Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Дикло-Денк 50
Худалдааны нэр
Англи
Диклофенак натри
Үйлдвэрлэгч
Denk Pharma GmbH & Co.KG
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
50мг
Эмийн хэлбэр
ходоодонд уусдаг шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Дикло-Денк 50 (Diclo-Denk 50)

 

Ууж хэрэглэдэг бүрхүүлтэй шахмал

Үрэвслийн эсрэг/хэрэхийн эсрэг стероид бус бэлдмэл

Үйлчлэгч бодис: Диклофенак натри

 

Өвчтөнд зориулсан мэдээлэл

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь танд зориулсан чухал мэдээлэл агуулдаг.

  • Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, эм зүйчээс асуугаарай.
  • Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
  • Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. (4-р хэсгийг үзнэ үү)

 

Угэмхэрэглэхзааварт

  1. Дикло-Денк 50 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
  3. Дикло-Денк 50 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

 

  1. Дикло-Денк 50 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

 

Дикло-Денк 50  нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд үрэвслийн эсрэг/хэрэхийн эсрэг стероид бус бэлдмэлийн бүлэгт (ҮЭСББ) хамаарагдана.

 

Хэрэглэх заалт

Доорх тохиолдолд өвдөлт, үрэвсэл намдаах шинж тэмдгийн эмчилгээнд бэлдмэлийг хэрэглэнэ. Үүнд:

  • үений цочмог үрэвсэл (цочмог артрит), тулайн сэдрэл
  • үений архаг  үрэвсэл (архаг артрит), ялангуяа хэрэхийн гаралтай үений үрэвсэл (архаг полиартрит)
  • Бехтеревийн өвчин (хөдөлгөөн хязгаарлагдмал нурууны үрэвсэл) ба хэрэхийн шалтгаант нурууны бусад эмгэг
  • үе болон нурууны бүтэц өөрчлөгдсөн цочмог үрэвсэл (артроз, спондилоартроз)
  • ревматизмын шалтгаант зөөлөн эдийн үрэвсэл
  • гэмтлийн дараах өвдөлт, үрэвсэл, хаван.

 

Дикло-Денк 50  бэлдмэлийн үйлчлэгч бодис болох диклофенак нь удаан чөлөөлөгддөг тул бэлдмэлийн үйлчлэл түргэн эхлэх шаардлагатай өвчтөнд эхэн үеийн эмчилгээнд хэрэглэхэд тохиромжгүй.

 

  1. Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?

Дараах тохиолдолд Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно

  • хэрэв диклофенак натри, ацетилсалицилын хүчил, ибупрофен эсвэл болон бусад ҮЭСББ-үүд эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бодист харшилтай бол (6-р бүлгийг үзнэ үү) . Хэт мэдрэгшлийн урвалын шинж тэмдгүүдэд нүүр, уруул, хэл, хоолой болон мөч  хавагнах, хүндрэлтэй амьсгалах, цээж өвдөх,  хамрын салст бүрхүүлийн мембран хаван, арьсны урвал илрэх эсвэл харшлын урвал ордог.
  • цус төлжилтийн тодорхойгүй эмгэгтэй эсэх нь бол,
  • ходоод, дээд гэдэсний цочмог болон архаг шархлаатай, цус алдалттай эсвэл өмнө нь өвчилж байсан өгүүлэмжтэй (шархлаа болон цус алдалтын хоёр болон түүнээс олон тохиолдол илэрсэн нь нотлогдсон)
  • Дикло-Денк 50 болон ҮЭСББ хэрэглэхэд ходоодны цус алдалт эсвэл цооролт үүсч байсан өгүүлэмжтэй
  • тархины цус харвалт болон бусад хэлбэрийн цус алдалт
  • элэг болон бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал
  • зүрхний эмгэгтэй, тархины судасны эмгэгтэй, зүрхний шигдээс, цус харвалт, бичил цус харвалт эсвэл тархи, зүрхний судас бөглөрсөн, судасны бөглөрөл арилгах мэс засал хийлгэсэн
  • цусны эргэлтийн хямралтай эсвэл өвдөж байсан (захын артерийн судасны эмгэг)
  • 18-аас доош өсвөр насныхан , хүүхэд
  • жирэмсний сүүлийн 3 сарын хугацаанд  тус тус хэрэглэхгүй.

 

Анхааруулга ба болгоомжлол

Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Диклофенакийг зөвлөхийн өмнө эмч доорх зүйлсийг мэдсэн байх шаардлагатай. Үүнд:

  • Та тамхи татдаг эсэх
  • Та чихрийн шижингээр өвчилсөн эсэх
  • Зүрхний бах, цус бүлэгнэлт ихэссэн, цусны даралт өндөр, холестрол болон триглицеридын хэмжээ ихэссэн эсэх зэрэг болно.

Дикло-Денк 50 хоол боловсруулах эрхтний хагалгааны дараа таны шархны эдгэрэлтэнд сөргөөр нөлөөлөх тул та Дикло-Денк 50 уухаас өмнө ходоод ба нарийн гэдэсний хагалгаанд орсон эсвэл хагалгаанд орохоор төлөвлөж байгаа бол эмчдээ мэдэгдэнэ үү.

