
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар: Эмчлүүлэгчдэд хандсан эмийн заавар
Зиндолин 250 мг хальсан бүрхүүлтэй шахмал
Зиндолин 500 мг хальсан бүрхүүлтэй шахмал
Ципрофлоксацин
Энэ эмийг ууж эхлэхээсээ өмнө энэ зааврыг анхааралтай уншина уу, учир нь танд маш чухал мэдээллийг агуулдаг.
- Энэ зааврыг хадгалаарай. Та үүнийг дахин унших хэрэг гарч магадгүй.
- Хэрэв танд нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.
- Энэ эмийг зөвхөн танд зориулж бичсэн учраас бусдад бүү дамжуул. Хэдийгээр бусад хүмүүсийн өвчний шинж тэмдэг таныхтай адил байсан ч энэ эм тэдэнд хор учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Үүнд энэ зааварт ороогүй аливаа гаж нөлөө орно. 4-р хэсгийг үзнэ үү.
Зааврын товч агуулга
1. Зиндолин гэж юу вэ, юунд хэрэглэдэг
2. Зиндолиныг хэрэглэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ
3. Зиндолиныг хэрхэн яаж хэрэглэх вэ
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. Зиндолиныг хэрхэн хадгалах вэ
6. Багцын агуулга болон бусад мэдээлэл
1. Зиндолин гэж юу вэ, юунд хэрэглэдэг болох
Зиндолин нь ципрофлоксацин хэмээх идэвхтэй бодисыг агуулдаг. Ципрофлоксацин нь фторхинолоны бүлэгт хамаарах антибиотик юм. Ципрофлоксацин нь халдвар үүсгэгч бактериудыг устгадаг, гэхдээ зөвхөн бактериудын тодорхой омогт идэвхтэй үйлчилдэг.
Насанд хүрэгчдэд
Зиндолиныг насанд хүрэгчдэд дараах эрхтний бактерийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг:
• амьсгалын замын халдвар.
• удаан үргэлжилсэн эсвэл дахин сэдэрдэг дунд чихний эсвэл хамрын дайвар хөндийн халдварт үрэвсэл.
• шээсний замын халдвар.
• эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн замын халдвар.
• ходоод гэдэсний замын халдвар, хэвлийн хөндийн халдвар.
• арьс, зөөлөн эдийн халдвар.
• яс, үений халдвар.
• Neisseria meningitides нянгийн халдвараас сэргийлэх зорилгоор.
• боом өвчний үед амьсгалаар хэрэглэж болно.
Ципрофлоксациныг бактерийн халдварын улмаас халуурсан, цусны цагаан эсийн тоо багассан (нейтропени бүхий) өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж болно.
Хэрэв та хүнд халдвартай эсвэл нэгээс олон төрлийн нянгаар үүсгэгдсэн халдвартай бол Зиндолинаас гадна өөр төрлийн антибиотик эмчилгээг нэмэлтээр хийлгэж болно.
Хүүхэд, өсвөр насныханд
Зиндолиныг хүүхэд, өсвөр насныханд мэргэжлийн эмчийн хяналтан дор дараах бактерийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг.
• муковисцидоз өвчтэй хүүхэд, өсвөр насныхан уушиг, гуурсан хоолойн халдвар авах үед.
• шээсний замын хүндрэлтэй халдварууд, түүний дотор бөөрний халдварууд (пиелонефрит).
• боом өвчний үед амьсгалаар хэрэглэх
Эмч шаардлагатай гэж үзвэл Зиндолиныг хүүхэд, өсвөр насныхны хүнд хэлбэрийн халдварыг эмчлэхэд ашиглаж болно.
2. Зиндолиныг хэрэглэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ
Дараах тохиолдолд Зиндолиныг ууж хэрэглэж болохгүй. Үүнд:
• Хэрэв та энэ бэлдмэлийн идэвхтэй бодис болон хинолоны бүлгийн бусад эмүүдэд, эсвэл энэ эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол (6-р хэсэгт жагсаасан).
• Хэрэв та тизанидин ууж байгаа бол (Бусад эм ба Зиндолин хэсгийг үзнэ үү).
Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Энэ эмийг хэрэглэхээс өмнө
Хэрэв таныг өмнө нь хинолон эсвэл фторхинолоны бүлгийн аль нэг эм ууж байхад ямар нэгэн ноцтой гаж нөлөө илэрч байсан бол фторхинолон/хинолоны бүлгийн бактерийн эсрэг эм, түүний дотор Зиндолиныг хэрэглэж болохгүй. Энэ тохиолдолд та эмчдээ аль болох хурдан мэдэгдэх хэрэгтэй.
Хэрэв Танд дараах нөхцөл байдаг, эсвэл тохиолдож байсан бол Зиндолиныг уухаасаа өмнө эмчтэйгээ ярилцаарай
• Хэрэв та бөөр муутай бол эмчилгээг тань тохируулах шаардлага гарч магадгүй учраас;
• Хэрэв та эпилепси болон бусад мэдрэлийн эмгэгтэй бол;
• Хэрэв та өмнө нь Зиндолин зэрэг антибиотик эмчилгээ хийлгэж байх үед шөрмөс тань өвдөж, гэмтэж байсан бол;
• Хэрэв та чихрийн шижин өвчтэй бол ципрофлоксациныг хэрэглэснээр гипогликеми үүсэх эрсдэлтэй учраас;
• Хэрэв таны аль нэг том судас томорсон буюу "цүлхийсэн" (аортын аневризм эсвэл том судасны захын аневризм) гэж оношлогдсон бол.
