
Хэрэглэх заавар
ЭМИЙН БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Дикло-Денк 75 тарилга (Diclo-Denk 75 Injection)
Булчинд (өгзөгт) тарьж хэрэглэхэд зориулсан уусмал
Үрэвслийн эсрэг стероид бус бүтэцтэй /хэрлэгийн эсрэг бэлдмэл
Үйлчлэгч бодис: диклофенак натри
Хэрэглэгдэд зориулсан мэдээлэл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь танд зориулсан чухал мэдээлэл агуулагдаг.
· Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
· Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, эм зүйчээс асуугаарай.
· Уг бэлдмэл зөвхөн танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
· Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. (4-р хэсгийг үзнэ үү).
Уг эм хэрэглэх зааварт
1. Дикло-Денк 75 тарилгын бэлдмэл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
2. Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
3. Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
4. Илэрч болох гаж нөлөө
5. Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
1. Дикло-Денк 75 тарилгын бэлдмэл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Дикло-Денк 75 тарилга нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл бөгөөд үрэвслийн эсрэг стероид бус /хэрэх өвчний эсрэг (ҮЭСББ) эмийн бүлэгт хамаарагдана.
Эмчилгээний заалт
Бэлдмэлийг дараах тохиолдолд хүчтэй цочмог өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
· Үений цочмог үрэвсэл (цочмог артрит), тулай өвчин хөдлөл
· Үений архаг үрэвсэл (архаг артрит) ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)
· Бехтеревийн өвчин (нурууны үений хөдөлгөөн хязгаарлагдсан үрэвсэл) болон нурууны хэрэх төст бусад үрэвсэлт өвчин
· Нуруу ба үений сөнөрөлт эмгэгийн цочмог үрэвсэлт байдал (артроз, спондилоартроз)
· Хэрлэгийн гаралтай зөөлөн эдийн үрэвсэл
· Гэмтлийн дараах хөндүүрт хавдар ба үрэвсэл.
Тэмдэглэл: Тарилгын уусмалыг үйлчлэл нь маш түргэн эхлэх шаардлагатай тохиолдол болон лаа ба ууж хэрэглэх эмийн хэлбэрийг хэрэглэх боломжгүй тохиолдолд хэрэглэнэ. Энэ тохиолдолд ерөнхийдөө эмчилгээний эхэн үед тарилга хэлбэрээр нэг удаа тарьж хэрэглэнэ.
2. Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
Дараах тохиолдолд Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
· Диклофенак болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист харшилтай хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)
· Ацетилсалицилын хүчил болон бусад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээнд арьсны урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс, болон уушигны булчингийн агчил, гуурсан хоолойн багтрааны өвчин хөдлөл, хамрын салст бүрхүүлийн хавантай хүмүүс
· Цус төлжилтийн явцын шалтгаан тодорхойгүй эмгэгтэй хүмүүс
· Өмнө нь ходоод ба дээд гэдэсний дахилтат шархлаа (идэгдмэл шархлаа) болон цус алдалтаар өвдөж байсан өгүүлэмжтэй (шархлаа ба цус алдалтын 2 ба түүнээс олон батлагдсан тохиолдол) өвчтөн
· Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор өмнө нь хоол боловсруулах замын цус алдалт болон цооролт үүсч байсан өгүүлэмжтэй өвчтөн
· Тархины цус харвалт (тархины судасны цус алдалт) ба бусад идэвхтэй цус алдалт илэрч байсан хүмүүс
· Элэг ба бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай эмгэгтэй хүмүүс
· Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед (зүрхний үйл ажиллагаа хангалтгүй байх)
· Зүрхний эмгэг эсвэл тархины судасны эмгэг тогтоогдсон хүмүүс. Хэрэв та зүрхний булчингийн шигдээс, цус харвалт, бичил цус харвалт (TIA), зүрх ба тархины цусны судасны бөглөрлөөр өвдсөн болон шунтын бөглөрөл эсвэл саадыг арилгах мэс ажилбар хийлгэсэн хүмүүс
· Цусны эргэлтийн алдагдалтай эсвэл өгүүлэмжтэй бол (захын артерийн судасны эмгэг)
· Жирэмсний сүүлийн гурван сарын хугацаанд тус тус хэрэглэхийг хориглоно.
Дикло-Денк 75 тарилгыг хүүхэд болон 18-с доош өсвөр насныханд хэрэглэхэд тохиромжгүй.
Анхааруулга ба болгоомжлол
Дикло-Денк 75 тарилгыг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд эмчилгээний үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэснээр бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болох гаж нөлөөг багасгаж болно.
Хоол боловсруулах замын аюулгүй байдал
Бэлдмэлийг бусад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлтэй (ЦОГ-2 ферментийг дарангуйлдаг бэлдмэлийг оролцуулаад) хамт хэрэглэхээс зайлсхийнэ.
Настангуудын хэрэглээ
Настангууд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийг (Дикло-Денк 75 тарилгыг оролцуулаад) хэрэглэхэд ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт, цооролт зэрэг амь насанд аюултай гаж нөлөө үүсэх эрсдэл ихэсдэг. Иймээс өндөр настангуудад эмнэлгийн нарийн хяналт шаардлагатай. Ялангуяа өндөр настан, сул биетэй, жин багатай хүмүүст эмчилгээний үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэх хэрэгтэй.
Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа ба цооролт
Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт зэрэг амь насанд аюултай хүндрэлүүд үрэвслийн эсрэг стероид бус бүх бэлдмэлийн (Дикло-Денк 75 тарилгыг оролцуулаад) эмчилгээний үед илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. Эдгээр нь эмчилгээний ямар ч хугацаанд анхааруулах шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй, эсвэл өмнө нь хоол боловсруулах замын хүнд явцтай эмгэгээр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүст тохиолдcон байна.
Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт үүсэх эрсдэл нь үрэвслийн эсрэг стероид бус эмийн тунг ихэсгэх үед, ялангуяа цус алдалт болон цооролтоор хүндэрсэн шархлааны өгүүлэмжтэй хүмүүст,( Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно гэсэн хэсгийг үзнэ үү) түүнчлэн өндөр настанд тус тус өндөр байдаг. Эдгээр өвчтөнд эмчилгээг хамгийн бага боломжит тунгаар эхлүүлнэ. Эдгээр өвчтөнд ацетилсалицилийн хүчлийг бага тунгаар, эсвэл хоол боловсруулах замын эмгэг үүсэх эрсдлийг ихэсгэдэг бусад бэлдмэлийг хавсарч хэрэглэх шаардлагатай өвчтөнд тус тус ходоодны салст бүрхүүлийг хамгаалах зорилгоор бусад бэлдмэлийг (мизопростол болон протоны шахуургыг саатуулдаг бэлдмэлийг) хамт хэрэглэнэ.
Хэрэв танд урьд нь хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө илэрч байсан бол (ихэвчлэн өндөр настан) бэлдмэлийг хэрэглэх үед зонхилон эмчилгээний эхний шатанд хэвлий орчмоор хэвийн бус шинж тэмдэг (ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт) илэрвэл цаг алдалгүй эмч, эмзүйчид мэдэгдэх хэрэгтэй.
Бэлдмэлийг шархлаа ба цус алдалт үүсэх эрсдлийг ихэсгэдэг ууж хэрэглэдэг кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм (варфарин), сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэдэг серотониныг мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг бэлдмэл, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулдаг бэлдмэл (ацетилсалицилийн хүчил)-тэй хамт болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө (Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийн бусад эмтэй харилцан үйлчлэл гэсэн хэсгийг үзнэ үү).
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын шархлаа, цус алдалт илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
Хоол боловсруулах замын эмгэгийн өгүүлэмжтэй (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) хүмүүст үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (Дикло-Денк 75 тарилгыг оролцуулаад) хэрэглэхэд уг эмгэг сэдэрч болзошгүй тул анхаарал болгоомжтой хэрэглэнэ (Илэрч болох гаж нөлөө гэсэн 4-р хэсгийг үзнэ үү).
Зүрх судасны системд бэлдмэлийн үзүүлэх нөлөө
Дикло-Денк 75 тарилга зэрэг бэлдмэлийг хэрэглэх үед зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) болон цус харвалтын эрсдэл бага зэрэг нэмэгддэг. Аливаа эрсдэл нь өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэх үед илүүтэй тохиолдоно. Бэлдмэлийн зөвлөсөн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй.
Хэрэв та өөрийгөө зүрхний өвчин хөдлөл, цус харвалтын (цусны даралт ихдэх өвчинтэй, чихрийн шижинтэй, цусан дахь холестролын түвшин өндөр, тамхи татдаг гэх мэт) эрсдэлтэй гэж үзэж байвал эмч, эмзүйтэйгээ эмчилгээний талаар ярилцаарай.
Хэрэв танд Дикло-Денк 75 тарилгыг хэрэглэж байх үед зүрхний өвчин хөдлөлийн шинж тэмдэг, хамшинж илрэх, цээжээр өвдөх, амьсгал давчдах, сульдаж ядрах, хэл ярианы эмгэг өөрчлөлт илэрвэл эмчид яаралтай хандана уу.
Арьсны урвал
Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (Дикло-Денк 75 тарилгыг оролцуулаад) хэрэглэсэнтэй холбоотойгоор улайрал ба цэврүүт тууралт бүхий хүнд явцтай (зарим тохиолдолд үхэлд хүргэсэн) арьсны урвал (үүнд эксфолиатив дерматит, Стивенс-Джонсоны хамшинж, эпидермийн хордлогот үхжил буюу Лайеллийн хамшинж) илэрсэн (Илэрч болох гаж нөлөө гэсэн 4-р хэсгийг үзнэ үү).
Дээрх урвал эмчилгээний эхэн үед өвчтөнд илрэх эрсдэл хамгийн өндөр байх ба дийлэнх тохиолдолд эмчилгээний эхний сард илэрч байсан. Өвчтөнд арьсны тууралт, салстын гэмтэл ба хэт мэдрэгшлийн урвалын ямар нэг анхны шинж тэмдэг илэрмэгц Дикло-Денк 75 тарилгыг хэрэглэхээ зогсоох ба эмчид нэн даруй мэдэгдэж зөвлөгөө авна.
