Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Метронидазол
Худалдааны нэр
Англи
Метронидазол
Үйлдвэрлэгч
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
500мг-100мл
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмийн хэрэглэх заавар

Метронидазол-100 мл

тарилгын шингэн

Эмийн худалдааны нэр: Метронидазол

Олон улсын нэр: Метронидазол

Эмийн найрлага: Метронидазол, натрийн хлорид, натрийн эдетат, тарилгын нэрмэл ус

Гадна байдал: Өнгөгүй буюу үл мэдэг шаргал туяатай тунгалаг шингэн

АТС: G01FA01

Жирэмсний категор: B

Фармакологийн бүлэг: Нянгийн эсрэг нөлөөт нитроимидазолын уламжлалын бэлдмэл

Фармакологийн үйлдэл:

Метронидазол нь хэвийн орчин бүхий нөхцөлд ионжоогүй хэлбэрээр агааргүйтэн нянгийн эсэд нэвтэрч ДНХ-тэй харилцан үйлчлэлцэн нуклейн хүчлийн нийлэгжилтийг саатуулан нянгийн эсийг үхүүлдэг. Bacteroides fragilis, bacteroides distasonis, bacteroides ovatus, bacteroides thetaiotaomicron, bacteroides vulgatus, clostridium spp, fusobacterium, giardia lamblia, peptococcus niger, peptostreptococcus spp, trichomonas vaginalis, entamoeba histolytica, viellonella зэрэг агааргүйтэн нянгуудад нөлөө үзүүлнэ.

Фармакокинетик:

Судсаар тарьж хэрэглэхэд 20 минутын дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Үргэлжлэх хугацаа 6-8 цаг. Цус тархины ба ихэсийн хоригийг сайн нэвтэрч тархи-нугасны шингэн, цөс, шүлс, ургийн усанд амархан нэвтэрдэг. 30-60% нь метаболит хэлбэрээр шээсээр, зарим хэсэг нь өтгөнтэй хамт гадагшилна.

Хэрэглэх заалт:

Трихомонадын вагинит ба уретрит, трихомониаз, лямблиоз, амёбын цусан суулга, метронидазолд мэдрэг анаэроб нянгаар үүсгэгдсэн өвчнүүдийн үед, менингит, тархины буглаа, бактерийн эндокардит, уушигны үрэвсэл, уушигны буглаа, сепсис, бага аарцгийн хөндийн идээт үрэвсэл, гастрит, 12 хуруу гэдэсний халдварт үрэвсэлүүдийн үед тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга ба тун:

Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ.

Насанд хүрэгсдэд болон 12-оос дээш насны хүүхдэд: Нэг удаагийн тун 500 мг ба 5 мл/мин хурдтайгаар дуслаар 8 цагийн зайтай тарьж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4 г-аас ихгүй байна.

Хүүхдэд: 7.5 мг/кг биеийн жингээр бодож өдөрт 3 удаа 5 мл/мин хурдтайгаар дуслаар тарьж хэрэглэнэ.

Хориглох заалт:

Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн хэрэглэхийг хориглоно. Лейкопени, ТМС-ийн хүнд эмгэг, элэгний дутагдалтай өвчтөнүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.

Болгоомжлол:

Нүдний торлог болон харааны талбайн өөрчлөлттэй, элэгний эмгэгтэй, архичин хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Анхааруулга:

Бэлдмэлийг хэрэглэж байх үед шээсний өнгө өөрчлөгдөнө. Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. Трихомонадын вагинит, уретритын эмчилгээний үед бэлгийн харьцаанд орж болохгүй.

Гаж нөлөө:

Таталт, невропати, атакси, толгой эргэх, нойр өөрчлөгдөх, сэтгэцийн эмгэгшилийн шинжүүд илрэх, огих, бөөлжих, хоолны дуршил буурах, суулгах, аманд зэв амтагдах, толгой өвдөх, арьсанд тууралт гарах, загатнах, дисбактериоз, лейкопени, цистит, дизури, полиури, үтрээний кандидоз үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болно.  

Тун хэтэрсэн үед:

Дотор муухайрах, бөөлжих, атакси, невропати, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Эмийн харилцан нөлөөлөл:

Сульфаниламидуудтай хамт хэрэглэвэл микробын эсрэг нөлөөг бууруулдаг. Циметидин метаболизмын процессыг хурдасгаж улмаар цусан дахь концентрацыг ихэсгэж, гаж нөлөө үзүүлдэг. Эмийн бэлдмэл хэрэглэж буй үед согтууруулах ундаа хамт хэрэглэвэл дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх зэрэг сөрөг урвал илэрдэг.

Хадгалах нөхцөл:

250С-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж болохгүй!

Олгох нөхцөл:

Жороор олгоно. Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ.

Савлалт:

PVC, non-PVC уутанд 100 мл-ээр савлагдсан тарилгын шингэн.

Хүчинтэй хугацаа: 3 жил

Үйлдвэрлэгч:

“АЙВИКО” Тарилгын эмийн үйлдвэр

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Эв нэгдлийн гудамж,

Утас: +976-77115735, + 976-77115730

Факс: +976-11-345734­

Вэб: www.ivco.mn

Имайл:  www.info@ivco.mn