
Хэрэглэх заавар
Хүүхдийн Тайлол®Хот (Tylol®Нot pediatric)
1 удаа хэрэглэхэд зориулагдсан жижиг уут бүхий нунтаг
Хүүхдийн Тайлол®Хот
Найрлага:
Үйлчлэгч бодис: 20г жижиг уут бүрд парацетамол 250мг, хлорфенирамины малеат 2мг, псевдоэфедрины гидрохлорид 30мг.
Туслах бодис: натрийн бензоат, нимбэгний хүчлийн ангидрид, хинолины шар, сахар ба жүржийн амт оруулагч нунтаг хэлбэрээр.
Дүрслэл:
Хүүхдийн Тайлол®Хот нь усанд уусамтгай цагаан өнгийн нунтаг.
Эмийн эмчилгээний бүлэг:
Амьсгалын замын өвчний эмчилгээнд хэрэглэдэг эм, системийн үйлдэлтэй зогсонгишил багасгах эм, симпатомиметик
АТХ код: R01ВА
Фармакологийн үйлдэл:
Фармакодинамик:
Хүүхдийн Тайлол®Хот бэлдмэл өвдөлт намдаах, халуун бууруулах, гистамины эсрэг, зогсонгишил багасгах үйлдэл тус тус үзүүлнэ. Учир нь түүний найрлаганд парацетамол, хлорфенирамин малеат, псевдоэфедрины гидрохлорид агуулагддаг.
Эмнэлзүйн практикт парацетамол нь өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй нь тогтоогдсон. Парацетамол нь өвдөлтийг мэдрэх заагийг өндөрсгөж өвдөлт намдаах үйлдэл үзүүлэх бөгөөд гипоталамусын дулаан зохицуулгын төвд нөлөөлж халуун бууруулах үйлдэл үзүүлнэ.
Хлорфенирамины малеат нь гистамины Н1 рецепторыг хориглогч бөгөөд ханиад томууны үеийн шинж, хамрын битүүрэл, нүд улайх, нулимс гоожих шинжийг арилгана.
Псевдоэфедрины гидрохлорид нь симпатомиметик амин бөгөөд амьсгалын дээд замын хавагналтыг багасгадаг үр дүнтэй бэлдмэл.
Амьсгалын замын салст бүрхүүлийн α-адренорецепторт үйлчилж судас нарийсгадаг. Үүний дүнд хамрын салст бүрхүүлийн улайлт, хавагналт, хамрын битүүрэл арилж хамрын амьсгал хөнгөвчлөгдөнө. Бусад симпатомиметик эмтэй харьцуулахад ТМС болон судсанд арай бага үйлчилдэг.
Фармакокинетик:
Парацетамолыг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар түргэн бүрэн шимэгддэг. Түүний цусны сийвэн дэх концентраци 10-60 минутын дараа дээд хэмжээндээ хүрдэг.
Парацетамол бие махбодын эдэд жигд түргэн тархана. Хагас ялгарлын хугацаа нь 1.25-3 цаг. Системийн микросомын ферментийн тусламжтайгаар элгэнд химийн хувиралд орно. Парацетамолын ууж хэрэглэсэн тунгийн ойролцоогоор 85% нь 24 цагийн турш чөлөөт болон коньюгат хэлбэрээр бөөрөөр шээстэй ялгарна.
Хлорфенирамины малеат нь хоол боловсруулах замаар удаан шимэгдэнэ. Ууж хэрэглэх үед түүний цусны сийвэн дэх концентраци 2.5-6 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Биошингэц нь 25-50%. Цусны сийвэнгийн уурагтай 70% хүртэл холбогдоно. Биеийн бүх хэсгээр (ТМС-ийг оролцуулаад) өргөн тархана. Хагас ялгарлын хугацаа нь 2-43 цаг. Үйлдлийн үргэлжлэх хугацаа нь 4-6 цаг. Хлорфенирамины малеатын ихэнх хэсэг нь метаболизмд орно. Бие махбодоос өөрчлөгдөөгүй болон метаболит хэлбэрээр үндсэндээ бөөрөөр, үлдсэн хэсэг нь өтгөнтэй гадагшилна.
