
Хэрэглэх заавар
ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
ФИКСЕФ 400 mg
Хальсан бүрээстэй шахмал
Ууж хэрэглэнэ.
Идэвхитэй үйлчлэгч бодис: хальсан бүрээстэй шахмал бүр 447.67 мг цефиксим тригидрат агуулдаг ба 400 мг цефиксимтэй тэнцэнэ.
Туслах бодис: бичил талст целлюлез, желатинжуулсан цардуул, кальцийн фосфатын хоёр суурьт дегидрат, магнийн стеарат, цагаан Опадри OY-D-7233 (гипромеллоз, титаны давхар исэл, полиэтилен гликол/макрогол, натрийн лаурил сульфат)
Энэхүү заавар нь чухал мэдээлэл агуулсан байдаг тул энэ эмийг хэрэглэж эхлэхийн өмнө сайтар уншаад хадгална уу.
- Энэ зааврын хадгалаарай. Дахин унших хэрэг болж магадгүй.
- Хэрэв танд нэмэлт асуулт байгаа бол эмч болон эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
- Энэ эмийг эмч зөвхөн танд бичиж өгсөн. Тийм учраас хэдийгээр ижил
шинж тэмдэг илэрч байсан ч тэр хүнд тохирохгүй учраас эмийг бусдад шилжүүлж болохгүй.
- Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрч байвал эмч болон эм зүйчид
хандаарай. Үүнд энэ зааварт тусгагдаагүй гаж нөлөө ч орж болно.
- Энэхүү зааварт бичсэний дагуу хэрэглэнэ, танд бичиж өгснөөс их эсвэл бага тунгаар хэрэглэж болохгүй.
Зааврын агуулга:
- ФИКСЕФ гэж юу вэ? ямар үед хэрэглэх вэ?
- ФИКСЕФ-ийг хэрэглэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?
- ФИКСЕФ-ийг хэрхэн хэрэглэх вэ?
- Илэрч болзошгүй гаж нөлөө
- ФИКСЕФ-ийг хэрхэн хадгалах вэ?
1. ФИКСЕФ ГЭЖ ЮУ ВЭ? ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ?
ФИКСЕФ-ийн найрлага дахь идэвхитэй үйлчлэгч бодис нь цефиксим юм. Энэ нь цефалоспорины бүлгийн антибиотикт хамаарна.
ФИКСЕФ-ийг зарим халдварын эмчилгээнд ашиглана. Дараах халдваруудын үед хэрэглэнэ:
- Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Moraxella catarrhalis зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн байх сэжиг бүхий цочмог отит (гэнэт илрэх дунд чихний цочмог үрэвсэл)
- Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Moraxella catarrhalis зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн байх сэжиг бүхий цочмог синусит (хамрын дайвар хөндийн үрэвсэл)
- Пенициллинд мэдрэг Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae, Moraxella catarrhalis зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн байх сэжиг бүхий амьсгалын доод замын гуурсан хоолойн цочмог үрэвсэл (уушгинд агаар хүргэж өгдөг гуурсан хоолойн үрэвсэл)
- Цочмог тонзиллофарингит (гүйлсэн булчирхай, залгиурын цочмог үрэвсэл) эсвэл фарингит (төвөнхийн үрэвсэл): Streptococcus pyogenes-ээр үүсгэгдсэн тохиолдолд л зөвхөн нянгийн эсрэг эмчилгээ хийнэ.
- Streptococcus pneumoniae, Haemophilus influenzae зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн байх сэжиг бүхий архаг бронхитын цочмог сэдрэл (гуурсан хоолойн үрэвсэл)
- Шээс дамжуулах замын хүндрээгүй халдвар (давсаг болон шээс дамжуулах замын доод хэсгийн үрэвсэл)
- Хүндрээгүй заг хүйтэн (бэлгийн замаар дамжих халдвар)
ФИКСЕФ-ийн дүрслэл ба хайрцагт агуулагдах зүйлс
Нэг хайрцаг бүрт 5 эсвэл 10 ширхэг цагаан, нэг төрлийн, хальсан бүрээстэй, нэг гадаргуу дээрээ хуваах хэрчдэс бүхий (шахмалыг тэнцүү хоёр хэсэгт хуваах зориулалттай) шахмал агуулагдана.
2. ФИКСЕФ-ийг ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЮУ МЭДВЭЛ ЗОХИХ ВЭ?
