
Хэрэглэх заавар
1.3.1.3 Бүтээгдэхүүний талаарх (хэрэглэгчдэд зориулсан) мэдээлэл
ЭЗОМ 40 мг
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
(Эзомепразол)
Энэхүү зааварт Танд хэрэгтэй чухал мэдээлэл агуулагдаж байгаа учраас бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө зааврыг гүйцэд, анхааралтай уншина уу.
- Дахин унших шаардлага гарч магадгүй тул энэхүү зааврыг хадгалаарай.
- Хэрэв Танд ямар нэг нэмэлт асуулт байвал эмч, эм зүйч эсвэл сувилагчдаа хандана уу.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйч эсвэл сувилагчтайгаа ярилцаарай. Үүнд энэ зааварт бичигдээгүй гаж нөлөө ч багтана. Зааврын 4-р хэсгийг үзнэ үү.
Эмийн зааврын товч агуулга:
- ЭЗОМ гэж юу вэ? Түүнийг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?
- ЭЗОМ бэлдмэлийг хэрэглэхийн өмнө Та юуг мэдэх хэрэгтэй вэ?
- ЭЗОМ бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
- Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд
- ЭЗОМ бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
- Савлагаан доторх агуулагдахуун, бусад мэдээлэл
- ЭЗОМ гэж юу вэ? түүнийг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?
ЭЗОМ бэлдмэл нь Эзомепразол гэх үйлчлэгч бодис агуулна. Энэ эм нь "протоны шахуургыг хориглогч" гэж нэрлэгддэг эмийн бүлэгт багтдаг. Энэ бүлгийн эмүүд ходоодны хүчил “үйлдвэрлэгдэн” гарахыг хориглодог.
ЭЗОМ хэмээх тарилгын бэлдмэлийг, капсул хэлбэрээр ууж хэрэглэх боломжгүй байгаа тохиолдолд, дор дурьдагдсан нөхцөлд богино хугацаагаар хэрэглэдэг. Энэ бэлдмэлийг дараах байдалтай хүмүүст хэрэглэнэ:
Насанд хүрэгчдэд
- Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ). Энэ нь ходоодны хүчиллэг шүүс улаан хоолой руу сөргөж орсны улмаас цээж хорсох зовиур үүсгэж улмаар улаан хоолойн салст улайж, үрэвсэхэд хүргэдэг хам шинжийн үед;
- Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийн (СБҮЭБ) бүлэгт багтдаг эмүүд ходоодыг цочроож шархлаа үүсгэх боломжтой тул энэ бүлгийн эмийг хэрэглэж буй хүмүүст эмээс шалтгаалсан ходоод гэдэсний улайлт, шархлаа үүсэхээс сэргийлэх зорилгоор;
- Ходоод гэдэсний шархлаанаас цочмог цус алдсан өвчтөнд, эмчилгээний зорилгоор ходоод дурандах ажилбар хийсний дараахан, дахин цус алдахаас сэргийлж ЭЗОМ бэлдмэлийг судсанд тарьж хэрэглэдэг.
Хүүхэд ба насанд хүрэгчдэд (1-18 нас) хэрэглэх
Ходоод улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ). Энэ нь ходоодны хүчиллэг шүүс улаан хоолой руу сөргөж орсны улмаас цээж хорсох зовиур үүсгэж улмаар улаан хоолойн салст улайж, үрэвсэхэд хүргэдэг хам шинжийн үед хэрэглэнэ.
2. ЭЗОМ бэлдмэлийг хэрэглэхийн өмнө Та юуг мэдэх хэрэгтэй вэ?
