Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
АЦЦ Актив 600мг
Худалдааны нэр
Англи
Ацетилцистеин
Үйлдвэрлэгч
Salutas Pharma GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
600мг - 1.6г
Эмийн хэлбэр
нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эм хэрэглэх заавар

АЦЦ®  АКТИВ ® (ACC® ACTIVE 600mg)

 

Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг

 

Эмийн бэлдмэлийн нэр:

АЦЦ®  АКТИВ  600мг

Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг

 

Олон улсын худалдааны бус нэр:

Ацетилцистеин/acetylcysteine

 

Эмийн хэлбэр:

Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг.

 

Дүрслэл:

Цагаанаас үл ялиг шаравтар өнгөтэй, бөөрөлзгөнөтэй бөөн хэсэг болон амархан задардаг бага зэргийн хүхрийн үнэртэй нунтаг.

 

Найрлага:

Үйлчлэгч бодис: ацетилцистеин.

1 уутанд (1,6г нунтаг) 600мг ацетилцистеин агуулагдана.

Туслах бодис: сорбитол (Е420), ксилитол, усгүй нимбэгний хүчил, дан халагдсан натрийн цитрат, магнийн цитрат, натрийн кармеллоза, аспартам (Е951), магнийн стеарат, Динасан® 116 (глицериний трипальмитат), полисорбат 65, бөөрөлзгөний амт оруулагч <<В>>.

 

Эмийн эмчилгээний бүлэг:

Ханиалга намдаах эм ба ханиад шуухинааны эмчилгээнд зориулсан эм, цэр шингэлэх бэлдмэл.

АТХ код: R05CB01

 

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик:

Ацетилцистеин нь цистеин амин хүчлийн уламжлал бөгөөд амьсгалын замд шүүрэл задалж гадагшлуулах үйлдэл үзүүлэх ба гуурсан хоолойн шүүрлийн зуурамтгай чанарыг багасгадаг.Тэрээр химийн радикалыг хоргүйжүүлэх ба хортой бодисыг хоргүйжүүлэхэд чухал үүрэгтэй глутатионы нийлэгжилтийг ихэсгэдэг. Ингэснээр парацетамолын хордлогын үед илрэх ацетилцистеины антидот үйлдэл тайлбарлагдана.

Архаг явцтай бронхит/муковисцидозтой өвчтөнд ацетилцистеиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд  бактерийн гаралтай хүндрэлийн явц болон давтамж багасдаг.

 

Фармакокинетик:

Ацетилцистеиныг ууж хэрэглэхэд түргэн бөгөөд бараг бүрэн шимэгдэх ба элгэнд метаболизмд орж цистеин, фармакологийн идэвхтэй метаболит, түүнчлэн диацетилцистин, цистин ба бусад холимог дисульфид үүсгэдэг.

Ууж хэрэглэсэн ацетилцистеины биохүрэхүй нь маш бага (ойролцоогоор 10%) байна.

Бэлдмэлийн цусны сийвэн дэх концентраци нь 1-3 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Цусны сийвэнгийн уурагтай ойролцоогоор  50% холбогддог.

Бие махбодоос зөвхөн идэвхгүй метаболит хэлбэрээр ялгарна. Ацетилцистеины цусны сийвэнгийн хагас ялгарлын хугацаа нь дунджаар 1 цаг бөгөөд үндсэндээ элгэнд түргэн хувиралд ордгоор нөхцөлддөг. Иймээс элэгний үйл ажиллаганы өөрчлөлтийн үед  хагас ялгарлын хугацаа нь 8 цаг хүртэл уртасдаг.

Ацетилцистеин ихсээр нэвтрэх бөгөөд хүйн цусанд илэрдэг.

Хөхний сүүтэй ялгардаг талаарх мэдээлэл байдаггүй.

Ацетилцистеины хүний цус тархины хоригийг нэвтэрдэг талаарх мэдээлэл байдаггүй.

 

Хэрэглэх заалт:

АЦЦ®  АКТИВ  нь өтгөн цэрийг шингэрүүлж түүнийг амьсгалын замаас ялгарахыг нь нөхцөлдүүлдэг цэр шингэлэх эм.

АЦЦ®  АКТИВ  бэлдмэлийг насанд хүрэгсдэд ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит,  бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, түүнчлэн муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно.

 

Цээрлэлт:

  1. Ацетилцистеин болон бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
  2. Идэвхтэй идэгдмэл шархлаа
  3. 2-с доош насны хүүхэд

 

Онцгой анхааруулга ба болгоомжлол

Бронхын багтраатай болон идэгдмэл шархлааны өгүүлэмжтэй өвчтөн (ялангуяа хоол боловсруулах замын салст бүрхүүлийг цочроох үйлдэлтэй өөр бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа бол) уг бэлдмэлийг хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. Бронхын багтраатай өвчтөнд бронхын агчил үүсэж болно. Бронхын агчил илэрсэн тохиолдолд бэлдмэлийг шууд зогсооно.