• Хэрэв танд өмнө нь гол судасны задрал (аортын ханын урагдал) тохиолдож байсан бол.
• Хэрэв таны зүрхний хавхлага дутуу хаагддаг гэж оношлогдсон бол.
• Хэрэв таны гэр бүлийн хэн нэгэнд гол судасны цүлхэн, гол судасны задрал, зүрхний хавхлагын төрөлхийн гажиг, эсвэл бусад эрсдэлт хүчин зүйл эсвэл урьдал нөхцөл байдал (жишээ нь: Марфаны хам шинж, Эхлерс-Данлосын хам шинж, Тернерийн хам шинж, Шегренийн хам шинж зэрэг холбогч эдийн эмгэгүүд бий бол, эсвэл Такаясугийн артериит, аварга эст артериит, Бехчетийн өвчин, цусны даралт ихсэлт эсвэл судасны хатуурал зэрэг судасны эмгэгүүд) тохиолдож байсан бол
• хэрэв та булчингийн булчингийн сулралтай бол (булчингийн сулралын шинж тэмдгүүд нь даамжирч болох учраас)
• Хэрэв та зүрхний асуудалтай бол. Ялангуяа зүрхний цахилгаан бичлэгт таны QT зай төрөлхийн урт байдаг эсвэл таны цусан төрлийн хэн нэгэнд ийм түүхтэй бол, цусан дахь ус -эрдсийн тэнцвэрт байдал алдагдсан (ялангуяа цусан дахь кали, магнийн түвшин бага) бол, эсвэл таны зүрхний хэм удааширсан, зүрхний булчингийн ажиллагаа суларсан (зүрхний дутагдалтай), зүрхний бах болон шигдээстэй, өндөр настай эсвэл эмэгтэй хүн бол эсвэл зүрхний хэмд нөлөө үзүүлж болох ямар нэг эм хэрэглэж байгаа бол ципрофлоксациныг маш болгоомжтой хэрэглэх ёстой. (2-р хэсэгт бичигдсэн «Бусад эмийн бодистой харилцан нөлөөлөх» хэсгийг үзнэ үү).
• хэрэв та эсвэл таны цусан төрлийн хэн нэгэн хүнд глюкоз-6-фосфатдегидрогеназа (G6PD) ферментийн төрөлхийн дутагдал илэрсэн бол энэ эмийг хэрэглэснээс хүнд хэлбэрийн цус багадалт үүсч болох эрсдэлтэй.
Бэлгийн замын зарим халдварыг эмчлэх үед эмчилгээ хийснээс хойш 3 хоногийн хугацаанд шинж тэмдэг нь сайжрахгүй бол эмч ципрофлоксацинаас өөр антибиотик бичиж өгөх болно.
Зиндолиныг ууж байх үед
Зиндолиныг ууж байх үед дараах зүйлсийн аль нэг нь тохиолдвол эмчид яаралтай мэдэгдээрэй. Эмч тань Зиндолины эмчилгээг зогсоох шаардлагатай эсэхийг шийднэ.
- Гэнэтийн, хүнд харшлын урвал (анафилаксийн урвал/шок, судас- мэдрэлийн хаван). Хэдийгээр маш ховор тохиолдох ч анхны тунг хэрэглэх үед хүртэл Танд дараах шинж тэмдгээр илрэх хүнд хэлбэрийн харшлын урвал үүсч болно. Үүнд: цээж давчдах, толгой эргэх, дотор муухайрах, муурч унах, босох үед толгой эргэх зэрэг орно. Хэрэв ийм зүйл тохиолдвол Зиндолиныг хэрэглэхээ зогсоож, эмчид яаралтай хандаарай.
- Үе мөч өвдөх, хавдах, шөрмөс үрэвсэх, тасрах үзэгдэл ховор хэдий ч тохиолддог. Хэрэв та өндөр настан (60-аас дээш настай), эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, эсвэл бөөрний асуудалтай эсвэл кортикостероид эмчилгээ хийлгэж байгаа бол дээрх эрсдэл нэмэгддэг. Эмчилгээний эхний 48 цагийн хугацаанаас эхлэн Зиндолины эмчилгээг зогсоосноос хойш хэдэн сарын дотор шөрмөсний үрэвсэл, урагдал үүсч болно. Шөрмөсний (шагай, бугуй, тохой, мөр, өвдөг гэх мэт) өвдөлт, үрэвслийн анхны шинж тэмдэг илэрмэгц Зиндолиныг хэрэглэхээ зогсоож, эмчтэйгээ холбоо барьж, өвдөлттэй хэсгийг хөдөлгөөн багатай байлгана. Шөрмөс тасрах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй тул шаардлагагүй дасгал хийхээс зайлсхий.
- Хэрэв та эпилепси эсвэл тархины ишеми, цус харвалт гэх мэт мэдрэлийн бусад өвчнөөр шаналж байгаа бол төв мэдрэлийн системтэй холбоотой гаж нөлөөг мэдэрч болно. Хэрэв таталт үүсвэл Зиндолиныг хэрэглэхээ зогсоож, даруй эмчид хандаарай.
- Та Зиндолиныг анх удаа уух үед сэтгэцийн гаж урвал илэрч болно. Хэрэв та сэтгэлийн хямрал эсвэл сэтгэцийн эмгэгтэй бол Зиндолиныг хэрэглэснээр таны шинж тэмдгүүд улам дордож болно. Ховор тохиолдолд сэтгэлийн хямрал эсвэл сэтгэцийн эмгэг нь амиа хорлох оролдлого хийх эсвэл бүр мөсөн амиа хорлох тухай бодол руу шилжиж болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол Зиндолиныг хэрэглэхээ зогсоож, эмчид яаралтай хандаарай.
