эмийн бэлдмэлүүдийг өндөр тунгаар хэрэглэхэд зүрхний гэнэтийн өвдөлт (зүрхний булчингийн шигдээс) эсвэл цус харвалт үүсэхэд бага зэрэг нөлөөлж болно. Тиймд зөвлөсөн тунг нэмэгдүүлж, эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгаж болохгүй.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө дараах тохиолдолд эмч болон эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө авах хэрэгтэй:
- Зүрхний дутагдал, зүрхний бах (цээжний хэнхэрцэг орчмын өвдөлт), хэрэв та зүрхний шигдээс болж байсан зэрэг зүрхний талаас илрэх эмгэгшилтэй, судас холбох хагалгаа хийлгэж байсан, хэрэв та захын артерийн судасны өвчтэй (артерийн судас нарийссан эсвэл бөглөрсний улмаас доод мөчдийн цусны эргэлт муудсан), эсвэл аль нэг төрлийн цус харвалттай (“микроинсульт” эсвэл тархины цусны эргэлтийн түр зуурын алдагдалтай “ТИА”) тохиолдолд,
- Артерийн даралт ихсэлттэй, чихрийн шижинтэй, холестерины хэмжээ ихэссэн, гэр бүлд зүрхний өвчин, цус харвасан тохиолдолтой, эсвэл та тамхи татдаг бол эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
Арьсны урвалууд
СБҮЭБ-ийг хэрэглэсэнтэй холбоотой маш ховор тохиолдох, хүнд зэргийн улайлт, цэврүүтэй, заримдаа амь насанд аюултай арьсны урвалууд (эксфолиатив дерматит, Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил/Лайеллын хам шинж) илэрч байв ( 4-р хэсгийг үзнэ үү).
Ихэнх тохиолдолд хүнд хэлбэрийн арьсны урвалууд өвчтөнд эмчилгээний эхэн үед илрэх эрсдэлтэй ба ихэнхдээ эмчилгээний эхний сард дээрх урвалууд илэрдэг байна.
Арьсны тууралт, салст бүрхүүлийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшлийн бусад шинжийн эхний шинж тэмдэг илрэхэд МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандах хэрэгтэй.
Салхин цэцгийн үед МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Нэмэлт мэдээлэл
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг дараах тохиолдолд эмчлэгч эмчтэй зөвлөсний дараа хэрэглэнэ:
· цусны эсүүдийн нөхөн төлжилтийн удамглын тодорхой эмгэгүүд (жишээ нь цочмог дахилтат порфири),
· дархлаа тогтолцооны талаас илрэх тодорхой эмгэгүүд (тогтолцооны чонон яр эсвэл холбогч эдийн холимог өвчнүүд)
Дараах тохиолдолд эмчийн маш нарийн хяналт шаардагдана:
- Бөөрний үйл ажиллагааны алдагдал
- Элэгний үйл ажиллагааны алдагдал
- Биемахбод усгүйжих
- Том хэмжээний мэс ажилбарын дараа шууд хэрэглэх
- Харшлын үед (жишээ нь: эмийн бэлдмэлийн нөлөөгөөр үүсэх арьсны урвал, гуурсан хоолойн багтраа, тоосонцорын харшил), хамрын салст бүрхүүлийн архаг хаван эсвэл амьсгалын замын бөглөрөлтөт амьсгалын замын архаг өвчний үед хэт мэдрэгшлийн урвал үүсэх эрсдэл нэмэгддэг.
Хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн цочмог урвалууд (жишээ нь анафилаксийн шок) тохиолдох нь маш ховор. МИГ 4% хөвмөл бэлдмэл хэрэглэсэний дараа хэт мэдрэгшилийн эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ эмчилгээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй. Шинж тэмдгээс хамаарч ийм тохиолдолд шаардлагатай эмчилгээг мэргэшсэн эмчийн хяналтан дор явуулах хэрэгтэй.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис болох ибупрофен тромбоцитын идэвхийг (тромбоцитын агрегацийг) түр хугацаагаар хориглож болно. Тийм учраас цус бүлэгнэлтийн алдагдалтай өвчтөнүүд нарийн хяналтанд байх шаардлагатай.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэх тохиолдолд элэг болон бөөрний үйл ажиллагаа болон цусны дэлгэрэнгүй шинжилгээг тогтмол хянаж байх шаардлагатай.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг мэс ажилбарын өмнө хэрэглэх бол эмчлэгч эмч болон шүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрэв та өөр төрлийн өвдөлт намдаах болон халуун бууруулах эм бэлдмэл эсвэл антибиотик хэрэглэж байгаа бол МИГ4% хөвмөл бэлдмэлийг зөвхөн эмчлэгч эмчийн заалтаар л хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв та өөр төрлийн ноцтой өвчинтэй болон/эсвэл бусад төрлийн эмийн бэлдмэлийг байнга хэрэглэдэг бол МИГ4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
Толгойн өвдөлтийн үед хэрэглэдэг өвдөлт намдаах дурын бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэх нь өвдөлт хүчтэй болоход нөлөөлдөг. Хэрэв та ийм тохиолдолд байна гэж итгэж байгаа эсвэл таамаглаж байгаа бол эмчилгээг зогсоож эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Их хэмжээний эмийн бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотой толгой өвдсөн гэсэн таамаглал нь өвдөлт намдаах эм хэрэглэхээс үл хамаараад байнга, өдөр тутам толгой нь өвдөж, үүний улмаас тогтмол эм хэрэглэдэг хүмүүст их тохиолддог.
