
Хэрэглэх заавар
Эм хэрэглэх заавар
Вигентин 250мг/62,5мг (Vigentin 250mg/62,5mg)
Ууж хэрэглэх хөвмөлд зориулсан нунтаг
Савлалт:
Ууж хэрэглэх хөвмөлд зориулсан нунтаг бүхий 12 жижиг уут агуулсан хайрцаг. Савлагаан доторх эм хэрэглэх зааврыг хавсаргасан.
Найрлага:
1 жижиг уутанд:
Амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) 250мг
Клавуланы хүчил (Калийн клавуланат + Бичил талст целлюлоз 1:1 харьцаатай холимог хэлбэрээр) 62,5мг
Туслах бодис: хэрэгцээний хэрээр . . . . . . . 1 жижиг уут.
Фармакодинамикын шинж:
Амоксициллин нь бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулах замаар олон тооны грам эерэг болон грам сөрөг бактерийн эсрэг үхүүлэх үйлдэл үзүүлдэг, өргөн хүрээгээр үйлчилдэг, хагас нийлэг антибиотик юм.
Амоксициллин нь бета лактамаза ферментээр амархан задардаг тул уг ферментийг ялгаруулдаг бактериудад (Enterobacteriaceae ба Haemophilus influenzae) нөлөөлдөггүй.
Клавуланы хүчлийг Streptomyces clavuligerus-ээс исгэлтийн аргаар гаргаж авсан. Бүтцийн хувьд пенициллинтэй төстэй бета-лактам бөгөөд грам сөрөг бактери ба Staphylococci-ын ялгаруулдаг бета-лактамазаг өргөн хүрээгээр идэвхгүйжүүлдэг.
Клавуланы хүчил нь ялангуяа пенициллин болон цефалоспорины бүлгийн антибиотикт тэсвэртэй болох шалтгаан болдог эмнэлзүйд чухал ач холбогдолтой плазмидаар дамждаг бета-лактамазын эсрэг идэвхтэй байдаг.
Pseudomonas aeruginosa, Proteus morganii ба Rettgeri, зарим Enterobacter ба Providentia, метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus зэрэг нь уг эмэнд тэсвэртэй байдаг. Клавуланы хүчил нь дангаараа бактерийн эсрэг сул үйлдэлтэй.
Клавуланы хүчил нь амоксициллиныг бета-лактамазаар задрахгүй болоход тусалдаг ба амоксициллин, пенициллин, цефалоспоринд тэсвэртэй олон нийтлэг бактерийн эсрэг үйлчлэх амоксициллины үйлдлийн хүрээг өргөсгөдөг.
Амоксициллин ба клавуланатын хослол нь Pneumococus, бета-цус задлагч Streptococus, Staphylococus (пенициллинд мэдрэг ба бета лактамазаар нөлөөлдөггүй бактери), Haemophilus influenzae ба Branhamella catarrhalis (хүчтэй бета-лактамаза ялгаруулдаг бактерийг оруулаад) зэрэг бактерийг устгана.
Уг бэлдмэлийн бактерийг үхүүлэх үйлдлийн хүрээнд ордог бактери:
Грам эерэг бичил биетэн
Агаартан бактери:
Streptococus faecalis, Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes, Streptococcus viridans, Staphylococcus aureus, Corynebacterium, Bacillus anthracis, Listeria monocytogenes.
Агааргүйтэн бактери:
Clostridiums, Peptococcus, Peptostreptococcus.
Грам сөрөг бичил биетэн:
Агаартан бактери:
Haemophilus influenza, Escherichia coli, Proteus mirabilis, Proteus vulgaris, Klebsiellas, Salmonells, Shigelle, Bordetella, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitidis, Vibrio cholerae, Pasteurella multocida.
Агааргүйтэн бактери:
Bacteroides, B.fragils.
Фармакокинетикийн шинж:
Амоксициллин ба клавуланы хүчил нь ууж хэрэглэсний дараа хоол боловсруулах замаар сайн шимэгдэх бөгөөд ууж хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрдэг. 250мг (эсвэл 500мг) тунгаар хэрэглэхэд цусанд амоксициллин 5мкг/мл (эсвэл 8-9мкг/мл), клавуланы хүчил ойролцоогоор 3мкг/мл байна.
Амоксициллиныг 20мкг/кг, клавуланы хүчлийг 5мкг/кг тунгаар ууж хэрэглэснээс хойш 1 цагийн дараа цусан дахь амоксициллины концентраци дунджаар 8,7мкг/мл, клавуланы хүчлийнх 3мкг/мл байна.
Хооллолт нь амоксициллин/клавуланы хүчлийн шимэгдэлтэнд нөлөөлдөггүй. Амоксиллин-клавуланатын хослолыг хооллож эхлэх үед хэрэглэвэл шимэгдэлт нь оновчтой байдаг.
