Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Флавамед
Худалдааны нэр
Англи
Амброксол
Үйлдвэрлэгч
Berlin Chemie AG /Menarini Group/
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
30мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Савлагаан доторх эм хэрэглэх заавар: өвчтөнд зориулсан мэдээлэл

 

Флавамед 30мг шахмал

 

Амброксолын гидрохлорид

 

Энэхүү бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг бүхэлд нь анхааралтай уншаарай. Учир нь тэрээр таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулдаг.

Уг бэлдмэлийг энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ.

  • Уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Таньд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв таньд нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө хэрэгтэй болвол эм зүйчээс асууна.
  • Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө орно. 4 хэсгийг үз.
  • Хэрэв 4-5 өдөр хэрэглэсний дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

 

Уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт юу агуулагддаг вэ?

  1. Флавамед гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Флавамедыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
  3. Флавамедыг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. Флавамедыг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл

 

  1. Флавамед гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Флавамед нь амьсгалын замын өвчний үед хэрэглэдэг цэр шингэлдэг бэлдмэл.

Флавамедыг насанд хүрэгсэд, 6-с дээш насны хүүхэд ба өсвөр насныханд хэрэглэнэ.

Флавамедыг ховхроход бэрхшээлтэй цэр салс үүссэн уушги ба гуурсан хоолойн цочмог эсвэл архаг өвчний үед хэрэглэнэ.

Флавамедын тусламжтайгаар ховхроход бэрхшээлтэй цэр салс нь илүү шингэн болох бөгөөд ханиалгаар  гадагшлах нь илүү хялбар болдог.

 

  1. Флавамедыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?

Флавамедыг дараах тохиолдолд хэрэглэхгүй.

  • Хэрэв та амброксолын гидрохлорид эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсгийг үз) харшилтай бол
  • 6-с доош насны хүүхэд

 

Анхааруулга болгоомжлол

Дараах тохиолдолд Флавамед бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчтэй ярилцана.

Хэрэв таньд өмнө нь арьсны маш хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал (Стивенс-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж) илэрч байсан бол

  • Стивенс-Джонсоны хам шинж нь өндөр халуурах, арьс ба салст бүрхүүлд цэврүүт тууралт гарах шинжээр илэрдэг өвчин юм.
  • Амь насанд аюултай Лайеллын хам шинж нь түлэгдсэн арьсны хам шинж гэж нэрлэгддэг. Уг эмгэгийн шинж нь түлэгдэлтэй төстэй арьсны хүнд хэлбэрийн цэврүү үүсэх юм.

Амброксолыг хэрэглэсэнтэй холбоотойгоор арьсны хүнд хэлбэрийн урвал илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг.

Хэрэв таньд арьсны тууралт (ам, хоолой, хамар, нүд, бэлэг эрхтний салст бүрхүүлийн гэмтлийг оруулаад) илэрвэл Флавамедыг хэрэглэхээ зогсоож яаралтай эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.

  • Хэрэв та бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй эсвэл элэгний хүнд явцтай эмгэгтэй бол. Энэ тохиолдолд та Флавамедыг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй (өөрөөр хэлбэл эм хэрэглэх хоорондын зай их байх эсвэл багасгасан тунгаар-энэ талаар эмчлэгч эмчээс асууна). Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлтийн үед Флавамедын үйлчлэгч бодисын задралын бүтээгдэхүүн хуримтлагдаж болно.
  • Хэрэв та салсын үүсэлт ихэссэн гуурсан хоолойн ховор тохиолддог өвчнөөр (жишээ нь хөдөлгөөнгүй сормослогийн хам шинж) шаналж байгаа бол. Энэ үед салс уушгинаас гадагшлах боломжгүй байдаг. Энэ тохиолдолд Флавамедыг зөвхөн эмчийн нарийн хяналтан дор хэрэглэнэ.
  • Хэрэв та идэгдмэл шархлаа өвчний өгүүлэмжтэй бол Флавамедыг хэрхэн хэрэглэх талаар эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь цэр шингэлэх эмүүд нь ходоодны салст бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг өөрчилж болно. Флавамедыг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчээсээ асууна.

