Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Офлоксацин
Худалдааны нэр
Англи
Офлоксацин
Үйлдвэрлэгч
Kraspharma JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
2мг/мл-100мл PVC
Эмийн хэлбэр
тарилгын шингэн
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэх эмийн бэлдмэлийн заавар

Офлоксацин

Худалдааны нэршил: Офлоксацин.

Олон улсын патентын бус нэршил: офлоксацин.

Эмийн хэлбэр: дуслаар тарьж хэрэглэхэд зориулсан тарилгын уусмал.

Найрлага.

Үйлчлэгч бодис: офлоксацин – 200мг.

Туслах бодис: натрийн хлорид – 900мг, тарианы ус – 100мл хүртэл.

Дүрслэл: шар ногоон өнгөтэй тунгалаг шингэн.

Эмэн эмчилгээний бүлэг: микробын эсрэг бэлдмэл, фторхинолоны уламжлал.

Код АТХ: J01МА01.

Эм судлалын онцлог

Фармакодинамик. Офлоксацин – фторхинолоны уламжлалын өргөн хүрээний үйлдэлтэй микробын эсрэг бэлдмэл. Үйлдлийн механизм нь бактерийн репликаци, транскрипци, репараци ба бактерийн ДНХ-ийн рекомбинацид (бактерийн ДНХ-гираза ферментийг хориглосоноор бактерийн ДНХ тогтворгүйжин, эрчлээс нь суларсанаас микробын эс үхэлд хүрнэ) шаардагддаг ДНХ-гираза ферментийг сонгомлоор хориглоно. Бета-лактамаза ялгаруулдаг бичил биетэнд хүртэл бактерцид үйлдэл үзүүлнэ.

Дараах бичил биетнүүд өндөр мэдрэг (микробыг дарангуйлах хамгийн бага концентраци (МДК) ≤0,5мг/л): Aeromonas hydrophila, Moraxella catarrhalis, Brucella spp., Chlamydia trachomatis, Citrobacter freundii, Clostridium perfringens, Enterobacter aerogenes, Enterobacter cloacae, Escherichia coli, Haemophilus ducreyi, Haemophilus influenzae, Haemophilus parainjluenzae, Helicobacter coli, Helicobacter jejuni, Klebsiella oxytoca, Legionella pneumophila, Morganella morganii, Mycoplasma hominis, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitidis, Plesiomonas spp., Proteus mirabilis, Proteus vulgaris, Salmonella enterica, Serratia marcescens, Shigella-ийн омгууд, Staphylococcus aureus (метициллинд мэдрэг), Staphylococcus-ийн омгууд (коагулазо сөрөг), Yersinia enterocolitica хамаарна.

Офлоксацинд дунд зэрэг мэдрэг: Acinetobacter calcoaceticus, анаэроб грам эерэг коккууд, Bacteroides fragilis, Chlamydia psittaci, Gardnerella vaginalis, Mycobacterium tuberculosis, Mycobacterium leprae, Pseudomonas aeruginosa, Streptococcus pneumoniae, Streptococcu-ийн омгууд хамаарна

Тэсвэртэй бичил биетнүүдДК > 1 мг/л): Acinetobacter baumannii, Clostridium difficile, Enterococcus-ийн омгууд, Listeria monocytogenes, Staphylococcus aureus (метициллинд тэсвэртэй), Nocardia asteroids хамаарна.

Фармакокинетик. Офлоксациныг судсанд дуслаар тарьж дууссанаас хойш 30минутанд сийвэн дэх концентраци хамгийн дээд түвшиндээ хүрдэг.

Офлоксациныг судсанд дуслаар тарьсанаас хойших сийвэн дэх концентраци

Тун

Сийвэн дэх офлоксацины концентраци

 

Тарьсаны дараа

Тарьсанаас хойш 4цагийн дараа

Тарьсанаас хойш 12цагийн дараа

100мг

2,9мг/л

0,5мг/л

0,2мг/л

200мг

5,2мг/л

1,1мг/л

0,3мг/л

Офлоксацины ээлж эмчилгээний үед сийвэн дэх концентраци ач холбогдол бүхий ихэсдэггүй, бэлдмэл хуримтлал үүсгэдэггүй (хоногт хоёр удаа тарихад хуримтлалын коэффициент 1,5 байна).

Судсанд тарихад хагас ялгарлын хугацаа 5 цаг, офлоксациныг судсаар тарьсанаас хойш сийвэн дэх концентраци шугаман бууралттай байдаг. Тархалтын эзэлхүүн 120л байна.

