
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар: Хэрэглэгчид зориулсан мэдээлэл
Панцеф 100 мг/5 мл ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх мөхлөг
(цефиксим)
Танд зориулсан чухал мэдээлэл агуулсан тул энэ эмийг хэрэглэхийн өмнө зааврыг сайтар уншина уу.
- Зааврыг хадгал. Учир нь дахин унших шаардлага гарч болзошгүй.
- Хэрэв та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл эмч эсвэл эм зүйчээс асууна уу.
- Энэ бэлдмэл нь зөвхөн танд зориулагдсан тул хэдийгээр өвчний шинж тэмдэг таныхтай адил байсан ч бусдад дамжуулахыг хориглоно. Учир нь хор хүргэж болзошгүй.
- Хэрэв танд гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандана уу. Үүнд энэхүү зааварт тусгаагүй бусад нөлөө багтана. 4 хэсгийг үзнэ үү.
Зааврын агуулга:
- Панцеф гэж юу болох түүнийг хэрэглэх заалт
- Панцеф хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
- Панцеф хэрэглэх арга
- Илэрч болох гаж нөлөө
- Панцеф хадгалах нөхцөл
- Савлалт, бусад мэдээлэл
1. Панцеф гэж юу болох түүнийг хэрэглэх заалт
Панцеф нь цефиксим эмийн бодис агуулдаг. Энэ нь “цефалоспорин” гэж нэрлэгдэх антибиотикийн бүлэгт багтдаг.
Бэлдмэлийг бактериар үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд дараах халдварууд орно:
- Амьсгалын дээд замын цочмог халдварууд (фаринго-тонзилит-синусит);
- Дунд чихний цочмог үрэвсэл;
- Амьсгалын доод замын халдварууд (гуурсан хоолойн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл, уушгины хатгалгаа);
- Шээс ялгаруулах замын хүндэрсэн, хүндрэлгүй цочмог пиелонефрит;
- Хүндрээгүй заг хүйтэн (умайн хүзүү/шээсний сүв).
2. Панцеф хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлс
Панцеф бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй
- Хэрэв та цефиксим болон пенициллины бүлгийн антибиотик, бэлдмэлийн найрлага дахь бусад бодист (6 хэсэгт дурдсан) харшилтай бол.
- Дараах харшлын урвал илэрсэн бол: тууралт гарах, залгих эсвэл амьсгалахад хүндрэлтэй байх, уруул, төвөнх, хэл хавагнах.
Хэрэв дээрх шинжүүд илэрсэн бол энэ эмийг хэрэглэхгүй. Хэрэв та өөртөө итгэлгүй бол уухаар Панцеф хөвмөлийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчид хандана уу.
Анхааруулга ба болгоомжлол
Панцеф бэлдмэлийг дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөрний эмгэгтэй бол
- харшлын урвал илрэх хандлагатай эсвэл гуурсан хоолойн багтраатай бол;
6 сараас доош насны хүүхдэд бэлдмэлийн үр дүн, аюулгүй хэрэглээ тогтоогдоогүй.
Хэрэв дээрх тохиолдолын талаар таньд эргэлзээ төрвөл бэлдмэл хэрэглэхийн өмнө эмч эсвэл эм зүйчтэй зөвлөнө үү.
Хэрэв цефалоспорин ба пенициллины бүлгийн бэлдмэлд хэт мэдрэг (арьсан дээр тууралт гарах, зүрх дэлсэх, амьсгал давчдах), эсвэл ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэсний дараа хэт мэдрэгийн урвал илэрч байсан бол Панцеф бэлдмэлээр эмчилгээ эхлэхийн өмнө эмчид мэдэгдэнэ үү.
Панцеф бэлдмэлийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилбэл элэг, бөөр болон цусны шинжилгээ хийлгэхийг эмчлэгч эмч зөвлөж болно.
Цефиксим эмчилгээний үед эсвэл дараа маш ховор тохиолдолд антибиотикийн шалтгаант бүдүүн гэдэсний эмгэг үүсч болзошгүй. Энэ тохиолдол хүнд хэлбэрийн удаан хугацаагаар үргэлжилсэн суулгалт илрэх боловч эмчлэгддэг. Ийм шинж илэрсэн бол эмчид мэдэгдэж зөвлөгөө авна уу.