 

Хүүхэд

Флавамедыг зөвхөн 6-с дээш насны хүүхдэд хэрэглэж болно.

 

Флавамед ба бусад эмийн бэлдмэл

Бусад эмийн бэлдмэлтэй эмнэл зүйн хувьд тааламжгүй харилцан үйлчлэл мэдээлэгдээгүй.

 

Жирэмсэн ба хөхүүл үе

Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл, жирэмсэн гэж бодож байгаа эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууж зөвлөгөө авна.

Флавамедыг жирэмсэн болон хөхүүл үед зөвхөн эмчийн шууд заавраар хэрэглэнэ! Ялангуяа жирэмсний эхний 3 сарын хугацаанд флавамедыг хэрэглэж болохгүй.

Флавамедын үйлчлэгч бодис нь хөхний сүүнд нэвтэрдэг болох нь тогтоогдсон. Флавамедыг хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.

Амьтанд хийсэн судалгаагаар  амброксол нь нөхөн үржих чадварт хортой нөлөө үзүүлээгүй байна.

 

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөг талаар мэдээлэл байдаггүй. Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх үйлдлийн судалгаа хийгдээгүй.

 

Флавамед лактоз (сүүний сахар) агуулдаг.

Хэрэв таньд эмчлэгч эмч зарим төрлийн сахар зохидоггүй гэж хэлж байсан бол уг эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.

 

Флавамед ханиалга намдаах шахмал нь натри агуулдаг.

Уг эмийн бэлдмэл  нь 1 ммоль-с (23мг) бага натри агуулдаг. Өөрөөр хэлбэл “натри агуулаагүй” гэсэн үг юм.

 

3. Флавамедыг хэрхэн хэрэглэх вэ?

Энэхүү бэлдмэлийг үргэлж уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж шалгана.

Хэрэв эмчлэгч эмч Флавамедын хэрэглээг таньд өөрөөр зөвлөөгүй бол доорх зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэглэхэд зориулсан энэхүү эм хэрэглэх зааврыг баримтлаарай. Эсрэг тохиолдолд Флавамед нь зохих ёсны үр нөлөө үзүүлэхгүй.

 

Зөвлөж буй тун:

Нас

1 удаагийн тун

Хоногийн дээд тун

6-12 насны хүүхэд

½ шахмалаар хоногт 2-3 удаа (15мг амброксолын гидрохлоридыг 2-3 удаа)

 

1½  шахмал

(45мг амброксолын гидрохлорид)

12-с дээш насны өсвөр үеийнхэн  ба насанд хүрэгсэд

Эхний 2-3 өдөр 1 шахмалаар хоногт 3 удаа (30мг амброксолын гидрохлоридыг 3 удаа), дараа нь 1 шахмалаар хоногт 2 удаа (30мг амброксолын гидрохлоридыг 2 удаа)

3 шахмал

(90мг амброксолын гидрохлорид)

 

Тэмдэглэл:

Насанд хүрэгсдэд хоногийн тунг 2 шахмалаар хоногт 2 удаа хэрэглэх хүртэл ихэсгэж болно.

 

Хэрэглэх арга

Ууж хэрэглэхэд зориулагдсан.

Флавамедыг хангалттай хэмжээний шингэнээр (ус, цай эсвэл жимсний шүүс) даруулж хоолны дараа залгиж уух нь тохиромжтой.

Шахмалыг адил тунтай  тэнцүү хэсэгт хувааж болно.

 

Хэрэглэх хугацаа

Флавамедыг эмчийн зөвлөгөөгүйгээр 4-5 хоногоос удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.

Хэрэв 4-5 өдөр хэрэглэсний дараа таны зовиур сайжрахгүй эсвэл дордвол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

 

Хэрэв Флавамедын үйлдэл таньд хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж ярилцаарай.