Дараах тохиолдолд ЭЗОМ- ыг хэрэглэж болохгүй. Үүнд:
- Хэрэв Та Эзомепразолд эсвэл түүний найрлагад орсон (6-р хэсэгт бичигдсэн) аль нэг бодист харшилтай бол,
- Хэрэв та протоны шахуургыг хориглогч эмийн бүлгийн аль нэг (жишээ нь пантопразол, лансопразол, рабепразол, омепразол зэрэг) эмэнд харшилтай нь тогтоогдсон бол,
- Хэрэв та ХДХВ-ийн халдварын эмчилгээнд хэрэглэгддэг нелфинавир эмийг агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа бол,
Дээр дурьдсан нөхцөл байдал хэрэв танд байгаа бол энэ бэлдмэлийг бүү хэрэглээрэй. Хэрэв эргэлзэж байвал эм хэрэглэхийн өмнө эмч эсвэл эмзүйчтэйгээ ярилцана уу.
Анхааруулга ба болгоомжлол
Дараах тохиолдолд ЭЗОМ-ийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай:
- Хэрэв та элэгний хүнд эмгэгтэй бол.
- Хэрэв та бөөрний хүнд эмгэгтэй бол.
- Хэрэв танд ЭЗОМ эмтэй төстэй ходоодны хүчил бууруулах эм хэрэглэсний дараа арьсны ямар нэг хэлбэрийн гаж урвал тохиолдож байсан бол
- Та цусны тусгайлсан сорил (жишээ нь Хромогранин А) өгөхөөр завдаж байгаа бол.
ЭЗОМ нь зарим нэг өвчний илрэх шинж тэмдгийг бүдэгрүүлснээр оношийг оройтуулж болзошгүй. Тиймээс дор дурьдагдсан шинжүүд хэрэв илэрвэл тэр даруйд эмчлэгч эмчдээ хандаарай:
- Хэрэв та тодорхой шалтгаангүйгээр огцом турж эхэлвэл эсвэл юм залгихад ямар
нэг зовиур илэрч байвал,
- Ходоод гэдэс орчмоор өвдөж, хоолны шингэц муудвал,
- Идсэн хоолоороо эсвэл цусаар бөөлжвөл,
- Баас тань тас хар өнгөтэй (эсвэл цусны хольцтой) гарвал
ЭЗОМ шиг протоны шахуургыг хориглогч эмүүдийг удаан (нэг жилээс дээш хугацаанд) хэрэглэсний дараа гуяны, нурууны эсвэл шууны яс хугарах эрсдэл бага зэрэг нэмэгддэг. Хэрэв таны яс сийрэгшсэн эсвэл та кортикостероидын бүлгийн эм (энэ эм яс сийрэгжилтийг нэмэгдүүлдэг) хэрэглэж байгаа бол эмчдээ мэдээлээрэй.
Хэрэв таны арьсан дээр ялангуяа наранд ил гардаг хэсэгт тууралт гарсан нь ажиглагдвал эмчлэгч эмчдээ даруй хэлээрэй, учир нь Танд ЭЗОМ бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлага тулгарсан байх магадлалтай.
Мөн үе мөч өвдөх зэрэг ямар нэг гаж нөлөө илэрсэн даруйд эмчдээ хандахаа мартаж болохгүй.
Бусад эмүүд ба ЭЗОМ
Хэрэв та өөр ямар нэг эм ууж байгаа, саяхан уугаад дууссан эсвэл уухаар зэхэж байгаа бол эмч, эм зүйчдээ хэлээрэй. Эдгээр эмийн тоонд жоргүй олгогддог эмүүд ч багтана. Эдгээр эмийн үр нөлөө хамт хэрэглэсэн ЭЗОМ -ын үйлчлэл дор өөрчлөгдөж болзошгүй эсвэл эдгээр эмийн аль нэг нь ЭЗОМ эмийн үр нөлөөг өөрчлөх боломжтой.
ЭЗОМ бэлдмэлийг, ХДХВ-ийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг нелфинавир хэмээх эм агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүст хэрэглэхийг хориглодог.
Дор дурьдагдсан эмүүдийг хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчдээ эсвэл сувилагчдаа заавал хэлэх ёстой:
- Атазанавир (ХДХВ -ийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг)
- Клопидогрел (судсан дотор цус бүлэгнэхээс сэргийлэх үйлдэлтэй),
- Кетокеназол, итраконазол эсвэл вориконазол (мөөгөнцрийн халдварт хэрэглэдэг).
