Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кальцибета гель
Худалдааны нэр
Англи
Кальципотриол + Бетаметазон
Үйлдвэрлэгч
GENUONESCIENCES INC
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
0.643мкг/г+52.2мкг/г-30 гр
Эмийн хэлбэр
гель
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Зөвхөн жороор олгох эм

 

КАЛЬЦИБЕТА ГЕЛЬ

Кальципотриол / Бетаметазон

 

НАЙРЛАГА

Нэг грамм бэлдмэл бүрт

Кальципотриолын моногидрат ---------------52.2мкг (50мкг ангижруулсан кальцитриол)

Бетаметазоны дипропионат--------------------0.643 мг

ХАРАГДАХ БАЙДАЛ

Өнгөгүй эсвэл яльгүй шаргал өнгөтэй, бараг тунгалаг гель

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Хайрст үлд буюу псориаз өвчний эмчилгээнд, зөвхөн насанд хүрэгчдэд, хэсэг газарт

түрхэж хэрэглэнэ.

ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН

Кальципотриол / Бетаметазон гелийг арьсны эмгэгтэй хэсэгт өдөрт нэг удаа түрхэж хэрэглэнэ. Санал болгож буй эмчилгээний хугацаа нь хуйханд 4 долоо хоног, хуйхнаас бусад хэсэгт 8 долоо хоног байна. Хэрэв эдгээр хугацааны дараа эмчилгээг үргэлжлүүлэх эсвэл дахин эхлүүлэх шаардлагатай бол эмчилгээг эмчийн зөвшөөрлөөр, эмчийн байнгын хяналтан дор үргэлжлүүлнэ. Өдөр дутмын хамгийн их тун нь 15 г, долоо хоногийн дээд тун нь 100 г-аас хэтрэхгүй байх ёстой. Энэ эмийг хэрэглэх хэсэг нь арьсны гадаргуугийн 30% -иас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв хуйханд хэрэглэх бол эмгэгт өртсөн хэсэгт зохих хэмжээгээр түрхэнэ. Хуйханд өдөрт 1-4 гр хэрэглэхэд хангалттай. (4г нь 1 цайны халбагатай тэнцэнэ). Энэ эмийг нүүрний ба нүд орчмын арьсан дээр шууд түрхэж болохгүй. Зохих үр дүнд хүрэхийн тулд энэ эмийг түрхсэний дараа шууд шүршүүрт орох эсвэл үсээ шампунаар угаахыг хориглодог. Энэ эмийг өдөр шөнийн аль ч цагт арьсандаа түрхэж болно. Хэрэглэхийн өмнө лонхтой бэлдмэлийг сайтар сэгсрэх ба эмийг түрхсэний дараа гараа угааж байх хэрэгтэй.

ХЭРЭГЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АНХААРУУЛГА

1. Дор дурьдагдсан хүмүүст энэ эмийг хэрэглэж болохгүй.

1) Идэвхтэй үйлчлэгч бодис эсвэл туслах бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэгэнд хэт мэдрэг буюу харшилтай бол,

2) Кальцийн солилцооны эмгэг бүхий өвчтөнүүд (энэ эмэнд кальципотриол агуулагддаг тул),

3) Дусал хэлбэрийн, арьсны улайлтат (erythrodermic), арьс хуулруулагч (exfoliative) ба идээт (pustular) хэлбэрийн псориазтай өвчтөнд, хамуу ба питириаз өвчтэй бол,

4) Бөөрний эсвэл элэгний хүнд хэлбэрийн алдагдалтай өвчтөнд,

5) Нярай, ялангуяа дутуу нярай хүүхдэд,

6) Нүүр эсвэл нүдний эргэн тойронд,

7) Чихний хэнгэрэгийн цооролт бүхий, гадна чихний намарс хэлбэрийн үрэвсэлтэй бол,

8) Кортикостероид агуулсан тул дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно

(1) Бактериар үүсгэгдсэн арьсны халдварт өвчин (арьсны сүрьеэ, тэмбүү г.м), мөөгөнцөрт халдвар (кандидоз, хяргах үлд г.м), вирусын халдвар (энгийн херпес, могой үлд, салхин цэцгийн тууралт, салхин цэцгийн вакцин хийлгэсний дараа г.м), паразит халдвартай өвчтөнүүд (хамуу, питириаз буюу ягаан үлд г.м)

(2) Арьсны ил шархан дээр эсвэл салст бүрхэвч дээр

(3) Шархлаатай арьсан дээр (Бехчетийн өвчнөөс бусад), хоёрдугаар зэргийн (эсвэл түүнээс дээш) гүний түлэгдэлт, хөлдөлттэй бол

(4) Амны хөндийн дерматит, өсвөр насныхны батга, ердийн тууралт (purpura vulgaris), улаан батга (rosacea) зэрэгт,

(5) Анус орчмын болон бэлэг эрхтний орчимд загатнах өвчтэй бол

(6) Арьсны хатингаршил, хатингаршлын соривтой, арьсны венийн эмзэгшил, ихтиоз өвчтэй бол

2. Дараах өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ

1) Жирэмсэн эх (эсвэл жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд) эсвэл хөхүүл эх.

2) Ахмад настан

3) Элэгний ажиллагааны алдагдал эсвэл чихрийн шижинтэй өвчтөнүүд

3. Гаж нөлөө

1) Дараах гаж нөлөөний давтамжийг эмнэлзүйн туршилт, судалгааны үр дүн, зах зээлийн дараах тандалт, сайн дурын мэдээлэлд үндэслэн тогтоосон бөгөөд хамгийн их давтамжтай илэрсэн гаж нөлөө нь арьсны загатнаа байлаа. Бүртгэгдсэн гаж нөлөөний давтамжийг ДЭМБ-ын MedDRA-гийн зөвлөмжөөр, дараах тогтсон хэмжүүрийн дагуу хамгийн олон тохиолддог эрхтэн тогтолцооноос эхлэн бичсэн бөгөөд, тогтолцоо тус бүрийн гаж нөлөөг давтамж буурах дарааллаар нь гаргасан болно. Давтамжийн бүлэг бүрт сөрөг нөлөөг ноцтой байдлын бууралтын дарааллаар жагсаав.

Үүнд: Маш түгээмэл (≥1/10), түгээмэл (≥1/100-аас 1/10), цөөвтөр (≥1/1,000-аас 1/100), ховор (≥1/10,000-аас 1/1,000), маш ховор (1/10,000).

(1) Халдварт өртөх: ховор тохиолдолд - арьсны халдвар (бактерийн, мөөгөнцөр, вируст арьсны халдвар г.м), үсний уутны үрэвсэл (фолликулит)

(2) Дархлааны тогтолцоонд: ховор тохиолдолд -хэт мэдрэгшлийн урвал

(3) Нүдэнд: ховор тохиолдолд - нүд цочрох

(4) Арьс ба арьсан доорх эдүүдэд: түгээмэл - загатнах, цөөвтөр -псориаз сэдрэх, дерматит, арьсны улайлт, тууралт (улаан тууралт, цэврүүт тууралт г. м), батгаших, арьс хорсох, арьс цочрох, хуурайших, ховор тохиолдолд – арьсны булчирхай үрэвсэх, арьс улайж хавдах

(5) Түрхсэн хэсэг газарт: түрхсэн хэсэгт өвдөх (хорсох мэдрэмж г.м), арьсны бусад хариу үйлдэл илрэх

(6) Эмчилгээ хийлгэсэн хүүхдэд: Хуйхны псориаз өвчнөө 8 долоо хоногийн турш эмчлүүлсэн 12-17 насны 109 өсвөр насныханд ямар нэг шинэ, өвөрмөц гаж нөлөө илрээгүй. Гэсэн хэдий ч судалгааны хэмжээнээс шалтгаалан өсвөр насныханд энэ эмийн аюулгүй байдлын талаар насанд хүрэгчидтэй харьцуулсан дүгнэлт хийхэд эрт байгаа юм.

