Хэрэглэх заавар
Эм хэрэглэх заавар
Кетонал®
Эмийн бэлдмэлийн нэр:
Кетонал® 100мг/2мл тарилгын уусмал
Олон улсын худалдааны бус нэр:
Кетопрофен
Эмийн хэлбэр:
Тарилгын уусмал
Дүрслэл:
Практикын хувьд харагдах зүйлгүй, өнгөгүйгээс бага зэргийн шаргал өнгөтэй, тунгалаг уусмал.
Найрлага:
2мл тарилгын уусмал бүрд (1 ампул) 100мг кетопрофен агуулагдана.
Туслах бодис: пропиленгликоль, этанол (12,3 эзлэхүүн %), бензилийн спирт, натрийн гидроксид (рН-ыг тохируулах), тарианы ус.
Эмийн эмчилгээний бүлэг:
Стероид бус үрэвслийн ба хэрэхийн эсрэг бэлдмэл, пропионы хүчлийн уламжлал.
АТХ код: М01АЕ03
Фармакологийн шинж:
Фармакодинамик:
Кетопрофен нь бэлдмэлийн үйлчлэгч бодис бөгөөд арахидоны хүчлийн метаболизм дахь простагландин нийлэгжих процес-т оролцдог циклооксигеназа (циклооксигеназа-1 (ЦОГ-1) ба циклооксигеназа-2 (ЦОГ-2)) ферментийг саатуулж простагландин болон лейкотриены нийлэгжилтийг дарангуйлдаг.
Кетопрофен нь in vitro ба in vivo орчинд лизосомын мембраныг бат бөх болгох ба in vitro орчинд өндөр концентрациараа лейкотриены нийлэгжилтийг дарангуйлах бөгөөд in vivo орчинд брадикинины эсрэг идэвхтэй.
Кетопрофены халуун бууруулах үйлдлийн механизм тодорхойгүй. Магадгүй кетопрофен нь ТМС-ийн (ялангуяа гипоталамус дахь) простагландины нийлэгжилтийг дарангуйлдаг байж болно.
Зарим эмэгтэйчүүдэд кетопрофен нь сарын тэмдгийн анхдагч хямралын шинжийг багасгадаг бөгөөд энэ нь простагландины үйлдэл болон нийлэгжилтийг дарангуйлсантай холбоотой.
Фармакокинетик:
100мг кетопрофеныг судсанд дуслаар тарьж эхэлснээс хойш 5 минутын дараа болон тарьж дууссанаас хойш 4 минутын дараа хэмжихэд цусны сийвэн дэх дундаж түвшин нь 26,4 ± 5,4 мкг/мл байна. Биохүрэхүй нь 90%.
Булчинд тарьж хэрэглэх үед кетопрофен нь ихэнх өвчтөнд 15 минутын дараа цусанд илрэх ба харин хэрэглэснээс хойш 2 цагийн дараа цусны сийвэн дэх концентраци нь оргил хэмжээндээ хүрдэг.
Кетопрофеныг тарьж хэрэглэж байгаа үед түүний биохүрэхүй нь бэлдмэлийн тунг ихэсгэхэд шугаман шинжтэйгээр ихэсдэг.
Кетопрофены 99% нь цусны сийвэнгийн уурагтай холбогддог бөгөөд гол нь альбуминтай холбогдоно. Эд дэх тархалтын эзлэхүүн нь 0,1-0,2л/кг.
Кетопрофен синоваль шингэнд аажим нэвтрэх ба мөн түүнээс аажим гадагшлах бөгөөд энэ үед цусны сийвэнгийн концентраци үргэлжлэн буурч байдаг.
Кетопрофен синоваль шингэнд аажим нэвтрэх ба түүнчлэн цусны сийвэнгийн концентраци үргэлжлэн багасах суурин дээр түүнээс гадагшилдаг.
Кетопрофены тэнцвэрт концентраци түүнийг хэрэглэснээс хойш 24 цагийн дараа тодорхойлогдоно.