- Эрлотиниб (хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг).
- Циталопрам, имипрамин эсвэл кломипрамин (сэтгэл гутралыг эмчлэхэд хэрэглэдэг).
- Диазепам (сэтгэл түгшихийг намдаахын тулд эсвэл эпилепсийн уналтын үед булчин сулруулах зорилгоор хэрэглэдэг).
- Фенитоин (эпилепсийг эмчлэх эм). Хэрэв та фенитоиныг хэрэглэж байгаа бол эмч, ЭЗОМ бэлдмэлийг хэрэглэж эхлэх үед болон хэрэглээг зогсоосны дараа танд хяналтын үзлэг шинжилгээ хийх болно.
- Цус шингэлэгч эмүүд, жишээ нь варфарин. Хэрэв та энэ төрлийн эм хэрэглэж байгаа бол эмч, ЭЗОМ бэлдмэлийг хэрэглэж эхлэх үед болон хэрэглээг зогсоосны дараа танд хяналтын үзлэг шинжилгээ хийх шаардлагатай болно.
- Цилостазол (цусан хангамжийн дутмагшлаас шалтгаалан явах үед үе үе хөл өвдөх тохиолдолд хэрэглэдэг).
- Цизаприд (ходоодны ажиллагаа хямарч, цээж хорсох үед хэрэглэдэг).
- Дигоксин (зүрхний үйл ажиллагааны алдагдлын эмчилгээнд хэрэглэдэг).
- Метотрексат (хорт хавдрын эмчилгээнд өндөр тунгаар хэрэглэдэг хими эмчилгээний бэлдмэл) – хэрэв та метотрексатыг өндөр тунгаар хэрэглэж байгаа бол эмч танд ЭЗОМ бэлдмэлийг түр хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж болзошгүй.
- Такролимус (эрхтэн шилжүүлэн суулгуулсны дараа хэрэглэдэг).
- Рифампицин (сүрьеэ өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг).
- Алтан цэгцүүхэй буюу Гэгээн Жоны өвсний ханд (сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэдэг).
Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ
Хэрэв та жирэмсэн, эсвэл жирэмсэлсэн байж болзошгүй бол, эсвэл жирэмслэхээр шийдсэн бол энэ эмийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмчдээ мэдээлээрэй. Эмч танд энэ эмийг хэрэглэж болох эсэхийг шийдэх болно.
ЭЗОМ бэлдмэл нь хөхний сүүнд ялгардаг эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тиймээс хэрэв та хөхүүл бол энэ эмийг бүү хэрэглэ.
Жолоо барих, машин техниктэй харьцаж ажиллах
ЭЗОМ бэлдмэл нь таны жолоо барих, машин техниктэй харьцаж ажиллахад нөлөө бараг үзүүлэхгүй. Гэвч толгой эргэх, хараа бүрэлзэх зэрэг (4-р хэсэгт бичигдсэн) ховор тохиолддог гаж нөлөө хэрэв танд илэрч байвал дээрх ажлыг хийхээс түр зайлсхийх хэрэгтэй.
3. ЭЗОМ бэлдмэлийг танд хэрхэн хэрэглэх вэ?
ЭЗОМ бэлдмэлийг 1-18 насны хүүхэд ба өсвөр насныханд,насанд хүрэгчдэд мөн өндөр настанд хэрэглэж болно.
ЭЗОМ бэлдмэлийг тарих
Насанд хүрэгчдэд
- ЭЗОМ бэлдмэлийг ямар тунгаар, хэр хугацаанд тарихыг Таны эмч шийдэх болно.
- Ихэнх тохиолдолд 20мг эсвэл 40 мг тунгаар өдөрт 1 удаа тарьдаг.
- Хэрэв та элэгний хүнд эмгэгтэй бол танд хэрэглэж болох хамгийн өндөр тун бол хоногт 20 мг байх болно. (ХУХСӨ эмгэгийн үед).
