Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Анаферон
Худалдааны нэр
Англи
Affinity purified antibodies to human gamma interferon
Үйлдвэрлэгч
Materia Medica Holding NPF LLC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
0.003г
Эмийн хэлбэр
дисперсийн шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийг эмнэлгийн зориулалтаар хэрэглэх заавар

 

Анаферон

 

Худалдааны нэр: Анаферон

Эмийн хэлбэр: Шимж хэрэглэхэд зориулсан шахмал

Найрлага (1 шахмалд )

Үйлчлэгч бодис: хүний цэвэршүүлсэн гамма интерфероны антител 0.003г*

Туслах бодис: лактозын моногидрат 0,267 г, бичил талст целлюлоза  0,03 г, магнийн стеарат 0,003 г.

*идэвхтэй үйлчлэгч бодис нь 10-15нг/г-с илүүгүй агуулсан лактозын моногидратын ус-спиртийн холимог юм.

Ерөнхий шинж:

Огтлогдсон цлиндр хэлбэртэй, хэрчлээс бүхий цагаан буюу цагаавтар өнгийн шахмал. Шахмалын хэрчлээс бүхий нэг талд нь MATERIA MEDICA, нөгөө талд нь ANAFERON гэсэн тэмдэглэгээ байна.

Эмийн эмчилгээний бүлэг:

Дархлал идэвхжүүлэх, вирусын эсрэг бэлдмэл.

Код АТХ: L03, J05AX

Фармакологийн үйлдэл:

Бэлдмэлийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд дархлал идэвхжүүлэх, вирусын эсрэг үйлдэл үзүүлнэ. Туршилтын болон эмнэлзүйн судалгаагаар томуугийн вирус, парагрипп, 1 ба 2 типийн энгийн хомхойн вирус (уруулын ба бэлэг эрхтний хомхой), бусад хомхойн вирус (салхин цэцэг, халдварт мононуклеоз), энтеровирус, хачигт энцефалитын вирус, ротавирус, коронавирус, калицивирус, аденовирус, РС вирус (респираторно синцитиаль) зэрэгт үр дүнтэй болох нь тогтоогдсон.

Бэлдмэл гэмтсэн эдийн вирусын концентрацийг багасгах ба дотоод интерферон ба цитокины системд нөлөөлж дотоодын “эрт үеийн” α/β интерферон ба гамма интерфероны үүсэлтийг идэвхжүүлдэг.

Эсийн ба шингэний дархлааны урвалыг идэвхжүүлнэ. Антителын ялгаралтыг (шүүрлийн IgA) ихэсгэхийн зэрэгцээ Т- эффектор ба Т-хелпер (Тх) эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн харьцааг хэвийн болгоно.

Тх болон дархлааны хариу урвалд оролцдог  бусад эсийн үйл ажиллагааны чадамжийг сайжруулдаг.

Дархлааны хариу урвалын Тх1 ба Тх2 холимог хэлбэрийг идэвхжүүлдэг: Тх1 (ИНФү, ИЛ-2)  ба Тх2 (ИЛ-4, 10) цитокины ялгаралтыг ихэсгэх бөгөөд Тх1/Тх2 идэвхийн тэнцвэрийг хэвийн болгоно. Түүнчлэн фагоцит болон бие махбодын киллер эсийн үйл ажиллагааны идэвхийг сайжруулдаг. Мутацийн эсрэг үйлдэлтэй.

 

Фармакокинетик:

Орчин үеийн физик-химийн шинжилгээний аргуудын (хий шингэний хроматографи, өндөр идэвхит шингэний хроматографи, хромато-масс-спектрометр) мэдрэг чанар нь биологийн шингэн, эд, эрхтэнд Анаферон бэлдмэлийн үйлчлэгч бодисыг тодорхойлох боломжгүй байдаг тул фармакокинетикийг судлах техникийн боломж муу юм.

Хэрэглэх заалт:

  • Амьсгалын замын вирусын цочмог халдвар (ялангуяа томуу)-ын эмчилгээ урьдчилан сэргийлэлт
  • Хомхойн вирусээр үүсгэгдсэн халдварын (халдварт мононуклеоз, салхин цэцэг, уруул ба бэлэг эрхтний хомхой) хам эмчилгээнд
  • Хомхойн вирусын архаг халдварын (ялангуяа уруулын ба бэлэг эрхтний хомхой) дахилтаас сэргийлэх болон хам эмчилгээнд
  • Хачигт энцефалитын вирус, энтеровирус, ротавирус, коронавирус, калицивирус-р үүсгэгдсэн цочмог болон архаг явцтай бусад вирусын халдварын сэргийлэлт ба хам эмчилгээнд
  • Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд
  • Янз бүрийн шалтгаантай хоёрдагч дархлаа хомсдолын хавсарсан эмчилгээнд, ялангуяа вирусын ба бактерийн халдварын хүндрэлийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.