- Өвдөх, түлэгдэх мэт хорсох, хатгах, бадайрч ирвэгнэх зэрэг мэдрэмжүүд төрөх, мэдээ алдах, сулрах зэрэг мэдрэл гэмтсэний (мэдрэлийн эмгэг) шинж тэмдэг, ялангуяа хөлийн уланд, хөл, гарт, гарын сарвуунд ховор боловч тохиолддог. Хэрэв ийм зүйл тохиолдвол эргэлт буцалтгүй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд Зиндолиныг хэрэглэхээ зогсоож, эмчид яаралтай мэдэгдээрэй.
- Хинолоны бүлгийн антибиотик нь цусан дахь глюкозын хэмжээг хэт ихэсгэх (гипергликеми) эсвэл хэт багасгах нөлөө үзүүлж болох ба зарим хүнд тохиолдолд цусан дахь глюкозын хэмжээ хэт багассанаас ухаан алдаж (гипогликемийн кома гэнэ) болзошгүй (4-р хэсгийг үзнэ үү). Үүнийг мэдэж авах нь чихрийн шижин өвчтэй хүмүүст маш чухал юм. Хэрэв та чихрийн шижин өвчтэй бол цусан дахь сахарын хэмжээг сайтар хянаж байх хэрэгтэй.
- Антибиотик, түүний дотор Зиндолиныг хэрэглэж байх үед, эсвэл хэрэглээд дууссанаас хойш хэдэн долоо хоногийн дараа суулгалт үүсч болно. Хэрэв суулгалт хүндэрвэл эсвэл байнга суулгаад байвал эсвэл таны баасанд цус, салиа байгаа нь анзаарагдсан бол амь насанд аюултай хүндрэл учруулж болзошгүй учраас Зиндолины хэрэглээг даруй зогсоох ёстой. Суулгалтыг зогсоох зорилгоор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг удаашруулдаг эм хэрэглэж болохгүй.
- Хэрэв Та цус, шээсний шинжилгээ өгөхөөр болвол Зиндолин ууж байгаа гэдгээ эмч, лабораторийн ажилтнуудад хэлээрэй.
- Хэрэв та бөөрний эмгэгтэй бол эмчдээ мэдэгдээрэй, танд хэрэглэх тунг тохируулах шаардлага гарч магадгүй.
- Зиндолин нь элгийг тань гэмтээж болзошгүй. Хоолны дуршил буурах, арьс салст шарлах, шээс бараан, баас цайвар өнгөтэй болж, арьс загатнах, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай.
- Зиндолин нь цусны цагаан эсийн тоог цөөрүүлж, халдвар эсэргүүцэх чадварыг бууруулж болзошгүй. Хэрэв та халуурах, биеийн байдал муудах зэрэг шинж тэмдэг, эсвэл дээр нь нэмж хоолой залгиурын үрэвсэл /ангина/, шээх үед хорсох зэрэг хэсэг газрын халдварын шинж илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй. Хэрэв ямар нэг шалтгаанаар цусны шинжилгээ хийлгэх үед цусны цагаан эс хэт цөөрсөн (агранулоцитоз) байвал хэрэглэж байгаа эмийнхээ талаар эмчдээ мэдэгдэх нь чухал.
- Зиндолиныг хэрэглэх үед таны арьс нарны гэрэл эсвэл хэт ягаан туяанд илүү мэдрэмтгий болдог. Тиймээс нарны хүчтэй гэрэлд удаан байх, эсвэл хэт ягаан туяаны шарлага хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Хэрэв таны хараа гэнэт муудвал эсвэл хараа тань ямар нэг байдлаар хэвийн бус болсон шиг санагдвал нүдний эмчид яаралтай хандаарай.
Удаан хугацаанд үргэлжлэх эсвэл бүр мөсөн тахир дутуу болгох ноцтой гаж нөлөө.
- Зиндолин зэрэг фторхинолон/хинолоны бүлгийн бактерийн эсрэг эмүүд нь маш ховор тохиолдолд ноцтой гаж нөлөө үзүүлдэг бөгөөд тэдгээрийн зарим нь удаан (сар, жилээр) үргэлжилдэг, эсвэл эргэлт буцалтгүй тахир дутуу болгодог. Үүнд дээд ба доод мөчдийн шөрмөс, булчин, үе мөчний өвдөлт, алхахад хүндрэлтэй болох, гар хөлийн арьс руу зүүгээр хатгаад байгаа мэт, гижигдэх мэт санагдах ба хорсох, хэсэг газар мэдээ алдах зэрэг хэвийн бус мэдрэмжүүд илрэх; харах, амтлах, үнэрлэх чадвар муудах зэрэг мэдрэхүйн эмгэгүүд орно. Мөн сонсгол муудах, сэтгэлээр унах, санах ой сулрах болон хүнд хэлбэрийн ядаргаа, нойрны эмгэг үүсч болзошгүй.
- Хэрэв танд эдгээр гаж нөлөөний аль нэг нь илэрвэл эмчилгээг үргэлжлүүлэхийн өмнө эмчдээ хандаж эмчилгээг өөр төрлийн антибиотикоор солиулах хэрэгтэй.
- Хэрэв та хэвлий, цээж, нуруу хавиараа гэнэтийн хүчтэй өвдөлт мэдэрвэл гол судасны цүлхэн үүссэн эсвэл задарч байж магадгүй тул нэн яаралтай эмнэлэгт очих ёстой. Хэрэв та системийн кортикостероид эмчилгээ хийлгэж байгаа бол дээрх эрсдэл улам нэмэгддэг.