Хэрэв Панцеф эмчилгээний явцад таньд DRESS хам шинж, Стивенс-Жонсоны хам шинж, Лайлын хам шинж (илэрч болзошгүй гаж нөлөө. 4 бүлгийг үзнэ үү) илэрвэл бэлдмэлийн хэрэглээг даруй зогсоож эмчлэгч эмчтэйгээ холбогдоно уу.
Хэрэв та ойрын үед антибиотикууд, шээс хөөх эмүүд, нифедипин (кальцийн суваг хориглогч-цусны даралт бууруулах эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл), эсвэл цусны бүлэгнэлтийг бууруулах кумарин зэргийг хэрэглэсэн бол Панцеф бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчид мэдэгдэнэ үү.
Панцеф бэлдмэл хэрэглэснээр биеийн байдал сайжирч, өвчний шинж тэмдэг арилсан ч эмчийн зааваргүйгээр эмчилгээг зогсоох болон өөрчлөх нь өвчин хүндэрч ужгирах шалтгаан болно.
Панцеф ба бусад эмийн бэлдмэл
Ойрын хугацаанд ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэсэн бол эмч эсвэл эм зүйчид мэдэгдэнэ үү.
Үүнд зарим антибиотик ба шээс хөөх эмүүд хамаарагдана. Панцеф бэлдмэлийг эдгээр эмтэй хамт хэрэглэхэд бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж болно.
Дараах бэлдмэлийг хамт болгоомжтой хэрэглэнэ үү.Үүнд :
- нифедипин (кальцийн суваг хориглогч-цусны даралт бууруулах эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл – нифедипин нь Панцефийн үйлдлийг ихэсгэнэ (нифедипин нь цефиксимийн биохүрэхүйг нэмэгдүүлнэ);
- кумарин эм (цус бүлэгнэлтийг багасгахад хэрэглэдэг) – цефиксимтэй хамт хэрэглэхэд үйлдэл нь нэмэгддэг. Эмч цусны бүлэгнэлтийг тодорхойлох шинжилгээнд хамруулж болзошгүй.
Шинжилгээ
Хэрэв ямар нэг шинжилгээ (цус, шээс эсвэл оношлогоо) хийлгэх бол та эмчдээ Панцеф бэлдмэл хэрэглэж байгаагаа мэдэгдэх шаардлагатай.
Панцеф ба хоол хүнс
Панцеф бэлдмэлийг хооллолтоос үл хамааран хэрэглэж болно.
Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ
Хэрэв та жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй, хөхүүл эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа бол энэ бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөнө үү. Энэ бэлдмэлийг жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй. Хэрэв хөхүүл үед бэлдмэл хэрэглэх бол хүүхдийг хөхний сүүгээр хооллохгүй.
Жолоо барих ба техник ашиглах
Панцеф бэлдмэл нь жолоо барих болон техник ашиглах чадварт нөлөөлөхгүй.
Панцеф бэлдмэлийн найрлагын талаарх чухал мэдээлэл
Панцеф нь ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх мөхлөгийн 5 мл-т 2,517 г сахароз агуулагдана. Үүнийг чихрийн шижинтэй өвчтөнүүд тооцох шаардлагатай.
Хэрэв эмч таныг зарим төрлийн сахарт мэдрэг болохыг анхааруулсан бол бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү.
Панцеф нь ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх мөхлөгийн 5 мл-т 2,5 мг натрийн бензоат (Е211) агуулагдах бөгөөд нярайн (4 долоо хоног хүртэл) шарлалтыг (арьс, нүд шарлах) нэмэгдүүлж болзошгүй.
3. Панцеф бэлдмэлийг хэрэглэх арга
Эмч, эм зүйчийн зөвлөсөн зааврын дагуу бэлдмэлийг хэрэглэнэ. Хэрэв эргэлзэж байвал эмч, эм зүйчээс дахин лавлана уу.
• Бэлдмэлийг ууж хэрэглэнэ.
• Бэлдмэлийг хоногийн өөрт тохиромжтой зөв цагт хэрэглэх нь чухал.
• Бэлдмэлийг заасан өдрийн хугацаанд уух ёстой. Ихэвчлэн эмчилгээ үргэлжлэх хугацаа 7 хоног боловч хүнд хэлбэрийн халдварын үед 14 хоног хүртэл үргэлжилж болно.