ЦОГ-2 дарангуйлагч зэрэг ҮЭСББ-үүд болон Дикло-Денк 50 бэлдмэлүүдийн гаж нөлөө ихсэх магадлал болон нэмэлт үр ашгийн талаар мэдээлэл байхгүй тул хамт хэрэглэхээс зайлсхийнэ.

Бэлдмэлийг шинж тэмдгийг бууруулахад шаардагдах хамгийн богино хугацаанд, бага тунгаар хэрэглэхэд гаж нөлөө нь багасч болох юм.

Настангуудын хэрэглээ

Өндөр настанд ҮЭСББ-ийн (Дикло-Денк 50 хамаарна) гаж нөлөө үүсэх эрсдэл өндөр байдаг. Ялангуяа ходоод гэдэсний цус алдалт, цооролт нь үхэлд хүргэж болзошгүй. Иймд өндөр настан бэлдмэл хэрэглэх бол эмчийн хяналт зайлшгүй шаардлагатай. Мөн биеийн жин багатай, тамир тэнхээ муутай өндөр настанд эмчилгээний бага тунгаар бэлдмэлийг хэрэглүүлнэ.

 

Хоол боловсруулах тогтолцоонд үзүүлэх нөлөө

Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт

Дикло-Денк 50 болон бусад ҮЭСББ-ийн эмчилгээний явцад урьдчилан мэдэгдэх шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр ходоод гэдэсний талаас ноцтой цус алдалт, шархлаа ба цооролт үүсч үхэлд хүргэсэн талаар бүртгэгдсэн байна.

Ходоодны шархлаа, шархлааны цус алдалт, цооролт үүсч байсан өгүүлэмжтэй, өндөр настай хүмүүст ҮЭСББ-ийн тунг ихэсгэх нь ходоод гэдэсний замаас цус алдах, шархлаа ба цооролт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. (“Дикло-Денк 50 хэрэглэхийг хориглоно” бүлгийг үзнэ үү). Эдгээр өвчтөнд эмчилгээг бага тунгаар эхлэх шаардлагатай.

Эдгээр өвчтөнд ходоод хамгаалах бэлдмэлийг (жишээ нь мизопростол эсвэл протоны шахуургыг хориглогч) хамт хэрэглэх бөгөөд  ходоод гэдэсний хямрал үүсгэх эрсдэлтэй ацетилсалицилын хүчил болон бусад бэлдмэлийг бага тунгаар хэрэглэх шаардлагатай.

Хэрэв танд ходоод гэдэсний талаас гаж нөлөө илэрч байсан өгүүлэмжтэй, өндөр настай бол эмчилгээ эхлэхийн өмнө, мөн хэвлийн талаас хэвийн бус шинж тэмдэг (ялангуяа ходоод гэдэсний цус алдалт) илэрвэл эмчлэгч эмч, эм зүйчид хандана уу.

Ууж хэрэглэх, системийн үйлчлэлтэй кортикостероид, шууд бус үйлчлэлтэй антикоагулянт варфарин, сэтгэл гутралын эсрэг серотинины эргэн шимэгдэлтийг дарангуйлагч бэлдмэл, цус бүлэгнэлтийн эсрэг ацетилсалицилын хүчил зэрэгтэй хамт Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэхэд ходоод гэдэсний замаас цус алдах, шархлаа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдгийг анхааруулж байна. (Бусад эмийн бэлдмэл ба Дикло-Денк 50)

 

Дикло-Денк 50 бэлдмэлийн эмчилгээний үед ходоод гэдэсний замаас цус алдах, шархлаа үүсэх тохиолдолд эмчилгээг зогсооно. (4-р бүлгийг үзнэ үү)

 

Дикло-Денк 50 болон бусад ҮЭСББ ходоод гэдэсний замын эмгэгийн (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) өгүүлэмжтэй хүмүүсийн биеийн байдлыг дордуулж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.

 

Зүрх судасны системд бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Дикло-Денк 50 бэлдмэлийг удаан хугацаагаар, өндөр тунгаар хэрэглэхэд зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Иймд зөвлөж буй эмчилгээний тун, хугацааг хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно!

Хэрэв та өөрийгөө зүрхний шигдээс, цус харвалт үүсэх эрсдэлтэй (цусны даралт өндөр, чихрийн шижинтэй, цусан дахь холестролын хэмжээ их, тамхи татдаг) гэж үзэж буй бол  эмчилгээний талаар эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.

Хэрэв та Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэх үед зүрх, судасны талаас шинж тэмдэг илрэх,  цээжээр өвдөх, амьсгаадах, ядрах, хэл ярианы эмгэг илэрвэл эмчид яаралтай хандана уу.

 

Арьсны урвал

Дикло-Денк 50 болон бусад ҮЭСББ-ийг хэрэглэхэд арьс улайж, тууралт гарах хүнд хэлбэрийн урвалууд (арьсны гуужилтат үрэвсэл, Стивен-Жонсоны хам шинж, арьсны хордлогот үхжил, Лайллын хам шинж; 4-р бүлгийг үзнэ үү) илэрч зарим тохиолдолд нас баралтад хүргэсэн талаар бүртгэгдсэн байдаг.

Эрсдэл бүхий өвчтөнүүдийн дийлэнх хувьд нь эмчилгээний эхний сард харшлын урвал илэрдэг. Дикло-Денк 50 хэрэглэх үед арьсанд тууралт гарах, салст гэмтэх  болон бусад хэт мэдрэгших урвалын шинж илэрвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож, эмчээс зөвлөгөө авна уу.