- Хэрэв таны амьсгал түргэсч, ялангуяа хэвтэж байхдаа хүртэл амьсгаадаж эхэлвэл, эсвэл хөлийн ул шагайгаар, хэвлийгээр хавагнаж эсвэл зүрх дэлсэх, зүрхний хэм түргэсэх эсвэл хэм алдагдах зэрэг шинжүүд ажиглагдвал даруй эмчид мэдэгдэх хэрэгтэй.
Бусад эмүүд ба Зиндолины харилцан нөлөөлөл
Хэрэв та өөр ямар нэг эм хэрэглэж байгаа, саяхан ууж дууссан эсвэл хэрэглэж магадгүй байгаа бол эмч, эм зүйчдээ хэлээрэй.
- Зиндолиныг тизанидинтай хамт хэрэглэж болохгүй, учир нь энэ нь цусны даралт бууруулах, нойрмоглох зэрэг гаж нөлөө үүсгэж болзошгүй (2-р хэсгийг үзнэ үү).
Дараах эмүүд нь Зиндолинтэй харилцан нөлөөлдөг бөгөөд тэдгээрийг хамт хэрэглэвэл эмчилгээний үр дүнд нөлөөлөх ба гаж нөлөө үзүүлэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс дараах эмүүдээс хэрэглэж байгаа бол эмчдээ хэлээрэй. Үүнд:
- К витаминыг дарангуйлдаг (антагонист) эмууд (жишээ нь, варфарин, аценокумарол, фенпрокоумон эсвэл флуиндион) эсвэл бусад цусны бүлэгнэлтийн эсрэг ууж хэрэглэдэг (цус шингэлэх) эм
- пробенецид (тулай өвчний үед хэрэглэдэг).
- метотрексат (зарим төрлийн хорт хавдар, псориаз, ревматоид артритад хэрэглэдэг).
- теофиллин (амьсгалын замын эмгэгийн үед хэрэглэдэг).
- тизанидин (булчингийн агчил болон рассеяны склероз гэж нэрлэгддэг хүнд эмгэгт хэрэглэдэг).
- оланзапин эсвэл клозапин (сэтгэцийн өвчинд хэрэглэдэг)
- ропинирол (Паркинсоны өвчинд хэрэглэдэг).
- фенитоин (эпилепсийн үед хэрэглэдэг).
- метоклопрамид (огиж, бөөлжихийг намдаах эм).
- циклоспорин (арьсны хүнд өвчин, ревматоид артрит, эрхтэн шилжүүлэн суулгах үед хэрэглэдэг).
- зүрхний хэмнэлийг өөрчилдөг эмүүд: хэм алдагдлын эсрэг эмүүд (хинидин, гидрохинидин, дизопирамид, амиодарон, соталол, дофетилид, ибутилид), сэтгэл гутралын эсрэг эм (гурван циклт антидепрессантууд), сэтгэцийн эмгэгт хэрэглэдэг зарим эм, нянгийн эсрэг зарим (макролидуудын бүлэгт хамаарах) эмүүд.
- золпидем (нойрсолтыг зохицуулах эм)
Зиндолин нь дараах эмүүдийн цусан дахь түвшрүүлгийн хэмжээг нэмэгдүүлж болно:
- пентоксифиллин ба кофеин (цусны эргэлтийн алдагдлын үед хэрэглэдэг).
- дулоксетин (сэтгэл гутралд, чихрийн шижингийн шалтгаант мэдрэлийн гэмтэл болон шээс задгайралтын үед хэрэглэдэг).
- лидокаин (зүрхний өвчинд эсвэл хэсгийн мэдээ алдуулалтад хэрэглэдэг).
- силденафил (шодойн сулралын үед хэрэглэдэг).
- агомелатин (сэтгэл гутралд хэрэглэдэг).
Зарим эм нь Зиндолины үр нөлөөг бууруулдаг. Хэрэв та дараах эмийг хэрэглэх шаардлага гарвал эмчдээ хэлээрэй. Үүнд:
- ходоодны хүчил бууруулах эм (антацид ба омепразол, сукральфат).
- эрдэс бодисууд (хүнсний нэмэлт бүтээгдэхүүн).
- фосфатыг холбогч полимерууд (жишээ нь севеламер эсвэл лантаны карбонат).
- кальци, магни, хөнгөн цагаан, төмөр агуулсан эм эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн.
Хэрэв эдгээр бэлдмэлүүдийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол Зиндолиныг хэрэглэхээс хоёр цагийн өмнө эсвэл дөрвөн цагийн дараа ууна.
Зиндолин ба хоол хүнс, ундааны хэрэглээ
Зиндолиныг хоолны үеэр уух бол сүү, сүүн бүтээгдэхүүн (сүү, тараг бяслаг гэх мэт) эсвэл кальци ихтэй нэмсэн ундаа ууж идэж болохгүй. Учир нь эдгээр хүнс эмийн идэвхтэй бодисын шингэлтэд нөлөөлдөг.
Жирэмслэлт ба хөхүүл үе
Хэрэв та жирэмсэн, жирэмсэлсэн байж магадгүй эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эсвэл хөхүүл хүүхэдтэй бол энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчээсээ зөвлөгөө аваарай.
Жирэмсний үед Зиндолиныг хэрэглэхээс зайлсхийх нь дээр.
Ципрофлоксацин нь хөхний сүүгээр гадагшилдаг бөгөөд таны хүүхдэд хор учруулж болзошгүй учраас хөхүүл эх Зиндолиныг бүү хэрэглэ.
