Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Антифлу нунтаг
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Хлорфенамин+ Фенилэфрин
Үйлдвэрлэгч
Contract Pharmacal Corp., for Bayer Consumer Care AG, Switzerland
Гарал үүслийн улс
АНУ
Тун хэмжээ
650мг+4мг+10мг
Эмийн хэлбэр
нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хэрэглэгчдэд зориулсан заавар

 

АНТИФЛУ (ANTIFLU)

Уусгаж хэрэглэхэд зориулсан нунтаг

 

Худалдааны нэр

Антифлу.

Эмийн хэлбэр  

Уусгаж хэрэглэдэг нунтаг.

Ерөнхий шинж  

Цагаан буюу цайвар өнгөтэй,  нимбэгний  сулавтар үнэртэй,  жижиг талстын  агууламжтай, үсчиж уусдаг нунтаг.

Найрлага        

Үйлчлэгч бодис(нэг уутанд): ацетаминофен(парацетамол) 650 мг, фенилэфрины гидрохлорид 10мг, хлорфенирамины малеат 4 мг.

Туслах бодис: аскорбины хүчил, сахар (нунтаг чихэр), сахар (сахароз), лимоны хүчил, цахиурын давхар исэл, цахиурын коллоидон давхар исэл,  нимбэгний амт оруулагч, гурван суурьт натрийн цитрат, цардуул (эрдэнэшишийн цардуул), титаны давхар исэл, гурван кальцит фосфат, D&C Шар № 10 (Е104), FD&C Шар № 6 (Е110).

 

Эмийн эмчилгээний бүлэг

Ханиад шуухинаа  өвчинд хэрэглэгддэг эмийн бэлдмэл. АТС код: N02ВЕ51.

 

Фармакологийн үйлдэл

Ацетаминофен (парацетамол) нь өвдөлт намдаах, халуун бууруулах ба үрэвслийн эсрэг сулавтар үйлдэл үзүүлснээр ханиад шуухинаа өвчний үе дэх толгойн, үе мөч-булчингийн, хоолойн өвдөлтийг намжаана.

Фенилэфрины гидрохлорид нь судас агшаах үйлдэлтэй тул хамар, дайврын  салстын хаван, улайлтыг багасгаж, хамрын амьсгалыг  хөнгөвчилнө.

Хлорфенирамины малеат нь  гистамины эсрэг үйлдэл үзүүлснээр:  хамар, залгиур зэрэг амьсгалын дээд  замын салстын хаванг арилгаж, нүдний салстын загатнааг багасгана.

 

Хэрэглэх заалт

Амьсгалын дээд замын цочмог үрэвсэл ба ханиад томууны үед илрэх зовиур, эмгэг  шинж тэмдгүүдийг (халуурах, толгой өвдөх, үе мөч-булчин өвдөх, хамар битүүрэх, нусгайтах, нулимс гоожих г.м)  арилгах зорилгоор хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга ба тун

Насанд хүрэгчдэд:  нэг уут бэлдмэлийг нэг аяга  халуун усанд уусгаад халуунаар нь ууна.  Хэрэв хүсвэл сахар ба зөгийн бал нэмж хийж болно.

Шаардлагатай  гэж үзвэл  4 цаг тутамд давтан ууж болох  ч нэг хоногт нийт 4-с илүүгүй  удаа хэрэглэх ёстойг анхаар. 

 

Гаж нөлөө

Харшлын урвалууд: арьсны тууралт, загатнаа,  чонон хөрвөс,  арьсны өнгөн давхаргын хоруу чанарт үхжил (Лайелын хам шинж), олон хэлбэрт-цэврүүт улайлт ( Стивенс-Джонсоны хам шинж), экзантема хэлбэрийн тархмал цэврүүтэл, судас мэдрэлийн ( Квинкийн) хаван, анафилаксийн шок.

Төв мэдрэлийн тогтолцооны талаас: толгой эргэх, хэт мэдрэгших урвал (ялангуяа хүүхдэд), нойр хямрах, нойрмоглох, сэтгэцийн хурд удаашрах,  ядарсан мэдрэмж төрөх.

Цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны талаас: цус багасалт үүсэх, ялтас эсийн тоо цөөрөх, түүнээс шалтгаалсан тууралт,  цагаан эсийн тоо цөөрөх, цусны бүх дүрст эсүүдийн тоо багасах (панцитопени) эсвэл цус төлжилт зогсох(агранулоцитоз), цус задралын цус багасалт, метгемоглобинеми.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, ам хатах, гүйлгэх.