- Энэ бэлдмэлийг венийн судсанд удаан (30 орчим минутын турш) дусаах аргаар тарьдаг.
- Ходоод гэдэснээс дахин цус алдахаас сэргийлэх зорилгоор хэрэглэх бол 80 мг тунгаар 30 минутын турш аажим тариад дараа нь 8 мг/цагийн хурдтайгаар судсанд 3 хоногийн турш тасралтгүй тарина. Хэрэв та элэгний хүнд эмгэгтэй бол судсанд 4 мг/цагийн хурдтайгаар 3 хоногийн турш тасралтгүй тарьж болно.
Хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэх
- ЭЗОМ бэлдмэлийг ямар хэмжээгээр хэрэглэхийг таны эмч шийдэх болно.
- 1-11 настай хүүхдэд хэрэглэх тун нь өдөрт нэг удаа 10 эсвэл 20 мг тунгаар тарих,
- 12-18 настай хүүхдэд хэрэглэх тун нь өдөрт нэг удаа 20 эсвэл 40 мг тунгаар тарих юм.
- Бэлдмэлийг венийн судсанд шууд болон дуслаар маш аажим (30 минутын турш) тарина.
Хэрэв танд эмийг эмчийн зааснаас илүү тунгаар тарьчихсан бол
Хэрэв танд энэ бэлдмэлийг эмчийн зааснаас илүү тунгаар тарьчихсан бол эмчтэйгээ шууд холбогдож зөвлөгөө аваарай.
4.ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨНҮҮД
Бусад бүх эмийн нэгэн адил хэрэглэсэн хүн бүрт тохиолдоод байдаггүй ч энэ эм нь гаж нөлөө үүсгэж болно.
Хэрэв танд дор дурьдагдсан гаж нөлөөний аль нэг шинж илэрвэл ЭЗОМ -ийг хэрэглэхээ зогсоож, эмнэлгийн тусламж яаралтай аваарай:
- Гэнэт амьсгаадаж, уруул, хоолой, бүх бие хавагнах ба арьсан дээр тууралт гарах, муурч унах, эсвэл юм залгихад хүндрэлтэй болох (харшлын хүнд хэлбэрийн урвал).
- Арьс улайж гөвдрүүт тууралт гарч, ихээр гуужих. Мөн уруул, нүд орчим, ам хамар, бэлэг эрхтний салст дээр хүнд хэлбэрийн цэврүүт тууралт гарч цус алдах («Стивенс-Джонсон» -ы хам шинж эсвэл «арьсны хучуур эдийн хорт үхжил» байж магадгүй тул)
- Арьс салст шарлаж, шээс өтгөрөн ихээр ядрах нь элгэнд асуудал үүсч байгаагийн дохио болдог.
Эдгээр шинж ховор (хэрэглэсэн 1000 хүн тутмын 1-д) тохиолддог.
Тохиолдож болох бусад гаж нөлөөнд:
Түгээмэл тохиолдох (хэрэглэсэн 10 хүн тутмын 1-д)
- Толгой өвдөх
- Ходоод, гэдэс хямрах: суулгах, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, гэдэс дүүрэх (метеоризм).
- Огиудас хүрэх эсвэл огиж бөөлжих.
- Тариа хийсэн хэсэгт сөрөг хариу урвал илрэх
- Ходоодны хоргүй ургацаг үүсэх.
Цөөвтөр тохиолдох (хэрэглэсэн 100 хүн тутмын 1-д)
- Хөлийн тавхай, шагай хавагнах.
- Нойр хямрах (нойргүйдэл).
- Толгой эргэх, хатгуулж өвдөх, нойрмоглох.
- Толгой эргэж тэнцвэр алдагдах.
- Хараа бүрэлзэх гэх мэт харааны хямрал.
- Ам хатах.
- Цусны шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд өөрчлөгдөх.
- Арьсан дээр тууралт, чонон хөрвөс гарах, загатнах.
