Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Флавамед
Худалдааны нэр
Англи
Амброксол
Үйлдвэрлэгч
Berlin Chemie AG /Menarini Group/
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
15мг/5мл - 100мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх уусмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Савлагаан доторх эм хэрэглэх заавар: хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл

 

Флавамед 15мг/5мл ууж хэрэглэдэг уусмал

 

Амброксолын гидрохлорид


Энэхүү бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг анхааралтай уншаарай. Учир нь тэрээр таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулдаг.

Уг бэлдмэлийг энэхүү савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ.

  • Уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Таньд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв таньд нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө хэрэгтэй болвол эм зүйчээс асууна.
  • Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө орно. 4 хэсгийг үз.
  • Хэрэв 4-5 өдөр хэрэглэсний дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

 

Уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт юу агуулагддаг вэ?

  1. Флавамед гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Флавамедыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
  3. Флавамедыг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөө
  5. Флавамедыг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл

 

  1. Флавамед гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Флавамед нь үйлчлэгч бодис амброксолын гидрохлорид агуулдаг бөгөөд ханиалга ба ханиад шуухинааны үед хэрэглэдэг эм, цэр шингэлэх эмийн эмчилгээний бүлэгт хамаардаг. Амброксолын гидрохлоридыг уушги, гуурсан хоолойн цочмог ба архаг өвчинтэй холбоотой цэртэй ханиалгын эмчилгээнд хэрэглэнэ.

Флавамедыг 2-с дээш насны хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрэгсдэд хэрэглэнэ.

Флавамедын тусламжтайгаар салс нь илүү шингэн болох бөгөөд ханиалгаар  гадагшлах нь илүү хялбар болдог.

 

Хэрэв 4-5 өдөр хэрэглэсний дараа таны биеийн байдал сайжрахгүй эсвэл дордвол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй.

 

  1. Флавамедыг хэрэглэхээс өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?

Флавамедыг дараах тохиолдолд хэрэглэхгүй.

  • Хэрэв та амброксолын гидрохлорид эсвэл уг бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд (6 хэсэгт жагсаасан) харшилтай бол

 

Флавамедыг 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

 

Анхааруулга болгоомжлол

Дараах тохиолдолд Флавамед бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчтэй ярилцана.

Хэрэв таньд өмнө нь арьсны маш хүнд хэлбэрийн хэт мэдрэгшлийн урвал (Стивенс-Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж) илэрч байсан бол

  • Стивенс-Джонсоны хам шинж нь өндөр халуурах, арьс ба салст бүрхүүлд цэврүүт тууралт гарах шинжээр илэрдэг өвчин юм.
  • Амь насанд аюултай Лайеллын хам шинж нь түлэгдсэн арьсны хам шинж гэж нэрлэгддэг. Уг эмгэгийн шинж нь түлэгдэлтэй төстэй арьсны хүнд хэлбэрийн цэврүү үүсэх  юм.

Амброксолыг хэрэглэсэнтэй холбоотойгоор арьсны хүнд хэлбэрийн урвал илэрсэн талаар мэдээлэгдсэн байдаг. Хэрэв таньд арьсны тууралт (ам, хоолой, хамар, нүд, бэлэг эрхтний салст бүрхүүлийн гэмтлийг оруулаад) илэрвэл Флавамедыг хэрэглэхээ зогсоож яаралтай эмчлэгч эмчдээ хандах хэрэгтэй.

  • Хэрэв та бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй эсвэл элэгний хүнд явцтай эмгэгтэй бол. Энэ тохиолдолд та Флавамедыг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй (өөрөөр хэлбэл эм хэрэглэх хоорондын зай их байх эсвэл багасгасан тунгаар-энэ талаар эмчлэгч эмчээс асууна). Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлтийн үед Флавамедын үйлчлэгч бодисын задралын бүтээгдэхүүн хуримтлагдаж болно.
  • Хэрэв та салсын үүсэлт ихэссэн гуурсан хоолойн ховор тохиолддог өвчнөөр (жишээ нь хөдөлгөөнгүй сормослогийн хам шинж) шаналж байгаа бол. Энэ үед салс уушгинаас гадагшлах боломжгүй байдаг. Энэ тохиолдолд Флавамедыг зөвхөн эмчийн нарийн хяналтан дор хэрэглэнэ.
  • Хэрэв та гистамины үл зохицолтой бол. Та удаан хугацааны эмчилгээнээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь Флавамедын үйлчлэгч бодис нь гистамины солилцоонд нөлөөлөх ба үл зохицлын шинж (толгой өвдөх, нус гоожих, загатнах гэх мэт) үүсгэж болзошгүй.
  • Хэрэв та идэгдмэл шархлаа өвчний өгүүлэмжтэй бол Флавамедыг хэрхэн хэрэглэх талаар эмчлэгч эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь цэр шингэлэх эмүүд нь ходоодны салст бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг өөрчилж болно. Флавамедыг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчээсээ асууна.

 

Хүүхэд

2-4 настай хүүхдийн байнгын болон дахилтат ханиалгын үед эмчилгээний өмнө эмнэлгийн оношлогоо шаардагддаг.

