Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийг эмчилгээний
зориулалтаар ашиглах заавар
ФАГЕСТАФ
PHAGESTAPH
(Bacteriophagum Staphylococcicum Liquidum)
Худалдааны нэршил
ФАГЕСТАФ (PHAGESTAPH)
Патентлагдаагүй олон улсын нэршил
Bacteriophagum Staphylococcicum Liquidum
Эмийн хэлбэр
Дотуур, гадуур, түрхлэг хэлбэрээр хэрэглэх зориулалттай 20 мл лонх бүхий савлагаатай ариутгасан шингэн.
Найрлага
1 мл бэлдмэл дараах агууламжтай:
идэвхит бодис – Staphylococcus aureus бактерийн фаголизатын ариутгасан шүүгдсийн холимог – фагийн титр нь 1х106-аас багагүй.
Тодорхойлолт
Онцгой амт бүхий шар өнгийн тунгалаг шингэн, нягтшил тогтмол бус.
Эмийн эмчилгээний бүлэг
Бактерийн эсрэг бусад төрлийн бэлдмэлүүд
Код АТС J 01 XX
Эм зүйн үйлчилгээ
Эмийн үйлчлэх явц
Бактериофаг нь гомологи бактерийн эсийн мембранд шингэдэг бактерийн онцгой вирус бөгөөд эс рүү нэвтэрч задалдаг. Фагестафийн найрлагад сонгомол, зөвхөн хоруу чанартай бактериуд багтдаг бөгөөд тэдгээр нь идээт халдварын үед ялгардаг Staphylococcus aureus-ийг задлах чадвартай.
Эмийн хөдлөл зүй
Яаж хэрэглэхээс үл хамаарч бактериофагийн бэлдмэлүүд цус болон лимф рүү нэвтэрч үрэвслийн эх үүсвэр, голомт руу нь хүрдэг. Бэлдмэлийн дийлэнх хэсэг нь бөөрөөр дамжин шээсний сувгуудыг ариутган гадагшилдаг, харин үлдсэн хэсэг нь ходоод гэдэсний замаар гарна.
Хэрэглэх үзүүлэлтүүд
Уг бэлдмэлийг Staphylococcus aureus-ээс үүдэлтэй бактерийн идээт үрэвслийн өвчний үед цогц эмчилгээ ба урьдчилан сэргийлэх зориулалтаар бүх насныханд ашигладаг.
Эмчилгээ
- Мэс заслын халдвар: идээт шарх, түлэнхий, буглаа, флегмон, фурункул, карбункул, гидраденит, панариций, парапроктит, мастит, бурсит, остеомиелит
- Шээс бэлгийн халдвар: уретрит, цистит, пиелонефрит, кольпит, эндометрит, сальпингоофорит
- Ходоод гэдэсний өвчин: энтероколит, холецистит, дисбактериоз
- Амьсгалын дээд ба доод замын бактерийн халдвар: хамрын самсаа, дунд чихний үрэвсэл, ангин, фарингит, ларингит, трахеит, бронхит, хатгаа, плеврит
Урьдчилан сэргийлэлт
- Шинэ шархыг ариутгах
- Мэс заслын үйл ажиллагааны үед идээт хүндрэлээс урьдчилан сэргийлэх;
- Амьсгалын вирусийн хүнд өвчнүүдийн үед бактерийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх:
- Бактерийн бохирдол болон эмнэлгийн байгууллагын тасалгааны халдварыг ариутгах.
Хэрэглэх аргачлал ба тун
Уг бэлдмэлийг бусад бактерийн эсрэг хэрэгслүүдтэй хослуулан хэрэглэж болно. Өвчтөнд антибиотикийн эмчилгээ хийх боломжгүй, эсвэл өвчнийг өдөөгч омог нь антибиотикт тэсвэртэй тохиолдолд дангаар нь хэрэглэж болно. Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө өвчнийг өдөөгч нь стафилококкийн бактериофаг-д хэр мэдрэмтгий болохыг тодорхойлох нь зүйтэй. Бэлдмэлийг өвчлөлийн эхэн үе шатанд үрэвслийн эх үүсвэрт шууд хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Халдварын голомтын байршлыг харгалзан Фагестаф бэлдмэлийг дараах хэлбэрээр хэрэглэнэ:
гадуур – шавшлага, угаалга, зайлах, дусаалга, тампонд шингээх
дотуур хэлбэрээр.
