Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Нейродикловит
Худалдааны нэр
Англи
Диклофенак + Тиамин + Пиридоксин + Цианокобаламин
Үйлдвэрлэгч
G.L.Pharma GmbH
Гарал үүслийн улс
Австри
Тун хэмжээ
50мг+ 50мг+ 50мг+ 0.25мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн заавар: Өвчтөнд зориулсан мэдээлэл

 

Нейродикловит капсул

(Neurodiclovit capsules)

Диклофенак натри, тиамины гидрохлорид (витамин В1),
пиридоксины гидрохлорид
(витамин В6), цианокобаламин (витамин В12)

Энэхүү эмийн зааварт чухал мэдээлэл агуулагдсан учраас бэлдмэлийг хэрэглэхийн өмнө бүхэлд нь анхааралтай уншина уу.

-        Энэхүү зааврыг хадгалаарай. Дахин унших шаардлага гарч болох юм.

-        Нэмэлт мэдээллийг эмч эсвэл эм зүйчээс лавлаарай.

-        Энэхүү эмийг зөвхөн танд зориулан бичсэн болно. Бусад хүмүүст дамжуулан хэрэглэхийг хориглоно. Хэдийгээр өвчний шинж тэмдэг таныхтай адил байлаа ч тэдэнд аюул учруулж болох юм.

-        Хэрэв ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандана уу. Үүнд энэхүү зааварт бичигдээгүй гаж нөлөө ч бас багтана. 4-р хэсэгт үзнэ үү.

Энэхүү эмийн хэрэглэх зааварт ямар мэдээлэл байгаа талаар:

1.    Нейродикловит (Neurodiclovit) гэж юу болох мөн түүнийг юунд хэрэглэдэг болох

2.    Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэхийн өмнө юуг мэдэх шаардлагатай болох

3.    Нейродикловит (Neurodiclovit)-ыг хэрхэн хэрэглэх

4.    Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд

5.    Нейродикловит (Neurodiclovit)-ыг хэрхэн хадгалах

6.    Савлагааны агууламж ба бусад мэдээлэл

 

1.    Нейродикловит (Neurodiclovit) гэж юу болох мөн түүнийг юунд хэрэглэдэг болох

Нейродикловит (Neurodiclovit) нь диклофенак натри мөн B1, B6 ба B12 витаминууд зэрэг идэвхитэй бодисын холимогийг агуулна.

Диклофенак нь стеройд бус үрэвслийн эсрэг эм (NSAIDs)-ийн ангилалд багтана.

Диклофенак нь үрэвслийг багасгах, өвчдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй.

Бусад витамины адилаар энэхүү нэгдэлд агуулагдах В витаминууд нь бие махбодь өөрөө нийлэгжүүлэх чадваргүй бусад бүх л витаминуудын адилаар нэн шаардлагатай хүнсний нэмэлт бэлдмэл юм.

В витаминууд нь мэдрэлийн тогтолцооны эмгэгшлийн эмчилгээний үед хамаарал бүхий  В витамины дутагдлыг нөхөх замаар үйлдэл үзүүлнэ.

Нейродикловит (Neurodiclovit)-ыг 18-аас дээш настай насанд хүрэгсдэд дараах өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ:

-        Хэрх өвчинтэй хамааралгүй үрэвслийн үеийн өвдөлт

-        Хэрх өвчний үрэвслийн хэлбэрүүд

-        Үрэвсэл бүхий хөдөлгөөний аппаратын сөнөрлийн шинж тэмдгүүд

-        Мэдрэлийн гаралтай өвдөлт, жишээ нь, хүзүү ба мөрний орчим, бүсэлхийн өвдөлт болон ууцны мэдрэлийн үрэвсэл.

 

2.         Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэхийн өмнө юуг мэдэх шаардлагатай болох

Дараах тохиолдолд Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэхийг хориглоно:

-        Хэрэв та диклофенак натри, тиамины гидрохлорид, пиридоксины гидрохлорид ба цианокобаламин эсвэл энэхүү бэлдмэлийн аль нэг бодист (6-р хэсэгт жагсаасан) харшилтай тохиолдолд.

-        Хэрэв та ацетилсалицилийн хүчил болон бусад хэрх өвчний эсрэг ба өвдөлт намдаах эм хэрэглэсний дараа загатнах тууралт, харшлын ринит ба гуурсан хоолойн багтраа зэрэг харшлын урвалууд илэрсэн эсвэл гуурсан хоолойн багтраа өвчинтэй бөгөөд эдгээр эмүүд нь цочмог амьсгал бачуурах нөлөөг хүндрүүлсэн тохиолдолд.

-        Хэрэв та ходоод эсвэл дээд гэдэсний идэгдмэл шархлаа, хоол боловсруулах замын цус алдалт болон цоорол үүссэн тохиолдолд.

-        Хэрэв та ходоодны шархлаа эсвэл цус алдалт дахин илэрсэн (өмнө нь 2 ба түүнээс олон удаа ходоод ба гэдэсний шархлаа илэрсэн өгүүлэмжтэй)

-        Хэрэв та өвдөлт намдаах эсвэл хэрх өвчний эсрэг стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний дараа ходоод эсвэл гэдэсний цус алдалт ба цооролт илэрч байсан.

-        Хэрэв та цусны эмгэгшилтэй (цусны дүрст элементийн эмгэгшил, ясны чөмөгний эмгэгшил, цусны улаан эсийн пигмент үүсэлт алдагдах, цус алдах магадлал ихсэх эсвэл цус бүлэгнэлтийн өөрчлөлт) тохиолдолд.

-        Хэрэв та зүрхний шигдээс, шигдээс, бичил шигдээс (түр зуурын ишемийн атак [Transient Ischemic Attack]) эсвэл зүрх эсвэл тархины судасны бөглөрлийн мэс засал зэрэг зүрхний эмгэгшил мөн/эсвэл тархины судасны эмгэгшилтэй үед.

-        Хэрэв та цусны эргэлтийн алдагдалтай (захын артерийн эмгэгшил) эсвэл өгүүлэмжтэй бол.

-        Хэрэв та тархины цус алдалттай эсвэл өгүүлэмжтэй бол.

-        Хэрэв та саяхан хүнд хэлбэрийн цус алдалт илэрсэн бол.

-        Хэрэв та элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай тохиолдолд.

-        Хэрэв та жирэмсний сүүлийн 3 сартай (2-р хэсгийг харна уу, жирэмсэн, хөхүүл ба нөхөн үржихүй) бол.