Машин жолоодох, техниктэй харьцаж ажиллах
Зиндолин нь таныг сэрэмж муутай болгодог. Мэдрэлийн талаас зарим сөрөг үр нөлөө илэрч болзошгүй. Тиймээс тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл машин механизмтай харьцаж ажиллахаасаа өмнө Зиндолин эмэнд Таны бие ямар хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглах ёстой. Хэрэв ямар нэг эргэлзээ байгаа бол эмчтэйгээ ярилцаарай.
Туслах бодисын талаар
Зиндолин нь натри агуулдаг. Энэ эмийн хальсан бүрхүүлтэй шахмал тутамд 1 ммоль (23 мг)-аас бага хэмжээний натри агуулдаг бөгөөд энэ нь үндсэндээ "натри байгүй" гэсэн үг юм.
3. Зиндолиныг хэрхэн яаж хэрэглэх вэ
Энэ эмийг зөвхөн эмчийн заалтаар (эмч бичиж өгсөн үед л), хэлж зөвлөсөн ёсоор нь хэрэглэж байгаарай. Хэрэв та итгэлгүй байгаа бол эмч, эм зүйчээсээ асуугаарай.
Эмч танд яг хэр хэмжээний Зиндолиныг хэр олон удаа, хэр удаан уух ёстойг тайлбарлах болно. Энэ нь таны халдварын төрөл, хүнд хөнгөний байдлаас хамаарна.
Хэрэв та бөөрний өвчтэй бол эмчдээ хэлээрэй учир нь эмч танд тохирох тунг бичих шаардлагатай.
Эмчилгээ нь ихэвчлэн 5-аас 21 хоног үргэлжилдэг боловч хүнд хэлбэрийн халдварын үед илүү удаан үргэлжилдэг.
• Шахмалыг их хэмжээний шингэнээр даруулан залгиж ууна. Шахмал нь эвгүй амттай тул зажилж уух хэрэггүй.
• Шахмалыг өдөр бүр тогтоосон нэг цагтаа ууж байх хэрэгтэй.
• Та шахмалаа хооллох үедээ эсвэл хоолны хооронд ууж болно. Хоолны хамт авсан кальци нь энэ эмийн шимэгдэлтэд ноцтой нөлөөлдөггүй. Гэсэн хэдий ч Зиндолины шахмалыг сүү, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн эсвэл баяжуулсан жимсний шүүстэй (жишээлбэл, кальциар баяжуулсан жүржийн шүүс) хамт ууж болохгүй.
Энэ эмийг ууж байхдаа их хэмжээний шингэн уух хэрэгтэй гэдгийг санаарай.
Шахмалд байх хэрчлээс түүнийг (бүхлээр нь залгихад хүндрэлтэй байгаа тохиолдолд) хуваахад туслах болно.
Хэрэв та Зиндолиныг эмчийн зааснаас илүү ихээр уусан бол
Хэрэв та тогтоосон тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол яаралтай эмнэлгийн тусламж аваарай. Боломжтой бол эмчид үзүүлэхдээ эмээ эсвэл эмийн хайрцагаа авч яваарай.
Хэрэв та Зиндолин эмээ цагт нь уухаа мартсан бол
Мартсанаа санангуутаа аль болох хурдан уух ба дараагийн тунг зааврын дагуу үргэлжлүүлэн ууна. Гэхдээ, хэрэв дараагийн тунг уух цаг ойртсон бол алдсан тунгаа уулгүй орхиж дараагийн тунг ердийнхөөрөө үргэлжлүүлээрэй. Мартагдсан тунг нөхөхийн тулд эмийг давхарлан тун ууж болохгүй. Эмчилгээний бүтэн курсээ дуусгахаа мартуузай.
Хэрэв та Зиндолины хэрэглээг зогсоохоор шийдсэн бол
Эмчилгээ эхэлснээс хойш хэдэн өдрийн дараа Таны бие сайжирсан байлаа ч эмчилгээгээ эмчийн заасны дагуу дуусгах нь чухал юм. Хэрэв та энэ эмийн хэрэглээг дутуу зогсоовол таны халдвар бүрэн эдгэхгүй бөгөөд халдварын шинж тэмдгүүд эргэж сэдрэх эсвэл улам дордох болно. Та мөн антибиотикт тэсвэртэй болж магадгүй юм.
Хэрэв Танд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар ямар нэг нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээсээ асуугаарай.
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болох ч хэрэглэсэн хүн бүрт тохиолдоод байдаггүй.
Дараах хэсэгт та өөрөө анхааралтай байж, эрт таньж илрүүлэх ёстой хамгийн ноцтой гаж нөлөөг мэдээллээ.
Хэрэв та дараах ноцтой гаж нөлөөний аль нэгийг анзаарсан бол Зиндолиныг хэрэглэхээ зогсоож, өөр антибиотик эмчилгээ хийлгэхийн тулд даруй эмчид хандаарай. Үүнд:
Ховор тохиолдох (1000 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно)
- Унаж татах (2-р хэсэгт буй Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ-г үз).