АЦЦ®  АКТИВ  бэлдмэлийг хэрэглэснээр бронхын шүүрэл шингэрэх ба түүний эзлэхүүн ихэсдэг (ялангуяа эмчилгээний эхэнд). Хэрэв цэр ховхрох боломжгүй байвал (хангалтгүй ховхрох) тохирсон арга хэмжээ (гуурс тавих, соруулах гэх мэт) авах хэрэгтэй.

Ацетилцистеиныг хэрэглэх үед маш ховор тохиолдолд Стивенс-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж зэрэг хүнд явцтай арьсны урвал илэрдэг. Арьс ба салст бүрхүүлийн зүгээс өөрчлөлт илэрсэн үед АЦЦ®  АКТИВ бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож яаралтай эмчид хандана.

Хүүхэд

2-оос доош насны хүүхдийн амьсгалын замын онцлог болон цэрийг ханиалгаж гадагшлуулах боломж хязгаарлагдмал байдагтай холбоотойгоор цэр шингэлэх эм нь амьсгалын замын бөглөрөл үүсгэж болно. Иймээс цэр шингэлэх эмийг 2-оос доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй.

 

Уг бэлдмэл ойролцоогоор 493мг сорбитол агуулдаг. Фруктозын үл зохицол зэрэг ховор тохиолддог удамшлын өвчтэй хүмүүст уг бэлдмэлийг хэрэглэхгүй.

Уг бэлдмэл 0,5мг аспартам агуулдаг бөгөөд энэ нь фенилаланины эх үүсвэр бодис юм. Иймээс фенилкетонуритай өвчтөнд хортой нөлөө үзүүлж болно.

 

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:

Ацетилцистеиныг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн талаар мэдээлэл хангалтгүй байдаг.

Ацетилцистеин хөхний сүүнд нэвтэрдэг талаар мэдээлэл байдаггүй.

Жирэмсэн болон хөхүүл үед  бэлдмэлийг зөвхөн эмчилгээний ашигтай тал болон эрсдлийг маш нарийн харьцуулж үнэлсний дараа хэрэглэж болно.

 

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

Байхгүй.

 

Хэрэглэх арга, тун:

Хэрэв өөрөөр заагаагүй бол насанд хүрэгсдэд дараах тунгаар хэрэглэхийг зөвлөнө.

1 уут бэлдмэлийг хоногт 1 удаа (хоногт 600мг ацетилцистеин) хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга:

Ууж хэрэглэнэ.

1 уут бэлдмэл нь 1 удаагийн хэрэглээнд зориулсан байна.

1 уут бэлдмэлийг шууд хэлэн дээр асгах ба залгина.

Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг нь шүлсний ялгаралтыг идэвжүүлэх ба ингэснээр тэрээр амархан залгигдах бөгөөд түүнийг  усаар даруулахгүй хэрэглэж болно.

Нунтгийг залгихын өмнө зажилж болохгүй.

Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг нь ханиалгын рефлекс багассан өвчтөнд (өндөр настай болон бие султай өвчтөн) зориулагдсан байна.

 

Өндөр настай болон бие султай өвчтөн

Ханиалгын рефлекс багассан өвчтөнд (өндөр настай болон бие султай өвчтөн) бэлдмэлийг өглөө хэрэглэх нь тохиромжтой.

Шингэн нэмж хэрэглэх нь АЦЦ®  АКТИВ  бэлдмэлийн цэр шингэлэх үйлдлийг хүчжүүлнэ.

 

Эмчилгээний үргэлжлэх хугацаа:

Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь  өвчний явц болон хэлбэрээс хамаарна.

Хэрэв 4-5 хоногийн эмчилгээний дараа өвчний шинж сайжрахгүй буюу улам дордвол эмчид хандах шаардлагатай.

Бэлдмэлийг эмчийн зөвлөгөөгүйгээр 14-с олон хоног хэрэглэхгүй.

Архаг явцтай бронхит болон муковисцидозын үед ээлж эмчилгээ илүү удаан хугацаагаар үргэлжилнэ. Эмчилгээний үргэлжлэх дээд хугацаа 3-6 сар байна.

 

Бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөх:

Хэрэв та бэлдмэлийн 1 удаагийн хэрэглээг  мартаж өнгөрөөсөн буюу эсвэл маш бага тунгаар хэрэглэсэн бол дараагийн тунг хэрэглэх хугацааг хүлээх ба тунгийн зөвлөмжийн дагуу бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэнэ.

 

Гаж нөлөө:

Гаж нөлөөг тэдгээрийн илрэх  давтамжаар нь дараах байдлаар үнэлсэн.

Байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100 <1/10), хааяа илрэх (≥1/1000 <1/100), ховор илрэх (≥1/10000 <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээр үнэлэх боломжгүй).

Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт:

Хааяа: харшлын урвал

Маш ховор: анафилаксын шок,  анафилаксын/анафилакс төст урвал.

Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:

Хааяа: толгой өвдөх.

Сонсголын ба тэнцвэрийн эрхтэний зүгээс илрэх өөрчлөлт:

Хааяа: чих шуугих

Зүрхний зүгээс илрэх өөрчлөлт:

Хааяа: зүрхний цохилт олшрох.

Судасны зүгээс илрэх өөрчлөлт:

Хааяа: артерийн гипотензи

Маш ховор: цус алдалт

Амьсгалын  систем, цээжний хөндийн эрхтэн, голтын зүгээс илрэх өөрчлөлт:

Ховор: амьсгаадах, бронх агчих

Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:

Хааяа: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчим өвдөх.

Ховор: хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах.

Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт:

Хааяа: чонон хөрвөс, тууралт, судас мэдрэлийн хаван, загатнаа, экзантем

Маш ховор: Стивенс-Джонсоны хам шинж ба эпидермийн хордлогот үхжил

Ерөнхий өөрчлөлт ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт:

Хааяа: халуурах

Давтамж тодорхойгүй: нүүр хавагнах.

 

Ацетилцистеин тромбоцитын агрегацийг багасгана. Орчин үед уг үйлдлийн эмнэл зүйн ач холбогдол нь бүрэн тогтоогдоогүй.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Одоог хүртэл ацетилцистеины ууж хэрэглэдэг хэлбэрийг хэрэглэсний улмаас үүссэн тун хэтэрсэн хордлогын тохиолдол ажиглагдаагүй.

Ацетилцистеиныг хоногт 11,6г тунгаар 3 сарын турш хэрэглэхэд ямар нэгэн хүнд явцтай гаж нөлөө илрээгүй.

Ацетилцистеиныг 500мг/кг хүртэл тунгаар ууж хэрэглэх үед хордлогын ямар нэгэн шинж илрээгүй байна.

Тун хэтрэлтийн үед  хоол боловсруулах замын зүгээс дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг шинж илэрч болно. Хүүхдийн амьдралын эхний жилд шүүрэл хэт ихсэх эрсдэлтэй.

Шаардлагатай үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

 

Эмийн харилцан үйлчлэл ба бусад хэлбэрийн харилцан үйлчлэл:

АЦЦ®  АКТИВ  бэлдмэлийг ханиалга намдаадаг эмтэй хамт хэрэглэх үед ханиалгын рефлекс дарангуйлагдсанаас бронхын шүүрлийн аюултай зогсонгишил үүсэж болно. Иймээс ийм хавсарсан эмчилгээний үед оношийг маш нарийн тавих шаардлагатай.

Ацетилцистеины антибиотикыг идэвхгүйжүүлдэг орчин үеийн мэдээлэл нь зөвхөн тухайн бодисууд нь өөр хоорондоо шууд холилддог in vitro судалгаан дээр үндэслэгдсэн. Иймээс ууж хэрэглэдэг антибиотикыг аюулгүй байдлын үүднээс АЦЦ®  АКТИВ  бэлдмэлтэй тус тусад нь дор хаяж 2 цагийн зайтай хэрэглэнэ. Энэ нь цефиксим болон лоракарбеф-т хамаарахгүй.

Ацетилцистеин нь нитроглицерины судас өргөсгөх үйлдлийг хүчжүүлж болно. Иймээс болгоомжлохыг зөвлөнө.

Ацетилцистеин нь колориметрийн аргаар салицилат тодорхойлоход нөлөөлж болно.

Шээсний шинжилгээний үед ацетилцистеин нь кетон биеийг тодорхойлох шинжилгээний үр дүнд нөлөөлж болно.

 

Эмийн хэлбэр, савлалт:

Давхар үетэй цаасан хөнгөн цагаан фольги бүхий битүүмжилсэн уут.

10 ба 20 уут бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлаж гаргана.

 

Хадгалалт

25°С-аас доош хэмд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Хүчинтэй хугацаа

2 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Эмийн сангаас олгох журам:

Бэлдмэлийг жоргүй олгоно.

 

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч

Сандоз Фармасьютикалз

Веровшкова 57, Любляна, Словения.

 

Үйлдвэрлэгч

Салютас Фарма ГмбХ, Отто-фон-Герике Аллее 1, Барлебен, Германи – Сандоз групын компани

 

Эм хэрэглэх зааврын хяналт

2017 оны 10 сар.

 

Хэрэглэгчийн хүсэлтийг <<Сандоз>> компаний тухайн газрын салбарт гаргана.