Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Амоксиклав
Худалдааны нэр
Англи
Амоксициллин + Клавуланы хүчил
Үйлдвэрлэгч
Sandoz GmbH
Гарал үүслийн улс
Австри
Тун хэмжээ
250мг+62.5мг/5мл-100мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Хэрэглэх заавар

ЭМИЙН БЭЛДМЭЛИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭХ ЗААВАР

AМОКСИКЛАВÒ

 

ХУДАЛДААНЫ НЭРШИЛ:

Амоксиклав 312,5мг/5мл Форте ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг.

 

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ БУС НЭРШИЛ:

Амоксициллин, клавуланы хүчил/Amoxicillin, clavulanic acid

 

ЭМИЙН ХЭЛБЭР:

Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг.

 

ХАРАГДАХ БАЙДАЛ:

Цагаан ба бага зэрэг шаравтар өнгийн талст нунтаг.

 

НАЙРЛАГА:

Үйлчлэгч бодис: амоксициллин ба клавуланы хүчил.

5мл хөвмөлд 250мг амоксициллины тригидрат, 62,5мг калийн давс хэлбэрээр клавуланы хүчил агуулагдана. Харьцаа 4:1 байна.

Туслах бодис: цахиур, усгүйжүүлсэн коллоид, ксантаны давирхай, кросповидон, аспартам (E951), кармеллоз натри, цахиурын давхар исэл, гүзээлзгэний амт оруулагч агуулагдана.

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ:

Эмийн эмчилгээний бүлэг: Пенициллин, беталактамаза-г дарангуйлагч.

АТС код: J01CR02.

 

ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:

Фармакодинамик:

Амоксициллин нь бактерийн эсийн ханын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох пептидогликаны био-нийлэгжилтэд оролцогч нэг буюу түүнээс олон ферментүүдийг (пенициллийн-холбогч уураг) дарангуйлах үйлдэлтэй  хагас нийлэг пенициллин юм (бета-лактамын антибиотик). Пептидогликаны нийлэгжилтийг дарангуйлснаар эсийн ханын бат бөх байдал алдагдаж эсийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.

Амоксициллин нь тэсвэртэй бактерийн  беталактамазын нөлөөгөөр задардаг тул  энэ ферментийг ялгаруулагч бичил биетэнд нөлөөлдөггүй.

Клавуланы хүчил нь бүтцээрээ пенициллинтэй төстэй бета-лактам юм. Клавуланы хүчил зарим беталактамазаг дарангуйлснаар амоксициллин идэвхгүй болохоос хамгаална. Клавуланы хүчил өөрөө бактерийн эсрэг эмнэлзүйн ач холбогдол бүхий үйлдэл үзүүлдэггүй.

Амоксациллины үр  нөлөөг тодорхойлогч үндсэн хүчин зүйл бол түүний цусан дахь бактерийг дарангуйлж чадах хамгийн бага  түвшинг  (T>MIC)-д хадгалах хугацаа юм.

Үүсгэгчийн тэсвэржилтийн тархалт нь газар зүйн байрлал болон улирлаас хамааралтай тул эмчилгээ эхлэхийн өмнө антибиотикт тэсвэржилтийн талаар, ялангуяа хүнд хэлбэрийн халдварын үед, тухайн орон нутгийн мэдээллийг авах хэрэгтэй. Зарим нэг халдварын үед антибиотик тэсвэржилтийн талаарх орон нутгийн үзүүлэлтэнд бэлдмэлийг хэрэглэхэд оновчтой эсэх нь эргэлзээтэй тохиолдолд холбогдох мэргэжилтэнд хандах хэрэгтэй.

Мэдрэг төрлүүд

Грам эерэг агаартан :  Enterococcus faecalis, Cardnerella vaginalis, Staphylococcus aureus (метиллинд мэдрэг штаммууд)£Streptococcus agalactiae, Streptococcus pneumoniae1, Streptococcus pyogenes болон бусад цус задлагч бета стрептококкууд, Streptococcus viridans-н бүлэг

Грам сөрөг агаартан :  Capnocytophaga spp.,Eikenella corrodens, Haemophilus influenzae2, Moraxella catarrhalis, Pasteurella multocida

Агааргүйтэн: Bacteroides fragilis, Fusobacterium nucleatum, Prevatella spp.

