Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Эзом
Худалдааны нэр
Англи
Эзомепразол
Үйлдвэрлэгч
Nobel Ilac Sanayii Ve Ticaret A.S Turkey
Гарал үүслийн улс
БНТУ
Тун хэмжээ
40мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

             1.3.1.3 Бүтээгдэхүүний талаарх (хэрэглэгчдэд зориулсан) мэдээлэл

ЭЗОМ  40 мг  гэдсэнд задардаг бүрхүүл бүхий микропиллет капсул.

(Эзомепразол)

 

Энэхүү зааварт Танд хэрэгтэй чухал мэдээлэл агуулагдаж байгаа учраас бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө зааврыг гүйцэд, анхааралтай уншина уу.

  • Дахин унших шаардлага гарч магадгүй тул энэхүү зааврыг хадгалаарай.
  • Хэрэв Танд ямар нэг нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна уу.
  • Энэ эмийг эмч зөвхөн Танд зориулан бичиж өгсөн учраас өөр бусдад бүү дамжуул. Учир нь тэдний өвчний шинж тэмдэг таныхтай ижил төстэй байсан ч тэдэнд хор аюул учруулж болзошгүй.
  • Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Үүнд   энэ зааварт бичигдээгүй гаж нөлөө ч багтана. Зааврын 4-р хэсгийг үзнэ үү.


Эмийн зааврын товч агуулга:

  1. ЭЗОМ гэж юу вэ? Түүнийг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?
  2. ЭЗОМ бэлдмэлийг хэрэглэхийн өмнө Та юуг мэдэх хэрэгтэй вэ?
  3. ЭЗОМ бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?
  4. Илэрч болзошгүй гаж нөлөөнүүд
  5. ЭЗОМ бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлагаан доторх агуулагдахуун, бусад мэдээлэл


  1. ЭЗОМ гэж юу вэ? түүнийг ямар зорилгоор хэрэглэдэг вэ?

ЭЗОМ бэлдмэл нь Эзомепразол гэх үйлчлэгч бодис агуулна. Энэ эм нь "протоны шахуургыг хориглогч" гэж нэрлэгддэг эмийн бүлэгт багтдаг. Энэ бүлгийн эмүүд ходоодноос хүчил “үйлдвэрлэгдэн” гарахыг хориглодог.

ЭЗОМ  бэлдмэлийг дараах эмгэгийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг:  

Насанд хүрэгчдэд

  • Ходоод улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ). Энэ нь ходоодны хүчиллэг шүүс улаан хоолой руу сөргөж орсны улмаас  цээж хорсох зовиур үүсгэж улмаар улаан хоолойн салст улайж, үрэвсэхэд хүргэдэг хам шинжийн үед;
  • “Хеликобактер пилори” бактерийн халдварт өртсөний улмаас ходоод ба нарийн гэдэсний эхлэл хэсэгт үүссэн шархлааг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Энэ тохиолдолд Таны эмч дээрх эмийг халдварын эсрэг антибиотиктой хавсран хэрэглэхийг зөвлөдөг.  

  • Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийн (СБҮЭБ) бүлэгт багтдаг эмийг хэрэглэж буй хүмүүст энэ эмээс шалтгаалсан ходоод гэдэсний улайлт, үрэвсэл, шархлаа үүсэхээс сэргийлэх зорилгоор;
  • Нойр булчирхайн хэт ургалттай холбоотойгоор ходоодноос хэт их хэмжээний хүчил ялгардаг Золлингер-Эллисоны хам шинж хэмээн нэрлэгддэг өвчний үед тус тус хэрэглэнэ.
  • Ходоодны шархлаанаас цус алдсан өвчтөнд дахилтаас сэргийлэх удаан хугацааны эмчилгээнд ЭЗОМ -ийн тарилгын хэлбэрийг судсанд тарьж хэрэглэдэг.

Өсвөр үеийнхэнд (12 ба түүнээс дээш нас) хэрэглэх

  • Ходоод улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ). Энэ нь ходоодны хүчиллэг шүүс улаан хоолой руу сөргөж орсны улмаас цээж хорсох зовиур үүсгэж улмаар улаан хоолойн салст улайж, үрэвсэхэд хүргэдэг хам шинжийн үед;
  • Хеликобактер пилори бактерийн халдварт өртсөний улмаас ходоод ба нарийн гэдэсний эхлэл хэсэгт үүссэн шархлааг эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Энэ тохиолдолд Таны эмч дээрх эмийг халдварын эсрэг антибиотиктой хавсран хэрэглэхийг зөвлөдөг.

