
Хэрэглэх заавар
Савлалтанд хавсаргах заавар: Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл
ДЕКСИРЕН 25мг хальсан бүрхүүлтэй шахмал
Ууж хэрэглэнэ.
· Үйлчлэгч бодис: Бүрхүүлтэй шахмал бүрт 25мг декскетопрофентэй тэнцэхүйц 36.90мг декскетопрофен трометамол агуулагдана.
· Туслах бодис: Урьдчилан желатинжуулсан эрдэнэ шишийн цардуул, бичил талстат целлюлоз (Авицел PH 101), бичил талстат целлюлоз (Авицел PH 102), натрийн гликолат цардуул, поливинилийн спирт, титаний диоксид, глицерил дистеарат, магнийн стеарат, коллоид цахиурын диоксид, полиэтилен гликол, тальк.
Энэхүү эмийн заавар нь танд чухал хэрэгцээт мэдээлэл агуулсан тул хэрэглэхийн өмнө бүхэлд нь уншина уу. · Энэхүү хэрэглэх зааврыг хадгална уу. Дахин унших шаардлага гарч болзошгүй. · Нэмэлт асууж тодруулах зүйлс байвал эмч эсвэл эм зүйчид хандана уу. · Энэхүү эмийг зөвхөн танд зориулан бичсэн болно. Бусдад дамжуулж хэрэглэж болохгүй. · Эмийн бэлдмэлийг хэрэглэж буй хугацаанд эмч эсвэл эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай бол энэхүү эмийг хэрэглэж байгаа тухайг эмчид хэлэх хэрэгтэй. · Энэхүү эмийн хэрэглэх зааврыг ягштал баримталж хэрэглэнэ үү. Зөвлөсөн тунг ихэсгэх эсвэл багасгаж болохгүй. |
Энэхүү эмийн хэрэглэх зааварт дараах мэдээлэл багтана:
1. Дексирен гэж юу вэ, юунд хэрэглэгддэг вэ?
2. Дексирен хэрэглэхийн өмнө яах ёстой вэ?
3. Дексиренийг хэрхэн хэрэглэх вэ?
4. Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд
5. Дексиренийг хэрхэн хадгалах вэ?
1. Дексирен гэж юу вэ, юунд хэрэглэгддэг вэ?
Дексирен нь стеройд бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарах өвдөлт намдаах эмийн бэлдмэл юм. Энэхүү эмийг яс булчингийн тогтолцооны өвдөлт, сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед болон шүд өвдөх үеийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Дексирен нь 25мг декскетопрофен (декскетопрофен трометамол хэлбэрээр) агуулна. Цагаан өнгөтэй, 2 талдаа зураас бүхий дугуй хэлбэртэй шахмал юм. Бэлдмэл нь хайрцаганд 20 шахмалаар савлагдана.
2. Дексиренийг хэрэглэхийн өмнө яах ёстой вэ?
Дексиренийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:
· Хэрэв та декскетопрофен трометамол эсвэл дексиренийн найрлага дах аль нэг туслах бодист харшилтай (хэт мэдрэгшилт) тохиолдолд;
· Хэрэв та ацетилсалицилийн хүчил эсвэл стеройд бус бусад үрэвслийн эсрэг эмийн харшилтай тохиолдолд;
· Хэрэв та ацетилсалицилийн хүчил эсвэл стеройд бус үрэвслийн эсрэг нөлөөт бусад эм хэрэглэсний дараа астма эсвэл астмын өгүүлэмжтэй, цочмог харшлын ринит (харшлын шалтгаант богино хугацааны үрэвсэл хамранд үүсэх), хамрын ургацаг (хамранд харшлын шалтгаант эдийн томролт бий болох), чонон хөрвөс (арьсны тууралт), харшлаас шалтгаалж нүүр эсвэл хоолой хавагнах (нүүр, нүд, хэл эсвэл уруул хавагнах эсвэл амьсгал давхцах) эсвэл найтаалгах зэрэг шинж илэрч байсан тохиолдолд;
· Хэрэв та ходоодны идэгдмэл шархлаа, хоол боловсруулах замын цус алдалт буюу хоол шингэцийн ямар нэг өөрчлөлттэй (жишээлбэл, диспепси, цээж хорсох) эсвэл өмнө нь өвдөж байсан тохиолдолд;
· Хэрэв та өмнө нь өвдөлт намдаах зорилгоор стеройд бус үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл хэрэглэхэд хоол боловсруулах замын цус алдалт эсвэл цооролт үүсч байсан бол;
