Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Докси-Денк 100
Худалдааны нэр
Англи
Доксициклин
Үйлдвэрлэгч
Artesan Pharma GmbH & Co.KG
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
100мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Докси-Денк 100 (Doxy-Denk 100)

 

Ууж хэрэглэхэд зориулсан шахмал

Антибиотик

Үйлчлэгч бодис: Доксициклин

 

Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь танд зориулсан чухал мэдээлэл агуулдаг.

-       Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.

-       Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, эм зүйчээс асуугаарай.

-       Уг бэлдмэл зөвхөн танд зориулагдсан учир өвчний шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.

-       Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. (4-р хэсгийг үзнэ үү)

Уг эм хэрэглэх зааварт:

1.   Докси–Денк 100 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

2.   Докси–Денк 100 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?

3.   Докси – Денк 100 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

4.   Илэрч болох гаж нөлөө

5.   Докси – Денк 100 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

6.   Савлалтын агууламж болон бусад мэдээлэл.

 

1.    ДоксиДенк 100 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Докси – Денк 100 нь тетрациклины бүлгийн антибиотик. Доксициклин нь  таны биед халдвар үүсгэдэг доксициклинд мэдрэг бактерийн өсөлт, үржлийг саатуулна. Бэлдмэлийг дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.

 

Докси – Денк 100 бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:

·         Амьсгалын зам, чих хамар хоолойн халдварууд:

-       Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог сэдрэл

-       Хамрын ойролцоох дайвар хөндийн халдвар

-       Хэнгэргэн хальсны үрэвсэл (дунд чихний үрэвсэл)

-       Уушгины зарим халдвар (уушгины үрэвсэл)

·         Шээс бэлгийн замын халдварууд:

-       Шээсний сүвийн үрэвсэл

-       Түрүү булчирхайн үрэвсэл

-       Хүндрэлгүй заг хүйтэн

-       Эм бэлэг эрхтний халдвар

-       Пенициллинд харшилтай өвчтөний тэмбүү өвчин

-       Шээсний замын халдвар

·         Хоол боловсруулах замын халдварууд

·         Цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээ

·         Хүнд явцтай энгийн батга, улаан батга зэрэг арьсны эмгэг

·         Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл ба трахома

·         Borelia-р үүсгэгдсэн өвчин: Архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин (хачиганд хазуулсаны улмаас халдварлагдаж үүсдэг) гэх мэт

·         Бруцеллёз, орнитоз, бартонеллёз, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины гранулома зэрэг ховор тохиолдох эмгэг

·         Бусад эмгэгүүд:

-       Уиплын өвчин болон халуун орны үлхий зэрэг хоол боловсрох явц хямарсантай холбоотой эмгэг.

2.    Докси–Денк 100 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?

Дараах тохиолдолд Докси–Денк 100 бэлдмэл хэрэглэхийг хориглоно.Үүнд:

·         Хэрэв та доксициклин, тетрациклины бүлгийн бусад антибиотик болон энэхүү бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг бол (6-р хэсэгт дурдсан)

·         Элэгний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэгтэй

·         Хэрэв та жирэмсэн эсвэл ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөсөн бол

·         Хэрэв та хүүхдээ хөхөөр хооллодог  бол тус тус хамаарна.

Докси–Денк 100 бэлдмэлийг шүдний хөгжлийн үед (жирэмсэн үед,  хөхүүл хүүхэд болон 8-с доош насны хүүхдэд) хэрэглэхийг хориглоно. Учир нь шүдний өнгө өөрчлөгдөх (шар-саарал-бор), ургалтыг саатуулах шалтгаан болж болзошгүй.  

Тодорхой нөхцөл байдлын үед (амь насанд аюултай үед) үүсэх эрсдэл ба эмчилгээний үр дүнг харьцуулсны дараа 8-с доош насны хүүхдэд  Докси–Денк 100 бэлдмэлийг зөвлөнө.

 

Анхааруулга ба болгоомжлол

Докси–Денк 100 бэлдмэл хэрэглэхээс өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Хэрэв Докси–Денк 100 бэлдмэл хэрэглэхэд  хэт мэдрэгших цочмог, ноцтой урвал (жишээлбэл, анафилакси) илэрвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож, эрүүл мэндийн мэргэжилтний тусламжийг яаралтай авна уу (Илэрч болох гаж нөлөө, 4-р хэсгийг үзнэ үү).