Бэлдмэл нь уушгины эд, чихний эд, хоолой, хамар, арьс, зөөлөн эд, ясны эд, үе, хэвлийн хөндийн эрхтэнүүд, цөс, бага аарцгийн хөндийн эрхтэнүүд, бөөр, түрүү булчирхай, шээлүүр зэрэг ихэнхи эрхтэн, эдэд нэвтэрдэг. Сийвэнгийн уурагтай холбогдолт ойролцоогоор 25% байна.

Офлоксацины 5%-аас бага хэмжээтэй нь элгэнд хувиралд ордог. Деметилофлоксацин, N-оксид офлоксацин гэсэн үндсэн хоёр метаболит байдлаар шээсэнд илэрдэг.

Өөрчлөгдөөгүй хэлбэрээр ихэвчлэн бөөрөөр (тунгийн 80-90%) ялгарна. Офлоксацин цөсөнд глюкуронжсон хэлбэрээр илэрдэг. Өндөр настай эмчлүүлэгчид Т1/2 уртасдаг ч сийвэн дэх хамгийн дээд концентраци өөрчлөгддөггүй.

Бөөрний дутагдлын үед Т1/2 уртасна; ерөнхий болон бөөрний клиренс креатинины клиренсийн бууралттай шууд хамааралтай буурдаг.

Хэрэглэх заалт. Офлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдвар-үрэвсэлт өвчнүүд: бөөр, шээс ялгаруулах зам, түрүү булчирхай, заг хүйтний шалтгаант уретрит; арьс, зөөлөн эд; яс, үе; эм бэлэг эрхтэн; хэвлийн хөндий, цөс ялгаруулах зам; чих хамар хоолойн эрхтэнүүд, β-цус задлах стрептококкын шалтгаант гүйлсэн булчирхайн цочмог үрэвслээс бусад нь хамаарна (β-цус задлах стрептококкын зарим омог нь л офлоксацинд мэдрэг байдаг учраас β-цус задлах стрептококкоор үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн цочмог үрэвслийн үед эхний сонголтоор уг бэлдмэлийг хэрэглэхгүй); пневмококкоор үүсгэгдсэн амьсгалын замын халдвар эсвэл үүсгэгдсэн байж магадгүй гэж таамаглаж байгаа (пневмококкын зарим омог офлоксацинд мэдрэг байдаг учраас пневмококкын шалтгаант эмнэлгээс гадуур хатгалгааны үед эхний сонголтоор уг эмийг хэрэглэхгүй); үжил; офлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварт өртөмтгий эмчлүүлэгчдийг (жишээ нь нейтропенитэй үед) урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хориглох заалт. Офлоксацинд, хинолоны уламжлалын бусад эмэнд буюу бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг; уналт таталттай (өгүүлэмжтэй болон одоо унаж татдаг); фторхинолоны уламжлалын бэлдмэл хэрэглээд шөрмөс гэмтсэн өгүүлэмжтэй; хүүхэд ба 18 хүртэлх насны өсвөр үеийнхэн; жирэмсэн (ургийн мөгөөрсний өсөлтийн цэг гэмтэх эрсдэлийг бүрэн үгүйсгэхгүй); хөхүүл үе (хүүхдийн ясны өсөлтийн цэгийн мөгөөрс бүрэн гэмтэх эрсдэлийг үгүйсгэхгүй) зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ.

Анхааруулга. Төв мэдрэлийн тогтолцооны талаас таталт өгөх боломжтой эмчлүүлэгч – тархины цусан хангамжийн алдагдал, ТМТогтолцооны органик өөрчлөлт, тархины гэмтлийн өгүүлэмжтэй, тархины судасны илэрхий хатууралтай; тархины таталт үүсэх босгыг бууруулах бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх (фенбуфен, теофиллин)); глюкоз-6-фосфатдегидрогеназын далд эсвэл ил дутагдал (хинолон эмчилгээний үед цус задрах урвалын эрсдэл ихэсдэг); бөөрний үйл ажиллагааны алдагдал (бөөрний үйл ажиллагааг заавал хянаж, түүнчлэн тун зохицуулалт хийнэ); элэгний дутагдал; QT интервал уртсах эрсдэлт хүчин зүйлтэй нь тодорхой байгаа эмчлүүлэгч (өндөр настан, эрдсийн засах боломжгүй өөрчлөлт – цусан дахь кали, магнийн хэмжээ буурах; төрөлхийн QT интервал уртсах хам шинж; зүрхний дутагдал, зүрхний шигдээс, зүрхний цохилт цөөрөх; QT интервалыг уртасгах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх); цусны сахар бууруулах ууж хэрэглэдэг эмүүд (жишээ нь глибенкламид) эсвэл инсулинтэй (цусны сахар багасах эрсдэл ихсэнэ) хамт хэрэглэх; хинолоны уламжлалын бусад эмүүдийг хэрэглэхэд хүнд хэлбэрийн тааламжгүй урвал үүссэн өгүүлэмжтэй, тухайлбал хүнд хэлбэрийн мэдрэлийн урвалууд (офлоксацин хэрэглэхэд үүсдэг тааламжгүй урвалууд үүсэх эрсдэл ихсэнэ); булчин сульдалтай эмчлүүлэгч; элэгний порфиритэй эмчлүүлэгч; солиоролтой мөн сэтгэцийн бусад өөрчлөлттэй гэсэн өгүүлэмж бүхий эмчлүүлэгч; цусны даралт бууруулах эмүүдтэй хамт хэрэглэх мөн барбитуратын бүлгийн эмээр ингаляцын бус ерөнхий унтуулга хийх эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхдээ болгоомжилно.

