
Хэрэглэх заавар
Савлагаан доторх эм хэрэглэх заавар: хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл
Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сироп
Карбоцистеин
Энэхүү бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг бүхэлд нь анхааралтай уншаарай. Учир нь тэрээр таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулдаг.
Уг бэлдмэлийг ихэвчлэн энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ.
- Уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Таньд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв таньд ямар нэгэн нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө хэрэгтэй болвол эм зүйчээс асууна.
- Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж зөвлөнө. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө орно. 4 хэсгийг үз.
- Хэрэв 5 өдрийн дараа шинж тэмдэг сайжрахгүй эсвэл дордвол эмчдээ хандах хэрэгтэй:
Уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт юу агуулагддаг вэ?
- Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сироп гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
- Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг хэрхэн хадгалах вэ?
- Савлалтын агууламж ба бусад мэдээлэл
- Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сироп гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Эмийн эмчилгээний бүлэг: Цэр шингэлэх эм, АТХ код: R05CB03 (R: Амьсгалын систем)
Уг бэлдмэл гуурсан хоолойн шүүрлийг шингэлэгч бэлдмэл. Тэрээр ханиалгаар шүүрлийг гадагшлахад тусална.
Бэлдмэлийг насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны өсвөр үеийнхний ховхроход бэрхшээлтэй цэр (бронхын шүүрэл ховхрохол хүндрэлтэй байгаа) бүхий амьсгалын замын шинээр үүссэн эмгэгийн үед хэрэглэнэ.
- Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг дараах тохиолдолд хэрэглэхгүй:
- Хэрэв та карбоцистеинд эсвэл бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бүрэлдэхүүн хэсэгт (6 хэсэгт жагсаасан) харшилтай (хэт мэдрэг) бол
Хэрэв таньд ямар нэгэн эргэлзээтэй зүйл байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууна.
Анхааруулга ба болгоомжлол
Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандаж зөвлөнө.
Дараах тохиолдолд эмнэлгийн зөвлөгөө шаардлагатай:
- Хэрэв таньд өтгөн эсвэл идээтэй цэртэй эсвэл халуурах шинж илэрч байгаа бол
- Хэрэв та архаг явцтай (удаан хугацааны) гуурсан хоолойн ба уушгины өвчинтэй бол
- Хэрэв та ходоод эсвэл дээрх гэдэсний шархлаатай бол
- Хэрэв та өндөр настай бол
- Хэрэв та ходоод ба дээрх гэдэсний цус алдалт үүсгэдэг бусад эм хэрэглэж байгаа бол
Хэрэв танд ходоод эсвэл гэдэсний цус алдалт илэрвэл эмчилгээг зогсоохыг зөвлөдөг.
Уг бэлдмэлийг хэрэглэх үед сайн дураар ханиалгах бөгөөд энэ нь цэр ховхролтыг дэмжинэ.
Хэрэв шинж тэмдэг дордвол эмчилгээг үргэлжлүүлж болохгүй. Энэ тохиолдолд эмчлэгч эмчтэй зөвлөж эмчилгээгээ дахин үнэлнэ.
Хэрэв таньд ямар нэгэн эргэлзээтэй зүйл байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууна.
Хүүхэд ба өсвөр насныхан
Зөвхөн насанд хүрэгсэд болон 15-с дээш насны өсвөр насныханд зориулсан бэлдмэл
Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сироп ба бусад эмийн бэлдмэл
Уг бэлдмэл карбоцистеин агуулдаг. Бусад бэлдмэл мөн карбоцистеин агуулдаг. Зөвлөсөн тунг хэтрүүлэхээс зайлсхийхийн тулд тэдгээрийг хамт хэрэглэж болохгүй.
Хэрэв та ямар нэгэн өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн, хэрэглэж магадгүй байгаа бол эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ мэдэгдэнэ.
Карбоцистеины эмчилгээний үед ханиалга намдаадаг эсвэл гуурсан хоолойн шүүрлийг хатаадаг бэлдмэл хэрэглэж болохгүй.
Жирэмсэн ба хөхүүл үе
Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа, эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууна.
Уг бэлдмэлийг жирэмсэн үед зөвхөн эмчлэгч эмчийн зөвлөсний дагуу хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэх үед хүүхдээ хөхөөр хооллох боломжтой.
Ямар нэгэн бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууна.
Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сироп нь сахароз, метил парагидроксибензоат (Е218), натри болон жаргаж буй нарны шар FCF (E110) агуулдаг.
Уг бэлдмэл нь сиропын 15мл тунд 5,25г сахароз (сахар) агуулдаг. Үүнийг чихрийн шижинтэй хүмүүст анхаарах хэрэгтэй. Хэрэв таньд эмчлэгч эмч зарим төрлийн сахар зохидоггүй гэж хэлсэн бол уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө.
Уг бэлдмэл нь метил парагидроксибензоат (Е218), натри болон жаргаж буй нарны шар өнгө FCFазо будагч бодис агуулдаг бөгөөд эдгээр нь харшлын урвал (удаан типийн байж болно) үүсгэж болно.