Өндөр настай өвчтөнд тэнцвэрт концентрацидаа 8,7 цагийн дараа хүрэх бөгөөд энэ нь 6,3мкг/мл байна.
Кетопрофен нь элэгний микросомын ферментийн тусламжтайгаар метаболизмд эрчимтэй ордог. Тэрээр глюкуроны хүчилтэй холбогдох ба энэ хэлбэрээрээ бие махбодоос гадагшилдаг.
Ууж хэрэглэсний дараа түүний сийвэнгийн клиренс нь 1,16мл/мин/кг байна. Биологийн хагас ялгарлын хугацаа нь ердөө 2 цаг байна. Элэгний дутагдал хагас ялгарлын хугацааг нь уртасгаж болох ба энэ тохиолдолд хуримтлагдаж болно.
Кетопрофены 80% нь шээстэй, ойролцоогоор 10% нь өтгөнтэй тус тус ялгардаг. Бөөрний дутагдалтай өвчтөнд кетопрофен нь удаан ялгарах ба биологийн хагас ялгарлын хугацаа нь цагаар уртсана.
Өндөр настай хүмүүст кетопрофены метаболизм болон ялгаралт нь удааширдаг. Энэ нь зөвхөн бөөрний үйл ажиллагаа нь багассан өвчтөнд л эмнэл зүйн ач холбогдолтой байна.
Хэрэглэх заалт:
Кетонал бэлдмэл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэлтэй стероид бус хэрэхийн эсрэг эм юм. Түүнийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
Өвдөлт:
· Хагалгааны дараах
· Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
· Хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт
· Гэмтлийн дараах
Хэрэх өвчин
· Хэрэх төст үений үрэвсэл
· Спондилоартрит (барьцалдаат спондилит, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, реактив артрит)
· Тулай, хуурамч тулай
· Остеоартрит
· Үе орчмын эдийн хэрэх (тендинит, бурсит, мөрний үений капсулит)
Цээрлэлт:
Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ.
· Кетопрофен, ацетилсалицилын хүчил, стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл хэрэглэсний дараа бронхын багтрааны өвчин хөдлөл, чонон хөрвөс, бронхын агчил, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл зэрэг харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс
· Кетопрофен болон бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүс
· Жирэмсний сүүлийн 3 сар
· Хүнд явцтай зүрхний дутагдал
· Цочмог явцтай идэгдмэл шархлаа, түүнчлэн ходоод гэдэсний цус алдалт, шархлаа, цооролтын өгүүлэмжтэй хүмүүс
· Цусархаг эмзэгшил
· Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал
· Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал
· Тархины судасны буюу эсвэл бусад идэвхтэй цус алдалт
(Зөвхөн булчинд тарьж хэрэглэхэд зориулагдсан)
Цусны бүлэгнэлтийн өөрчлөлт буюу эсвэл цусны бүлэгнэлтийг саатуулах эмчилгээ хийлгэсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Онцгой анхааруулга ба болгоомжлол
Ууж хэрэглэдэг кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулах эм (варфарин), серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг эм, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм (ацетилсалицилын хүчил), никорандил зэрэг цус алдалт, шархлааны илрэлийн эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлтэй хамт онцгой болгоомжтой хэрэглэх хэрэгтэй (“эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).
Стероид бус үрэвслийн эсрэг бусад эмтэй (ЦОГ-2 ферментийг сонгомлоор хориглогч эмийг оруулаад) хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт нь нас баралтанд хүргэж болох ба стероид бус үрэвслийн эсрэг бүх эмийн хувьд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоол боловсруулах замын хүнд явцтай өвчний өгүүлэмжтэй буюу эсвэл урьдал шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүйгээр эмчилгээний ямар ч үед үүсэж болно.
Кетонал бэлдмэлийг ялангуяа өндөр тунгаар хэрэглэх нь хоол боловсруулах замын хүнд хэлбэрийн хортой нөлөөний эрсдэл ихсэхтэй холбоотой байж болно (“хэрэглэх арга, тун” ба “цээрлэлт” гэсэн хэсгийг үз).