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ.

Жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно. Офлоксацин хөхний сүүгээр ялгардаг тул хөхүүл үедээ уг бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсооно.

Хэрэглэх арга ба тун. Судсанд дуслаар тарина.

Халдварын төрөл, хүнд хөнгөний зэрэг, бөөрний үйл ажиллагаанаас хамааран тунг тогтооно.

Бөөрний үйл ажиллагаа хэвийн, насанд хүрэгчдэд хэрэглэх тун (креатинины клиренс (КК) 50мл/мин-аас их): офлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хоногт 2 удаа 200мг тунгаар эсвэл хоногт 1 удаа 400мг тунгаар хэрэглэнэ. Хоногийн ердийн тун 400мг. Хүнд хэлбэрийн халдвар эсвэл биеийн жингийн илүүдэлтэй эмчлүүлэгчдэд тунг 600мг хүртэл ихэсгэж болно.

Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай үед хэрэглэх тунгийн дэглэм (КК≤50мл/мин):

Креатинины клиренс

Нэг удаагийн тун (мг)*

Тарих давтамж

50-20мл/мин

100-200

Хоногт 1 удаа (24цаг тутамд)

< 20 мл/мин**, эсвэл гемодиализ, хэвлийн диализд ордог

100 эсвэл 200

Хоногт 1 удаа (24цаг тутамд)

2 хоногт 1 удаа (48цаг тутамд)

*Хэрэглэх заалттай хамаатай.

**Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлттэй, диализд ордог эмчлүүлэгчид офлоксацины сийвэн дэх концентрацийг хянаж байх шаардлагатай.

Креатинины клиренсийг тогтоох боломжгүй тохиолдолд Кокрофтын томьёог ашиглан сийвэн дэх креатинины концентрацаар бодож олно:

Эрэгтэй хүнд:

Биеийн жин (кг) × (140 – нас)

КК (мл/мин) = _________________________________________________________

72 × сийвэн дэхь креатинин (мг/100 мл)

Эмэгтэй хүнд: дээрх томьёогоор бодоод гарсан үр дүнг 0,85-аар үржүүлнэ.

Элэгний үйл ажиллагааны алдагдалтай үед хэрэглэх тунгийн дэглэм

Элэгний үйл ажиллагаа хүнд хэлбэрээр алдагдсан (жишээ нь хэвлийн хөндийд шингэн хурсан, элэгний хатуурал г.м) үед офлоксацины хоногийн тунг 400мг-аас хэтрүүлж болохгүй.

Өндөр настай эмчлүүлэгчид хэрэглэх тунгийн дэглэм

Өндөр настай эмчлүүлэгчид офлоксацины тун зохицуулалт шаардлагагүй. Гэхдээ өндөр настанд бэлдмэлийг хэрэглэхдээ бөөрний үйл ажиллагаа доройтсон байдгийг харгалзан тунг бууруулан хэрэглэж болно (дээр дурьдсанчлан).

Бэлдмэлийг хэрэглэх

Офлоксацины уусмалыг зөвхөн судсанд маш аажим тарина. Хоногт нэг эсвэл хоёр удаа судсанд дуслаар тарина. 200мг офлоксацин агуулсан уусмал бүрийг 30минутаас багагүй хугацааны турш судсанд дуслаар тарина. Хэрэв офлоксациныг бусад буюу барбитуратын уламжлалын ерөнхий мэдээгүйжүүлэх ингаляцын бус эмийн бэлдмэлтэй хамт нэг дор хэрэглэвэл цусны даралт буурч болзошгүйг бодолцоно.