Олдмол тэсвэржилт үүссэн байж болох төрлүүд

Грам эерэг агаартан :  Enterococcus faecium$

Грам сөрөг агаартан :  Escherichia coli, Klebsiella oxytoca, Klebsiella pneumoniae, Proteus mirabilis, Proteus vulgaris

Байгалийн тэсвэржилттэй төрлүүд

Грам сөрөг агаартан :  Acinetobacter sp., Citrobacter freundlii, Enterobacter sp., Legionella pneumophilia, Morganella morganii, Providencia spp, Pseudomonas sp., Serratia sp., Stenotrophomonas maltophilia

Бусад бичил биетнүүд:  Chlamydophila pneumoniae, Chlamydophila psittaci, Coxiella burnetti, Mycoplasma pneumoniae

$ Олдмол тэсвэржилтийн механизмаар үүсээгүй, байгалийн мэдрэг чанар нь завсрын байдалтай.

£ Метициллинд тэсвэржилттэй бүх  стафилококкууд амоксициллин/клавуланы хүчилд тэсвэржилттэй.

Пенициллинд тэсвэржилттэй Streptococcus pneumonia омгоор үүсгэгдсэн халдварыг энэ хэлбэрийн эмийн бэлдмэлээр эмчлэхгүй («Хэрэглэх арга ба тун», «онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).

Европын холбооны зарим оронд сул мэдрэг омгууд 10%-с дээш тодорхойлогдсон

 

 

Фармакокинетик

Амоксициллин ба клавуланы хүчил физиологийн pH түвшинд  усанд бүрэн уусдаг. Ууж хэрэглэсний дараа хоёулаа түргэн бөгөөд бүрэн шимэгдэнэ. Ууж хэрэглэхэд амоксициллин ба клавуланы хүчлийн биохүрэхүй ойролцоогоор 70%-д хүрдэг. Бэлдмэлийн хоёр бүрэлдэхүүн хэсгийн цусны ийлдсэн дэх концентрацийн байдал төстэй ба концентрацийн хамгийн дээд цэгтээ хүрэх хугацаа (Tmax)   бодис тус бүрт ойролцоогоор 1 цаг байна.

Хавсарсан бэлдмэлийг (500 мг/125мг хоногт 3 удаа) сайн дурын эрүүл бүлгийн хүмүүст өлөн үед нь хэрэглэхэд цусны ийлдсэн дэх хамгийн өндөр дундаж түвшрүүлэг (Cmax) амоксициллинд  7,19 ± 2,26 мкг/мл ба клавуланы хүчилд 2,40 ± 0,83 мкг/мл байна. Tmax үзүүлэлтийн дундаж утга амоксициллинд 1,5 цаг (1,0 – 2,5 хүрээнд),  клавуланы хүчилд 1,5 цаг (1,0 – 2,0 хүрээнд) байна. AUC (0 – 24 цаг) дундаж утга амоксициллинд 53,5 ± 8,87 мкг.ц/мл ба клавуланы хүчилд 15,72 ± 3,86 мкг.ц/мл байна. T1/2 үзүүлэлтийн дундаж утга амоксициллинд 1,15 ± 0,20 цаг ба клавуланы хүчилд 0,98 ± 0,12 цаг байна.

Нийт клавуланы хүчлийн ойролцоогоор 25%  ба амоксициллины 18% нь сийвэнд уурагтай холбогдсон хэлбэрт байна. Судсаар тарьж хэрэглэсний дараа амоксициллин болон клавуланы хүчил нь цөсны хүүдийд, хэвлийн ханын эдэд, арьсанд, өөхлөг эдэд, булчингийн эдэд, үений болон гялтангийн шингэнд, цөс ба идээнд илэрдэг. Амоксициллин нь нугасны шингэнд хангалттай хэмжээгээр нэвтрэхгүй.

Амоксициллин нь хөхний сүүнд нэвтэрнэ. Клавуланы хүчил нь хөхний сүүнд маш бага хэмжээгээр илэрнэ. Амоксициллин ба клавуланы хүчил нь эхэсийн хоригийг нэвтэрдэг.

Амоксициллины эхний тунгийн 10-25% нь пеницилийн хүчлийн идэвхгүй хэлбэрээр шээсээр гадагшилна. Клавуланы хүчил хүний бие махбодид идэвхитэй задарч, шээс болон өтгөнөөр, түүнчлэн нүүрстөрөгчийн хийн хэлбэрээр амьсгалаар гадагшилна.

Клавуланы хүчил нь бие махбодиос бөөрний болон бөөрний бус механизмаар гадагшилдаг бол амоксициллины гадагшлах үндсэн зам нь  бөөр болно.

