
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлэгийн хэрэглээний заавар
ПАНКРЕАТИН
Худалдааны нэршил: ПАНКРЕАТИН
Химийн нэршил: панкреатин
Эмийн хэлбэр: Гэдсэнд уусах хальсан бүрхүүлт шахмал.
Найрлага
1 шахмалд:
Үйлчлэгч бодис: панкреатин – 0,1 г (уураг задлах идэвх нь 25 ЕД-с багагүй, өөх тос задлах идэвх 140 ЕД-с багагүй, амин бүлэг задлах идэвх 1500 ЕД-с багагүй);
Туслах бодис (цөмд): лактоз (сүүний сахар), метилцеллюлоз, кальцийн стеарат;
Туслах бодис (бүрхүүлд): целлацефат, хүчиллэг улаан 2С, титаны диоксид, полисорбат-80.
Харагдах байдал
Ягаан, гүн ягаан өнгөтэй, өвөрмөц үнэртэй, хоёр тал гүдгэр, дугариг хэлбэртэй шахмал. Шахмалын үндсэн хэсэгт хөндлөн ховилтой.
Эмийн эмчилгээний бүлэг: хоол боловсруулах ферментийн бэлдмэл.
АТХ код: А09АА02
Эм судлалын онцлог
Фармакодинамик
Насанд хүрэгчид болон хүүхдэд хоол боловсруулах үйл явцыг сайжруулах, нойр булчирхайн ферментийн дутагдлын шинж тэмдгийг бууруулдаг фермент агуулсан бэлдмэл (хий үүсэл, өтгөн гаралтын давтамж, нягтрал өөрчлөгдөх) юм. Эмийн найрлагад орсон нойр булчирхайн ферментүүд нь уураг, өөх тос, нүүрс усны задралыг хөнгөвчлөх бөгөөд нарийн гэдсэнд бүрэн шингэнэ.
Панкреатин нь уураг, нүүрс ус задлах үйлдэлтэй ба нойр булчирхайн ферментийн дутагдлыг нөхөж, ходоод гэдэсний замын (ХГЗ) үйл ажиллагааг сайжруулж, хоол боловсруулалтыг хэвийн болгодог.
Фармакокинетик
Панкреатины ферментүүд нь гэдсэнд уусах бүрхүүлээр ходоодны шүүсний үйлчлэлээс хамгаалагдсан тул нарийн гэдэсний шүлтлэг орчинд тунгийн хэлбэрээс чөлөөлөгддөг. Амьтны судалгаагаар задраагүй ферментийн шингээлт дутагдаж байгааг харуулсан тул фармакокинетикийн сонгодог судалгаа хийгдээгүй. Нойр булчирхайн фермент агуулсан бэлдмэлүүд нь тэдгээрийн үр нөлөөг бий болгохын тулд шингэх шаардлагагүй. Үүний эсрэгээр, эдгээр эмийн эмчилгээний үйлдэл нь ходоод гэдэсний замын хөндийд бүрэн явагдах ёстой. Химийн бүтцийн хувьд эдгээр нь уураг тул үүнтэй холбоотойгоор ходоод гэдэсний замаар дамжих үед ферментийн бэлдмэлүүд нь шингээх хүртэл пептид, амин хүчил хэлбэрээр задардаг.
Хэрэглэх заалт
* нойр булчирхайн гадаад шүүрлийн дутагдлыг нөхөх эмчилгээнд: архаг нойр булчирхайн үрэвсэл, нойр булчирхайн мэс засал, туяа эмчилгээний дараах байдал, диспепси, уйланхайт фиброз, Швахман-Даймонд хам шинж, амаар хооллолтыг сэргээх үед, нойр булчирхайн цочмог үрэвслийн идэвхийн дараах байдал;
* гэдэс дүүрэх, халдварын бус шалтгаант суулгалт, Ремхельдын хам шинж (гастрокардийн хам шинж);
* хоолны шингээлт буурсан (ходоод, нарийн гэдэс тайрсны дараах байдал); мөн зажлах үйл ажиллагааны эмгэг, суурин амьдралын хэв маяг, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байснаар ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаатай хүмүүст хоол боловсруулалтыг сайжруулах (ходоод гэдэсний замд), хоолны дэглэм алдагдсан (их хэмжээний хоол хүнс, өөх тос идэх, тогтмол бус хооллолт) үед;
* хэвлийн хөндийн эрхтнүүдийн рентген, хэт авиан шинжилгээнд (хэт авиан шинжилгээ) бэлтгэх.
Хориглох заалт
* бэлдмэлийн найрлага дах нэгдэлд мэдрэг ихэссэн;
* цочмог панкреатит, архаг панкреатитын сэдрэл;
* лактоз үл тэвчих, лактазын дутагдал, глюкоз-галактозын шингээлт алдагдалын хам шинж;
* 3 хүртэлх насны хүүхдэд (эмийн энэ тунгийн хэлбэр).