Бүхэлд нь авч үзвэл өвдөлт намдаах эм хэрэглэх зуршилтай, ялангуяа өвдөлт намдаах хэд хэдэн төрлийн үйлчлэгч бодис хавсарсан эм хэрэглэдэг бол бөөр тогтвортой гэмтэх, улмаар бөөрний дутагдал үүсгэх эрсдэлтэй (“өвдөлт намдаах эмийн гаралтай нефропати”) байдаг.
СБҮЭБ, тухайлбал ибупрофен халдвар болон халууралтын шинж тэмдгийг бүдэгрүүлж болзошгүй.
Хүүхэд ба өсвөр үеийнхний хэрэглээ
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг 1 хүртэл насны 10кг хүртэл биеийн жинтэй хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
Хүүхэд, өсвөр үеийнхэнд биемахбодын усгүйжилтийн улмаас бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэлтэй.
МИГ 4% хөвмөл бэлдмэл болон бусад эмийн бэлдмэлийг хэрэглэх
Хэрэв та эсвэл таны хүүхэд бусад эмийн бэлдмэлийг одоо хэрэглэж байгаа, эсвэл саявтархан хэрэглэсэн, эсвэл хэрэглэхээр төлөвлөж байгаа тохиолдолд та эмчлэгч эмч юмуу эмийн сангийн ажилтанд мэдэгдэх хэрэгтэй.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийн үйлдэлд зарим бэлдмэлүүд нөлөөлж болно. Нөгөө талаас МИГ 4% хөвмөл бэлдмэл нь мөн зарим эмийн бэлдмэлд нөлөө үзүүлж болно. Жишээ нь:
- Цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэл үзүүлдэг эмийн бэлдмэлүүд (өөрөөр хэлбэл цус задлах, бүлэгнэлтийг саатуулах, жишээ нь аспирин (ацетилсалицилын хүчил), варфарин, тиклопидин),
- Артерийн даралт бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүд (АХФ-ийг хориглогчид, жишээ нь: каптоприл, бета-блокаторууд, жишээ нь: атенололын бэлдмэл, ангиотензин II-ын рецепторын агонистууд, жишээ нь: лозартан).
Мөн түүнчлэн МИГ4% хөвмөл бэлдмэл нь зарим эмийн бэлдмэлийн үйлчлэлд нөлөөлж болохоос гадна бусад эмийн бэлдмэлүүд МИГ4% хөвмөлийн үйлчлэлд нөлөө үзүүлж болно. Тийм учраас МИГ4% хөвмөлийг бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
МИГ4% хэвмөлийг дигоксин (зүрхний агшилтын эзэлхүүнийг нэмэгдүүлдэг бэлдмэл), фенитоин (эпилепсийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) эсвэл литийтэй (сэтгэцийн зарим төрлийн алдагдлын үед хэрэглэдэг) хавсарч хэрэглэхэд эдгээр бодисуудын концентраци цусны сийвэнд нэмэгдэж болно. Литий, дигоксин, фенитоиныг дүрмийн дагуу зөв хэрэглэж байгаа тохиолдолд (хамгийн ихдээ 4 хоногийн турш) тэдгээрийн цусны сийвэнгийн концентрацийг хянах шаардлагагүй.
МИГ 4% хөвмөл нь биеэс шингэн хөөдөг эмийн үйлдлийг (шээс хөөх) болон артерийн даралтыг бууруулах (даралт бууруулах) бэлдмэлүүдийн үйлдлийн хүчийг бууруулж болох ба бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэл нэмэгддэг.