Элгэнд үзүүлэх нөлөө
Эмчилгээ нь элэгний үйл ажиллагааны алдагдлыг хүндрүүлж болзошгүй тул элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд эмчилгээг эхлэхийн өмнө болгоомжилж, эмнэлгийн нарийн шинжилгээ хийх шаардлага гардаг. Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн бүлгийн эмнүүдийн нэгэн адил Дикло-Денк 75 тарилгыг хэрэглэх явцад элэгний үйл ажиллагаа муудаж болно. Иймээс Дикло-Денк 75 тарилгыг удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэж байгаа тохиолдолд сэрэмжлэх арга хэмжээ авч, эмчийн хяналт дор элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тогтмол тодорхойлуулж хяналтад байх хэрэгтэй. Хэрэв элэгний эмгэгийн тодорхой шинж тэмдэг болон бусад сэдрэлийн шинж (эозинофили, арьсны тууралт гэх мэт) илрэх эсвэл элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн өөрчлөлт тогтвортой хэвээр хадгалагдах эсвэл өөрчлөлт нэмэгдвэл Дикло-Денк 75 тарилгын эмчилгээг зогсооно. Гепатит нь урьдчилсан шинж тэмдэггүйгээр илэрч болно. Цус төлжилтийн эмгэгтэй (элэгний порфури гэх нэрлэгддэг) өвчтөнд Дикло-Денк 75 тарилгыг хэрэглэж байгаа үед болгоомжтой хандах ба үйл ажиллагааны өөрчлөлтийг сэдрээж болох талтай.
Бусад мэдээлэл
Дараах мэдээллийг диклофенакийг хэрэглэж эхлэхийн өмнө эмчлэгч эмч тань мэдсэн байх ёстой.
· Хэрэв та тамхи татдаг бол
· Хэрэв та чихрийн шижинтэй бол
· Хэрэв та зүрхний бах өвчинтэй, цусны бүлэгнэлтийн эмгэгтэй, цусны даралт өндөр, түүнчлэн холестерол ба триглицеридийн түвшин их бол эмчдээ мэдэгдээрэй.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг дараах тохиолдолд зөвхөн эмчилгээний ашигтай үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулж бодолцсоны үндсэн дээр хэрэглэж болно.
· Цусны төлжилтийн төрөлхийн зарим эмгэг (цочмог дахилтат порфири гэх мэт)
· Аутоиммуны зарим эмгэг (тогтолцооны улаан чонон яр ба холбогч эдийн хавсарсан эмгэг)
Дараах тохиолдолд эмнэлгийн нарийн хяналт шаардлагатай. Үүнд:
· Томоохон хэмжээний мэс заслын дараах үед (хэрэв цус алдалт үүсэх болон бөөрний үйл ажиллагааны алдагдал нэмэгдэж болзошгүй байгаа тохиолдолд)
· Хэрэв танд харшил, бусад бэлдмэлийн улмаас илэрдэг арьсны урвал, гуурсан хоолойн багтраа, өвсний халууралт, хамрын салст бүрхүүлийн архаг хаван ба амьсгалын замын бөглөрөл үүсгэдэг амьсгалын замын архаг эмгэг зэрэг харшлын урвал илрэх өндөр эрсдэл байгаа тохиолдолд Тэдгээр нь хэт мэдрэгшлийн урвалыг сэдрээж, гуурсан хоолойн багтрааны хөдлөл (өвчин намдаагч эмнээс үүдэлтэй багтраа өвчин), арьс салст бүрхүүлийн өвдөлттэй хэлбэрийн хаван, чонoн хөрвөс (уртикари).
· Элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдал.
Ялангуяа урьд нь цусны даралт ихсэж байсан зүрх ба бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн, бөөрний үйл ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлдэг шээс хөөх бэлдмэл болон бусад эмийн эмчилгээ хийлгэж байсан өндөр настан болон бусад өвчтөнд анхаарал болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн хүнд хэлбэрийн усгүйжилтэд орсон өвчтөнийг (томоохон мэс заслын өмнө ба дараах үед) эмчлэхэд анхаарал хандуулна (Дикло-Денк 75 тарилгыг хэрэглэхийг хориглоно хэсгийг үзнэ үү). Тэдгээр өвчтөний элэгний үйл ажиллагааг анхааралтай хянана. Бэлдмэлийн эмчилгээг зогсооход эмчилгээний өмнөх суурь үзүүлэлтэд эргэн ирдэг.
Диклофенакийн хэрэглээний үед маш ховор тохиолдолд цочмог хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн урвал (анафилаксийн шок) ажиглагдсан байна. Ийм төрлийн урвал үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн бүлгийн эм урьд нь хэрэглэж байгаагүй тохиолдолд илэрч болно. Бэлдмэлийг хэрэглэсний дараа хэт мэдрэгшлийн урвалын анхны шинж тэмдэг илэрмэгц эмчилгээг зогсоох хэрэгтэй. Эрүүл мэндийн мэргэшсэн ажилтан шаардлагатай шинж тэмдгийн эмчилгээг явуулна.
Диклофенак нь тромбоцитийн бөөгнөрөмтгий чанарыг түр зуур саатуулж болно. Иймээс цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнг болгоомжтой хянах шаардлагатай.
Үрэвслийн эсрэг Стероид бус бусад бэлдмэлийн нэгэн адил диклофенак нь халдварт өвчний шинж тэмдэг, хам шинжийн илрэлийг халхавчилж болно. Хэрэв халдварын шинж тэмдэг (улайх, хавагнах, халуу оргих, өвдөх, халуурах гэх мэт) илэрч, Дикло-Денк 75 тарилгын эмчилгээний явцад биеийн байдал дордож байвал эмчилгээг зогсоож эмчээс яаралтай зөвлөгөө авах хэрэгтэй.
Хэрэв цусны бүлэнг хайлуулдаг болон цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг бэлдмэлтэй зэрэг хэрэглэж байгаа бол цусны бүлэгнэлтийн байдал болон цусан дахь сахарын хэмжээг анхааралтай хянана.
Дикло-Денк 75 тарилгын удаан хугацааны эмчилгээний үед бөөрний үйл ажиллагаа болон цусны эсүүдийн тоог тогтмол хянах шаардлагатай.