Нас

Амоксициллины хагас ялгарлын хугацаа 3 сараас 2 нас хүртэлх хүүхдэд, өсвөр насныханд, насанд хүрэгсдэд ижил байдаг. Эхний 7 хоногтой нярайн (дутуу нярайг оролцуулан) бөөрний гадагшлуулах үйл ажиллагааны дутмаг хөгжилтэй холбоотой өдөрт 2-с ихгүй удаа хэрэглэнэ. Өндөр настаны бөөрний үйл ажиллагаа буурсан байх магадлал өндөр тул тунг сонгохдоо анхаарч, бөөрний үйл ажиллагааг хянах шаардлага гарна.

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт

Бөөрний үйл ажиллагаа буурахад амоксициллин/клавуланы хүчлийн сийвэнгийн ерөнхий клиренс ижил харьцаагаар буурна. Бөөрөөр гадагшлах амоксициллины хэмжээ их тул амоксициллины клиренсийн бууралт клавуланы хүчлээс их байдаг. Бөөрний дутагдлын үед клавуланы хүчлийг зохих түвшинд барьж, амоксициллиныг хэт их хуримтлагдахаас сэргийлэхийн тулд тунг зөв сонгоно хэрэгтэй  («Хэрэглэх арга ба тун» хэсгийг уншина уу).

Элэгний дутагдал

Элэгний дутагдалтай өвчтөнд эмчилгээг болгоомжтой хийж, элэгний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Амоксиклавыг насанд хүрэгсэд болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд   хэрэглэнэ.

  • бактериар үүсгэгдсэн цочмог синусит (шаардлагын хэмжээнд оношлогдсон); 
  • дунд чихний цочмог үрэвсэл;
  • архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон);
  • “эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа;
  • давсагны үрэвсэл;
  • пиелонефрит;
  • арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
  • яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит

 

ХОРИГЛОХ ЗААЛТ

Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч ба туслах бодист, түүнчлэн бүх пенициллины бүлэгт хэт мэдрэгшилтэй байх.

Бусад беталактамын бэлдмэлүүдэд (жишээлбэл: цефалоспорин, карбапенем, монобактам) хүнд хэлбэрийн цочмог хэт мэдрэгшлийн урвал (жишээлбэл: анафилакси) илэрч байсан  өгүүлэмжтэй өвчтөн.

Амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэхэд шарлалт болон элэгний бусад өөрчлөлт илэрч байсан өгүүлэмжтэй бол.

 

ОНЦГОЙ АНХААРУУЛГА БА БОЛГООМЖЛОЛ

Бактерийн эсрэг бэлдмэлийн зохистой хэрэглээний албан ёсны удирдамжийг мөрдөх хэрэгтэй.

Бэлдмэлээр эмчилгээг эхлэхээс өмнө пенициллин, цефалоспорин болон бусад бета-лактамын бэлдмэлүүдэд урьд нь хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан талаар тодорхой асуумж цуглуулах шаардлагатай.

Пенициллинээр эмчлүүлж байх үед хүнд явцтай ба зарим тохиолдолд үхэлд хүргэх (анафилакси төст урвал) хүртэл хэт мэдрэгшлийн урвал ажиглагдсан. Эдгээр нь пенициллинд хэт мэдрэг урвал илэрч байсан болон атопитэй гэх өгүүлэмжтэй өвчтөнд үүсэх магадлал өндөртэй. Харшлын урвал илэрсэн тохиолдолд  Амоксиклав эмчилгээг зогсоож бактерийн эсрэг тохирох бусад бэлдмэлийг  хэрэглэнэ.

Халдвар үүсгэгч бактер амоксициллинд мэдрэг нь тогтоогдсон тохиолдолд удирдамжийн дагуу Амоксиклавыг амоксициллинаар солихыг анхаарч үзэх хэрэгтэй.

Хэрэв тухайн болзошгүй үүсгэгч нь клавуланы хүчлийг саатуулах үйлдэлд мэдрэг  бета-лактамазагийн оролцоогүйгээр бета-лактамын бэлдмэлүүдэд тэсвэртэй буюу сул мэдрэг байх эрсдэл өндөртэй бол энэ хэлбэрийн эмийн бэлдмэлийг хэрэглэхэд тохиромжгүй. Пенициллинд тэсвэртэй S.рneumoniae-р үүсгэгдсэн халдварын эмчилгээнд энэ эмийн хэлбэрийг хэрэглэхгүй.  Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон өндөр тунгаар эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд таталт өгч болно («Гаж нөлөө» хэсгийг уншина уу).

