
Хэрэглэх заавар
ЭМИГИЛ-Ф
(МЕТРОНИДАЗОЛ, ФУРАЗОЛИДОН ШАХМАЛ, ХӨВМӨЛ)
Суулгалтыг түргэн зогсооно
Протозоины халдвар нь дэлхий даяар тохиолддог бөгөөд зарим бүс нутагт өвчлөл, нас баралтын гол шалтгаан болдог. Амебиаз, лямблиоз зэрэг эгэл биетний халдвар дамжих нь ихэвчлэн ялгадас-амны замаар дамждаг бөгөөд халдвартай хоол хүнс, усаар хооллох үед цистээр халдварладаг.
Метронидазол нь эгэл биетэн ба агааргүйтэн бактерийн эсрэг идэвхтэй бөгөөд эмчилгээнд протозой болон бактерийн эсрэг эм гэж ангилдаг. Амобиаз, гиардиоз, трихомониаз, үтрээний үрэвсэл, антибиотик хэрэглээтэй холбоотой колит, ходоод, дээрх гэдэсний шархлаа, гэдэсний үрэвсэлт өвчин зэрэг халдваруудад өргөн хэрэглэдэг.
Фуразолидон нь протозой болон бактерийн эсрэг үйлчилгээтэй нитрофураны уламжлал юм. Эгэл биетний эсрэг идэвхтэй: гэдэсний Giardia (Giardia lamblia), түүнчлэн in vitro-д Staphylococci, Enterococci, Escherichia coli, Salmonella spp., Shigella spp., Vibrio cholerae зэрэг олон тооны гэдэсний бактерууд.
НАЙРЛАГА
ЭМИГИЛ-Ф ШАХМАЛ
Хальсан бүрхүүлт шахмал бүрд:
Метронидазол Б.Ф.: 400 мг
Фуразолидон Б.Ф.: 100 мг
ЭМИГИЛ-Ф ХӨВМӨЛД
5 мл бүрд:
Метронидазол бензоат Б.Ф метронидазолтой тэнцэхүйц: 100 мг
Фуразолидон Б.Ф: 30 мг
Амт оруулагч суурь сироп: х.х
ЭМ СУДЛАЛЫН АНГИЛАЛ
Протозойны эсрэг, бактерийн эсрэг бэлдмэл
ЭМ СУДЛАЛ
Метронидазол нь нянгийн эсрэг үйлдэлтэй эм бөгөөд голдуу агааргүйтэн бичил биетүүд, бактери, эгэл биетүүдийн эсрэг идэвхтэй. 5-нитро бүлгийн хувирал нь ДНХ-ийн нийлэгжилтийг дарангуйлах, мушгиа бүтэц алдагдах, ДНХ-ийн хэлхээний эвдрэлийг үүсгэдэг завсрын идэвхтэй бодис үүсэх боломжийг олгосноор эцэстээ эсийг үхэлд хүргэдэг.
Фуразолидон нь бактерийн ферментийн системийг тасалдуулж, нян устгах нөлөөтэй байдаг; эмийн нянгийн эсрэг үйлдэл нь тэсвэртэй бичил биетний өсөлтөөс сэргийлдэг.
ЭМНЭЛ ЗҮЙН ЭМ СУДЛАЛ
Метронидазол нь эмнэлзүйн ач холбогдолтой эгэл биетүүд Trichomonas vaginalis, Giardia lamblia, Entamoeba histolytica-ийн эсрэг өндөр идэвхтэй бөгөөд дарангуйлах хамгийн бага концентраци нь ойролцоогоор 1 мг/л.
Метронидазол нь янз бүрийн агааргүйтэн бактерууд, ялангуяа Bacteroides fragilis ба түүнтэй холбоотой зүйлүүд, Fusobacterium, Clostridium, Peptococcus, Peptostreptococcus spp эсрэг идэвхтэй. Ихэнх агааргүйтэн бактерууд 6 мг/л ба түүнээс бага MIC-д мэдрэмтгий байдаг. Эмийн бодис нь мөн факультатив агааргүйтэний эсрэг идэвхтэй байдаг: Gardnerella vaginalis ба Campylobacter fetus.
Метронидазолын гидрокси-метаболит нь үүрэг гүйцэтгэгч агааргүйтэний эсрэг бага идэвхтэй боловч Gardnerella vaginalis-ийн эсрэг үйлдэл нь үндсэн нэгдлээс өндөр байдаг.
Фуразолидон нь ходоод гэдэсний замын ихэнх эмгэг төрүүлэгч бичил биетүүд: E. coli, Staphylococci, Salmonella, Shigella, Proteus, Aerobacter aerogenes, Vibrio cholerae, Giardia lamblia зэрэгт өргөн хүрээний үйлэлтэй.
ФАРМАКОКИНЕТИК
Метронидазол нь уусны дараа ихэвчлэн сайн шингэж, 1-2 цагийн хооронд сийвэн дэх дээд концентрацид хүрдэг. 250 мг ба 500 мг тунгаар уухад плазмын дээд концентраци ойролцоогоор 6 мкг/мл ба 12 мкг/мл байна.
Метронидазол нь биед өргөн, хурдан тархдаг бөгөөд сийвэн дэх концентрацитай цөс, хөхний сүү, тархи нугасны шингэн, шүлс, янз бүрийн эдэд тодорхойлогддог. Эмийн бодис нь ихэсээр амархан дамждаг. Хувиралын явцад гидрокси-метилийн уламжлал үүсдэг.