2. ЭЗОМ  бэлдмэлийг хэрэглэхийн өмнө Та юуг  мэдэх хэрэгтэй вэ?

Дараах тохиолдолд Та энэ эмийг хэрэглэж болохгүй:

  • Хэрэв Та Эзомепразолд эсвэл түүний найрлагад орсон (6-р хэсэгт бичигдсэн) аль нэг бодист харшилтай бол,   
  • Хэрэв та протоны шахуургыг хориглогч бүлгийн аль нэг (жишээ нь пантопразол, лансопразол, рабепразол, омепразол зэрэг) эмэнд харшилтай нь тогтоогдсон бол,
  • Хэрэв та ХДХВ-ийн халдварын эмчилгээнд хэрэглэгддэг нелфинавир эмийг агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа бол,  

Дээр дурьдсан нөхцөл байдал хэрэв танд байгаа бол энэ бэлдмэлийг бүү хэрэглээрэй. Хэрэв та эргэлзэж байвал эм хэрэглэхийн өмнө эмч эсвэл эмзүйчтэйгээ ярилцана уу.

Анхааруулга ба болгоомжлол

Дараах тохиолдолд ЭЗОМ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай:

  • Хэрэв та элэгний хүнд эмгэгтэй бол.
  • Хэрэв та бөөрний хүнд эмгэгтэй бол.
  • Хэрэв танд ЭЗОМ эмтэй төстэй ходоодны хүчил бууруулах эм хэрэглэсний дараа арьсны ямар нэг хэлбэрийн гаж урвал тохиолдож байсан бол
  • Та цусны тусгайлсан сорил (жишээ нь Хромогранин А) өгөхөөр завдаж байгаа бол.

ЭЗОМ   нь  зарим нэг өвчний илрэх шинж тэмдгийг бүдэгрүүлснээр оношийг оройтуулж болзошгүй. Тиймээс дор дурьдагдсан шинжүүд хэрэв илэрвэл тэр даруйд эмчлэгч эмчдээ хандаарай:

  • Хэрэв та тодорхой шалтгаангүйгээр огцом турж эхэлвэл эсвэл юм залгихад ямар нэг зовиур илэрч байвал,
  • Ходоод гэдэс орчмоор өвдөж, хоолны шингэц муудвал,
  • Идсэн хоолоороо эсвэл цусаар бөөлжвөл,
  • Баас тань тас хар өнгөтэй  (эсвэл цусны хольцтой) гарвал

Эмчийн бичиж өгсөн ЭЗОМ  эмийг уусан ч таны зовиур арилахгүй эсвэл өөр зовиур илэрч байвал Та  заавал эмчлэгч эмчдээ хандаарай.

ЭЗОМ  гэх мэт протоны шахуургыг хориглогч эмүүдийг удаан (нэг жилээс дээш хугацаанд) хэрэглэсний дараа гуяны, нурууны эсвэл шууны яс хугарах эрсдэл бага зэрэг нэмэгддэг. Хэрэв таны яс сийрэгшсэн эсвэл та кортикостероидын бүлгийн эм (энэ эм яс сийрэгжилтийг нэмэгдүүлдэг) ууж байгаа бол эмчдээ мэдээлээрэй.

Хэрэв таны арьсан дээр ялангуяа наранд ил гардаг хэсэгт тууралт гарсан нь ажиглагдвал эмчлэгч эмчдээ даруй хэлээрэй, учир нь Танд ЭЗОМ  бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлага тулгарсан байх магадлалтай. Мөн үе мөч өвдөх зэрэг ямар нэг гаж нөлөө илэрсэн даруйд эмчдээ хандахаа мартаж болохгүй.

12-оос доош насны хүүхдэд

Бага ба дунд (1-11) насны хүүхдүүдэд энэ бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөггүй.