Хэрэв та Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг мэс засалд орохын өмнө хэрэглэж байгаа бол эмчлэгч эмч ба шүдний эмчдээ энэ талаар мэдэгдэж зөвлөгөө авах хэрэгтэй.
Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед толгойн өвдөлт үүсэж болох бөгөөд энэ нь бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд намдахгүй байж болно. Хэрэв Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийг хэрэглэснээс үл хамааран толгой өвдөлт дахиж байвал эмчээс зөвлөгөө аваарай.
Гол төлөв өвдөлт намдаах бэлдмэлийг зуршил болгон хэрэглэх, ялангуяа хэд хэдэн төрлийн өвдөлт намдаах бэлдмэлийг хавсарч хэрэглэснээр бөөрний дутагдал үүсгэх эрсдэл бүхий бөөрний гэмтэлд (өвдөлт намдаах эмийн шалтгаант бөөрний эмгэг) хүргэж болзошгүй.
Дикло-Денк 75 тарилга нь простагландины нийлэгжилтийг саатуулдаг бусад бэлдмэлийн адилаар жирэмслэхэд илүү хүндрэлтэй болгож болно. Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байгаа болон жирэмслэхэд саад болж байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ
Дикло-Денк 75 тарилгыг хүүхэд болон 18-с доош насны өсвөр насныханд хэрэглэхэд тохиромжгүй (Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно хэсгийг үзнэ үү).
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийн бусад эмтэй харилцан үйлчлэл
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглээд удаагүй, хэрэглэж байгаа болон хэрэглэх бол эмчлэгч эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй.
Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийг дигоксин (зүрхний агшилтыг ихэсгэдэг бэлдмэл), фенитоин (эпилепсийн эсрэг бэлдмэл) ба литиитэй (сэтгэцийн ба сэтгэл мэдрэлийн эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) хамт хэрэглэхэд эдгээр бэлдмэлийн сийвэнгийн концентраци ихэсдэг. Сийвэн дэх литийн хэмжээг хянах шаардлагатай. Дигоксин ба фенитоины сийвэнгийн хэмжээг хянахыг зөвлөнө.
Бэлдмэл шээс хөөх эм ба цусны даралт бууруулах бэлдмэлийн үйлдлийг бууруулж болзошгүй.
Дикло-Денк 75 тарилга нь АХФ-ийг саатуулагч бэлдмэл болон ангиотензин II-ын рецепторт хориг үүсгэдэг бэлдмэлийн (зүрхний дутагдал ба цусны даралт ихсэлтийн эмчилгээнд хэрэглэдэг) үйлдлийг сулруулж болох бөгөөд эдгээр бэлдмэлийн хавсарсан хэрэглээ нь ялангуяа өндөр настанд бөөрний үйл ажиллагааны алдагдлын эрсдлийг ихэсгэж болох тул цусны даралтыг тогтмол хянана. Хангалттай хэмжээний шингэнийг тогтмол ууна. Эмч таны бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана.
Бэлдмэлийг калийн ялгаралтыг хориглодог шээс хөөх бэлдмэл, циклоспорин, такролимус (шилжүүлэн суулгасан эрхтэн ховхрохоос сэргийлдэг бэлдмэл), триметоприм (бөөр шээсний замын халдварын үед хэрэглэдэг) зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэхэд сийвэнгийн калийн хэмжээ ихсэж болзошгүй. Иймээс цусан дахь калийн хэмжээг тогтмол хянахыг зөвлөнө.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг бусад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл болон глюкокортикоидтой хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын гаж нөлөө болох шархлаа, цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Иймээс Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлтэй хавсран хэрэглэж болохгүй.
Ацетилсалицилын хүчил зэрэг ялтсан эсийн бөөгнөрөмтгий чанарыг саатуулдаг бэлдмэл, зарим сэтгэл гутралын эсрэг бэлдмэлүүд нь (серотониныг мэдрэлийн эсийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч) хоол боловсруулах замын цус алдалт үүсэх эрсдлийг ихэсгэдэг.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг метотрексатыг хэрэглэхээс өмнө ба хэрэглэсний дараа 24 цагийн дотор хэрэглэвэл сийвэнгийн метотрексатын хэмжээ болон түүний гаж нөлөөг ихэсгэж болзошгүй.
Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл нь (диклофенак гэх мэт) циклоспорины (шилжүүлэн суулгасан эрхтэн ховхрохоос сэргийлэхэд хэрэглэдэг, мөн хэрлэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) бөөр хордуулах үйлдлийг хүчжүүлж болзошгүй.
Пробенецид ба сульфинпиразон (тулай өвчнийг эмчилдэг) агуулсан бэлдмэл нь диклофенакын ялгаралтыг удаашруулдаг. Ингэснээр бие махбодид диклофенак хуримтлагдаж түүний гаж нөлөө ихсэж болзошгүй.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг CYP2C9 зэрэг энзимийн зарим саатуулагч бэлдмэл тухайлбал, вориконазолтай (мөөгөнцрийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) хамт хэрэглэхэд диклофенак нь биед хуримтлагдан, түүний гаж нөлөө нь нэмэгдэж болзошгүй байдаг.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг оролцуулаад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл нь варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлийн үйлчлэлийг ихэсгэж болзошгүй байдаг. Түүнчлэн цус бүлэгнэлтийг саатуулах үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй хамт нэгэн зэрэг хэрэглэхэд цус алдах эрсдлийг нэмэгдүүлж болно. Иймээс эдгээр өвчтөнийг нарийн хяналт дор байлгана.