-        Хэрэв та хүүхэд ба өсвөр насныхан (18-аас доош настай) бол.

Анхааруулга ба болгоомжлол

Нейродикловит (Neurodiclovit)  хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэхийн өмнө дараах зүйлсийн талаар эмчид мэдэгдэх шаардлагатай:

-        Хэрэв та тамхи татдаг бол

-        Хэрэв та чихрийн шижинтэй бол

-        Хэрэв та цээж давчдах (зүрхний бах), цусны бүлэгнэлт, цусны даралт ихсэлт, холестерол ба триглицеридын түвшин ихэссэн бол.

Дараах тохиолдлуудад тусгайлан анхаарах шаардлагатай:

-        Хэрэв та жирэмсний 1-6 сартай эсвэл хөхүүл (2-р хэсгийг харна уу, жирэмсэн, хөхүүл ба нөхөн үржихүй) үед. Жирэмсний эхний 6 сартай эсвэл хөхөөр хооллох үед Нейродикловит (Neurodiclovit)-ийн идэвхтэй бодис болох диклофенакыг хэрэглэхийг зөвлөхгүй. Диклофенакыг жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхийг хориглоно.

-        Хэрэв та өдөөгдмөл порфири (цусны улаан эсийн пигментийн хувирал алдагдах) бүхий өвчтөн бол. Нейродикловит (Neurodiclovit)-ыг хэрэглэхэд өвчний байдал хүндэрч болзошгүй учраас тусгай анхааралтай хэрэглэх шаардлагатай.

-        Хэрэв та өндөр настай (65-аас дээш настай) тохиолдолд: Эмчилгээг удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэснээр гаж нөлөө үүсэх магадлал ихсэх бөгөөд гаж нөлөөнүүд өндөр настанд илүү хүнд хэлбэрээр илэрч болзошгүй учраас Нейродикловит (Neurodiclovit)-ыг аль болох хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэх тал дээр хяналт тавихын тулд эмчид хандах шаадрлагатай (3-р хэсгийг харна уу).

-        Хэрэв та ходоод ба гэдэсний эмгэгшлийн өгүүлэмжтэй бол: ходоод гэдэсний замын цус алдалт, шархлаа ба цооролт – зарим тохиолдолд үхэлд хүргэж болох – шинж тэмгүүд бүх төрлийн стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэхэд тохиолдож байсан нь мэдээлэгдсэн. Эдгээр шинж тэмдгүүд нь анхааруулгагүй ба ходоод гэдэсний  хүнд хэлбэрийн шинж илрэх эсвэл илрэхгүй байдлаар эмчилгээний аль ч үед тохиолдож байв.

Шархлааны өгүүлэмжтэй, ялангуяа цус алдалт ба цооролт байдлаар хүндэрсэн үед (2-р хэсэг, Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэхийг хориглоно хэсгийг харна уу.) эсвэл өндөр настанд стеройд бус үрэвслийн эсрэг эмийн тунг ихэсгэж хэрэглэхэд хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа эсвэл цооролт үүсэх өндөр эрсдэлтэй байв. Эдгээр өвчтний эмчилгээг хамгийн бага боломжит тунгаар эхлүүлэх шаардлагатай. Ийм тохиолдолд эмчийн зааврын дагуу ходоодны салст бүрхүүл хамгаалах эмийн бэлдмэл хэрэглэж болох юм. Мөн цус шингэрүүлэх зорилгоор ацетилсалицилын хүчлийг бага тунгаар хэрэглэж байгаа үед үүнийг зөвлөнө.

Хэрэв та ходоод ба гэдэсний өөрчлөлтийн гаж нөлөөний өгүүлэмжтэй, ялангуяа өндөр настай тохиолдолд ходоод гэдэсний замын хэвийн бус шинж тэмдэг (голчлон цус алдалт) ялангуяа эмчилгээний эхэн үед илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Хэрэв та стеройдууд, цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд (цус шингэлэх эмүүд) эсвэл зарим сэтгэл гутралын эсрэг эмүүд (Серотонины эргэн хамагдалтыг сонгомлоор саатуулагчид [SSRI]) зэрэг шархлаа, цус алдалтын эрсдлийг ихэсгэх боломжтой бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд тусгай анхаарал болгоомжлол шаардлагатай (2-р хэсгийг харна уу, Нейродикловит (Neurodiclovit) ба бусад эмүүд).

Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэх үед ходоод гэдэсний цус алдалт эсвэл шархлаа илэрвэл эмчилгээг шууд зогсоох шаардлагатай.

Стеройд бус үрэвслийн эсрэг эмийг ходоод гэдэсний үрэвсэлт эмгэгшлийн (идэгдмэл шархлаат колит, Кроны [Crohn’s] өвчин) өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхэд шинж тэмдгийг хүндрүүлж болох учраас анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай (4-р хэсгийг харна уу).

-        Хэрэв та элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй бол:

Диклофенак хэрэглэснээр элэгний үйл ажиллагааг дордуулж болзошгүй. Тиймээс элэгний эмгэгшилтэй эсвэл өмнө нь байсан бол эмчид хэлэх шаардлагатай. Хийлгэх хэрэгтэй шинжилгээ ба үзлэгийн талаарх эмчийн өгсөн зааврыг анхааралтай гүйцэтгэх хэрэгтэй. Маш ховор тохиолдолд элэгний үрэвсэл илэрсэн талаар мэдээлэгдсэн. Биеийн ерөнхий байдал муудах, ядрах мөн хоолны дуршил багасах зэрэг элэгний эмгэгшлийн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандаарай.

-        Хэрэв та бөөр эсвэл зүрхний үйл ажиллагааны асуудалтай эсвэл цусны даралт ихсэлттэй бол:

Биед шингэн хуримтлагдаж болзошгүй (үүний үр дүнд хавагнах эсвэл биеийн жин огцом ихсэж болно) бөгөөд цусны даралт ихсэх мөн/эсвэл зүрхэнд улам их ачаалал үүсгэж болох юм.

-        Хэрэв та мэс засал хийлгэх шаардлагатай бол:

Диклофенак хэрэглэж байгаа тохиолдолд мэс засал хийлгэхийн өмнө эмч ба шүдний эмчид мэдэгдэх шаардлагатай. Диклофенак нь ялтаст эсийн бөөгнөрлийг түр хугацаанд саатуулж улмаар цусны бүлэгнэлтэд саад учруулж болох юм. Цусны зарим үзүүлэлтүүдэд өөрчлөлт орж болзошгүй учраас диклофенакыг зөвхөн эмнэлгийн хяналтанд том хэмжээний мэс заслын дараа хэрэглэх шаардлагатай.