Маш ховор тохиолдох (10,000 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно)
- Цээж давчдах, толгой эргэх, дотор муухайрах, муурч унах, эсвэл босох үед толгой эргэх зэрэг шинж тэмдэг бүхий гэнэтийн, хүнд хэлбэрийн харшлын (анафилаксийн урвал/шок) урвал (2-р хэсэгт буй Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ-г үзнэ үү);
- Булчингийн сулрал, шөрмөсний үрэвсэл, ялангуяа өсгийний том (Ахиллийн) шөрмөс гэмтэх болон тасрахад хүргэдэг (2-р хэсэгт буй Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ-г үзнэ үү);
- Ам, хоолой, хамар, нүд, бэлэг эрхтэн болон бусад хэсгийн салст бүрхэвч цэврүүтэх, идээлж шархлах нь арьс өргөн цар хүрээтэй цэврүүтэх, гуужихтай хавсран илэрдэг амь насанд аюултай хүнд хэлбэрийн хам шинжүүд (Стивенс-Жонсоны хам шинж, арьсны хучуур эдийн хорт үхжил). (2-р хэсэгт буй Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ-г үзнэ үү:).
Давтамж тодорхойгүй (байгаа өгөгдлөөс давтамжийг тооцоолох боломжгүй)
- Гар хөлд хатгах, түлэгдэх мэт ер бусын өвдөлт мэдрэгдэх, мөчдөөр бадайрах, ирвэгнэх эсвэл мэдээ алдах, булчин сулрах гэх мэт мэдрэхүйн эмгэгшил (Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
- Арьсан дээр түгмэл тууралт гарах (AGEP), халуурах, дотоод эрхтнүүд үрэвсэх, цусны талаас эозинофилийн тоо ихсэх болон системийн өвчин үүсгэдэг эмийн хариу урвал болох- DRESS хам шинж илрэх. (DRESS - Drug Reaction with Eosinophilia and Systemic Symptoms, AGEP - Acute Generalised Exanthematous Pustulosis).
Ципрофлоксацин эмээр эмчилгээ хийх явцад ажиглагдсан бусад гаж нөлөөг давтамжаар нь ангилан дор жагсаав.
Түгээмэл тохиолдох (10 хүн тутмын 1-д нөлөөлж болох)
- дотор муухайрах, суулгах.
- хүүхдийн үе мөчний өвдөлт, үе мөчний үрэвсэл.
Цөөвтөр тохиолдох (100 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно)
- “супер халдвар” гэж нэрлэгдэх мөөгөнцрийн халдвар.
- цусны цагаан эсийн нэг төрөл - эозинофилийн тоо ихсэх
- хоолны дуршил буурах.
- сэтгэцийн хэт цочрол, дошгирол.
- толгой өвдөх, толгой эргэх, нойр хямрах, амтлах мэдрэмж өөрчлөгдөх.
- бөөлжих, хэвлийгээр өвдөх, хоол боловсруулах эрхтний асуудал, тухайлбал, ходоод гэдэсний хямрал (хоолны шингэц муудах/цээж хорсох), эсвэл гэдэс дүүрч цардайх.
- цусан дахь зарим бодисын (трансаминаза ба / эсвэл билирубин) хэмжээ ихсэх
- тууралт, загатнаа эсвэл чонон хөрвөс
- насанд хүрэгчдийн үе мөчний өвдөлт.
- бөөрний үйл ажиллагаа муудах.
- булчин болон яс өвдөх, бие сульдаж тавгүйрхэх (астения), халуурах.
- цусан дахь шүлтлэг фосфатаза нэмэгдэх
Ховор тохиолдох (1000 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болох)
- антибиотик хэрэглэсэнтэй холбоотой бүдүүн гэдэсний үрэвсэл. (маш ховор тохиолдолд нас баралтад хүргэж болзошгүй) (Анхааруулга урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
- цусны цагаан эсийн тоо өөрчлөгдөх (лейкоцитийн тоо ихсэх эсвэл багасах, нейтрофилийн тоо цөөрөх, цус багадалт), цусны бүлэгнэлтийн хүчин зүйлийн (тромбоцитын) хэмжээ ихсэх буюу буурах.
- харшлын урвал, хөөж хавагнах, арьс, салст бүрхэвчийн дор хурдан хугацаанд хавдах (судас -мэдрэлийн хаван гэнэ.) (Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү:).
- цусан дахь сахарын хэмжээ ихсэх (гипергликеми).
- цусан дахь сахарын хэмжээ буурах (гипогликеми) (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү:).
- ухаан самуурах, орчны баримжаа алдагдах, түгшүүрт автах, хар дарж зүүдлэх, сэтгэл гутралд орох (амиа хорлох тухай бодол төрөх, амиа хорлох оролдлого хийх, эсвэл бүрэн амиа хорлоход хүргэж болзошгүй) (Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү), эсвэл хий үзэгдэлд автах.
- энд тэнд хатгах мэт өвдөх, мэдрэхүйн эрхтнүүд ер бусын мэдрэмтгий болох, арьсны мэдрэмж буурах, гар хөл салгалах, толгой эргэх.
- юмс давхарлаж харагдах зэрэг харааны бэрхшээл илрэх (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
- чих шуугих, сонсгол муудах болон алдагдах,.
- зүрхний цохилт хурдсах (тахикарди).
- цусны судас тэлснээс цусны даралт багасах, муурч унах.
- амьсгал давчдах, түүний дотор бронхийн багтраа илрэх.
- элэгний эмгэгшил (цөс зогсонгшилийн шарлалт эсвэл гепатит) үүсэх.
- гэрэлд хэт мэдрэмтгий болох (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
- булчин өвдөх, үе мөч үрэвсэх, булчингийн чангарал (тонус) нэмэгдэж, татганах.
- шээсэнд цус эсвэл талст илрэх, шээсний замын үрэвсэл, бөөрний дутагдалд орох.
- биед шингэн ихээр хадгалагдах эсвэл хэт их хөлрөх.
- амилаза ферментийн түвшин нэмэгдэх.