· Хэрэв та бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэгтэй (Кроны өвчин эсвэл шархлаат колит) бол;
· Хэрэв та зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдалтай, дундаас хүнд хэлбэрийн бөөр, элэгний үйл ажиллагааны дутмагшилтай бол;
· Хэрэв та цус алдах эсвэл цус бүлэгнэлтийн эмгэгтэй бол;
· Хэрэв та жирэмсэний сүүлийн 3 сард байгаа буюу хөхүүл бол;
Дексирен бэлдмэлийг хэрэглэхдээ дараах шинж тэмдэг ажиглагдвал анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй:
· Хэрэв та харшилтай буюу өмнө нь харшлын өгүүлэмжтэй байсан бол;
· Хэрэв та зүрх (даралт ихсэлт мөн/эсвэл зүрхний дутмагшил), элэг эсвэл шингэн хуримтлагдах зэрэг бөөрний эмгэгшилтэй эсвэл эдгээр шинж тэмдгийн өгүүлэмжтэй бол;
· Хэрэв та шингэн ихээр алдагдсантай холбоотойгоор цусны эзэлхүүн буурсан (жишээлбэл, хэт их шээх, суулгах эсвэл бөөлжих) эсвэл шингэний дутагдалтай буюу шээс хөөх эм хэрэглэдэг бол;
· Хэрэв та зүрхний эмгэгшилтэй буюу өмнө нь цус харваж байсан эсвэл өөрийгөө өндөр эрсдэлт бүлэгт (жишээлбэл, даралт ихсэлт, чихрийн шижин эсвэл холестеролын түвшин өндөр эсвэл тамхи татдаг) хамаарна гэж үзсэн тохиолдолд эмч эсвэл эм зүйчээс эмчилгээний талаар зөвлөгөө авна уу. Дексирен зэрэг эмийн бэлдмэл нь үл мэдэг хэмжээгээр зүрхний шигдээс эсвэл цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй. Өндөр тунгаар урт хугацааны эмчилгээ хийх үед төрөл бүрийн эрсдэл үүсэх магадлал ихэснэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа эсвэл зөвлөсөн тунг хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно.
· Хэрэв та өндөр настан бол танд гаж нөлөө илрэх магадлал их байна. Ялангуяа, ходоодны шархлааны цус алдалт болон цооролт нь амь насанд аюултай байж болзошгүй (4. Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд хэсгийг харна уу). Хэрэв аль нэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид хандана уу;
· Хэрэв та нөхөн үржихүйн асуудалтай эмэгтэй бол (дексирен нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд жирэмсэн болох эсвэл үргүйдлийн шинжилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа тохиолдолд энэхүү эмийг хэрэглэхийг хориглоно);
· Хэрэв та жирэмсний эхний 3 сар болон 2-р 3 сартай эмэгтэй бол;
· Хэрэв та цус эсвэл цусны эсийн үүсэлтийн эмгэгтэй бол;
· Хэрэв та системийн ревматозтой (ерөнхий арьс гуужих шинжээр илэрдэг эмгэг) эсвэл холбогч эдийн холимог эмгэгтэй (холбогч эдийг хамарч болзошгүй дархлаа тогтолцооны эмгэг) бол;
· Хэрэв та өмнө нь удаан хугацаанд гэдэсний үрэвсэлт эмгэгтэй байсан (бүдүүн гэдэсний шархлаат колит, Кроны өвчин) бол;
· Бусад ходоод гэдэсний замын эмгэгтэй эсвэл өмнө нь өвдөж байсан бол;
· Ходоодны шарх болон цус алдах эрсдлийг нэмэгдүүлдэг ууж хэрэглэх стеройд бэлдмэл; сэтгэл гутралын эсрэг зарим бэлдмэлүүд (Жишээлбэл, серотонины эргэн хамрагдлыг сонгомлоор саатуулдаг бэлдмэл); варфарин зэрэг антикоагулянтууд; мөн ацетилсалицилийн хүчил зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд дексирен бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Эмч нэмэлтээр ходоод хамгаалах эмийн бэлдмэл (жишээлбэл, мизопростол эсвэл ходоодны хүчил бууруулах эм) зөвлөж болох юм.