Элэг цөсний талаас илрэх гаж нөлөө: элэг гэмтэх ( «элэгний» ферментүүдийн идэвхи ихсэх), элэгний үрэвсэл үүсэх, мөн тунгаас хамааран элэгний үйл ажиллагааны дутагдал, элэгний үхжил  үүсэх. Удаан хугацаагаар буруу хэрэглэвэл элгэнд холбогч эд үүсч улмаар элэгний хатууралд хүргэх эрсдэлтэй.

Амьсгалын эрхтэн тогтолцооны талаас: бронхийн агчил эсвэл  бронхийн багтраа сэдрэх. Ялангуяа  ацетилсалицилийн хүчил эсвэл СБҮЭ эмэнд хэт мэдрэгшсэн хүмүүст илүү  их эрсдэлтэй. 

Зүрх судасны тогтолцоонд: зүрх дэлсэх, артерийн даралт ихсэх.

Шээс ялгаруулах эрхтэн тогтолцоонд: шээс  хаагдах, өндөр тунгаар удаан хэрэглэсний дараа бөөрний түүдгэнцэр үхжих эрсдэлтэй .

Бусад: хүүхэн хараа тэлэх, харааны  аккомодац алдагдах, нүдний алимны дотоод даралт ихдэх.

 

Хориглох заалт

  • Бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол.
  • Элэгний хаалган венийн даралт ихэссэн болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс, бөөрний үйл ажиллагааны дутагдалтай хүн, элэг бөөрний үйл ажиллагаа илэрхий хямралтай,хаалттай өнцөгт глауком, түрүү булчирхайн томролттой, сахараз/изомальтазын төрөлхийн дутагдалтай, фруктоз зохидоггүй, глюкоз-галактоз шингээх чадваргүй, глюкоз-6-фосфатдегидрогеназа ферментийн дутагдалтай хүмүүс. Насанд хүрээгүй (18 нас) хүмүүст хэрэглэхгүй.
  • Мөн бэлдмэлийг моноаминооксидазаг дарангуйлагчид, нойрсуулах, тайвшруулах эмүүд, парацетамол агуулсан бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхийг хориглоно.

Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ:

артерийн даралт ихтэй, зүрх судасны хүнд өвчтэй, чихрийн шижинтэй, бронхийн багтраатай, уушгины архаг бөглөрөлтөт өвчтэй хүмүүс, бамбайн хордлоготой, феохромоцитом өвчтэй, элэг ба бөөрний хүнд эмгэгтэй, түрүү булчирхайн томролттой өвчтөн шээс гаралт хүндрэлтэй байгаа тохиолдолд, цусны өвчтэй хүмүүс,  цусанд билирубин ихэсдэг төрөлхийн эмгэгтэй (Жильбер, Дубин-Джонсон ба Ротерийн хам шинжтэй), вирусийн шалтгаант элэгний үрэвсэлтэй,  шээсэнд оксалат ихэссэн хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

 

Тун хэтрэлт

Эмийн тун хэтэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандаж тусламж авах хэрэгтэй.

Парацетамолыг  10-15 г  тунгаар хэрэглэхэд тун хэтрэлт үүснэ. Шинж тэмдэг нь: арьс цайж, царай цонхийх, гүйлгэх, хоолны дуршил буурах, дотор муухайрах  ба бөөлжих,  аюулхайд  цанхайх эсвэл өвдөх, ихээр хөлрөх. Парацетамолын тун хэтрэлтийн эмнэл зүйн шинжүүд түүнийг хэрэглэснээс хойш 6-14 цагийн дараа  илэрдэг. Эмийн тун хэтрэлтийн архаг хэлбэр өндөр тунгаар хэрэглэснээс хойш 2-4 хоногийн дараагаас илэрч мэдрэгдэнэ. Хүнд хордлогын үед элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал, элэгний шалтгаант энцефалопати, кома үүсч  үхэлд ч хүргэж болзошгүй.  Эмийн тун  хэтрэлт огцом ба архаг хэлбэрээр үүсэх үед цусан дахь калийн хэмжээ ихсэх ба бодисын солилцооны хүчилшилт (түүний дотор  лактоацидоз) үүсэх эрсдэлтэй. Тун хэтрэлт үүссэнээс хойш  3-5 хоногийн дараа арьс салст шарлах, халуурах, амнаас “элэгний” өвөрмөц үнэр үнэртэх, цусархагших хам шинж, цусанд сахарын хэмжээ буурах, элэгний үйл ажиллагаа алдагдах шинж илэрнэ.  Бөөрний сувганцарт үхжил үүссэнээс шалтгаалсан үйл ажиллагааны цочмог дутагдал нь ууц нуруугаар хүчтэй өвдөх, цустай шээх, шээсээр уураг алдагдах,  байдлаар илрэх ба энэ хүндрэл элэгний үйл ажиллагааны дутагдалтай  хавсран, эсвэл дангаараа   тохиолдож  болно. Тун хэтрэлтийн босго дараах тохиолдолд  доошлох эрсдэлтэй. Үүнд:  ямар нэгэн эм хавсран хэрэглэж байгаа, архи уусан, эсвэл хэт турж эцсэн хүн хэрэглэх зэрэг.