Доксициклин хэрэглэхэд ховор тохиолдолд арьс цэврүүтэх, гуужих зэрэг хүнд хэлбэрийн түр зуурын урвал илэрсэн нь бүртгэгдсэн байдаг. Хэрэв танд арьс болон салст бүрхүүлийн талаас ямар нэг шинж илэрвэл Докси–Денк 100 бэлдмэл  хэрэглэхээ даруй зогсоож эмнэлэгт яаралтай хандана уу.

Докси–Денк 100 бэлдмэлийн эмчилгээний явцад эсвэл 10- хүртэлх долоо хоног хэрэглэхэд хүнд хэлбэрийн суулгалт үүсч болзошгүй. Суулгалт нь заримдаа цустай эсвэл салсархаг байх ба хэвлийн агшилтаас үүдсэн өвдөлттэй хавсарч болно. Энэ нь антибиотик хэрэглэснээс шалтгаалсан хүнд хэлбэрийн суулгалт ба амь насанд аюултай бүдүүн гэдэсний үрэвслийн шинж (псевдомемранозный энтерколит) байж болзошгүй тул яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Хэрэглэх заалтаас хамаарч Докси-Денк 100 бэлдмэлийн эмчилгээг зогсоох эсэхийг эмч шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд тохирсон арга хэмжээг авна. Бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг бууруулах эмийн бэлдмэл (үйлчлэгч бодис нь лоперамид) хэрэглэхгүй ч байж болно.

Хэрэв танд доорх эмгэг байгаа бол эмчдээ мэдэгдэнэ үү. Үүнд:

·         булчингийн эмгэг (миастени гравис)

·         тогтолцооны чонон яр  (люпус)

·         элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдлын үе

-       тус тус өвчний байдал дордож болно.

·         хэрэв цусны сахар бууруулах эсвэл цус шингэрүүлэх бэлдмэл хэрэглэж байгаа бол (Бусад эмийн бэлдмэл ба Докси-Денк 100 хэсгийг үзнэ үү). Цусан дахь сахар ба бүлэгнэлтийн үзүүлэлтүүдийг хянах шаардлагатай. Хэрэв шаардлагатай бол дээрх эмүүдийн тунг бууруулна.

·         Мэдээгүйжүүлгийн өмнө (Бусад эмийн бэлдмэл ба Докси-Денк 100 хэсгийг үзнэ үү).

Та цусанд сахар, уураг, уробилиноген, шээсэнд катехоламин тодорхойлох лабораторийн шинжилгээ өгөх бол Докси-Денк 100 бэлдмэл хэрэглэж байгаагаа эмнэлгийн мэргэжилтэнд мэдэгдэнэ үү.  Учир нь бэлдмэл эдгээрийн хариуг хуурамч гарахад нөлөөлж болзошгүй.

Нарны туяанд өртөх нь арьсны гэрэлд мэдрэгших урвалд хүргэж болзошгүй. Ховор тохиолдолд хумсанд сөргөөр нөлөөлнө (Илэрч болох гаж нөлөө 4-р хэсгийг үзнэ үү). Докси-Денк 100 бэлдмэл хэрэглэж буй тохиолдолд наранд  болон хиймэл нарны туяанд биеэ шарахаас зайлсхийнэ үү. Арьс улайх анхны шинж илэрсэн даруйд эмчилгээг зогсоож эмчид хандана уу.

Докси-Денк 100 бэлдмэлийн эмчилгээний үед кандидагаар үүсгэгдсэн арьсны болон салст бүрхүүлийн ялангуяа бэлгийн  болон амны хөндий, гэдэсний замын мөөгөнцрийн халдвар илэрнэ (Илэрч болох гаж нөлөө, 4-р хэсгийг үзнэ үү). Үүссэн аливаа халдварыг эмчлүүлэх шаардлагатай. Энэ тохиолдолд эмчдээ мэдэгдэнэ үү.

Хэрэв эмчилгээ 21-с олон хоног үргэлжилж байгаа бол эмчлэгч эмч таны цусны эсийн тоо, элэг бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.

Урт хугацааны эмчилгээний явцад В аминдэмийн дутагдалд хүрч болзошгүй.