Эмнэлзүйн судалгаагаар диклофенак болон чихрийн шижингийн ууж хэрэглэдэг бэлдмэлийг хамт хэрэглэхэд эмнэл зүйн үйлчлэлд нөлөө үзүүлээгүй байна. Гэвч диклофенакийг хэрэглэсэн салангид тохиолдолд гипогликемийн эсвэл гипергликемийн нөлөө илэрсэн нь бүртгэгдсэн байна. Энэ тохиолдолд цусны сахар бууруулах бэлдмэлийн (чихрийн шижингийн эсрэг бэлдмэл) тунг тохируулан хэрэглэх шаардлагатай. Иймээс эмчилгээнд нэгэн зэрэг хэрэглэж байгаа үед цусны сахарын үзүүлэлтийг болгоомжтой хянана.
Салангид тохиолдолд таталт ажиглагдсан бөгөөд энэ нь хинолоны бүлгийн антибиотик болон үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийг хамт хэрэглэснээс үүссэн байж болзошгүй байна.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хоол хүнсний зүйл ба согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь
Бэлдмэлийн эмчилгээний үед боломжтой бол согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон төв мэдрэлийн тогтолцоонд нөлөө үзүүлж болох бөгөөд илэрч болох аливаа гаж нөлөө нь маш хүнд хэлбэрээр илэрч болох юм.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Хэрэв та жирэмсэн, хөхүүл, жирэмсэн байж магадгүй эсвэл жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.
Ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмч, эм зүйчээс асууж зөвлөнө.
Жирэмсэн үе
Хэрэв бэлдмэлийг хэрэглэж байх үед жирэмсэн болсон бол эмчид мэдэгдээрэй. Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг эмчийн зөвшөөрлөөр жирэмсний зөвхөн эхний 6 сард хэрэглэж болно.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг жирэмсний сүүлийн гурван сард хэрэглэхийг хориглоно. Учир нь эх, хүүхдэд хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.
Хөхүүл үе
Бэлдмэлийн үйлчлэгч бодис болох диклофенак ба түүний метаболит нь хөхний сүүгээр маш бага хэмжээгээр ялгардаг. Хөхүүл хүүхдэд бэлдмэлийн үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдээгүй ба бэлдмэлийг богино хугацаагаар хэрэглэж буй тохиолдолд хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Хэдий тийм боловч эмч бэлдмэлийг удаан хугацаагаар эсвэл өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөсөн бол хүүхдийг хөхнөөс эрт гаргах талаар бодолцож үзэх хэрэгтэй.
Жолоо барих ба машин механизмтай ажиллах
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг ялангуяа өндөр тунгаар хэрэглэх үед ядрах, толгой эргэх нүдний хараа өөрчлөгдөх, толгой эргэх зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч болох ба зарим тохиолдолд жолоо барих ба машин механизмтай ажиллах чадвар болон хариу үйлдэл үзүүлэх чадварт нөлөөлж болно.
Энэ нь ялангуяа согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үед илэрдэг. Энэ үед гэнэтийн зүйл тохиолдоход тохирсон зөв хариу арга хэмжээ авах чадваргүй байдаг. Ийм тохиолдолд машин болон бусад тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Багаж хэрэгсэл ба машин механизмтай ажиллаж болохгүй. Аюулгүйн ажиллагааны хяналтгүй ажиллахыг хориглоно.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэл бензилийн спирт агуулдаг.
Бензилийн спирт нь 3 хүртэл насны хүүхдэд хортой нөлөө үзүүлэх ба анафилаксийн урвал үүсгэж болно.
3. Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна.
Зөвлөж буй тун
Насанд хүрэгчдэд:
Дикло-Денк 75 тарилгыг 1 удаа тарьж хэрэглэнэ. Нэмэлт эмчилгээ шаардагдвал
шахмал болон эмийн лаа хэлбэрийг хэрэглэнэ. Хоногийн дээд тун 150 мг диклофенак натри байх бөгөөд хоногийн тарих тунг хэтрүүлж болохгүй.
Хэрэглэх арга ба хугацаа
Дикло-Денк 75 тарилгыг өгзөгний булчинд гүн тарьж хэрэглэнэ. Анафилаксийн урвал илэрч болзошгүй тул Дикло-Денк 75 тарилгыг тарьснаас хойш дор хаяж 1 цаг өвчтөнг ажиглана.
Хэрэв танд Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
Хэрэв Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд
Бэлдмэлийн тун хэтрэх үед толгой өвдөх, толгой эргэх, эргэн тойрон эргэлдэх мэдрэмж төрөх, чих шуугих (тиннит), таталт, гипервенитиляци, ухаан балартах, ухаан алдах (хүүхдэд миоклоник таталт илэрч болно) зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч болно. Мөн ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг ажиглагдаж болно.
Хоол боловсруулах замын цус алдалт, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдал мөн илэрч болзошгүй. Цаашлаад цусны даралт унах, амьсгал өнгөц болох (амьсгал дарангуйлагдах), арьс салст бүрхүүл хөхрөх (цианоз) зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Хордлогын маш хүнд тохиолдолд бөөрний цочмог дутагдал, элэгний гэмтлийн шинж илэрч болно.
Өвөрмөц антидот байдаггүй.
Хэрэв та Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийн тун хэтэрсэн гэж бодож байвал эмчлэгч эмчдээ мэдэгдэх ба эмч хордлогын хүндийн зэргээс хамаарч ямар эмчилгээ хийх шаардлагатайг шийднэ.
