Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Монодокс
Худалдааны нэр
Англи
Доксициклин
Үйлдвэрлэгч
Deva Holding A.Ş
Гарал үүслийн улс
БНТУ
Тун хэмжээ
100мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

МОНОДОКС 100 мг бүрээс

Ууж хэрэглэнэ.

  • Идэвхитэй үйлчлэгч бодис: 115.414 мг доксициклин гиклат агуулдаг ба 100мг доксициклинтэй тэнцэнэ.
  • Туслах бодис: лаурил сульфат натри, эрдэнэ шишийн цардуул, лактозын моногидрат (үхрийн сүүнээс гарган авсан), магнийн стеарат, желатин бүрээсэнд эритрозин, индиго кармин, тартразин, титаны давхар исэл, желатин (үхрийн яснаас гарган авсан).

 

Энэхүү заавар нь чухал мэдээлэл агуулсан байдаг тул энэ эмийг хэрэглэж эхлэхийн өмнө сайтар уншаад хадгална уу.

- Энэ зааврын хадгалаарай. Дахин унших хэрэг болж магадгүй.

- Хэрэв танд нэмэлт асуулт байгаа бол эмч болон эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

- Энэ эмийг эмч зөвхөн танд бичиж өгсөн. Тийм учраас хэдийгээр ижил

шинж тэмдэг илэрч байсан ч тэр хүнд тохирохгүй учраас эмийг бусдад шилжүүлж болохгүй.

- Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрч байвал эмч болон эм зүйчид

хандаарай. Үүнд энэ зааварт тусгагдаагүй гаж нөлөө ч орж болно. 4-р

хэсгийг үзнэ үү.

- Энэхүү зааварт бичсэний дагуу хэрэглэнэ, танд бичиж өгснөөс их эсвэл бага тунгаар хэрэглэж болохгүй.

 

Зааврын агуулга:

  1. МОНОДОКС гэж юу вэ? ямар үед хэрэглэх вэ?
  2. МОНОДОКС-ыг хэрэглэхийн өмнө юу мэдэх хэрэгтэй вэ?
  3. МОНОДОКС-ыг хэрхэн хэрэглэх вэ?
  4. Илэрч болзошгүй гаж нөлөө
  5. МОНОДОКС-ыг хэрхэн хадгалах вэ?

 

1. МОНОДОКС ГЭЖ ЮУ ВЭ? ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ?

МОНОДОКС нь бактери гэж нэрлэгддэг бичил биетнээр үүсгэгддэг өвчний үед хэрэглэдэг антибиотик юм.  МОНОДОКС-ын идэвхитэй үйлчлэгч бодис болох доксициклин нь бактерийн уургийн нийлэгжилтийг дарангуйлах замаар бактерийн өсөлтийг зогсоодог.

МОНОДОКС 115.414 мг доксициклин гиклат агуулдаг ба 100мг доксициклинтэй тэнцэнэ. Энэ нь дотроо шар өнгийн нунтаг агуулсан тунгалаг бус улаан хүрэн таг, тунгалаг бус бараан шар өнгийн их биетэй хатуу желатин бүрээс юм. Нэг хайрцагт 14 бүрээс агуулагдана.

МОНОДОКС бактериар үүсгэгддэг өргөн хүрээний, дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэгдэнэ:

  • шээс, бэлгийн замын халдвар
  • бэлгийн замаар халдварладаг тодорхой өвчнүүд (заг хүйтэн, тэмбүүний альтернатив эмчилгээнд хэрэглэнэ),
  • Амьсгалын замын халдвар (уушигны хатгаа, хэв шинжит бус хатгаа, архаг бронхит, синусит)
  • антибиотик эмчилгээ шаардлагатай арьс болон зөөлөн эдийн халдвар,
  • холер, амёб, жуулчны суулгалт зэрэг гэдэсний халдвар
  • нүдний тодорхой халдвар (трахом, коньюктивит)
  • Өндөр уулын халууралт, Q халууралт, балнадын зарим төрөл, бөөрс, хачигт хазуулснаас үүсэх халууралт, Мальтийн халууралт, зоб (туляреми), лептоспироз, орнитоз
  • хумхаагийн урьдчилан сэргийлэлт болон эмчилгээ
  • жуулчны суулгалтаас сэргийлэх
  • эмфиземт гангрен болон татрангийн альтернатив эмчилгээ

 