Халдварт мононуклеоз гэж сэжиглэж байгаа тохиолдолд амоксиклавыг эмчилгээнд хэрэглэхгүй, учир нь дээрх өвчний үед амоксициллин хэрэглэсний дараа улаан бурхан төст тууралт гардаг.

Амоксициллин эмчилгээний үед аллопуринолыг хэрэглэхэд арьсны харшлын урвал үүсэх магадлал нэмэгдэнэ.

Заримдаа бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд мэдрэг бус бичил биетнүүдийг хэт үржихэд хүргэдэг.

Эмчилгээний эхэнд халууралттай тархмал эритем ба цэврүү үүсэх нь тархмал цочмог цэврүүт тууралтын шинж тэмдэг юм. Энэ үед Амоксиклав эмчилгээг зогсоож, амоксициллиныг дахин хэрэглэхийг хориглоно.

Элэгний дутагдалтай өвчтөнд Амоксиклав эмчилгээг болгоомжтой хийнэ. Элэгний талаас илрэх гаж нөлөө нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд болон өндөр настанд ажиглагдсан ба удаан хугацааны эмчилгээтэй шууд холбоотой. Эдгээр гаж нөлөө нь хүүхдэд маш ховор илэрдэг. Бүх бүлгийн өвчтөнүүдэд ихэвчлэн  эмчилгээний явцад болон эмчилгээ дуусангуут шинж тэмдэгүүд үүсдэг, зарим тохиолдолд эмчилгээг зогсоосноос хойш хэдэн долоо хоногийн дараа илэрдэг. Ихэвчлэн эдгээр нь эргэж хэвийн байдалд орно. Элэгний талаас хүнд хэлбэрийн гаж нөлөө илрэх ба маш ховор тохиолдолд үхэлд хүргэж болно. Эдгээр нь ихэнхдээ ноцтой суурь өвчтэй болон элэг гэмтээх эмийн бэлдмэл хамт хэрэглэсэн өвчтөнүүдэд ажиглагдсан. («Гаж нөлөө» хэсгийг уншина уу).

Бактерийн эсрэг бараг бүх бэлдмэлийн эмчилгээний үед ажиглагддаг антибиотик хэрэглэсэнтэй холбоотойгоор үүсэх бүдүүн гэдэсний үрэвсэл нь хөнгөн хэлбэрээс маш ховор тохиолдолд  амь насанд аюул учруулах хүртэл байж болно  («Гаж нөлөө» хэсгийг уншина уу). Дээрхи оношийг аливаа антибиотик эмчилгээний үед болон дараа суулгалт илэрч буй өвчтөнд таамаглах нь чухал. Антибиотикаас хамааралтай бүдүүн гэдэсний үрэвсэл үүссэн тохиолдолд Амоксиклав эмчилгээг зогсоож, эмчид хандан тохирох эмчилгээг эхэлнэ. Энэ тохиолдолд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн дарангуйлах бэлдмэл хэрэглэхийг хориглоно.

Удаан хугацааны эмчилгээний явцад бөөр, элэг, цус төлжүүлэх эрхтэн системийн үйл ажиллагааг тогтмол хянахыг зөвлөнө.

Ховор тохиолдолд бэлдмэлийг хэрэглэснээр протромбины хугацаа уртассан талаар тэмдэглэгдсэн. Антикоагулянтыг хамт хэрэглэх үед шаардагдах хяналтыг зайлшгүй тавих хэрэгтэй. Антикоагуляцийг зохих түвшинд хүргэхийн тулд ууж хэрэглэх антикоагулянтын тунг тохируулах хэрэгтэй.

Бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд дутагдлын үе шатаас хамааран тунг зайлшгүй тохируулах хэрэгтэй («Хэрэглэх арга, тун» хэсгээс уншина уу).

Бэлдмэлийг эмчилгээнд ихэвчлэн тарьж хэрэглэхэд маш ховор тохиолдолд шээсний ялгаралт багассан өвчтөний шээсэнд талст илэрнэ. Амоксициллиныг эмчилгээнд өндөр тунгаар хэрэглэж байгаа үед амоксициллин хамааралтай шээсэнд талст үүсэх эрсдлийг буруулахын тулд өвчтөнд хангалттай хэмжээгээр шингэн уулгаж, шээсний хэмжээг хянахыг зөвлөнө. Өвчтөний давсганд байрлуулсан катетерийн сүв чөлөөтэй эсэхийг байнга шалгах хэрэгтэй.

Амоксициллин эмчилгээний үед шээсэнд глюкозын хэмжээг хянах шаардлагатай бол глюкозооксидаза-т ферментийн аргыг ашиглах хэрэгтэй. Учир  нь зарим тохиолдолд ферментын бус аргыг хэрэглэхэд хуурамч эерэг хариу  гардаг. 