Стероид бус үрэвслийн эсрэг эмийн тунг ихэсгэх үед болон шархлаа өвчний өгүүлэмжтэй өвчтөн (ялангуяа цооролт, цус алдалтаар хүндэрсэн) (“цээрлэлт” гэсэн хэсгийг үз), түүнчлэн өндөр настан зэрэгт хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт үүсэх эрсдэл ихэсдэг. Эдгээр өвчтөний эмчилгээг хамгийн бага тунгаар эхлүүлнэ.
Эдгээр өвчтөнд болон хоол боловсруулах замын хүндрэлийн эрсдлийг ихэсгэдэг бусад эмийн бэлдмэл буюу ацетилсалицилын хүчлийг бага тунгаар хамт хэрэглэж байгаа өвчтөнд хамгаалах эмийн бэлдмэлийг (жишээ нь мизопростол, протоны шахуургыг хориглогч гэх мэт) хавсарч хэрэглэх хэрэгтэй (“эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).
Хоол боловсруулах замын зүгээс хордуулах нөлөө илэрсэн өгүүлэмжтэй өвчтөн (ялангуяа настай өвчтөн) ходоод гэдэсний замын ямар нэгэн ер бусын шинж (хоол боловсруулах замын цус алдалт) илэрвэл (ялангуяа эмчилгээний эхэнд) мэдэгдэх хэрэгтэй.
Өндөр настай хүмүүст стероид бус үрэвслийн эсрэг эмийн гаж нөлөө илүү үүсдэг бөгөөд ялангуяа ходоод гэдэсний цус алдалт ба цооролт зэрэг нь үхэлд хүргэж болно (хэрэглэх арга, тун гэсэн хэсгийг үз).
Биеийн жин бага хүмүүст хоол боловсруулах замын цус алдалт үүсэх харьцангуй эрсдэл ихсэнэ.
Хэрэв Кетонал бэлдмэлийн эмчилгээний суурин дээр хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа үүсвэл бэлдмэлийг зогсоох хэрэгтэй.
Маш ховор тохиолдолд стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотойгоор эксфолиатив дерматит, Стивенс Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил зэрэг хүнд явцтай арьсны урвал (тэдгээрээс зарим нь нас баралтаар төгсдөг) илэрсэн талаар тэмдэглэгдсэн (“гаж нөлөө” гэсэн хэсгийг үз). Эдгээр урвал үүсэх эрсдэл ээлж эмчилгээний эхэнд өндөр байдаг бөгөөд ихэнх тохиолдолд эмчилгээний эхний сард үүснэ.
Кетонал бэлдмэлийг арьсны тууралт, салст бүрхүүлийн гэмтэл, харшлын урвалын бусад шинжийн эхний шинж тэмдэг илрэх үед зогсооно.
Стероид бус үрэвслийн эсрэг зарим эмийг (ялангуяа өндөр тунгаар болон удаан хугацаагаар хэрэглэх үед) хэрэглэх нь артерийн судасны бүлэнгийн (жишээ нь зүрхний булчингийн шигдээс, цус харвалт) эрсдэл ихсэхтэй холбоотой байж болно. Кетоналын хувьд ийм эрсдлийг үгүйсгэх мэдээлэл хангалтгүй байдаг.
Гол судас ба титэм судас холбох хагалгаа хийх үеийн мэс заслын үеийн өвдөлтийн эмчилгээнд аспирины бус стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэж багаа өвчтөнд артерийн судасны бүлэн үүсэх эрсдэл нэмэгдсэн талаар мэдээлэгдсэн байдаг.
Хоол боловсруулах замын өвчний (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) өгүүлэмжтэй өвчтөнд стероид бус үрэвслийн эсрэг эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Учир нь тэдгээр өвчтөнд эдгээр өвчин сэдэрч болзошгүй. (“гаж нөлөө” гэсэн хэсгийг үз).