2) Бусад гаж нөлөө

1) Арьсан дээр илрэх гаж нөлөө

(1) Халдварт өртөх: Арьсан дээр (арьс, үсний уутанцарт) нянгийн болон вирусын халдвар илэрч болно. [Битүү боолт хийсэн тохиолдолд амархан илэрдэг] Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл зохих нянгийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг эмийг хамт хэрэглэж, шинж тэмдгүүд хурдан сайжрахгүй бол энэ бэлдмэлийн хэрэглээг зогсоох хэрэгтэй.

(2) Арьсны талаас илрэх гаж нөлөөнд түрхсэн хэсгийн арьсны хариу урвал, загатнаа, арьс цочрох, хатгаж өвдөх, хорсох, хуурайших, улайх, тууралт гарах, үрэвсэх, экзем, псориаз сэдрэх, гэрэл мэдрэмтгий байх, хэт мэдрэгшлийн хариу урвалууд (түүний дотор маш ховор тохиолдолд судас мэдрэлийн хаван, нүүр хавдах г.м) орно. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмийг хэрэглэхээ зогсоож, эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.

(3) Удаан хугацааны хэрэглээний дараа: Стероидоос шалтгаалсан батгашил ба арьсны эмгэг өөрчлөлтүүд (атрофодерма, телеангиэктази, пурпур), стероидын шалтгаант улаан батга (rosacea), амны эргэн тойрны эсвэл нүүрийг бүхэлд нь хамарсан улайлтат дерматит [гүвдрүүт тууралт (папуль), арьсны өнгөц судсууд өргөсөх (телеангиэктаз), арьсанд тав, хайрс тогтох], ихтиоз хэлбэрийн дерматоз, хэт үсжилт (гипертрихоз), арьс алаглаж цайх (депигментаци) г.м. шинж илэрч болзошгүй. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл хэрэглээг аажмаар бууруулж, кортикостероид агуулаагүй эм болгон өөрчил. Хэсэг газрын халдварын үед дархлаа тогтолцоо муудсанаас болж хоёрдогч халдварын илрэл нэмэгдэж болно.

2) Дотоод шүүрлийн тогтолцоонд:

Хэт удаан хугацаанд ихээр хэрэглэх, дээр нь боолт тавих тохиолдолд кортикостероидууд цусанд шимэгдэж орсны улмаас гипофиз ба бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дарангуйлах боломжтойг анхаарна уу.

3) Нүдний талаас:

Удаан хугацаагаар хэрэглэхэд нүдний дотоод даралт ихсэлт (глаукома) үүсгэж болзошгүй тул болгоомжтой байгаарай. Тодорхойгүй давтамжтайгаар хараа бүүдийх шинж илэрч болзошгүй.

4) Системийн үр нөлөө:

(1) Энэ бэлдмэлийг хэсэг газарт хэрэглэсний дараа кальципотриолын улмаас гиперкальциеми буюу цусны сийвэн дэх кальцийн хэмжээ ихсэх байдал үүсч болно.

(2) Насанд хүрэгчдэд гадуур түрхэж хэрэглэсэн кортикостероидын системийн үр нөлөө ховор тохиолдох ч хүнд явцтай эмгэг байх болно. Үүнд: Удаан хугацаагаар тасралтгүй хэрэглэх нь бөөрний дээд булчирхайн кортикал давхаргын үйл ажиллагааны ноцтой алдагдал, нүдний болор бүдэгших (катаракт), халдварт өртөх, чихрийн шижинтэй хүмүүсийн саахарын хяналт алдагдах, нүдний дотоод даралтыг нэмэгдүүлэх орно. Түрхсэн хэсэгт битүү боолт хийх эсвэл том талбайд удаан хугацаагаар хэрэглэх үед системийн нөлөө илүү их тохиолддог.