Хоногийн тун 400мг хүртэл байвал офлоксациныг хоногт нэг удаа тарьж болно. Ийм тохиолдолд бэлдмэлийг өглөө тарих нь илүү дээр байдаг. Хоногийн тун 400мг-аас дээш бол хоногт хоёр удаа хувааж тарих буюу 12цагийн зайтай хэрэглэх хэрэгтэй.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа

Өвчний хүнд хөнгөний зэргээс эмчилгээний үргэлжлэх хугацаа хамаарна. Микробын эсрэг бүх л бэлдмэлүүдийн эмчилгээтэй адилаар офлоксацины эмчилгээний үргэлжлэх хугацаа биеийн хэм хэвийн болсон эсвэл бактерийн эсрэг бэлдмэл хэрэглээд устсан гэдэг нь батлагдсанаас хойш офлоксацины эмчилгээг доод тал нь 48-72 цаг үргэлжлүүлэх хэрэгтэй. Офлоксациныг судсаар тарьж эхэлсэнээс хойш эмчлүүлэгчийн биеийн байдал сайжирсаны дараах хэд хоногийн турш уг тунгаар бэлдмэлийг уух байдлаар үргэлжлүүлж болно.

Гаж нөлөө. Гаж нөлөө үүсч байгаа давтамжаас нь хамааран дараах байдлаар ангилна: маш түгээмэл (≥1/10), түгээмэл (≥1/100, <1/10), цөөн (≥1/1000, <1/100), ховор (≥1/10000, <1/1000), маш ховор (<1/10000) (ганц нэг мэдээлэл ч хамаарна), давтамж тодорхойгүй (одоо байгаа мэдээллээр давтамжийг тодорхойлох боломжгүй мэдээлэлтэй).

Зүрх судасны тогтолцооны өөрчлөлт: маш түгээмэл тохиолдох: венийн судасны үрэвсэл; түгээмэл тохиолдох: цусны даралт буурах (офлоксациныг судсанд дуслаар тарих үед цусны даралт буурч синусын тахикарди хавсран, маш ховор тохиолдолд коллапсад орж болно; цусны даралт буурсан тохиолдолд бэлдмэлийг тэр даруйд зогсооно); ховор тохиолдох: синусын тахикарди, нүүр <<халуу оргих>> зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Цус болон тунгалгын тогтолцооны өөрчлөлт: маш ховор тохиолдох: цус багадалт, цус задралын цус багадалт, цагаан эс, цусны ялтасны тоо цөөрөх, зарим тохиолдолд : агранулоцитоз, цусны бүх эсүүдийн тоо цөөрөх, чөмөгний цус төлжүүлэх үйл ажиллагаа дарангуйлагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Төв мэдрэлийн тогтолцооны талаас: цөөн тохиолдох: толгой эргэх, толгой өвдөх; ховор тохиолдох: нойрмоглох, мэдэрхүй алдагдах, амт өөрчлөгдөх (амтлах мэдрэмж алдагдах), үнэр өөрчлөгдөх (үнэрлэх мэдрэмж алдагдах); маш ховор тохиолдох: захын мэдрэх мэдрэлийн эмгэг, захын мэдрэх-хөдлөх мэдрэлийн эмгэг, таталт, экстрапирамидын шинж тэмдэг болох салгалах болон булчингийн тэнцвэрийн бусад өөрчлөлтүүд; давтамж тодорхойгүй: гавлын дотоод даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Харах эрхтэний өөрчлөлт: цөөн тохиолдох: нүдний салст бүрхүүлийн цочрол; ховор тохиолдох: хараа өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Сонсголын болон тэнцвэрийн эрхтэний өөрчлөлт: цөөн тохиолдох: толгой эргэх; маш ховор тохиолдох: сонсголын өөрчлөлт (чих шуугих), дүлийрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Голт, амьсгалын эрхтэн тогтолцоо, чээжний хөндийн эрхтэний өөрчлөлт: цөөн тохиолдох: ханиалгалт, хамар залгиурын үрэвсэл; маш ховор тохиолдох: илт амьсгаадах, гуурсан хоолойн агчил; зарим тохиолдолд харшлын шалтгаант уушгины үрэвсэл, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өөрчлөлт: цөөн тохиолдох: хэвлийгээр өвдөх, суулгалт, дотор муухайрах, бөөлжих; ховор тохиолдох: нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл (ганц нэг тохиолдолд цус алдалт үүснэ); давтамж тодорхойгүй: өтгөн хаталт, гэдэс дүүрэх; маш ховор тохиолдох: псевдомембраноз колит зэрэг илэрнэ.

