
Хэрэглэх заавар
Хэрэглэгчид зориулсан мэдээлэл агуулсан заавар
Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл, 35мг
Hederae helicis folium
Энэхүү зааварт танд зориулсан чухал мэдээлэл агуулагдаж байгаа тул уг эмийг хэрэглэж эхлэхийн өмнө зааврыг сайтар уншина уу.
Уг эмийг байнга энэхүү зааварт тайлбарласны дагуу хэрэглэх эсвэл эмчлэгч эмч буюу эмзүйчийн зөвлөсөний дагуу хэрэглэнэ.
- Энэхүү зааврыг хадгална уу. Танд дахин унших шаардлага гарч болзошгүй.
- Хэрэв танд нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч эсвэл эмзүйчээс асууна уу.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эмзүйчтэй ярилцана уу. Уг зөвлөмж нь зааврын 4р хэсэгт бичигдээгүй илэрч болох аливаа гаж нөлөөнд хамаарна.
- Хэрэв 7 хоногийн эмчилгээний дараа биеийн байдал сайжрахгүй эсвэл дордож байгаа санагдвал эмчлэгч эмчтэйгээ эргэн холбогдох шаардлагатай.
ЭНЭХҮҮ ЗААВАРТ:
- Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэл гэж юу вэ, түүнийг юунд хэрэглэдэг вэ
- Та Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэл хэрэглэхийн өмнө юу мэдсэн байх ёстой вэ
- Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэлийг хэрэглэх.
- Илэрч болох гаж нөлөө.
- Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэлийг хадгалах.
- Савлагаан доторх агуулагдахуун, бусад мэдээлэл багтсан.
1. ГЕРБИОН® МӨЛХӨӨ ОРООНГОНЫ ХҮЛХМЭЛ БЭЛДМЭЛ ГЭЖ ЮУ ВЭ, ТҮҮНИЙГ ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ
Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл нь цэртэй ханиалга дагалдсан амьсгалын замын цочмог өвчний эмчилгээний бүрдэлд багтах цэр ховхлох үйлдэлтэй ургамлын гаралтай эмийн бэлдмэл юм.
2. ТА ГЕРБИОН® МӨЛХӨӨ ОРООНГОНЫ ХҮЛХМЭЛ БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЮУ МЭДСЭН БАЙХ ЁСТОЙ ВЭ
Дараах тохиолдолд Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл хэрэглэж болохгүй:
· Хэрэв та мөлхөө ороонгоны навчний хуурай ханд эсвэл аралиасийн (Araliaceae) овгийн бусад ургамал эсвэл бэлдмэлийн туслах бодисын аль нэгэнд харшилтай (6р хэсэгт жагсаасан);
- Амьсгалын замын салсыг шингэрүүлэх ханиалгын эмтэй холбоотой амьсгалын замын шинж тэмдгүүд дордох эрсдэлтэй тул мөлхөө ороонгоны бэлдмэлийг 2-оос доош насны хүүхдэд огт хэрэглэж болохгүй.
Анхааруулга ба болгоомжлол
Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч эсвэл эмзүйчтэй зөвлөлдөнө үү.
· Хэрэв та амьсгалахад хүнд, халуурах эсвэл идээт цэртэй бол эмч эсвэл эмзүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
- Хэрэв бэлдмэлийг 7 хоног хэрэглэсний дараа өвчний шинж тэмдэг сайжрахгүй бол эмчлэгч эмчтэйгээ эргэн холбогдох шаардлагатай.
- Эмчийн зөвлөгөөгүй ханиалга дарах бусад бэлдмэлтэй (ханиалга дарах кодеин эсвэл декстрометорфан зэрэг) уг бэлдмэлийг хамт хэрэглэхийг зөвлөхгүй.
- Хэрэв танд ходоодны талаас асуудал (ходоодны үрэвсэл сэдрэх, ходоодны шархлаа) байвал бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
Бэлдмэл нь сахар агуулаагүй бөгөөд чихрийн шижинтэй эмчлүүлэгчид хэрэглэж болох юм.
Хүүхдэд хэрэглэх
2 хүртэлх насны хүүхдэд мөлхөө ороонгоны бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Гербион® мөлхөө ороонгоны бэлдмэлийн хүлхмэл хэлбэрийг 2-5 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөхгүй, учир нь хүлхмэл эмийн хэлбэр нь тунг наснаас хамааран тохируулах боломжгүй байдаг. Шаардлагатай тохиолдолд тухайн насны бүлэгт бэлдмэлийг сироп хэлбэрээр хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй.