Гонококкоор үүсгэгдсэн халдварын (заг хүйтэн) эсрэг эмчилгээ хийлгэж дууссаны дараа эмчилгээний үр дүнг хянах, халдварын дахилтаас сэргийлэх зорилгоор 3-4 хоногийн дараа давтан шинжилгээ хийлгэнэ үү.

 

Бусад эмийн бэлдмэл ба Докси-Денк 100

Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглээд удаагүй болон хэрэглэж байгаа эсвэл хэрэглэх гэж байгаа бол эмчлэгч эмч, эм зүйчдээ мэдэгдэнэ үү.

Нойрсуулах ба уналтын эсрэг эм, бусад антибиотик, чихрийн шижингийн эсрэг эм, мигрены эсрэг эм (эргот алкалоидууд), метотрексат ба циклоспорин зэргийн үйлдлийг Докси-Денк 100 бэлдмэл бууруулна. Зарим эм нь Докси-Денк 100 бэлдмэлийн шимэгдэлтийг бууруулдаг тул нэг цагт хамт хэрэглэж болохгүй

Эдгээрт ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл (антацид), төмөр, цайр агуулсан болон холестролын түвшин өндөр үед хэрэглэдэг бэлдмэл (холестирамин, колестипол) зэрэг бэлдмэлүүдийг хамаарах ба улмаар эдгээрээр хязгаарлагдахгүй.  Иймд Докси-Денк 100 бэлдмэлийг дээр дурдсан эмийг хэрэглэхээс наад зах нь 2 цагийн өмнө хэрэглэнэ.

Доксициклиныг цус бүлэгнэлтийн эсрэг (цус шингэлэх үйлчилгээтэй варфарин, фенпрокомон) бэлдмэлтэй зэрэг хэрэглэхэд протромбины хугацаа уртассан нь бүртгэгдсэн байдаг. Докси-Денк 100 зэрэг тетрациклины бүлгийн бэлдмэл нь протомбины идэвхийг бууруулснаар цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Иймд бэлдмэлийг зэрэг хэрэглэх тохиолдолд цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлийн тунг бууруулж тооцох шаардлагатай.

Докси-Денк 100 бэлдмэлийг бөөр гэмтээж болзошгүй бусад үйлчлэгч бодистой хамт хэрэглэхгүй.

Метоксифлурантай мэдээгүйжүүлэлт ба бөөр хордуулах эрсдэлтэй бусад эмийг Докси-Денк 100 бэлдмэлтэй хамт хэрэглэвэл бөөрний дутагдалд хүргэж болзошгүй.

Батгаших эмгэгийн эмчилгээнд хэрэглэгддэг изотретиноины ээлж эмчилгээний өмнө ба дараа, түүнчлэн эмчилгээний үед доксицилиныг хэрэглэхгүй. Учир нь эмийн харилцан үйлчлэлийн дүнд ховор тохиолдолд тархины дотоод даралт (тархины хуурамч хавдар) ихэсдэг. Эмчилгээг зогсооход энэ шинж арилдаг. 

Дигоксин түүний уламжлалын бэлдмэл хэрэглэж буй өвчтөнд бэлдмэлийг хэрэглэхэд дигоксины тун ихсэж болзошгүй.

Бэлдмэлийг теофиллинтэй(гуурсан хоолойн багтраа өвчнийг эмчлэх эм) хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын зүгээс илрэх гаж нөлөө нь нэмэгдэж болзошгүй.

 

Докси-Денк 100  бэлдмэлийг хоол хүнс, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь

Докси-Денк 100 бэлдмэлийг сүү, сүүн бүтээгдэхүүн, кальцаар баяжуулсан жимсний шүүстэй хамт хэрэглэхгүй. Эдгээрийг бэлдмэл хэрэглэснээс хойш 2-3  цагийн зайтай хэрэглэж болно.

Согтууруулах ундаа тогтмол зуршил болгон хэрэглэх, эсвэл хэт их хэмжээгээр хэрэглэх зэрэг нь доксициклины задралыг хурдасгадаг болохыг анхаарна уу.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Хэрэв та жирэмсэн, хөхүүл жирэмсэн байж болзошгүй, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Докси-Денк 100 бэлдмэлийг жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд,   хөхүүл хүүхэд болон 8-с доош  насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь шүдний өнгийг эргэшгүйгээр өөрчлөх ба шүдний өнгөн бүрхүүл гэмтээдэг тул хүүхдийн шүд гэмтэх (кариес) шалтгаан болдог.