Бөөр, шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны өөрчлөлт: ховор тохиолдох: цусны сийвэн дэх креатинины концентраци ихсэх; маш ховор тохиолдох: бөөрний цочмог дутагдал; зарим тохиолдолд: бөөрний завсрын эдийн цочмог үрэвсэл; давтамж тодорхойгүй тохиолдох: цусан дахь мочевиний концентраци ихсэх зэрэг илэрнэ.

Арьс, арьсан дорх эдийн өөрчлөлт: цөөн тохиолдох: загатнаа, тууралт; ховор тохиолдох: чонон хөрвөс, хэт ихээр хөлрөх, цэврүүт тууралт; маш ховор тохиолдох: олон хэлбэрт шүүдэст улайралт, хучуур эдийн хорт үхжил, гэрэлд хэт мэдрэгших, эмийн шалтгаант тууралт, цусархаг тууралт, зарим тохиолдолд арьсны үхжил дагалдсан судасны үрэвсэл, зарим тохиолдолд: Стивен-Жонсоны хам шинж; давтамж тодорхойгүй тохиолдох; цэгчилсэн цус харвалтууд (петехи), арьсны цэврүүт цусархаг үрэвсэл зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Яс-булчин, холбогч эдийн тогтолцооны өөрчлөлт: ховор тохиолдох: шөрмөсний үрэвсэл, маш ховор тохиолдох: үе, булчин өвдөх, шөрмөс тасрах (ахиллын шөрмөс) (фторхинолоны уламжлалын бусад бэлдмэлүүдийн нэгэн адил уг гаж нөлөө эмчилгээ эхэлсэнээс хойш 48цагийн дараа, хоёр хөлд үүсч болно); зарим тохиолдолд: рабдомиолиз эсвэл булчингийн эмгэг, булчин сульдал үүссэн эмчлүүлэгчдэд хуурамч саа төст булчин сульдлыг бодолцоно.

Бодисын солилцоо, хооллолтын өөрчлөлт: ховор тохиолдох: хоолны дуршил буурах; маш ховор тохиолдох (зарим тохиолдолд): чихрийн шижинтэй, цусны сахар бууруулах эмчилгээ хийлгэж байгаа эмчлүүлэгчид цусны сахарын түвшин буурах, порфиритэй эмчлүүлэгч сэдрэх зэрэг илэрнэ.

Халдвар, шимэгчийн өвчлөл: цөөн тохиолдох: мөөгөнцөрийн халдвар, тэсвэржсэн эмгэг төрүүлэгч бичил биетэн; давтамж тодорхойгүй: үтрээний үрэвсэл, үтрээний шүүрэл ихсэх зэрэг илэрнэ.

Ерөнхий өөрчлөлт болон тарьсан хэсэгт гарах өөрчлөлт: түгээмэл тохиолдох: тарьсан хэсэг өвдөх, улайх, судас үрэвсэх зэрэг илэрнэ.

Дархлалын тогтолцооны өөрчлөлт: ховор тохиолдох: анафилаксийн урвал, анафилакси төст урвал, судас мэдрэлийн хаван; маш ховор тохиолдох: анафилаксийн шок, анафилакси төст шок; зарим тохиолдолд: харшлын шалтгаант уушгины үрэвсэл; давтамж тодорхойгүй: харшлын шалтгаант бөөрний үрэвсэл, эозинофили зэрэг илэрнэ.

Элэг, цөс ялгаруулах замын өөрчлөлт: ховор тохиолдох: “элэгний” ферментүүдийн (аланинаминотрансфераза (АлАТ), аспартатаминотрансфераза (АсАТ), лактатдегидрогеназа (ЛДГ), гамма-глутамилтрансфераза (ГГТ) мөн шүлтлэг фосфатаза (ЩФ)) идэвхи мөн цусны сийвэнгийн билирубин ихсэх; маш ховор тохиолдох: цөс зогсонгишлын шарлалт; зарим тохиолдолд: элэгний үрэвсэл хүнд хэлбэрээр явагдаж болзошгүй.

Сэтгэцийн өөрчлөлт: цөөн тохиолдох: дошгирол, нойр өөрчлөгдөх, нойргүйдэх; ховор тохиолдох: сэтгэцийн эмгэгүүд (жишээ нь хий үзэгдэл г.м), тайван бус болох, сэтгэл түгших, мэдрэлийн ядаргаа, ухаан самуурах, хар дарах, сэтгэл гутрах; зарим тохиолдолд: өөрт хор хөнөөлтэй сэтгэцийн эмгэгүүд болон сэтгэл гутрал, ховор тохиолдолд амиа хорлох бодол төрөх, амиа хорлохыг оролдох хүртэл тохиолдол үүсч болно.