Бусад эмүүд ба ЭЗОМ  

Хэрэв та өөр ямар нэг эм ууж байгаа, саяхан уугаад дууссан эсвэл уухаар зэхэж байгаа бол эмч, эм зүйчдээ хэлээрэй. Эдгээр эмийн тоонд жоргүй олгогддог эмүүд ч багтана. Эдгээр эмийн үр нөлөө хамт хэрэглэсэн ЭЗОМ -ын үйлчлэл дор өөрчлөгдөж болзошгүй эсвэл эдгээр эмийн аль нэг нь ЭЗОМ эмийн үр нөлөөг өөрчлөх боломжтой.

ЭЗОМ  бэлдмэлийг, ХДХВ-ийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг  нелфинавир хэмээх эм агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүст хэрэглэхийг хориглодог.

Дор дурьдагдсан эмүүдийг хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчдээ заавал хэлэх ёстой:

  • Атазанавир  (ХДХВ -ийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг)
  • Клопидогрел (судсан дотор цус бүлэгнэхээс сэргийлэх үйлдэлтэй),
  • Кетокеназол, итраконазол эсвэл вориконазол (мөөгөнцрийн халдварт хэрэглэдэг).
  • Эрлотиниб (хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг).
  • Циталопрам, имипрамин эсвэл кломипрамин (сэтгэл гутралыг эмчлэхэд хэрэглэдэг).
  • Диазепам (сэтгэл түгшихийг намдаахын тулд эсвэл эпилепсийн уналтын үед булчин сулруулах зорилгоор хэрэглэдэг).
  • Фенитоин (эпилепсийг эмчлэх эм). Хэрэв та фенитоиныг хэрэглэж байгаа бол эмч, ЭЗОМ  бэлдмэлийг хэрэглэж эхлэх үед болон хэрэглээг зогсоосны дараа  танд хяналтын үзлэг шинжилгээ хийх болно.
  • Цус шингэлэгч эмүүд, жишээ нь варфарин. Хэрэв та энэ төрлийн эм хэрэглэж байгаа бол эмч, ЭЗОМ  бэлдмэлийг хэрэглэж эхлэх үед болон хэрэглээг зогсоосны дараа  танд хяналтын үзлэг шинжилгээ хийх шаардлагатай болно.
  • Цилостазол (цусан хангамжийн дутмагшлаас шалтгаалан явах үед үе үе хөл өвдөх тохиолдолд хэрэглэдэг).
  • Цизаприд (ходоодны ажиллагаа хямарч, цээж хорсох үед хэрэглэдэг).
  • Дигоксин (зүрхний үйл ажиллагааны алдагдлын эмчилгээнд хэрэглэдэг).
  • Метотрексат (хорт хавдрын эмчилгээнд өндөр тунгаар хэрэглэдэг хими эмчилгээний бэлдмэл) – хэрэв та метотрексатыг өндөр тунгаар хэрэглэж байгаа бол эмч танд ЭЗОМ бэлдмэлийг түр хугацаанд хэрэглэхгүй байхыг зөвлөж болзошгүй.
  • Такролимус (эрхтэн шилжүүлэн суулгуулсны дараа хэрэглэдэг).
  • Рифампицин (сүрьеэ өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг).
  • Алтан цэгцүүхэй буюу Гэгээн Жоны өвсний ханд (сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэдэг).

Хэрэв эмч таны Хеликобактер пилори бактерийн халдвар бүхий ходоодны шархлааг эмчлэхийн тулд амоксициллин ба кларитромицин антибиотик хамт хэрэглэхээр зааж өгвөл Та өөрийн хэрэглэж байгаа бусад эмүүдийн талаар мэдээлэх нь маш чухал.

ЭЗОМ  ба хоол хүнсний хэрэглээ

Та энэ бэлдмэлийг хоолтой хамт эсвэл өлөн үедээ ч хэрэглэж болно. 

Жирэмсэн ба хөхүүл эхийн хэрэглээ

Хэрэв та жирэмсэн, эсвэл жирэмсэлсэн байж болзошгүй бол, эсвэл жирэмслэхээр шийдсэн бол энэ эмийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмч эсвэл эмзүйчдээ мэдээлээрэй. Эмч танд энэ эмийг хэрэглэж болох эсэхийг шийдэх болно. ЭЗОМ  эм хөхний сүүнд ялгардаг эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тиймээс хэрэв та хөхүүл бол энэ эмийг бүү хэрэглэ.