Жирэмсэн үед тетрациклин хэрэглэх нь элэг гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 

Жолоо барих ба механизмтай ажиллах 

Хэрэглэж буй доксициклин нь мэдрэлийн систем ба хараанд нөлөөлж болох бөгөөд энэ нь жолоо барих ба механизмтай ажиллах чадварыг бууруулж болзошгүй (Илэрч болох гаж нөлөө, 4-р хэсгийг үзнэ үү). Иймд ямар нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох, багаж, механизмтай ажиллахыг хориглоно

 

Докси-Денк 100   бэлдмэл лактоз агуулна

Хэрэв та зарим сахарт тэсгэл чанарын алдагдалтай бол бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчид мэдэгдэнэ үү.

 

Докси-Денк 100   бэлдмэл натри агуулна

Бэлдмэлийн нэг шахмалд 1 ммоль-с (23 мг) бага хэмжээний натри агуулагдана.

 

3.    Докси-Денк 100  бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

Эмчлэгч эмч, эм зүйчийн зөвлөснөөр бэлдмэлийг хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй ямар нэгэн зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна уу.

 

Хэрэглэх арга

Докси-Денк 100 бэлдмэлийг тогтмол цагт өглөөний цайны үед эсвэл  хооллох үедээ ууж хэрэглэнэ. Хооллох үедээ бэлдмэлийг хэрэглэснээр хоол боловсруулах замын эмгэг илрэх давтамжийг бууруулна. Докси-Денк 100  бэлдмэлийг хангалттай хэмжээний  (аяга ус) шингэнээр (сүү, сүүн бүтээгдэхүүнээс бусад)  даруулж уух нь улаан хоолойн салст бүрхүүлд шархлаа үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Бэлдмэлийг уухдаа суугаа эсвэл босоо байрлалд байх хэрэгтэй бөгөөд унтахын өмнө хэрэглэж болохгүй. Шахмалыг ууснаас хойш ойролцоогоор 10-15 минутын дараа дахин хангалттай хэмжээний шингэн ууна.

Бэлдмэлийн тун ба эмчилгээний үргэлжлэх хугацааг халдварын хүндрэл болон бусад хүчин зүйлээс хамаарч эмчлэгч эмч шийдвэрлэнэ.

 

Хэрэглэх тун

8-12 насны хүүхдэд:

8-12 насны хүүхдийн цочмог халдварын үед өөр эм хэрэглэх боломжгүй, эмчилгээний үр дүнгүй тохиолдолд  доксициклиныг хэрэглэнэ.

Бэлдмэлийн тун эмнэлзүйн байдлаас хамаарна. 

 

Биеийн жин 45 кг-с бага хүүхдэд:

Эмчилгээний эхний өдөр биеийн жингийн кг тутамд 4,4 мг тунгаар (хоногийн тунг 1 удаа эсвэл 2 хувааж хэрэглэнэ) цаашид эмчилгээний 2 дахь өдрөөс бэлдмэлийг кг тутамд 2,2 мг тунгаар  (хоногийн тунг 1 удаа эсвэл 2 хуваана) хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын эмчлэгдэх байдлаас хамаарна.

Хүнд хэлбэрийн халдварын үед биеийн жингийн кг тутамд 4,4 мг-с их тунгаар тооцож, эмчилгээний туршид энэ тунгаар эмчилгээг хийнэ.

 

Биеийн жин 45 кг-с дээш жинтэй хүүхдэд:

Насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ. Эмчилгээний эхний өдөр 2 шахмал Докси-Денк 100 (200 мг доксициклинтэй тэнцүү) бэлдмэл хэрэглэх ба цаашид 1 шахмал Докси-Денк 100 (100 мг доксициклинтэй тэнцүү) бэлдмэлийг хоногт нэг удаа хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын эмчлэгдэх байдлаас хамаарна.