Бусад эм ба Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл
Хэрэв та ямар нэгэн эм хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн эсвэл хэрэглэж магадгүй бол эмчлэгч эмч эсвэл эмзүйчид хэлнэ үү.
Бусад бэлдмэлийн үйлдэлд мөлхөө ороонгоны навчны хуурай ханд нөлөөлөх талаар мэдээлэл байхгүй.
Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэлийг хоол хүнс, ундаа ба согтууруулах ундаатай хамт хэрэглэх
Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэлийг хоол идэхийн өмнө эсвэл хооллох үед шууд хэрэглэж болохгүй.
Жирэмслэлт ба хөхүүл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл, жирэмсэн гэж таамаглаж байгаа буюу хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол эмчлэгч эмч эсвэл эмзүйчдээ хэлнэ үү.
Жирэмсэн, хөхүүл үед эмийн бэлдмэлийг хэрэглэх хангалттай мэдээлэл байхгүй тул хэрэглэхийг зөвлөхгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм ашиглах
Тээврийн хэрэгсэл жолоодох, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөөг судалсан судалгаа хийгдээгүй.
Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл нь изомальтит (М хэлбэр)(E953), бутилгидроксианизол (E320) агуулна.
Хэрэв та зарим сахарын үл тэвчилтэй бол энэ эмийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эмзүйчид хандана уу.
Бутилгидроксианизол (E320) нь арьсны хэсэг газрын урвал (жишээ нь, арьсны хавьтлын үрэвсэл) эсвэл нүд, салст бүрхүүлийн цочрол үүсгэж болзошгүй.
3. ГЕРБИОН® МӨЛХӨӨ ОРООНГОНЫ ХҮЛХМЭЛ БЭЛДМЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ
Энэ эмийг байнга эмч эсвэл эмзүйчийн зөвлөсөний дагуу хэрэглэнэ үү.
Хэрэв танд ямар нэгэн эргэлзээ байвал эмч эсвэл эмзүйчтэй зөвлөлдөнө үү.
Насанд хүрэгчид, өндөр настан ба 12 ба түүнээс дээш өсвөр насныханд хэрэглэх ердийн тун: хоногт 1 хүлхмэлээр гурван удаа хэрэглэнэ.
Хүүхдэд хэрэглэх
6-11 хүртэлх насны хүүхдэд хэрэглэх ердийн тун: хоногт 1 хүлхмэлээр хоёр удаа хэрэглэнэ.
Хүлхмэлийг амны хөндийд бүрэн уусах хүртэл шимнэ. Эмчилгээний үед шингэн хангалттай уухыг зөвлөнө. Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэлийг хоол идэхийн өмнө эсвэл хооллох үед шууд хэрэглэж болохгүй.
Хэрэв бэлдмэлийг хэрэглэж эхэлснээс хойш нэг долоо хоногоос удаан хугацаанд шинж тэмдэг хадгалагдвал эмч эсвэл эмзүйчтэй зөвлөлдөх шаардлагатай. Эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг өвчний шинж чанар, үр нөлөө, эмийн бэлдмэлийн тэвчил зэргийг харгалзан эмч тодорхойлно.
Хэрэв та Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэлийг хэрэглэх ёстойгоосоо ихийг хэрэглэсэн тохиолдолд
Зөвлөсөн тунгаас хэтрүүлж болохгүй. Зөвлөсөн тунгаас ихийг хэрэглэсэн үед (хоногийн тунгаас хоёр дахин их) дотор муухайрах, бөөлжих, суулгах, сэтгэл хөөрөх зэрэг үүсч болзошгүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Хэрэв та Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Орхигдуулсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж болохгүй.
Хэрэв танд энэ эмийг хэрэглэх талаар нэмэлт асуулт байвал эмч эсвэл эмзүйчээс лавлана уу.
4. ИЛЭРЧ БОЛОХ ГАЖ НӨЛӨӨ
Бүх эмийн нэгэн адил гаж нөлөө үзүүлж болох хэдий ч бүх хүнд илрэхгүй.
Давтамж тодорхойгүй (боломжит мэдээллээс давтамж тогтоох боломжгүй):
- Дотор муухайрах, бөөлжих, суулгах;
- Чонон хөрвөс, тууралт, амьсгалахад хэцүү болох (амьсгаадах) зэрэг дагалдсан харшлын урвал;
- Амны салст бүрхүүл, хэл, нүүр ба/буюу хоолой хавагнах, амьсгалахад эсвэл залгихад хүндрэлтэй болох (цээж дарсан мэт санагдах эсвэл амьсгаадах) зэргээр илрэх харшлын хүнд хэлбэрийн урвал.