Жолоо барих, машин техниктэй харьцаж ажиллах

ЭЗОМ  эм нь таны жолоо барих, машин техниктэй харьцаж ажиллахад нөлөө бараг үзүүлэхгүй. Гэвч толгой эргэх, хараа бүрэлзэх зэрэг (4-р хэсэгт бичигдсэн) ховор тохиолддог гаж нөлөө хэрэв танд илэрч байвал дээрх ажлыг хийхээс түр зайлсхийх хэрэгтэй.

ЭЗОМ -ын найрлагад сахароз агуулагддаг

ЭЗОМ -ын найрлагад элсэн чихэр буюу сахароз агуулагддаг. Хэрэв эмч таныг зарим төрлийн сахарыг үл тэвчих шинжтэй гэж хэлсэн бол энэ эмийг хэрэглэж эхлэхээсээ өмнө эмчид хандана уу.

ЭЗОМ  бэлдмэлийн найрлагад агуулагддаг “Жаргах нарны  шар (E110) хэмээх будагч бодис Танд харшлын урвал үүсгэж болзошгүй.

Натрийн агууламж

ЭЗОМ  бэлдмэлийн капсул нэг бүрт 1 ммоль (23мг) -с бага натри агуулагддаг тул натри бараг агуулаагүй гэж үзэж болно.


3. ЭЗОМ  БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

Энэ эмийг үргэлж, эмчийнхээ хэлж заасны дагуу хэрэглэж байгаарай. Хэрэв танд эргэлзээ байвал эмч, эм зүйчтэйгээ зөвлөлдөөрэй.

  • Хэрэв та энэ бэлдмэлийг удаан (ялангуяа нэг жилээс дээш хугацаагаар) хэрэглэхээр бол эмч таныг хяналтандаа авах болно.
  • Эмчийн бичиж өгсөн энэ эмийг хэрэглэж байх үед таны өвчний шинж, зовиур  хэрэв өөрчлөгдвөл эмчлэгч эмчдээ хандаарай

Хэдий хэмжээгээр уух вэ?

  • Энэ эмийг хэдэн капсулаар, хэр удаан уухыг таны биеийн байдал, нас, таны элэгний ажиллагаа зэргээс хамааран эмч зааж өгөх болно.
  • Эмчилгээнд шаардагдах тунг дор жагсаан бичив.

Насанд хүрэгчдэд (18-с дээш насныханд) хэрэглэх

Ходоод улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ)-ий үе дэх цээж хорсох зовиурыг намдаахын тулд;

  • Хэрэв таны улаан хоолой хөнгөн гэмтэлтэй байвал, санал болгох тун нь — ЭЗОМ  40 мг капсултай бэлдмэлийг хоногт 1 удаа 4 долоо хоногийн турш хэрэглэх юм. Хэрэв таны эмгэг бүрэн эдгээгүй бол  тухайн тунгаар дахин 4 долоо хоногийн турш хэрэглэхийг зөвлөж болно. Улаан хоолойн эмгэг эдгэрсний дараа бэлдмэлийг  20 мг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ.
  • Хэрэв улаан хоолой гэмтээгүй байвал ЭЗОМ -ын санал болгох тун нь —хоногт 20 мг байна. Таны эмчилгээг хянаж байгаа эмч танд ямар тунгаар хэрэглэх шаардлага байгааг зааж, хоногт 20 мг хүртэл хэрэглэхийг хэлж өгөх болно.
  • Хэрэв та элэгний  хүнд эмгэгтэй бол эмч таны хэрэглэх тунг бууруулж өгөх болно.  
     

    Хеликобактер пилори бактерийн халдварын улмаас үүссэн шархлааг эмчлэх, түүнийг дахин сэдрэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэх бол:


  • Санал болгох тун нь хоногт 20мг тунгаар хоногт 2 удаа, нэг долоо хоногийн турш хэрэглэнэ.
  • Мөн эмч танд амоксициллин,  кларитромицин зэрэг антибиотикийг хавсран хэрэглэхийг санал болгох болно.

Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл (СБҮЭБ)  хэрэглэсэнтэй холбоотой үүссэн  ходоод гэдэсний улайлт, үрэвсэл, шархлааг эмчлэх зорилгоор хэрэглэхэд;

  • Санал болгох тун нь  ЭЗОМ  бэлдмэлийг 20 мг тунгаар өдөрт 1 удаа, 4–8 долоо хоногийн турш хэрэглэнэ

Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийн (СБҮЭБ) шалтгаант ходоод гэдэсний улайлт, үрэвсэл, шархлааны дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэх бол;

  • Санал болгох тун нь  ЭЗОМ  бэлдмэлийг 20 мг тунгаар өдөрт 1 удаа хэрэглэнэ.

Нойр булчирхайн ургалттай холбоотой ходоодноос хэт их хэмжээний хүчил ялгарах (Золлингер-Эллисоны хам шинж)  үед:

  • Санал болгох тун нь  ЭЗОМ  бэлдмэлийг 40 мг тунгаар өдөрт 2 удаа хэрэглэх юм.
  • Энэ эмийн тунг эмч, Таны биеийн хэрэгцээ шаардлагаас хамааран өөрөөр тогтоож болох бөгөөд эмчилгээг хэдий хугацаанд үргэлжлүүлэхийг мөн шийдэх болно. Хоногт хэрэглэж болох хамгийн өндөр тун нь 80 мг-аар хоногт 2 удаа хэрэглэх юм.

Ходоодны шархлаанаас дахин цус алдахаас сэргийлэх зорилгоор судсанд тарьж хэрэглэх бол:

  • Санал болгох тун нь  ЭЗОМ  бэлдмэлийг 40 мг тунгаар өдөрт 1 удаа, 4 долоо хоногийн турш тарьж хэрэглэх юм.

Өсвөр (12-с дээш) насныханд хэрэглэх

Ходоод улаан хоолойн сөргөө өвчин (ХУХСӨ)-ий үе дэх цээж хорсох зовиурыг намдаахын тулд

  • Хэрэв таны улаан хоолой хөнгөн гэмтэлтэй нь эмчийн үзлэгээр тогтоогдвол санал болгох тун нь ЭЗОМ  капсултай бэлдмэлийг 40 мг тунгаар хоногт 1 удаа 4 долоо хоногийн турш хэрэглэнэ. Хэрэв таны эмгэг бүрэн эдгээгүй бол  тухайн тунгаар дахин 4 долоо хоногийн турш хэрэглэхийг зөвлөж болно.
  • Улаан хоолойн эмгэг эдгэрсний дараа бэлдмэлийг  20 мг-аар өдөр бүр 1 удаа хэрэглэнэ.
  • Хэрэв улаан хоолой гэмтээгүй байвал ЭЗОМ -ын санал болгох тун нь хоногт 20 мг байна.
  • Хэрэв та  элэгний  хүнд эмгэгтэй бол эмч таны хэрэглэх тунг бууруулж өгөх болно.   

Хеликобактер пилори -н халдварын улмаас үүссэн шархлааг эмчлэх, түүнийг дахин сэдрэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэх бол:

  • Санал болгох тун нь хоногт 20 мг тунгаар хоногт 2 удаа, нэг долоо хоногийн турш хэрэглэнэ.
  • Мөн эмч танд амоксициллин,  кларитромицин зэрэг антибиотикийг хавсран хэрэглэхийг санал болгох болно.

Энэ эмийг хэрхэн хэрэглэх вэ?

  • Бэлдмэлийг өдрийн аль ч цагт ууж болно.
  • Бэлдмэлийг хооллох үедээ эсвэл өлөн байхдаа ч уух боломжтой.
  • Бэлдмэлийг бүхлээр нь зохих хэмжээний усаар даруулан ууна. Эмийг ходоодны хүчлийн нөлөөгөөр задрахаас сэргийлж, хүчлийн үйлчлэлд тэсвэртэй бүрхүүлээр бүрж өгсөн байдаг учраас капсулыг зажилж эсвэл задалж болохгүй.

Бэлдмэлийг бүхлээр нь залгиж уух боломжгүй тохиолдолд

  • Хэрэв та бэлдмэлийг бүхлээр нь залгиж ууж чадахгүй байгаа бол:
    • Мөхлөгийг  нэг аяга (хийжүүлээгүй) усанд хийгээд ууж болно. Өөр төрлийн ундааг ашиглаж болохгүй.
    • Усанд хийсний дараа зөөлөн хутгаад тэр дор нь эсвэл 30 минутанд багтаан ууна. Мөхлөг усанд бүрэн уусахгүй тул холимог тунгалаг байдалтай болдоггүй.  Уухын өмнө холимогийг заавал хутгаж байгаарай.
    • Эмийн тунг алдагдалгүй уухын тулд эм уусан аягаа бага зэргийн усаар зайлаад ууж байгаарай. Холимогт байгаа жижиг хатуу хэсгийг зажилж буталж болохгүй.