МИГ 4% хөвмөл нь АХФ-ийг хориглогчдын (зүрхний дутагдал болон артерийн даралтын үед хэрэглэдэг эмийн бэлдмэл) үйлдлийг сулруулж болно. Түүнээс гадна хавсарч хэрэглэх тохиолдолд бөөрний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй.
МИГ 4% хөвмөлийг кали хадгалагч шээс хөөх эмүүдтэй (шээс хөөх эмийн өөр нэг төрөл); хавсран хэрэглэх тохиолдолд цусны сийвэнгийн калийн концентраци нэмэгдэх эрсдэлтэй.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг глюкокортикоид эсвэл бусад төрлийн СБҮЭБ-ийн бүлгийн өвдөлт намдаах үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэхэд ходоод/гэдэсний шарх болон цус алдах эрсдэл нэмэгдүүлдэг.
Тромбоцитын агрегацийг хориглодог болон сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг зарим эмийн бэлдмэлийг (серотонины эргэн хамрагдалтыг сонгомолоор хориглогчид) хавсарч хэрэглэхэд ходоод/гэдэсний шарх болон цус алдах эрсдэл нэмэгдүүлдэг.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг метотрексат хэрэглэхээс 24 цагийн өмнө эсвэл дараа хэрэглэвэл метотрексатын цусны сийвэнгийн концентраци ихсэж түүний гаж нөлөөний эрсдэл нэмэгдэж болзошгүй.
Циклоспориныг (дархлааны урвалыг дарангуйлах, жишээ нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа, хэрлэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг) зарим стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэхэд бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлтэй. Ийм төрлийн харилцан үйлчлэл циклоспориныг ибупрофентай хавсран хэрэглэх бүх төрлийн хослолын үед илэрч болно.
Пробенецид эсвэл сульфинпиразин (тулуйн эмчилгээнд ашигладаг) агуулсан бэлдмэлүүд: ибупрофены ялгаралтыг саатуулж болно. Ибупрофен биемахбодод хуримтлагдсаны дүнд түүний гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгддэг.
Варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлийн үйлдлийг СБҮЭБ улам хүчтэй болгож болно. Хавсарсан эмчилгээ хийж байгаа үед цусны бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг тогтмол хянахыг зөвлөдөг.
Эмнэл зүйн туршилт судалгаагаар СБҮЭБ болон сульфонилмочевины уламжлалт нэгдлүүдийн (сахар бууруулдаг эмүүд)хооронд харилцан үйлчлэл тогтоосон байна. Бусад СБҮЭБ-тэй харьцуулахад ибупрофен болон сульфонилмочевины уламжлалт нэгдлүүдийн харилцан үйлчлэл бүрэн тодорхой болоогүй байгаа ч тэдгээрийг ибупрофентай хавсран хэрэглэхэд урьдчилан сэргийлэх үүднээс цусны сахарын түвшинг хэмжиж байх хэрэгтэй.
Такролимус: нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Зидовудин: ибупрофен болон зидовудиныг хавсран хэрэглэх үед ХДХВ-ийн халдвартай, гемофилитэй өвчтөнд үений дотоод цус алдалт болон хөхрөлт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Хинолины бүлгийн антибиотикууд: дээрх хоёр бэлдмэлийг хавсран хэрэглэх тохиолдолд таталт үүсгэх эрсдэл нэмэгдэж болзошгүй.
CYP2C9 хориглогчид: ибупрофеныг CYP2C9 изоферментүүдийн хориглогч бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэсэн тохиолдолд ибупрофены (CYP2C9-ийн субстрат) үйлчлэл нэмэгдэж болзошгүй. Вориконазол болон фуконазолтай (CYP2C9-ийг хориглогчид) хавсран хэрэглэсэн судалгаагаар S(+)-ибупрофен үйлчлэлийн үзүүлэлтүүд ойролцоогоор 80-100%-иар нэмэгдэж байсан байна. Хэрэв ибупрофеныг хүчтэй үйлдэлтэй CYP2C9 хориглогчидтой хавсран хэрэглэсэн бол, ялангуяа ибупрофеныг өндөр тунгаар вориконазол болон фуконазолтай хавсран хэрэглэсэн тохиолдолд ибупрофены тунг бууруулах шаардлагатай.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг дээрх эмийн бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зөвлөх шаардлагатай.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг архи согтууруулах ундаатай хавсарч хэрэглэх
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг аль болох архи согтууруулах ундаатай хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. МИГ4% хөвмөл бэлдмэлийг архи согтууруулах ундаатай хавсран хэрэглэхэд гаж нөлөө илрэх эрсдлийг, ялангуяа хоол боловсруулах зам болон төв мэдрэлийн тогтолцооны зүгээс илрэх гаж нөлөөг улам нэмэгдүүлдэг талтай.
