
Хэрэглэх заавар
ИбуКейр
(Ибупрофен)
Ibucare (Ibuprofen)
Ууж хэрэглэдэг хөвмөл
Жоргүй олгоно.
Эмийн бэлдмэлийг хэрэглэхээс өмнө савлагаан доторх эм хэрэглэх зааврыг бүрэн уншаарай.
- Савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Танд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн асуулт байвал эмчлэгч эмч эсвэл эм зүйчид хандана.
- Хэрэв ямар нэгэн гаж нөлөө хүнд явцтай болбол эсвэл уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдээрэй.
Савлагаан доторх эм хэрэглэх зааварт
- ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөлийг хэрэглэхээс өмнө та юу анхаарах вэ?
- ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөлийг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөлийг яаж хадгалах вэ?
- Нэмэлт мэдээлэл
- ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Уг бэлдмэл нь хөнгөнөөс дунд зэргийн өвдөлтөд хэрэглэдэг стероид бус үрэвслийн эсрэг эм бөгөөд үений үрэвслийн (остеоартрит, хэрэх төст үений үрэвсэл, өсвөр насныхны үений үрэвсэл) үед үрэвсэл, хаван, хөших, үе өвдөх зэрэг шинж тэмдгийг арилгахад тусалдаг. Уг бэлдмэлийг жоргүй болон эмчлэгч эмчийн жорын аль алинаар авах боломжтой.
Жортой болон жоргүй олгодог бэлдмэл: хөнгөнөөс дунд зэргийн булчингийн өвдөлт, дархлаажуулалтын дараах халууралт зэргийг намдаах, толгойн өвдөлт, чих, шүд ба нурууны өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. Түүнийг булчингийн суналт ба үе холбоос сунах зэрэг бага зэргийн гэмтлийн үед хэрэглэнэ. Ууж хэрэглэдэг хөвмөл нь халууралт болон ханиад шуухинаа, томууны үед илрэх шинж тэмдгийг намдаахад үр дүнтэй байдаг.
Зөвхөн жороор олгодог бэлдмэл: өвдөлт намдаах ба үрэвслийн эсрэг үйлдэлтэй учир сарын тэмдгийн өвдөлт, мэдрэлийн өвдөлт, хагалгааны дараах өвдөлт, хэрэх төст үений үрэвсэл (өсвөр насныхны хэрэх төст үений үрэвсэл эсвэл Стиллийн өвчин), нурууны барьцалдаат үрэвсэл, остеоартрит ба бусад хэрэх төст бус (серо сөрөг) үений эмгэг зэргийн эмчилгээнд хэрэглэнэ.
ИбуКейр бэлдмэлийг үений бус хэрэхийн эмгэгийн эмчилгээ, капсулит, бурсит, тендонит, теносиновит, нурууны доод хэсгийн өвдөлт зэрэг үе орчмын эмгэгийн үед хэрэглэнэ. Түүнчлэн булчингийн суналт ба үе холбоос сунах зэрэг зөөлөн эдийн гэмтлийн үед хэрэглэнэ.
ИбуКейр нь пропионы хүчлийн уламжлалын стероид бус үрэвслийн эсрэг эм бөгөөд простагландины нийлэгжилтийг дарангуйлах үйлдэлтэй болох нь тогтоогдсон.
Хүнд ибупрофен нь үрэвсэлт өвдөлт, хаван ба халууралт зэргийг багасгана. Түүнчлэн ибупрофен нь тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг дарангуйлдаг. Хэрэглэсний дараа түргэн шимэгдэх ба бүх биеэр тархана.
Сийвэнгийн концентраци нь хооллох үед ууснаас хойш ойролцоогоор 1-2 цаг, өлөн үед хэрэглэхэд 45 минутанд тус тус оргил хэмжээндээ хүрдэг.
Эдгээр хугацаа нь янз бүрийн эмийн хэлбэрээс хамаарч өөр өөр байна. Бөөрөөр бүрэн бөгөөд түргэн гадагшилна.
- ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөлийг хэрэглэхээс өмнө та юу анхаарах вэ?
Бусад эмийн бэлдмэлтэй хэрэглэх нь
Хэрэв та өөр ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа бол ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмчтэйгээ ярилцана.