Эмчилгээ:  ходоод угаах,  ууснаас хойш 6 цагийн дотор идэвхжүүлсэн нүүрс уулгах, SH- бүлгийн донатор,  глутатион нийлэгжихийн урьдал бодис болох – метиониныг  тун хэтрэлт үүссэнээс хойш  8-9 цагийн дотор хийх ба  N-ацетилцистеиныг 12 цагийн дараа хэрэглэнэ.

Хлорфенирамин. Шинж тэмдэг: толгой эргэх, цочромтгой болох, нойр хямрах.

Эмчилгээ: шинж тэмдгийн

Фенилэфрин. Шинж тэмдэг: цочролд орох, толгой өвдөх, толгой эргэх, хүнд  тохиолдолд хий юм харах(галлюцинаци), ухаан самуурах, таталт үүсэх, артерийн даралт ихсэх ба зүрхний хэм алдагдах.

Эмчилгээ: шинж тэмдгийн, артерийн даралт ноцтой ихэссэн тохиолдолд  фентоламин зэрэг  альфа-адреноблокатор эм хэрэглэнэ.

Аскорбины хүчил: аскорбины хүчлийг өндөр тунгаар  (3000 мг-с дээш)  хэрэглэх үед осмосын шалтгаант цочмог  гүйлгэлт ба дотор муухайрах, ходоод орчимд цанхайх зэрэг хоол боловсруулах үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэлтэй.   

Эмчилгээ: шинж тэмдгийн, хүчжүүлсэн диурез(шээсийг зохиомлоор ихэсгэх).

 

Онцгой анхааруулга ба  сэрэмжлүүлэг

Эмчилгээг хийж байх үедээ  архи, согтууруулах ундаа,  тайвшруулах, нойрсуулах эм хэрэглэхгүй байх шаардлагатай.  Энэ бэлдмэлийг хэрэглэж байхдаа бага зэрэг  архи уух болон парацетамолыг зохих тунгаар хамт хэрэглэхэд тэдгээрийн  элгэнд үзүүлэх хортой нөлөө ихсэх эрсдэлтэй.

Зарим ховор тохиолдолд арьсны ноцтой гаж нөлөө илэрч байсан тухай мэдээлэгдсэн.  Арьсан дээр ямар нэгэн өөрчлөлт, тухайлбал улайх, тууралт гарах, цэврүүтэх эсвэл гуужих үзэгдэл илэрвэл парацетамол уухаа нэн даруй зогсоож эмчдээ хандах хэрэгтэй.

Архины шалтгаант элэгний эмгэгтэй хүмүүст энэ эмийн элэг гэмтээх эрсдэл  илүү их байдаг учраас эдгээр хүмүүс цусандаа сахар, шээсний хүчил тодорхойлуулах болон элэгний үйл ажиллагааны сорил хийлгэж бай.

Эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай үед захын цусны үзүүлэлтүүд ба элэгний үйл ажиллагааны сорилыг үе үе хийлгэх хэрэгтэй. Энэ эмийг хэрэглэх  үедээ парацетамол агуулсан өөр эм хэрэглэхгүй байхыг анхаар.  Хэрэв  өвчтөний  халууралт 3-с илүү хоног,  өвдөлт 5-с илүү хоног  үргэлжилж байвал  эмчид үзүүлж зөвлөлгөө авах хэрэгтэй.

 

Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ

Жирэмсэн ба хөхүүл эх  хэрэглэхийг хориглоно.  