 

Насанд хүрэгчид ба биеийн жин 70 кг-с доош 12-18 насны хүүхдэд :

Эмчилгээний эхний өдөр 2 шахмал Докси-Денк 100 (200 мг доксициклинтэй - тэнцүү) бэлдмэл хэрэглэх ба цаашид 1 шахмал Докси-Денк 100 (100 мг доксициклинтэй  тэнцүү) бэлдмэлийг хоногт нэг удаа хэрэглэнэ.

 

Биеийн жин 70 кг-с дээш жинтэй насанд хүрэгчид ба хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнд:

Хоногт 2 шахмал Докси-Денк 100 (200 мг доксициклинтэй  тэнцүү) бэлдмэлийг хэрэглэнэ.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь халдварын эмчлэгдэх байдлаас хамаарна.

 

Тугналттай холбоотой тусгай зөвлөмж

 

Халдвар

Тун (Докси-Денк 100 шахмалын тоо болон хоногт хэрэглэх доксициклины хэмжээ /мг/)

Эмчилгээ үргэлжлэх хугацаа

Гонококкоор үүсгэгдсэн эрэгтэйчүүдийн шээсний сүвийн цочмог үрэвсэл

2 ширхэг шахмал

(200 мг доксициклин)

7 хоног

Гонококкоор үүсгэгдсэн цочмог эпидидимит үрэвсэл

2 ширхэг шахмал

(200 мг доксициклин)

10 хоног

Гонококкоор үүсгэгдсэн эмэгтэйчүүдийн цочмог халдвар

2 ширхэг шахмал

(200 мг доксициклин)

7-с дээш хоног

Тэмбүү (пенициллинд харшилтай, анхдагч ба хоёрдогч хэлбэрийн халдвартай өвчтөн)

3 ширхэг шахмал

(300 мг доксициклин)

15 хоног

Хүнд хэлбэрийн халдварт батгашилт, улаан батга зэрэг арьсны халдвар

1 шахмал

(100 мг доксициклин)

7-21 хоног

Барих тун 50 мг/хоног байх ба 2—3 долоо хоног үргэлжилнэ. Батганы эмчилгээний үр дүнгээс хамаарч бага тунтай (50 мг/хоног), удаан хугацааны эмчилгээ 12 хүртэлх долоо хоног үргэлжилнэ.

Хачиганд хазуулсан халдвар (Лаймын өвчний  үе шат 1)

2 ширхэг шахмал

(200 мг доксициклин)

2-3 долоо хоног (хамгийн бага хугацаа нь 14 хоног)

 

Настангуудад хэрэглэх:

Өвөрмөц тунгийн зохицуулалт үгүй.

 

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хэрэглэх:

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд доксициклины тунг бууруулах шаардлагагүй.

 

Хэрэв Докси-Денк 100 бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд

Доксициклины тун хэтэрсэн тохиолдолд хордлого илэрсэн мэдээлэл байхгүй байна. Гэвч бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд элэг, бөөр, нойр булчирхай гэмтэх эрсдэлтэй. Бэлдмэлийн тунг хэтрүүлсэн бол даруй эмчид хандана уу. Эмнэлзүйн байдлаас хамаарч эмч тохирох эмчилгээг хийнэ.

 

Хэрэв Докси-Денк 100 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд

Мартсан тунгаа нөхөн зорилгоор давхарлаж хэрэглэж болохгүй.

Хэрэв та бэлдмэлийн тунг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол  эмчийн зөвлөсөн тунгаар дараагийн өдөр үргэлжлүүлэн хэрэглэнэ.

 

Хэрэв Докси-Денк 100 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох тохиолдолд

Докси-Денк 100 бэлдмэлийг эмчилгээний хугацааг дуустал нь хэрэглэх нь чухал юм. Хэдийгээр таны биеийн байдал сайжирсан ч эмчийн зөвшөөрөлгүйгээр  эмчилгээг зогсоож болохгүй. Эмчилгээг бүрэн хийгээгүй тохиолдолд халдвар дахиж болзошгүй.

Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч, эм зүйчээс лавлана уу.

 

4.    Илэрч болох гаж нөлөө

Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар энэхүү бэлдмэлийг хэрэглэхэд гаж нөлөө илэрч болзошгүй  ч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.

Дараах гаж нөлөө нь тетрациклиныг хэрэглэхэд ажиглагддаг (доксициклин нь тетрациклины бүлгийн антибиотик юм).