 

Элгэнд үзүүлэх нөлөө

Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүд бэлдмэл хэрэглэхэд биеийн байдал дордож болзошгүй тул эмчийн хяналтанд байх шаардлагатай.

ҮЭСББ-тэй адил Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэх хугацаанд элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Дикло-Денк 50 бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх бол урьдчилан сэргийлэх зорилгоор элэгний үйл ажиллагааг тогтмол хянахыг эмч зөвлөж болно. Хэрэв элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний эмгэгийн байдал дордсон шинж илэрвэл Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэхээ зогсооно (эозинофили, арьсны тууралт). Элэгний үрэвсэл илрэх шинж тэмдэггүй явагдаж болно. Цус төлжилтийн эмгэгтэй (элэгний порфури гэж нэрлэгдэг) хүмүүст Дикло-Денк 50 бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

 

Бусад мэдээлэл

Дараах тохиолдолд эмчилгээний ашиг тус, хүлээгдэж буй эрсдэлийг тооцсоны дараа Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэнэ. Үүнд:

  • цус төлжилтийн төрөлхийн эмгэгтэй (жишээлбэл: цочмог дахилтат порфури)
  • аутоиммуны өвчин (улаан чонон яр болон холбогч эдийн эмгэг) зэрэг болно.

 

Доорх тохиолдолд эмчийн хяналтад бэлдмэлийг хэрэглэнэ. Үүнд:

  • томоохон хэмжээний мэс заслын дараа (цус алдах, бөөрний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй)
  • хэрэв та харшилтай, ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэхэд арьсны урвал илэрсэн эсвэл гуурсан хоолойн багтраа, өндөр халууралт, хамрын хөндийн салст бүрхүүлийн архаг хаван, амьсгалын замын архаг өвчнөөс шалтгаалж агаар дамжуулалт саатсан бол харшлын урвал илрэх өндөр эрсдэлтэй байдаг. Хэт мэдрэгших урвал, гуурсан хоолойн багтрааны хөдлөл, арьс, салстын бүрхүүлийн өвдөлт бүхий хаван, чонон хөрвөс зэрэг нь далд хэлбэртэй байж болзошгүй.
  • элэг,  бөөрний үйл ажиллагааны алдагдалтай.

Дикло-Денк 50 болон бусад ҮЭСББ-ийн эмчилгээний явцад ялангуяа зүрх болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, цусны даралт ихэсдэг, өмнө нь ихэсч байсан, өндөр настан, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөх эм хэрэглэж байгаа хүмүүст биед шингэн хуримтлагдах, хавагнах шинж илэрч байсан нь бүртгэгдсэн байна. Мөн хүнд хэлбэрийн шингэн алдагдалтай хүмүүст болгоомжтой хэрэглэнэ (жишээлбэл, томоохон хэмжээний мэс заслын өмнө болон дараа), (“Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэж болохгүй”  хэсгийг уншина уу). Эдгээр өвчтөний бөөрний үйл ажиллагааг анхааралтай хянах шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосны дараа дээрх үзүүлэлтүүд нь эмчилгээний өмнөх байдалдаа эргэн ордог.

Маш ховор тохиолдолд диклофенак хэрэглэхэд хүнд хэлбэрийн цочмог харшлын урвал (анафилаксийн шок) ажиглагдсан. Энэ нь та урьд нь ҮЭСББ хэрэглээгүй байсан ч тохиолдож болзошгүй. Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэхэд харшлын урвалын эхний шинж тэмдэг илэрвэл эмчилгээг даруй зогсооно. Шаардлагатай шинж тэмдгийн эмчилгээг эмнэлгийн эмч мэргэжилтэн хийнэ.

Диклофенак тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг түр зуур саатуулж болно. Иймээс цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнг анхааралтай ажиглана.

Хэрэв цусны бүлэн хайлуулдаг эсвэл цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг бэлдмэлтэй зэрэг хэрэглэж байгаа бол цусны бүлэгнэлтийн байдал болон цусан дахь сахарын хэмжээг анхааралтай хянана. 

Дикло-Денк 50 бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх үед бөөрний үйл ажиллагаа болон цусны эсүүдийн тоог тогтмол хянах шаардлагатай.

Хэрэв Дикло-Денк 50 бэлдмэлийг мэс засалд орохын өмнө хэрэглэж байгаа бол эмчлэгч эмч ба шүдний эмчээсээ энэ талаар асууж мэдэгдэх хэрэгтэй.

Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед толгойн өвдөлт үүсч болзошгүй ба бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд намдахгүй байж болно. Хэрэв Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэснээс үл хамааран толгой өвдөлт дахиж байвал эмчээс зөвлөгөө аваарай!

Ерөнхийдөө өвдөлт намдаах бэлдмэл хэрэглэх зуршил, ялангуяа хэд хэдэн өвдөлт намдаах бэлдмэлийг хавсарч хэрэглэх нь бөөрийг гэмтээх, бөөрний дутагдалд (өвдөлт намдаах эмийн шалтгаант бөөрний эмгэг) хүргэж болзошгүй.

Бусад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн адил диклофенак халдварын шинж тэмдгийг далдалж болзошгүй. Хэрэв халдварын шинж тэмдэг (улайх, хавдах, халуун оргих, өвдөх, халуурах гэх мэт) илэрвэл эсвэл Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэхэд шинж тэмдэг улам нэмэгдэж байвал нэн даруй эмчтэйгээ зөвлөөрэй.