2. МОНОДОКС-ыг ХЭРЭГЛЭХИЙН ӨМНӨ ЮУ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Тетрациклиний бүлгийн эмүүдийг хүүхдийн шүд хөгжиж байгаа үед (жирэмсний хоёрдугаар хагас, нярай, 8 хүртэл насны хүүхэд) хэрэглэвэл шүдний паалан өнгөө алдаж болно (шар-саарал-бор). Энэ гаж нөлөө нь ихэнхдээ эмийн бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэсэнтэй холбоотой боловч богино хугацаагаар олон давталттай хэрэглэсэнтэй холбоотой бүртгэгдсэн байдаг. Түүнээс гадна шүдний паалангийн гипоплази (хөгжлийн гажиг) бүртгэгдсэн байдаг. Тийм учраас тетрациклиний бүлгийн эмүүдийг боом, ялангуяа амьсгалын замаар тархдаг боом (халдвар авсны дараа) өвчний үе, бусад эмийн бэлдмэл үр дүнгүй байгаа эсвэл хориглосноос бусад тохиолдолд энэ насны бүлэгт хэрэглэж болохгүй.

 

ДАРААХ ТОХИОЛДОЛД МОНОДОКСЫГ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ:

  • Хэрэв доксициклин эсвэл МОНОДОКС-ын найрлага дахь бусад нэгдэлд харшилтай бол
  • 8 хүртэл насны хүүхдэд
  • хэрэв хүнд хэлбэрийн элэгний дутагдалтай бол
  • хэрэв жирэмсэн бол
  • хэрэв хөхүүл бол

 

ДАРААХ ТОХИОЛДОЛД МОНОДОКСЫГ БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭНЭ:

  • МОНОДОКС хэрэглэж байгаа үед эсвэл хэрэглэсэний дараа хүнд хэлбэрийн, урт хугацааны эсвэл цустай суулгаж болзошгүй. Энэ нь бүдүүн гэдэсний үрэвслийн (хуурамч сарьсат колит) шинж тэмдэг байж болох ба эмчилгээний дараа илэрч амь насанд аюултай ч тохиолдол байдаг.
  • Наранд хэт мэдрэгшил үүсч болно (арьс улайлт (гэнэт улайх), наранд түлэгдэх)
  • МОНОДОКС-т тэсвэртэй бичил биетнээр үүсгэгдсэн халдвар (бактери, хөгз мөөг).
  • А бүлгийн стрептококкийн халдвартай бол (багадаа 10 хоногийн эмчилгээ шаардлагатай)
  • Хэрэв бэлгийн замаар халдварлах өвчнөөс гадна тэмбүү сэжиглэгдсэн бол (нэмэлтээр илрүүлэх сорил хийсэн байх)
  • Хумхаагаас сэргийлэх зорилгоор, хумхаа өвчин нь тодорхой бүс нутгуудад шумуулаар дамжин халдварладгийг анхаарах
  • Улаан хоолойн эмгэг үүссэнтэй холбоотой юм залгих чадвар алдагдаж болно
  • Порфири гэж нэрлэгддэг цусны өвчтэй бол
  • Миастени гэж нэрлэгддэг булчин сулрах өвчтэй бол
  • Тогтолцооны чонон яр гэж нэрлэгддэг холбогч эдийн өвчтэй бол.

Эдгээр сэрэмжлүүлгийн аль нэг нь өмнө нь илэрч байсан бол эмчлэгч эмчдээ хэлж зөвлөгөө аваарай.

МОНОДОКС-ыг хоолтой болон хоолгүй үед хэрэглэх нь

МОНОДОКС улаан хоолойг цочроож магадгүй учраас бүтэн аяга усаар даруулан суугаа эсвэл босоо байдалд ууж болно. МОНОДОКС-ыг хэрэглэснээс хойш багадаа 30 минут хэвтэж болохгүй. Хэрэв МОНОДОКС таны ходоодыг хямрааж байвал хоолтой эсвэл сүүтэй хамт хэрэглэхийг зөвлөнө.

 

Жирэмсэн үеийн хэрэглээ

Энэ эмийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчтэй зөвлөөрэй.

МОНОДОКС шүд болон ясны хөгжилд таагүй нөлөө үзүүлдэг. Тийм учраас жирэмсэн үед хэрэглэж болохгүй.

Энэ эм нь ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалдаг (төрөлтийг хянадаг) эмийн үйлдлийг сулруулдаг байж болзошгүй гэдгийг санах хэрэгтэй.

Хэрэв эмийн эмчилгээ хийх явцад та жирэмсэн болсон бол эмч болон эм зүйчтэй яаралтай зөвлөлдөх хэрэгтэй.

 

Хөхүүл үеийн хэрэглээ

Энэ эмийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй.

Хөхүүл үед МОНОДОКС-ыг хэрэглэж болохгүй.

Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нь

МОНОДОКС-ын авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нөлөөлөл нь тодорхойгүй байна.

МОНОДОКС эмийн бэлдмэлийн найрлага дахь зарим нэгдлийн тухай чухал мэдээлэл

МОНОДОКС лактоз моногидрат агуулдаг. Хэрэв танд өмнө нь эмч ямар нэгэн сахарт үл тэвчилтэй гэж хэлж байсан бол энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөө аваарай.

МОНОДОКС тартразин агуулдаг. Энэ нь харшил үүсгэж болно.

Бусад эмийн бэлдмэлийг хэрэглэх нь

Дараах эмийн бэлдмэлүүдтэй МОНОДОКС-ыг хавсран хэрэглэж болохгүй:

  • Пенициллиний бүлгийн антибиотикууд
  • Хөнгөн цагаан, кальци, магни агуулсан антацидууд (ходоод хамгаалах бэлдмэл)
  • Висмут, сукралфат зэрэг ходоод хамгаалах бэлдмэлүүд
  • Төмөр, цайр агуулсан эмийн бэлдмэлүүд
  • Варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд (бүлэн үүсэлтийн эсрэг хэрэглэдэг)
  • Фенобарбитал, карбамазепин, фенитоин, примидон зэрэг уналт, таталтын эсрэг (эпилепси) бэлдмэлүүд
  • Диазепин зэрэг нойрсуулах үйлдэлтэй бэлдмэлүүд
  • Венлафаксин, миртакапин, нефазодон зэрэг сэтгэл уналын эсрэг бэлдмэлүүд
  • Такролимус, циклоспорин зэрэг эрхтэн шилжүүлэн суулгахад хэрэглэдэг эмийн бэлдмэлүүд.
  • Зүрхний өвчин, цусны даралт ихсэлтийг эмчилдэг кальцийн сувгийг хориглогчид
  • Бэлгийн сулралын үед хэрэглэдэг силденафил болон төстэй эмүүд
  • Жирэмслэлтээс хамгаалдаг ууж хэрэглэдэг эмийн бэлдмэлүүд
  • Мэдээгүйжүүлгэд хэрэглэдэг метоксифлюран (бөөрний дутагдалд оруулах эрсдэлтэй)
  • Архи согтууруулах ундаа

Хэрэв та жортой болон жоргүй олгодог ямар нэг эм хэрэглэж байгаа эсвэл саявтархан хэрэглэсэн бол эмч эсвэл эм зүйчдээ заавал мэдэгдэх хэрэгтэй.

 

3. МОНОДОКС-ыг ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

Зөв хэрэглэх заавар, тун/тунгийн давтамж:

Халдварын төрөл болон хүндрэлийн зэргээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа болон тунг таны эмчлэгч эмч тодорхойлно.

Хэрэв эмчлэгч эмч өөрөөр бичиж өгөөгүй бол хөнгөн болон дунд зэргийн халдварын эхний өдөр нэг удаа 200мг-аар эсвэл  хоёр удаа тус бүр 100мг-аар хэрэглэсэний дараа ихэнхдээ өдөрт 100мг-аар хэрэглэхийг зөвлөдөг. Илүү хүнд халдварын үед эмчилгээг өдөрт 200мг-аар үргэлжлүүлэн хийж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацаа ихэвчлэн 10 хоног байна.

Өөр төрлийн халдварын үед өөр өөр тунгаар, өөр өөр хугацаагаар хэрэглэхийг зөвлөнө:

  • Батганы эмчилгээнд хоногт 50 мг, 6-12 долоо хоногийн эмчилгээ
  • Бэлгийн замын халдварт өвчний эмчилгээнд хоногт 100 мг, 7-10 долоо хоногийн эмчилгээ
  • Тэмбүүгийн халдварын эмчилгээнд хоногт 300 мг, өдөрт хоёр хувааж хэрэглэнэ
  • Бөөс болон хачганд хазуулснаас болсон халууралтын хүнд хөнгөний зэргээс хамаарч нэг удаадаа 100-200мг тунгаар
  • хумхаагийн үед 200мг-аар багадаа 7 хоног (хумхаагийн эмчилгээний хинин зэрэг эмийн бэлдмэлтэй нэг дор зэрэг хэрэглэх)
  • Иж балнадаас сэргийлэх зорилгоор долоо хоногт нэг удаа 200мг тунгаар (жижиг шавьжаар дамжин халдварладаг өвчин)
  • Жуулчны суулгалтаас сэргийлэх: аялалын эхний өдөр 200мг уулгаад, тухайн бүсэд байх хугацаанд өдөрт 100мг тунгаар хамгийн ихдээ 3 долоо хоногийн (21 хоног) хугацаанд хэрэглэнэ.
  • Лептоспирозын (бохирдсон усны халдвар) халдвараас сэргийлэх: халдварласан бүсэд байх хугацаандаа долоо хоногт нэг удаа 200мг, хамгийн сүүлийн өдөр дахин 200мг хэрэглэнэ. Эмч өөрөөр зөвлөөгүй бол энэ эмийг 3 долоо хоногоос илүү хугацаагаар хэрэглэж болохгүй.