4. ЕРӨНХИЙ АНХААРУУЛГА

1) Эмийн тун, хэрэглэх аргыг зөв баримтлах.

2) Нүүр, нүд, амны хэсэг, бэлэг эрхтний арьс, салст бүрхэвч зэрэгт хүрэхээс сэргийлэх. Нүүр болон бэлэг эрхтний арьс кортикостероидуудад маш мэдрэмтгий байдаг тул эдгээр хэсэгт хэрэглэж болохгүй. Цочрол үүсгэж болзошгүй тул хэрэглэсний дараа гараа сайтар угааж байх.

3) Энэ эм нь өртсөн хэсэг болон түүний эргэн тойрон дахь арьсыг цочроосон тохиолдолд бэлдмэлийн хэрэглээг зогсоох ёстой.

4) Эмийг том талбайд удаан хугацаагаар түрхэх, ялангуяа битүү боолттой хэрэглэх нь кортикостероидуудыг ууж эсвэл тарьж хэрэглэсэнтэй адил системийн үр нөлөөг үүсгэдэг. Тиймээс онцгой тохиолдлоос бусад тохиолдолд битүүмжилсэн боолт хийх, том талбайд удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

5) Гадуур их хэмжээгээр (ялангуяа боолт тавьж) хэрэглэсэн үед кортикоидууд цусанд шимэгдсэн орсноос, зарим хүмүүсийн гипоталамус-гипофиз-бөөрний дээд булчирхайн тэнхлэгийн (hypothalamus-pituitary-adrenal axix - HPA) үйл ажиллагаа түр зуур дарангуйлагдан, Кушингийн хам шинж үүсэх, цусан дахь саахарын хэмжээ ихсэж чихрийн шижин үүсэх, яс нь сийрэгжиж, хавагнах зэрэг хүндрэлд хүргэдэг тул хэсэг газрын кортикостероид бэлдмэл их хэмжээгээр удаан хэрэглэж байгаа хүмүүсийн цусан дахь болон шээстэй хамт гадагшилж буй кортизолын хэмжээг үе үе тодорхойлж байх, эсвэл HPA тэнхлэгийн үйл ажиллагаа дарангуйлагдсан эсэхийг тогтоохын тулд ACTH-ийн өдөөлтийг шалгах сорил хийж байх ёстой.

6) Хэрэв HPA тэнхлэг дарангуйлагдсан бол эмийн хэрэглээг аажмаар зогсоох, хэрэглэх давтамжийг багасгах, эсвэл нөлөө багатай кортикостероидоор солино. Ерөнхийдөө кортикостероид эмийн хэсэг газрын хэрэглээг зогсоосны дараа HPA тэнхлэгийн үйл ажиллагаа хурдан сэргэдэг.

7) Энэ эм хэрэглэсэн ч өвчний байдал сайжрахгүй эсвэл муудвал эмийн хэрэглээг зогсоо.

8) Эмчилгээний эерэг үр дүн гарсан даруйд эмийг аль болох хурдан зогсоох хэрэгтэй.

9) Хоёрдогч халдвар илэрвэл антибиотик эмчилгээ хийх ба халдвар хүндэрсэн тохиолдолд кортикостероидын хэрэглээг зогсооно.

10) Хэсэг газрын хэрэглээний кортикостероид бэлдмэлээр псориазыг эмчлэхэд их талбайг хамарсан идээт псориаз үүсэх эрсдэлтэй бөгөөд эмчилгээг зогсоосны дараа дахин сэдрэх үр дагавар гарч болзошгүй. Тиймээс эмчилгээний дараах хугацаанд эмчийн хяналтыг үргэлжлүүлэх ёстой.

11) Арьсны хатингаршил, стероидын улайлт зэрэг хэсэг газрын гаж нөлөө илэрч болзошгүй тул нүүр, хүзүү, бэлэг эрхтний орчимд болон суга цавь, хөлийн хурууны завсар зэрэг арьсны нимгэн хэсэгт хэрэглэхдээ шинж тэмдгийн ноцтой байдлыг бүрэн анхаарч байх хэрэгтэй.