Жирэмсэн, хөхүүл үе болон нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх нь
Жирэмсэн, хөхүүл үе болон жирэмсэн болсон байж болзошгүй, эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй үед уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эмнэлгийн ажилтанд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Жирэмсэн
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэж байх үед жирэмсэн болбол энэ талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй. Жирэмсний сүүлийн 3 сартайд ибупрофеныг хэрэглэж болохгүй. Жирэмсний эхний 6 сартайд ибупрофеныг зөвхөн эмчтэй зөвлөлдсөний дараа л хэрэглэх хэрэгтэй.
Хөхүүл үед
Эмийн бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис ибупрофен болон түүний задралын бүтээгдэхүүнүүд нь бага хэмжээгээр эхийн хөхний сүүгээр гадагшилдаг. Хэдийгээр одоо хүртэл дөнгөж төрсөн хүүхдэд сөрөг нөлөөтэй талаар мэдээлэл байхгүй ч уг эмийн бэлдмэлийг богино хугацаагаар, зөвлөмжит тунг нэмэгдүүлэлгүй хэрэглэх тохиолдолд хүүхдийг хөхнөөс нь гаргах шаардлагагүй юм.
Үр тогтолт
МИГ 4% хөвмөл бэлдмэл нь эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварт сөрөгөөр нөлөөлдөг эмийн бүлэгт (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл) хамаардаг. Энэ үйлдэл нь эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоосны дараа арилах бөгөөд эргэх шинж чанартай байдаг.
Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нь
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэх үед ядрах, дүлийрэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Үүний нөлөөгөөр түргэн хариу үзүүлэх урвал сулрах, замын хөдөлгөөнд оролцож байгаад баримжаа алдагдах, машин механизм ажиллуулах чадвар сулрах зэргээр нөлөөлж болзошгүй. Ийм төрлийн хариу урвалууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед улам нэмэгддэг. Ийм үед гэнэтийн, цочмог хариу урвал шаардсан нөхцөлд зөв болон түргэн хариулах чадварыг бууруулдаг. Энэ тохиолдолд авто тээврийн хэрэгсэл жолоодохоос зайлсхийх хэрэгтэй! Машин механизм болон багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж болохгүй!
МИГ 4% хөвмөл бэлдмэл натри агуулдаг
Энэхүү бэлдмэл нь нэг удаа хэрэглэх хамгийн дээд хэмжээ болох 10мл-тээ 2,5 ммоль натри (57,9мг) агуулдаг. Ийм учраас натри хязгаарласан хоолны дэглэм барьдаг хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
МИГ 4% хөвмөл бэлдмэл нь мальтитын сироп агуулдаг
Энэхүү бэлдмэл нь мальтитын сироп агуулдаг. Хэрэв таны хүүхэд ямар нэг сахарыг үл тэвчих эмгэгтэй бол уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчлэгч эмчтэй уулзаж зөвлөгөө авна уу.
3 МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны зөвлөсөн зааврыг ягштал баримтлан хэрэглэнэ. Хэрэв танд ямар нэг эргэлзээ үүсч байгаа бол эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтантай зөвлөлдөнө үү.
МИГ 4 % хөвмөл бэлдмэлийн зөвлөмжит тун:
Биеийн жин (нас) |
Нэг удаагийн тун
|
Хоногийн нийт тун
|
|
10 – 15 кг (1 - 3 настай хүүхэд) |
100 мг ибупрофен (2,5 мл хөвмөлтэй дүйцнэ) |
300 мг ибупрофен (7,5 мл хөвмөлтэй дүйцнэ) |
|
16 – 19 кг (4-5 настай хүүхэд) |
150 мг ибупрофен (3,75 мл хөвмөлтэй дүйцнэ) |
450 мг ибупрофена (11,25 мл хөвмөлтэй дүйцнэ) |
|
20 – 29 кг (6-9 настай хүүхэд) |
200 мг ибупрофен (5 мл хөвмөлтэй дүйцнэ) |
600 мг ибупрофена (15 мл хөвмөлтэй дүйцнэ) |
|
30 – 39 кг (10-11 настай хүүхэд) |
200 мг ибупрофен (5 мл хөвмөлтэй дүйцнэ) |
800 мг ибупрофена (20 мл хөвмөлтэй дүйцнэ) |
|
≥ 40 кг (12-оос дээш насны өсвөр үеийнхэн болон насанд хүрэгсэд) |
200 – 400 мг ибупрофен (5-10 мл хөвмөлтэй дүйцнэ) |
1 200 мг ибупрофена (30 мл хөвмөлтэй дүйцнэ) |
Хүүхэд болон өсвөр үеийнхэнд хэрэглэхэд МИГ 4% хөвмөл бэлдмэлийн тун биеийн жингээс хамаарах ба нэг удаагийн тун нь хоногийн хамгийн дээд нийт тун буюу 30мг/кг жинд 7-10мг/кг байна.