- Гуя, шуу, нурууны яс хугарах эрсдэл ихсэх (хэрэв ЭЗОМ бэлдмэлийг өндөр тунгаар удаанаар хэрэглэвэл)
Ховор тохиолдох (хэрэглэсэн 1000 хүн тутмын 1-д )
- Цусны цагаан эс эсвэл ялтаст эсийн тоо цөөрөх зэрэг цусны өөрчлөлтүүд. Эдгээр нь бие сульдах, арьсан дор хөхрөлт үүсэх, халдварт өртөмхий болоход хүргэдэг.
- Цусан дахь натрийн түвшин буурах. Энэ нь бие сулрах, огиулж бөөлжих, таталт үүсэхэд хүргэдэг.
- Сэтгэцийн хэт хөөрөл, дошгирлын байдалд орох, ухаан самуурах эсвэл сэтгэл гутралд орох.
- Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх.
- Гэнэт амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй болох (бронхын агчил).
- Амны салстын үрэвсэл.
- «Ам гэмтэх» хэмээн нэрлэгддэг, мөөгөнцрөөр үүсгэгддэг хоол боловсруулах замын халдвар.
- Шарлах, арьс нь шарлаж, шээс нь бараантан ихээр сульдаж ядрахад хүргэдэг элэгний эмгэгүүд,
- Үс ихээр унаж халцрах (алопеци).
- Арьсан дээр, ялангуяа наранд ил гардаг хэсэгт тууралт гарах
- Үе мөчөөр өвдөх (артралги) булчин өвдөх (миалги).
- Ерөнхийдөө бие тавгүйрхэж, эрч хүч дутагдах
- Ихээр хөлрөх
Маш ховор тохиолдож болох гаж нөлөө (хэрэглэсэн 10000 хүний 1-д тохиолдох):
- Агранулоцитоз (мөхлөгт эсийн тоо хэт цөөрөх) бүхий цусны үзүүлэлтийн өөрчлөлт
- Сэтгэцийн хэт хямралд орж, догшин ширүүн болох.
- Хий юм харах, сонсох (галлюцинаци).
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдал ба тархины үрэвслээр илрэх элэгний хүнд эмгэг.
- Арьсан дээр гэнэт тууралт гарч цэврүүтэх ба арьс гуужих, өндөр халуурах ба үе мөч нь өвдөх. Энэ нь арьсны олон хэлбэрт улайлт, Стивенс-Джонсоны хам шинж, арьсны хучуур эдийн хорт үхжилтэй холбоотой байж болно.
- Булчингийн сулрал үүсэх
- Бөөрний үйл ажиллагаа ноцтой хямрах
- Эрэгтэй хүний хөх томрох
Давтамж тодорхойгүй (цуглуулсан өгөгдлийг үндэслэн давтамжийг тогтоох боломжгүй)
- Хэрэв та ЭЗOM бэлдмэлийг 3 сараас илүү хугацаагаар хэрэглэвэл цусан дахь магнийн түвшин буурч магадгүй. Магнийн түвшин буурахад бие сульдах, булчин өөрийн мэдэлгүй таталдах, орон зайн баримжаа алдагдах, унаж татах, толгой эргэх ба зүрхний цохилт олшрох шинж илэрч болох юм. Хэрэв эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй. Магнийн түвшин буурснаар цусанд кали ба кальцийн түвшин буурахад хүргэж болно. Таны магнийн түвшинг хянахын тулд эмч цусны шинжилгээг тогтмол хийх шийдвэр гаргаж болох юм.
- Суулгалт бүхий гэдэсний үрэвсэл.
- Үений өвдөлттэй хавсарсан арьсны тууралт.