Псевдоэфедрины гидрохлорид нь хоол боловсруулах замаар түргэн бараг бүрэн шимэгдэнэ. Уусмал хэлбэрээр ууж хэрэглэж байгаа үед түүний цусан дахь концентраци 1.5-2 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Хэрэглэснээс хойш 30 минутын дараа хамарт үйлчилж зогсонгишил арилгах үйлдэл үзүүлэх бөгөөд үйлдэл нь хэрэглэсэн тунгаас хамаарч 4-8 цаг үргэлжилнэ. Тодорхой хэсэг нь элгэнд метаболизмд орно. Бие махбодоос үндсэндээ өөрчдөгдөөгүй хэлбэрээр (бага хэмжээгээр метаболит хэлбэрээр тохиолдоно) шээстэй ялгарна.
Хэрэглэх заалт:
Хүүхдийн Тайлол®Хот бэлдмэлийг ханиад томууны шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
Цээрлэлт:
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай зүрх, бөөр, элэгний өвчтэй хүмүүс, түүнчлэн сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд буюу эсвэл бэлдмэлийг хэрэглэж буй үед МАО ферментийг хориглогч бэлдмэл хэрэглэж байгаа хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Онцгой анхааруулга!
Элэг, бөөр, зүрх, уушгины өвчтэй хүмүүс, цус багадалттай өвчтөн бэлдмэлийг эмчийн хяналтан дор хэрэглэнэ.
Child-Pugh-ын ангиллаар С бүлэг бүхий элэгний дутагдалтай өвчтөн бэлдмэлийн тунг 50% хүртэл багасгаж хэрэглэнэ.
Хүүхдийн 5 өдрөөс олон хоног үргэлжилж буй өвдөлт болон 3 өдрөөс дээш үргэлжилж байгаа буюу эсвэл дахилтат 39,5°С-аас дээш халууралтын үед бэлдмэлийг эмчийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болохгүй.
Псевдоэфедрин нь артерийн даралт хэвийн хүмүүсд судас нарийсгах үйлдэл үзүүлдэггүй боловч түүнийг артерийн даралт өндөр хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Учир нь судас нарийсгах үйлдэл үзүүлж болзошгүй.
Артерийн даралт ихсэх өвчтэй, зүрхний дутагдалтай, чихрийн шижинтэй, бамбай булчирхайн дааврын үйл ажиллагааны ихсэлттэй (гипертиреодизм), багтраатай, нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүст Хүүхдийн Тайлол®Хот бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Даралт бууруулах эм, сэтгэл уналын эсрэг эм хэрэглэж байгаа өвчтөн Хүүхдийн Тайлол®Хот бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
6-аас доош насны хүүхэд зөвхөн эмчийн хяналтанд хэрэглэнэ.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Парацетамол ба хлорфенирамин нь жирэмсний хэрэглээний В категорт хамаарагддаг. Түүнчлэн уг бүлгийн бэлдмэлүүд нь амьтанд хийсэн туршилтаар үр хөврөлд сөрөг нөлөө үзүүлдэггүй ба харин жирэмсэн эмэгтэйд хяналтат эмнэлзүйн судалгаа хийгдээгүй байдаг.
Парацетамол нь бага хэмжээгээр хөхний сүүнд нэвтэрдэг боловч түүний эмнэлзүйн нөлөө хөхүүл хүүхдэд илрээгүй.
Хлорфенирамин нь хөхний сүүнд нэвтэрдэг. Ялангуяа нярай болон дутуу төрсөн хүүхдэд гистамины эсрэг эм хэрэглэхэд хэт цочромтгой болох ба түүнчлэн таталт илэрч болзошгүй. Иймээс бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэдэггүй.
Псевдоэфедрин нь жирэмсний категороор С бүлэгт хамаарагддаг. Уг бүлэгт хамаарагддаг эмийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд зөвхөн түүний эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх эрсдлээс илүү шаардлагатай тохиолдолд зөвлөж болно.