Хэрэв Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд Мартсан тунгаа нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Хэрэв бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт байвал эмч, эм зүйчээс асуугаарай.
4. Илэрч болох гаж нөлөө
Хэдийгээр Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.
Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.
Нийтлэг илрэх: 10 хүнд 1-ээс олон тохиолдох.
Олонтаа илрэх: 10 хүнд 1 хүртэл тохиолдох.
Хааяа илрэх: 100 хүнд 1 хүртэл тохиолдох.
Ховор илрэх: 1000 хүнд 1 хүртэл тохиолдох.
Маш ховор илрэх: 10000 хүнд 1 хүртэл тохиолдох.
Тодорхойгүй: Байгаа мэдээллээс тооцох боломжгүй.
Илэрч буй зарим гаж нөлөө эрсдэлтэй байж болно.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийн эмчилгээг эхэлсний дараахан хөнгөн хэлбэрээр гэдэс базлах, хэвлийгээр хөндүүрлэх шинж тэмдэг илрэх мөн хэвлийн өвдөлт эхэлснээс хойш 24 цагийн дотор шулуун гэдэснээс цус алдах, өтгөн цустай гарах (давтамж тодорхойгүй, байгаа мэдээллээс тооцох боломжгүй) зэрэг шинж тэмдэг гарвал эмчид яаралтай мэдэгдэж, Дикло-Денк 75 тарилгын эмчилгээг зогсооно.
Дараах гаж нөлөөнүүд нь диклофенакийг тариагаар хэрэглэсэн болон диклофенакийн фармакологийн бусад хэлбэрийг богино ба урт хугацаанд хэрэглэсэн тохиолдолд илэрсэн нь бүртгэгдсэн байна.
Дараах гаж нөлөө дийлэнхдээ тунгаас хамааралтай байх ба хүн бүрт харилцан адилгүй илэрдэг гэдгийг анхаарна.
Бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө нийтлэ илэрдэг. Ходоод, дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт (ялангуяа өндөр настанд) илрэх ба заримдаа үхэлд хүргэж болно ( Анхааруулга ба болгоомжлол гэсэн 2-р хэсгийг үзнэ үү).
Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны салст бүрхүүлийн шархлаат үрэвсэл (шархлаат стоматит), бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин сэдрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно. Ялангуяа хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл нь бэлдмэлийн тунг ба эмчилгээний хугацаанаас хамаарна.
Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн хэрэглээтэй (Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг оролцуулаад) холбоотой биед шингэн хуримтлагдах (хавагнах), цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал үүсэх эрсдэл ялангуяа бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд ихэсдэг талаар тэмдэглэгдсэн байна.
Зүрхний эмгэг:
Маш ховор илрэх: Зүрх дэлсэх, биед шингэн хуримтлагдах (хавагнах), зүрхний дутагдал, зүрхний булчингийн шигдээс, цээжээр өвдөх
Цус ба тунгалгийн системийн эмгэг өөрчлөлт:
Маш ховор илрэх: Цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, цусны цагаан эс ба ялтсан эс цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох). Илрэх эхний шинж тэмдэг: халуурах, хоолой өвдөх, амны өнгөц гэмтэл, томуу төст өвчин, хэт ядрах, хамраас цус гарах, арьсанд цус харвах. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө.
Өвчтөнийг өвдөлт намдаах болон халуун бууруулах бэлдмэлээр өөрийгөө эмчлэхийг хориглоно. Удаан хугацааны эмчилгээний үед цусны эсийн тоог тогтмол хянана.
Маш ховор илрэх: цус задралын цус багадалт (улаан эсийн задрал хурдассанаас үүсэх цус багадалт), төлжилтгүй цус багадалт (цус төлжилтийн эмгэгийн улмаас үүсэх цус багадалт) тохиолдож болно
Мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт:
Олонтаа илрэх: толгой өвдөх, толгой эргэх, эргэн тойрон эргэлдэх мэдрэмж төрөх, сэрэмтгий ба цочромтгой болох, ядрах зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрнэ.
Маш ховор илрэх: мэдрэхүйн эмгэг өөрчлөлт, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, ой санамж өөрчлөгдөх, орон зайн баримжаа алдагдах, эпилепсийн таталт илрэх, салганах, цус харвалт өгөх.
Нүдний зүгээс илрэх эмгэг өөрчлөлт:
Маш ховор илрэх: харааны өөрчлөлт илрэх (нүд бүрэлзэх, юм хоёрчилж харагдах)
Чих ба лабиринтын (тэнцвэрийн аппарат) эмгэг:
Олонтаа илрэх: Толгой эргэх
Маш ховор илрэх: Чих шуугих (тиннит), түр зуур сонсгол буурах.
Хоол боловсруулах замын эмгэг:
Нийтлэг илрэх: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоол боловсруулах замын хөнгөн зэргийн цус алдалт илрэх ба зарим тохиолдолд цус багадалт үүсэх .
Олонтаа илрэх: хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах (диспепси), гэдэс дүүрэх, хэвлийгээр базлах, хоолны дуршил буурах, мөн ходоод ба гэдэсний шархлаа (зарим үед цус алдалт ба цооролт хамт илрэх).
Хааяа илрэх: цустай бөөлжих, өтгөн цустай гарах ба цустай суулгах. Хэвлийн дээд хэсгийн хүнд хэлбэрийн өвдөлт, цустай бөөлжих, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах
Хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөх, цустай бөөлжих, өтгөн хар өнгөтэй гарах, өтгөн цустай гарах шинж тэмдэг илэрвэл Дикло-Денк 75 тарилгын эмчилгээг зогсоож, эмчид яаралтай мэдэгдэнэ.