-        Хэрэв та зүрхний эмгэгшил, судас нарийсах, чихрийн шижин, тархины эмгэгшил, цусан дах липидүүд (холестерол)-ын хэмжээ ихсэх болон тамхи татдаг бол:

Диклофенак зэрэг эмийн бэлдмэлүүд нь зүрхний шигдээс (миокардын шигдээс) эсвэл цус харвалт үүсэх эрсдлийг бага зэрэг ихэсгэдэг байна. Эдгээр нь голчлон өндөр тунгаар мөн удаан хугацааны эмчилгээний үед илэрнэ. Зөвлөх тун ба эмчилгээний хугацааг хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Хэрэв та зүрхний эмгэгшилтэй эсвэл эдгээр шинжүүд илрэх эрсдэлтэй гэж бодож байвал (жишээ нь, даралт ихсэлт, чихрийн шижин, холестеролын түвшин ихсэх эсвэл тамхи татдаг) эмчилгээний талаар эмч ба эм зүйчтэй зөвлөлдөх шаардлагатай.

-        Хэрэв та Нейродикловит (Neurodiclovit)-ийн эмчилгээний үеэр арьсан дээр ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдсан бол:

Диклофенак зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэхэд маш ховор тохиолдолд арьсны цэврүү ба арьс гуужих бүхий хүнд хэлбэрийн арьсны урвалууд ихэвчлэн эмчилгээний эхний 1 сард илэрсэн. Арьс ба салст бүрхүүл (жишээ нь, амны хөндий)-ийн тууралт эсвэл шархлаа мөн бусад хэт мэдрэгшлийн урвалын шинж тэмдэг илэрсэн бол нэн даруй эмчид хандах шаардлагатай.

-        Хэрэв та системийн улаан чоно яр өвчин (‘чоно яр’) эсвэл холбогч эдийн холимог эмгэгшил (дархлаа тогтолцооны өөрчлөлтүүд):

Эдгээр суурь эмгэгшил бүхий өвчтөнд диклофенак зэрэг стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэхэд маш ховор тохиолдолд менингитийн шинж тэмдгүүд (хүзүү хөших, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах ба ухаан санаа будангуйрах) илэрсэн байна.

-        Хэрэв та эпилепси, паркинсонизм ба хүнд хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлтүүдтэй бол:

Гар ба хөлөнд хэвийн бус мэдрэмж (захын мэдрэх мэдрэхүйн эмгэгшил гэж нэрлэдэг мэдрэлийн өвчний шинж тэмдэг байж болзошгүй) төрвөл Нейродикловит (Neurodiclovit)-ын хэрэглээг нэн даруй зогсооно. Ийм төрлийн мэдрэлийн гэмтлүүд B6 витаминыг хоногт өндөр тунгаар (хоногт 50мг ба түүнээс дээш тунгаар) удаан хугацааны (6-12 сар орчим) турш хэрэглэсэн өвчтөнд ажиглагдсан.

Ерөнхий мэдээлэл

Диклофенакыг бусад стеройд бус үрэвслийн эсрэг эм (ЦОГ-2 саатуулагчидыг оролцуулан)-тэй хамт хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

            Шаардлагатай хамгийн богино хугацаанд үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэхэд гаж нөлөөний илрэл багасч болох юм.

Хэт мэдрэгшлийн урвалууд

            Нүүр хавагнах, амьсгалын зам хавагнах (жишээ нь, хоолой хавагнах), амьсгал бачуурах, багтраа, зүрхний цохилт хурдсах, арьсны урвалууд (жишээ нь, загатнаа, улайлт, тууралт, цэврүү) мөн/эсвэл цусны даралт багасах зэрэг харшлын урвалын эхний шинжүүд илрэхэд эдгээр шинжийг үүсгэж байгаа эмийн хэрэглээг зогсоож нэн даруй эмчид хандах шаардлагатай.

            Бусад хүмүүсээс илүү гуурсан хоолойн багтраа, харшлын ринит (жишээ нь, тоосонцрын харшил), хамрын салст бүрхүүл хавагнах (жишээ нь, хамрын полип) эсвэл зарим амьсгалахад хүндрэлтэй болох шинжтэй хамаарал бүхий амьсгалын замын архаг эмгэгшилтэй өвчтөнд стеройд бус үрэвслийн эсрэг эмийн харшлын урвал илрэх магадлал өндөр байв; гэвч эдгээр эмгэгшил илрээгүй үед харшлын урвалууд илэрч болох юм.

Өвдөлт ба түүнтэй хамааралтай эмгэгшлийн эмчилгээ

            Хэрэв диклофенакын эмчилгээ хийлгэхэд биеийн ерөнхий байдал сайжрахгүй эсвэл өвдөх, халуурах, ядрах ба бусад шинж тэмдгүүд илэрсээр байвал эмчээс зөвлөгөө авна уу. Өвдөлт намдаах эмүүд нь өвдөлтийг багасгах ба үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учраас өөр өвчний шинж тэмдгийг далдлах боломжтой. Өвдөлт намдаах эмчилгээнээс гадна өөр эмчилгээ хийлгэх шаардлага гарч болох юм.

Өвдөлт намдаах эмийн шалтгаант толгой өвдөлт

Хэрэв өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл толгой өвдөх магадлалтай бөгөөд түүнийг өвдөлт намдаах эмийн тунг ихэсгэх замаар эмчлэх ёсгүй. Хэрэв та Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэсэн ч ойр ойрхон толгой өвдөж байвал эмчээс зөвлөгөө аваарай.

Өвдөлт намдаах эмийн шалтгаант бөөрний эмгэгшилүүд

Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар тогтмол хэрэглэвэл бөөрний эргэшгүй гэмтэл мөн бөөрний үйл ажиллагааны дутмагшилд хүргэж болох юм.

Хэрэв дээрх шинжүүдийн аль нэг нь танд хамааралтай эсвэл өмнө нь илэрч байсан бол энэ талаар эмчтэй ярилцана уу.