Эмийн бэлдмэлийг 6-аас доошгүй цагийн завсарлагатай хэрэглэнэ.
Зөвлөмжит тунг хэтрүүлж болохгүй.
Хэрэглэх арга ба зам
Хүүхдэд ууж хэрэглэнэ.
Ууж хэрэглэхэд нарийн тугнах зорилготой 5мл хэмжээтэй тариур хайрцагт савлагдсан байна (0,25мл хуваарьтай).
Ууж хэрэглэх зориулалттай хөвмөлийг хоолноос хамааралгүй хэрэглэж болно.
Мэдрэг ходоодтой хүмүүст МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хоолны үед хэрэглэх хэрэгтэй.
1.
Хэрэглэхийн өмнө
флаконтай хөвмөлийг сайтар сэгсэрнэ.
2. Флаконыг нээхийн тулд таглаан дээр дараад сумаар заасан чиглэлийн дагуу эргүүлнэ.
3. Нээгдсэн амсарт тугнах зориулалттай тариурыг оруулна.
4. Тариурыг байрлуулаад флаконыг ёроолыг нь дээш харуулж тариурын пүршийг гадна тэмдэглэгээ хүртэл болгоожтой татаж соруулна.
5. Флаконыг буцааж ёроолыг нь доош харуулж тариурыг болгоомжтой эргүүлж гаргана.
6. Хөвмөлийг уулгахын тулд тариурын үзүүрийг хүүхдийн аманд оруулж пүршийг зөөлөн шахаж хөвмөлийг гаргана. Та хүүхдийнхээ залгих давтамжинд хөвмөл шахах хурдаа тааруулан уулгаарай.
Хэрэглэсэний дараа флаконыг таглана. Пүршийг тариураас сугалан бүлээн усаар угаагаад хатаана. Тариур болон ууж хэрэглэх зориулалттай хөвмөлийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Хэрэв МИГ 4% хөвмөл бэлдмэлийн үйлчлэл хэтэрхий хүчтэй, эсвэл хэтэрхий сул санагдвал та эмчид хандан зөвлөгөө аваарай.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Зөвхөн богино хугацааны эмчилгээнд зориулагдсан.
Хэрэв хүүхэд болон өсвөр үеийнхэнд эмчилгээг 3 хоногоос урт хугацаагаар хийх шаардлагатай бол, эсвэл шинж тэмдэг улам хүндрээд байвал эмчид хандах хэрэгтэй.
Хэрэв насанд хүрэгсдэд өвчний шинж тэмдэг хүндэрч байгаа эсвэл бэлдмэлийг халууралтын эмчилгээнд 3-аас олон хоног, эсвэл өвдөлтийн үед 4-өөс олон хоног хэрэглэх шаардлагатай бол эмчид хандах шаардлагатай.
Хэрэв МИГ 4% хөвмөл бэлдмэлийн тун хэтрүүлсэн тохиолдолд
Хэрэв та шаардлагатай тунгаас их хэмжээгээр МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэсэн эсвэл таны хүүхэд санамсаргүй тохиолдлоор их хэрэглэсэн бол зайлшгүй эмчид эсвэл ойр орших эмнэлгийн байгууллагад хандан үүсч болзошгүй эрсдэл болон авах арга хэмжээний талаар зөвлөгөө авах хэрэгтэй.
Тун хэтрэлтийн үед дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих (цусны судалтай байж болно), толгойн өвдөлт, чих шуугих, ухаан санаа самуурах, нүдний чичирхийлсэн хөдөлгөөн зэрэг шинж илэрч болно. Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэн үед нойрмоглох, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, таталт (ялангуяа хүүхдэд), бие сулрах, чих дүлийрэх, шээсээр цус илрэх, даарах мэдрэмж, амьсгал авалт, гаргалт хүндрэх шинж илэрч байсан талаар мэдээлсэн байна.