Метронидазолын плазмын хагас задралын хугацаа 8 цаг байна. Тунгийн 60-80% нь шээсээр, 6-15% нь ялгадасаар гадагшилна.
Фуразолидоныг уухад маш бага хэмжээгээр шимэгдэн, гэдсэнд хувиралд орж идэвхгүйждэг. Ойролцоогоор 5% нь өнгөт метаболитуудын хамт шээсээр ялгардаг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
ЭМИГИЛ-Ф дараах нөхцөлд:
- Бактери, эгэл биетэн, холимог шалтгаант суулгалт, цусан суулга
- Өвөрмөц бус суулгалт
- Амебиаз.
- Лямблиоз.
- Грам эерэг ба грам сөрөг бактерийн мэдрэмтгий омгийн улмаас үүссэн хоолны хордлого
ХОРИГЛОХ ЗААЛТ
- Нитроимидазол / фуразолидонд хэт мэдрэг
- MAO дарангуйлагчтай эмчилгээ, тирамин агуулсан хоол хүнс эсвэл шууд бус симпатомиметик аминууд хамт хэрэглэхийг хориглох эсвэл ЭМИГИЛ-Ф хэрэглэж буй өвчтөнүүдэд болгоомжтой хандах нь зүйтэй.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
- Согтууруулах ундааны зүйлтэй хамт хэрэглэх: Метронидазол нь этилийн спирттэй хамт уухад гипотензи, нүүрний хүчтэй улайлт зэрэг дисульфирам төст урвал үүсгэдэг. Өвчтөн эмчилгээг зогсоосноос хойш 48 цагийн турш согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах ёстой.
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдал: метронидазол нь ихэвчлэн элгэнд хувиралд ордог тул үндсэн нэгдлүүдийн хордуулах хуримтлал нь өвчтөнд элэгний хүнд хэлбэрийн дутагдал үүсгэдэг.
- Мэдрэлийн хүнд өвчний өгүүлэмжтэй: Метронидазол нь одоо байгаа мэдрэлийн өвчнийг хүндрүүлэх, түүний дотор таталт үүсгэдэг.
- Бусад: Цус задралын цус багадалт үүсэх эрсдэлтэй тул глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдалтай өвчтөнд фуразолидоныг болгоомжтой хэрэглэнэ. Тайвшруулах, антигистамин, транквилизаторууд хамт бага тунгаар болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
ЖИРЭМСЭН, ХӨХҮҮЛ ҮЕИЙН ХЭРЭГЛЭЭ
Жирэмсэн:
Жирэмсэн үед метронидазолыг хэрэглэхэд эх, урагт үзүүлэх сөрөг нөлөө ажиглагдаагүй. Гэхдээ эмийг эхний гурван сард хэрэглэх ёсгүй бөгөөд хэрэв боломжтой бол жирэмсний хоёр ба гурав дахь гурван сард хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Хязгаарлагдмал мэдээллээр метронидазол нь ихэсээр дамждаг бөгөөд энэ нь эмийн липидийн уусах чадвартай холбоотой бололтой.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд фуразолидоны аюулгүй байдал тогтоогдоогүй тул бусад хүчтэй бактерийн эсрэг эмийн нэгэн адил фуразолидоныг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай
Хөхүүл үе
Метронидазол нь хөхний сүүгээр ялгардаг. Метронидазолын нярай хүүхдэд үзүүлэх нөлөөллөөс зайлсхийхийн тулд метронидазолын эмчилгээ дууссанаас 48 цаг хүртэл хөхөөр хооллохыг зогсооно. Хөхүүл эхчүүдийн хөхний сүүнд агуулагдах фуразолидоны агууламж, түүний аюулгүй байдал тогтоогдоогүй байна.
ГАЖ НӨЛӨӨ
Гаж нөлөө, түүний дотроос хоол боловсруулах эрхтний эмгэгүүд, ялангуяа дотор муухайрах, бөөлжих, аманд металлын тааламжгүй амт амтагдахыг ихэвчлэн тэмдэглэдэг; дотор муухайрах нь заримдаа толгой өвдөх, хоолны дуршилгүй болох, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдтэй дагалддаг.
Суулгалт, ам хуурайших, хэл өнгөртөх, нүд гэрэлд гялбах, толгой эргэх, бие сулрах, атакси, нойргүйдэх, сэтгэлийн хямрал, төөрөгдөл зэрэг сэтгэлийн байдал эсвэл сэтгэцийн байдлын өөрчлөлтүүд мөн ажиглагдсан.
Хязгаарлагдмал тохиолдолд арьсны тууралт, загатнаа, маш ховор тохиолддог анафилаксийн шок.
Бусад сөрөг урвалууд нь шээсний сүвний таагүй байдал, шээсний өнгө харлах зэрэг болно.
Захын невропати, мөчний мэдээ алдалт, хорсох, эпилепси хэлбэрийн таталт зэрэг нь метронидазолыг өндөр тунгаар хэрэглэх эсвэл удаан хугацаагаар хэрэглэхтэй холбоотой үүсэх ноцтой гаж нөлөө юм.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Метронидазол
Метронидазол нь кумарин ба варфарины антикоагулянт нөлөөг сайжруулж, улмаар протромбины хугацааг нэмэгдүүлдэг.