Дотуур гэмтэлтэй идээт үрэвслийн өвчнийг эмчлэхийн тулд Фагестаф-ийг гадуур болон дотуур хэрэглэхээр бичнэ. Бэлдмэлээр эмчлэх хугацаа 5-10 хоног.
Бэлдмэлийн тун нь халдварын голомтын шинж тэмдгээс хамаарч тодорхойлогдох бөгөөд 200 мл хүртэл байна /гэмтсэн хэсгийн хэмжээг харгалзана/ - шавших, нойтон жин тавих зориулалтаар.
5-10 мл – бэлгийн замын идээт үрэвслийн өвчний үед үтрээг шавших, эсвэл тампон хийх /тампоныг 2 цагийн хугацаатай байлгана/;
10 мл – кольпит өвчний үед шавших, эсвэл тампон хийх; тампоныг өдөрт хийх бөгөөд удаа тус бүрд 2 цаг байлгана;
2-10 мл – чих, хамар, хоолойн идээт үрэвслийн өвчний үед шавших, зайлах, угаах, дусаах, нарийн хөвөн норгох; өдөрт 1-3 удаа /хөвөнг 1 цаг байлгана/. 11 хүртэл настай хүүхдийн бүйлсэн булчирхайг шприц эсвэл грушин шахуургын тусламжтай ариутгах, эсвэл хамарт дусааж хоолойн хойд гадаргууг ариутгах нь зүйтэй; түүнээс дээш насны хүүхдүүд амаа зайлах, бага хэмжээний /2 мл/ бэлдмэлийг хамартаа дусааж болно.
Цистит, пиелонифрит, уретрит өвчнүүдийн үед уг бактериофагийг дотуур хэрэглэнэ.
Стоматит болон архаг пародонтит өвчнүүдийг эмчлэх үед бэлдмэлийг өдөрт 3-4 удаа 10-20 мл хэмжээтэйгээр амны хөндийг зайлах, мөн пародонталь халаасанд бактериофаг шингээсэн нарийн хөвөнг 5-10 хийж байлгана.
Гэдэсний өвчин, дисбактериозийн үед Фагестафийг дотуур, эсвэл клизм хэлбэрээр хэрэглэнэ. Бэлдмэлийг өлөн ходоодонд, хоол идэхээс 1 цагийн өмнө хэрэглэнэ. Клизм хэлбэрээр өдөрт нэг удаа хэрэглэх бөгөөд үдэш, унтахын өмнө, гэдсийг цэвэрлэсний дараа хийнэ.
Бэлдмэлийг хэрэглэх тун:
насны ангилал | дотуур | клизм |
6 сар хүртэл | 5 мл х өдөрт 1 удаа | 10 мл х өдөрт 1 удаа |
6-аас 12 сар | 5 мл х өдөрт 2 удаа | 10 мл х өдөрт 1 удаа |
1-ээс 3 нас | 5 мл х өдөрт 3 удаа | 20 мл х өдөрт 1 удаа |
3-аас 8 нас | 10 мл х өдөрт 2-3 удаа | 30 мл х өдөрт 1 удаа |
8 наснаас дээш | 20 мл х өдөрт 2-3 удаа | 40 мл х өдөрт 1 удаа |
Урьдчилан сэргийлэлт
Эмийн бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор бичих тун болон эмчилгээний курсийг өвчтөний биеийн байдлыг харгалзан тогтооно.
Фагестафийг урьдчилан сэргийлэх зорилгоор 50 мл хэмжээтэйгээр мэс заслын дараах шархыг шавших, мөн шинэ шархыг ариутгахад ашиглана.
Фагестафийг мөн урьдчилан сэргийлэх зорилгоор түлэгдэлт, идээт үрэвслийн өвчин, халдвар авсан шарх, ангины үед арьсны гадаргуу болон салст бүрхүүлийг шавших хэлбэрээр ашигладаг.
Хэрэв Фагестафийг гадуур хэлбэрээр хэрэглэхээс өмнө фурацилинаас өөр химийн антисептик хэрэглэж байсан бол шархыг натри хлоридын физиологийн уусмал, эсвэл 2-3% содын уусмал /натри гидрокарбонат/-аар угаах шаардлагатай.
Гаж нөлөө
Бактериофагийн бэлдмэлүүд нь хортой бус. Фагестафийг хэрэглэснээс үүдэх ямарваа нэгэн гаж нөлөө ажиглагдаж тэмдэглэгдээгүй.