ДАРААХ ТОХИОЛДОЛД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ:
- Хэрэв та цефиксим болон ФИКСЕФ-ийн найрлага дахь аль нэг нэгдэлд харшилтай (хэт мэдрэг) бол хэрэглэхийг хориглоно. Харшлын шинж тэмдэгт: улайлт, үений өвдөлт, амьсгалах эсвэл залгихад хүндрэлтэй байх, нүүр, уруул, хоолой, хэл хавагнах.
ДАРААХ ТОХИОЛДОЛД ФИКСЕФИЙГ БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭНЭ:
- Хэрэв та өмнө нь колитоор өвдөж байсан бол (бүдүүн гэдэсний үрэвсэл)
- Хэрэв та бөөрний дутагдалтай бол.
Хэрэв дунд чихний цочмог үрэвслээр өвдсөн бол суспензийг шахмалаар орлуулж болохгүй, учир нь суспенз хэлбэрийн эмийн шимэгдэлт илүү өндөр байдаг.
Хэрэв эдгээр сэрэмжлүүлэг сүүлийн үед танд чухал хамаатай хэвээр байгаа бол эмчид хандаж зөвлөгөө авна уу.
ФИКСЕФ-ийн хоолтой болон хоолгүй хэрэглэх нь
ФИКСЕФ-ийг хоолтой эсвэл хоолны дараа хэрэглэнэ.
Жирэмсэн үеийн хэрэглээ
Энэ эмийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү.
Хэрэв та эмчилгээний явцад жирэмсэн болсноо мэдсэн бол яаралтай эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Хөхүүл үеийн хэрэглээ
Энэ эмийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авна уу.
ФИКСЕФ эхийн хөхний сүүнд тодорхойлогдоогүй, гэхдээ эмнэлзүйн туршилт судалгааны хангалттай үр дүн байхгүй байгаа үед ФИКСЕФ-ийг хөхүүл үед хэрэглэх эсэхийг ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй.
Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нь
Цефиксим авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар мэдээлэл байхгүй байна. Гэхдээ суурь эмгэг болон цефаксимийн зарим гаж нөлөө (жишээ нь ходоод гэдэсний) авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөө үзүүлж болно.
ФИКСЕФ эмийн бэлдмэлийн найрлага дахь зарим нэгдлийн тухай чухал мэдээлэл
ФИКСЕФ болгоомжтой хандахуйц нэмэлт, туслах бодис агуулаагүй.
Бусад эмийн бэлдмэлийг хэрэглэх нь
Хэрэв дараах эмийн бэлдмэлүүдийг хэрэглэж байгаа бол эмчдээ хэлээрэй:
- Карбамазепин (эпилепситэй өвчтөнд хэрэглэдэг), ФИКСЕФ энэ эмийн цусны сийвэнгийн концентрацийг нэмэгдүүлдэг.
- Пробенецид (архаг тулайн үед хэрэглэдэг), ФИКСЕФ энэ эмийн цусны сийвэнгийн концентрацийг нэмэгдүүлдэг.
- Варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг эм (бүлэн үүсэлтийг бууруулдаг)
Хэрэв та жортой болон жоргүй олгодог ямар нэг эм хэрэглэж байгаа эсвэл саявтархан хэрэглэсэн бол эмч эсвэл эм зүйчдээ заавал мэдэгдэх хэрэгтэй.
3. ФИКСЕФ-ийг ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?
Зөв хэрэглэх заавар, тун/хэрэглэх давтамж:
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдийн тун:
ФИКСЕФ-ийг өдөрт 1 шахмалаар (400мг) ууна. Шаардлагатай бол хоногийн нийт тунг 2 тэнцүү хэсэгт хувааж ууна. ФИКСЕФ-ийг хоосон эсвэл хоолтой үед ууж болно.
Хүндрээгүй заг хүйтний (бэлгийн замаар дамждаг өвчин) эмчилгээнд ФИКСЕФ-ийг нэг удаагийн 400мг тунгаар хэрэглэж болно.
Стрептококкийн тонзиллофарингитийн (тонзиллит эсвэл фарингит) эмчилгээнд ФИКСЕФ-ийг 10 хоног хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд зөвлөмжит тун болон эм зүйн хувьд насанд хүрсэгсдэд зориулсан тугнасан эмийн хэлбэрийг хэрэглэх нь тохиромжтой. Уудаг суспенз болон саше хэлбэр нь хатуу зүйл залгихад хүндрэлтэй өвчтөнд зориулагдсан байдаг.