Лабораторийн шинжилгээ

Цусны ерөнхий шинжилгээ, цусны бүлэгнэлт, элэг ба бөөрний үйл ажиллагааны сорил мөн бусад шинжилгээ (жишээ нь, зарим эмийн цусан дах хэмжээ) өгөхийг эмч зөвлөж магадгүй-эдгээр шинжилгээг үргэлж эмчийн зааврын дагуу хийлгэх хэрэгтэй.

Хоногт 50мг ба түүнээс дээш тунгаар удаан хугацааны турш эсвэл богино хугацаагаар хоногт 1г-аас дээш тунгаар B6 витаминыг хэрэглэхэд гар ба хөлөнд хатгах эсвэл чимчигнэх мэдрэмж (захын мэдрэх мэдрэхүйн эмгэгшил эсвэл парестези) илэрч байсан талаар мэдээлэгдсэн. Хэрэв хатгах ба чимчигнэх мэдрэмж ажиглагдвал өвчтний хэрэглэж буй тунг хянаж шаардлагатай гэж үзвэл эмийн хэрэглээг зогсоох эсэх талаар эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Нейродикловит (Neurodiclovit) ба бусад эмүүд

            Өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн эсвэл хэрэглэхээр төлөвлөсөн тохиолдолд эмч ба эм зүйчид хэлээрэй.

            Ялангуяа дараах эмийн бэлдмэлийн аль нэгийг хэрэглэж байгаа тохиолдолд эмчид мэдэгдэх нь чухал юм:

 

Диклофенакыг дараах эмтэй хамт хэрэглэхэд:

Дараах урвалууд үүсч болзошгүй:

Бусад өвдөлт намдаах ба хэрх өвчний эсрэг эмүүд (стеройд бус үрэвслийн эсрэг эм)

Гаж нөлөө илрэх магадлал ихсэнэ (хамт хэрэглэхийг зөвлөхгүй)

Ацетилсалицилын хүчил (‘аспирин’ – өвдөлт намдаах ба үрэвслийн эсрэг эм)

Ходоод гэдэсний хямрал үүсэх өндөр эрсдэлтэй (хамт хэрэглэхийг зөвлөхгүй)

Зүрхний гликозидууд, жишээ нь дигоксин (зүрхний эмгэгшлийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ)

Үйлдэл ихсэж болзошгүй – тогтмол хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд гликозидын тунг зохистой хэмжээгээр багасгана

Зарим халдварын эсрэг эмүүд (хинолонууд)

Уналт таталт илэрсэн талаар мэдээлэгдсэн (хамт хэрэглэхийг зөвлөхгүй)

Зарим ХДХВ зэрэг вирусын гаралтай халдварын эсрэг эмүүд (зидовудин)

Цусны өөрчлөлт үүсэх өндөр эрсдэлтэй

Кортикостеройдууд (‘кортизол’)

 

Ходоод гэдэсний шархлаа ба цус алдалт үүсэх өндөр эрсдэлтэй

Цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд, ‘цус шингэлэхэмүүд

Ходоод гэдэсний цус алдалт үүсэх өндөр эрсдэлтэй

Фенитойн (зарим төв мэдрэлийн тогтолцооны эмгэгшлийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ)

Цусан дах фенитойны түвшин ихсэж болно – тогтмол хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд тунг зохистой хэмжээгээр багасгахыг зөвлөдөг

Зарим сэтгэл түгшил ба сэтгэл гутралын эсрэг эмүүд (серотонины эргэн хамрагдалтыг сонгомлоор саатуулагчид [SSRI])

Ходоод гэдэсний цус алдалт үүсэх өндөр эрсдэлтэй

Моклобемид (сэтгэл гутралын эсрэг хэрэглэнэ)

Диклофенакын үйлдэл хүчжинэ

Литий (сэтгэл гутралын эсрэг хэрэглэнэ)

Литийн үйлдэл ихсэнэ – тогтмол хянах бөгөөд шаардлагатай тохиолдолд тунг зохистой хэмжээгээр багасгахыг зөвлөдөг

Зарим элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг эмүүд (жишээ нь, вориконазол зэрэг мөөгөнцийн эсрэг бэлдмэл)

Метаболизм саатуулагддаг учраас цусан дах диклофенакын түвшин ихсэнэ (тогтмол хянах бөгөөд тунг багасгахыг зөвлөнө)

Тулай өвчний эсрэг эмүүд (‘сульфинпиразон’)

Диклофенакын биеэс ялгарах хугацаа удааширна

Шээс хөөх эмүүд (‘шингэн ялгаруулах шахмал’)

 

Эмийн үйлдэл багасах мөн цусны бүрэлдэхүүн хэсэг өөрчлөгдөх эрсдэлтэй, бөөрний гэмтэл үүсэх магадлалтай (хангалттай хэмжээний шингэн хэрэглэж цусны даралтыг тогтмол хянах хэрэгтэй)

Цусны даралт багасгах эмүүд

Цусны даралт багасгах үйлдэл буурна (цусны даралтыг тогтмол хянахыг зөвлөдөг)

Метотрексат (хавдар ба зарим үрэвслийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ жишээ нь, үе мөчний)

Хэрэв диклофенакыг метотрексат хэрэглэсний өмнө ба дараа 24 цагаас богино хугацаанд хэрэглэхэд цусан дах метотрексатын түвшин ихсэж болох бөгөөд үүний улмаас тухайн бодисын гаж нөлөө илрэх магадлал ихсэнэ (хамт хэрэглэхээс зайлсхийнэ – цусны ерөнхий шинжилгээ мөн элэг ба бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана)

Циклоспорин (дархлааны урвалыг дарангуйлах нөлөөтэй эм)

 

Цусан дах калийн түвшин ихсэх боломжтой;

Ходоод гэдэсний хямрал эсвэл бөөр мөн/эсвэл элэгний гэмтэл үүсэх өндөр эрсдэлтэй (хамт хэрэглэхээс зайлсхийнэ эсвэл диклофенакын тунг багасгана; элэг ба бөөрний үйл ажиллагааг тогтмол хянахыг зөвлөнө)

Такролимус (эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараах эрхтэн ховхролтоос сэргийлэх эм)

Цусан дах калийн түвшин ихсэх, бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэх боломжтой; (хамт хэрэглэхээс зайлсхийнэ)

Колестирамин, колестипол (цусан дах холестеролын түвшинг багасгах зорилгоор хэрэглэнэ)

Диклофенакын шимэгдэлт багасах буюу удааширдаг; диклофенакыг эдгээр бэлдмэлийг хэрэглэхээс 1 цагийн өмнө эсвэл хэрэглэснээс хойш 4-6 цагийн дараа хэрэглэнэ.