Амоксиклавд агуулагдах клавуланы хүчил нь  IgG болон альбуминыг эритроцитын мембрантай өвөрмөц бусаар холбогдуулснаар Кумбсын сорил хуурамч эерэг гарах шалтгаан болно. 

Бэлдмэлийг хэрэглэсэн өвчтөнд  Aspergillus илрүүлэх иммуноферментын шинжилгээний (ИФШ) хариу эерэг тохиолдол ажиглагдсан хэдий ч давтан шинжилгээнд Aspergillus-р үүсгэгдсэн халдваргүй болохыг тогтоосон. Aspergillus илрүүлэх ИФШ-ний шинжилгээнд аспергиллезын бус полисахаридууд болон полифуранозуудтай солбицох урвал ажиглагдсан.  Амоксиклав хэрэглэж байгаа өвчтөний шинжилгээнд гарсан эерэг хариуг сайн нягталж, оношлогооны бусад аргаар баталгаажуулах хэрэгтэй.

 

Зарим туслах бодисын талаархи мэдээлэл

 

Бэлтгэсэн суспензийн мл тутамд 1.7 мг аспартам (E951) ба 1.35 мг кали агуулагдана.

Аспартам бол фенилаланины эх үүсвэр. Хэрэв та фенилкетонури буюу фенилаланиныг бие махбодоос зохих ёсоор гаргаж чадахгүйгээс болж хуримтлагддаг генетикийн ховор эмгэгтэй бол  хортой байх магадлалтай.

12 долоо хоногоос доош насны нярайд аспартамыг хэрэглэхийг талаар эмнэлзүйн болон эмнэлзүйн бус мэдээлэл байхгүй.

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдийн хоолны дэглэмд калийн хэрэглээг хянана.

 

ЖИРЭМСЭН БА ХӨХҮҮЛ ҮЕ

Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхийг хориглох тухай мэдээллүүдэд төрөлхийн гажиг үүсэх өндөр эрсдэлийн тухай дурьдаагүй ч ургийн бүрхүүл нь цагаасаа өмнө хагарсан эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор  амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэх нь нярай хүүхдийн нарийн ба бүдүүн гэдэсний үхжилт үрэвсэл үүсэх эрсдэлийг ихэсгэдэг болохыг тогтоосон. Иймд эмч уг эмчилгээг хийх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэхгүй.

Бэлдмэлийн үйлчлэгч 2 бодис нь хөхний сүүгээр гадагшилна (хөхүүл үед клавуланы хүчил хүүхдэд нөлөөлсөн мэдээлэл байхгүй). Хөхүүл хүүхдэд  суулгалт болон салст бүрхүүлийн мөөгөнцөрт халдвар илэрвэл хөхөөр хооллолтыг зогсооноХөхүүл үед эмчлэгч эмч зөвхөн ашиг ба эрсдэлийг үнэлсний дараа бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэнэ. 

 

АВТОМАШИН БОЛОН МАШИН МЕХАНИЗМТАЙ АЖИЛЛАХ ЧАДВАРТ НӨЛӨӨЛӨХ

Автомашин болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөх талаар судлагдаагүй. Гэхдээ тухайн үйлдлийг гүйцэтгэхэд нөлөөлж болох гаж нөлөө (жишээлбэл, харшлын урвал, толгой эргэх, таталт) илэрч болно.

 

 

ХЭРЭГЛЭХ ТУН, АРГА

Тусгайлан аль нэг орцын хэмжээг заагаагүй тохиолдолд тунгууд нь амоксициллин/клавуланы хүчлийн харьцааг илэрхийлнэ.

Тодорхой халдварын эмчилгээнд тунг сонгохдоо дараах хүчин зүйлүүдийг харгалзана:

  • таамаглаж байгаа үүсгэгч ба тэдгээрийн бактерийн эсрэг бэлдмэлд мэдрэгшилтэй байх;
  • халдварын хүнд хөнгөн хэлбэрба байрлал;
  • нас, жин ба бөөрний үйл ажиллагааг дараах байдлаар. ё

Амоксиклав эмийн бусад хэлбэрийг хэрэглэхдээ (жишээ нь, амоксицилиныг илүү өндөр тун ба/эсвэл амоксицилин/клавуланы хүчлийн тунг өөр харьцаагаар) хэрэгцээг анхаарч үзнэ. 

