Хэрэглэх заавар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
(Эмчлүүлэгчид зориулсан мэдээлэл)
ИБУФЕН® ФОРТЕ
Бөөрөлзгөнөт
Худалдааны нэршил Ибуфен® Форте
Патентлагдаагүй олон улсын нэршил Ибупрофен
Эмийн хэлбэр
Бөөрөлзгөний амтат, ууж хэрэглэх 200 мг/5 мл хөвмөл.
Найрлага: 5 мл хөвмөлд:
Идэвхтэй бодис: ибупрофен 200 мг
Туслах бодис: гипромеллоз, ксантаны бохь, глицерол, натрийн бензоат, шингэн мальтитол, натрийн цитрат, нимбэгийн хүчлийн моногидрат, натрийн сахаринат, натрийн хлорид, бөөрөлзгөний амт, үнэр оруулагч, цэвэршүүлсэн ус.
Харагдах байдал
Бөөрөлзгөний үнэртэй, цайвар цагаан өнгийн нэг төрлийн хөвмөл.
Эмийн эмчилгээний бүлэг
Стероидын бус үрэвслийн эсрэг, хэрлэгийн эсрэг бэлдмэл (СБҮЭБ).
АТС код: М01АЕ01
Эм судлалын шинж чанар
Фармакокинетик
Ибупрофеныг уусны дараа хурдан, бүрэн шимэгдэн бие махбодод тархана. Өлөн үедээ ууж хэрэглэвэл сийвэн дэх тунгийн дээд хэмжээндээ ууснаас хойш (tmax) 1-2 цагийн дараа хүрнэ. Хүнсний зүйл эмийн шимэгдэлтийг удаашруулах боловч (ойролцоогоор 30-60 минутаар удааширч (tmax) 1,5-3 цаг болно) биохүрэхүйг өөрчлөхгүй. Ибупрофен сийвэнгийн уурагтай (үндсэн уураг альбуминтай) 99% холбогдоно. Ибупрофен ба түүний метаболитууд бие махбодоос бөөрөөр дамжин бүрэн гүйцэд гадагшилна. Хагас гадагшлалтын хугацаа ойролцоогоор 2 цаг.
Фармакодинамик
Ибупрофен нь пропионы хүчлийн уламжлал бөгөөд халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвсийн эсрэг нөлөө үзүүлнэ.
Ибупрофены үрэвслийн эсрэг механизм нь: арахидоны хүчлээс простагландин үүсэхийг нөхцөлдүүлдэг циклооксигеназа ферментийн идэвхийг дарангуйлснаар простагландины нийлэгжилтийг саатуулдаг гэж үздэг боловч үүнээс өөр механизм байгааг үгүйсгэхгүй. Ибупрофеныг ууснаас 30 минутын дараа халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэл илрэнэ.
Хэрэглэх заалт
· төрөл бүрийн шалтгаант халуурлын үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ. Үүнд:
- Ханиад шуухинаа
- Вирусийн халдварын шалтгаант амьсгалын замын цочмог үрэвсэл
- Томуу
- Гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолой залгиурын үрэвсэл
- Хүүхдийн, халуурах шинж тэмдэг бүхий халдвар
- Вакцинжуулалтын дараах урвал.
· Дараах шалтгаанаас үүдэлтэй хөнгөн, дунд зэргийн өвдөлт намдаах зорилгоор:
- Дунд чихний үрэвслийн улмаас үүссэн чихний өвдөлт
- Шүдний өвдөлт намдаах, шүд цухуйх үедээ өвдөх
- Толгой өвдөх, мигрени
- Булчин, үений өвдөлт
- Тулгуур- хөдөлгөөний эрхтний гэмтэл.