Залгиж ууж огт чадахгүй хүнд хэрэглэх бол мөхлөгийг усанд хийж холиод,  тариур ашиглан ходоодонд тавьсан гуурсаар (ходоодны зонд) нь дамжуулан уулгаж болно.

12-оос доош насны хүүхдэд

ЭЗОМ  бэлдмэлийг 12-оос доош насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Өндөр настанд хэрэглэх

Өндөр настанд хэрэглэх тунг тусгайлан тохируулах шаардлагагүй.

Хэрэв та ЭЗОМ-г эмчийн зааснаас илүү хэмжээгээр уусан бол

Хэрэв та ЭЗОМ бэлдмэлийг эмчийн зааснаас илүү хэмжээгээр уучихсан бол эмч болон эмзүйчтэйгээ тэр даруйд нь холбогдоно уу.

Хэрэв та ЭЗОМ-г цагт нь уухаа мартсан бол

  • Хэрэв та ЭЗОМ бэлдмэлийг цагт нь уухаа мартсан бол санасан даруйдаа уугаарай. Хэрэв дараагийн тунг уух цаг нь дөхсөн байвал мартсан  тунг тэр чигт нь уулгүй орхи.
  • Мартагдсан тунг нөхөх зорилгоор эмээ давхарлан ууж болохгүй

Энэ эмийг хэрхэн хэрэглэх талаар өөр асуулт байвал эмчлэгч эмчдээ эсвэл эм зүйчдээ хандаарай.


4. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨНҮҮД

Бусад бүх эмийн нэгэн адил хэрэглэсэн хүн бүрт тохиолдоод байдаггүй ч энэ эм нь гаж нөлөө үүсгэж болно.

Хэрэв танд дор дурьдагдсан гаж нөлөөний аль нэг шинж илэрвэл ЭЗОМ -ийг хэрэглэхээ зогсоож, эмнэлгийн тусламж яаралтай аваарай

  • Гэнэт амьсгаадаж, уруул, хоолой, бүх бие хавагнах ба арьсан дээр тууралт гарах, муурч унах, эсвэл юм залгихад хүндрэлтэй болох (харшлын хүнд хэлбэрийн урвал).
  • Арьс улайж гөвдрүүт тууралт гарч, ихээр гуужих. Мөн уруул, нүд орчим, ам хамар, бэлэг эрхтний салст дээр хүнд хэлбэрийн цэврүүт тууралт гарч цус алдах («Стивенс-Джонсон» -ы хам шинж эсвэл «арьсны хучуур эдийн хорт үхжил» гэдэг)
  • Арьс салст шарлаж, шээс өтгөрөн ихээр ядрах нь элгэнд асуудал үүсч байгаагийн дохио болдог. Эдгээр шинж ховор тохиолддог (хэрэглэсэн 1000 хүн тутмын 1-д).

Тохиолдож болох бусад гаж нөлөө:

Түгээмэл тохиолдох  (хэрэглэсэн 10 хүн тутмын 1-д)

  • Толгой өвдөх
  • Ходоод, гэдэс хямрах: суулгах, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, гэдэс дүүрэх (метеоризм).
  • Огиудас хүрэх  эсвэл огиж бөөлжих.
  • Ходоодны хоргүй ургацаг үүсэх.

