
Хэрэглэх заавар
Ко-Тримексазол 480 мг шахмал эм
Худалдааны нэр: Септрин
Олон улсын нэршил: Co-Trimoxazole
Эмийн хэлбэр: Шахмал эм
Найрлага, тун хэмжээ: 1 шахмалд:
Үйлчлэгч бодис: Сульфаметаксазол 400мг, Триметоприм 80мг
Туслахбодис: Глюкоз, эрдэнэшишийн цардуул, тальк, магнийн стеарат тус тус агуулагдана.
Эм судлалын бүлэг: Сульфаниламидын уламжлалын эмийн бэлдмэл, үрэвслийн эсрэг бэлдмэл.
Фармакологийн үйлдэл: Бактерийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Бактерийн өсөлт үржлийг саатуулдаг хоёр бэлдмэлээс тогтох тул бактерийн метаболизмд нөлөөлж үхүүлэх үйлдэл үзүүлнэ.
- Сульфаметаксазол нь бусад САА-дын бэлдммэлүүдийн нэгэн адил микробын ПАБК-тай өрсөлдөх антагонист үйлдэлтэй.
- Триметоприм нь дигидрофолийн хүчлээс тетрагидрофолийн хүчил үүсэлтийг дарангуйлах үйлдэлтэй. Бэлдмэл стрептококк, пневмококк, стафилококк болон цусан суулга, балнад үүсгэгч, гэдэсний савханцарт сайн нөлөөлнө. Харин сүрьеэ, тэмбүү, хөх идээний нянгуудад нөлөөлөхгүй.
Хэрэглэх заалт : Уушигны үрэвсэл, бронхит, уушигны буглаа, идээт плеврит, идээт менингит, гэдэсний хижиг, нарийн гэдэсний микробын гаралтай үрэвсэл, шээс, бэлгийн замын халдвар, пиодерми ба шархны халдварын үед хэрэглэнэ. Мөн буйл, буйл орчмын үрэвсэл, ходоод нарийн гэдэсний үрэвсэл, менингит, токсоплазмоз, хөхүүл ханиад зэрэг өвчнийг эмчлэхэд хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун: Ко-Тримексазолыг хоол унд идэж уух үед хэрэглэнэ. Цочимог халдварын үед 12-оос дээш насны хүүхдэд, насанд хүрэгсдэд 480мг-аар 12 цагийн зайтай, 6-12 настайд хоногт 240мг, 1-5 настайд 120 мг-аар 12 цагийн зайтай уулгана. Хүнд хэлбэрийн халдварын үед ямарч насны хүмүүст тунг 50%-аар ихэсгэж болно. Эмчилгээг өвчний шинж тэмдэг намдсанаас хойш 2 хоног үргэлжлүүлнэ. Ихэнх тохиолдолд 5-аас доошгүй хоног хэрэглэнэ. Түрүү булчирхайн архаг үрэвслийн үед эхлээд стандарт тунгаас илүү тунгаар хэрэглэнэ. Ээлж эмчилгээг өвчин дахихаас сэргийлж 3 сар үргэлжлүүлнэ. Зөөлөн яр өвчний эмчилгээг 10-15 хоног үргэлжлүүлнэ. Балнад, иж балнадын эмчилгээг 1-3 сараас доошгүй хугацаагаар үргэлжилүүлнэ.
Хориглох заалт: САА-ын бэлдмэлд харшилтай, элэг, бөөрний үйл ажиллагаа алдагдсан, фолийн хүчил дутагдлын цус багадалттай, порфиритэй өвчтөн болон жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Бэлдмэлийг заагдсан тунгаар хэрэглэхэд ихэнх тохиолдолд сайн таардаг. Огих, бөөлжих, суулгах арьсаар туурах зэрэг сөрөг нөлөө хөнгөн хэлбэрээр тохиолдоно. Цусанд өөрчлөлт гарах боловч ихэнх нь эмчилгээний дараа хэвийн болно.
Анхааруулга: Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд шинж тэмдгийн илрэлгүйгээр цусны үзүүлэлт өөрчлөгдөхөөс сэргийлэн сар тутамд цусны шинжилгээ хийнэ. Энэ өөрчлөлт нь фолийн хүчлийг /хоногт 6-8 мг/ хэрэглэхэд бэлдмэлийн нянгийн эсрэг чанарыг алдагдуулахгүйгээр хэвийн байдалд орно. Ко-тримексазолыг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд фолийн хүчил давхар хэрэглэнэ. Цусны илэрхий өөрчлөлттэй хүмүүст зөвхөн эмчийн нарийн хяналтанд хэрэглэнэ.
Эмийн хэлбэр, савлалт: Ко-Тримексазол 480 мг шахмал эмийг 10 ширхэгээр зориулалтын блистрт савлаж, 100 блистерээр цаасан хайрцагт хийж, битүүмжилнэ. 36 хайрцгаар нь хатуу хайрцагт давхар савлаж тээвэрлэнэ.
Хүчинтэй хугацаа: 3 жил
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж хадгална.
Олгох нөхцөл: Жороор олгоно.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “Мөнхийн тун” ХХК- ний ”Тунфарм” эмийн үйлдвэр. Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Цэргийн их сургуулийн гудамж – 1 тоот
Вэйб сайт: www. munkhiintun.mn





































































































































































































































































