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ
Жирэмсэн
Нойр булчирхайн фермент агуулсан эмийг жирэмсэн эмэгтэйд эмчилгээнд хэрэглэсэн эмнэлзүйн мэдээлэл байхгүй байна. Амьтны судалгаагаар гахайн гаралтай нойр булчирхайн ферментийн шингээлт явагдаагүй тул нөхөн үржихүйн үйл ажиллагаа, ургийн хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй.
Хэрэв эхэд хүлээгдэж буй үр нөлөө нь урагт үзүүлж болзошгүй эрсдлээс давсан тохиолдолд эмийг жирэмсэн эмэгтэйчүүдэд болгоомжтой зөвлөх нь зүйтэй.
Хөхүүл үед
Амьтдын судалгаанд нойр булчирхайн ферментийн системчилсэн сөрөг нөлөө үзүүлээгүй үзүүлэлтэд үндэслэн хөхний сүүгээр ялгаран нялх хүүхдэд хор хөнөөл учруулахгүй гэж үздэг.
Эмэгтэйчүүдэд нойр булчирхайн ферментийг хөхүүл үед хэрэглэж болно.
Тун, хэрэглэх арга
Эмийг хооллох үед зажилж, задлахгүйгээр (эмийн үр нөлөө нь зажлах үед буурч, нойр булчирхайн ферментүүд нь амны хөндийн салстыг цочроож болно) хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууна. Эмийн тун ба эмчилгээний үргэлжлэх хугацааг нас, нойр булчирхайн дутагдлын зэргээс хамаарч дангаар нь тодорхойлно.
Өөрөөр зөвлөөгүй бол насанд хүрэгсдэд панкреатины нэг удаагийн тун нь 0.2-0.4 г (2-4 шахмал) байна. Тунг нэмэгдүүлэх нь зөвхөн эмчийн хяналтан дор хийгдэх ёстой бөгөөд шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулаарай (жишээлбэл, стеаторрей (баас хэт тослог гарах), хэвлийгээр өвдөлт буурах).
Хүүхдэд эмийг эмчийн зааврын дагуу дараах тунгаар хэрэглэнэ: 3-7 насанд - 0.1 г (1 шахмал); 8-9 насанд 0.1-0.2 г (1-2 шахмал); 10-14 насанд - 0.2 г (2 шахмал). Хоногийн тун, хэрэглэх хугацааг эмч тохируулна.
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтоох бөгөөд хэд хоногоос (ходоодны хямрал, хоолны дэглэмийн алдаанаас) хэдэн сар, жил хүртэл (хэрэв байнгын орлуулах эмчилгээ шаардлагатай бол) өөр өөр байж болно.
Хэрэв эмчилгээний дараа сайжрахгүй, шинж тэмдгүүд улам дордох эсвэл шинэ шинж тэмдэг илэрвэл та эмчид хандах хэрэгтэй.
Бэлдмэлийг зөвхөн зөвлөсөн заалт, арга, тунгаар хэрэглэх ёстой.
Гаж нөлөө
Өвчтөнд илэрч болох гаж нөлөөг давтамжаар нь дараах байдлаар ангилдаг: маш түгээмэл (>1/10), түгээмэл (>1/100 - <1/10), цөөн ( >1/1000 - <1/100), ховор (>1/10 000 - <1/1000), маш ховор (<1/10 000 хүртэл); давтамж тодорхойгүй – боломжит өгөгдөл дээр үндэслэн тохиолдлын давтамжийг тодорхойлох боломжгүй.
Дархлалын системд гарах өөрчлөлт
Маш ховор: удаан хэлбэрийн харшлын урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, найтаах, нулимс гоожих, бронхоспазм, амьсгал давчдах зэрэг), ходоод гэдэсний замд мэдрэг ихсэх.
Ходоод гэдэсний замд гарах өөрчлөлт
Маш ховор: суулгалт, хэвлийгээр хямрах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих; Панкреатиныг өндөр тунгаар хэрэглэхэд уйланхайт фиброзтой өвчтөнд илеоцекал ба бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн нарийсал үүсэх.
Шээс, бэлгийн системд гарах өөрчлөлт
давтамж тодорхойгүй: гиперурикозури («Тусгай анхааруулга»).
Хэрэв танд зааварт тусгасан гаж нөлөө илэрсэн эсвэл улам дордвол, зааварт тусгаагүй бусад гаж нөлөөг анзаарсан бол эмчид хандана уу.
Тун хэтрүүлэлт
Шинж тэмдэгүүд
Гиперурикозури, гиперурикеми (ялангуяа уйланхайт фиброзтой өвчтөнүүдэд ферментийн бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд). Хүүхдэд – өтгөн хатах.