Ууж хэрэглэсний дараа амоксициллины биохүрэхүй нь 90%, клавуланы хүчлийнх 75% байна.
Амоксициллины хагас ялгарлын дундаж хугацаа нь ойролцоогоор 1-2 цаг, клавуланы хүчлийнх ойролцоогоор 1 цаг тус тус байна.
Амоксициллины ойролцоогоор 55-70%, клавуланы хүчлийн 30-40% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй ялгардаг.
Пробенецидыг хамт хэрэглэж байгаа үед амоксицилlины ялгарлыг удаашруулах боловч клавуланы хүчлийн ялгаралтыг удаашруулдаггүй.
Хэрэглэх заалт:
Вигентин бэлдмэлийг дараах бактерийн халдварын богино хугацааны эмчилгээнд хэрэглэнэ:
- Амьсгалын дээд замын халдвар: ердийн антибиотик эмчилгээнд үр дүнгүй байгаа тонзиллит, синусит, дунд чихний үрэвсэл
- Бета лактамаза фермент ялгаруулдаг H.influenzae болон Branhamella catarrhalis зэрэг бактериар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар: цочмог ба архаг явцтай бронхит, гуурсан хоолой уушгины үрэвсэл.
- E.coli, Klebsiella болон Enterobacter зэрэг бактериар үүсгэгдсэн шээс бэлгийн замын хүнд хэлбэрийн халдвар: цистит, уретрит, пиелонефрит
- Арьс ба зөөлөн эдийн халдвар: хатигшил, буглаа, шархны халдвар
- Яс ба үений халдвар: остеомиелит
- Шүдний халдвар: шүд түүшийн буглаа
- Бусад халдвар: үжилт үр хөндөлт
Хэрэглэх арга, тун:
Тун:
Эмчийн заавраар хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэх тун нь амоксициллины хэлбэрээр заагдана.
Насанд хүрэгсдэд:
- Ердийн тун: 500мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ.
Хүүхдийн тун:
40кг ба түүнээс дээш жинтэй хүүхдэд: насанд хүрэгсдийн ердийн тунгаар хэрэглэж болно.
40кг-с доош жинтэй хүүхдэд:
кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3 хувааж хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
- Хоол боловсруулах замын зүгээс илрэх сөрөг нөлөөг багасгахын тулд Вигентинийг хооллож эхлэх үед хэрэглэнэ.
- Эмчилгээний аргыг дахин шалгах ба хянахгүйгээр 14 хоногоос удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.
- Ууж хэрэглэх хөвмөлд зориулсан нунтаг бүхий жижиг уут: жижиг уутыг шугамын дагуу хайчилж нунтгийг аяганд хийнэ. Уутыг усаар зайлж уг аяганд хийнэ. Хэдэн секундийн турш хутгаад шууд ууна.
Цээрлэлт:
- Бета лактамын цагирагт бүтэцтэй антибиотикт харшилтай хүмүүс
- Халдварын улмаас моноцит ихсэх
- Клавуланы хүчил нь цөс зогсонгшилын шалтгаант элэгний үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг тул амоксициллин ба клавуланы хүчил, эсвэл пенициллин хэрэглэсэнтэй холбоотойгоор шарлалт болон элэгний үйл ажиллагааны эмгэг илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн
Болгоомжлол:
- Элэгний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд: бэлдмэлийг хэрэглэх явцад цөс зогсонгшилын шалтгаант шарлалтын шинж тэмдэг цөөн давтамжтай илрэх боловч хүнд явцтай байж болно. Хэдий тийм боловч уг шинж тэмдэг нь эргэж хэвийн болох боломжтой ба бэлдмэлийн эмчилгээг зогсоосноос хойш 6 долоо хоногийн дараа арилна.
- Бөөрний үйл ажиллагааны дунд болон хүнд явцтай дутагдалтай өвчтөнд бэлдмэлийн тунг анхаарах хэрэгтэй.
- Пенициллиний бүлгийн антибиотикт хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнд хүнд хэлбэрийн урвал илрэх ба эсвэл үхэлд хүргэж болзошгүй.
- Амоксициллиныг хэрэглэж байгаа өвчтөнд тунгалгийн булчирхайн томрол бүхий халууралт тууралт илэрч болно.
- Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх нь зарим тохиолдолд бактерийн тэсвэржилт үүсгэнэ.
Эмийн харилцан үйлчлэл:
- Вигентин бэлдмэл цус гоожих болон цус бүлэгнэх хугацааг уртасгаж болзошгүй. Иймээс цусны бүлэгнэлтийг саатуулдаг эмийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд болгоомжлох хэрэгтэй.