 

Хэрэглэх арга ба тун:

МОНОДОКС-ыг зажлахгүй, их хэмжээний усаар даруулан, босоо байрлалд ууж хэрэлэнэ. МОНОДОКС-ыг хэрэглэсэний дараа багадаа 30 минут хэвтэж болохгүй.

 

Өөр өөр насны бүлгүүдийн хэрэглээ

Хүүхдэд хэрэглэх нь

8 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй. Шүд болон ясны өвчин үүсгэж болзошгүй.

Ахмад настанд хэрэглэх нь

Залуу хүмүүст хэрэглэх ижил зөвлөмжит тунгаар хэрэглэнэ.

 

Тусгай нөхцөлд хэрэглэх нь

Бөөрний дутагдал

Ердийн тунгаар хэрэглэж болно.

Элэгний дутагдал

Хүнд хэлбэрийн элэгний дутагдлын үед хэрэглэж болохгүй.

Хэрэв МОНОДОКС-ын эмийн үйлдэл хэтэрхий хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмч болон эм зүйчид хандаарай.

 

Хэрэглэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд

Хэрэв та МОНОДОКС-ыг хэрэглэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн бол эмч болон эм зүйчид хандаарай.

Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, хоолны дуршил буурах, суулгалт зэрэг шинж илэрч болно.

Эмчид хандан яаралтай ходоод угаах болон бусад шаардлагатай арга хэмжээг авна.

МОНОДОКС эмийн бэлдмэлээ уухаа мартсан бол

Хэрэв дараагийн уух тунгийн хугацаа хол байгаа тохиолдолд МОНОДОКС-ыг санасан даруйдаа уугаад дараагийн тунг тогтсон хугацаандаа хэрэглэнэ.

Мартсан тунг нөхөх зорилгоор тунг давхарлан ууж болохгүй.

 

МОНОДОКС эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоох бол

Эмчтэй ярилцалгүйгээр дур мэдэн МОНОДОКС эмийн хэрэглээг зогсоож болохгүй. Антибиотикийн буруу хэрэглэснээс болж тэсвэржсэн бичил биетэн үүсч болох бөгөөд шаардлагатай эмчилгээг гүйцэд хийгээгүйгээс болж халдварын шинж тэмдэг тогтвортой илэрч болзошгүй.

 

4. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ

Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар МОНОДОКС эмийн найрлага дахь нэгдлүүд нь өвчтөнд гаж нөлөө үзүүлж болзошгүй.

Дараах гаж нөлөөний урвалууд илэрсэн тохиолдолд МОНОДОКС эмийн хэрэглээг зогсоож, ЯАРАЛТАЙ эмчид мэдэгдэж эсвэл ойролцоо орших яаралтай тусламжийн төв рүү очиж эмнэлгийн тусламж авах хэрэгтэй:

  • Гэнэт амьсгаадах, амьсгалахад хүндрэлтэй болох, нүүр, хэл, төвөнх хавагнах зэрэг нь анафилакси гэж нэрлэгддэг хүнд хэлбэрийн харшлын урвалын шинж тэмдэг байж болно.
  • Арьсан дээр эсвэл нүдний эргэн тойронд усархаг эсвэл цусархаг цэврүү туурах эсвэл арьс том талбайгаар ховхрох (энэ нь олон төрлийн арьсны харшлын өвчний шинж тэмдэг байж болно)
  • Арьс наранд хүнд хэлбэрээр түлэгдэх

Эдгээр нь бүгд хүнд хэлбэрийн гаж нөлөө. Хэрэв танд эдгээрийн аль нэг нь илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авч эсвэл эмнэлэгт хэвтэх хэрэгтэй.

Эдгээр хүнд хэлбэрийн гаж нөлөөний урвалууд маш ховор тохиолддог.