Фенитоин эсвэл фенобарбитал зэрэг элэгний микросомын фермент өдөөгчийг хамт хэрэглэх нь метронидазолын ялгаралтыг хурдасгаж, түүний сийвэнгийн түвшинг бууруулдаг.
Жишээлбэл, элэгний микросомын ферментийн идэвхийг бууруулдаг эмийг хамт хэрэглэхэд циметидин нь плазмын клиренсийг бууруулснаар метронидазолын хагас задралын хугацааг нэмэгдүүлдэг. Харьцангуй өндөр тунгаар литийг удаан хугацаагаар ууж буй өвчтөнүүдэд метронидазолын богино хугацааны эмчилгээ хийснээр плазмын литийн түвшин нэмэгдэж, зарим тохиолдолд литийн хоруу чанар илрэх боломжтой байдаг.
Метронидазолтой эмчилгээ хийлгэх үед болон эмчилгээ дууссанаас хойш нэг өдрийн турш согтууруулах ундаа ууж болохгүй, учир нь хэвлийн эрхтнүүдийн спазм, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, нүүр улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Метронидазол ба дисульфирамыг хамт хэрэглэснээр цочмог сэтгэцийн эмгэг үүсгэдэг.
Фуразолидон
Фуразолидонтой эмчилгээний явцад архи уусан өвчтөнүүдэд дисульфирамтай төстэй урвал ажиглагдсан тул эмчилгээний явцад болон фуразолидонтой эмчилгээ дууссаны дараа хэсэг хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх ёстой.
Фуразолидон нь моноамин оксидазын дарангуйлагч тул үүнийг хэрэглэхдээ бусад эм, ялангуяа шууд бус симпатомиметик амин, тирамин агуулсан хоол хүнс, ус болгоомжтой хэрэглэнэ.
Фуразолидон ба амитриптилиныг эмчилсэн өвчтөнд сэтгэцийн хорт эмгэг үүсэлтийг мэдээлсэн.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
ЭМИГИЛ-Ф ШАХМАЛ
Насанд хүрэгчидэд: өдөрт 8 цагаар 1 шахмал, нийт 3-7 хоног ууна.
5-с дээш насны хүүхдэд: өдөрт 8 цагаар тал шахмал, нийт 3-7 хоног уулгана.
Эсвэл эмчийн заавраар хэрэглэнэ.
ЭМИГИЛ-Ф ХӨВМӨЛ
1-с доош насны хүүхдэд: өдөрт 8 цагаар 2.5 мл, нийт 3-7 хоног уулгана.
1-5 настай хүүхдэд: өдөрт 5 мл тунгаар 8 цагаар, нийт 3-7 хоног уулгана.
5-с дээш насны хүүхдэд: өдөрт 8 цагаар 10 мл тунгаар нийт 3-7 хоног ууна.
Эсвэл эмчийн заавраар хэрэглэнэ.
Анхааруулга: 1 сараас доош насны нярайд эмийг зөвлөдөггүй.
"Янз бүрийн суулгалт, ялангуяа нярай болон бага насны хүүхдүүдэд шингэн ба электролитийг нөхөх нь зайлшгүй шаардлагатай. Халдварын эсрэг бэлдмэлүүдийг тодорхой заалтаар хэрэглэнэ".
ТУН ХЭТРҮҮЛЭЛТ БА ЭМЧИЛГЭЭ
Тун хэтрүүлэн уусан үед дотор муухайрах, бөөлжих, атакси зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Мэдрэлийн хордлого, таталт, захын мэдрэлийн эмгэг зэрэг нь өдөр бүр 6-10.4 г тунгаар хэрэглэхэд 5-7 хоногийн дараа үүсдэг. ЭМИГИЛ-Ф-ийн тунг хэтрүүлэн хэрэглэхэд тусгай антидот байхгүй тул шинж тэмдгийн болон дэмжих эмчилгээг хийдэг.
ХҮЧИНТЭЙ ХУГАЦАА
ЭМИГИЛ-Ф ШАХМАЛ
Үйлдвэрлэснээс хойш 5 жил.
ЭМИГИЛ-Ф ХӨВМӨЛ
Үйлдвэрлэснээс хойш 3 жил.
Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй.
ХАДГАЛАЛТ
Гэрлээс хамгаалан хуурай нөхцөлд хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
ЭМИЙН САВЛАЛТ
ЭМИГИЛ Ф ШАХМАЛ
Блистерт 10 шахмал.
ЭМИГИЛ Ф ХӨВМӨЛ
Флаконд 60 мл.





































































































































































































































































