- Ацетилсалицилын хүчил (Аспирин): Ибупрофен ба ацетилсалицилын хүчлийг хамт хэрэглэхийг ерөнхийдөө зөвлөдөггүй. Учир нь гаж нөлөөний тохиолдол ихэснэ.
- Циклооксигеназа-2 ферментийг сонгомлоор хориглогч эмийг оруулаад стероид бус үрэвслийн эсрэг бусад эм: хоёр ба түүнээс дээш стероид бус үрэвслийн эсрэг эмийг хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь гаж нөлөөний эрсдэл ихсэж болно.
- Тиклопидин: стероид бус үрэвслийн эсрэг эмийг тиклопидинтэй хамт хэрэглэхгүй. Учир нь тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг дарангуйлах үйлдэл нь нэмэгдэх эрсдэлтэй.
- Метотрексат: Сийвэн дэх метотрексатын концентрацийг ихэсгэнэ.
Ибупрофеныг дараах бэлдмэлтэй хамт болгоомжтой хэрэглэнэ.
- Цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм: Стероид бус үрэвслийн эсрэг эм нь варфарин зэрэг цусны бүлэгнэлтийг саатуулдаг эмийн үйлдлийг ихэсгэж болно.
- Цусны даралт бууруулах эм ба шээс хөөх эм: Стероид бус үрэвслийн эсрэг эм нь эдгээр эмийн үйлдлийг сулруулна. Шээс хөөх эм нь стероид бус үрэвслийн эсрэг эмийн бөөр хордуулах эрсдэлийг нэмэгдүүлж болно.
- Кортикостероид: хоол боловсруулах замын цус алдалт ба шархлааны эрсдэл нэмэгдэнэ.
- Тромбоцитын эсрэг эм ба серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг саатуулагч эм: хоол боловсруулах замын цус алдалтын эрсдэл ихэснэ.
- Зүрхний гликозид: Стероид бус үрэвслийн эсрэг эм нь зүрхний дутагдлыг сэдрээж болох ба бөөрний түүдгэнцрийн фильтрацийн хурдыг багасгахын зэрэгцээ цусны сийвэн дэх гликозидын түвшинг ихэсгэнэ.
- Циклоспорин: Бөөр хордуулах үйлдлийг нэмэгдүүлнэ.
- Мифепристон: Стероид бус үрэвслийн эсрэг эмийг мифепристоныг хэрэглэснээс хойш 8-12 өдрийн турш хэрэглэхгүй. Учир нь стероид бус үрэвслийн эсрэг эм нь мифепристоны үйлдлийг сулруулна.
- Хинолины антибиотик: Стероид бус үрэвслийн эсрэг эм ба хинолиныг хэрэглэж байгаа өвчтөнд таталт үүсэх эрсдэл ихсэж болно.
Хөхүүл үе
Ибупрофен нь хөхний сүүнд маш бага концентрациар илрэх бөгөөд хөхүүл хүүхдэд гаж нөлөө үүсгэх магадлал бага байна. Эмчлэгч эмчтэй ашиг тус болон эрсдэлийн талаар ярилцана.
Анхааруулга ба болгоомжлол
Ибупрофеныг дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ:
- Системийн улаан чонон яр ба холбогч эдийн холимог өвчин – асептик менингит үүсэх эрсдэл ихэснэ.
- ИбуКейр бэлдмэлийг циклооксигеназа-2 ферментийг сонгомлоор хориглогч эмийг оруулаад стероид бус үрэвслийн эсрэг эмтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Стероид бус үрэвслийн эсрэг бүх эмийн эмчилгээний аль ч үед өмнөх хоол боловсруулах замын ноцтой эмгэгийн өгүүлэмжтэй, эсвэл анхааруулах шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр нас баралтанд хүргэж болох хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа эсвэл цооролт илэрсэн талаар мэдээлэгдсэн.
- Кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин гэх мэт), серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч эм, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг дарангуйлагч эм (аспирин гэх мэт) зэрэг ходоод хордуулах эсвэл цус алдах эрсдэлийг ихэсгэдэг эм хамт хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжлохыг зөвлөнө.
- Бронхын багтраатай эсвэл харшлын өвчтэй хүмүүст ИбуКейр бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Учир нь эдгээр өвчтөнд гуурсан хоолойн хүнд явцтай агчил бүхий стероид бус үрэвслийн эсрэг эмэнд мэдрэг багтраа үүсэж болно.