Псевдоэфедрин нь хөхний сүүнд нэвтэрдэг бөгөөд нярай хүүхдэд болон дутуу төрсөн хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж болно. Жирэмсэн ба хөхүүл эхчүүд бэлдмэлийг зөвхөн эмчийн зөвшөөрлөөр хэрэглэнэ.
Эмийн харилцан үйлчлэл:
Парацетамолыг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдэл хүчжинэ.
Парацетамолыг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэвэл кумарин ба инандионы уламжлалын харилцан үйлчлэл ажиглагддаг.
Солиорлын эсрэг эмээс фенотиазины уламжлалын эмтэй харилцан үйлчилж болно.
Карбамазепин, фенобарбитал, фенитоин, примидон зэрэг эпилепсийн эсрэг эм хэрэглэж байгаа өвчтөн парацетамолын тунг 2 дахин багасгах хэрэгтэй.
Хлорфенирамины нөлөөгөөр элгэн дэх химийн хувирал нь удааширсны улмаас цусан дахь фенитоины концентраци ихсэнэ.
Барбитурат, нойрсуулах эм, опийн бүлгийн өвдөлт намдаах эм, сэтгэл засах эм, тайвшруулах эм, солиорлын эсрэг эм, согтууруулах ундаа зэргийн ТМС-д үзүүлэх саатуулах үйлдэл нь хлорфенираминтай хамт хэрэглэх үед хүчжинэ.
Псевдоэфедрины гидрохлоридыг МАО ферментийг саатуулагч, зогсонгишил арилгах бэлдмэл, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм, хоолны дуршил багасгах эм, амфитамин төст сэтгэц сэргээгч зэрэг бэлдмэлтэй хамт хэрэглэвэл артерийн даралт үе үе ихсэж болно.
Хөнгөн цагааны гидроксидтой хамт хэрэглэх үед псевдоэфедрины шимэгдэлт ихсэнэ. Каолин эсрэгээрээ псевдоэфедрины шимэгдэлтийг багасгана.
Псевдоэфедрины гидрохлорид нь альфа адренорецепторыг хориглогч, метилдопа, бета адренорецепторыг хориглогч, гуанетидин зэрэг даралт бууруулагч эмийн үйлдлийг сулруулна.
Хэрэглэх арга, тун:
Хүүхдийн Тайлол®Хот бэлдмэлийг дараах байдлаар ууж хэрэглэнэ.
Жижиг уутанд агуулагдаж буй эмийн бэлдмэлийг 80мл (1/2 эзлэхүүн стандарт стакан) халуун бүлээн усанд уусгаад бүлээнээр нь ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийг 6 цагийн зайтай ууж хэрэглэх ба хоногт 4-с олон удаа хэрэглэхгүй.
Жижиг уутанд буй бэлдмэлийг стаканд бүрэн хийнэ.
Стаканыг халуун усаар дүүргэнэ.
2 удаа хутгана.
Шингэнийг дуустал нь ууна.
Гаж нөлөө:
Бэлдмэл ерөнхийдөө зохимж сайн. Парацетамолын эмчилгээний үед ховор тохиолдолд чонон хөрвөс, загатнаат толбот гөвдрүүт тууралт зэрэг харшлын шинж, өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед тромбоцитопенийн пурпур, агранулоцитоз илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг.
Маш ховор тохиолдолд псевдоэфедрин хэрэглэсэнтэй холбоотойгоор арьсны урвал, шээс саатах, нойргүйдэх, хий юм үзэгдэх, сэтгэцийн хямрал зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно.
Хлорфенирамины малеат хэрэглэж байгаа өвчтөнд тайвшрах, анхаарал төвлөрүүлэлт өөрчлөгдөх, харааны өөрчлөлт, шээс саатах, ам хатах, толгой өвдөх, толгой эргэх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, хэвлийгээр өвдөх, зүрх дэлсэх, зүрхний хэм алдагдах, цусны даралт багасах, элэгний үрэвсэл, цус задралын цус багадалт, түүнчлэн харшлын зарим арьсны урвал илэрсэн талаар мэдээлэгдсэн байна.