Хориглох заалт
Ибуфен® Форте бэлдмэлийг дараах өвчтөнд хэрэглэхийг хориглоно:
- Ибупрофен ба энэ бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист болон стероидын бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэлүүдэд (СБҮЭБ) хэт мэдрэгшсэн бол
- Ацетилсалицилын хүчил ба стероидын бус үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийг хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн урвал болох бронхын агчил, бронхын багтраа, судас мэдрэлийн хаван, хамрын салстын үрэвсэл, чонон хөрвөс илэрч байсан бол
- Ходоодны идэвхтэй шархлаа, дээрх гэдэсний шархлааны сэдрэл, дахилтат шархлаа, цус алдсан өгүүлэмжтэй (хоёр эсвэл түүнээс дээш удаа цус алдалт болсныг баталсан) бол
- СБҮЭБ хэрэглээний дараа ходоод гэдэсний дээд замаас цус алдсан эсвэл цооролт үүсч байсан түүхтэй бол
- Элэг эсвэл бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай бол
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай хүнд (NYHA ангиллаар үйл ажиллагааны IV шат)
- Жирэмсний сүүлийн гурван сард
- Цусархаг диатезтай өвчтөнд
Онцгой анхааруулга
Дараах өвчтөнд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ:
- Системийн улаан чонон яр ба холбогч эдийн хавсарсан эмгэгтэй хүмүүст хэрэглэвэл – асептик менингит үүсгэх эрсдэл ихэсгэнэ.
- Ходоод гэдэсний замын өвчин, ялангуяа гэдэсний архаг үрэвсэлт эмгэг (өвөрмөц бус шархлаат колит, Кроны өвчин)- эдгээр өвчнийг сэдрээж, хүндрүүлж болзошгүй.
- Артерийн даралт ихдэлттэй, зүрхний дутагдалд орж байсан өгүүлэмжтэй хүмүүст – эмчилгээг эхлэхдээ анхаарах нь зүйтэй;
- Бөөр муутай хүмүүст хэрэглэхэд, бөөрний үйл ажиллагаа цочмогоор алдагдсантай холбоотойгоор бие махбодод шингэн хуримтлагдаж, хавагнах, артерийн даралт ихсэх, зүрхний үйл ажиллагааны дутагдал үүсч болзошгүй.
- Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүс
- Цусны бүлэгнэлтийн алдагдалтай бол (ибупрофен цус алдах хугацааг уртасгана).
Бэлдмэлийг үр дүн үзүүлэх хамгийн бага тунгаар, аль болох богино хугацаанд хэрэглэх нь гаж нөлөө үүсгэх эрсдлийг багасгана (цусны эргэлтийн тогтолцоонд, тархины цусны эргэлт, хоол боловсруулах тогтолцоонд нөлөөлөх нөлөөллийг дор бичсэнийг харна уу).
Өндөр настай өвчтөнд СБҮЭБ хэрэглэсний дараа гаж нөлөө үүсэх давтамж өндөр байх бөгөөд ялангуяа нас баралтад хүргэж мэдэх ходоод гэдэснээс цус алдах, цооролт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Бронхын багтрааны сэдрэл, эсвэл дагалдах өвчин, харшлын эмгэгтэй өвчтөнд бронхын агчил үүсгэж болно.
Ибупрофеныг, циклооксигеназа-2 саатуулагч бусад үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Шингэн алдсан хүүхэд, өсвөр насныханд энэ бэлдмэлийг хэрэглэвэл, бөөрний үйл ажиллагааны дутагдал үүсэх эрсдэл нэмэгддэг.
Цусны эргэлтийн систем болон тархины цусан хангамжид үзүүлэх нөлөө
Эмнэл зүйн туршилтанд үндэслэн тогтоосноор бол, ибупрофеныг хэрэглэснээр ялангуяа өндөр тунгаар (өдөрт 2400 мг) хэрэглэвэл артерийн судсанд бүлэнт бөглөрөл үүсэх эрсдлийг (жишээ нь зүрхний булчингийн шигдээс, тархинд цус харвалт) бага зэрэг ихэсгэнэ. Гэвч тархвар зүйн судалгааны дүнг харвал, ибупрофены бага тунгийн хэрэглээ нь (жишээ нь: өдөрт £1200мг) тромбоэмболи үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үзэх боломжгүй.
Эмийн эмчилгээнд дарагдахгүй байгаа артерийн даралт ихдэлттэй, зүрхний цус зогсонгишлын дутагдалтай (NYHA II-III анги), зүрхний бах өвчтэй, захын артерийн эмгэгтэй эсвэл тархины судасны эмгэгтэй хүмүүст ибупрофен эмчилгээг хийх эсэхийг анхааралтай авч үзэх ба ялангуяа өндөр тунгаар (өдөрт 2400 мг) хэрэглэхээс зайлсхийнэ.
Зүрх судасны эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс (артерийн даралт ихдэлт, гиперлипидеми, чихрийн шижин, тамхи татдаг) бүхий өвчтөнүүдэд, ибупрофен эмчилгээг урт хугацаагаар хийхийг, ялангуяа өндөр тунгаар (2400 мг/өдөр) эхлэхээс болгоомжлох хэрэгтэй.