Зөвлөж буй тун:
10-аас доош настай эсвэл биеийн жин 50 кг-аас бага хүүхдэд:
Хоногт нэг удаа 8 мг/кг тунгаар эсвэл тунг хоёр тэнцүү хувааж 4 мг/кг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Хүүхдэд хэрэглэх ерөнхий удирдамжид ууж хэрэглэх хөвмөлийн тунг эзлэхүүнээр илэрхийлж дараах байдлаар тооцдог. Үүнд:
6 сараас 1 нас: хоногт 2.5 мл -5.0 мл.
1-4 настай хүүхдэд: хоногт 5 мл
5-10 настай хүүхдэд: хоногт 10 мл
6 сар хүртлэх хүүхдэд бэлдмэлийн үр дүн ба аюулгүй байдал нь тогтоогдоогүй.
Биеийн жин 50 кг-аас дээш хүүхэд эсвэл 10-аас дээш насны хүүхдэд насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ.
Зөвлөж буй уухаар хоногт хэрэглэх тун 400 мг, эсвэл тунг хоёр тэнцүү хувааж 200 мг тунгаар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
Дунд чихний үрэвслийн үед хөвмөлийг шахмал эмийн хэлбэрээр орлуулж хэрэглэхийг зөвлөхгүй.
Бөөрний үйл ажиллагааны эмгэгтэй хүмүүс
Эмчлэгч эмч танд хэрэглэх тунг бууруулж болно.
Панцеф 100 мг/5мл ууж хэрэглэх хөвмөлийг хэрхэн бэлтгэх вэ?
60 мл ууж хэрэглэх хөвмөл: Найруулахдаа хайрцаг доторх хуванцар, хэмжээст аяга ашиглана. 40 мл цэвэршүүлсэн усыг 2 хуваан хийж сайтар сэгсэрнэ.
100 мл ууж хэрэглэх хөвмөл: Найруулахдаа хайрцаг доторх хуванцар, хэмжээст аяга ашиглана. 66 мл цэвэршүүлсэн усыг 2 хуваан хийж сайтар сэгсэрнэ.
Найруулсан хөвмөл нь цагаан, цайвар шаргал өнгөтэй, зуурамтгай шингэн болно.
Хэрэглээ бүрийн өмнө бэлдмэлийг сэгсэрнэ үү.
Бэлдмэлийн хайрцаг доторх хэмжээст тариур нь хөвмөлийн зөвлөсөн тунг хэмжихэд зориулагдсан. Уулгах хуванцар тариур нь багцад багтсан.
Хэмжээст тариурыг хэрхэн ашиглах вэ?:
- Бэлдмэлийг сэгсэрсний дараа тагийг нээнэ.
- Хэмжээст тариурын тагийг нь авч, тариурыг лонхонд хийнэ.
- Шаардлагатай тунгийн хэмжээ тариурын дээд ирмэгт тэнцэх хүртэл шахуургыг дээш татахад тариурт хөвмөл орсон байна.
- Тариурыг лонхноос сугална.
- Өвчтөнийг босоо байрлалд суулгаж байгаад тариурын үзүүрийг амны дотор талд байрлуулж, хацрын дотор тал руу чиглүүлнэ.
- Тариурын бүлүүрийг амьсгалд нөлөөлөхгүйгээр аажим шахаж хийнэ. Эмийг огцом цацаж болохгүй.
- Тунгийн хэрэглээ бүрд 2-6 үйлдэлийг давтана.
- Бэлдмэлийг хэрэглэсний дараа сайтар таглана. Тариурыг цэвэр усаар угаана. Тариур, шахуургыг бүрэн хатаана.
Панцеф бэлдмэлийн тунг хэтрүүлсэн бол
Хэрэв Панцеф бэлдмэлийн тунг хэтрүүлсэн бол яаралтай эмчид хандана уу.
Тун хэтэрсэн үед ходоод угааж болно.
Панцеф бэлдмэлийг хэрэглэхээ мартсан бол:
Мартсан тунг нөхөх зорилгоор тунг давхарлаж болохгүй.
Хэрэв бэлдмэл хэрэглэхээ мартсан буюу дараагийн тунг хэрэглэх хугацаа болоогүй бол санасан даруйд хэрэглэнэ.