Амоксиклав бэлдмэлийн энэ хэлбэрийг дараах зааврын дагуу буюу ≥40 кг жинтэй хүүхэд ба насанд хүрэгсдэд өдрийн нийт тун амоксициллиныг 1500 мг/ клавуланы хүчлийг 375 мг-р; <40 кг жинтэй хүүхдэд хоногийн хамгийн дээд тун амоксициллиныг 2400 мг/ клавуланы хүчлийг 600 мг-р хэрэглэнэ. Амоксицилины хоногийн тунг нэмэх шаардлагатай бол клавуланы хүчлийн хоногийн тун хэтрэхээс сэргийлж уг бэлдмэлийн бусад хэлбэрийг сонгохыг зөвлөнө.

Эмчилгээний үр дүнгээс хамаарч эмчилгээний хугацааг тогтооно. Зарим халдварууд (жишээ нь, остеомиелит) удаан хугацааны эмчилгээ шаардана. Эмнэл зүйн байдлын хяналт үнэлгээгүйгээр эмчилгээ үргэлжлэх хугацааг 14 хоногоос хэтрүүлэхгүй (эмчилгээний үргэлжлэх хугацааг «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу).

≥40 кг жинтэй хүүхэд ба насанд хүрэгсэд

500 мг/125 мг-р хоногт 3 удаа

<40 кг жинтэй хүүхэд

20 мг/5 мг/кг-с 60 мг/15 мг/кг хүртэл тунг хоногт гурав хувааж хэрэглэнэ.

Хүүхдийн эмчилгээнд хөвмөл эсвэл шахмал хэлбэрээр хэрэглэж болно. Хөвмөлийг 6 ба түүнээс доош насны хүүхдэд хэрэглэхэд илүү зохимжтой.

Идэвхит бүрэлдэхүүн хэсгүүд 4:1 харьцаатай бэлдмэлийг 2 хүртэлх насны хүүхдэд хоногт 40 мг/10 мг/кг-с их тунгаар хэрэглэсэн талаар эмнэлзүйн хангалттай мэдээлэл байхгүй.   

Өндөр настанд

Тунг  тохируулах шаардлагагүй

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд

Амоксициллины зөвлөгдсөн хамгийн өндөр тунгаас хамааруулан тунг тохируулна.

Креатинины клиренс (КК) 30 мл/мин-с их байгаа өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй. 

≥40 кг жинтэй хүүхэд болон насанд хүрэгсэд

Креатинины клиренс:10-30 мл/мин

500 мг/125 мг хоногт 2 удаа 

Креатинины клиренс: < 10 мл/мин

500 мг/125 мг хоногт 1 удаа

  Гемодиализ

500 мг/125 мг 24 цаг тутам хэрэглэх ба нэмэлтээр 500 мг/125 мг-р диализын үед ба диализын дараа дахин 1 тун хэрэглэнэ (учир нь цусны ийлдсэн дэх амоксициллин ба клавуланы хүчлийн түвшрүүлэг буурдаг).

 

<40 кг жинтэй хүүхэд

Креатинины клиренс: 10-30 мл/мин

15 мг/3,75 мг/кг хоногт 2 удаа  (500мг/125мг хоногт 2 удаагаас ихгүй)

Креатинины клиренс:

< 10 мл/мин

15 мг/3,75 мг/кг хоногт 1 удаа (500 мг/125 мг-с ихгүй)

Гемодиализ

15мг/3,75мг/кг хоногт 1 удаа. Гемодиализын өмнө хэрэглэх тун 15мг/3,75мг/кг. Цусан дах бэлдмэлийн түвшрүүлгийг зохих хэмжээнд хүргэхийн тулд гемодиализын дараа 15мг/3,75мг/кг тунгаар  дахин хэрэглэнэ. 

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүд

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Элэгний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай («Хориглох заалт» болон «Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгээс уншина уу).

Хэрэглэх арга

Ууж хэрэглэхэд зориулсан. Хоол гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөг багасгах болон амоксициллин/клавуланы хүчлийн шимэгдэлтийг сайжруулах зорилгоор хоолны өмнө хэрэглэнэ.

Хавсаргасан зааврын дагуу тарьж хэрэглэх эмийн хэлбэрээр эмчилгээг эхлэх ба уухаар үргэлжлүүж болно.   

 

Хөвмөл бэлтгэх

Дүрмийн дагуу хөвмөлийг эмзүйч эмийн санд бэлтгэнэ. Бэлтгэсэн хөвмөл нэгэн төрлийн, цагаанаас шар хүртэл өнгөтэй.