Эмчилгээ
Бэлдмэлийн хэрэглээг зогсоон шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.
Бусад эмийн харилцан нөлөө
Нойр булчирхайн бэлдмэлтэй хамт хэрэглэвэл фолийн хүчил ба төмрийн шингээлтийг бууруулах боломжтой. Нүүрс усыг задалдаг фермент (жишээлбэл, амилаза) агуулсан хоол боловсруулах эрхтний фермент агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэвэл ууж хэрэглэх гипогликемийн эмийн (жишээлбэл: акарбоз, миглитол) нөлөөг бууруулж болно.
Кальцийн карбонат, магнийн гидроксид агуулсан антацидийг хамт хэрэглэх нь нойр булчирхайн үйл ажиллагааны үр нөлөөг бууруулдаг.
Хэрэв та дээр дурьдсан болон бусад эмүүдийг (жоргүй олгох эмүүдийг оруулаад) хэрэглэж байгаа бол Панкреатиныг хэрэглэхээсээ өмнө эмчид хандана уу.
Тусгай анхааруулга
Нойр булчирхайн цочмог үрэвсэл эсвэл архаг нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн тохиолдолд (хүндрэх үе шатанд) нөхөн сэргээх хоолны дэглэмийн үед, одоо болон байнгын нойр булчирхайн дотоод шүүрлийн дутагдлын үед панкреатиныг уухыг зөвлөнө.
Уйланхайт фиброзтой өвчтөнүүдэд, ялангуяа нойр булчирхайн тунг өндөр тунгаар хэрэглэх үед гиперурикозури үүсч болзошгүй тул энэ бүлгийн өвчтөнүүдэд шээсний хүчлийн концентрацийг хянах шаардлагатай.
Дээрх бүлгийн өвчтөнүүдэд илеоцекал ба бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн нарийсалт үүсэлтийг анхаарна.
Урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлийд таагүй мэдрэмж төрөх, зовиурын шинж чанар өөрчлөгдсөн тохиолдолд эмнэлгийн үзлэгт хамрагдах шаардлагатай.
Панкреатин эм нь амны хөндийд чөлөөлөгдөх үед, жишээлбэл: зажлах үед амны хөндийн салст бүрхэвчийг гэмтээх (шархлаа үүсэх гэх мэт) идэвхтэй фермент агуулдаг. Тиймээс шахмалыг бүхлээр нь залгих ёстой.
Жолоо барих, машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Панкреатин нь жолоо барих чадвар болон сэтгэхүйн хурд нэмэгдүүлэх шаардлагатай тээврийн хэрэгсэл болон бусад механизмтай ажиллах чадварт нөлөөлдөггүй.
Савлагаа
ОХУ-ын Ирбитскийн эмийн химийн үйлдвэр ХК-д үйлдвэрлэсэн нь
Гэдсэнд уусах хальсан бүрхүүлт шахмал, 25 ЕД.
Хайрцагт поливинил хлорид ба хэвлэмэл лакаар бүрсэн хөнгөн цагаан фольга бүхий блистерт 10 шахмалаар савласан.
Бага нягтралтай полиэтиленээр хийсэн, битүүмжлэх элемент бүхий таглаа, бага нягтралтай полиэтиленээр хийсэн полимер компенсатор бүхий битүүмжлэлтэй нэг саванд 60 шахмалаар савласан. Саванд цаасан шошго наасан байна.
Цаасан хайрцагт 6 блистерийг эмнэлгийн хэрэглээний зааврын хамт савласан.
Авексима Сибирь ХХК, ОХУ-д үйлдвэрлэсэн нь
Гэдсэнд уусах хальсан бүрхүүлт шахмал, 25 ЕД.
Хайрцагт поливинил хлорид ба хэвлэмэл лакаар бүрсэн хөнгөн цагаан фольга бүхий блистерт 10 эсвэл 12 шахмалаар савласан.
Полимер материалаар хийсэн нэг саванд 60 шахмал. Савны чөлөөт зайг битүүмжлэлээр дүүргэсэн (шингээгч эсвэл эмнэлгийн шингээгч хөвөн). Савыг битүүмжлэх элемент эсвэл шурагтай таглаагаар чангалан битүүмжилнэ. Саванд цаасан шошго наасан байна.
10 шахмалт 1, 2, 3, 4, 5 эсвэл 6 ширхэг блистер, 12 шахмалтай 1, 2, 3, 4, 5 блистер эсвэл полимер материалтай нэг савтайг эмнэлгийн хэрэглээний зааврын хамт цаасан хайрцагт савласан.
Хадгалах нөхцөл
Үүрэн савлагаанд эсвэл лонхонд хадгална.
25°С ихгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа
2 жил.
Савлагаан дээр заагдсан хугацаа дууссан бол хэрэглэхгүй.
Олгох нөхцөл
Жоргүй олгоно.