· Хэрэв та 18-аас доош настай бол;
· Эмчилгээний явцад дараах шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй: өтгөн цустай гарах; хар гарах, зунгаг мэт болох; цусаар бөөлжих; эсвэл кофены үр шиг хар бор өнгийн зүйлээр бөөлжих;
· Диспепси эсвэл цээж хорсох; хэвлийгээр өвдөх эсвэл бусад хэвлийн эмгэгшлийн бусад шинж тэмдгүүд.
Хэрэв тодорхой хугацаанд дээрх анхааруулгын аль нэг нь тохиолдож байсан бол эмчээс зөвлөгөө авна уу.
Дексиренийг хоол ундааны зүйлтэй хамт хэрэглэх:
Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж ууж хэрэглэнэ. Шахмалыг хоол хүнстэй хамт хэрэглэснээр ходоод болон гэдсэнд илэрч болзошгүй гаж нөлөөний эрсдлийг бууруулна. Гэвч цочмог өвдөлттэй тохиолдолд шахмалыг өлөн үед хэрэглэнэ. Эмийн бэлдмэлийг хоолноос дор хаяж 30 минутын өмнө хэрэглэвэл үйлдэлээ илүү хурдан үзүүлнэ.
Жирэмсэн үе.
Эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Дексиренийг жирэмсний сүүлийн 3 сартайд хэрэглэхээс зайлсхийнэ. Үнэхээр чухал шаардлагатай биш бол жирэмсний эхний болон хоёрдугаар 3 сард дексиренийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэв жирэмсэн бол эмчид хэлэх хэрэгтэй. Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа бол дексиренийг хэрэглэх нь тохиромжгүй.
Эмчилгээ хийлгэж байх хугацаанд жирэмсэлбэл нэн даруй эмч эсвэл эм зүйчид яаралтай хандана уу.
Хөхүүл эхчүүд.
Эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмч эсвэл эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Дексиренийг хөхүүл эхэд хэрэглэж болохгүй.
Жолоо барих ба машин техниктэй ажиллах үед үзүүлэх нөлөө.
Дексиренийн эмчилгээний үед хамгийн бага илрэх толгой эргэх, нойрмоглох зэрэг гаж нөлөө нь жолоо барих ба машин техниктэй ажиллах чадварт нөлөөлж болзошгүй. Хэрэв эдгээрийн аль нэг нь ажиглагдвал шинж тэмдэг арилтал жолоо барих ба машин механизмтай ажиллахыг хориглоно. Эмчээс зөвлөгөө авна уу.
Дексиренийн зарим найрлагын талаарх чухал мэдээлэл.
Энэхүү эмийн бэлдмэлийн шахмал бүрт 1ммоль (23мг)-оос бага хэмжээний натри агуулагдана; энэ тунгаар натритай холбоотой гаж нөлөө мэдээлэгдээгүй байна.
Бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх.
Дараах эмийн аль нэгийг дексирентэй хамт хэрэглэж байгаа бол эмч, шүдний эмч эсвэл эм зүйчид мэдэгдэх хэрэгтэй. Зарим эмийг хамт хэрэглэж болохгүй эсвэл хамт хэрэглэсэн тохиолдолд тунг зохицуулах шаардлагатай байж болзошгүй.