Панцеф бэлдмэлийн хэрэглээг зогсоосон бол:
Эмчтэйгээ ярилцахгүйгээр эмийн хэрэглээг бүү зогсоо. Таны бие сайжирсан ч Панцеф-г зогсоож болохгүй. Учир нь халдвар дахих эсвэл хүндэрч болзошгүй.
Хэрэв танд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол эмч эсвэл эм зүйчээс асууна уу.
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
Бүх эмийн нэгэн адил энэ эм нь гаж нөлөө үүсгэж болох ч хүн бүрт тохиолддоггүй.
Хэрэв бэлдмэлийн хэрэглээнд доор дурдсан гаж нөлөө илэрвэл эмчид мэдэгдэх нь чухал бөгөөд ноцтой асуудал үүсэхээс сэргийлнэ. Үүнд:
Гаж нөлөөг илрэх давтамжаар нь эрэмбэлэв:
Хэрэв та дараах ноцтой гаж нөлөөний аль нэгийг анзаарсан бол тэр даруй эмч эсвэл сувилагчдаа мэдэгдээрэй - танд яаралтай тусламж шаардлагатай байж болно.
Ховор илрэх гаж нөлөө (1000 өвчтөний 1-ээс багад):
- нүүр, хэл, гуурсан хоолой хавагнах, амьсгал давчдах (ангиоэдема);
- улайлт, хавагнасан тууралт; зовхи, нүүр, уруул, ам, хэл хавагнах; загатнах; амьсгалахад хэцүү (амьсгал давчдах) эсвэл залгихад хэцүү; коллапс, ухаан алдах (анафилаксийн шок) дагалдаж болох бие сулрах, толгой эргэх.
Маш ховор илрэх гаж нөлөө (10,000 өвчтөний 1-ээс бага):
- жижиг бай шиг харагдах жижиг цэврүү бүхий арьсны тууралт (зах нь бараан цагираг бүхий цайвар гадаргуугаар хүрээлэгдсэн төв бараан толбо)
- олон хэлбэрт улайлт; Стивенс-Жонсоны хам шинж гэж нэрлэгддэг, ялангуяа ам, хамар, нүд, бэлэг эрхтний эргэн тойронд арьсны өргөн талбайд цэврүүтэх, халцрах, биеийн гадаргуугийн 30% -иас илүү талбайн арьс гуужсан тууралтыг илүү хүнд хэлбэр гэж нэрлэдэг -Лайлын хам шинж.
Давтамж тодорхойгүй:
- бүх бие загатнах, халуурах, тунгалгийн зангилаа томрох ба цусны цагаан эсийн тоо олшрох (эозинофили) - DRESS хам шинж.
Бэлдмэл хэрэглэхэд илэрч болзошгүй бусад гаж нөлөө:
Байнга илрэх гаж нөлөө (10 хүнээс 1-д илэрч болзошгүй):
-
өтгөн шингэрэх,гүйлгэх.
Цөөвтөр илрэх гаж нөлөө (100 хүнээс 1-д илэрч болзошгүй):
- ходоод өвдөх, биж хам шинж
- дотор муухайрах, бөөлжих
- толгой өвдөх
- арьсанд тууралт гарах
- сийвэнд элэгний ферментийн хэмжээ түр зуур ихсэх.
Ховор илрэх гаж нөлөө (1,000 хүнээс 1-д илэрч болзошгүй):
- цусны цагаан эсийн тоо олшрох (эозинофили)
- толгой эргэх;
- хоолны дуршил буурах;
- мочевины хэмжээ түр зуур ихсэх;
- загатнаа, салст бүрхүүлийн үрэвсэл
- удаан хугацаагаар болон давтан хэрэглэхэд эмэнд тэсвэртэй бактери мөөгөнцрөөр дахин халдварлах(бэлэг эрхтэний эсвэл үтрээний загатнаа);
- эмийн шалтгаант халууралт;
- арьс улайх.