Тун хэтрэлт. Шинж тэмдэг: цочмог тун хэтрэлтийн үед толгой эргэх, ухаан самуурах болон ухаан өөрчлөгдөх бусад байдлууд, таталт түүнчлэн дотор муухайрах, ходоод гэдэсний салст бүрхүүлийн шархлаа үүсч болно. Эмчилгээ: өвөрмөц антидот байхгүй; шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэл. Теофиллин, фенбуфен эсвэл үрэвслийн эсрэг стеройд бус бусад бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд тархины таталт үүсэх босгыг бууруулна. Эмнэлзүйн судалгаагаар офлоксациныг теофиллинтэй хамт хэрэглэхэд фармакокинетикт ямар нэгэн нөлөө илрээгүй. Гэхдээ хинолоны уламжлалын эмүүдийг теофиллин, үрэвслийн эсрэг стеройд бус бэлдмэлүүд, тархины таталт үүсэх босгыг бууруулах эмтэй (фенбуфентай хамт) хамт хэрэглэхэд таталт үүсэх босго буурч болно.

QT интервал уртасгах эмүүдтэй хамт хэрэглэх. Офлоксацин, фторхинолоны уламжлалын бусад эмийг QT интервал уртасгагч эмүүдтэй (хэм алдалтын эсрэг IA болон III бүлгийн эмүүд, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, макролидын бүлгийн эмүүд, терфенадин) хамт хэрэглэхдээ болгоомжилно.

Цус бүлэгнэлтийн эсрэг шууд бус үйлдэлтэй эмүүд (варфарин). Кумарины уламжлалын цус бүлэгнэлтийн эсрэг шууд бус үйлдэлтэй эмүүдтэй (жишээ нь варфарин г.м) эмчилгээнд хамт хэрэглэхэд цус бүлэгнэлтийн эсрэг шууд бус үйлдэлтэй эмүүдийн үйлдэл ихсэж болзошгүй тул цусны бүлэгнэлтийн үзүүлэлтийг заавал хянах шаардлагатай.

Глибенкламидтай хамт хэрэглэх. Офлоксациныг хамт хэрэглэхэд цусны сийвэн дэхь глибенкламидын концентрацийг бага хэмжээгээр ихэсгэн, цусны сахарыг бууруулах эрсдэлтэй тул цусан дахь глюкозын концентрацийг хянаж байх шаардлагатай.

Цусны сахар бууруулах ууж хэрэглэдэг бусад эм болон инсулинтай хамт хэрэглэх. Офлоксацин нь цусны сахарын түвшинг бууруулах эрсдэлтэй тул цусан дахь глюкозын концентрацийг хянаж байх шаардлагатай.

Пробенецид, циметидин, фуросемид, метотрексаттай хамт хэрэглэх. Хинолоны уламжлалын эмийг өндөр тунгаар дээрх эмүүдийг хамт хэрэглэхэд дээрх эмүүдийн (пробенецид, циметидин, фуросемид, метотрексат зэрэг) бөөрний сувганцараар шүүрэх ялгаралт удааширч, сийвэн дэх концентраци ихсэж болзошгүй.

Цусны даралт бууруулах, барбитуратын бүлгийн ерөнхий унтуулгад хэрэглэх ингаляцын бус эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх. Цусны даралт илт, гэнэт бууруулах эрсдэлтэй тул зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааны үзүүлэлтийг сайтар хянах шаардлагатай.

Глюкокортикостеройд эмүүдтэй хамт хэрэглэх. Ялангуяа өндөр настанд шөрмөс тасрах эрсдэл ихэсдэг.

Шээс шүлтлэг болгодог эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх (карбоангидразыг хориглох эмүүд, цитратууд, натрийн гидрокарбонат г.м). Кристаллури илрэх болон бөөр хордох эрсдэл ихсэнэ.

Лабораторийн үзүүлэлт болон оношилогооны сорилд нөлөөлөх нөлөө. Mycobacterium tuberculosis офлоксацинд дунд зэрэг мэдрэг байдаг учраас сүрьеэг оношилох бактериологийн шинжилгээ хуурамч сөрөг гарч болно.

Офлоксацин эмчилгээний үед шээсэнд опиат болон порфирин тодорхойлоход хуурамч эерэг хариу гарч болзошгүй. Илүү өвөрмөц аргын тусламжтайгаар эерэг гарсан үр дүнг батлах шаардлагатай.