Хамт хэрэглэхэд зохисгүй бэлдмэлүүд:
· Ацетилсалицилийн хүчил (аспирин), кортикостеройдууд эсвэл үрэвслийн эсрэг бусад эмүүд
· Варфарин, гепарин эсвэл цус бүлэгнэлтээс сэргийлэх бусад эмийн бэлдмэлүүд
· Зан авирын зарим өөрчлөлтөд хэрэглэдэг Литийн бэлдмэл
· Ревматойдны артрит (үений хэлбэр дүрс өөрчлөгдөх болон өвдөлт зэрэг шинжээр илэрдэг байнгын эмгэг) болон хавдрын эмчилгээнд хэрэглэдэг Метротрексат
· Уналт таталтын үед хэрэглэдэг Гидантойнууд болон фенитойн
· Бактерын халдварын үед хэрэглэдэг Сульфаметоксазол (бичил биетнээр үүсгэгдсэн үрэвсэлт эмгэгүүд)
Хамт хэрэглэхэд анхаарал болгоомжлол шаардах бэлдмэлүүд:
· Артерийн даралт ихсэлт мөн зүрхний эмгэгт хэрэглэдэг АХФ саатуулагчид, шээс хөөх эм, бетта-блокаторууд болон ангиотензин II-ын антагонистууд
· Венийн архаг шархлааны эмчилгээнд хэрэглэдэг Пентоксифиллин болон окспентифиллин
· Вирусын халдварын эмчилгээнд хэрэглэдэг Зидовудин
· Чихрийн шижингийн үед хэрэглэдэг Хлорпропамид болон глибенкламид
Хамт хэрэглэхэд болгоомжлол шаардах бэлдмэлүүд:
· Бактерийн халдварын үед хэрэглэдэг Хинолоны уламжлалын антибиотикууд (жишээлбэл, ципрофлоксацин, левофлоксацин)
· Дархлаа тогтолцооны эмгэг болон эрхтэн шилжүүлэн суулгах үеийн эмчилгээнд хэрэглэдэг Циклоспорин эсвэл такролимус
· Стрептокиназ болон бусад бүлэн хайлуулах эсвэл фибрин хайлуулах эмийн бэлдмэлүүд; жишээлбэл, цусан дах бүлэн хайлуулах зорилгоор хэрэглэдэг эмийн бэлдмэлүүд
· Тулай өвчний эмчилгээнд хэрэглэдэг Пробенецид
· Зүрхний архаг дутмагшилын эмчилгээнд хэрэглэдэг Дигоксин
· Жирэмслэлт зогсоох зорилгоор хэрэглэдэг Мифепристон
· Сэтгэл гутралын эсрэг серотонины эргэн хамрагдалтыг сонгомлоор саатуулдаг бэлдмэлүүд
· Цус бүлэгнэлт эсвэл ялтаст эсийн агрегацийг (бөөгнөрөл) бууруулах зорилгоор хэрэглэдэг цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлүүд
Жортой эсвэл жоргүй худалдаж авсан ямар нэгэн эм хэрэглэж байгаа эсвэл ойрын хугацаанд хэрэглэсэн тохиолдолд эмч эсвэл эм зүйчид мэдэгдэх шаардлагатай.
3. Дексиреныг хэрхэн хэрэглэх вэ?
· Тун/хэрэглэх аргын давтамж ба зохистой хэрэглэх аргын заавар:
Дексиреныг ямагт эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Эргэлзээтэй зүйл байвал эмч эсвэл эм зүйчид хандана уу.
Өвдөлтийн төрөл, зэрэг мөн үргэлжлэх хугацаанаас хамаарч дексиренийн тунг тохируулна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа болон хоногт хэрэглэх шахмалын хэмжээг эмч хэлнэ. Ерөнхийдөө хоногт 3 шахмал (75мг)-аас хэтрүүлэхгүйгээр 8 цаг тутам 1 шахмал (25мг) тунгаар хэрэглэхийг зөвлөдөг.
· Хэрэглэх арга ба зам:
Шахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж ууж хэрэглэнэ. Хэрэв өвдөлт хүчтэй эсвэл өвдөлтийг хурдан намдаах шаардлагатай тохиолдолд эмийн шимэгдэлтийг дэмжих (“Дексиренийг хоол ундааны зүйлтэй хамт хэрэглэх” 2-р хэсгийг харна уу) зорилгоор шахмалыг өлөн үед (хоолноос дор хаяж 30 минутын өмнө) үед хэрэглэнэ.
· Насны бүлгийн ялгаа:
Хүүхдэд хэрэглэх:
Дексиренийг 18 ба түүнээс доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Өндөр настанд хэрэглэх:
Өндөр настанд эхлэх тунг тооцохдоо хоногт нийт 2 шахмал (50мг)-аас хэтрүүлэхгүй байх шаардлагатай. Хэрэв өндөр настанд дексирен тэвчил сайтай тохиолдолд эхлэл тунг ерөнхий зөвлөх тун (75мг) хүртэл ихэсгэж болно.