Уг бэлдмэлийн 15мл тунд 100мг натри (хоол хийх үндсэн бүрэлдэхүүн хэсэг/хоолны давс) агуулагддаг. Энэ нь насанд хүрэгсдийн зөвлөж буй натрийн хоногийн дээд хэрэглээний 5%-тай тэнцэнэ.
- Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг яаж хэрэглэх вэ?
Уг бэлдмэлийг ихэвчлэн энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууж шалгана.
Тун
Зөвлөж буй тун нь 1 хэмжээс бүхий аягаар өглөө, үд дунд, орой хоолноос хамааралгүй хэрэглэх ба хоногт 3 хэмжээс бүхий аяганаас хэтрүүлж болохгүй.
1 хэмжээс бүхий халбага = 15мл = 750мг карбоцистеин
Хэрэв таньд бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчтэй ярилцана.
Хэрэглэх арга
Ууж хэрэглэнэ.
Хэрэглэсний дараа хэмжээс бүхий аягыг сайтар зайлж угаана.
Хэрэглэсний дараа флаконыг сайтар таглана.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Эмчилгээ богино хугацаагаар үргэлжилнэ. Эмчийн зөвлөгөөгүйгээр эмчилгээг 5 өдрөөс хэтрүүлж болохгүй.
Хэрэв та Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг зөвлөснөөс их тунгаар хэрэглэсэн бол
Яаралтай эмчлэгч эмч эсвэл эм зүйчтэй зөвлөнө.
Хэрэв та Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол
Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Хэрэв таньд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж асууна.
- Илэрч болох гаж нөлөө
Бусад бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар уг бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь хүн бүрт илрэхгүй.
- Ходоодны өвдөлт, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын эмгэг. Энэ тохиолдолд бэлдмэлийн тунг багасгахыг зөвлөдөг.
- Ходоод эсвэл гэдэснээс цус алдах боломжтой. Эмчилгээг зогсоох хэрэгтэй.
- Харшлын урвал илэрч арьсан дээр толбот ба гөвдрүүт тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, нүүр эсвэл хүзүү хавагнан амьсгалахад хүндрэлтэй болох ба өвчтөнд аюултай байдал (Квинкийн хаван) үүсэж болно. Энэ тохиолдолд эмчилгээг зогсоож яаралтай эмчлэгч эмчдээ хандаж зөвлөнө.
- Хүрэн эсвэл хөх ягаан товруут тууралт илэрч арьсны өнгийг өөрчилж (эмийн шалтгаантай байнгын тууралт) болно. Энэ тохиолдолд яаралтай эмчлэгч эмчдээ хандаж зөвлөх хэрэгтэй.
- Арьсан дээр хааяа цэврүүтэй гөвдрүүт тууралт гарах бөгөөд энэ нь амыг гэмтээж (олон хэлбэрийн улайрал) болно. Арьсны салангид цэврүүт тууралт бүх биеэр тархах ба өвчтөнд аюул учруулж (Стивенс Джонсоны хам шинж) болно.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандаж зөвлөнө. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна. Та гаж нөлөөг үндэсний мэдээллийн системээр шууд мэдээлж болно. Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээллээр хангахад тусална.
- Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропыг хэрхэн хадгалах вэ?
Уг бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хайрцаг болон флакон дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.
Ямар нэгэн эмийн бэлдмэлийг бохирын ус эсвэл ахуйн хогонд хаяж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй эмийг хэрхэн хаяж устгах талаар эм зүйчээс асууна. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.
- Савлалтын агууламж ба бусад мэдээлэл
Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропын найрлага
Үйлчлэгч бодис:
Карбоцистеин 5.00г
100мл сироп-д
Бусад туслах бодис:
Глицерол, метил пара гидроксибензоат (Е218), сахароз, хөх патент V, жаргаж буй нарны шар өнгө FCF (Е110), карамелын амт оруулагч, натрийн гидроксид, цэвэршүүлсэн ус
Флюдитек насанд хүрэгсдийн цэр ховхлох 5% сиропын дүрслэл ба савлалтын агууламж
Уг бэлдмэлийг сироп хэлбэрээрхэмжээс бүхий аяга бүхий 125мл флаконд савлаж гаргана.
Худалдааны эрх эзэмшигч ба үйлдвэрлэгч
Худалдааны эрх эзэмшигч
LABORATOIRE INNOTECH INTERNATIONAL
22 AVENUE ARISTIDE BRIAND
94110 ARCUEIL
Франц
Үйлдвэрлэгч
RUE RENE CHANTEREAU, CHOUZY-SUR-CISSE
41150 VALLOIRE-SUR-CISSE
Франц
Уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хамгийн сүүлд 2020 оны 4 сард хянасан.







































