Зүрх судас болон тархины судсанд үзүүлэх нөлөө
- Шингэн хуримтлагддаг тул артерийн даралт ихсэх өвчин/зүрхний дутагдалтай өвчтөнд эмчилгээг эхлэхээс өмнө болгоомжлох (эмч эсвэл эм зүйчтэй ярилцана) хэрэгтэй. Стероид бус үрэвслийн эсрэг эмтэй холбоотойгоор цусны даралт ихсэх эмгэг, хаван илэрсэн талаар мэдээлэгдсэн.
Арьсны зүгээс илрэх нөлөө
- Эксфолиатив дерматит, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил зэргийг оруулаад зарим үед үхэлд хүргэж болзошгүй арьсны ноцтой урвал стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэсэнтэй холбоотойгоор маш ховор тохиолдолд илэрсэн талаар мэдээлэгдсэн.
Жоргүй олгодог бэлдмэлийг хэрэглэхэд зориулсан нэмэлт анхааруулга
- 3-6 сартай хүүхдэд 24 цагаас удаан хугацаагаар хэрэглэхгүй.
- 6 сар ба түүнээс дээш насны хүүхдэд 3 өдрөөс удаан хугацаагаар хэрэглэхгүй.
- 3 сараас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.
- Тогтоосон тунг хэтрүүлж хэрэглэж болохгүй.
- Хэрэв шинж тэмдэг хадгалагдах эсвэл дордвол эмчлэгч эмчтэй зөвлөх хэрэгтэй.
Дараах тохиолдолд ИбуКейр бэлдмэлийг хэрэглэхгүй:
- Ибупрофен эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Аспирин эсвэл стероид бус үрэвслийн эсрэг бусад эмэнд өмнө нь хэт мэдрэгшлийн урвал (жишээ нь багтраа, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, судасны хаван, чонон хөрвөс) илэрч байсан хүмүүс
- Стероид бус үрэвслийн эсрэг эмийн өмнөх эмчилгээтэй холбоотойгоор хоол боловсруулах замын цус алдалт эсвэл цооролт илэрсэн өгүүлэмжтэй, идэвхтэй дахилтат идэгдмэл шархлаа/цус алдалттай эсвэл уг эмгэгийн өгүүлэмжтэй (батлагдсан шархлаа эсвэл цус алдалтын 2 ба түүнээс дээш тусдаа тохиолдол) хүмүүс
- Хүнд явцтай элэгний дутагдал, бөөрний дутагдал, зүрхний дутагдалтай хүмүүс
- ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөлийг яаж хэрэглэх вэ?
Ууж хэрэглэхэд зориулагдсан бөгөөд зөвхөн богино хугацаагаар хэрэглэнэ.
Заавар:
- Хүүхдэд: Өвдөлт болон халууралтын үед хоногт 20мг/кг тунгаар хэрэглэх ба хоногийн тунг хувааж хэрэглэнэ (жоргүй олгодог бэлдмэлийг оруулаад)
- 6 сараас 1 хүртлэх насны хүүхэд: 2,5мл-р хоногт 3-4 удаа.
- 1-4 насны хүүхэд: 5мл-р хоногт 3 удаа
- 4-7 насны хүүхэд: 7,5мл-р хоногт 3 удаа
- 7-12 насны хүүхэд: 10мл-р хоногт 3 удаа
- Дархлаажуулалтын дараах халууралт: 2,5мл (50мг) тунгаар хэрэглэх ба хэрэв шаардлагатай бол 6 цагийн дараа 2,5мл-р (50мг) нэмэлт 1 тун хэрэглэнэ. 24 цагт 2-с илүү тун хэрэглэхгүй. Хэрэв халуун буурахгүй бол эмчид хандана.
- Өсвөр насныхны хэрэх төст үений үрэвсэл (жороор олгодог бэлдмэл): хоногт 30-40мг/кг хүртэл тунгаар хэрэглэх ба хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ.
- 3-5 сартай нярай: хэрэв шинж тэмдэг дордвол эсвэл шинж тэмдэг хэвээр хадгалагдаж байвал 24 цагийн дотор эмнэлгийн тусламжид хандах хэрэгтэй.
Хэрэв 6 сараас дээш насны хүүхэд ба өсвөр насныханд уг бэлдмэлийг 3-с олон хоног хэрэглэх шаардлага гарах эсвэл шинж тэмдэг нь дордвол эмчид хандаж зөвлөх хэрэгтэй.