Зүрхний дутагдал, элэгний хатуурал, нефроз хам шинжтэй өвчтөн, шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөн, бөөрний архаг дутагдалтай өвчтөн, ялангуяа настангуудын бөөрний үйл ажиллагааг эмчилгээний эхэнд сайтар хянах шаардлагатай. Эдгээр өвчтөнд Кетонал бэлдмэлийг хэрэглэснээр простагландины нийлэгжилт дарангуйлагдсаны уулмаас бөөрний цусны урсгал багасаж улмаар бөөрний үйл ажиллагааны ээнэгшилгүйдэлд хүргэж болно.
Артерийн гипертензи ба хөнгөн болон дунд зэргийн явцтай зүрхний зогсонгишилт дутагдлын өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжлол шаардагддаг. Учир нь стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэх үед шингэн хуримтлагдах ба хаван үүсдэг талаар тэмдэглэгдсэн байдаг.
Кетонал бэлдмэл нь халуурах зэрэг халдварт өвчний шинж тэмдгийг далдалж болно.
Элэгний өвчний өгүүлэмжтэй буюу эсвэл элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэвийн хэмжээнээс хазайсан өвчтөний цусан дахь трансаминазын түвшинг ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед үе үе хянах хэрэгтэй.
Кетонал бэлдмэлийг хэрэглэх үед эмэгтэйчүүдийн нөхөн үржих чадвар багасаж болох ба иймээс түүнийг жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.
Жирэмслэхэд хүндрэлтэй байгаа эмэгтэйчүүд буюу эсвэл үргүйдлийн улмаас шинжилгээнд орж буй эмэгтэйчүүд Кетонал бэлдмэлийг зогсоохыг анхаарах хэрэгтэй.
Хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, дайвар хөндийн архаг үрэвсэл, хамрын уйланхай зэрэг эмгэгтэй хавсарсан бронхын багтраатай өвчтөнд ацетилсалицилын хүчил буюу стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэхэд бусад өвчтөнтэй харьцуулахад харшлын урвал илрэх магадлал өндөр байдаг байна.
Кетонал бэлдмэлийг хэрэглэснээр бронхын багтраа болон бронхын агчлын өвчин хөдлөлийг үүсгэж (ялангуяа ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг эмэнд харшилтай өвчтөнд) болно. (“цээрлэлт” гэсэн хэсгийг үз)
Кетоналын удаан хугацааны эмчилгээний үед цусны дүрст элементүүд, түүнчлэн элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах хэрэгтэй.
Ялангуяа чихрийн шижин, цусан дахь калийн хэмжээг ихэсгэдэг бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа өвчтөний цусан дахь калийн хэмжээ ихсэж болно (эмийн болон бусад эмийн харилцан үйлчлэл“ гэсэн хэсгийг үз). Энэ тохиолдолд цусан дахь калийн хэмжээг тогтмол хянах шаардлагатай.
(Зөвхөн судсанд тарьж хэрэглэхэд зориулагдсан)
Хүчтэй өвдөлтийн үед кетопрофеныг морфины уламжлалын бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.
Бэлдмэлийн туслах бодистой холбоотой мэдээлэл
Бэлдмэл 12,3 эзлэхүүн % этанол агуулдаг. 2мл бүрд 200мг этанол агуулагддаг. Архины хамааралтай хүмүүст хортой. Этанолын (спирт) агууламжийг жирэмсэн ба хөхүүл эхчүүд, хүүхэд, эрсдэл бүлгийн өвчтөн (элэгний өвчтэй болон эпилепситэй) зэрэгт хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.
Бэлдмэл 1ммоль/ампул (23мг)-с бага хэмжээний натри агуулдаг учир натри агуулдаггүй гэж үзэж болно.
2мл бэлдмэлд 40мг бензилийн спирт (Е519) ба 800мг пропиленгликоль агуулагддаг. Бензилийн спирт нь харшлын урвал үүсгэж болно.
Этанол зэрэг алкогольдегидрогеназа ферментээр хувирдаг ямар нэгэн бодистой хамт хэрэглэвэл 5-аас бага насны хүүхдэд гаж нөлөө үүсгэж болно.