Маш ховор тохиолдолд ЭЗOM цагаан эсэд нөлөөлснөөр дархлаа сулрахад /иммунодефицит/ хүргэдэг. Хэрэв таны биеийн байдал огцом муудаж халуурах, хоолой ам, хүзүүгээр өвдөж халуурах, эсвэл шээсний гаралт саатах зэрэг хэсэг газрын халдварын шинж илэрвэл эмчдээ яаралтай хандаж цусны шинжилгээ хийлгэн цагаан эсийн дутагдал /агранулоцитоз/ илэрсэн эсэхийг шалгуулаарай. Энэ нь таны хэрэглэж байгаа эмийн талаар мэдээлэл цуглуулахад тус болно.
5. БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?
- ЭЗОМ эмийг зөв хадгалах, зөв хэрэглэх ба зөв хаяж устгах ажлыг эмч ба эмнэлгийн эм зүйч нар хариуцна.
- Хайрцаг/үүрэн сав/шошго дээр “EXP” гэдэг тэмдэглэгээний ард бичигдсэн хадгалалтын хүчинтэй хугацаа нь дууссан байвал энэ эмийг бүү хэрэглээрэй. Хадгалалтын хүчинтэй хугацаа нь заагдсан сарын сүүлийн өдрөөр тасалбар болдог.
- Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгал.
- Бэлдмэлийг 25°С-аас доош температурт, өөрийн нь саванд нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалж хадгал.
- Флаконтой бэлдмэлийг задалж онгойлгосны дараа 25°С температурт 24 цагийн турш чанараа алдахгүй.
- Эмийг 0,9%-ийн натрийн хлоридын 5 мл ба 100 мл уусмалд уусган бэлдсэний дараа 25°С температурт 12 цагийн турш чанараа алдахгүй.
- Гэвч микробиологийн үүднээс уусмал болгон бэлтгэнгүүт шууд тарьж хэрэглэх ёстой.
6. САВЛАГААН ДОТОРХ АГУУЛАГДАХУУН, БУСАД МЭДЭЭЛЭЛ
ЭЗОМ бэлдмэлд юу агуулагддаг вэ?
Идэвхтэй үйлчлэгч бодис – Эзомепразол. Бортгон сав (флакон) бүрт уусмал болгон бэлтгээд судсанд тарих зориулалттай, 40 мг эзомепразолтой тэнцэх 42,55 мг эзомепразолын натрийн нунтаг.
Бусад бүрэлдэхүүн хэсгүүд: динатрийн эдетат ба натрийн гидроксид (pH-г тохируулах зориулалтаар). Флаконтой 30 мг бэлдмэл бүрт натри 1 ммоль (23 мг)-оос бага хэмжээтэй байх тул натри бараг байхгүй гэж тооцож болно
ЭЗОМ бэлдмэлийн харагдах байдал ба баглаа боодлын агууламж
ЭЗОМ бэлдмэл нь цайвар цагаан өнгөтэй, хөөлгөсөн мэт хөвсгөр нунтаг. Энэ нунтгийг хэрэглэхийн өмнө уусгаж уусмал болгон бэлтгэдэг.
Савлалтын хэмжээ: 1 флакон
Флакон: 10 мл багтаамжтай, өнгөгүй тунгалаг (I ангиллын шилээр хийсэн) шилэн савыг саарал өнгийн бромбутилон резин бөглөөгөөр бөглөж, хөнгөн цагаан ба нийлэг эдээр хийгдсэн таглаагаар давхар тагласан.
Бэлдмэлийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.
Маркетингийн эрхийг эзэмшигч:
НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ Ве TИДЖАРЕТ A.Ш.
Сарай Махаллези Д-р Аднан Бююкдениз Кад.
№: 14 Умрание 34768, Стамбул хот / Турк улс
Утас : +90 (216) 633 60 00
Факс: +90 (216) 633 60 01
Үйлдвэрлэгч:
НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ ВЕ ТИДЖАРЕТ А.Ш.
Санкаклар Мах., Эски Aксакоса Кад. No: 299 81100 / Дудзе / Tурк улс
Утас : +90 (380) 526 30 60
Факс: +90 (380) 526 30 43
Зааврыг дахин хянасан огноо: 2021 оны 3 сар.