Хэрэглэх арга ба тун
ФИКСЕФ-ийг ууж хэрэглэнэ.
Өөр өөр насны бүлгүүдийн хэрэглээ
Хүүхдэд хэрэглэх нь
6 хүртэл сартай хүүхдэд цефиксимийн аюулгүй байдал болон үйлдлийн идэвхи бүрэн тогтоогдоогүй.
Ахмад настанд хэрэглэх нь
Тусгай сэрэмжлүүлэг байхгүй. Залуу хүмүүст хэрэглэх ижил зөвлөмжит тунгаар хэрэглэнэ.
Тусгай нөхцөлд хэрэглэх нь
Бөөрний дутагдал
Бөөрний оношлогдсон дутагдалтай хүмүүст тунг бууруулах шаардлагатай.
Таны өвчний явц, хүндийн зэргээс хамаарч танд тохирох эмийн тунг эмч тогтооно.
Элэгний дутагдал
Тунг зохицуулах шаардлагагүй.
Хэрэв ФИКСЕФ-ийн эмийн үйлдэл хэтэрхий хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмч болон эм зүйчид хандаарай.
Хэрэглэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд
Хэрэв та ФИКСЕФ-ийг хэрэглэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн бол эмч болон эм зүйчид хандаарай.
ФИКСЕФ эмийн бэлдмэлээ уухаа мартсан бол
Мартсан тунг нөхөх зорилгоор тунг давхарлан ууж болохгүй.
Хэрэв ФИКСЕФ-ийн тунгаа уухаа мартсан бол дараагийн тунг түүний уух ёстой тогтсон цагт тогтсон тунгаараа хэрэглэнэ. Энэ эмийн бэлдмэлийг хэрэглэх талаар ямар нэг асуудал гарвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай.
ФИКСЕФ эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоох бол
ФИКСЕФ эмчилгээний дараа сөрөг нөлөө ажиглагдахгүй гэж үздэг.
4. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар ФИКСЕФ эмийн найрлага дахь нэгдлүүд нь өвчтөнд гаж нөлөө үзүүлж болзошгүй.
Гаж нөлөөг дараах байдлаар ангилна:
Маш элбэг : 10 өвчтөнөөс багадаа 1-т нь илэрнэ
Элбэг : 100 өвчтөнөөс 1-10-т нь илэрнэ
Хаяа : 1000 өвчтөнөөс 1-10-т нь илэрнэ
Ховор : 10000 өвчтөнөөс 1-10-т нь илэрнэ
Маш ховор : 10000 өвчтөнөөс 1 хүртэлд нь илэрнэ
Тодорхойгүй : байгаа мэдээлэлд суурилан давтамж тодорхойлох боломжгүй.
Хэрэв дараах шинэ тэмдгээс аль нэг нь илэрвэл яаралтай эмчид хэлэх эсвэл ойролцоо орших яаралтай тусламжийн төвд очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай:
Маш ховор
- Амь насанд аюултай шокийн байдалд хүргэх хэт мэдрэгшил (нүүр хавагнах, хал хавагнах, амьсгалын доод зам хавагнасаны улмаас агаар нэвтрүүлэх зам нарийсах, зүрхний цохилт түргэсэх, амьсгалахад хүндрэлтэй болох, цусны даралт буурах, шоконд орох зэрэг)
- Олон хэлбэршилт эритем (нүүр, гар, хөлөн дээр дугуй хүрээ маягийн улайлтаар илэрдэг ихэнхдээ түр зуурын хэт мэдрэгших урвал)
- Стивенс-Жонсоны хамшинж (арьс, нүдний эргэн тойронд хүнд хэлбэрийн цэврүү бүхий үрэвслээр илэрдэг, хавагнах болон улайх шинж илэрнэ)
- Эпидермисийн хордлогот үхжил (арьсан дээр том хэмжээний цэврүүгээр илэрдэг хүнд хэлбэрийн арьсны урвал) ховор тохиолдолд илэрдэг.
Энэ бүгд маш хүнд хэлбэрийн гаж нөлөөнүүд юм.