Ходоод гэдэсний замд үзүүлэх нөлөө
Ходоод гэдэсний замд шархлаа үүсэх, улмаар үхэлд хүргэж болохуйцаар цус алдах эсвэл ходоод гэдэс цоорох хүндрэл СБҮЭ бэлдмэлийг хэрэглэж байгаа хүмүүст эмчилгээний аль ч үед тохиолдож байсан бөгөөд эдгээр хүндрэлүүд хоол боловсруулах замын хүнд өвчтэй (бүдүүн гэдэсний өвөрмөц бус үрэвсэл, Кроны өвчин г.м) байсан болон огт эрүүл хүмүүст, заримдаа урьдчилан мэдэгдэх шинж тэмдэггүйгээр гэнэт үүсдэг байна.
Ходоод гэдэсний замаас цус алдах, шархлаа үүсч цоорох эрсдэл ялангуяа урьд нь ходоодны шархлаа өвчнөөр өвдөж байсан, тэр нь цус алдалт ба цооролтоор хүндэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс, мөн өндөр настанд илүү их байдаг. Тиймээс эдгээр хүмүүст эмчилгээг аль болох бага тунгаар хийхийг хичээх хэрэгтэй. Урьд нь ходоод гэдэсний ямар нэгэн хордлого, хямрал үүсч байсан өгүүлэмжтэй хүмүүс, (ялангуяа шархлаа үүсч, цус алдаж, ходоод гэдэс цоорч байсан бол) энэ тухайгаа эмчилгээ эхлэхээс өмнө эмчдээ заавал мэдээлсэн байх хэрэгтэй. Энэ заавар өндөр настанд илүүтэй хамаарна.
Кортикостероидууд, варфарин зэрэг цус шингэрүүлэгч эмүүд, серотониныг буцааж татан авахыг сонгомолоор дарангуйлагч бэлдмэлүүд эсвэл ацетилсалицилын хүчил гэх мэт антиагрегантууд зэрэг ходоод гэдэснээс цус алдуулах эрсдлийг нэмэгдүүлэх тул шархлаа үүсгэх эрсдлийг ихэсгэгч эмүүдийг хэрэглэж байгаа өвчтөнд энэ бэлдмэлийг нэмж өгөхөөр бол онцгой анхаарах хэрэгтэй.
Ибупрофен хэрэглэж байх үед өвчтөнд ходоод гэдэсний замаас цус алдах зэрэг ямар нэг шинж илэрвэл эмчилгээг даруй зогсооно.
Арьсны урвал
СБҮЭБ хэрэглэсэнтэй холбоотойгоор, хүнд хэлбэрийн арьсны урвал болох цэврүүт дерматит, Стивенс-Джонсоны хам шинж, арьсны хучуур эдийн хордлогот үхжил үүсч нас барах хүртэл хүндэрч байсан тохиолдол маш ховор боловч бүртгэгдсэн. Эдгээр хүнд хэлбэрийн урвал үүсэх эрсдэл ялангуяа эмчилгээг эхлэх үед хамгийн их байдаг бөгөөд ихэнхдээ эмчилгээний эхний сард илэрдэг. Хэрэв дээрх шинжүүд илэрвэл, шинж тэмдэг (арьсны тууралт, амны хөндийн салст цочрох, хэт мэдрэгшлийн бусад шинж тэмдэгүүд) илэрсэн даруйд ибупрофены хэрэглээг зогсооно. Онцгой ховор тохиолдолд салхин цэцэгтэй өвчтөнд арьс, зөөлөн эдийн халдварын ноцтой хүндрэл үүсч байсан бөгөөд салхин цэцгийн халдварт СБҮЭБ нөлөө үзүүлсэн болохыг үгүйсгэх аргагүй. Иймд салхин цэцэг өвчтэй хүнд ибупрофеныг хэрэглэхээс зайлсхийнэ.
Үүний зэрэгцээ төрөл бүрийн өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь бөөр гэмтэх, улмаар бөөрний дутагдал үүсэх эрсдлийг үүсгэдэг (өвдөлт намдаах эмийн хамааралт нефропати).