Толгой өвдөх, дүлийрэх, саатал (хүүхдэд миоклоник таталт), хэвлийгээр өвдөх, бөөлжих болон дотор муухайрах, ходоод/гэдэснээс цус алдах, элэг болон бөөрний үйл ажиллагааны алдагдал, артерийн даралт унах, амьсгал удаашрах (амьсгал дарангуйлагдах) эсвэл хөхрөлт (уруул ба арьс хөхрөх) зэрэг бэлдмэлийн тун хэтэрсэн шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах хэрэгтэй.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг тунг уухаа мартсан тохиолдолд
Алгассан тунг нөхөх зорилгоор давхар тун хэрэглэж болохгүй.
Уг эмийн бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой өөр ямар нэг эргэлзээтэй асуулт байгаа бол эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хандах хэрэгтэй.
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил уг эмийн бэлдмэл нь гаж нөлөө үзүүлж болно, гэхдээ бүх хэрэглэгчдэд илрэх албагүй.
Дараах гаж нөлөөний урвалуудын жагсаалт нь ибупрофен эмчилгээ хийлгэж байх үед, ялангуяа хэрлэг өвчний улмаас өндөр тунгаар, урт хугацааны эмчилгээ хийлгэж байсан өвчтөнд илэрсэн гаж нөлөөний урвалуудыг багтаасан байгаа.
Маш ховор илрэх тохиолдлоос илүүтэй илрэх давтамж нь богино хугацааны эмчилгээнд хоногийн тун нь ууж хэрэглэх 1200мг ибупрофен (=30мл ууж хэрэглэх МИГ 4% хөвмөл бэлдмэл, 40кг-аас дээш жинтэй өсвөр үе, насанд хүрэгсдийн хоногийн дээд тун) болон 1800 мг лаа хэлбэрээр хэрэглэж байгаа үеийнх юм.
Дараах гаж нөлөөний урвалууд нь эмийн тун болон өвчтөний хувь хүний онцлог зэргээс хамаарч хэлбэлздэг.
Ходоод гэдэсний замын гаж нөлөөний урвалууд хамгийн элбэг тохиолддог.
Шархлаат өвчин үүсэх (пептик шарх), заримдаа, ялангуяа ахимаг насны өвчтөнд нас баралтаар төгсөх ходоод гэдэсний цоорол эсвэл цус алдалт үүсч болзошгүй (“МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхэд тусгай анхаарах зүйлс” 2-р хэсгийг үзнэ үү).
Байгаа мэдээллээс харахад эмийн бэлдмэлийг хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсролтын алдагдал, хэвлийгээр өвдөх, хар баас, цустай бөөлжих, шархлаат стоматит (амны салстын үрэвсэл ба шалбархай), гэдэсний талын хямрал, колит, Кроны өвчний шинж тэмдэг гүнзгийрэх (“МИГ 4% хөвмөл бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх” 2-р хэсгийг үзнэ үү).
Ховор тохиолдолд ходоодны салстын үрэвсэл (гастрит) тохиолдож болно.
МИГ 4% хөвмөл бэлдмэлтэй төстэй эмийн бэлдмэлүүд зүрхний булчингийн инфаркт эсвэл цус харвалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлж болно.
СБҮЭБ-ээр эмчлэх үед хаван, артерийн даралт ихсэлт, зүрхний дутагдал үүсч байсан талаар бүртгэгдсэн байна.
Элбэг (10 өвчтөний 1-т нь тохиолдож болно)
- Ходоод болон хоол боловсруулах тогтолцооны талын хямрал болох цээж хорсох, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс цанхайх, суулгах, өтгөн хатах, мөн түүнчлэн ходоод гэдэсний бага зэргийн цус алдалт, тэр нь цаашлаад цус багадахад хүргэж болно.
Хаяа (100 өвчтөний 1-т нь тохиолдож болно)
- Ходоод/гэдэсний шархлаа, заримдаа цус алдалт, цоорлоор хүндрэх магадлалтай. Шархлаа бүхий амны салст бүрхүүлийн үрэвсэл (шархлаат стоматит), шархлаат колит эсвэл Кроны өвчин сэдрэх, ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл (гастрит).
Хэвлийн дээд хэсэгт хурц өвдөлт илрэх, цустай бөөлжих, өтгөнд цус илрэх, хар баас гарах тохиолдолд МИГ 4% хөвмөл бэлдмэлийг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.