Харшлын урвал илрэх үед бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Харшлын хүнд хэлбэрийн урвал илэрсэн тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж дуудна уу.
Уг зааварт дурдаагүй гаж нөлөө үүссэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож, эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эмзүйчтэйгээ зөвлөлдөнө үү. Энэ зөвлөмж нь уг зааварт бичигдээгүй, илэрч болох ямар ч гаж нөлөөнд хамаарна. Та гаж нөлөөг мэдээлсэнээр энэ эмийн аюулгүй байдлын мэдээллийг илүү хангахад туслах болно.
5. ГЕРБИОН® МӨЛХӨӨ ОРООНГОНЫ ХҮЛХМЭЛ БЭЛДМЭЛИЙГ ХАДГАЛАХ
25°C -ээс ихгүй хэмд хадгална.
Чийгнээс хамгаалан өөрийнх нь савлагаанд хадгална.
Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.
Хадгалах хугацаа 3 жил.
Савлагаан дээр заагдсан хадгалах хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг хүртэл дуусах хугацааг заана.
Бэлдмэлийг ус дамжуулах хоолой ба суваг руу хаяж болохгүй. Цаашид хэрэглэхгүй эмүүдээ хэрхэн устгах талаар эмзүйчээс асууна уу. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад туслах болно.
6. CАВЛАГААН ДОТОРХ АГУУЛАГДАХУУН, БУСАД МЭДЭЭЛЭЛ
Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэлд
Үйлчлэгч бодис
Хүлхмэл бүрт мөлхөө ороонгоны навчны хуурай ханд 35мг агуулагдана (Hedera helix L., Araliaceae, folium) (5-7,5:1).
Ханд бэлтгэх уусгагч: этанол 30% (м/м).
Туслах бодис: изомальтит (М хэлбэр) (E953), нимбэгний хүчил (Е330), сукралоза (E955), чихрийн амт оруулагч нэмэлт (байгалийн амт оруулагч бодис, амт оруулагч бэлдмэл, пропилен гликол (E1520), уснаас тогтоно), цитрусын амт оруулагч нэмэлт (байгалийнамт оруулагч бодис, амт оруулагч бэлдмэл, нимбэгний терпен, хүйтэн даралттай нимбэгний тос, бутилгидроксианизол (E320)-аас тогтоно), гааны тос.
<<Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл нь изомальтит (М хэлбэр) (E953), бутилгидроксианизол (E320) агуулна>> 2р хэсгийг харна уу.
Гербион® мөлхөө ороонгоны хүлхмэл бэлдмэлийн харагдах байдал, савлагааны агууламж
Хүлхмэл.
Цайвар хүрэнгээс хүрэн хүртэл хөнгөтэй, барзгар гадаргуутай, налуу ирмэгтэй дугуй хүлхмэл. Жижиг толбо, хийн бөмбөлгүүд, бага зэрэг зүсэгдсэн ирмэгүүд, түүнчлэн шараас хүрэн хүртэлх өнгийн жижиг хэсгүүд байж болохыг зөвшөөрнө.
Блистерт ((ПВХ/ПЭ/ПВДХ)/хөнгөн цагаан фольга) 8 хүлхмэл савлагдсан. Цаасан хайрцганд 2 эсвэл 4 блистерийг зааврын хамт савласан.
Олгох нөхцөл
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн мэдээлэл
КРКА, д.д., Ново место, Словени
Хэрэглэгчдээс эмийн бүтээгдэхүүний чанарын талаархи нэхэмжлэл (саналыг) ба бүртгэлийн дараах хяналтыг хариуцдаг, эмийн бүтээгдэхүүний аюулгүй байдал хүлээн авдаг Монгол улсын нутаг дэвсгэр дээрх байгууллагын нэр, холбоо барих хаяг (утас, факс, имэйл)
КРКА Монгол дах Төлөөлөгчийн газар
Улаанбаатар хот – 210348,
СБД, 1-р хороо, Нарны зам, Тусгалт оффис, 701 тоот
Утас: +97670114868
факс:+97670114858







































