Хориглох заалт:

Анафероныг бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхдэд, 18-с доош насны өвчтөнд анафероны хүүхдэд зориулсан хэлбэрийг хэрэглэнэ.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэл аюулгүй эсэх нь бүрэн судлагдаагүй. Хэрэв бэлдмэлийг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал эмийн үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба гарч болох эрсдэлийг сайтар харьцуулж шийднэ.

Хэрэглэх арга, тун:

Хооллоогүй үед ууж хэрэглэнэ. Шахмалыг амандаа бүрэн уустал шимнэ.

Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуу, гэдэсний халдвар,  хомхойн вирусын халдвар,  мэдрэлийн халдвар: Эмчилгээний эхний өдөр 8 шахмалыг дараах схемээр ууна: Эхний 2 цагт 1 шахмалыг 30 минутын зайтай хэрэглэнэ (нийт 5 шахмалыг 2 цагт ууна), дараа нь тухайн өдөр дахин 1 шахмалыг ижил цагийн зайтай  3 удаа хэрэглэнэ.

Хоёр дахь өдөр болон цаашдаа 1 шахмалаар хоногт 3 удаа бүрэн эдгэртлээ хэрэглэнэ.

Амьсгалын замын вирусын цочмог халдвар, томуугийн үед 3 дахь хоногтоо үр дүн өгөхгүй байвал эмчид хандана.

Халдварын тархалтын улирлын үед урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 удаа 1-3 сар хэрэглэнэ.

Бэлэг эрхтний хомхой:  Цочмог шинж бүхий халдварын үед ижил цагийн зайтайгаар дараах схемээр хэрэглэнэ. Эхний 3 өдөр 1 шахмалаар хоногт 8 удаа, цаашдаа 1 шахмалаар хоногт 4 удаа 3 долоо хоногоос доошгүй хугацаагаар хэрэглэнэ.

Архаг явцтай хомхойн вирусын халдварын дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор  хоногт 1 шахмал хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх ээлжийн хугацаа хүн бүрт янз бүр байх бөгөөд 6 сар хүртэл хугацаагаар хэрэглэж болно.

Бактерийн халдварын хавсарсан эмчилгээний үед дархлал хомсдлоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хоногт 1 шахмал хэрэглэнэ.

Шаардлагатай үед бэлдмэлийг вирусын эсрэг болон шинж тэмдгийн эмчилгээний бусад эмтэй хамт хэрэглэж болно.

Гаж нөлөө:

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал ажиглагдаж болзошгүй.

Тун хэтрэлт:

Тун хэтэрсэн тохиолдол одоог хүртэл тэмдэглэгдээгүй. Санамсаргүй тунг хэтрүүлж хэрэглэвэл бэлдмэлийн найрлага дахь дүүргэгч бодистой холбоотойгоор хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болно.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

Эмийн үл нийцэл тохиолдсон талаар одоог хүртэл тэмдэглэгдээгүй. Шаардлагатай үед вирусын эсрэг бусад эм, нянгийн эсрэг эм, шинж тэмдгийн эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.

Онцгой анхааруулга!

Бэлдмэлийн найрлаганд лактозын моногидрат агуулагддаг учир төрөлхийн галактоземи, глюкозын шимэгдэлтийн алдагдлын хам шинжтэй буюу төрөлхийн лактазын дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр, савлалт:

20 ширхэгээр поливинилхлоридын хальс ба хөнгөн цагаан фольгитой тусгай үүр бүхий савлалтанд савлаж гаргана. 1, 2 эсвэл 5 тусгай үүр бүхий савлалтыг хэрэглэх зааврын хамт  цаасан хайрцганд хийнэ.

Хадгалах нөхцөл:

25°С-аас дээшгүй хэмд, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Үйлдвэрлэгчээс гаргасан цаасан хайрцаган дотор үүрэн савлагаанд хадгална. 

Хадгалах хугацаа: 3 жил.

Хадгалах хүчинтэй хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгоно.

ОХУ-н нутаг дэвсгэрт халдашгүй эрх ба бүртгэл ба зохион байгуулалтыг хариуцах хууль эрхийн төлөөлөх этгээд:

ООО «НПФ «МАТЕРИА МЕДИКА ХОЛДИНГ»;

Россия, 127473, г.Москва, 3-й Самотечный пер., д. 9.

Тел./факс: +7(495) 684-43-33.

Телефоны «Горячей линий»:

+7(495) 681-09-30, +7(495) 681-93-00

E-mail: hotline@materiamedica.ru

Эмийн бэлдмэлийн үйлдвэрлэгчийн хаяг ба байрлал:

Россия, 454139, г.Челябинск, ул. Бугурусланская, д.54.