Хэрэв танд доорх гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандана уу. Үүнд:

·         Арьсан дээр гэнэт их хэмжээгээр тууралт гарах, цэврүү үүсэх, арьс гуужих нь халууралт ба үений үрэвсэлтэй зэрэг илрэх (Анхааруулга ба болгоомжлол, 2-р хэсгийг үзнэ үү)

·         Харшлын хүнд хэлбэрийн урвал нь гэнэт амьсгаадах, толгойн орчимоор болон  бүх бие хавагнах (хэл, залгиур хоолой хавагнах), арьсанд тууралт гарах, цусны эргэлтийн хямрал, цусны даралт буурах, ухаан алдах зэрэг шинжээр илрэх (Анхааруулга ба болгоомжлол, 2-р хэсгийг үзнэ үү)

·         Усархаг болон цустай хүнд хэлбэрийн суулгалт тасралтгүй  илрэх ба  хэвлийн өвдөлт эсвэл халууралттай хавсарч илрэх (Анхааруулга ба болгоомжлол, 2-р хэсгийг үзнэ үү)

·         Халуурах, жихүүцэх, толгой өвдөх, булчингийн өвдөлт, арьсны тууралт зэрэг шинж тэмдгээр Яриш-Герхеймерийн хам шинж нь спирохетээр үүсгэгдсэн Лаймын өвчний үед доксициклиныг хэрэглэхэд эмчилгээний эхэн үед илэрнэ.

Илэрч болох гаж нөлөө

Нийтлэг илрэх (10 хүнд 1-с олон тохиолдол илэрч болзошгүй)

·         Гэрэлд хэт мэдрэгших урвал (улайх, хавдах, цэврүүтэх)

Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)

·         Харшлын (хэт мэдрэгших) урвал (цусны даралт огцом буурах, толгой эргэх, дотор муухайрах, амьсгаадах зэрэг шинжээр ихэвчлэн илэрдэг) нь цусны жижиг судасны үрэвсэл (Шенлен-Генохын хам шинж), үнхэлцэг хальсны үрэвсэл (перикардит), харшил, арьс, салст бүрхүүлийн ялангуяа нүүр орчмын хөндүүртэй хаван (мэдрэл-судлын хаван), арьсны улайлт, тогтолцооны чонон яр, гуурсан хоолойн багтраа, ийлдсийн өвчин, шагай, хөлийн доод хэсгээр хавагнах, зүрх дэлсэх, туурах зэрэг шинжээр илэрнэ.

·         Толгой өвдөх

·         Дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, өтгөн тосорхог гарах

·         Толбот, гүвдрүүт, улаан тууралт ба хайрст тууралт гарах

 Хааяа илрэх (100 хүнд  1  хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)

·         Цус бүлэгнэлтийн эмгэгүүд

·         Ходоод гэдэсний эмгэгүүд (цээж хорсох, ходоодны салст бүрхүүл үрэвсэх), амны хөндий ба залгиур хоолойн салст бүрхүүл үрэвсэх, хоолой сөөх, хэлний өнгө харлах, шүдний өнгө эргэлтгүйгээр өөрчлөгдөх, шүдний өнгөн бүрхүүл гэмтэх,

·         8-аас доош насны хүүхэд, жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэхэд  ясны өсөлт дарангуйлагдана.

·         Шээс цустай гарах

Ховор илрэх (1000 хүнд 1хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)

·         Цусны үзүүлэлт өөрчлөгдөх (ялтас эсийн тоо огцом буурах, цусны улаан эсийн задралаас шалтгаалсан цус багадалт, цусны цагаан эсийн тоо, хэлбэр ба үйл ажиллагаа өөрчлөгдөх), тунгалагийн зангилаа хэвийн бус томрох

·         Цусны эргэлт алдагдах, амьсгаадах (анафилаксийн шок), хүнд хэлбэрийн хэт мэдрэгших урвал илрэх (DRESS хам шинж гэж нэрлэдэг)

·         Хоолны дуршил алдагдах

·         Ядарч туйлдах, тайван бус болох

·         Насанд хүрэгчдэд тархины даралт нэмэгдэх (толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хүүхэн хараа өргөсөх, хараа өөрчлөгдөх жишээ нь юм хоёрчлон харагдах зэрэг шинжээр илэрнэ), мэдрэлийн судас гэмтсэнээс хөл, гарт мэдээ алдах, өвдөх, чимчгэнэх, халуу оргих зэрэг мэдрэмж төрөх, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах эсвэл алдагдах