Хэрэглэхийн өмнө бөглөөны бүрэн бүтэн байдлыг шалгана. Нунтагийг хөвсийлгөхийн тулд флаконыг сэгсэрнэ. 85 мл усыг хоёр хувааж (эхлээд 2/3, дараа нь тэмдэг хүртэл) хийх бүрт хөвмөлийг сайтар хутгана.

Хэрэглэхийн өмнө сайтар хутга! 

Хэрэглээгүй үлдсэн бэлдмэл болон хаягдлыг шаардлагын дагуу устгана.

 

ГАЖ НӨЛӨӨ

Илрэх гаж нөлөөний давтамжийн ангилалд дараах шалгуурыг ашигласан: элбэг (≥ 1/10), байнга ( ≥ 1/100  - < 1/10), цөөн ( ≥ 1/1000  - < 1/100), ховор ( ≥ 1/10 000 - < 1/1000), маш ховор (< 1/10 000), тодорхойгүй давтамжтай (мэдээллийг үнэлэх боломжгүй).

Хамгийн түгээмэл гаж нөлөө: суулгалт, дотор муухайрах, бөөлжих.

Халдварт болон халдварт шимэгч өвчнүүд

Байнга: арьс болон салстын кандидоз.

Тодорхойгүй давтамжтай: мэдрэг бус бичил биетнүүдийн хэт үржил.

Цус болон тунгалагийн булчирхайн талаас өөрчлөлт

Ховор: эргэж хэвийн болох лейкоцит (түүнчлэн нейтропени) болон тромбоцитын тоо цөөрөх. 

Тодорхойгүй давтамжтай: эргэж хэвийн болох агранулоцитоз, цус задралын цус багадалт, протромбины болон цус гоожих хугацаа уртсах.

Дархлаа тогтолцооны талаас өөрчлөлт

Тодорхойгүй давтамжтай: судас мэдрэлийн хаван, анафилаксийн урвал, ийлдсийн өвчинтэй төст хам шинж, харшлын гаралтай судасны үрэвсэл.

Мэдрэлийн тогтолцооны талаас өөрчлөлт

Цөөн: толгой эргэх, толгой өвдөх.

Тодорхойгүй давтамжтайэргэж хэвийн болох аяндаа үүсэх зорилгогүй хөдөлгөөний идэвхжил, таталт, халдварын бус гаралтай менингит

Ходоод – гэдэсний замын талаас өөрчлөлт

Байнга: дотор муухайрах (ихэнхдээ бэлдмэлийг өндөр тунгаар ууж хэрэглэсэнтэй холбоотой), (бэлдмэлийг хоолны өмнө хэрэглэхэд хоол гэдэсний замын зүгээс илрэх гаж нөлөөг эрс багасгаж болно), бөөлжих, суулгах.

Цөөн: хоолны шингэц муудах.

Тодорхойгүй давтамжтай: антибиотик хамааралт бүдүүн гэдэсний үрэвсэл (хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл ба бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл), «хар үсэрхэг» хэл, шүдний өнгө өөрчлөгдөх (хүүхдэд шүдний  гадаргуугийн өнгө өөрчлөгдөх нь маш ховор тохиолдоно. Амны хөндийн эрүүл ахуйг сайн сахих нь шүдний өнгө өөрчлөгдөхөөс сэргийлнэ, учир нь үүссэн өнгөрийг шүдний сойзоор арилгаж болно).

Элэг ба цөсний замын талаас өөрчлөлт

Цөөн: АСАТ ба/эсхүл АЛАТ-н  хэмжээ ихсэх (бета-лактамын антибиотик хэрэглэж байгаа өвчтөнд бага зэрэг ихсэх боловч эмнэлзүйн ач холбогдол нь тодорхойгүй).

Тодорхойгүй давтамжтай: элэгний үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт (эдгээр гаж нөлөө нь пенициллин болон цефалоспорины бүлгийн антиботик хэрэглэж байгаа өвчтөнд ажиглагдана « Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу ).

Арьс ба өөхлөг эдийн талаас өөрчлөлт

Аливаа арьсны харшлын урвал илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсооно («Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).

Цөөн: арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс.

Ховор: олон хэлбэрт улайралт.

Тодорхойгүй давтамжтай: Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил, цэврүүт эксфолиатив дерматит, цочмог явцтай тархмал цэврүүт тууралт («Онцгой анхааруулга ба болгоомжлол» хэсгийг уншина уу).

Бөөр ба шээсний замын талаас өөрчлөлт

Тодорхойгүй давтамжтай: бөөрний завсрын эдийн үрэвсэл, шээсэнд талст илрэх.