Гаж нөлөө илэрсэн тохиолдолд эмчид хандаарай.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Тун хэтэрсэн гэж сэжиглэж байгаа тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана. Парацетамолын тун хэтрэх үед элгэнд хортой нөлөө үзүүлдэг. 12-48 цагийн хугацаанд цусан дахь элэгний ферментийн түвшин ихсэх, протромбины хугацаа уртсах шинж илрэх боловч эмнэл зүйн шинж бэлдмэлийг хэрэглэснээс хойш бүр 1-6 цагийн дараа ч илрэхгүй байж болно.
Парацетамолыг 10г-аас дээш тунгаар хэрэглэсэн насанд хүрэгсдэд хордлогын шинж илрэх магадлал ихэсдэг. Тун хэтэрсний улмаас элэг хордох үед дараах шинж илэрнэ. Үүнд: дотор муухайрах, бөөлжих, хөлрөх, ядарч сульдах.
Элэгний хордлого нь бэлдмэлийг хэрэглэснээс хойш 48-72 цагийн хугацаанд эмнэлзүйн болон лабораторийн баталгаа байхгүй үед тогтоогдохгүй байж болно. Насанд хүрэгсэд болон өсвөр насныханд хэрэглэсэн парацетамолын хэмжээнээс хамаарахгүйгээр 24 цагийн хугацаанд, эсвэл бэлдмэлийн концентрацийн тухай лабораторийн шинжилгээний хариу гарахаас өмнө ацетилцистеиныг хэрэглэх шаардлагатай. Нэмж дараах арга хэмжээг авна. Ипекакуаны сироп хэрэглэн бөөлжилт үүсгэх ба эсвэл цэвэрлэх зорилгоор ходоод угаана. Цусны сийвэн дэх парацетамолын концентрацийг парацетамолыг хэрэглэснээс хойш 4 цагийн дараа аль болох түргэн тодорхойлно. Парацетамол нь янз бүрийн замаар метаболизмд ордог учир хүнд явцтай хордлого болон хүүхдийн нас баралт маш ховор тохиолдоно. Хүүхдэд дээд тунгаар хэрэглэж байгаа үед уулгасан тунг таамаглахад хялбар байж болно.
Хэрэв хэрэглэсэн тун нь 150мг/кг-с их буюу эсвэл тодорхойгүй байвал цусны сийвэн дэх парацетамолын концентрацийг тодорхойлно. Лабораторийн шинжилгээг парацетамолыг хэрэглэснээс хойш 4 цагийн дараа аль болох түргэн хийнэ. Ипекакуаны сироп хэрэглэн бөөлжилт үүсгэж болно. Хэрэв цусан дахь парацетамолын концентраци тунгийн хэвийн хэмжээний хязгаараас илүү байвал ацетилцистеины эмчилгээг эхлэх шаардлагатай. Хэрэв хэрэглэсэн тун нь 150мг/кг-с их буюу эсвэл тодорхойгүй байвал ацетилцистеины эмчилгээг хийх шаардлагатай.
Хлорфенирамины малеатын хүнд явцтай хордлого түүнийг хэрэглэснээс хойш хэдэн цагийн дараа ажиглагдах ба гистамины эсрэг эм болон холинолитик эмийн хордлогыг эмчилдэгтэй адилаар эмчилнэ.
Псевдоэфедрины гидрохлоридын хордлогын үед бага зэргийн түгшүүрэл, зүрхний цохилт олшрох, бага зэргийн гипертензи зэрэг шинж илэрнэ. Ихэнх тохиолдолд бэлдмэлийг хэрэглэснээс хойш 4-8 цагийн дотор шинж тэмдэг илэрч арилах бөгөөд ерөнхийдөө эмчилгээ шаарддаггүй.
Эмийн хэлбэр, савлалт:
1 удаа хэрэглэхэд зориулсан Хүүхдийн Тайлол®Хот нунтгийг жижиг уутанд савлаж гаргах бөгөөд 12 жижиг уут бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлана.
Хадгалалт:
15-30°С-ын харанхуй, хуурай, хүүхэд хүрэхээргүй газар савлагаанд нь хадгална.
Хадгалах хугацаа:
3 жил.
Хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох журам:
Жоргүй олгоно.