
Хэрэглэх заавар
Девиксим ДС (DEVIXIM DS)
Цефиксимын 100мг/5мл USP ууж хэрэглэхэд зориулсан хөвмөл
Найрлага:
Найруулсан 5мл хөвмөл тус бүр:
100мг усгүй цефиксимтэй тэнцүү Цефиксимын тригидрат USP
Туслах бодис хэрэгцээний хэрээр агуулна.
Өнгө: Хинолины шар
Хэрэглэх заалт
Девиксим ДС-ийг дараах өвчний эмчилгээнд хэрэглэнэ:
Амьсгалын дээд замын халдвар: дунд чихний үрэвсэл; түгээмэл хэрэглэдэг бусад антибиотикт тэсвэртэй эсвэл тэсвэртэй байх магадлалтай бичил биетнээр үүсгэгдсэн эсвэл эмчилгээ үр дүнгүй байх нь илэрхий эрсдэл дагуулдаг амьсгалын дээд замын бусад халдвар
Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн үрэвсэл гэх мэт
Шээсний замын халдвар:давсагны үрэвсэл, давсаг ба шээсний сүвний үрэвсэл, хүндрэлгүй пиелонефрит
Хэрэглэх арга ба тун
Ердийн ээлж эмчилгээ 7 өдөр байна. Шаардлагатай үед үүнийг 14 өдөр хүртэл үргэлжлүүлж болно. Девиксим ДС 100мг/5мл бэлдмэлийг 30 сараас 12 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөнө.
6 сараас дээш насны хүүхдэд хэрэглэх Девиксим ДС-ийн ердийн хоногийн тун нь 8мг/кг байх бөгөөд 12 цагийн зайтай 2 хувааж (өөрөөр хэлбэл 4мг/кг тунгаар) хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд халдварын хүндийн зэргээс хамаарч хоногт 200-400мг тунгаар хэрэглэхийг зөвлөх ба нэг бол 1 удаа эсвэл тунг 2 хувааж хэрэглэнэ.
Цефиксимын аюулгүй байдал болон үр нөлөө нь 6 сараас доош насны хүүхдэд тогтоогдоогүй.
Креатининий клиренс 20мл/мин-с бага өвчтөнд 200мг-р хоногт 1 удаа хэрэглэхээс их тунгаар хэрэглэж болохгүй.
Гаж нөлөө
Цус ба тунгалгийн системийн эмгэг: эозинофилийн тоо олшрох, агранулоцитоз, цус багадалт, тромбоцитын тоо цөөрөх
Хоол боловсруулах замын эмгэг: хэвлийн өвдөлт, суулгалт, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх
Элэг ба цөсний эмгэг: шарлалт
Халдвар ба шимэгчийн халдвар: Хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл
Мэдрэлийн системийн эмгэг: толгой эргэх, толгой өвдөх
Дархлалын системийн эмгэг: анафилаксын урвал, эмийн шалтгаантай халууралт, тууралт, загатнаа
Эмийн харилцан үйлчлэл
Цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм: цөөн тооны өвчтөнд протромбины хугацаа ихсэх шинж ажиглагдсан. Цефиксимийг варфарин кали зэрэг кумарины төрлийн цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үе
Девиксим ДС бэлдмэлийг эмч зайлшгүй шаардлагатай гэж үзээгүй бол жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэж болохгүй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө
Цефиксимыг оруулаад бета-лактамын цагирагт бүтэцтэй антибиотикуудыг хэрэглэж байгаа үед, ялангуяа тун хэтэрсэн эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдалтай үед энцефалопати үүсэх эрсдэл байдаг.
Өвөрмөц антидот байдаггүй. Ерөнхий дэмжих арга хэмжээ авахыг зөвлөнө.
Цээрлэлт
Цефалоспорины бүлгийн антибиотик эсвэл бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.
Хадгалалт
30°С-аас доош хэмийн хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
Савлалт
60мл флаконтой гаргаж савлагаан доторх эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.





































































































































































































































































