Хэрэв эдгээр шинж тэмдгээс аль нэг нь илэрвэл ФИКСЕФ танд хүнд хэлбэрийн харшил төрүүлж байна гэсэн үг юм. Та яаралтай эмнэлгийн тусламж авах, эмнэлэгт хэвтэх шаардлагатай.
Энэ бүгд маш ховор илрэх гаж нөлөөнүүд юм.
Маш элбэг
- Ходоод цанхайх
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Хоолны дуршил буурах
- Гэдэс дүүрэх
Хаяа илрэх:
- Арьс улайх (экзантем, эритем, олон хэлбэршилт шүүдэст эритем, зарим тохиолдолд Лайеллын хамшинж)
- Загатнаа
- Салстын үрэвсэл
Элбэг
- Баас зөөлрөх эсвэл суулгах.
Ховор
- Толгой өвдөх
- Толгой эргэх (вертиго)
- Элэгний энзимүүд ихсэх
- сийвэнгийн креатин болон шээгийн түвшин нэмэгдэх
Маш ховор:
- Антибиотикийн хэрэглээтэй холбоотой үүссэн колит [гэдэсний үрэвсэл (хуурамч сарьсат энтероколит) хуурамч сарьсаар илэрдэг]
- Тэсвэржсэн нянгаар эсвэл Blastomyces -аар үүсгэгдсэн супер халдвар
- Гепатит (элэгний халдварын улмаас илэрсэн шарлалт), механик шарлалт
- Түр хугацааны хэт идэвхижил
- Агчил бүхий таталтын хэлбэр давамгайлах
Тодорхойгүй:
- Диспноэ (амьсгал богиносох, амьсгалахад хүндрэлтэй болох)
- Бэлэг эрхтэн загатнах болон үтрээний үрэвсэл (нянгийн шалтгаантай үтрээний үрэвсэл)
Бусад цефалоспорины бүлгийн эмүүдийн нэгэн адилаар цус бүлэгнэх үйл явцад нөлөөлж болзошгүй учраас бүлэгнүүлэх эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд болгоожмтой хэрэглэх хэрэгтэй.
Гаж нөлөөг мэдээлэх нь
Хэрэв танд энэхүү зааварт бичигдсэн болон илэрч болзошгүй гаж нөлөөнөөс аль нэг нь илэрсэн тохиолдолд эмч, эм зүйч, эсвэл сувилагчид зайлшгүй мэдэгдэх шаардлагатай.
Хэрэв танд энэхүү зааварт бичигдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдээрэй.
5. ФИКСЕФ-ийг ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?
ФИКСЕФ-ийг хүүхдийн нүднээс хол, гар хүрэхээргүй газар, үйлдвэрлэгчийн савлалтанд нь хадгална.
25°C доош тасалгааны хэмд хадгална. Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаална.
Хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хэрэглэнэ.
ФИКСЕФ-ийг хайрцаг дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.
Нийтийн ус болон ахуйн хог хаягдалд хэрэглэхгүй эмийн үлдэгдлийг хаяж болохгүй. Дахин хэрэглэхгүй эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуугаарай. Ингэснээр та хүрээлэн буй орчноо хамгаалахад туслах болно.
Борлуулалтын эрхийг эзэмшигч
Дева Холдинг Эй.Эс
Халкалы хороолол, №1 гудамж, 34303, Кучукчекмэжэ, Истанбул/Турк ул
Үйлдвэрлэгч:
Дева Холдинг Эй.Эс
Черкезкой Организэ үйлдвэрийн бүс, Карач хороолол, Ататурк гудамж, №32, Капаклы-Текирдаг/Турк улс





































































































































































































































































