Триметоприм (халдварын эсрэг хэрэглэнэ)

Цусан дах калийн түвшин ихсэх боломжтой (тогтмол хянахыг зөвлөдөг)

Чихрийн шижингийн эсрэг эмүүд

 

Цусан дах сахарын хэмжээ хэлбэлзэх боломжтой (цусан дах сахарын хэмжээг илүү ойр ойрхон хянахыг зөвлөнө)

 

            Эс хордуулах үйлдэлтэй 5-фторурацил (хавдрын эсрэг эм)-тай хамт хэрэглэхэд В1 витамин нь үр нөлөөгөө алдана.

            Антацидууд (ходоодны хүчилжилтийн эсрэг) нь В1 витамины шимэгдэлтийн багасгана.

            Фуросемид зэрэг зарим шээс хөөх (шингэн ялгаруулах) эмийг удаан хугацаагаар хэрэглэхэд шээсээр ялгарах В1 витамины хэмжээ ихэсдэг учраас В1 витамины дутагдалд орж болзошгүй.

            Нейродикловит (Neurodiclovit)-ыг В6 витамины эсрэг нөлөө үзүүлдэг эмүүдтэй (изониазид, гидралазин, циклосерин ба Д-пеницилламин зэрэг пиридоксины антагонистууд) хамт хэрэглэхэд В6 витамины хэрэгцээ ихсэж болно.

Нейродикловит (Neurodiclovit) ба шингэн зүйл болон спиртийн зүйл

Диклофенакын эмчилгээний үеэр согтууруулах ундаа хэрэглэвэл ходоод гэдэсний замын цус алдалтыг ихэсгэдэг учраас хамт хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

Согтууруулах ундаа ба цай нь В1 витамины шимэгдэлтийг багасгадаг.

Сульфит агуулсан уух зүйлс (жишээ нь, дарс)-тэй хамт хэрэглэвэл В1 витамин нь амархан задарч улмаар үйлдлээ алдана.

Жирэмсэн, хөхүүл ба нөхөн үржихүйд үзүүлэх нөлөө

            Жирэмсэн эсвэл хөхүүл, жирэмсэн байж болзошгүй эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа тохиолдолд энэхүү эмийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна уу.

Жирэмсэн үеийн хэрэглээ

            Нейродикловит (Neurodiclovit) нь B1, B6 ба B12 витаминыг жирэмсэн үед хэрэглэхийг зөвлөсөн хоногийн хэрэгцээнээс их хэмжээгээр агуулдаг учраас хэрэглэхийг хориглоно.

            Диклофенак бэлдмэлийг эмч зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд жирэмсний эхний болон дунд гурван сартай үед хэрэглэж болно. Гэвч боломжит хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэх шаардлагатай.

            Диклофенакыг жирэмсний сүүлийн гурван сард хэрэглэхэд хүүхдийн цусны эргэлтэд гэмтэл учруулах, төрөлт хойшлогдох эсвэл удаан үргэлжлэх мөн төрөх үеийн цус алдалт ихсэх зэрэг эрсдэлтэй учраас хэрэглэхийг хориглоно.

Хөхүүл үеийн хэрэглээ

            Диклофенакын үйлчлэгч бодис нь бага хэмжээгээр хөхний сүүгээр ялгарна. Хэдийгээр нярайд үзүүлэх сөрөг нөлөө нь тодорхойгүй байгаа ч энэхүү бэлдмэлийг богино хугацаанд хэрэглэвэл хөхөөр хооллохыг түр хугацаагаар завсарлах шаардлагатай. Өндөр тунгаар эсвэл удаан хугацааны эмчилгээ шаардлагатай бол хөхөөр хооллохыг бүр мөсөн зогсооно.

            B1, B6 ба B12 витаминууд нь хөхний сүүгээр ялгарна. В6 витаминыг өндөр тунгаар хэрэглэхэд сүүний гаралтийг бууруулж болох юм. Тиймээс хөхөөр хооллож байгаа үед Нейродикловит (Neurodiclovit)  хэрэглэхийг хориглоно.

Нөхөн үржихүй

            Диклофенак нь бусад стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдийн адилаар эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд нөлөөлж болзошгүй учраас жирэмсэн болох төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөхгүй. Жирэмсэн болоход бэрхшээлтэй байгаа эсвэл үргүйдлийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай эмэгтэйчүүд диклофенак хэрэглэхийг зогсоох шаардлагатай.

Машин барих ба авто механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Энэхүү эмийн бэлдмэл нь хариу урвал үзүүлэх байдал мөн машин жолоодох чадварыг бууруулж болзошгүй.

Хэрэв хараа муудах, толгой эргэх эсвэл ядрах зэрэг гаж нөлөө илэрвэл анхаарал төвлөрөл ихээр шаарддаг аливаа ажлаас (жишээ нь, маших барих, авто механизм ба аюултай тоног төхөөрөмжтэй ажиллах) зайлсхийх шаардлагатай.

Нейродикловит (Neurodiclovit) нь натри агуулна

          Энэхүү эмийн бэлдмэлийн нэг туншил бүрт 1ммоль (23мг)-аас бага хэмжээний натри агуулагддаг тул үндсэндээ натри агуулаагүй’-д тооцож болно.

 

3.         Нейродикловит (Neurodiclovit)-ыг хэрхэн хэрэглэх

Энэхүү эмийн бэлдмэлийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэв эргэлзээ төрвөл эмч эсвэл эм зүйчээс лавлаарай.

Эмийн тун нь өвчний төрөл ба хүнд хөнгөний явцаас хамаарах учраас эмчийн зааврыг маш сайн баримтлах шаардлагатай.

Хэрэв эмч өөрөөр заагаагүй бол эмийг боломжит хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэх шаардлагатай. Нийт хоногийн тунг ихэвчлэн 2-3 хувааж хэрэглэнэ.

Зөвлөх тун:

Насанд хүрэгсэд (18 ба түүнээс дээш настай)

Хоногт хамгийн ихдээ 3 капсул (150мг диклофенак натри)-аас их байж болохгүй.

Эмчилгээний эхэн үед хоногт 2-3 капсул (100-150мг диклофенак натри) тунгаар хэрэглэхийг зөвлөнө. Хүндрээгүй эсвэл урт хугацааны эмчилгээний үед хоногт 1-2 капсул (50-100мг диклофенак натри) хэрэглэх нь хангалттай байдаг.

Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн

          Тунгийн талаарх тусгай зөвлөмжийг судлаагүй болно. Диклофенакыг бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно (2-р хэсгийг харна уу).

          Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөн

          Тунгийн талаарх тусгай зөвлөмжийг судлаагүй болно. Диклофенакыг элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно (2-р хэсгийг харна уу).

          Өндөр настан (65-аас дээш настай)

          Өндөр настны дагалдах өвчин эсвэл биеийн жин багассан байх магадлалтай учраас тусгай анхаарал болгоомжлол шаардлагатай. Өөрөөр хэлбэл өндөр настан ба жин багатай хүмүүст үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэхийг зөвлөнө.

          Хүүхэд ба өсвөр насныхан       

          Нейродикловит (Neurodiclovit)  нь В витаминыг их хэмжээгээр агуулдаг учраас хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэхийг хориглоно (18 ба түүнээс доош настай).

Хэрэглэх арга

          Ууж хэрэглэнэ.

          Капсулыг зажлахгүйгээр хоолны өмнө хангалттай хэмжээний шингэнээр даруулж бүхлээр нь залгиж ууна.

Хэрэв Нейродикловит (Neurodiclovit) –ыг хэрэглэх ёстойгоосоо их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд

          Хэтэрхий олон Нейродикловит (Neurodiclovit)  капсул хэрэглэсэн бол эмч эсвэл эмнэлэгт хандана уу.

Тун хэтрэлтийн шинж тэмдэг:

Тун хэтэрсэн үед толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох, ухаан санаа будангуйрах мөн уналт таталт зэрэг мэдрэлийн тогтолцооны эмгэгшилүүд үүсч болох юм. Үүнээс гадна, чих дүнгэнэх, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинжүүд илэрч болох юм. Мөн ходоод гэдэсний цус алдалт, элэг ба бөөрний үйл ажиллагааны дутмагшил, цусны даралт багасах, амьсгал бачуурах мөн түүнчлэн хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн арьсны өнгө хөхрөх зэрэг шинжүүд илрэх боломжтой. Хэрэв тун хэтрэлт сэжиглэгдсэн тохиолдолд яаралтай эмчид хандах бөгөөд хордлогын хүнд хөнгөний зэрэгт үндэслэн ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэнэ.

Эмнэлгийн мэргэжилтэнд өгөх зөвлөгөө:

Диклофенакын тун хэтрэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү зааврын төгсгөл хэсгээс харж болно.

Нейродикловит (Neurodiclovit) хэрэглэхийг мартсан тохиолдолд

            Хэрэглэхийг мартсан тунг нөхөхийн тулд давхар тунгаар хэрэглэхийг хориглоно. Дараагийн тунг зааврын дагуу хэрэглэнэ.

            Энэхүү эмийн талаар асуух зүйлс байвал эмч эсвэл эм зүйчид хандана уу.

4.         Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд

Энэхүү эм нь бусад бүх л эмийн адилаар бүх хүмүүст биш ч гэсэн гаж нөлөө үүсч болох юм.

Бэлдмэлийг үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар боломжит богино хугацаанд хэрэглэвэл гаж нөлөөг багасгах боломжтой.

Ходоод гэдэсний замын талаас илрэх гаж нөлөөнүүд хамгийн түгээмэл ажиглагдсан. Ходоодны идэгдмэл шархлаа, цооролт эсвэл ходоод гэдэсний цус алдалт зэрэг шинжүүд – ялангуяа өндөр настанд илэрсэн – зарим тохиолдолд үхэлд хүргэж болзошгүй байв. Стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоолны шингэц муудах, хэвлийгээр өвдөх, өтгөнд цус илрэх (ходоод гэдэсний дээд замын цус алдалттай холбоотойгоор өтгөн хар болох), цустай бөөлжих, амны хөндийн салст бүрхүүлийн шархлаат үрэвсэл (амны хөндий ба уруулны үрэвсэл), шархлаат колит ба Кроны өвчин (гэдэсний үрэвсэлт өвчний төрөл) хүндрэх зэрэг шинжүүд мэдээлэгдсэн (Анхааруулга ба болгоомжлол, 2-р хэсгийг харна уу). Цөөвтөр тохиолдолд гастрит (ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл) ажиглагдсан.

Стеройд бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээтэй холбоотойгоор хаван (биед шингэн хуримтлагдсанаар хаван үүсгэнэ), цусны даралт ихсэлт мөн зүрх сульдах (зүрхний дутагдал) зэрэг шинжүүд мэдээлэгдсэн.

Нейродикловит (Neurodiclovit) зэрэг эмийг хэрэглэхэд зүрхний шигдээс эсвэл цус харвалт үүсэх эрсдлийг ихэсгэнэ.

B6 витаминыг хоногт 50мг-аас дээш тунгаар удаан хугацаагаар (6-12 сар орчим) хэрэглэхэд гар ба хөлөнд хэвийн бус мэдрэмж (захын мэдрэх мэдрэхүйн эмгэгшил гэж нэрлэдэг мэдрэлийн өвчний шинж тэмдэг байж болзошгүй) төрөх шинж ажиглагдсан.

Дараах шинж тэмдэг илэрвэл Нейродикловит (Neurodiclovit)-ын хэрэглээг зогсоож нэн даруй эмчид хандах шаардлагатай:

-        Нейродикловит (Neurodiclovit)-ын эмчилгээг дөнгөж эхлүүлсний дараа ходоодны хөнгөн хэлбэрийн базлалт ба өвдөлт илрэх бөгөөд түүнээс хойш ихэвчлэн 24 цагийн дотор шулуун гэдэсний цус алдалт эсвэл цустай суулгалт илэрч байв (давтамж тодорхойгүй: байгаа мэдээллээс тооцоолох боломжгүй)