Ховор илрэх: Ходоодны үрэвсэл
Маш ховор илрэх: амны салст бүрхүүлийн үрэвсэл (амны салст шархлах), хэлний үрэвсэл, улаан хоолойн гэмтэл, өтгөн хаталт, мөн бүдүүн гэдэсний үрэвсэл (колит), бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл (геморрагический колит), Кроны өвчин сэдрэх, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (бүдүүн гэдэсний шархлаа бүхий өвөрмөц үрэвсэл), нарийн гэдэсний хөндий нарийсах (гэдэсний стриктура), нойр булчирхайн үрэвсэл (панкреатит).
Бөөр, шээсний замын эмгэг:
Хааяа илрэх: ялангуяа цусны даралт ихтэй болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хаван (биед шингэн хуримтлагдах) үүснэ.
Маш ховор илрэх: бөөрний үйл ажиллагааны цочмог өөрчлөлттэй (бөөрний дутагдал) холбоотой бөөрний эдийн гэмтэл (завсрын эдийн үрэвсэл, хөхлөгийн үхжил), шээсээр уураг алдагдах (протейнури) ба цустай шээх (гематури); нефроз хамшинж (биед шингэн хуримтлагдах (хаван), шээсээр их хэмжээний уураг алдах), бөөрний цочмог дутагдалд орох.
Шээсний гарц багасаж биед шингэн хуримтлагдах (хавагнах), мөн бие ядрах нь бөөрний дутагдалд хүргэх бөөрний эмгэгийн дохио болно. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрч, биеийн байдал дордвол Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчид нэн даруй мэдэгдэнэ.
Арьс ба арьсан дорх эдийн эмгэг:
Олонтаа илрэх: арьсны үрэвсэлт эмгэг илрэх
Хааяа илрэх: үс халцрах
Маш ховор илрэх: улайх шинж бүхий арьсны тууралт (экзем, улайрал, экзантем), гэрэлд хэт мэдрэг болох, цусархаг тууралт, хүнд явцтай цэврүүт тууралт (Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил/Лайеллийн хам шинж гэх мэт), улайх, тархмал хавагнах, загатнах, арьс таталдах, чичирхийлэх (эксфолиатив дерматит) үрэвслийн улайлт (эритродерма) үүсэх зэрэг арьсны үрэвслийн урвал илэрч болно.
Давтамж тодорхойгүй илрэх: тариа хийсэн хэсэгт эдийн гэмтэл үүсэх.
Халдвар болон шимэгчийн эмгэг:
Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг зарим өвөрмөц эмийн (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл, Дикло-Денк 75 тарилга оруулаад) хэрэглээтэй холбоотойгоор халдварын шалтгаант үрэвсэлт эмгэг (хальсны үхжилт үрэвсэл гэх мэт) сэдэрсэн тохиолдол илэрсэн. Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийн эмчилгээний үед халдварын шинжүүд (улайх, хавдах, халах, өвдөх, халуурах) илэрч, биеийн байдал дордвол эмчид нэн даруй мэдэгдэнэ.
Хэрэв халдварын шинж тэмдэг (улайх, хавдах, халуу оргих, өвдөх, халуурах гэх мэт) илрэх, болон Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийн эмчилгээний явцад биеийн байдал дордвол эмчид яаралтай хандана.
Маш ховор тохиолдолд диклофенак бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүү хөших ба ухаан балартах зэрэг халдварын бус шалтгаант тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслийн (асептик менингит) шинжүүд илэрнэ.
Тогтолцооны улаан чонон яр, холбогч эдийн хавсарсан эмгэг зэрэг аутоиммуны зарим эмгэг бүхий өвчтөнд өвчин даамжрах эрсдлийг нэмэгдүүлнэ.
Судасны эмгэг:
Маш ховор илрэх: цусны даралт ихсэх (артерийн даралт ихсэх), цусны судас үрэвсэх
Ерөнхий эмгэг ба тарьсан хэсэгт илрэх өөрчлөлт:
Булчинд тарьж хэрэглэж байгаа үед тарьсан хэсэгт хэсэг газрын урвал (халуун оргиж хорсох мэдрэмж) үүсэх эсвэл бэрсүү үүсэх, арьсны эд ба өөхөн эд үхжих (арьсан дорх эмийн нөлөөт эмболи үүсэх) зэрэг шинж илэрч болно.
Дархлалын системийн эмгэг өөрчлөлт:
Олонтаа илрэх: арьсны тууралт ба загатнаа зэрэг хэт мэдрэгшлийн урвал
Хааяа илрэх: чонон хөрвөс.
Ховор илрэх: Хэт мэдрэгших урвал илрэх (цусны даралт унах, шоконд орох)
Маш ховор илрэх: Ерөнхий хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн урвал нь нүүр хавагнах, хэл хавагнах болон төвөнх хавагнаж амьсгалын замыг нарийсгах, хүчилсэн амьсгал, зүрх дэлсэх, цусны даралт унах зэрэг амь насанд аюултай шокийн шинжүүдээр илэрч болно. Хэрэв бэлдмэлийг анх удаа хэрэглэх үед дээрх шинж тэмдгүүд илэрч болох ба эдгээр шинж тэмдгүүдээс илэрвэл нэн даруй эмнэлэгт хандана. Ийм тохиолдолд Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчээс яаралтай зөвлөгөө авах хэрэгтэй.
