Хэрэглэх заавар
ХЭРЭГЛЭХ ЗААВАР: ӨВЧТӨНД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
ФЕНИБУТ
250 мг, шахмал
Үйлчлэгч бодис: фенибут
Энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө хэрэглэх зааварыг анхааралтай уншаарай, танд хэрэгтэй чухал мэдээлэл агуулсан болно.
- Хэрэглэх зааврыг хадгална уу. Танд дахин унших шаардлага гарч магадгүй.
- Хэрэв танд өөр асуулт байвал эмч эсвэл эмийн сангийн ажилтантай холбоо бариарай.
- Энэ эмийн бэлдмэлийг зөвхөн төнд бичиж өгсөн. Түүнийг бусад хүмүүст шилжүүлж болохгүй. Тэдний өвчний шинж тэмдэг хэдийгээр таныхтай ижил мэт боловч энэ эм тохирохгүй, муу нөлөө үзүүлж болно.
- Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчид эсвэл эмийн сангийн ажилтанд хандаарай. Энэ нь дурын болзошгүй гаж нөлөө, түүний дотор энэ зааварт тусгагдаагүй бүх зүйлд хамаарна. 4-р хэсгийг үзнэ үү
Хэрэглэх зааврын агуулга:
- ФЕНИБУТ ямар бүтэцтэй вэ, бэлдмэлийг ямар өвчний үед хэрэглэх вэ?
- ФЕНИБУТ бэлдмэлийг хэрэглэхээс өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?
- ФЕНИБУТ бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- ФЕНИБУТ бэлдмэлийг хадгалах нөхцөл
- Савлалтын агуулга ба бусад мэдээлэл
- ФЕНИБУТ ямар бүтэцтэй вэ, бэлдмэлийг ямар өвчний үед хэрэглэх вэ?
Фенибут нь ноотроп идэвхитэй ба тайвшруулах (транквилизатор) үйлдэлтэй.
Фенибутыг мэдрэлийн цочромхой байдал хэт ихэссэн (неврастени) үед болон нойрны алдагдлын үед хэрэглэдэг. Хүүхдэд – ээрэлт, тикийн эмчилгээнд хэрэглэнэ.
2 ФЕНИБУТ бэлдмэлийг хэрэглэхээс өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?
Фенибут бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:
- Та Фенибут эсвэл энэ эмийн зааврын 6-р хэсэгт бичигдсэн эмийн найрлага дахь бусад нэгдлүүдэд харшилтай байдаг бол.
- Хэрэв та бөөрний хүнд хэлбэрийн өвчинтэй бол
- Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл бол
Энэ эмийн хэлбэрээр фенибутыг 8 хүртэл насны хүүхдэд хэрэглэж болохгүй.
Хэрэв дээр дурьдсан зүйлсээс аль нэг нь танд хамаатай бол энэ эмийн бэлдмэлийг бүү хэрэглээрэй. Хэрэв танд эргэлзээтэй байвал та эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай.
Анхааруулга ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Хэрэв танд ходоодны шарх зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас асуудалтай эсвэл элэгний өвчинтэй бол Фенибут бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчээс зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Эмийн бэлдмэл нь хоол боловсруулах замыг цочроох нөлөө үзүүлж болно. Тийм учраас танд бага тунгаар хэрэглэхийг зөвлөж магадгүй.
Эмийн бэлдмэлийг удаан хэрэглэх үед танд элэгний үйл ажиллагааг хянах болон захын цусны үзүүлэлтүүдийг хянах шинжилгээ хийлгэхийг зөвлөж магадгүй.
Хэрэв эмийн бэлдмэлийг хэрэглэх хугацаанд өвчний шинж тэмдэг хадгалагдсаар байвал эсвэл биеийн байдал улам хүндэрч байвал эмчид хандах хэрэгтэй.