Хориглох тохиолдол
Бэлдмэлийн найрлагын аль нэг бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэмтгий
Эмийн харилцан холбоо
Бактериофагийн бэлдмэлийн харилцан холбоо нь дурдагдаагүй. Бактериофагийн бэлдмэлүүд нь бусад эмийн бэлдмэлүүдтэй хослон хэрэглэгддэг, тэр дундаа бактерийн эсрэг бэлдмэлүүд.
Тусгай заалтууд
Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө сайтар сэгсрэх шаардлагатай. Булингартай бэлдмэлийг ашиглахыг хориглоно.
Бактериофагийг хэрэглэхээс өмнө шархыг ариутгахын тулд химийн гаралтай антисептик ашигласан бол шархыг натри хлоридын 0,9% ариутгасан уусмалаар угаах шаардлагатай.
Бэлдмэлийн лонхыг онгойлгох, бэлдмэлийг гаргаж авах, хадгалах явцад дараах шаардлагууд хангагдах ёстой:
- Гарыг сайтар угаах;
- Лонхны таглааг салгахаас өмнө түүнийг спиртийн агууламжтай уусмалаар ариутгах шаардлагатай;
- Таглааг салгахдаа дотор бөглөөг гаргалгүй хийх хэрэгтэй;
- Онгойлгосон лонхноос бэлдмэлийг гаргаж авахын тулд бөглөөг ариутгасан шприцээр цоолох замаар авна;
- Лонхыг онгойлгох явцад таглаатай хамт дотор бөглөө нь салсан тохиолдолд түүнийг ширээн дээр дотор гадаргуугаар нь тавих хэрэггүй; лонхыг онгорхой орхих хэрэггүй; бэлдмэлийг гаргаж авсны дараа лонхыг бөглөөгөөр хаах шаардлагатай.
- Онгойлгосон лонхыг хөргөгчид хадгална, хөлдөөж болохгүй.
Хадгалах нөхцөлийг зөв бүрдүүлсэн тохиолдолд онгойлгосон лонхон дахь бэлдмэлийг нээснээс хойш 24 цагийн дотор хэрэглэж болно.
Жирэмслэлт болон хөхүүл үе
Бактериофагийн төрлийн бэлдмэлүүдийг жирэмслэлт, хөхүүл үед хэрэглэж болно.
Тээврийн хэрэгсэл, өндөр аюултай механизм жолоодох чадварт үзүүлэх бэлдмэлийн нөлөө
Бактериофагийн төрлийн бэлдмэлүүд нь автомашин жолоодох, өндөр анхаарал болон хөдөлгөөний хариу үйлдэл шаардлагатай ажил гүйцэтгэх чадварт ямарваа нэгэн нөлөө үзүүлдэггүй.
Тун хэтрэлт
Бактериофагийн төрлийн бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн шинж тэмдэг илэрч байгаагүй.
Савлалт
20 мл хэмжээтэй эмнэлгийн шилэн лонх. Картонон хайрцагт 4 лонх, үйлдвэрлэгч улсын ба орос хэл дээрх эмчилгээний хэрэглээний зааврын хамт савлагдсан.
Хадгалах болон тээвэрлэх нөхцөл
2оС-оос 25оС хэмд хадгална. Бага насны хүүхэд хүрэх боломжгүй газарт хадгална!
Бактериофагийн бэлдмэлийг булингартсан тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Хадгалах хугацаа
2 жил
Сав баглаан дээрх хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Олгох нөхцөл
Жоргүй
Үйлдвэрлэгч
“Биохимфарм ХК”, Гүрж улс
Хаяг: Л. Готуагийн гудамж, 3, Тбилиси хот 0160, Гүрж улс
Утас: +995 32 2 244777 / 2 244778, факс: +995 32 2 380895
Цахим шуудан: biochimpharm@geophage.ge;
Вэб хуудас: www.biochimpharm.ge
Бүртгэлийн гэрчилгээний эзэмшигч
“Биохимфарм ХК”, Гүрж улс






































































































































































































































































