 

Флавамед ба бусад эмийн бэлдмэл

Хэрэв та ямар нэгэн өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэсэн, эсвэл хэрэглэж магадгүй бол эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдээрэй.

 

Ханиалга намдаах эмийн бэлдмэл

Флавамедыг хэрэглэж байгаа үед ханиалгын рефлексийг дарангуйлдаг ямар нэгэн эмийн бэлдмэл (ханиалга намдаах эм гэж нэрлэдэг) хэрэглэж болохгүй. Ханиалгын рефлекс нь шингэрсэн салсыг ханиалган уушгинаас гадагшлуулахад чухал үүрэгтэй.

 

Жирэмсэн, хөхүүл үе ба нөхөн үржих чадвар

Хэрэв та жирэмсэн эсвэл хөхүүл, жирэмсэн гэж бодож байгаа эсвэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууж зөвлөгөө авна.

Флавамедыг жирэмсэн болон хөхүүл үед зөвхөн эмчийн шууд заавраар хэрэглэнэ! Ялангуяа жирэмсний эхний 3 сарын хугацаанд флавамедыг хэрэглэж болохгүй.

Флавамедын үйлчлэгч бодис нь хөхний сүүнд нэвтэрдэг болох нь тогтоогдсон.

Флавамедыг хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.

Амьтанд хийсэн судалгаагаар  амброксол нь нөхөн үржих чадварт хортой нөлөө үзүүлээгүй байна.

 

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөг талаар мэдээлэл байдаггүй.

Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх үйлдлийн судалгаа хийгдээгүй.

 

Флавамед сорбитол, бензойны хүчил агуулдаг.

Уг эмийн бэлдмэлийн ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий халбага (5мл)  бүр нь 1,75г сорбитол агуулдаг. Сорбитол нь фруктозын эх үүсвэр. Хэрэв таньд (эсвэл таны хүүхэд) эмчлэгч эмч зарим төрлийн сахар зохидоггүй гэж хэлж байсан эсвэл та удамшлын гаралтай фруктозын үл зохицол (фруктозыг задалж чаддаггүй ховор тохиолддог удамшлын эмгэг) гэж оношлогдсон бол та (эсвэл таны хүүхэд) уг эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчдээ хандаж ярилцах хэрэгтэй.

Сорбитол нь хоол боловсруулах замын зовиур болон бага зэргийн туулгах үйлдэл үүсгэж болно.

Уг эмийн бэлдмэлийн ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий халбага (5мл)  бүр нь 5,75мг бензойны хүчил агуулдаг.

 

3. Флавамедыг хэрхэн хэрэглэх вэ?

Энэхүү бэлдмэлийг үргэлж уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж шалгана.

Хэрэв эмчлэгч эмч Флавамедын хэрэглээг таньд өөрөөр зөвлөөгүй бол доорх зааврын дагуу хэрэглэнэ. Хэрэглэхэд зориулсан энэхүү эм хэрэглэх зааврыг баримтлаарай. Эсрэг тохиолдолд Флавамед нь зохих ёсны үр нөлөө үзүүлэхгүй.

 

2-5 насны хүүхэд:

Ууж хэрэглэдэг уусмалтай  хэмжээс бүхий ½ халбагаар (2,5мл) хоногт 3 удаа хэрэглэнэ. (амброксолын гидрохлоридыг 7,5мг-р 3 удаа = 22,5мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно)

 

6-12 насны хүүхэд:

Ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий 1 халбагаар (5мл) хоногт 2-3 удаа хэрэглэнэ. (амброксолын гидрохлоридыг 15мг-р 2-3 удаа = 30-45мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно)

 

12-с дээш насны өсвөр насныхан ба насанд хүрэгсэд:

Эхний 2-3 өдөр 5мл ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий 2 халбагаар хоногт 3 удаа хэрэглэнэ (амброксолын гидрохлоридыг 30мг-р 3 удаа = 90мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно). Дараа нь 5мл ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий 2 халбагаар хоногт 2 удаа хэрэглэнэ. (амброксолын гидрохлоридыг 30мг-р 2 удаа = 60мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно).

 

Тэмдэглэл:

Насанд хүрэгсдэд  тунг 5мл ууж хэрэглэдэг уусмалтай хэмжээс бүхий 4 халбагаар хоногт 2 удаа хэрэглэх хүртэл ихэсгэж болно (амброксолын гидрохлоридыг 60мг-р 2 удаа = 120мг амброксолын гидрохлорид/хоног-той тохирно).

 

Хэрэглэх арга

Ууж хэрэглэхэд зориулагдсан. Флавамедыг савлалтанд хавсаргасан хэмжээс бүхий халбагаар хоолны дараа ууна.

 

Хэрэглэх хугацаа

Флавамедыг эмчийн зөвлөгөөгүйгээр 4-5 хоногоос удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.

Хэрэв 4-5 өдөр хэрэглэсний дараа таны зовиур сайжрахгүй эсвэл дордвол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

 

Хэрэв Флавамедын үйлдэл таньд хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ хандаж ярилцаарай.