Маш ховор тохиолдох (10,000 хүн тутмын 1 хүртэл тохиолдож болно)
- цусны улаан эсийн тоо бууралтын онцгой хэлбэр болох цус задралын цус багадалт; ясны чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдсанаас үүссэн цусны цагаан эсийн нэг төрлийн аюултай цөөрөлт (агранулоцитоз); цусны улаан ба цагаан эс, ялтас эсийн тоо цөөрөх (панцитопени) илэрч болох ба эдгээр нь үхэлд хүргэж болзошгүй; (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
- сийвэнгийн өвчинтэй төстэй урвал гэж нэрлэгддэг харшлын урвал (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
- сэтгэцийн эмгэг (сэтгэцийн хүчтэй хямрал, амиа хорлох тухай бодолд хүргэж, амиа хорлох оролдлого хийх эсвэл бүрэн амиа хорлож болзошгүй) (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
- мигрень гэж нэрлэгдэх толгойн хүчтэй өвдөлт, тэнцвэр алдагдах, алхаа хэвийн бус болох (алхалтын эмгэг),
- үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх, гавал тархины дотоод даралт ихсэх (хуурамч хавдар гэж нэрлэгддэг).
- хараанд өнгөний гажуудал илрэх буюу зарим өнгийг харахгүй болох.
- судасны ханын үрэвсэл (васкулит).
- нойр булчирхайн үрэвсэл.
- элэгний эсийн сөнөрөл (элэгний үхжил) маш ховор тохиолдолд амь насанд халтай элэгний дутагдалд хүргэдэг (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
- арьсан доорх жижиг цус харвалт (петехи); янз бүрийн арьсны тууралт эсвэл тууралт.
- миастени гравис буюу булчин сулрах эмгэгтэй хүмүүсийн эмгэг шинж тэмдгүүд улам дордох (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
Давтамж тодорхойгүй (одоо байгаа өгөгдлөөс давтамжийг тооцоолох боломжгүй)
- амь насанд аюултайгаар зүрхний хэм хэт түргэсэх, зүрхний хэмнэл алдагдах, (зүрхний цахилгаан бичлэгт) "QT зай уртсах" гэж нэрлэгддэг өөрчлөлт илрэх
- арьсан дээр идээт тууралт гарах
- К витамины эсрэг үйлдэлтэй эм хэрэглэж байгаа хүмүүсийн цусны бүлэгнэлт өөрчлөгдөх
- сэтгэлийн хүчтэй цочрол, догдлол бүр солиорлын байдалд орох (мани гэнэ) эсвэл сэтгэл маш өөдрөг болж хөдөлгөөний хэт идэвхжилд орох (гипомани гэнэ).
- ус -эрдсийн гадагшлалтын тэнцвэр алдагдсаны улмаас цусан дахь натрийн хэмжээ багассантай холбоотой хам шинж.
- цусан дахь сахарын хэмжээ огцом буурснаас болж ухаан алдах (гипогликемийн кома). (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
Маш ховор тохиолдолд дараах удаан хугацаанд (сар жилээр) үргэлжлэх гаж нөлөө тохиолддог. Үүнд: Шөрмөсний үрэвсэл, шөрмөс тасрах, үе мөчөөр өвдөх, алхахад хүндрэлтэй болох, арьсан дээр зүүгээр хатгуулах, түлэгдэх, хорсох, гижиг хүрэх бадайрах, ирвэгнэх, мэдээ алдах зэрэг хэвийн бус мэдрэмжүүд (мэдрэлийн эмгэг), сэтгэл гутралд орох, ядрах, нойр хямрах, мартамхай болох түүнчлэн сонсгол, хараа, амт, үнэрийн мэдрэмжүүд өөрчлөгдөх зэрэг байх бөгөөд энэ нь зарим тохиолдолд хинолон, фторхинолон антибиотикийн хэрэглээнээс бараг хамааралгүй, өвчтөнд өөрт нь байсан эрсдэлт хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг.
Мөн түүнчлэн гол судасны хана нимгэрэх, цүлхийж (аневризм) зүрхний дутагдал үүсгэх ба улмаар гол судасны хана цуурч урагдан үхэлд хүргэж болзошгүй.
Фторхинолоныг хүлээн авч буй өвчтөнүүдэд зүрхний хавхлагын дутагдал үүссэн тохиолдол мэдээлэгдсэн. (Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэсгийг үзнэ үү).
Гаж нөлөөний талаар мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Үүнд энэ зааварт ороогүй аливаа гаж нөлөө ч орно. Та мөн энэ гаж нөлөөний талаар өөрийн үндэсний “Гаж нөлөөг эргэн мэдээлэх тогтолцоонд” (эмнэлэг, эмийн санд) шууд мэдээлэх боломжтой (дорх дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү). Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар нэмэлт мэдээлэл өгч буй хэрэг бөгөөд эмийг улам бүр аюулгүй болгоход хувь нэмрээ оруулах болно. Хаяг:
Кипр улс. Эмийн үйлчилгээ. Эрүүл мэндийн яам. CY-1475
Факс: + 357 22608649
Веб-сайт: www.moh.gov.cy/phs
5. Зиндолиныг хэрхэн хадгалах вэ
Энэ эмийг 250С -ээс доош хэмд, нарны гэрлийн шууд тусгал ба чийгнээс хамгаалж хадгал. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт газар хадгална уу.
Хадгалалтын хугацаа нь дууссан эмийг бүү хэрэглээрэй. Хадгалах хугацааг эмийн хайрцаг болон шошгон дээр "EXP"- гэсэн үгийн ард тоогоор бичсэн байдаг. Дуусах хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болдог.