 

Хэрэв та Флавамедыг таньд зөвлөснөөс их хэмжээгээр хэрэглэсэн бол

Одоог хүртэл хүнд тун хэтрэлтийн өвөрмөц шинж илэрсэн талаар мэдээлэгдээгүй.

Бэлдмэлийг санамсаргүй тун хэтрүүлэн хэрэглэх эсвэл хэрэглэхдээ алдаа гаргасан үед ажиглагддаг шинж тэмдэг нь амброксолын гидрохлоридыг зөвлөсөн тунгаар хэрэглэх үед илэрч болох гаж нөлөөтэй тохирдог ба шинж тэмдгийн эмчилгээ шаардагдаж болно. Эмчдээ хандана.

 

Хэрэв та Флавамедыг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол

эсвэл хэт бага тунгаар хэрэглэсэн бол бэлдмэлийг дараагийн тунг хэрэглэх цагт нь заасан тунгаар хэрэглэнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

 

Хэрэв уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууна.

 

4. Илэрч болох гаж нөлөө

Уг бэлдмэлийг хэрэглэх үед бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт  илэрдэггүй.

 

Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Дотор муухайрах

Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Ходоод өвдөх, бөөлжих, суулгах, хэвлийн өвдөлт, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах

Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Хэт мэдрэгшлийн урвал
  • Тууралт, чонон хөрвөс

 

Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамжийг тодорхойлох боломжгүй)

  • Анафилаксын урвал, анафилаксын шок, судасны хаванг (арьс, арьсан доорх эд, салст бүрхүүл, салст бүрхүүлийн доорх эдэд хаван түргэн үүсдэг) оруулаад, загатнаа
  • Арьсны хүнд хэлбэрийн гаж урвал (олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж/эпидермийн хордлогот үхжил ба цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн пустулез зэргийг оруулаад)

 

Авах арга хэмжээ

Хэрэв таньд дээр дурьдсан гаж нөлөөнөөс нэг нь эсвэл хэд хэд нь илэрвэл Флавамедын эмчилгээг нэн даруй зогсооно.

 

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандаж ярилцах хэрэгтэй. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна. Та түүнчлэн гаж нөлөөг үндэсний мэдээллийн системээр шууд мэдээлж болно. Гаж нөлөөг мэдээлснээр  уг эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээллээр хангахад тусална.

 

5. Флавамедыг яаж хадгалах вэ?

Уг бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

Блистер болон эвхмэл цаасан хайрцаг дээр заасан “хүчинтэй хугацаа”-ны ард бичсэн хадгалах хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.

25°С-аас дээш хэмд хадгалж болохгүй.

Эмийн бэлдмэлийг бохирын ус болон ахуйн хогонд хаяж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй болсон эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асууна. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.

 

6. Савлалтын агууламж ба нэмэлт мэдээлэл

 

Флавамед бэлдмэлийн найрлага

Үйлчлэгч бодис нь амброксолын гидрохлорид.

1 шахмал 30мг амброксолын гидрохлорид агуулдаг.

Бусад туслах бодис: лактозын моногидрат, эрдэнэшишийн цардуул, нунтаг целлюлоз, кроскармеллоз натри, повидон К 30, магнийн стеарат.

 

Флавамедын гадаад дүрслэл ба савлалтын агууламж

Нэг талдаа хэрчлээстэй, налуу ирмэгтэй, 2 тал нь хавтгай, дугуй хэлбэртэй цагаан өнгийн шахмал.

Флавамедын савлалтанд 10, 20 ба 50 шахмал хийж гаргана.

Бүх савлалт нь худалдаанд гараагүй байж болно.

 

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч ба Үйлдвэрлэгч

Берлин-Хеми АГ (Менарини Групп)

Глиеникер Вег 125

12489 Берлин, Герман

 

Уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хамгийн сүүлд 12/2020-д хянасан.