Цөөвтөр тохиолдох (хэрэглэсэн 100 хүн тутмын 1-д)

  • Хөлийн тавхай, шагай хавагнах.
  • Нойр хямрах (нойргүйдэл).
  • Толгой эргэх, хатгуулж өвдөх, нойрмоглох.
  • Толгой эргэж тэнцвэр алдагдах.
  • Ам хатах.
  • Цусны шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд өөрчлөгдөх.
  • Арьсан дээр тууралт, чонон хөрвөс гарах, загатнах.
  • Гуя, шуу, нурууны яс хугарах эрсдэл  өндөрших (хэрэв  ЭЗОМ  бэлдмэлийг өндөр тунгаар удаанаар хэрэглэвэл)

Ховор тохиолдох (хэрэглэсэн 1000 хүн тутмын 1-д )

  • Цусны цагаан эс эсвэл ялтаст эсийн тоо цөөрөх зэрэг цусны өөрчлөлтүүд. Эдгээр нь бие сульдах, арьсан дор хөхрөлт үүсэх, халдварт өртөмхий болоход хүргэдэг.
  • Цусан дахь натрийн түвшин буурах. Энэ нь бие сулрах, огиулж бөөлжих, таталт үүсэхэд хүргэдэг.
  • Сэтгэцийн хэт хөөрөл, дошгирлын байдалд орох, ухаан самуурах эсвэл сэтгэл гутралд орох.
  • Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх.
  • Хараа бүрэлзэх гэх мэт харааны хямрал.
  • Гэнэт амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй болох (бронхын агчил).
  •  Амны салстын үрэвсэл.
  • «Ам гэмтэх» хэмээн нэрлэгддэг, мөөгөнцрөөр үүсгэгддэг хоол боловсруулах замын халдвар.
  • Шарлах, арьс нь шарлаж, шээс нь бараантан ихээр сульдаж ядрахад хүргэдэг элэгний эмгэгүүд,
  • Үс ихээр унаж халцрах (алопеци).
  • Арьсан дээр, ялангуяа наранд ил гардаг хэсэгт тууралт гарах
  • Үе мөчөөр өвдөх (артралги) булчин өвдөх (миалги).
  • Ерөнхийдөө бие тавгүйрхэж, эрч хүч дутагдах
  • Ихээр хөлрөх

Маш ховор тохиолдож болох гаж нөлөө (хэрэглэсэн 10000 хүний 1-д тохиолдох):

  • Агранулоцитоз (мөхлөгт эсийн тоо хэт цөөрөх) бүхий цусны үзүүлэлтийн өөрчлөлт
  • Сэтгэцийн хэт хямралд орж, догшин ширүүн болох.
  • Хий юм харах, сонсох (галлюцинаци).
  • Элэгний хүнд хэлбэрийн дутагдал ба тархины үрэвслээр илрэх элэгний хүнд эмгэг.
  • Арьсан дээр гэнэт тууралт гарч цэврүүтэх ба арьс гуужих, өндөр халуурах ба үе мөч нь өвдөх.  Энэ нь арьсны олон хэлбэрт улайлт, Стивенс-Джонсоны хам шинж, арьсны хучуур эдийн хорт үхжилтэй холбоотой байж болно.
  • Булчингийн сулрал үүсэх
  • Бөөрний үйл ажиллагаа ноцтой хямрах
  • Эрэгтэй хүний хөх томрох

Давтамж тодорхойгүй (цуглуулсан мэдээллийг үндэслэн давтамжийг тогтоох боломжгүй)

  • Хэрэв та ЭЗOM бэлдмэлийг  3 сараас илүү хугацаагаар хэрэглэвэл цусан дахь магнийн түвшин буурч магадгүй. Магнийн түвшин буурахад бие сульдах, булчин өөрийн мэдэлгүй таталдах, орон зайн баримжаа алдагдах, унаж татах, толгой эргэх ба зүрхний цохилт олшрох шинж илэрч болох юм. Хэрэв эдгээр шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмчдээ нэн даруй мэдэгдээрэй. Магнийн түвшин буурснаар биед  кали ба кальцийн түвшин буурахад хүргэж болно. Таны магнийн түвшинг хянахын тулд эмч цусны шинжилгээг тогтмол хийх шийдвэр гаргаж болох юм.
  • Суулгалт бүхий гэдэсний үрэвсэл.
  • Үений өвдөлттэй хавсарсан арьсны тууралт.

Маш ховор тохиолдолд  ЭЗOM цагаан эсэд нөлөөлснөөр дархлаа сулрахад  /иммунодефицит/ хүргэдэг. Хэрэв таны биеийн байдал гэнэт муудаж халуурах, хоолой ам хүзүүгээр  өвдөж халуурах, эсвэл шээсний гаралт саатах зэрэг хэсэг газрын халдварын шинж тэмдэг илэрвэл эмчдээ яаралтай хандаж цусны шинжилгээ хийлгэн цагаан эсийн дутагдал /агранулоцитоз/ илэрсэн эсэхийг шалгуулаарай. Энэ нь таны хэрэглэж байгаа эмийн талаар мэдээлэл цуглуулахад тус болно.


5. БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

  • Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгал.
  • Бэлдмэлийг 25°С-аас доош температурт, өөрийн нь хайрцагт хадгал.
  • Хайрцаг/үүрэн сав/шошго дээр EXP” гэдэг тэмдэглэгээний ард бичигдсэн хадгалалтын хүчинтэй хугацаа нь дууссан байвал энэ эмийг бүү хэрэглээрэй. Хадгалалтын хүчинтэй хугацаа нь заагдсан сарын сүүлийн өдрөөр тасалбар болдог.
  • Хэрэглэгдээгүй үлдсэн эмийг нийтийн бохир усны цооног, ахуйн хог хаягдалд бүү хая. Хэрхэн хаяж устгахыг эмзүйчээс асуугаарай. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Та байгаль орчноо хамгаалахад туслах болно.

6. САВЛАГААН ДОТОРХ АГУУЛАГДАХУУН,БУСАД МЭДЭЭЛЭЛ

  • ЭЗОМ  бэлдмэлд юу агуулагддаг вэ?


    • Идэвхтэй үйлчлэгч бодис – Эзомепразол  (магнийн дигидрат хэлбэрээр). ЭЗОМ  бэлдмэл дэх 40 мг Эзомепразолыг бүрсэн ходоодны хүчилд тэсвэртэй бүрхүүл нь ходоодонд түүнийг хамгаалж үлддэг.  
    • Бусад бүрэлдэхүүн хэсгүүд: чихрийн бөмбөлөгүүд (нейтраль мөхлөгүүд), гидроксипропил  метилцеллюлоз (гипромеллоз), гидроксипропил  целлюлоз – SL

       (HPC-SL), магнийн стеарат, метакрилийн хүчил - ба этилийн акрилатын кополимер (1:1).30 % (Эудрафитийн L 30 D 55 дисперс 30%), триэтилцитрат, симетиконы        цийдмэг 30%, Тальк, хатуу желатин капсул, № 3.

Нил  ягаан өнгөт, тунгалаг бус таг бүхий нил ягаан өнгийн тунгалаг бортгон сав

Савны найрлага: бриллиантан хөх FCF-FD ба C Цэнхэр 1 (E133), эритрозин-FD&C

улаан 3 (E127), Титаны диоксид (E171), Жаргах нарны өнгөт шар FCF-FD&C Шар 6

(Е110), Желатин.

Тагны найрлага: бриллиантан хөх FCF-FD ба C Цэнхэр 1 (E133), эритрозин-FD&C улаан 3 (E127), Титаны диоксид (E171), Жаргах нарны өнгөт шар FCF-FD&C Шар 6 (Е110), желатин.


ЭЗОМ  бэлдмэлийн харагдах байдал ба баглаа боодлын агууламж

  • Нил ягаан өнгөтэй тунгалаг бус тагтай, мөн өнгийн тунгалаг бус саванд 3 размерийн хатуу желатин капсултай бэлдмэлийг хийж савласан. Капсулд цайвар шаргалдуу өнгийн мөхлөг байна.
  • Нэг хатуу цаасан хайрцагт 14 ба 28 ширхэгээр багцлан блистерт бэхэлсэн капсултай бэлдмэл агуулагдана.

Маркетингийн эрхийг эзэмшигч:

НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ Ве TИДЖАРЕТ A.Ш. 

Сарай Мах.Др Аднан Бююкдениз Кад. №: 14 

 Умрание 34768 Стамбул / Турк улс

 Утас : +90 (216) 633 60 00

Факс: +90 (216) 633 60 01

Үйлдвэрлэгч:

НОБЕЛ ИЛАЧ САНАЙИ ВЕ ТИДЖАРЕТ А.Ш.

Санкаклар Мах.Эски Aксакоса Кад. No: 299  81100 / Дудзе / Tурк улс

 Утас : +90 (380) 526 30 60

Факс: +90 (380) 526 30 43

Зааврыг дахин хянасан огноо: 2021 оны 4 сар.