
Хэрэглэх заавар
ЭЗАМОН 400/25 МГ КАПСУЛТАЙ ЭМ
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: Эзамон
Олон улсын нэршил: Пирацетам /Циннаризин
Эмийн хэлбэр: Капсултай эм
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг капсултай эм нь 400 мг пирацетам, 25 мг циннаризин агуулна.
Туслах бодисууд: Лактоз, силиконы диоксид, магнийн стеарат.
Эмийн эмчилгээний бүлэг: Ноотроп бэлдмэл
ATC код: N06BX03,
Эм судлалын үйлдэл: Эзамон нь хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг, захын судсыг өргөсгөх, тархины судасны эсэргүүцлийг багасгах пирацетам, циннаризин гэсэн эмийн бодис агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл юм.
Пирацетам нь энерги, уургийн солилцоог сайжруулж, эсүүд дэх глюкозын хэрэглээг түргэсгэн тэдгээрийн хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг эсэргүүцлийг нэмэгдүүлэх замаар тархинд бодисын солилцооны үйл явцыг идэвхжүүлдэг; төв мэдрэлийн тогтолцооны дотоод дамжуулалтыг сайжруулж, цус харвалтын бүсэд цусны урсгалыг сайжруулдаг. Оюун ухаан, сэтгэн бодох үйл ажиллагааг сэргээж сайжруулах бэлдмэл.
Циннаризин нь кальцийн ион эсийн ханаар нэвтрэхийг саатуулж, судас өргөсгөж, тэнцвэрийн төвийн сэрлийг бууруулж, хүчилтөрөгчгүй орчинд эсийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ.
Хавсарсан нийлмэл найрлага нь хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг илэрхий үйлчилгээ үзүүлнэ. Хоёр эмийн бодис нь харилцан бие биенийхээ үйлчилгээг дэмжиж, тархины цусан хангамжийг сайжруулна.
Хэрэглэх заалт:
- Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал
- Гэмтлийн дараах тархины судасны эмгэг
- Янз бүрийн гаралтай тархины эмгэг
- Ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж
- Дотор чихний эмгэг, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм
- Меньерийн хам шинж
- Мигренээс урьдчилан сэргийлэх
- Оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун: Насанд хүрэгсэд 1-2 капсулаар хоногт 3 удаа, 6-аас дээш насны хүүхдэд 1-2 капсулаар өдөрт 1-2 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ. Бэлдмэлийг завсарлагагүйгээр 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй. Эзамоныг хэрэглэх цагтаа (ялангуяа 1 удаа хэрэглэж байгаа үед) хэрэглэлгүй мартаж өнгөрөөж болохгүй. Хэрэв ингэж өнжсөн тохиолдолд бэлдмэлийг яаралтай нөхөж хэрэглэх бөгөөд харин дараагийн хэрэглэх хугацаа өнгөрсөн байвал мартаж өнжсөн тунг нөхөж хэрэглэхгүй.
Анхаарах болгоомжлох зүйлс: Бэлдмэлийг элэг, бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Хөнгөн явцтай бөөрний дутагдлын үед ялангуяа креатинины клиренс 60 мл/мин-аас бага байгаа тохиолдолд бэлдмэлийг хэрэглэх хоорондын зайг уртасгах буюу эмчилгээний тунг багасгана.
Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд элэгний ферментүүдийг анхааралтай хянах шаардлагатай. Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ. Паркинсоны өвчин болон нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Хориглох заалт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй.
- Бэлдмэлийн найрлага дахь пирацетам, циннаризин зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Хүнд явцтай бөөрний дутагдал
- Цус алдалтын цус харвалт
- Жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сард)
- Хөхүүл үед
Гаж нөлөө: Маш ховор тохиолдолд арьсны урвалууд үүсэх, гэрэлд мэдрэгших зэрэг харшлын урвал илэрнэ. Зарим үед шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах системийн зүгээс гаж нөлөө илэрнэ. Настай хүмүүст удаан хугацаагаар хэрэглэх үед экстрапирамид системийн зүгээс гаж нөлөө илэрч болзошгүй. Тайван бус цочромтгой болох, нойргүйдэл үүсч болзошгүй.
Тун хэтрэх үед: Тун хэтэрсэн тохиолдолд хүнд явцтай гаж нөлөө (эмчилгээг зогсоох хүртэл) илэрдэггүй байна. Хүүхэд хордсон тохиолдолд нойргүйдэх, тайван бус болох, цочромтгой болох, салганах зэрэг хөөрлийн урвалууд илрэх бөгөөд ховор тохиолдолд хар дарах, хий юм үзэгдэх, таталдаа үүсэх зэрэг шинж ажиглагдаж болзошгүй. Хордлогын үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Эмийн ба бусад харилцан үйлчлэл: Төв мэдрэлийн системийг дарангуйлах эмүүд (нойрсуулах ба тайвшруулах эм), гурван цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэхэд тайвшруулах үйлдэл нь ихэснэ.
Эзамон нь ноотроп бэлдмэл, артерийн даралт бууруулах эм, судас өргөсгөх эмүүдийн үйлдлийг хүчжүүлнэ. Бусад судас өргөсгөх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг хүчжүүлэх ба бэлдмэлийн найрлага дахь циннаризин нь даралт ихэсгэх үйлдэлтэй эмүүдийн үйлдлийг сулруулна.
Бэлдмэл бамбай булчирхайн дааврын үйлдлийг нэмэгдүүлж улмаар салганах, тайван бус болох шинж илэрнэ. Мөн зарим цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдлийг ихэсгэнэ.
Савлалт: Эзамон капсултай эмийг 10 ширхэгээр PVC/PTP блистерт савлаж, 1-10 блистерыг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт хийж, хэрэглэх зааврыг хавсаргана.
Хадгалалт: 250С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхдэд бүү ойртуул !!!
Хүчинтэй хугацаа: 3 жил.
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883












