12) Хэт мэдрэмтгий арьстай хүн байвал хэрэглээг зогсоох эсвэл нарийн хяналтан дор хэрэглэх ба ажиглалтаар өвдөлт, улайлт, хаван, гөвдрүү, цэврүү гэх мэт шинж илэрвэл хэрэглээг зогсооно.

13) Удаан хугацаагаар хэрэглэхэд кортикостероидын хэсэг газрын болон системийн гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгддэг. Кортикостероидыг удаан хугацаагаар хэрэглэхтэй холбоотой гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсооно.

14) Кальципотриолын агууламжаас шалтгаалан долоо хоногийн дээд тунг (100 гр) хэтрүүлсэн тохиолдолд гиперкальциеми үүсч болно. Энэ тохиолдолд хэрэглээг зогсоовол кальци хэвийн байдалдаа хурдан ордог. Кальципотриолын хэрэглээтэй холбоотой зөвлөмжийг дагаж мөрдвөл гиперкальциемийн эрсдлийг бууруулж болно.

15) Энэ гелийг болон тосон түрхлэгийг хуйх болон биеийн псориазын үед 4 долоо хоногийн турш хэрэглэсэн 32 эмчлүүлэгчид хийсэн ACTH-ийг өдөөх шинжилгээгээр 5 хүнд кортизолын хариу урвалын хэмжээ доод хил хязгаарт хүртэл буурсан гэж мэдээлсэн.

16) Кальципотриол / Бетаметазон эмчилгээний үед эмч нар өвчтөндөө байгалийн болон зохиомол гэрлийн туяанд хэт удаан өртөхгүй байхыг зөвлөдөг. Кальципотриолыг хэсэг газарт түрхэн хэрэглэж байх үед хэт ягаан туяаны эмчилгээг зөвхөн эмчлүүлэгчид үзүүлэх боломжит үр ашиг нь болзошгүй эрсдлээс давсан гэж үзсэн тохиолдолд л хэрэглэнэ. Энэ шийдвэрийг эмч гаргах ёстой.

17) Хуйхны псориазын эсрэг гелийг биеийн псориазын эсрэг тостой (ижил идэвхтэй найрлагатай) нэгэн зэрэг хэрэглэдэг хэдий ч энэ гелийг бусад псориазын эсрэг системийн үйлдэлт болон фото эмчилгээний хамт хэрэглэдэг бүтээгдэхүүнтэй арьсны нэг хэсэгт хослуулан хэрэглэж байсан туршлага байхгүй. Энэ эмийн эмчилгээг хийж байх явцад байгалийн болон зохиомол гэрлийн нөлөөнд өртөхийг хязгаарлах буюу зайлсхийхийг эмч нар зөвлөдөг. Хэсэг газарт хэрэглэдэг кальципотриолыг хэт ягаан туяаны долгионтой хамт хэрэглэхийг зөвхөн өвчтөнд өгөх боломжит үр ашиг нь болзошгүй эрсдлээс давсан гэж эмч үзсэн тохиолдолд л хэрэглэнэ.

18) Гэмтсэн арьсны том хэсэгт, салст бүрхэвчид, арьсны нимгэн (суга цавь г.м) хэсэгт түрхэх нь кортикостероидын системийн шингээлтийг нэмэгдүүлдэг тул хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

19) Нүүр болон бэлэг эрхтэн орчмын арьс нь кортикостероидуудад маш мэдрэмтгий байдаг. Тиймээс эдгээр газруудад энэ эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.

20) Хэсэг газар хэрэглэх кортикостероид бэлдмэлээр псориазыг эмчлэхэд тархмал идээт псориаз үүсэх эрсдэлтэйгээс гадна эмчилгээг зогсоосны дараа дахин сэдрэх үр дагавар гарч болзошгүй. Тиймээс эмчилгээний дараа удаан хугацаанд эмчийн хяналтад байх ёстой.