 

Хэрэв та Флавамедыг таньд зөвлөснөөс их хэмжээгээр хэрэглэсэн бол

Бэлдмэлийг санамсаргүй тун хэтрүүлэн хэрэглэх эсвэл хэрэглэхдээ алдаа гаргасан үед ажиглагддаг шинж тэмдэг нь амброксолын гидрохлоридыг зөвлөсөн тунгаар хэрэглэх үед илэрч болох гаж нөлөөтэй тохирдог.

Тун хэтэрсэн тохиолдолд эмчид хандах ба дараа нь илэрч буй тун хэтрэлтийн шинж тэмдэгт тохируулж эмчилгээг эхлэх хэрэгтэй.

 

Хэрэв та Флавамедыг хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол

эсвэл хэт бага тунгаар хэрэглэсэн бол бэлдмэлийг дараагийн тунг хэрэглэх цагт нь заасан тунгаар хэрэглэнэ.

Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

 

Хэрэв уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчээс асууна.

 

4. Илэрч болох гаж нөлөө

Уг бэлдмэлийг хэрэглэх үед бүх эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө илэрч болох боловч энэ нь хүн бүрт  илэрдэггүй.

 

Гаж нөлөө

Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Дотор муухайрах
  • Амт өөрчлөгдөх
  • Ам ба хоолой бадайрах (мэдрэхүй багасах)

 

Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Бөөлжих
  • Ам хатах
  • Суулгах
  • Хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах
  • Хэвлийн өвдөлт
  • Халуурах

 

Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэл тохиолдож болно)

  • Хэт мэдрэгшлийн урвал
  • Тууралт, чонон хөрвөс

 

Давтамж тодорхойгүй (байгаа мэдээллээс давтамжийг тодорхойлох боломжгүй)

  • Анафилаксын урвал, анафилаксын шок, судасны хаванг (арьс, арьсан доорх эд, салст бүрхүүл, салст бүрхүүлийн доорх эдэд хаван түргэн үүсдэг) оруулаад  загатнаа
  • Арьсны хүнд хэлбэрийн гаж урвал (олон хэлбэрийн улайрал, Стивенс-Джонсоны хам шинж/эпидермийн хордлогот үхжил ба цочмог явцтай тархмал экзантем хэлбэрийн пустулез зэргийг оруулаад)
  • Хоолой хатах

 

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв таньд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйч, эсвэл сувилагчид хандаж ярилцах хэрэгтэй. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна. Та түүнчлэн гаж нөлөөг үндэсний мэдээллийн системээр шууд мэдээлж болно. Гаж нөлөөг мэдээлснээр  уг эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээллээр хангахад тусална.

 

5. Флавамедыг яаж хадгалах вэ?

Уг бэлдмэлийг хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.

Шошго болон эвхмэл цаасан хайрцаг дээр заасан “хүчинтэй хугацаа”-ны ард бичсэн хадгалах хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаанд тухайн сарын сүүлийн өдөр хамаарна.

Уг бэлдмэл хадгалалтын тусгай нөхцөл шаарддаггүй.

 

Анх нээсний дараах хүчинтэй хугацаа

Флаконыг нээсний дараах тогтвортой байдал: 6 сар.

 

Ямар нэгэн эмийн бэлдмэлийг бохирын ус болон ахуйн хогонд хаяж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй болсон эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асууна. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.

 

6. Савлалтын агууламж ба нэмэлт мэдээлэл

 

Флавамед бэлдмэлийн найрлага

Үйлчлэгч бодис нь амброксолын гидрохлорид.

Ууж хэрэглэдэг 1мл уусмал 3мг амброксолын гидрохлорид агуулдаг.

Ууж хэрэглэдэг 5мл уусмалтай хэмжээс бүхий 1 халбага нь 15мг амброксолын гидрохлорид агуулаг.

Бусад туслах бодис: талстжаагүй шингэн сорбитол (Е420), бензойны хүчил (Е210), 85 хувийн глицерол, гидроксиэтилцеллюлоз, бөөрөлзгөний амт оруулагч,  цэвэршүүлсэн ус (2 хэсгийг үз)


Флавамедын гадаад дүрслэл ба савлалтын агууламж

Бөөрөлзгөнө жимсний үнэртэй, өнгөгүйгээс бага зэргийн хүрэн өнгөтэй, тунгалаг шингэн.

Флавамедыг 60мл ба 100мл ууж хэрэглэдэг уусмал бүхий савлалттай гаргана.

Бүх савлалт нь худалдаанд гараагүй байж болно.

 

Хэмжээс бүхий халбага нь полипропиленээр хийгдсэн бөгөөд 1.25мл, 2.5мл ба 5мл-ын (халбаганы ирмэг) хэмжээсийн шугамтай байна.

 

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч ба Үйлдвэрлэгч

БЕРЛИН-ХЕМИ АГ (МЕНАРИНИ ГРУПП)

Глиеникер Вег 125

12489 Берлин, Герман

 

Уг савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хамгийн сүүлд хянасан 2022 оны 11 сард