-        Хэвлий ба ходоодны өвдөлт, цээж хорсох

-        Цустай бөөлжих, өтгөн хар өнгөтэй эсвэл цустай болох эсвэл цустай шээх

-        Тууралт ба загатнаа зэрэг арьсны урвалууд

-        Амьсгал бачуурах, амьсгал давчдах, толгой ба хүзүүг хамарсан хаван

-        Нүдний цөцгий болон арьс шарлах

-        Ядрах мөн хоолны дуршил буурах

-        Хоолой байнга өвдөх, амны шархлаа, ядрах эсвэл халуурах

-        Хамраас цус гоожих, арьсанд цус хурах

-        Нүүр, шилбэ ба хөл хавагнах

-        Ядрамтгай болохын зэрэгцээ шээсний гарц багасах

-        Хүнд хэлбэрийн толгойны өвдөлт ба хүзүү хөших

-        Цээжээр өвдөх

-        Ухаан санаа будангуйрах

Диклофенакыг богино ба удаан хугацаагаар хэрэглэхэд дараах гаж нөлөөнүүд илэрдэг болох нь мэдээлэгдсэн:

·         Маш түгээмэл (10 хүн тутмын 1-ээс илүүд тохиолдож болзошгүй)

-        Өвдөх мэдрэмж төрөх, өвдөх, суулгах, үл мэдэг цус алдах

·         Түгээмэл (10 хүнд 1 хүртэл тохиолдолд)

-        Арьсны харшлын урвалууд (тууралт, загатнаа)

-        Толгой өвдөх, толгой эргэх, сэтгэл түгших эсвэл ядрамтгай болох, нойрмоглох

-        Хоолны шингэц муудах, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх (хийгээр), хоолны дуршил багасах

-        Элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх (элэгний зарим үзүүлэлтүүдийн хэмжээ ихсэх)

-        Тууралт

·         Цөөвтөр (100 хүнд 1 хүртэл тохиолдол)

-        Хараа муудах (хараа бүрэлзэх, юм хоёрлож харах)

-        Шарлалттай ба шарлалтгүй элэгний цочмог үрэвсэл, элэгний гэмтэл (хөнгөнөөс хүнд хүртэлх хэлбэрийн гэмтэл)

-        Гүвдрүү (цэлхгэр загатнаат тууралт)

·         Ховор (1,000 хүнд 1 хүртэл тохиолдол)

-        Гуурсан хоолойн багтраа (амьсгал бачуурлыг оролцуулан)

-        Амьсгалахад хүндрэлтэй болсон нүүр, хэл мөн/эсвэл амьсгалын зам хавагнах,  зүрхний цохилт хурдсах, цусны даралт унах мөн шокын шинжүүд

-        Сонсголын түр зуурын алдагдал, чих шуугих/дүнгэнэх

-        Эдэд ус хуримтлагдах (хаван)

-         Ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл (‘гастрит’), цустай бөөлжих, ходоод гэдэсний замын цус алдалт, өтгөнд цус илрэх (хар өнгөөр тодорхойлогдоно), шархлаа (цус алдалт ба цооролт илэрсэн эсвэл илрээгүй)

·         Маш ховор (10,000 хүнд 1 хүртэл тохиолдол)

-        Стеройд бус үрэвслийн эсрэг эм хэрэглэхэд халдварын шалтгаант үрэвсэл багассан талаар мэдээлэгдсэн – энэ нь стеройд бус үрэвслийн эсрэг эмийн үйлдэлтэй холбоотой байж болох юм

-        Цусны улаан эс задарсантай холбоотойгоор цус багадалт, цусны зарим эсвэл бүх эсийн (ялтаст эсүүд, цусны улаан мөн/эсвэл цагаан эс) тоог бууруулсан цус төлжилтийн эмгэгшилүүд

-        Арьс ба салст бүрхүүлийн хаван, ялангуяа нүүр (судас мэдрэлийн хаван) хэсгийг хамарсан өвдөлттэй харшлын урвалууд

-        Мэдрэхүй ба амт мэдрэх мэдрэхүйн алдагдал, ой тогтоолт муудах, ухаан санаа будангуйрах, уналт таталт, тархины бүрхүүлийн үрэвсэл (менингит; шинж тэмдэг: хүзүү хөших, толгой өвдөх, өвдөх мэдрэмж төрөх, бөөлжих, халуурах, ухамсарт байдал алдагдах), цухалдах

-        Ойлгох ба бодох чадвар өөрчлөгдөх, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, хар дарах

-        Зүрхний дутагдал, миокардын шигдээс, зүрхний хүчтэй лугшилт

-        Цусны даралт ихсэх, харшлын гаралтай судасны үрэвсэл

-        Харшлын гаралтай уушигны үрэвсэл

-        Бүдүүн гэдэсний үрэвсэл (шархлаатай холбоотой цус алдалт/колитын хүндрэл), өтгөн хатах, амны хөндий ба улаан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл ба гэмтэл, хэлний үрэвсэл, наалдацаас үүдэлтэй гэдэсний агшилт (шахмал хэрэглэсэнтэй холбоотой), нойр булчирхайн үрэвсэл

-        Элэгний гэнэтийн цочмог үрэвсэл, элэгний дутагдалд хүргэх (анхааруулах шинж тэмдэггүй илэрч болзошгүй) үхжилт (элэгний эсийн үхжил)

-        Экзем, улайлт, гэрэлд хэт мэдрэг болох, арьсанд цус хурах, цэврүүжилт ба арьсны гуужилт (товруут арьсны урвал, Лайеллын [Lyell] хам шинж) бүхий хүнд хэлбэрийн арьсны урвалууд, үс унах, харшлын гаралтай арьсны урвалууд (Стивен-Жонсоны хам шинж), загатнаа

-        Бөөрний эдийн гэмтлийн шалтгаант бөөрний цочмог дутмагшил, шээсэнд цус ба уураг илрэх (гематури, протейнури) зэрэг шээсний шинжилгээ хэвийн бус болох, бөөрний үрэвсэл, бөөрний үйл ажиллагааны дутмагшил

·         Давтамж тодорхойгүй (давтамжийг байгаа мэдээллээс тооцоолох боломжгүй)

-        B6 витаминыг хоногт 50мг-аас дээш тунгаар удаан хугацаагаар (6-12 сараас дээш хугацаанд) хэрэглэхэд захын мэдрэх мэдрэхүйн эмгэгшил (хатгах эсвэл чимчигнэх мэдрэмж төрүүлдэг мэдрэлийн өвчин) илэрч болох юм.

-        Бүдүүн гэдсэн дэх цусны эргэлтийн дутагдлын шалтгаант бүдүүн гэдэсний үрэвсэл (ишемийн колит)

Гаж нөлөөний талаар мэдээлэх

            Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандана. Үүнд энэхүү зааварт дурдагдаагүй аль нэгэн гаж нөлөө хамаарна. Гаж нөлөөний талаарх мэдэллийг үндэсний тайлангийн тогтолцоогоор дамжуулан мэдээлж болно. Гаж нөлөөний талаар мэдээлэл өгснөөр энэхүү эмийн аюулгүй байдлын мэдээллийг өргөжүүлэхэд тусална.