· Өвөрмөц бүлэгт хэрэглэх
Бөөр/элэгний үйл ажиллагааны дутмагшил:
Хэрэв бөөр эсвэл элэгний үйл ажиллагааны эмгэгшилтэй тохиолдолд эхлэх тунг тооцохдоо хоногт нийт 2 шахмал (50мг)-аас хэтрүүлэхгүй байх шаардлагатай.
Хэрэв танд дексиренийн үйлдэл хүчтэй эсвэл сул мэт мэдрэмж төрүүлж байвал эмч эсвэл эм зүйчид хандана уу.
Дексиренийг заасан тунгаас илүү хэмжээгээр хэрэглэсэн бол:
Хэрэв дексиренийг заасан тунгаас илүү хэмжээгээр хэрэглэсэн бол эмч эсвэл эм зүйчид хандах хэрэгтэй.
Эмийн бэлдмэлийн савлагаа буюу савалгаанд үлдсэн хэсгийг хэрэглэх зааврын хамт авчирах ёстойг анхаарна уу.
Хэрэв дексиренийг цагт нь хэрэглэхээ мартсан бол:
Дараагийн тунг зохих хугацаанд хэрэглэнэ.
Уугаагүй тунг нөхөхийн тулд тунг 2 давхарлан хэрэглэж болохгүй.
4. Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд:
Дексиренийг хэрэглэснээр бусад бүх эмийн адилаар хүн бүрт биш ч гэсэн гаж нөлөө үүсгэж болзошгүй. Мөн түүнчлэн, дексиренийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнд гаж нөлөө илэрч болзошгүй. Илэрч болзошгүй гаж нөлөөг тохиолдлын давтамжийн дагуу доор жагсааж бичив. Энэхүү хүснэгт нь доорх гаж нөлөө илрэх магадлалтай өвчтөний тоог харуулж байна.
Түгээмэл тохиолдох гаж нөлөө Эмчилгээ хийлгэсэн өвчтөний 1/100-ээс дээш 1/10-ээс доош тохиолдол |
Түгээмэл биш тохиолдох гаж нөлөө Эмчилгээ хийлгэсэн өвчтөний 1/1000-ээс дээш 1/100-ээс доош тохиолдол |
Ховор тохиолдох гаж нөлөө Эмчилгээ хийлгэсэн өвчтөний 1/10000-ээс дээш 1/1000-ээс доош тохиолдол |
Маш ховор тохиолдох гаж нөлөө Эмчилгээ хийлгэсэн өвчтөний 1/10000-ээс доош тохиолдол, тусгай ганц нэг тохиолдлыг оролцуулан |
Түгээмэл тохиолдох гаж нөлөө:
· Дотор муухайрах мөн/эсвэл бөөлжих
· Хэвлийн өвдөлт
· Суулгах
· Хоол шингэцийн алдагдал (диспепси)
Түгээмэл биш тохиолдох гаж нөлөө:
· Толгой эргэх
· Нойрмог байдал
· Нойрмоглох
· Нойрны мөчлөг алдагдах
· Сэтгэл түгших
· Толгой өвдөх
· Зүрх дэлсэх
· Арьс улайх
· Ходоодны эмгэгшлүүд
· Өтгөн хатах
· Ам хатах
· Гэдэс дүүрэх
· Арьсны тууралт
· Ядрах
· Өвдөх
· Халуурах ба салгалах
· Бие сулрах, тавгүйрхэх мэдрэмж төрөх
Ховор тохиолдох гаж нөлөө:
· Ходоодны идэгдмэл шархлаа
· Ходоодны идэгдмэл шархлаа цоорох эсвэл цусаар бөөлжих эсвэл өтгөн хар болох зэргээр цус алдалт илрэх
· Муужрах
· Цусны даралт ихсэх
· Амьсгал удаашрах
· Үе мөчөөр хавагнах (жишээлбэл, шагай хавагнах)
· Хоолны дуршил буурах (анорекси)
· Мэдрэх, мэдрэхүйн өөрчлөлтүүд
· Загатнаа ба тууралт
· Батга
· Хөлрөмтгий болох
· Нуруугаар өвдөх
· Ойр ойрхон, дахин дахин шээх
· Сарын тэмдэг алдагдах
· Түрүү булчирхайн эмгэгшил