Дуслаар хэрэглэх тарилгын уусмал болон бусад эмийн бэлдмэлтэй холих. 0,9% натри хлоридын уусмал, Рингерийн уусмал, 5% декстрозын уусмалтай хамт холино. Гепарины уусмалыг офлоксацины уусмалтай хэзээ ч хамт холиж болохгүй (тунадас үүсгэж болзошгүй).

Тусгай анхааруулга. Псевдомембраноз колит (Clostridium difficile-ийн шалтгаант гэдэсний эмгэг). Офлоксацин эмчилгээний үед эсвэл дараа нь псевдомембраноз колит үүсэхэд суулгалт үүсэн хүнд хэлбэрийн үед тогтмол мөн цустай суулгалт үүснэ. Офлоксацин эмчилгээний үед псевдомембраноз колит үүсч даамжирвал эмчилгээг даруй зогсоон, бактерийн эсрэг өвөрмөц эмчилгээг яаралтай эхлэх хэрэгтэй (ванкомицин, тейкопланин, метронидазол зэргийг ууж хэрэглэнэ). Эмнэлзүйн ийм нөхцөл үүсэхэд уг бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурдаг.

Татах эрсдэлтэй эмчлүүлэгч. Хинолоны уламжлалын бусад эмүүдийн нэгэн адил офлоксациныг татах эрсдэлтэй эмчлүүлэгчдэд болгоомжтой хэрэглэнэ (ТМТогтолцооны гэмтлийн өгүүлэмжтэй, фенбуфен болон тархины таталт үүсэх босгыг бууруулдаг бусад үрэвслийн эсрэг стеройд бус эм хэрэглэж байгаа эмчлүүлэгч мөн, тархины таталт үүсэх босгыг бууруулдаг теофиллин зэрэг эм хэрэглэж байгаа эмчлүүлэгч).

Шөрмөсний үрэвсэл. Хинолоны уламжлалын эмүүдийг хэрэглэсэн суурин дээр ховор тохиолдолд шөрмөсний үрэвсэл үүсч, заримдаа шөрмөс тэр дундаа ахиллын шөрмөс өндөр настай эмчлүүлэгч, глюкокортикостеройд хавсруулан хэрэглэсэн эмчлүүлэгчид тасарч болзошгүй. Ийм таагүй үр нөлөө эмчилгээ эхэлсэнээс хойш 48 цагийн дараа хоёр хөлд үүсч болно. Тендинитийн (шөрмөсний үрэвсэл) шинж тэмдэг илэрмэгц эмчилгээг даруй зогсоох шаардлагатай. Эмчилгээ нь шөрмөсний гэмтлээс хамааран хийгдэнэ (жишээ нь хөдөлгөөн хорих г.м)

Бөөрний дутагдалтай эмчлүүлэгч. Офлоксацин бөөрөөр ялгардагтай холбоотой бөөрний дутагдалтай эмчлүүлэгчдэд офлоксацины тунг зохицуулах хэрэгтэй.

Гэрэлд мэдрэг байдлыг арилгах. Офлоксацин эмчилгээний үед гэрэлд мэдрэг болох эрсдэл ихтэй байдгаас нарны шууд гэрэл, хэт ягаан туяанаас (мөнгөн устай кварцын гэрэл, наранд шарах) зайлсхийх нь чухал юм.

Хоёрдогч халдвар. Микробын эсрэг бусад бэлдмэлүүдийн эмчилгээний үед гардагтай адил офлоксациныг удаан хугацаанд хэрэглэхэд бичил биетний бэлдмэлд мэдрэг байдалтай холбоотойгоор үүссэн хоёрдогч халдварыг шинжилгээ мөн эмчлүүлэгчийн биеийн байдлыг давтан үнэлэх замаар тогтооно. Хэрэв эмчилгээний явцад хоёрдогч халдвар үүсвэл түүнд чиглэсэн эмчилгээг хийх хэрэгтэй.

QT интервал уртсах. Фторхинолоны уламжлалын эмүүдийг хэрэглэж байгаа эмчлүүлэгчдийн маш ховор тохиолдолд QT интервал уртасдаг. QT интервал уртсах тодорхой эрсдэлтэй эмчлүүлэгчдэд офлоксацин зэрэг фторхинолоны уламжлалын эмүүдийг хэрэглэхдээ болгоомжилно (QT интервалыг хянах): өндөр настан, цусан дахь кали, магнийн хэмжээ буурах зэрэг электролитүүдийн засах боломжгүй өөрчлөлт, төрөлхийн QT интервалын уртсал; зүрхний дутагдал, зүрхний шигдээс, зүрхний хэм цөөрөх; QT интервал уртасгагч бэлдмэлтэй хамт хэрэглэх (хэм алдалтын эсрэг IA, III бүлгийн эмүүд, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, макролидүүд, терфенадин).

