Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Пирацетам
Худалдааны нэр
Англи
Пирацетам
Үйлдвэрлэгч
Цомбо фарм эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
10%-10мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Пирацетам (тариа),

(Pyracetam)

Эмийн худалдааны болон олон улсын нэр:  Пирацетам

Эмийн хэлбэр: Тун шилтэй тарилгын уусмал

Эмийн найрлага, тун хэмжээ:

  • Пирацетам                      1 гр
  • Натрийн ацетат             0,005 г
  • Тарилгын нэрмэл ус     10 мл хүртэл

Эм судлалын үйлдэл:

  • Пирацетам ноотроп эмийн бүлэгт багтана.
  • Пирацетам нь тархины бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг. Тэрээр тархины эдэд АТФ-ийн концентрацийг ихэсгэн, рибонуклейний хүчил болон фосфолипидийн бионийлэгжилтийг ихэсгэн глюкоз ашиглалтыг сайжруулна.
  • Уг бэлдмэл тархины бүтцүүдийн өөр хоорондын холбоот үйл ажиллагаа сайжруулан, ой тогтоомжийг дээшлүүлж, тархины төрөл бүрийн хэлбэрийн гипоксийн нөлөөнөөс хамгаалж сурах чадварыг дээшлүүлнэ.
  • Бэлдмэл тархины тал бөмбөлөгүүд ба синапсийн дамжуулалт, их тархины бус бүтцүүдийн өөр хоорондын холбоот үйл ажиллагааг сайжруулж, тархины үйл ажиллагааг ялангуяа ой тогтоолт ба хэл ярианы хэвийн үйл ажиллагааг тогтворжуулан оюуны чадавхийг дээшлүүлж тархины цусан хангамжийг ихэсгэдэг.

Хэрэглэх заалт:

  • Пирацетамыг мэдрэл, сэтгэц болон наркологийн практик хэрэглэнэ.
  • Мэдрэлийн практикт Пирацетамыг голчлон тархины судасны эмгэгүүд (атерсклероз, артерийн даралт ихсэх өвчин, судасны шалтгаанд паркинсонизм), ой санамж, анхаарал төвлөрөлт, хэл ярианы өөрчлөлт, толгой өвдөлт ба толгой эргэлт бүхий тархины цусан хангамжийн архаг дутмагшлууд, гэмтэл хордлогын дараах тархины цусны эргэлт өөрчлөгдөж ком буюу субкомын байдалд орсон үе, мөн дээрх шалтгаануудын дараах сэргээх эмчилгээний үед өвчтөний хөдөлгөөний болон сэтгэцийн идэвхийг сэргээх зорилгоор хэрэглэнэ. Мөн түүнчлэн Пирацетамыг ой ухааны үйл ажиллагаа суларсан болон сэтгэл хөдлөлийг хэв хэмжээний өөрчлөлт бүхий мэдрэлийн өвчний үед хэрэглэнэ.
  • Сэтгэцийн практикт адинами, астеник ба сенесто-ипохондрик өөрчлөлт, идеомотор саатал зэрэг шинжээр илэрсэн янз бүрийн шалтгаант мэдрэлийн сэтгэл гутралын үед хэрэглэх ба мөн нуршимтгай байдал, өтлөлийн болон атрофийн байдал үүссэн тохиолдлууд болон “органик дутмагшлын” суурин дээр үүссэн эмгэгүүдийн бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ. Түүнээс гадна пирацетамыг антидепрессантад үр дүнтэй байгаа сэтгэл гутралт өвчнүүд, мөн нейролептик болон сэтгэц нөлөөт бусад эмэнд зохимж муутай байгаа өвчтөнд тэдгээрийн улмаас үүссэн сомавегетатив, мэдрэлийн болон сэтгэцийн өөрчлөлтийн эмчилгээнд туслах бодис болгон хэрэглэдэг. Наркологийн практикт архаг архидалтын үеийн абстиненци, дэмийрлийн болон түүний урьдал байдлын үед хэрэглэх ба мөн түүнчлэн архи, морфин, барбитуратууд болон фенамин зэрэг бодисын цочмог хордлогын үед хэрэглэнэ. Түүнээс гадна пирацетамыг сэтгэцийн байнгын өөрчлөлт бүхий архаг архидалтын эмчилгээнд хэрэглэдэг (астени, ой ухаан, санамжийн өөрчлөлт г.м)

Хориглох заалт:

  •  Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй.
  • Жирэмсэн ба хөхүүл эхчүүд, бөөрний хүнд дутмагшилтай хүмүүст (кератины клиренс 20 мл/мин-аас бага) хэрэглэхгүй.

Болгоомжлох арга хэмжээ:

  • Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд үлдэгдэл акот ба креатинийг тодорхойлж байх ба элэгний эмгэгтэй өвчтөнд элэгний үйл ажиллагааг илэрхийлэх лабораторийн үзүүлэлтүүдийг тодорхойлж байх шаардлагатай.
  • Эпилепсийн эсрэг эмийн эмчилгээ хийлгэж буй өвчтөнд пирацетамыг хэрэглэхдээ үндсэн эмчилгээг эпилепсийн эсрэг эмээр үргэлжлүүлэх бөгөөд энэ тохиолдолд таталтын босго буурч болзошгүй.

Бусад эмийн бодистой харилцан үйлчлэл:

  • ТМТ сэргээх эмүүд, нейролептик эмүүд бамбай булчирхайн үйл ажиллагаа дутмагшсан үед хэрэглэх бамбай булчирхайн гормонуудтай харилцан нөлөө үүсгэж болзошгүй.

 Гаж нөлөө:

  • Хоногт 5 гр-аас их тунгаар хэрэглэж байгаа үед гаж нөлөө олонтаа илэрдэг.
  • Зарим өвчтөнд цочромтгой болох, сэрэмтгий чанар ихсэх, нойр өөрчлөгдөх, толгой өвдөх диспепсийн шинж илрэх, бэлгийн үйл ажиллагаа идэвхижих, хөдөлгөөний идэвхи нэмэгдэх өндөр настанд хааяа титэм судасны цусан хангамжийн дутмагшлын шинж илэрч болзошгүй. Эдгээр тохиолдолд тунг багасгах буюу эмчилгээг зогсооно.

Олгох нөхцөл: Эмийн жороор олгоно.

Хүчинтэй хугацаа:

  • Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгалж болно.
  • Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөцөл ба анхааруулга:

  • Нарны шууд тусгалаас хамгаалагдсан сэрүүн газарт хадгална.
  • Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Савлалт:

  • 10%-ийн 10 мл-ийн тун шил.
  • 1 х 10 ширхэг бүхий картон хайрцагт савлана.