 

Тээврийн хэрэгсэл жолоодох  ба хөдөлгүүртэй харьцаж ажиллахад нөлөөлөх эсэх

Энэ  бэлдмэлийг хэрэглэж байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгүүртэй харьцаж ажиллах зэрэг  осолтой хөдөлмөр  хийхээс зайлсхийх шаардлагатай  

Бусад эмийн бодисуудтай харилцан үйлчлэлцэх

Энэ эмийг хэрэглэж байхдаа моноаминооксидаза ферментийг дарангуйлагчид, тайвшруулах эмүүд, архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Парацетамолын элэг хордуулах гаж нөлөө нь барбитуратууд, фенитоин, карбамазепин, рифампицин, зидовудин ба элэгний микросомын ферментүүдийг идэвхижүүлэгч эмүүдтнй хамт хэрэглэхэд ихэсдэг. Этанол (спирт)  хлорфенирамины тайвшруулах үйлдлийг нэмэгдүүлдэг. Антидепрессантууд, паркинсоны эсрэг эмүүд ба фенотиазины бүлгийн сэтгэц нөлөөт эмүүд  энэ бэлдмэлийн гаж нөлөөний (шээс хаагдах, ам хатах, өтгөн хатах г.м) эрсдлийг нэмэгдүүлнэ. Глюкокортикостероидууд глауком үүсгэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Парацетамол шээсний хүчил гадагшлуулагч (тулай өвчний эсрэг) эмүүдийн идэвхийг бууруулах ба шууд бус үйлдэлтэй антикоагулянтуудын идэвхийг ихэсгэнэ. Хлорфенираминыг   моноаминооксидазыг дарангуйлагчид эсвэл фуразолидонтой хамт хэрэглэхэд артерийн даралт ихсэлтийн хямрал үүсгэж, цочролд оруулах ба  өндөр  халууруулах шинж үүсч болзошгүй.  Гурван циклт антидепрессант эм нь фенилэфрины  симпатомиметик идэвхийг нэмэгдүүлнэ.  Галотантай хамт хэрэглэвэл зүрхний ховдлын гаралтай хэм алдагдал үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Фенилэфрин, гуанетидины даралт бууруулах идэвхийг багасгадаг бол гуанетидин нь фенилэфрины альфа-адреномиметик идэвхийг нэмэгдүүлдэг. Аскорбины хүчил нь пенициллиний бүлгийн эмүүд ба  төмөрийн шимэгдэлтийг нэмэгдүүлж,  гепарина ба шууд бус антикоагулянтуудын  идэвхийг бууруулна. Тэдгээр нь мөн хамт хэрэглэсэн салицилатууд ба  түргэн  үйлдэлт сульфаниламидууд бөөрөөр гадагшлэх үйл явцыг удаашруулж,  шээсэнд талст үүсэлтийг ихэсгэх (кристаллури)  ба шүлтлэг шинж чанартай эмүүд (түүний дотор  алкалоидууд) шээсээр дамжин гадагшлах үйл явцыг ихэсгэнэ.  Ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмүүдийн цусны сийвэн дэх түвшрүүлгийн хэмжээг бууруулна. Хлорамфениколтой хамт хэрэглэхдэ түүний хагас гадагшлалтын хугацаа уртасч хоруу чанар нь нэмэгдэнэ.

Парацетамол (эсвэл түүний метаболитууд) нь цус бүлэгнүүлэх хүчин зүйлийн нийлэгжилтэд оролцдог  , витамин К-хамааралт ферменттэй харилцан үйлчлэлцдэг.  Парацетамол ба  варфарин эсвэл  кумарины уламжлалын эмүүдийн харилцан үйлчлэлийн дүнд   цус гоожилтын хугацаа уртасч цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Иймд цус шингэлэх (антикоагулянт)  ямар нэгэн эм ууж буй эмчлүүлэгчид парацетамолыг эмчийн хяналтгүйгээр дур мэдэн ууж болохгүй.

Трописетрон ба гранисетроны  антагонистууд,  3-р хэлбэрийн 5-гидрокситриптамин зэрэг эмүүд фармакодинамикийн харилцан үйлчлэлийн үр дүнд парацетамолын өвдөлт намдаах үйлдлийг бүрэн үгүй хийдэг.

Парацетамолыг хэрвээ  эмч санал болгоогүй бол зидовудинтай хамт хэрэглэхгүй. Учир нь тэдгээрийг хамт хэрэглэхэд цусны цагаан эсийн тоо буурах(нейтропени) үйл явц улам ихэсдэг.

Хадгалах нөхцөл

Тасалгааны,  25 °С-с дээшгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

Хадгалах хугацаа  

3 жил.  Хайрцаг дээр заасан хугацаа  хэтэрсэн тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

Эмийн хэлбэр, савлалт

5 уут бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт хатуу цаасан хайрцагт савласан.

Эмийн сангаас олгох журам

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн нэр, хаяг

Байер Консьюмер Кэр АГ,

Петер Мериан-Штрассе 84, 4052 Базель, Швейцария

Контракт Фармакал Корпорейшн,

135 Адамс Авеню, Хопог, Нью-Йорк 11788, США