Дикло-Денк 50 бэлдмэл нь простагландины нийлэгжилтийг саатуулдаг бусад бэлдмэлийн адил жирэмслэхэд хүндрэл үүсгэж болзошгүй. Хэрэв жирэмслэхээр төлөвлөсөн болон жирэмслэхэд бэрхшээлтэй байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.         

Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ

Үйлчлэгч бодисын хэмжээ өндөр тул 18-аас доош насны хүүхэд, өсвөр насныханд  бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөхгүй.

 

Бусад эмийн бэлдмэл ба Дикло- Денк 50 Хэрэв та ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэсэн, хэрэглэж байгаа, хэрэглэх гэж байгаа бол эмч, эм зүйчид мэдэгдээрэй.

 

Дикло-Денк 50 бэлдмэл ба дигоксин (зүрхний үйл ажиллагааг дэмжих бэлдмэл), фенитоин (эпилепсийн эсрэг бэлдмэл), лити (тархи, сэтгэцийн эмчилгээнд хэрэглэх бэлдмэл)-ийг хамт хэрэглэхэд эдгээр бэлдмэлийн сийвэн дэх хэмжээ нэмэгдэнэ. Иймд цусны сийвэн дэх литийн хэмжээг зайлшгүй хянана. Дигоксин ба фенитоины хэмжээг хянахыг зөвлөнө.

 

Дикло-Денк 50 бэлдмэл нь шээс хөөх, цусны даралт бууруулах бэлдмэлүүдийн үйлчлэлийг бууруулж болзошгүй.

 

Дикло-Денк 50 бэлдмэл нь АХФ-ийг дарангуйлагч ба ангиотензин-II антагонистуудын (зүрхний дутагдал болон цусны даралтыг бууруулах бэлдмэл) идэвхийг бууруулна. Эдгээр бэлдмэлийг зэрэг хэрэглэхэд бөөрний дутагдалд хүргэх эрсдэлтэй. Ялангуяа өндөр настан, цусны даралт өндөр хүмүүсийг тогтмол хянах шаардлагатай. Шингэнийг хангалттай хэмжээгээр ууна. Эмчлэгч эмч таны бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.

Дикло-Денк 50 бэлдмэл ба кали хөөдөггүй шээс хөөх эмүүд, циклоспорин, такролимус (эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хэрэглэдэг бэлдмэл) эсвэл триметоприн (шээс ялгаруулах замын халдварын үед хэрэглэдэг антибиотик) зэргийг хэрэглэхэд цусны сийвэн дэх калийн хэмжээг  нэмэгдүүлж болзошгүй. Иймд таны цусан дахь калийн хэмжээг тогтмол хянах шаардлагатай.

 

Дикло-Денк 50 бэлдмэл ба бусад ҮЭСББ, глюкокортикоидуудыг зэрэг хэрэглэхэд ходоод гэдэсний талаас ходоод гэдэс шархлах, цус алдах зэрэг гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгдэнэ.

 

Цус бүлэгнэлтийн эсрэг үйлчлэлтэй ацетилсалицилын хүчил ба сэтгэл гутралын эсрэг эмүүд нь ходоод гэдэсний цус алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Дикло-Денк 50 бэлдмэлийг бусад ҮЭСББ-тэй хамт хэрэглэхийг зөвлөхгүй.

 

Хэрэв Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэснээс хойш 24 цагийн хугацаанд метотрексатыг хэрэглэвэл цусны сийвэн дэх хэмжээ нь ихсэж, үйлчлэл нь нэмэгдэж болзошгүй.

 

ҮЭСББ-үүд (диклофенак зэрэг) нь циклоспорины такролим (шилжүүлэн суулгасан эрхтэн ховхрохоос сэргийлэх, хэрэхийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) бөөр хордуулах үйлчлэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс такролим болон циклоспорин хэрэглээгүй өвчтөнтэй харьцуулахад эдгээр өвчтөнд диклофенак агуулсан бэлдмэлийг бага тунгаар хэрэглэдэг.

Пробеницид агуулсан бэлдмэлүүд нь диклофенакийн ялгаралтыг удаашруулдаг. Иймд цусан дахь диклофенакийн хэмжээ нэмэгдэж таагүй үйлчлэл үзүүлж болзошгүй.

 

Дикло-Денк 50 бэлдмэлийг CYP2C9 ферментийн идэвхийг дарангуйлагч вариконазол (мөөгөнцөрийн эсрэг бэлдмэл)-той зэрэг хэрэглэхэд диклофенак биед хуримтлагдан гаж нөлөөг нэмэгдүүлж болзошгүй.

 

Дикло-Денк 50 бэлдмэлийг CYP2C9 ферментийн идэвхийг дэмжигч рифампицин (бактерийн халдварын үед хэрэглэх эм) зэрэг эмтэй хамт хэрэглэхэд диклофенакийн төвшинг бууруулан түүний идэвхийг багасгадаг.

 

Дикло-Денк 50 бэлдмэл ба ҮЭСББ-үүд нь цус бүлэгнэлтийн эсрэг варфарины үйлчлэлийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн цус бүлэгнүүлэх бэлдмэлийн үйлчлэлийг дарангуйлж,  цус алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ.  