Хэрэв дараах шинэ тэмдгээс аль нэг нь илэрвэл яаралтай эмчид хэлэх эсвэл ойролцоо орших яаралтай тусламжийн төвд очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай:

  • Хэрэв цус гарч байвал цусны улаан эс, цагаан эс эсвэл ялтас эс (бүлэгнэлтэнд оролцогч эс) зэрэг цусны эсийн төрлүүд эмгэгээр тоо нь цөөрөх эсвэл арьсан доор сүлбээр зүүний толгойтой ижил хэмжээний хөхрөлт үүсэх.
  • Порфири илрэх (цус багадалт, хэвлийн өвдөлт, арьс гэрэлд хэт мэдрэг болох).
  • Хэрэв танд цусны шинжилгээнд хазайлт илрэх эсвэл элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдлыг заадаг шарлах шинж илрэх.
  • Хүнд хэлбэрийн, цусархаг салслаг суулгалт удаан хугацаанд илрэх болон ходоод өвдөх, гэдэс базлах (хуурамч сарьсат колит)
  • Залгихад төвөгтэй болох, өвчүүний цаана хорсох, өвдөлт илрэх (улаан хоолой цочрох)
  •  Үтрээнээс ялгадас гарах, загатнах, эмийн бэлдмэлд тэсвэртэй бусад халдвар эсвэл мөөгөнцөр (ам, хэлний халдвар зэрэг)
  • Тогтолцооны чонон яр өвчний хүндрэл

Эдгээр нь бүгд хүнд хэлбэрийн гаж нөлөөнүүд юм. Энэ тохиолдолд яаралтай эмийн эмчилгээ хийх шаардлагатай. Эдгээр хүнд хэлбэрийн гаж нөлөөний урвалууд маш ховор илэрдэг.

 

Дараах гаж нөлөөний урвалууд илэрвэл эмчид хандаарай:

  • Толгой өвдөх
  • Хараа бүрэлзэх, харааны эмгэг
  • Нярайд хэрэглэсэн тохиолдолд зулай (толгойн орой дэх зөөлөн хэсэг) хавагнах
  • Чих шуугих, хангинах
  • Ходоодны өвдөлт
  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах
  • Суулгах
  • Цээж хорсох
  • шүд өнгөө алдах болон/эсвэл шүдний паалан үүсэхгүй байх (хүүхдэд)
  • Үе мөч, булчин өвдөх
  • Цусны шээгний агууламж түр зуур өөрчлөгдөх (бөөрний үйл ажиллагааг илтгэнэ)

Эдгээр нь МОНОДОКС-ын хөнгөн хэлбэрийн гаж нөлөөнүүд юм.

 

Гаж нөлөөг мэдээлэх нь

Хэрэв танд энэхүү зааварт бичигдсэн болон илэрч болзошгүй гаж нөлөөнөөс аль нэг нь илэрсэн тохиолдолд эмч, эм зүйс, эсвэл сувилагчид зайлшгүй мэдэгдэх шаардлагатай. Мөн түүнчлэн Туркийн эмийн хяналтын төвийн (ТЭХТ) www.titck.gov.tr  сайтны “Эмийн гаж нөлөөг бүртгэх” гэсэн товчлуур дээр дарж эсвэл  +90 800 314 00 08 дугаарт залган гаж нөлөөг мэдээлж болно. Ингэж гаж нөлөөг мэдээлснээр та тухайн эмийн аюулгүй байдлын талаар хэрэгтэй мэдээллийг бүрдүүлэхэд туслах болно.

Хэрэв танд энэхүү зааварт бичигдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдээрэй.

 

5. МОНОДОКС-ыг ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

МОНОДОКС-ыг хүүхдийн нүднээс хол, гар хүрэхээргүй газар, үйлдвэрлэгчийн савлалтанд нь хадгална.

25°C доош тасалгааны хэмд хадгална. Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаална.

Хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хэрэглэнэ.

МОНОДОКС-ыг хайрцаг дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.

Хүчинтэй хугацаа тухайн сарын сүүлийн өдрийг заана.

Нийтийн ус болон ахуйн хог хаягдалд хэрэглэхгүй эмийн үлдэгдлийг хаяж болохгүй. Дахин хэрэглэхгүй эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуугаарай. Ингэснээр та хүрээлэн буй орчноо хамгаалахад туслах болно.  

 

Борлуулалтын эрхийг эзэмшигч

Дева Холдинг Эй.Эс

Халкалы хороолол, №1 гудамж, 34303, Кучукчекмэжэ, Истанбул/Турк улс

Үйлдвэрлэгч:

Дева Холдинг Эй.Эс

Черезкөй Организэ үйлдвэрийн бүс, Карач хороолол, Ататурк гудамж, №32, Капаклы-Текирдаг/Турк улс