Фенибут лактозын моногидрат агуулдаг. Хэрэв та зарим сахарын үл тэвчилтэй бол энэ эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
Бусад эмийн бэлдмэлүүд ба Фенибут
Хэрэв та яг одоо хэрэглэж байгаа, өмнө нь хэрэглэж байсан, эсвэл өөр эм хэрэглэж байсан магадлалтай бол эмчид эсвэл эмийн сангийн ажилтанд энэ талаар мэдэгдээрэй. Энэ нь ямар ч ургамлын гаралтай бэлдмэл болон эмчийн жоргүйгээр хэрэглэж байгаа бүх эмийн бэлдмэлд хамаатай.
Фенибутыг бусад сэтгэц нөлөөт эмийн бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэхдээ зайлшгүй эхлээд эмчтэй зөвлөлдөж эмчилгээний явцад хянуулж байх хэрэгтэй.
Фенибут бэлдмэлийг хоол, ундтай хамт хэрэглэх нь
Бэлдмэлийг хоолны дараа, усаар даруулан уух хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл эхчүүд
Эмийн бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үедээ хэрэглэхийг хориглоно, учир нь Фенибут эмийн бэлдмэлийг жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй байдлыг үнэлсэн тохиромжтой, сайн хяналтат судалгаа хийгдээгүй байна.
Фенибут үр тогтоох чадварт нөлөөлөх нөлөөг судалсан дүн байхгүй байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллахад үзүүлэх нөлөө:
Фенибут бэлдмэлийг хэрэглэх үед төв мэдрэлийн тогтолцооны зүгээс алдагдал (нойрмоглох, толгой эргэх) илэрч болзошгүйтэй холбоотой тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм ажиллуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
- ФЕНИБУТ бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
Энэхүү бэлдмэлийг эмчлэгч эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатай. Хэрэв эргэлзэж байвал эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай.
Шаардлагатай тун хэмжээ
Таны эмчлэгч эмч танд тохирох тунг сонгож, ээлж эмчилгээний шаардлагатай үргэлжлэх хугацааг тогтоож өгнө.
Стандарт тун болон хэрэглэх зарчмыг дор үзүүлэв.
Мэдрэлийн цочромтгой байдал хэт ихэссэн (неврастени) болон нойрны алдагдлын үед
250-500мг-аар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Нэг удаагийн хамгийн дээд тун: насанд хүрэгсдэд – 750мг, 60 наснаас дээш хүмүүст – 500 мг.
Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа – 2-3 долоо хоног. Шаардлагатай тохиолдолд ээлж эмчилгээг 4-6 долоо хоног болгон уртасгаж болно.
Хүүхэд болон өсвөр үеийнхэнд хэрэглэх нь (тик, ээрэлтийг эмчлэх)
8-14 насны хүүхдэд 250мг-аар өдөрт 3 удаа.
14-өөс дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийн тунгаар хэрэглэнэ.
Хэрэглэх арга
Шахмалыг хоолны дараа, усаар даруулж ууна.
Хэрэв Фенибут бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол
Хэрэв та уух тунгаа мартсан бол түүнийг санасан даруйдаа хэрэглээрэй, хэрэв дараагийн уух тунгийн цаг тулсан бол нөхөж ууж болохгүй. Энэ тохиолдолд дараагийн тунг ууна. Мартсан тунг нөхөх зорилгоор давхарлан хэрэглэж болохгүй.
Хэрэв та Фенибут бэлдмэлийг зохих тунгаас ихээр хэрэглэсэн бол
Тун хэтэрсэн талаар мэдээлэл байхгүй байна. Тун хэтэрсэн тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрч болно: нойрмоглох, дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх.
Эмчилгээ: ходоод угаах, шинж тэмдгийн эмчилгээ.
Хэрэв танд эмийн эмчилгээтэй холбоотой нэмэлт асуудал үүсвэл эмчлэгч эмчдээ хандаарай.
4. Илэрч болох гаж нөлөө
Бүх эмийн нэгэн адил Фенибут нь гаж нөлөө үзүүлдэг боловч тэр болгон хүн бүрт тохиолдоод байдаггүй.