 

ТУН ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД

Ус – электролитын тэнцвэр алдагдал болон ходоод – гэдэсний зүгээс шинж тэмдэг илэрч болно. Амоксициллинаас хамааралтайгаар шээсэнд талст илэрч болох ба энэ нь зарим тохиолдолд бөөрний дутагдалд хүргэж болно.

Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй болон өндөр тунгаар эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд таталт ажиглагдсан.

Амоксициллиныг ихэвчлэн өндөр тунгаар  судсанд тарьж хэрэглэхэд шээсний катетерт тунаж үлддэг. Катетерын сүвийг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

Ходоод гэдэсний шинж тэмдгийн хувьд шинж тэмдгийн эмчилгээ хийхийн зэрэгцээ ус – электролитыг тэнцвэржүүлнэ.

Амоксициллин ба клавуланы хүчлийг гемодиализаар бие махбодиос гадагшлуулж болно.

 

БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛТЭЙ БОЛОН БУСАД ХЭЛБЭРИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ

Ууж хэрэглэх антикоагулянт

Амоксициллин эмчилгээнд суурилсан варфарин эсвэл аценокумаролын хавсарсан  эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд олон улсын тэнцвэржүүлсэн харьцаа ихсэх тохиолдол тэмдэглэгдсэн. Бэлдмэлийг хамт хэрэглэх шаардлагатай тохиолдолд амоксициллин эмчилгээг эхлэх үед болон зогсоосны дараа протромбины хугацаа болон олон улсын тэнцвэржүүлсэн харьцааг хянана. Ууж  хэрэглэх антикоагулянтын тунг тохируулах шаардлага гарч болно.

Метотрексат

Пенициллин метотрексатын ялгарахыг бууруулснаар хортой нөлөөг ихэсгэнэ.

Пробенецид

Пробенецид амиоксициллиныг бөөрний сувганцараар шүүрэхийг саатуулдаг тул хамт хэрэглэхийг зөвлөхгүй. Пробенецидыг Амиоксиклавтай хамт хэрэглэхэд цусан дах амиоксициллины хэмжээ ихсэх (гэхдээ клавуланы хүчлийнх ихсэхгүй)  ба бие махбодид удаан хугацаагаар хадгалагдана.

Микофенолат мофетил

Микофенолат мофетил хэрэглэж байгаа өвчтөнд амоксициллин ба клавуланы хүчлийг уухаар хэрэглэж эхэлсэний дараа идэвхтэй метаболит – микофенолын хүчлийн (МФХ) түвшрүүлэг нь микофенолат мофетилын дараагийн тунг хэрэглэхээс өмнө ойролцоогоор 50%-р буурдаг. Дараагийн тунг хэрэглэхээс өмнөх МФХ-ийн түвшрүүлгийн энэ өөрчлөлт нь  МФХ-ийн нийт өөрчлөлтийн илрэл болохгүй. Үүнтэй холбоотой трансплантатын үйл ажиллагааны алдагдлын эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бол микофенолат мофетилын тунг өөрчлөх шаардлагагүй. Гэсэн хэдий ч хавсарсан эмчилгээний явцад болон антибиотик эмчилгээ дууссаны дараа хэсэг хугацаанд эмнэлгийн нарийн хяналтанд байх шаардлагатай.

 

 

ЭМИЙН ХЭЛБЭР

Картон хайрцаганд дараах зүйл байна.

Эргэдэг таглаа бүхий шар өнгөтэй бортгонд ууж хэрэглэх 100 мл хөвмөл бэлтгэхэд зориулсан 15.8 гр нунтаг агуулагдана. Тунлах соруурын (0.5 мл-ээс 5 мл хүртэл тэмдэглэгээтэй) хамт савлана.

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Нунтгийг 30 0С-с дээшгүй хэмд хуурай газарт хадгална.

Бэлтгэсэн хөвмөлийг 2 – 8 0С хэмд нягт тагласан бортгонд 7 хоногоос хэтрүүлэхгүй хадгална.

 

 

ХАДГАЛАХ ХУГАЦАА

2 жил. Хайрцаган дээр заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.

 

ЖОРООР ОЛГОХ ХУГАЦАА

Жороор олгоно

 

БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧ

Лек д.д., Веровшкова 57, 1526 Любляна, Словен.

 

ҮЙЛДВЭРЛЭГЧ

Sandoz GmbH, Biochemiestraße 10, A-6250, Kundl, Австри.

 

МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧИЛСЭН ОГНОО

2020 ОНЫ 12 САР