21) Кортикостероидыг уух тарих болон хэсэг газарт түрхэж хэрэглэх үед харааны бэрхшээл тохиолдож болзошгүй. Хэрэв өвчтөнд хараа бүүдийх эсвэл харааны талаас өөр ямар нэг эмгэг шинж илэрвэл, болор бүдэгших (катаракт), глауком эсвэл төвийн хориоретинопати (CSCR) зэрэг ховор боловч мэдээлэгдэж байсан өвчний шинж байж болзошгүйг бодолцон, оношийг тодруулахын тулд нүдний эмчид хандах хэрэгтэй.

5. ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ

1) Энэ эм нь өндөр идэвхтэй кортистероид агуулдаг тул бусад кортистероидуудтай хослуулан эмчлэхээс зайлсхийх.

2) Салицилийн хүчил нь кальципотриолын нөлөөг бууруулж болзошгүй тул салицилийн хүчилтэй нэгэн зэрэг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

3) Энэ бэлдмэлийг псориазын эсрэг бусад бүтээгдэхүүн болон гэрлийн эмчилгээтэй нэгэн зэрэг хэрэглэж байгаагүй.

6. ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ЭХИЙН ХЭРЭГЛЭЭ

1) Амьтанд хийсэн туршилтаар энэ эмийг хэсэг газарт хэрэглэсэн амьтны үр төлд төрөлхийн гажиг үүсгэдэг болох нь тогтоогдсон.

2) Эх амьтанд кортикостероид хэрэглэсний дараа ургийн хордлого, гаж хөгжил (тагнайн сэтэрхий, араг ясны гажиг) илэрчээ. Нөхөн үржихүйн хордлогын судалгаанд, кортикостероидыг харханд удаан хугацаагаар уулгах үед хээл тээх хугацаа уртсах, төрөлт хүндрэлтэй удаан үргэлжлэх шинжүүд илэрч байсан. Түүгээр ч зогсохгүй амьдрах чадвартай үр зулзаганы тоо буурч, биеийн жин багатай төрөх, жин нэмэгдэх үйл явц нь удаашрах шинжүүд ажиглагдсан. Харин амьтны нөхөн үржихүйн чадварт өөрчлөлт ороогүй. Хүний хувьд хэрхэн нөлөөлдөг нь одоогоор тодорхойгүй байна.

​​3) Амьтанд хийсэн судалгаагаар: кальципортриолыг уулгаж байсан туулайн бүжингийн умдаг орчмын ба урд хөлийн сарвууны ясны ясжилт бүрэн бус байгаа нь ажиглагдсан. Кальципортриол нь хархны кальцийн солилцоонд сөрөг нөлөөлснөөр араг ясны гажиг хөгжил (жишээ нь шинэ төрсөн зулзаганы зулайн яс дутуу хөгжилтэй байх, нэмэлт хавиргатай байх зэрэг) ажиглагдсан.

4) Жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ эмийг хэрэглэсэн талаар хангалттай мэдээлэл байхгүй. Хэдийгээр амьтан дээр хийгдсэн туршилт судалгаагаар глюкокортикоидууд нөхөн үржихүйд хортой нөлөөлдөг болохыг харуулсан ч энэ бэлдмэлийг хэрэглэж байсан 300-аас доошгүй жирэмсэн эмэгтэйд хийсэн тархвар судлалын судалгаагаар глюкокортикоид хэрэглэж байсан эхээс төрсөн нярайд төрөлхийн ямар нэг гажиг илрээгүй. Гэхдээ хүний биед учирч болзошгүй эрсдэл нь бүрэн тогтоогдоогүй байгаа тул эмчилгээний үр нөлөө нь жирэмсэн эх болон урагт учруулж болох эрсдлээс давсан гэж үзсэн тохиолдолд л хэрэглэнэ.