 

Эмнэл зүйн судалгааны үр дүнгээс харахад диклофенак нь ууж хэрэглэдэг сахар бууруулах бэлдмэлийн хамт хэрэглэхэд түүний антигликемик үйлчлэлийг бууруулдаггүй. Зарим тайлангаас харахад гипогликемик болон гипергликемик үйлчлэлээс хамааран сахар бууруулах бэлдмэлийг диклофенак хамт хэрэглэхэд тунг нь зохицуулах шаардлагатай. Хамт хэрэглэх тохиолдолд цусны сахарын хэмжээг тогтмол хянах шаардлагатай.

Цөөн тохиолдолд хинолины бүлгийн бэлдмэлийн гаж нөлөөг (төв мэдрэлийн системийн гаралтай таталт) нэмэгдүүлсэн байна.

 

Дикло-Денк 50 бэлдмэлийг ба согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь

Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэх үед согтууруулах ундаа хэрэглэхэд ходоод гэдэсний зам, төв мэдрэлийн системийн талаас илрэх гаж нөлөөг нэмэгдүүлдэг. Иймд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

Хэрэв та жирэмсэн, хөхүүл эсвэл жирэмсэн байж магадгүй, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу.

 

Жирэмсэн үед

Хэрэв Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэж байхад жирэмсэлсэн бол эмчтэйгээ зөвлөх шаардлагатай. Эмчтэй зөвлөсний дараа Дикло-Денк 50 бэлдмэлийг жирэмсний эхний 6 сард   хэрэглэнэ.

Жирэмсний сүүлийн 3 сард Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэх нь эх болон хүүхдэд эрсдэлтэй тул хэрэглэхийг хориглоно.

 

Хөхүүл үед

Диклофенакийн идэвхт нэгдэл ба метаболитын маш бага хэсэг нь хөхний сүүгээр ялгардаг. Одоогоор хөхүүл хүүхдэд гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Богино хугацаанд бэлдмэлийг хэрэглэхэд хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Гэвч бэлдмэлийг өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэхээр зөвлөсөн бол хэрэглэхийн өмнө хүүхдээ хөхнөөс гаргах  шаардлагатайг анхаарч үзнэ үү.

 

Жолоо барих ба машин механизмтай ажиллах

Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэж байхад ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд төв мэдрэлийн талаас илрэх ядрах, хараа бүрэлзэх, толгой эргэх зэрэг шинж нь хариу үйлдэл хийх чадварт нөлөөлж болзошгүй. Бэлдмэлийг согтууруулах ундаатай хамт хэрэглэхэд эдгээр шинжүүд нэмэгдэж, гэнэтийн хариу үйлдэл хийх чадваргүй болгоно. Дээрх тохиолдолд жолоо барихгүй, машин механизмтай ажиллахгүй, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Дикло-Денк 50 бэлдмэл лактоз агуулдаг

Хэрэв эмч таныг зарим төрлийн сахарт мэдрэг гэж хэлж байсан бол уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөөрэй.

Дикло-Денк 50 натри агуулдаг

Уг бэлдмэлийн нэг шахмалд 1 ммоль-оос бага хэмжээний (23 мг) натри

агуулагдах тул “натри агуулаагүй” гэж тооцдог.

  1. Дикло-Денк 50 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

 

Бэлдмэлийг эмч, эм зүйчийн зөвлөснөөр хэрэглэнэ. Шаардлагатай бол эмч, эм зүйчээс давтан лавлана уу.

 

Зөвлөж буй тун:

Хэрэх өвчинд

Өвчний хүндрэлээс хамаарч диклофенакийн тунг тооцно. Насанд хүрэгчдэд зөвлөж буй диклофенак натрийн хоногийн тун 50-150 мг бөгөөд тунг 1-3 хувааж хэрэглэнэ.

Нас

Нэг удаагийн тун

Хоногийн нийт тун

Насанд хүрэгчид

1 шахмал ( 50 мг диклофенак натритай тэнцэнэ)

1-3 шахмал (50-150 мг диклофенак натритай тэнцэнэ)

 

Хэрэглэх арга ба хугацаа

Бэлдмэлийг хооллохоос 1-2 цагийн өмнө өлөн үедээ их хэмжээний усаар  (нэг аяга ) даруулан зажлалгүй залгина. Шахмалыг хувааж хэрэглэхгүй.

Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч зөвлөнө.

Хэрэхийн өвчний үед Дикло-Денк 50 бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж болзошгүй.

 

Хэрэв Дикло-Денк 50 бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд

Дикло-Денк 50 бэлдмэлийг эмчийн зөвлөгөө эсвэл бэлдмэлийн хайрцаг доторх зааварт зөвлөсөн тунгаар хэрэглэнэ. Хэрэв өвдөлт намдахгүй бол эмчийн зааваргүйгээр дур мэдэн бэлдмэлийн тунг нэмж хэрэглэхийг хориглоно.

Бэлдмэлийн тун хэтрэх үед толгой өвдөх, толгой эргэх, ухаан балартах, чих шуугих, таталт өгөх (хүүхдэд миоклоник таталт илэрч болно), ухаан алдах зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч болно. Мөн ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг ажиглагдаж болно.