- Өргөн хүрээний үйлдэлтэй бусад антибиотикийн адилаар Вигентин бэлдмэл ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн үйлдлийг бууруулдаг тул өвчтөнд урьдчилан анхааруулах хэрэгтэй.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн үе:
Уг бэлдмэлийг уух болон тарих замаар хэрэглэн хулганы нөхөн үржих үйл ажиллагаанд нөлөөлдөг эсэхийг судлах туршилт судалгаагаар ямар нэгэн гаж хөгжил үүсээгүй байна. Гэвч бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн судалгаа дутмаг байдаг тул бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйд (ялангуяа эхний 3 сар) эмч зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээс бусад тохиолдолд хэрэглэхээс зайлсхийнэ.
Хөхүүл үе:
Бэлдмэлийг хөхүүл үед хэрэглэх боломжтой. Бэлдмэл хөхний сүүгээр маш бага хэмжээтэй ялгардаг тул хэт мэдрэгшлийн эрсдэлийг эс тооцвол уг бэлдмэл хөхүүл хүүхдэд хортой нөлөө үзүүлдэггүй.
Жолоо барих ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Тодорхойгүй.
Гаж нөлөө:
Бэлдмэлийг ердийн тунгаар хэрэглэхэд өвчтөнүүдийн 5% хувьд нь гаж нөлөө илэрч болно.
Олонтаа илрэх: Суулгах, чонон хөрвөс илрэх, загатнах.
Хааяа илрэх:
Загатнах, улайх, тууралт гарах, цусан дахь эозинофиль эсийн тоо олшрох, дотор муухайрах, бөөлжих, элэгний үрэвсэл үүсэх, цөс зогсонгшилын шалтгаант шарлалт үүсэх, трансаминазын хэмжээ ихсэх шинж тэмдгүүд хүнд явцтай илэрч болох бөгөөд хэдэн сарын турш үргэлжилж болно.
Ховор илрэх:
Анафилаксийн урвал, Квинкийн хаван, Стивенс-Джонсоны хамшинж, олон хэлбэрт улайрал, эксфолиатив арьсны үрэвсэл, эпидермийн хордлогот үхжил, хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл, цусан дахь ялтас цөөрөх, цусан дахь цагаан эсийн тоо цөөрөх, цус задралын цус багадалт үүсэх, бөөрний завсрын эдийн үрэвсэл үүсэх.
Бэлдмэлийг хэрэглэх үед ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдээрэй.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө ба эмчилгээ:
Бэлдмэлийн тун хэтэрсэн үед бэлдмэл өндөр тунгаар шимэгддэг тул ховор тохиолдолд уналт таталт илэрч болно.
Бөөрний үйл ажиллагаа буурсан болон цус-тархины хориг сул үед тариагаар хэрэглэсэн бэлдмэл хордлогын шинж тэмдэг үүсгэж болно. Хэдий тийм боловч эдгээр урвал нь гол төлөв хувь хүний хэт мэдрэгшлийн байдлаас хамаардаг.
Бэлдмэлийг хэт өндөр тунгаар хэрэглэх үед илэрхий илэрдэг эрсдэл нь цусан дахь калийн хэмжээ ихсэх юм. Учир нь клавуланы хүчлийг калийн давс хэлбэрээр хэрэглэдэг.
Гемодиализын аргыг бэлдмэлийг цусны эргэлтээс гадагшлуулахын тулд хэрэглэнэ.
Хадгалалт, хүчинтэй хугацаа, дэлгэрэнгүй мэдээлэл:
Хадгалалт: Бэлдмэлийг 30°С-ээс доош хэмийн хуурай газар гэрэл ба чийгнээс хамгаалж хадгална.
Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 24 сар.
Дэлгэрэнгүй мэдээлэл: Үйлдвэрлэгчийн стандарт
Бэлдмэлийг эмчийн жороор хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эм хэрэглэх зааврыг анхааралтай уншаарай.
Илүү мэдээлэл шаардагдвал эмчээс асууна.
Өнгө нь өөрчлөгдсөн эсвэл хүчинтэй хугацаа нь дууссан үед бэлдмэлийг хэрэглэхгүй
PHARBACO CENTRAL PHARMACEUTICAL J.S.C NO. 1
160 Тон Дук Танг – Дон Да - Ханой - Вьетнам





































































































































































































































































