5) Ажиглалт судалгаагаар, жирэмсэн үед хүчтэй, маш хүчтэй үйлдэлт кортикостероидыг 300 г-аас их хэмжээгээр хэсэг газарт хэрэглэсэн тохиолдолд хүүхэд бага жинтэй төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг харуулсан. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд энэ эмийг арьсны жижиг хэсэгт аль болох богино хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна.

6) Бетаметазон нь хөхний сүүнд ордог боловч эмчилгээний тунгаар хэрэглэхэд нялх хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бага байдаг. Кальципотриол хөхний сүүнд ялгардаг эсэх талаар мэдээлэл байхгүй (харин эхийн цусанд байх 1,25- дигидрокси витамин D3 (кальцитриол) ургийн цусны эргэлтэнд ордог нь нотлогдсон). Хөхөөр хооллож буй эмэгтэйчүүдэд энэ эмийг зааж өгөхдөө болгоомжтой хандах хэрэгтэй.

7) Гадуур түрхэж хэрэглэсэн кортикоид хөхний сүүнд нэвтэрч ордог эсэх нь тодорхойгүй боловч уух буюу тарьж хэрэглэсэн кортикоидууд хөхний сүүнд ордог. Хөхөөр хооллодог эмэгтэйчүүдэд калципотриол / бетаметазон гель хэрэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Хөхөөр хооллох үед өвчтөнд калципотриол / бетаметазон гель хэрэглэхгүй байхыг зааж өгөх хэрэгтэй.

8) Бетаметазон дипропионатыг их хэмжээгээр хэрэглэвэл эхийн сүүнд хангалттай хэмжээгээр нэвтрэн ордог. Тиймээс хүүхдийн эрүүл мэндэд хөхөөр хооллохын ашиг тус болон эхийн энэ эмийн хэрэгцээ шаардлага, мөн эх үр хоёрт учруулж болзошгүй сөрөг нөлөөний эрсдлийг харгалзан үзэх шаардлагатай.

7. ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ

18-аас доош насны хүүхдэд энэ гелийн үр нөлөө, аюулгүй байдал бүрэн тогтоогдоогүй бөгөөд хүүхдэд энэ эмийг хэрэглэсэн туршлага хангалтгүй байна. (Хүүхдүүдийн арьсны гадаргуугийн талбайн хэмжээ биеийн жинд нь харьцуулахад их, арьсны нэвтрүүлэх чадвар өндөр байдаг тул системийн гаж нөлөө үүсэх эрсдэл нь насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад өндөр байдаг).

8 АХМАД НАСТНЫ ХЭРЭГЛЭЭ

Ерөнхийдөө гаж нөлөө үүсэх эрсдэл нь илүү байж болох юм, ялангуяа их хэмжээгээр эсвэл удаан хугацааны туршид, мөн битүү боолттой хэрэглэвэл эрсдэл улам нэмэгдэнэ. Тиймээс болгоомжтой хандах ёстой.

9. ТУН ХЭТРҮҮЛЭЛТ

1) Зөвлөмж болгож буй тунг хэтрүүлэн хэрэглэх нь сийвэн дэх кальцийн концентрацийг ихэсгэхэд хүргэдэг ч энэ нь эмчилгээг зогсоосны дараа хурдан буурах болно. Цусан дахь кальцийн хэмжээ ихсэх үед шээс ойр ойрхон хүрэх, өтгөн хатах, бие сульдах, сэтгэл санаа хямрах, булчингийн сулрал, хэт ихэсвэл кома-д орох зэрэг гиперкальциемийн шинж тэмдэг илэрч болно.

2) Хэсэг газарт кортикостероидуудыг хэт удаан хэрэглэх үед гипофиз ба бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагддаг бөгөөд энэ нь ихэвчлэн бөөрний дээд булчирхайн эргэн сэргэх боломжтой хоёрдогч дутагдалд хүргэдэг. Ийм тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээг зааж өгдөг.

3) Архаг хордлогын үед кортикостероидын эмчилгээг аажмаар зогсооно.

10. ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

1) Нүдний эмчилгээнд хэрэглэдэггүй. Нүдэнд түрхсэн бол тэр даруй усаар угаана. Хэрэв шинж тэмдгүүд нь хүнд байвал нүдний эмчийн тусламж авах хэрэгтэй.

2) Эмчилгээнээс өөр зориулалтаар ашиглахгүй.

3) Эмчийн хяналтгүйгээр битүү боолт хэрэглэхийг зөвлөдөггүй. (Битүү боолт хэрэглэхэд бактерийн халдвар гарч болзошгүй тул түрхэхээсээ өмнө эмгэгтэй хэсгийг цэвэрлэж байх хэрэгтэй)

4) Нүүр, ам, нүд, бэлэг эрхтний орчимд хэрэглэхээс зайлсхий. Хэрэглэх бүрийн дараа гараа угааж байх ёстой.

5) Эмийн бэлдмэлийг арьсны талбайн 30% -иас хэтрэхгүй хэсэгт түрхэж хэрэглэж байх ёстой. (Хэрэв хоногийн дээд тунг (15 гр) хэтрүүлбэл гиперкальциеми үүсч болно)

6) Энэ эм нь машин жолоодох, машин жолоодох чадварт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй.

11. ХАДГАЛАЛТ, ХЭРЭГЛЭЭ

1) Хүүхдийн гар хүрэхгүй газар тавь, хараанд нь өртөхөөс сэргийл.

2) Эмийг анх нээснээс хойш 3 сарын дотор хэрэглэх ёстой.

3) Эмийг хөргөгчинд бүү хадгал

4) Бүтээгдэхүүнийг гэрлээс хамгаалахын тулд өөрийн нь цаасан хайрцагт хадгал.

12. БУСАД МЭДЭЭЛЭЛ

1) кальципотриолыг хулганад хэсэг газарт хэрэглэснээр арьсны хорт хавдар үүсгэх эсэх, харханд кальципортриолыг уулгаж хэрэглэснээр хорт хавдар үүсгэх эсэхийг туршсан. Эдгээр туршилтуудаас харахад хүний ​​хувьд онцгой аюул учруулж болох эрсдэл илрээгүй.

2) Хулганы арьсан дээр бэлдмэлийг түрхэхийн хамт фото эффект буюу хэт ягаан туяаны цацрагаар нөлөөлсөн туршилтын дүнд калципотриол нь хэт ягаан туяаны цацрагийн нөлөөг ихэсгэн, арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон.

3) Хулгана дээр түрхэж хийсэн арьсны хорт хавдар үүсгэх туршилт, хархан дээр уулгаж хийсэн хорт хавдар үүсгэх туршилтуудаар хүний ​​хувьд бетаметазон дипропионатын хэрэглээ нь хорт хавдрын онцгой эрсдэлгүй болохыг баталсан. Харин бетаметазон дипропионатыг фото эффект буюу хэт ягаан туяаны үйлчлэлтэй хамт хэрэглэвэл хорт хавдар үүсгэх эрсдэл ямар байх талаар хийгдсэн туршилт судалгаа байхгүй.

4) Туулайнд хэсэг газарт хэрэглэхэд тэсвэрлэх чадварыг судлахад энэ бэлдмэл нь туулайн арьсанд бага зэргийн болон дунд зэргийн цочрол үүсгэх ба нүдэнд түр зуурын хөнгөн цочрол үүсгэдэг.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

Өрөөний температурт (9-30°C), ус- агаар, гэрэл нэвтрүүлэхгүй саванд хадгална.

САВЛАЛТ

Нэг шилэнд 30гр хэмжээтэй савласан. Нэг шилтэй бэлдмэлийг цаасан хайрцагт хийж битүүмжилсэн.

ҮЙЛДВЭРЛЭГЧ

БНСУ Сэжун-си Жонуй-мён, Сандангил 245 (245 Sandangil, Jeonui-myeon, Sejong-si, Republic of Korea)