Хоол боловсруулах замын цус алдалт, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал мөн илэрч болзошгүй. Цаашлаад цусны даралт унах, амьсгал өнгөц болох (амьсгал дарангуйлагдах), арьс салст хөхрөх (цианоз) зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Маш ховор тохиолдолд хордлогод орж бөөр, элэгний цочмог дутагдал үүсч болзошгүй.

Бэлдмэлд өвөрмөц антидот байхгүй.

Хэрэв та бэлдмэлийн тун хэтэрсэн гэж бодож байвал эмчлэгч эмчдээ мэдэгдэх ба тэрээр хордлогын хүндийн зэргээс хамаарч ямар эмчилгээ хийх шаардлагатайг шийднэ.

 Хэрэв Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд

Мартсан тунгаа нөхөхийн тулд бэлдмэлийг давхарлаж хэрэглэж болохгүй.

 

  1. Илэрч болох гаж нөлөө

Хэдийгээр Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэх үед  бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.

Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.Үүнд:

Нийтлэг илрэх:

10 өвчтөнд 1-ээс олон тохиолдол илэрч болзошгүй

Олонтаа илрэх:

100 өвчтөнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй

Хааяа илрэх:

1000 өвчтөнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй

Ховор илрэх:

10000 өвчтөнд 1 хүртэлх  тохиолдол илэрч болзошгүй

Маш ховор илрэх:

10000 өвчтөнд 1 хүртэлх  тохиолдол илэрч болзошгүй

Давтамж тодорхойгүй илрэх:

Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй

 

Илэрч болох гаж нөлөө

Доорх гаж нөлөө нь диклофенакийг шахмал  болон бусад хэлбэрээр урт ба богино хугацаагаар хэрэглэхэд илэрсэн.

 

Дараах гаж нөлөө нь бэлдмэлийн тун болон хувь хүний бие махбодийн онцлогоос хамаардгийг анхаарна уу.

Бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын талаас дараах гаж нөлөө нийтлэг илэрдэг. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт, ялангуяа өндөр настанг үхэлд хүргэж болзошгүй. (2-р бүлгийг үзнэ үү) Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны салст бүрхүүлийн шархлаат үрэвсэл (шархлаат стоматит), бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин сэдрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно.

Дикло-Денк 50 болон үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлүүдийг хэрэглэсэнтэй холбоотой биед шингэн хуримтлагдах (хавагнах), цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна.

Дикло-Денк 50 зэрэг бэлдмэл нь зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) ба цус харвалтын эрсдэлийг бага зэрэг ихэсгэж болзошгүй.

Куонисын хам шинж гэж нэрлэх ноцтой харшлын урвалын шинж тэмдэг байж болох цээжний өвдөлт илэрвэл нэн даруй эмчид хандана уу.

Зүрхний эмгэгүүд

Диклофенакийг удаан хугацаагаар, өндөр тунгаар (150 мг/хоног) хэрэглэхэд дараах гаж нөлөө хааяа илэрнэ. Үүнд: зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрх дэлсэх, цээжээр өвдөх.

Маш ховор илрэх:  биед шингэн хуримтлагдах (хаван) .

 

Цус, тунгалгийн системийн эмгэгүүд

Маш ховор илрэх: Цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, цусны цагаан эс ба тромбоцит цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох). Илрэх эхний шинж тэмдэг: халуурах, хоолой өвдөх, амны салстын өнгөц гэмтэл, томуу төст өвчин, хэт ядрах, хамраас цус гарах, арьсанд цус харвах. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө.

Өвчтөн өвдөлт намдаах болон халуун бууруулах бэлдмэлээр өөрийгөө эмчлэхийг хориглоно. Удаан хугацааны эмчилгээний үед цусны эсийн тоог тогтмол хянана.

Маш ховор илрэх: Цус задралын цус багадалт (цусны улаан эсийн задралаас шалтгаалсан) болон цус төлжилтийн цус багадалт (цусны эсийн төлжилт алдагдлаас шалтгаалсан) үүсч болзошгүй.

 

Мэдрэлийн системийн эмгэгүүд

Олонтаа илрэх: Төв мэдрэлийн талаас толгой өвдөх, тэнцвэр алдагдах, толгой эргэх, цочромтгой болох, ядрах

Маш ховор илрэх: Мэдрэхүй өөрчлөгдөх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, ой санамж өөрчлөгдөх, орон зайн баримжаа алдагдах,  таталт, салгалах, ухаан алдах.

 

Нүдний эмгэгүүд

Маш ховор илрэх: Хараа өөрчлөгдөх (бүрэлзэх, юм хоёрлож харагдах).

 

Сонсгол болон тэнцвэрийн эрхтний эмгэгүүд

Олонтаа илрэх: Толгой эргэх.

Маш ховор илрэх: Чих шуугих, түр зуур сонсгол алдагдах.

 

Хоол боловсруулах замын эмгэгүүд

Нийтлэг илрэх: Ходоод гэдэсний зовиур болох дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, ходоод гэдэснээс бага хэмжээгээр цус алдаж, цус багадалт үүсэх .

Олонтаа илрэх: Биж (диспепси), гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх, базлах, ходоод гэдэсний шархлааны улмаас хоолны дуршил алдагдах (зарим тохиолдолд цус алдалт, цооролт үүсч болзошгүй)

Хааяа илрэх: Цустай бөөлжих, суулгах, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах.