· Элэгний үйл ажиллагааны сорил хэвийн бус болох (Цусны ерөнхий шинжилгээнд)
М Маш ховор тохиолдох гаж нөлөө:
· Анафилаксын урвал (бие махбодийн харшил-төрүүлэгч бодисын эсрэг үзүүлэх хүнд хэлбэрийн хариу урвал, гэнэтийн хэт мэдрэгшилт)
· Арьс, ам, нүд болон бэлэг эрхтний хэсэг дээрх ил шархууд (Стивен-Жонсон ба Лайеллийн хам шинж)
· Нүүр хавагнах эсвэл уруул ба хоолой хавагнах (судас мэдрэлийн хаван)
· Амьсгалын замын агшилтаас үүдэн амьсгал давчдах (бронхоспазм)
· Амьсгал бачуурах
· Тахикарди
· Цусны даралт буурах
· Нойр булчирхайн үрэвсэл
· Элэгний эсийн гэмтэл (гепатит)
· Хараа бүүдийх
· Чих дүнгэнэх
· Арьсны мэдрэг чанар ихсэх
· Гэрэлд мэдрэмтгий чанар ихсэх
· Загатнаа
· Бөөрний эмгэгшлүүд
· Цусан дах цагаан эсийн тоо цөөрөх (нейтропени), ялтаст эсийн тоо буурах (тромбоцитопени)
Хэрэв өмнө нь үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл удаан хугацаагаар хэрэглэснээс ямар нэгэн гаж нөлөө илэрч байсан мөн ялангуяа, өндөр настанд ходоод гэдэсний замын гаж нөлөө илэрнэ (жишээлбэл, хэвлийгээр өвдөх, цээжээр хорсох, цус алдалт). Арьсанд тууралт, ам эсвэл бэлэг эрхтэн орчим ямар нэгэн гэмтэлтэй эсвэл харшлын шинж тэмдэг илэрсэн тохиодолд дексирений хэрэглээг зогсооно.
Стеройд бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний үед шингэн хуримтлагдах ба хавагнах (ялангуяа, шагай болон хөл), цусны даралт ихсэлт болон зүрхний үйл ажиллагааны дутмагшлын шинж илэрсэн талаар мэдээлэгдсэн.
Дексирен зэрэг эмийн бэлдмэл нь зүрхний шигдээс эсвэл цус харвалтын эрсдэлийг үл мэдэг ихэсгэж болзошгүй. Үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүд нь ховор тохиолдолд холбогч эдийн дархлаа тогтолцооны эмгэгтэй (системийн люпус эритроматоз буюу холбогч эдийн холимог эмгэг) өвчтөн хэрэглэхэд халуурах, толгой өвдөх мөн хүзүү хөших шинж илэрч болзошгүй.
Хэрэв та энэхүү хэрэглэх зааварт дурдаагүй ямар нэгэн гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмч эсвэл эм зүйчид мэдэгдэнэ.
5. Дексиренийг хэрхэн хадгалах вэ?
Дексиренийг өөрийн савлагаанд, хүүхэд харахааргүй болон гар хүрэхээргүй газарт хадгална.
25℃-аас доош тасалгааны хэмд хадгална.
Хүчинтэй хугацааны дагуу ашиглах.
Дексиренийг савлагаан дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссаны дараа хэрэглэхийг хориглоно.
Хэрэв эмийн бэлдмэл буюу/эсвэл савлагаанд ямар нэгэн гэмтэл ажиглагдвал дексиренийг хэрэглэхийг хориглоно.
Зөвшөөрөл эзэмшигч:
Ilko Ilaҫ San. Ve Tic. A.Ş.
Veysel Karani Mah. Ҫolakoğlu Sok. No: 10
34885 Sancaktepe / Istanbul-Turkey
Үйлдвэрлэгч:
Ilko Ilaҫ San. Ve Tic. A.Ş.
3.Organize Sanayi Bölgesi Kuddusi Cad. 23. Sok. No:1
Selҫuklu / Konya-Turkey