Фенибут хэрэглэх үед дараах гаж нөлөөний урвалууд илэрч болно:
Дархлааны тогтолцооны талаас: давтамж тодорхойгүй (байгаа мэдээлэлд үндэслэн давтамжийг тодорхойлох боломжгүй) - хэт мэдрэгшилийн урвалууд
Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас: давтамж тодорхойгүй - нойрмоглох (эмчилгээний эхэн үед), цочромхой байдал, сэрэмтгий чанар, түгшүүр, толгойн өвдөлт, толгой эргэлт нэмэгдэх (өдөрт 2 г-аас их тунгаар хэрэглэхэд, тунг бууруулахад гаж нөлөөний илрэл багасна).
Хоол боловсруулах замын талаас: давтамж тодорхойгүй - дотор муухайрах (эмчилгээний эхэн үед)
Арьс, арьсан доорх эдийн талаас: ховор (1000 хүнээс 1 хүртэл хүнд илрэх боломжтой) - харшлын урвал (арьсны тууралт, загатнаа).
Элэг, цөс ялгаруулах замын талаас: давтамж тодорхойгүй - элэг хордуулах нөлөө (өндөр тунгаар урт хугацаанд хэрэглэхэд элэгний бүтэц, үйл ажиллагааны алдагдал).
Эмийн бэлдмэлийг хэрэглэсэний дараагаар хүүхдэд сэтгэл санааны тогтворгүй байдал болон нойрны алдагдал илэрнэ.
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчтай зөвлөлдөх хэрэгтэй. Энэ нь болзошгүй гаж нөлөө, түүний дотор энэ хэрэглэх зааварт тусгагдаагүй бүх зүйлд хамаарна.
Мөн түүнчлэн тухайн улсын нутаг дэвсгэр дээр илэрсэн гаж нөлөө болон эмийн бэлдмэлийн үр нөлөө муутай байгаа талаар эмийн гаж нөлөөний мэдээллийн санд мэдээлэх боломжтой.
Гаж нөлөөг мэдээлснээр та энэ тухайн эмийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.
- ФЕНИБУТ бэлдмэлийг хадгалах нөхцөл
25С хэмээс хэтрэхгүй температурт хадгална.
Үйлдвэрлэгчийн савалгаанд хадгална.
Хүүхдийн гар хүрэхгүй, хүүхдэд харагдахааргүй газар хадгална уу.
Хүчинтэй хугацаа: 3 жил.
Үүрэн сав болон картон хайрцагт заасан хугацаа дууссан бол энэ эмийг бүү хэрэглээрэй. Хүчинтэй хугацаа нь заасан сарын сүүлийн өдөр юм.
Ямар нэгэн эмийг бохирын хоолой болон ахуйн хог хаягдал руу бүү хая. Шаардлагагүй эмийг хэрхэн яаж устгах талаар эмийн сангийн ажилтантай зөвлөлдөнө. Эдгээр арга хэмжээ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тусалдаг.
- Савлалтын агуулга ба бусад мэдээлэл
Нэг шахмалд агуулагдах найрлага: Фенибут идэвхитэй үйлчлэгч бодис - 250мг, туслах бодис: лактозын моногидрат, повидон К-25, кальцийн стеарат, төмсний цардуул.
Фенибут бэлдмэлийн харагдах байдал ба савлагааны агуулагдахуун
Цагаан эсвэл бага зэргийн шаравтар туяатай цагаан өнгийн, хавтгай бортгон, нэг гадаргуу дээрээ налуу ирмэг болон хэрчдэстэй* шахмал.
*Хэрчдэс шахмалыг ижил тэнцүү хэсгүүдэд хуваах зориулалтгүй.
Поливинилхлорид ялтас болон эмийн бэлдмэл хийх зориулалттай хөнгөн цагаан ялтас суурьтай уян рулон тасалгаат хайрцагт 10 ширхэг шахмалыг агуулсан байна. Нэг, хоёр, таван тасалгаат хайрцгийг эм хэрэглэх зааврын хамтаар хатуу цаасан хайрцагт савласан байна.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгоно.
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч ба үйлдвэрлэгч
РУП “Белмедпрепараты”
Беларусь улс, 220007, Минск хот
Фабрициусын гудамж, 30,
утас/факс: (+37517)2203716
email: medic@belmedpreparaty.com