Ховор илрэх: Ходоодны үрэвсэл.

Маш ховор илрэх: Амны салст үрэвсэх (амны шархлаа хамаарагдана), хэлний үрэвсэл, улаан хоолойн эмгэг, өтгөн хатах зэрэг бүдүүн гэдэсний үрэвслээс шалтгаалсан хэвлийн доод хэсэгт зовиур илрэх, бүдүүн гэдэсний үрэвслээс шалтгаалсан цус алдалт, Кроны өвчний шинж тэмдэг нэмэгдэх эсвэл бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (бүдүүн гэдэсний өвөрмөц үрэвсэл шархлаатай хавсарсан), нойр булчирхайн үрэвсэл, нарийн гэдэсний хөндий нарийсах.

Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх, цустай бөөлжих, өтгөн хар эсвэл цустай гарсан тохиолдолд Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэхийг даруй зогсоож, эмчид хандана уу.

 

Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэхэд хэвлийгээр бага зэрэг базлах, бэлдмэл хэрэглэж эхэлснээс хойш богино хугацаанд буюу 24 цагийн дотор шулуун гэдэснээс цус алдах, цустай суулгах, хэвлийгээр өвдөх (давтамж тодорхойгүй) зэрэг шинж илэрвэл эмчилгээг зогсоож, эмчид хандана уу.

 

Бөөр, шээсний замын эмгэгүүд

Хааяа илрэх: Хаван үүсэх (ялангуяа цусны даралт ихтэй, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст биед шингэн хуримтлагдана).

Маш ховор илрэх: Бөөрний эдийн гэмтэл (завсрын эдийн үрэвсэл, хөхлөгийн үхжил) нь үйл ажиллагааны цочмог алдагдалд хүргэж болзошгүй, шээсээр уураг алдах (протеинури), цустай шээх (гематури), нефротик хам шинж (биед шингэн хуримтлагдах, хавагнах, шээсээр их хэмжээний уураг алдах), бөөрний цочмог дутагдал.

 

Шээсний гарц багасаж биед шингэн хуримтлагдах зэрэг бөөрний эмгэг, дутагдалын шинж илрэх.

 

Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Дикло-Денк 50 бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож, эмчид хандана уу.

 

Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд

Олонтаа илрэх: Арьсны үрэвсэл

Хааяа илрэх: Үс халцрах

Маш ховор илрэх: Арьс улайж загатнах, гэрэлд хэт мэдрэгших, цусархаг тууралт, арьсны хүнд хэлбэрийн цочмог урвалууд (Стивен-Жонсоны хам шинж, хордлогот-үхжил/Лайeллийн хам шинж), арьс улайж үрэвсэх, том хэмжээтэй гуужих, хавагнах, загатнах, үрэвсэж улайх.

 

Халдвар болон шимэгчээр үүсгэгдсэн эмгэгүүд

Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл нь (ҮЭСББ буюу Дикло-Денк 50) халдварын шалтгаант үрэвслийг нэмэгдүүлдэг нь бүртгэгдсэн байна.

Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрэглэх явцад халдварын шинж (улайх, хавдах, халуун оргих, өвдөх, халуурах гэх мэт) илэрвэл эмчид яаралтай хандана уу.

 

Маш ховор тохиолдолд диклофенакийг хэрэглэх явцад халдварт бус менингит хавсарч, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүүний хөшингө ухаан балартах шинж илэрнэ. Өвчтөн чонон яр, холбогч эдийн аутоиммуны эмгэгтэй бол үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

 

Судасны эмгэгүүд

Маш ховор илрэх: Цусны даралт ихсэх, цусны судасны үрэвсэл

 

Дархлааны системийн эмгэгүүд

Олонтаа илрэх: Арьс загатнах, тууралт гарах зэрэг хэт мэдрэгших урвал илрэх.

Хааяа илрэх: Чонон хөрвөс.

Ховор илрэх: Хэт мэдрэгших урвал (цусны даралт буурах, шок).

Маш ховор илрэх: Нүүр, хэл, залгиур хоолой зэрэг амьсгалын зам хавагнаж, хүчилж амьсгалах, амьсгалахад хүндрэх зэрэг судас-мэдрэлийн хаван, зүрх дэлсэх, цусны даралт буурах болон  амь насанд аюултай шинжээр илрэх хүнд хэлбэрийн хэт мэдрэгших урвал.

 

Хэрэв дээрх шинж илэрвэл бэлдмэл хэрэглэхээ даруй зогсоож, яаралтай эмнэлэгт хандаж тусламж авна уу. Энэ тохиолдолд эмийн хэрэглээг яаралтай зогсоож, эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Маш ховор тохиолдолд цусны судасны харшилт үрэвсэл ба уушгины үрэвсэл үүснэ.

 

Элэг цөсний замын эмгэгүүд

Олонтаа илрэх: Элэгний ферментийн хэмжээ нэмэгдэх.

Хааяа илрэх: Элэг гэмтэх, ялангуяа удаан хугацааны эмчилгээний явцад элэгний цочмог үрэвсэл нь шарлалттай  эсвэл  шарлалттгүй хэлбэрээр илэрнэ ( заримдаа урьдал шинж тэмдэггүй, өвөрмөц тохиолдолд маш хүнд явцтай [цахилгаан хэлбэрийн]).