5.         Нейродикловит (Neurodiclovit)-ыг хэрхэн хадгалах

          25°C-аас дээш хэмд хадгалахгүй.

          Хүүхэд харахааргүй ба хүрэхээргүй газарт хадгална.

          Энэхүү эмийн хайрцаг ба блистр дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхийг хориглоно. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрөөр тодорхойлогдоно.

          Ямар ч эмийг бохирын ус эсвэл ахуйн хог хаягдлаар дамжуулан хаяхыг хориглоно. Хэрэглэхгүй болсон эмийг хэрхэн устгахыг эм зүйчээс лавлаарай. Эдгээр арга хэмжээ нь хүрээлэн буй орчинг хамгаалахад тустай юм.

6.         Савлагааны агууламж ба бусад мэдээлэл

Нейродикловит (Neurodiclovit) –ын найрлага:

-        Идэвхтэй бодис: диклофенак натри, тиамины гидрохлорид (B1 витамин), пиридоксины гидрохлорид (B6 витамин) мөн цианокобаламин (B12 витамин) болно. Нэг капсулд 50мг диклофенак натри, 50мг тиамины гидрохлорид (B1 витамин), 50мг пиридоксины гидрохлорид (B6 витамин) мөн 0.25мг цианокобаламин (B12 витамин) агуулагдана.

-        Бусад туслах бодисууд: повидон, метакрилийн хүчил-этил акрилат кополимер (1:1), триэтил цитрат, тальк, төмрийн улаан исэл (E172), төмрийн шар исэл (E172), титаны диоксид (E171), желатин.

Нейродикловит (Neurodiclovit) –ын харагдах байдал ба савлалт

Нейродикловит (Neurodiclovit)  нь шаргал өнгөтэй ба улаавтар-хүрэн капсул юм.

Савлалтын хэмжээ:

30 ба 50 капсул бүхий блистр савлагаа

Савлагааны бүх хэмжээг худалдаалахгүй байж болох юм.

 

Зах зээлд худалдаалах зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч

< Зах зээлд худалдаалах зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгчийн нэр>

Энэхүү эмийн хэрэглэх зааврыг хамгийн сүүлд шинэчилсэн  огноо.

 

Дараах мэдээллийг зөвхөн эрүүл мэндийн мэргэжилтэнд зориулав:

Шинж тэмдэг

Диклофенак

            Диклофенакын тун хэтэрсэнтэй холбоотой эмнэл зүйн өвөрмөц шинж илэрдэггүй. Тун хэтэрсэн үед бөөлжих, ходоод гэдэсний цус алдалт, суулгах, толгой эргэх, чих дүнгэнэх мөн уналт таталт зэрэг шинж тэмдэг илэрч болно. Ноцтой хордлогын үед бөөрний үйл ажиллагааны цочмог дутмагшил ба элэгний гэмтэл мөн түүнчлэн амьсгалын замын хямрал мөн цианоз илэрч болох юм.

Витамин B1

            Тиамин нь эмчилгээний өргөн хүрээтэй юм. Өндөр тунгаар хэрэглэхэд (10г-аас их) мэдрэлийн зангилаа-хориглох нөлөө үзүүлдэг бөгөөд курарегийн адилаар мэдрэлийн сэрэл дамжуулах үйлдлийг саатуулна.

Витамин B6

            B6 витамины хортой нөлөө үзүүлэх боломжийг маш бага гэж үзэж болно. B6 витаминыг хоногт 50мг-аас дээш тунгаар удаан хугацаагаар (6-12 сараас дээш хугацаанд) хэрэглэхэд захын мэдрэх мэдрэхүйн эмгэгшил үүсгэж болох юм. B6 витаминыг хоногт 1г-аас дээш тунгаар 2 сараас дээш хугацаагаар хэрэглэхэд мэдрэлд хортой нөлөө үзүүлж болзошгүй.

            Хоногт 2г-аас дээш тунгаар хэрэглэсний дараа атакси ба хэт мэдрэгшлийн эмгэгшилүүд, тархины цахилгаан бичлэгний өөрчлөлт бүхий тархины таталдаа мөн маш ховор тохиолдолд гипохром цус багадалт болон арьсны батгашилт үрэвсэл зэрэг шинжүүд мэдээлэгдсэн.

Витамин B12

Өндөр тунгаар тарьж хэрэглэсний дараа (ховор тохиолдолд ууж хэрэглэсний дараа) харшлын урвал, экзем бүхий арьсны өөрчлөлтүүд мөн хөнгөн хэлбэрийн батга илэрсэн талаар мэдээлэгдсэн.

Эмчилгээ

Диклофенак

            Өвөрмөц антидот байхгүй. Тун хэтэрсэн үед шинж тэмдгийн эмчилгээ ба амин үзүүлэлтүүүдийг хянах арга хэмжээ авна. Ууж хэрэглэсний дараах хордлогын үед ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс ба туулгах эм хэрэглэх байдлаар үлдсэн эмийн бэлдмэлийг биеэс гадагшлуулна. Даралт багасах, бөөрний үйл ажиллагааны дутмагшил, уналт таталт, ходоод гэдэсний замын хямрал мөн амьсгалын замын алдагдал зэрэг хүндрэлүүд үүсвэл шинж тэмдгийн ба дэмжих эмчилгээ хийх шаардлагатай.

            Стеройд бус үрэвслийн эсрэг эмүүдийн уурагтай холбогдолт өндөр бөгөөд бодисын солилцоонд идэвхитэй оролцдог учраас хүчжүүлэн шээс хөөх, диализ буюу цусны шүүх зэрэг өвөрмөц арга хэмжээнүүд нь стеройд бус үрэвслийн эсрэг эмийг гадагшлуулахад тус болдоггүй.

            Хортой нөлөө үзүүлэх хэт өндөр тунгаар хэрэглэсний дараа идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх мөн түүнчлэн ходоод цэвэрлэх (бөөлжих, ходоод угаах) зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Үйлдвэрлэгч: G.L Pharm GmbH 

Үйлдвэрлэгчийн хаяг: Industriesstrasse 1, A-8502, Lannach, Austria