Маш ховор илрэх гаж нөлөө (10,000 хүнээс 1-д илэрч болзошгүй):
- цусны зарим эмгэгүүд: цагаан эсийн тоо цөөрөх (лейкопени, агранулоцитопени), ялтаст эсийн тоо цөөрөх ( тромбоцитопени), цусны эсүүдийн тоо цөөрөх (панцитопени), цус бүлэгнэлтийн эмгэг, цус багадалт (цус задралын цус багадалт) – эмчилгээ зогссоны дараа эдгээр үзүүлэлт эргэн хэвийн болно.
- Түр зуурын хөдөлгөөний хэт идэвхжил (гиперактив)
- Антибиотикийн шалтгаант бүдүүн гэдэсний үрэвсэлт эмгэг (жиш: псевдомембраноз колитын үед усархаг, цустай шингэнээр гүйлгэх)
- Сийвэн дэх креатинины хэмжээ нэмэгдэх, бөөрний үрэвсэл (бөөрний завсарын эдийн үрэвсэл);
- Сийвэнгийн өвчинтэй төст урвал (халууралт, бие тавгүйрхэх, арьсанд тууралт гарах, загатнах, үеэр өвдөх, тунгалгийн зангилаа томрох);
- Элэгний үрэвсэл (гепатит) ба шарлалт.
Хэрэв таньд энэхүү зааварт дурдагдсан болон дурдагдаагүй гаж нөлөө илэрвэл эмч эсвэл эм зүйчид хандана уу.
5. Панцеф бэлдмэлийн хадгалах нөхцөл
Бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Бэлдмэлийн савлагаа дээрх хүчинтэй хугацаа дууссан бол хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацааг тухайн сарын сүүлийн өдрөөр тооцно.
Бэлдмэлийг усаар найруулаагүй үед 250С ихгүй хэмд хадгална.
Найруулсан хөвмөлийг 250С ихгүй хэмд эсвэл хөргөгчинд 14 хоног хадгална.
Бэлдмэлийн савыг ахуйн хогонд хаяж болохгүй. Хэрэглээгүй үлдсэн эмийг хэрхэн устгах талаар эм зүйчээс лавлана уу. Ингэснээр хүрээлэн байгаа орчноо хамгаалахад туслах болно.
6. Савлалт, бусад мэдээлэл
Панцеф-н найрлага
- Идэвхтэй бодис нь цефиксим. Ууж хэрэглэхээр найруулсан 5 мл хөвмөлд 100 мг цефиксим (цефиксим тригидрат хэлбэрээр) агуулагдана.
- Туслах бодис: сахароз, ксантины давирхай, натрийн бензоат Е211, жүржийн амт, үнэр оруулагч.
Панцеф бэлдмэлийн харагдах байдал
Панцеф нь хөнгөн цагаан лацтай полиэтилен таглаа бүхий 150мл бор өнгийн шилэн лонход ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх зориулалттай цагаан, цагаан шар мөхлөг агуулна.
Хатуу цаасан хайрцагт нэг шилэн лонхтой бэлдмэл, хууванцар, 40 мл ба 66 мл хэмжээст аяга нэг, 0.25 мл-ийн хуваарьт 5 мл-ийн хэмжээст хуванцар тариур нэг, эм хэрэглэх заавар тус тус савлагдана.
Ууж хэрэглэх 60 мл хөвмөлийн савлагаанд 32 г мөхлөг, 100 мл хөвмөлийн савлагаанд 53 г мөхлөг тус тус савлагдсан байна.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгоно.
Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч ба үйлдвэрлэгч
ALKALOID AD Skopje
Blvd. Aleksandar Makedonski 12
1000 Skopje, Republic of Macedonia
Утас: +389 2 31 04 000
Факс: +389 2 31 04 021





































































































































































































































































