Маш ховор илрэх: Элэгний эсийн гэмтэлтэй (элэгний эсийн үхжил) хавсарсан элэгний эмгэг,  элэгний дутагдал.

 

Удаан хугацааны эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тогтмол хянах шаардлагатай.

 

Сэтгэцийн эмгэгүүд

Маш ховор илрэх: Сэтгэцийн урвал, сэтгэл гутрал, түгших, хар дарах, нойргүйдэх.

 

Амьсгалын замын эмгэгүүд

Ховор илрэх: Гуурсан хоолойн багтраа.

Маш ховор илрэх:Уушгины завсрын эдийн үрэвсэл (Уушгины хатгалгаа).

Дээрх гаж нөлөө илэрсэн тохиолдолд зааврыг баримтална уу.

 

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв танд энэхүү зааварт тэмдэглэгдсэн болон  тэмдэглэгдээгүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.

Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад тус болох юм.

 

  1.  Дикло-Денк 50 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  • Бэлдмэлийг хүүхдээс хол байлгана уу.
  • Бэлдмэлийн хатуу цаасан хайрцаг ба савлагаан дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй. Эмийн хүчинтэй хугацааг тухайн сарын сүүлийн өдрөөр тооцно.
  • Хүчинтэй хугацаа 3 жил.
  • Бэлдмэлийг 25ºС ихгүй хэмд хадгална. Өөрийн савлагаанд нь гэрлээс хамгаалж хадгална.
  • Бэлдмэлийг бохир усны хоолой руу хаяж болохгүй. Хэрэглэхгүй эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээс лавлана уу. Энэ нь хүрээлэн байгаа орчноо хамгаалахад тань тусална.

 

  1. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

 

Фармакодинамик

Эмийн эмчилгээний бүлэг: Үрэвслийн эсрэг/хэрэхийн эсрэг стероид бус бэлдмэл.

АТХ код: M01AB05

Үрэвслийн эсрэг/хэрэхийн эсрэг стероид бус бэлдмэл буюу диклофенак нь амьтанд хийсэн стандарт туршилтаар простогландины нийлэгжилтийг дарангуйлах үйлчлэл үзүүлсэн. Хүн дээр хийсэн туршилтаар диклофенак нь үрэвслийн шалтгаант өвдөлт, хаван, халууралтыг бууруулна. Мөн диклофенак нь АДФ ба коллагенаар өдөөгдсөн тромбоцитын агрегацийг дарангуйлна.

Фармакокинетик

Бэлдмэлийн бүрхүүлтэй хэлбэрийг ууж хэрэглэхэд диклофенак нь ходоод гэдэсний замаар бүрэн шимэгдэнэ. Ходоод гэдэсний замаар  дунджаар 2-3 цагийн хугацаанд шимэгдэхэд 1-16 цагийн хугацаанд сийвэнгийн дээд хэмжээндээ хүрнэ. Булчинд тарьж хэрэглэхэд ойролцоогоор 10-20 минутын дараа, шулуун гэдсээр хэрэглэхэд 30 минутын дараа сийвэнгийн дээд хэмжээндээ хүрнэ. Сийвэнгийн уурагтай холбогдолт 99%.

Бодисын солилцоо ба ялгаруулалт

Ууж хэрэглэсэн тунгийн 35-70% нь элгэнд хувирч, идэвхгүй хэлбэрт шилжинэ. Ойролцоогоор 30% нь өтгөнөөр ялгарна.

Элгэнд хувирсны дараа ойролцоогоор 70% нь идэвхгүй хэлбэрээр бөөрөөр ялгарна. Бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа ойролцоогоор 2 цаг бөгөөд элэг болон бөөрний үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг.

Дикло-Денк 50 бэлдмэлийн найрлага

  • Үйлчлэгч бодис: Диклофенак натри. Бүрхүүлтэй нэг ширхэг шахмалд 50 мг диклофенак натри агуулагдана.
  • Туслах бодис: лактозын моногидрат, эрдэнэшишийн цардуул, повидон, цахиурын усгүй коллойд хоёрч исэл, бичил талст целлюлоз,  магнийн стеарат (ургамлын), метакрилын кополимер (С хэлбэр), полисорбат 80, макрогол 6000, тальк, титанийн хоёрч исэл,төмрийн исэл.

 

Эмийн сангаас олгох нөхцөл

Жороор олгодог эмийн бэлдмэл

 

Дикло-Денк 50  бэлдмэлийн дүрслэл, савлалт

Цайвар бор өнгийн дугуй хэлбэртэй, 2 тал уруугаа  гүдгэр ходоодны хүчилд тэсвэртэй Дикло-Денк 50 шахмал.

Дикло-Денк 50 бэлдмэл нь PVC/PVDC хөнгөн цагаан блистерт  савлагдсан.

Савлалт: Нэг хайрцагт 20 эсвэл 100 ширхэг шахмал савлагдана. Савлалт болгон зах зээлд зарагдахгүй байж болно.

 

Маркетингийн итгэмжлэгдсэн эзэмшигч ба үйлдвэрлэгч

DENK PHARMA GmbH & Co. KG

Prinzregentenstr.79

81675 München

Germany

 

Үйлдвэрийн  газар

DENK PHARMA GmbH & Co. KG

Göllstr.1

84529 Tittmoning

Germany

 

 

Заавар шинэчилсэн огноо 2020 оны 03 сар.