- Мэдрэлийн тогтолцооны хямрал болох толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, цочромхой болох, уцаарлах эсвэл ядрах зэрэг шинжүүд илэрч болно.
- Харааны эрхтний зүгээс харааны алдагдал илэрч болно. Ийм урвал илэрсэн тохиолдолд МИГ 4% хөвмөл бэлдмэлийн хэрэглээг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.
- Арьсны тууралт, загатнаа бүхий хэт мэдрэгшилийн урвалууд, мөн түүнчлэн гуурсан хоолойн багтраа сэдрэх (зарим тохиолдолд артерийн даралт унаж болно). Ийм урвал илэрсэн тохиолдолд МИГ 4% хөвмөл бэлдмэлийн хэрэглээг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.
- Арьсны төрөл бүрийн тууралтууд.
Ховор (1000 өвчтөний 1-т нь тохиолдож болно)
- Бөөрний эд гэмтэж болзошгүй (бөөрний хөхлөгүүдийн үхжил), ялангуяа урт хугацааны эмчилгээний үед илэрч болно мөн цусан дахь шээсний хүчлийн концентраци ихсэж болно.
- Чих шуугих (тиннитус)
Маш ховор (10000 өвчтөний 1-т нь тохиолдож болно)
- Зүрх дэлсэх, зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс.
- Улаан хоолой (эзофагит) болон нойр булчирхайн үрэвсэл (панкреатит), нарийн болон бүдүүн гэдсэнд сорвижилт нарийсал (нарийн гэдэсний өрц хэлбэрийн нарийсал).
- Ялангуяа артерийн даралт ихсэлттэй эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд ялгарах шээсний хэмжээ буурч, биед шингэн баригдаж (хаван) болно. Нефротик хам шинж (биемахбодод шингэн хуримтлагдах [хаван] болон шээсээр их хэмжээний уураг ялгарах), бөөрний үрэвсэлт өвчин (интерстициаль нефрит) үүсч бөөрний цочмог дутагдал дагалдан гарч болзошгүй.
- Дээрх шинж тэмдэг илрэх эсвэл хүндрэх тохиолдолд МИГ4% хөвмөл эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.
- Ялангуяа урт хугацааны эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний гэмтэл, элэгний хурц дутагдал, элэгний цочмог үрэвсэл (гепатит).
- цус төлжилтийн алдагдал (цус багадалт, цагаан эсийн тоо цөөрөх, ялтас эсийн тоо цөөрөх, бүх эсийн тоо цөөрөх, агранулоцитоз).
- Эхний шинж тэмдгүүд нь: халууралт, хоолой өвдөх, амны хөндийн шархлаа, томуу төст шинж тэмдэг, илэрхий ядрах, хамрын цус алдалт, арьсан доорх цус харвалт. Ийм төрлийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй. Дураараа өвдөлт намдаах болон халуун бууруулах эм хэрэглэж болохгүй.
- Улайсан арьсан дээрх тууралт цуврүүтэлт зэрэг арьсны хүнд хэлбэрийн урвалууд (жишээ нь Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил, Лайеллын хам шинж), үс унах (халзрах) шинж илэрч болно.
Салхин цэцгийн үед онцгой тохиолдолд хүнд хэлбэрийн арьсны халдвар илэрч зөөлөн эдийн талаас хүндрэл илэрч болзошгүй.
- Тодорхой стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийг хэрэглэсэнтэй холбоотой (МИГ 4% хөвмөл бэлдмэл харъяалагддаг СБҮЭБ) халдварын гаралтай үрэвсэлт өвчнүүдийн сэдрэл (жишээ нь үхжилт фасциит) болж байсан талаар мэдээлэл бий.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийг хэрэглэх үед халдварын шинж тэмдгүүд гүнзгийрсэн тохиолдолд (жишээ нь улайлт, хаван, халуун оргих, өвдөлт, халуурах) яаралтай эмчид хандах хэрэгтэй.
- Артерийн даралт ихсэх (артерийн гипертензи), цусны судасны үрэвсэл (васкулит).
- Гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолойн агчил, амьсгаадалт, хуурай хэржигнүүр.
- Асептик менингитийн шинж тэмдгүүд болох толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, дагзны булчин чангарах эсвэл ухаан балартах зэрэг шинж ажиглагдаж болно. Дээрх шинж тэмдгүүд аутоиммун шалтгаантай тодорхой өвчинтэй хүмүүст илрэх эрсдэл улам өндөр байдаг (тогтолцооны чонон яр, холимог хэлбэрийн коллагеноз).
- Хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн урвалууд. Шинж тэмдгүүд нь: нүүр, хэл хавагнах, амьсгалын замын нарийсал бүхий төвөнхийн хаван, амьсгаадалт, зүрх дэлсэх, амь насанд аюултай шоконд орох хүртэл артерийн даралт унах.
- Дээрх шинж тэмдгүүд эмийн бэлдмэлийг анхны удаа хэрэглэхэд ч үүсч болзошгүй тул аль нэг нь илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.
- Сэтгэцийн талаас солиорлын шинж тэмдэг, сэтгэл унал.
Тодорхойгүй (одоо мэдэгдэж байгаа мэдээлэлд тулгуурлан үнэлэх боломжгүй)
- “DRESS хам шинж” зэрэг хүнд хэлбэрийн арьсны урвал илэрч болзошгүй. DRESS хам шинжийн шинж тэмдгүүдэд биеийн температур ихсэх, тунгалгын зангилаанууд томрох, эозинофилын (тодорхой төрлийн лейкоцит) тоо олшрох зэрэг шинжүүд орно.
Гаж нөлөөний талаар мэдээлэх
Ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчид хандах хэрэгтэй. Энэхүү эмийн зааварт дурьдагдаагүй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мөн мэдэгдэнэ. Та гаж нөлөөний урвалын талаар мэдээллэсэнээр энэхүү эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.
5 МИГ 4% хөвмөл эмийн бэлдмэлийг хадгалах нөхцөл
Энэ эмийн бэлдмэлийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Цаасан хайрцаг болон флакон дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг заана.
Энэхүү эмийн бэлдмэлийг хадгалах тусгай нөхцөл шаардлагагүй.
Эхний удаа бэлдмэлийг нээснээс хойш 30°C-аас дээшгүй хэмд хадгална.
Флаконыг нээснээс хойш бэлдмэл 6 сарын турш тогтвортой байдаг.
Ямар ч төрлийн эмийн бэлдмэлийг нийтийн усан хангамжинд хаяж болохгүй. Хэрэглэгдэхгүй эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө аваарай. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тустай.
6 Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл
МИГ 4% хөвмөл бэлдмэлийн найрлага
Эмийн үйлчлэгч бодис нь ибупрофен болно.
1 мл хөвмөлд 40мг ибупрофен агуулагдана.
Туслах үйлдэлтэй бодис:
Натрийн бензоат; усгүйжүүлсэн нимбэгний хүчил; натрийн цитрат; натрийн сахарин; натрийн хлорид; гипромеллоз; ксантаны камедь; мальтитын сироп; глицерин (Е422); тауматин (Е957), гүзээлзгэний үнэр оруулагч, (байгалийн үнэртүүлэгчтэй ижил бодис, эрдэнэшишийн мальтодекстрин, триэтилцитрат (Е1505), пропиленгликоль (Е1520) болон бензилын спирт), цэвэршүүлсэн ус агуулдаг.
МИГ 4% хөвмөл бэлдмэлийн дүрслэл ба эмийн хэлбэр
МИГ 4% хөвмөл бэлдмэл нь ууж хэрэглэх зориулалттай, цагаан эсвэл бараг цагаан өнгийн, зууралдамхай хөвмөл юм.
МИГ 4% хөвмөл нь ууж хэрэглэх зориулалттай, 30мл, 100мл, 150мл эсвэл 200мл эзэлхүүнтэй, хүүхэд онгойлгохоос хамгаалсан таглаа бүхий хуванцар флаконд савлагдсан байна.
Худалдаанд бүх хэмжээгээр байхгүй байж болно.
Савлагаан дотор хөвмөлийг уулгах, нарийвчлалтай тугнах зориулалттай полипропиленээр хийсэн 0,25мл-ийн хэмжээс бүхий 5мл-ийн эзэлхүүнтэй тариур агуулагдана.
Эмийн сангаас олгох нөхцөл
Хүүхдийн МИГ® бэлдмэлийг жоргүй олгоно.
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгч
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч:
Берлин-Хеми АГ(МЕНАРИНИ ГРУПП)
Глиникер Вег 125
12489 Берлин
Герман улс
Үйлдвэрлэгч:
Алькала Фарма, С.Л.
Авенида де Мадрид, 82
28802 Алькала-де-Энарес, Мадрид
Испани улс
эсвэл
Берлин-Хеми АГ
Глиникер Вег 125
12489 Берлин
Герман улс