Бэлдмэлийг 3 сараас доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй.
- Илэрч болох гаж нөлөө
Хэт мэдрэгшлийн урвал илэрсэн талаар бүртгэгдсэн ба дараах шинжээс бүрдэж болно:
- Харшлын өвөрмөц бус урвал ба анафилакси
- Амьсгалын замын урвал, ялангуяа багтраа, багтраа сэдрэх, гуурсан хоолойн агчил, амьсгаадах
- Арьсны янз бүрийн урвал, ялангуяа загатнаа, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван ба илүү ховор тохиолдолд экфолиатив ба цэврүүт дерматоз (эпидермийн үхжил ба олон хэлбэрийн улайрал)
- Бусад гаж нөлөө нь чонон хөрвөс, загатнаа, хэвлийн өвдөлт, дотор муухайрах, хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, толгой өвдөх ба арьсны янз бүрийн тууралт бүхий хэт мэдрэгшлийн урвалаар тохиолдоно.
- Зүрх судасны ба тархины судасны: Стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэсэнтэй холбоотойгоор хаван, артерийн даралт ихсэх, зүрхний дутагдал илэрсэн талаар мэдээлэгдсэн.
Тун хэтрэлт ба эмчилгээ
Шинж тэмдэг: Стероид бус үрэвслийн эсрэг эмийг эмнэлзүйн ач холбогдол бүхий хэмжээгээр хэрэглэсэн ихэнх өвчтөнд дотор муухайрах, бөөлжих, аюулхай орчим өвдөх, эсвэл ховор тохиолдолд суулгах зэрэг шинжээс илүү шинж илрэхгүй. Чих шуугих, толгой өвдөх, хоол боловсруулах замын цус алдалт илэрч болно.
Эмчилгээ: Эмчилгээ нь шинж тэмдгийн болон дэмжлэг үзүүлэх эмчилгээ бөгөөд амьсгалын замыг цэвэр байлгахын зэрэгцээ зүрхний үйл ажиллагаа болон амин үзүүлэлтүүдийг тогтворжтол хянана. Хэрэв өвчтөн бэлдмэлийг хордуулах хэмжээгээр ууж хэрэглэснээс хойш 1 цагийн дотор байгаа бол идэвхжүүлсэн нүүрс ууж хэрэглэхийг анхаарах хэрэгтэй.
Байнгын болон үргэлжилсэн таталтын үед диазепам эсвэл лоразепамыг судсанд тарих хэрэгтэй.
Багтрааны үед гуурсан хоолой тэлэх бэлдмэл хэрэглэнэ.
Хэрэв жагсаалтад байгаа гаж нөлөөний аль нэг нь ноцтой болох эсвэл уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчид мэдэгдэнэ.
- ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг хөвмөлийг яаж хадгалах вэ?
- Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
- 25°С-аас (77°F) дээш хэмд хадгалж болохгүй. Үйлдвэрийн савлагаанд нь гэрлээс хамгаалж хадгална.
- Савлагаан дээр заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш ИбуКейр бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө харж шалгах хэрэгтэй. Ямар нэгэн хатуу хэсэг ажиглагдах эсвэл өнгө өөрчлөгдсөн бол ИбуКейр бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Нэмэлт мэдээлэл
ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг 100мг/5мл хөвмөл юу агуулдаг вэ?
Үйлчлэгч бодис нь ибупрофен. 5мл бүрт 100мг ибупрофен агуулагдана.
ИбуКейр Ибупрофен ууж хэрэглэдэг 100мг/5мл хөвмөлийн гадаад дүрслэл ба савлагааны агууламж
Бараан хув шар өнгийн шилэн флакон. Хайрцаг бүр нь 100мл флакон ба хэмжээс бүхий аяга агуулна.
Үйлдвэрлэгч
АдваКейр Фарма АНУ (AdvaCare Pharma USA)-н хамтарсан хөрөнгө оруулалттай Хуажун Эмийн Үйлдвэр (Huazhong Pharmaceutical Co., Ltd.)
№118, Сяньшань гудамж, Шяньян хот, Хубэй муж, БНХАУ.






















































