·         Чих шуугих

·         Нүүр халуу оргих

·         Антибиотикийн шалтгаант гүйлгэлт, бүдүүн гэдэсний үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, шархлаа, бэлэг эрхтэн, анус орчмын ( Кандида мөөгөнцөрийн халдвар хавсарсан ) үрэвсэлт өөрчлөлт (эм бэлэг эрхтний гадна хэсгийн үрэвсэл, анус орчмын загатнаа), хэвлийгээр өвдөх, гүйлгэх, залгихад хүндрэлтэй болох, хэл үрэвсэх

·         Элэгний гэмтэл, элэгний үрэвсэл, элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд буурах, нойр булчирхайн үрэвсэл

·         Зарим тохиолдолд салст бүрхүүлийг хамарсан  арьсны хүнд хэлбэрийн урвал (олон хэлбэрт эритема, арьсны гуужилтат үрэвсэл, Стивенс-Жонсоны хам шинж),эдийн ховхрол (эпидермисийн хордлогот үхжил), хумсны өнгө өөрчлөгдөх ба хумс унах

·         Булчин, үений өвдөлт

·         Цус болон шээсэн дэх азотын хэмжээ нэмэгдэх

Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)

·         Таталт өгөх

·         Түр зуурын хугацаанд ойрын хараа алдагдах

·         Бөөрний гэмтэл (завсрын эдийн үрэвсэл, бөөрний цочмог дутагдал, шээсний ялгаралт алдагдах)

Давтамж тодорхойгүй илрэх (Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй)

·         Микроскопийн шинжилгээгээр бамбайн булчирхай нь хүрэн-хар өнгөтэй болох (эмгэг шинж гэдэг нь батлагдаагүй)

·         Шүдний өнгө өөрчлөгдөх, ургалт удаашрах

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв танд энэхүү зааварт  тэмдэглэгдсэн  болон тэмдэглэгдээгүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.

Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад туслалцаа болох юм.

 

5.    Докси Денк 100 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

·         Бэлдмэлийг хүүхдээс хол байлгана уу.

·         Бэлдмэлийн хатуу цаасан хайрцаг ба савлагаан  дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй. Эмийн хүчинтэй хугацааг тухайн сарын сүүлийн өдрөөр тооцно.

·         Хүчинтэй хугацаа: 36 сар

·         250С - с доош хэмд хадгална.

·         Бэлдмэлийг бохирын хоолой руу хаяж болохгүй.Хэрэглэхгүй үлдсэн эмийг хэрхэх тухай эм зүйчээс лавлана уу. Энэ арга хэмжээ нь хүрээлэн байгаа орчноо хамгаалахад тань тусална.

 6.    Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

Докси - Денк 100 бэлдмэлийн найрлага

·         Үйлчлэгч бодис нь доксициклин хиклат.

Нэг шахмалд 115.4 мг доксициклин хиклат (100 мг доксициклинтэй тэнцэнэ) агуулагдана.

·         Бусад бодис: натрийн гликолат, эрдэнэ шишийн цардуул, устөрөгчжүүлсэн касторын тос, лактозын моногидрат, цахиурын коллоид,  магнийн стеарат, бичил талстат целлюлоз.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жороор олгодог эмийн бэлдмэл.

 

Докси - Денк 100 бэлдмэлийн дүрслэл, савлалт

Докси-Денк 100 бэлдмэл цагаан цайвар шар өнгөтэй, дугуй, гүдгэр, хуваах хэрчлээсгүй шахмал.

Докси-Денк 100 бэлдмэл нь PVC/PE/PVDC/хөнгөн цагаан блистерт савлагдана.

Нэг хайрцагт 20 ширхэг шахмал савлагдана.

 

Маркетингийн Итгэмжлэгдсэн Эзэмшигч

DENK PHARMA GmbH & Co. KG

Prinzregentenstr.79

81675 München

Germany

 

Үйлдвэрлэгч

Artesan Pharmа GmbH&Co. KG

Wendlandstr. 1

29439 Lüchow

Germany

 

Зааврыг шинэчилсэн огноо 2019 оны 2 сар. 

Vers.5216/001