6. Багцын агуулга болон бусад мэдээлэл
Зиндолин юуг агуулдаг болох:
- Идэвхтэй үйлчлэгч бодис нь ципрофлоксацин.
Зиндолин 250 мг хальсан бүрхүүлтэй шахмалд: 250 мг ципрофлоксацинтай тэнцэх хэмжээний ципрофлоксацины гидрохлорид агуулагддаг.
Зиндолин 500 мг хальсан бүрхүүлтэй шахмалд: 500 мг ципрофлоксацинтай тэнцэх хэмжээний ципрофлоксацины гидрохлорид агуулагддаг.
- Бусад найрлага: бичил талстат целлюлоз, повидон, цардуулт натрийн гликолат (А хэлбэр), магнийн стеарат, тальк, цахиурын коллоидын хуурайшуулсан исэл, гипромеллоз, макрогол 400, титаны давхар исэл агуулагдана.
2-р догол мөрнөөс "Туслах бодисын анхааруулга"-г үзнэ үү.
Зиндолины харагдах байдал, савлалт
Зиндолин 250 мг шахмал: Цагаан өнгийн, дугуй хэлбэрт, хальсан бүрхүүлтэй шахмал.
Зиндолин 500 мг шахмал: Цагаан өнгөтэй, капсул хэлбэртэй, хальсан бүрээстэй, нэг талд нь ZIN гэсэн үсэг ба Remedica-ийн лого-г, нөгөө талд нь 500 гэсэн тоог товойлгон дүрсэлсэн шахмал
Багцын хэмжээ:
Зиндолины 250 мг шахмалыг:
PVC/PVDC-Хөнгөн цагаан материалаар хийгдсэн үүрэн саванд 10 ба 100 ширхэгээр багцлан хийж савласан.
Эсвэл Полиэтилен (PE) эдээр хийгдсэн таглаа бүхий, полипропилен (PP) саванд 100,500, 1000 шахмалаар багцлан хийж битүүмжилсэн.
Зиндолин 500 мг шахмалыг:
PVC/PVDC-Хөнгөн цагаан материалаар хийгдсэн үүрэн саванд 10, 100 ба 500 ширхэгээр багцлан хийж савласан.
Эсвэл Полиэтилен (PE) эдээр хийгдсэн таглаа бүхий, полипропилен (PP) саванд 100 ба 500 шахмалаар багцлан хийж битүүмжилсэн.
Бүх савлагааны хэмжээгээр худалдаанд гаргах боломжгүй
Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч
Remedica Ltd Aharnon Str., Лимассолын аж үйлдвэрийн газар 3056 Лимассол, Кипр
Энэ зааврыг хамгийн сүүлд 2021 оны 01-нд шинэчилсэн.
Таны эмнэлгийн боловсролд нэмэрлэх бяцхан зөвлөгөө
Антибиотикийг бактерийн халдварыг эмчлэхэд ашигладаг. Тэд вирусын халдварын эсрэг үр дүнгүй байдаг. Таны эмч таны одоогийн өвчинд яг хэрэгтэй антибиотикийг зааж өгсөн байгаа. Гэсэн хэдий ч антибиотикийг үл харгалзан зарим бактери амьд үлдэж өсөн үржиж болно. Энэ үзэгдлийг антибиотикт тэсвэрт чанар үүсэх гэж нэрлэдэг. Үүний улмаас зарим антибиотикийн эмчилгээ үр дүнгүй болдог. Антибиотикийг буруугаар хэрэглэх нь нян антибиотикт тэсвэртэй болох үйл явцыг нэмэгдүүлдэг. Хэрэв та дараах зүйлийг үл тоомсорловол бактерийг тэсвэртэй болоход тусалж, эдгэрэлтээ хойшлуулах эсвэл антибиотикийн үр нөлөөг бууруулах эрсдэлтэй. Үүнд:
- эмийн тун.
- хэрэглэх дэглэм.
- эмчилгээний үргэлжлэх хугацаа.
Тиймээс энэ эмийн үр нөлөөг хадгалахын тулд:
- Антибиотикийг зөвхөн жорын дагуу хэрэглэ.
- жорыг чанд дагаж мөрд.
- Та дараагийн удаад ижил төстэй өвчнийг эмчлэхийг хүсч байсан ч эмчийн жоргүйгээр антибиотикийг бүү хэрэглээрэй.
- антибиотик эмээ хэзээ ч өөр хүнд өгч хэрэглүүлэхгүй байх; Магадгүй энэ нь түүний өвчинд огт тохирохгүй байж болох юм.
- Эмчилгээ дууссаны дараа ашиглаагүй бүх эмийг зөв хаяж устгахын тулд эмийн санд буцааж өгнө үү.
Зөвхөн дотоодын хэрэглээнд зориулагдсан: cy-pl-zindolin-fc-tabs-a12
Албан ёсны борлуулагч: “Монголфарм” ХХК
Утас: 70122142; 70162142





































































































































































































































































