Маш ховор тохиолдолд цусны судасны (васкулит) болон уушгины харшлын шалтгаант үрэвсэл (уушигны үрэвсэл) ажиглагдсан.
Элэг цөсний замын эмгэг:
Олонтаа илрэх: цусанд элэгний ферментүүд ихсэх.
Хааяа илрэх: ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний гэмтэл, шарлалттай болон шарлалтгүй элэгний цочмог үрэвсэл (заримдаа урьдал шинж тэмдэггүй, өвөрмөц тохиолдолд маш хүнд явцтай [цахилгаан хэлбэрийн]).
Маш ховор илрэх: Элэгний дутагдал, элэгний эд эсийн гэмтэл бүхий элэгний эмгэг үүсэх (элэгний эс үхжих)
Иймээс бэлдмэлийн удаан хугацааны эмчилгээний явцад элэгний үзүүлэлтүүдийг тогтмол хянах шаардлагатай.
Сэтгэцийн эмгэг:
Маш ховор илрэх: солиорлын урвалууд, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, хар дарах, нойргүйдэх зовиур илэрч болно.
Амьсгалын замын эмгэг
Ховор илрэх: Гуурсан хоолойн багтраа (амьсгал бачуурах)
Маш ховор илрэх: Уушигны завсрын эдийн үрэвсэл (пневмони)
Илэрч болох бусад гаж нөлөө
Ховор илрэх: Бензил алкаголийн нөлөөгөөр хэт мэдрэгшлийн урвал илрэх
Хэрэв эмийн гаж нөлөө илэрвэл дээр дурдсан зааврыг мөрдөнө.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө орно.
Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.
5. Дикло-Денк 75 тарилга бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
· Бэлдмэлийг хүүхэд үзэж, хүрэхээргүй газар хадгална.
· Цаасан хайрцаг болон ампул дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдөр дуусна.
· Хүчинтэй хугацаа: 36 сар.
· 25°С-с доош хэмд гэрлээс хамгаалж хадгална.
· Хэрэглэсний дараа үлдсэн хэсгийг хаяна.
· Ямар нэгэн эмийн бэлдмэлийг бохирын усанд хаяж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуугаарай. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тустай.
6. Савлалтын агууламж ба бусад мэдээлэл
Фармакодинамик
Эмийн эмчилгээний бүлэг: Стериод бус үрэвслийн/хэрлэгийн эсрэг бэлдмэл: ATC Код: МО1АВ05
Диклофенак нь стероид бус үрэвслийн/хэрлэгийн эсрэг бэлдмэл бөгөөд амьтан дээр хийсэн стандарт судалгаагаар простогландины нийлэгжилтийг саатуулах замаар үрэвсэлд үр дүнтэй нөлөөлдөг нь батлагдсан байна. Хүний биед диклофенак нь үрэвслийн гаралтай өвдөлт, хавдалт, халууныг бууруулдаг. Диклофенак нь АДФ-аар болон коллаген хамааралт тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулна.
Фармакокинетик
Гэдэсний стандарт бүрхүүл бүхий эмийн хэлбэрийг амаар хэрэглэсний дараа диклофенак нь ходоодны доод хэсгээр бүрэн шимэгддэг байна. Сийвэн дэх хамгийн дээд концентраци нь ходоод сулрах хугацаанаас хамаарч 1-16 цагийн хооронд, дунджаар 2-3 цагийн дотор хүрдэг. Булчинд хэрэглэсний дараа ойролцоогоор 10-20 минутын дараа сийвэн дэх хамгийн дээд концентрацид хүрнэ. Амаар хэрэглэсэн диклофенак нь анхлан дамжих замаас хамаарч тодорхойлогдох ба идэвхтэй бодисын зөвхөн 35-70% нь элэгнээс гарч буй цусны эргэлтэд өөрчлөгдөөгүй хэлбэрээр илэрдэг. Ойролцоогоор идэвхтэй бодисын 30% нь бодисын солилцоонд орж, өтгөнөөр ялгарна. Ойролцоогоор 70% нь элгэнд бодисын солилцоонд (гидроксилизаци ба коннюгаци) орж, фармакологийн идэвхгүй хэлбэрт шилжин бөөрөөр ялгарна. Элэг болон бөөрний үйл ажиллагаанаас үл хамаарах хагас задралын хугацаа нь ойролцоогоор 2 цаг байна. Сийвэнгийн уурагтай холбогдолт нь 99% байдаг.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийн найрлага
Үйлчлэгч бодис нь диклофенак натри.
3 мл-ын 1 ампулд 75 мг диклофенак натри, 105 мг бензилын спирт, 3 мг ацетилцистеин, 600 мг пропиленгликол агуулагдана.
Бусад туслах бодис: маннитол, натрийн гидроксид, тарианы ус.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгодог эмийн бэлдмэл.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэлийн дүрслэл, савлалт
Өнгөгүйгээс бага зэргийн шаргал туяа бүхий усан уусмал.
Дикло-Денк 75 тарилгын бэлдмэл бор өнгийн шилэн ампулд савлагдана.
Савлалт: 3 мл уусмалыг 5 ба 10 ампулаар савлан гаргана.
Маркетингийн итгэмжлэгдсэн эзэмшигч ба үйлдвэрлэгч
DENK Pharma GmbH & Co.KG
Prinzregentenstr.79,81675 München, Germany
Үйлдвэрлэсэн газар
Haupt Pharma Wülfing GmbH
Bethelner Landstr.18
31028 Gronau/Leine, Germany
Заавар шинэчилсэн огноо 2018 оны 10 сар.
Vers.3617/001