Цусны сахар багатай эмчлүүлэгч. Хинолоны бүлгийн бусад эмүүдтэй нэгэн адил офлоксациныг хэрэглэхэд ялангуяа цусны сахар бууруулдаг ууж хэрэглэдэг эмүүд (глибенкламид) эсвэл инсулин хэрэглэж байгаа эмчлүүлэгчдэд цусны сахар буурдаг. Ийм эмчлүүлэгчдэд цусан дахь глюкозын концентрацийг хянаж байх хэрэгтэй.

Захын мэдрэлийн эмгэг. Офлоксацин зэрэг фторхинолоны уламжлалын эм хэрэглэсэнтэй холбоотой эмчлүүлэгчдэд мэдэрхүй, мэдэрхүй-хөдөлгөөний мэдрэлийн эмгэг хурдан үүсч болно. Хэрэв эмчлүүлэгчид мэдрэлийн эмгэгийн шинж тэмдэг илэрвэл эмчилгээг даруй зогсоох хэрэгтэй ба ингэснээр үл эргэх байдал үүсэх эрсдэлийг бууруулна.

Глюкоз-6-фосфатдегидрогеназа дутагдалтай эмчлүүлэгч. Хинолоны эмчилгээний үед глюкоз-6-фосфатдегидрогеназа дутагдалтай оноштой эмчлүүлэгчид цус задрах урвал явагдаж болзошгүй. Иймээс офлоксацин эмчилгээг дээрх оноштой хүнд болгоомжтой хэрэглэнэ.

Төв мэдрэлийн тогтолцооны талаас гаж нөлөө үүсэх, харшлын урвал явагдах тохиолдлуудад бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох шаардлагатай.

Сав эсвэл савлагааны дотор гадаргуу чийгтсэн байвал бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Тээврийн хэрэгсэл, машин механизм жолоодох чадварт нөлөөлөх нөлөө.

Толгой эргэх, нойрмоглох, хараа өөрчлөгдөх, сэтгэц-хөдөлгөөний урвал буурах, анхаарал төвлөрөлт багасах зэрэг зарим гаж нөлөө эдгээр чадвар зайлшгүй шаардлагатай нөхцөлд (жишээ нь тээврийн хэрэгсэл, бусад механизм жолоодох г.м) эрсдэлийг ихэсгэж болзошгүй. Зарим тодорхой нөхцөлд буюу тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизмтай ажиллах үед дээр дурьдсан гаж нөлөө үүсвэл тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой эсэхээ хувь хүн бодох шаардлагатай.

Савлагааны хэлбэр. 2мг/мл тарилгын уусмал.

100мл багтаамжтай шилэн саванд 100мл-ийг савлан, резинэн бөглөөгөөр бөглөж, хөнгөн цагаан эсвэл нийлмэл таглаагаар бэхэлсэн. 1 сав бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савласан.

Стационарт зориулсан:

  1. 48 савыг гофро цаасан хайрцганд төдий тооны хэрэглэх зааврын хамт савласан;
  2. 1-48 савыг гофро цаасан хайрцганд төдий тооны хэрэглэх зааврын хамт савласан;

100мл-ийн полиэтилен буюу полипропиленээс тогтсон нэг эсвэл хоёр порт бүхий хальсан саванд савласан.

1 савлагаа нь хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлагдсан.

Стационарт зориулсан:

  1. Полиэтилен буюу полипропиленээс тогтсон 72 савыг төдий тооны хэрэглэх зааврын хамт гофро цаасан хайрцганд савласан.
  2. Полиэтилен буюу полипропиленээс тогтсон 1-72 савыг төдий тооны хэрэглэх зааврын хамт гофро цаасан хайрцганд савласан.

Зориулалтын саванд пакетгүйгээр савлаж болно.

Хадгалах нөхцөл. 250С-ээс ихгүй хэмд, гэрлийн нөлөөнөөс хамгаалан хадгална. Хөлдөөж болохгүй. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хадгалах хугацаа. 2 жил. Хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэж болохгүй.

Олгох нөхцөл: Жороор олгоно.

Үйлчлүүлэгчийн санал гомдлыг хүлээн авах хаяг:

ОАО «Красфарма», Россия, 660042, г. Красноярск, ул. 60 лет Октября, д. 2.

Тел./факс: (391) 261-25-90 / 261-17-44.