Энэ эрсдэл биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэх үед биеэс давс ба шингэн их хэмжээгээр алдсантай холбоотойгоор ихсэж болзошгүй тул ийм хөдөлмөр эрхлэгчид өвдөлт намдаах төрөл бүрийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Бусад СБҮЭБ-н адил ибупрофен халдварын шинж тэмдгийг бүдэгрүүлж болно.
Ибупрофены хэрэглээний улмаас хордлогот амблиопи үүсч байсан ганц нэг тохиолдол бүртгэгдсэн тул нүдний талаас ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдвэл нүдний эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.
Маш ховор тохиолдолд хүнд явцтай, хэт мэдрэгшлийн урвал ажиглагдсан (жишээ нь анафилаксийн шок). Эмийн хэрэглээний хэт мэдрэгшлийн шинж тэмдэг илэрмэгц эмчилгээг даруй зогсоох ба эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлгийн ажилтнууд шинж тэмдгүүдээс хамааран зохих эмчилгээ хийх болно.
Бэлдмэлд мальтитол агуулагдах тул удамшлын ховор тохиолдох өвчин болох фруктоз үл тэвчилтэй өвчтөнд хэрэглэхгүй.
Жирэмсэн эхийн хэрэглээ
Зайлшгүй хэрэглэх шаардлага гараагүй бол жирэмсний эхний 6 сард ибупрофен хэрэглэхгүй. Жирэмслэхээр төлөвлөсөн эсвэл бага сартай жирэмсэн эмэгтэйчүүд энэ бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарвал, аль болох хамгийн бага тунгаар, аль болох богино хугацаанд хэрэглэнэ.
Жирэмсний сүүлийн гурван сард ибупрофен хэрэглэхийг хориглоно.
Хөхүүл эхийн хэрэглээ
Ибупрофен ба түүний метаболитууд хөхүүл эхийн сүүгээр багахан хэмжээгээр (хэрэглэсэн тунгийн 0,0008%) ялгарна. Нярайд энэ эм хортой нөлөөлсөн талаар өнөөг хүртэл ямар нэгэн мэдээлэл байхгүй тул өвдөлт, халуун бууруулах зорилгоор ибупрофеныг бага тунгаар богино хугацаанд хэрэглэхдээ хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагагүй.
Нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх
Циклооксигеназаг (простагландины нийлэгжилт) саатуулдаг эмүүд өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлдаг нь нотлогдсон. Энэ нь түр зуурын чанартай бөгөөд эмчилгээний төгсгөлд аяндаа арилна.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Хэрэв зөвлөсний дагуу богино хугацаанд эмийг хэрэглэвэл жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй.
Бусад эмүүдтэй харилцан үйлчлэлцэх
Ибупрофеныг дараах эмүүдтэй хамт хэрэглэхгүй:
- Ацетилсалицилын хүчил
- Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл, циклооксигеназа-2 (ЦОГ-2) сонгомолоор дарангуйлагчид
Ибупрофеныг хамт болгоомжтой хэрэглэнэ:
- кортикостероидууд
- шээс хөөх, даралт бууруулах бэлдмэлүүд
- тромбозын эсрэг, антиагрегантууд
- лити
- метотрексат
- фенитоин
- зидовудин
- ритонавир
- циклоспорин
- такролимус
- сонгомолоор серотонины буцаан татан авалтыг саатуулагч
- мифепристон
- хинолоны бүлгийн антибиотик
- зүрхний гликозид
- аминогликозидууд
- пробенецид, cульфинпиразон
- холестирамин
- ууж хэрэглэх гипогликеми үүсгэх бэлдмэл
- вориконазол, флуконазол.
Тун, хэрэглэх арга
Хэрэглэх арга
Ууж хэрэглэнэ. Хэрэглэхийн өмнө шилийг сэгсэрнэ.
Тунг, тугнагч соруул ашиглан нарийвчлан тохируулж хэрэглэнэ.
Шаардлагатай эмчилгээний үед хэрэглэнэ. 3 хоногоос илүү хугацаагаар эмчтэй зөвлөхгүй хэрэглэж болохгүй. Мөн заагдсан тунг хэтрүүлэн хэрэглэхгүй. Хүсээгүй үр дүнг багасгахын тулд хамгийн бага, үр дүнтэй тунгаар богино хугацаанд шинж тэмдгийг бууруулахаар тооцсон болно. Онгойлгосон бэлдмэлийг 6 сарын дотор хэрэглэнэ.
Тугнагч соруул хэрэглэх заавар