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсний эхний ба 2 дахь 3 сард зайлшгүй шаардлагагүй бол бэлдмэлийг хэрэглэхгүй.
Хэрэв жирэмслэх гэж оролдож байгаа буюу эсвэл жирэмсний эхний болон 2 дахь 3 сард байгаа эмэгтэй Кетонал бэлдмэл хэрэглэвэл аль болох бага тунгаар аль болох богино хугацаагаар хэрэглэнэ. Учир нь простагландины нийлэгжилтийг дарангуйлснаар жирэмсэн үе болон ураг/үр хөврөлийн хөгжилд сөргөөр нөлөөлж болно.
Жирэмсний 3 дахь 3 сард Кетонал бэлдмэл эсрэг заалттай. (зүрх уушги хордуулах болон бөөр хордуулах, эх ба ургийн цус гоожих хугацаа уртсах, умайн агшилт дарангуйлагдах зэрэг эрсдэлтэй)
Бэлдмэл хөхний сүүнд нэвтэрдэг талаар мэдээлэл байдаггүй учир хөхүүл эхчүүдэд Кетонал бэлдмэлийг хэрэглэхгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл нь нойрмоглох, толгой эргэх, хараа өөрчлөгдөх, таталдаа үүсэх зэрэг гаж нөлөө үүсгэж болзошгүй учир энэ тохиолдолд машин механизмтай ажиллахгүй ба тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй.
Хэрэглэх арга, тун:
Бэлдмэл нь тарьж хэрэглэхэд зориулагдсан.
Хэрэв бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг арилгахад шаардагдах хамгийн бага эмчилгээний тунгаар, хамгийн бага хугацаагаар хэрэглэвэл гаж нөлөө нь багасаж болно.
Кетопрофены хоногийн дээд тун нь 200мг. Кетопрофеныг хоногт 200мг-р хэрэглэх эмчилгээг эхлэхийн өмнө эмчилгээний ашигтай үр нөлөө болон илэрч болох эрсдлийг сайтар харьцуулж үзэх хэрэгтэй. Илүү өндөр тунгаар хэрэглэхгүй. (“онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Зөвлөж буй тун
Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны өсвөр насныханд хэрэглэх тун:
Хоногийн дээд тун нь 200мг. Тарилгыг 3-аас олон өдөр хэрэглэхгүй. Эмчилгээний хангалттай үр нөлөө илрэх үед Кетоналын ууж хэрэглэхэд зориулсан хэлбэрийг хэрэглэнэ.
Булчинд тарих
100мг тунгаар хоногт 1-2 удаа булчинд тарьж хэрэглэнэ.
Шаардлагатай үед бэлдмэлийг кетопрофены ууж, шулуун гэдсэнд хийж, арьсанд түрхэж хэрэглэдэг эмийн хэлбэрүүдтэй хамт хэрэглэж болно.
Судсанд тарьж хэрэглэх
Кетоналыг зөвхөн эмнэлгийн нөхцөлд судсанд дуслаар тарина. Тарилга 0,5-1 цаг, ээлж эмчилгээ 2 өдөр хүртэл үргэлжилнэ.
Богино хугацааны судсанд дуслаар тарих эмчилгээ
100-200мг кетопрофеныг 100мл 0,9% натрийн хлоридын уусмалд шингэрүүлж 0,5-1 цагийн турш тарина.
Удаан хугацааны судсанд дуслаар тарих эмчилгээ
100-200мг кетопрофеныг 500мл судсанд дуслаар тарихад зориулсан уусмалаар (0,9% натрийн хлоридын уусмал, Рингер лактат, глюкозын уусмал) шингэрүүлж 8 цагийн турш тарина.
Кетоналыг төвийн үйлдэлтэй өвдөлт намдаах эмтэй хавсарч хэрэглэж болно. Түүнийг морфинтой 1 флаконд хольж болно. 10-20мг морфин ба 100-200мг кетопрофеныг 500мл 0,9% натрийн хлоридын уусмал буюу эсвэл Рингер лактатын уусмалаар шингэрүүлнэ.
Өндөр настангууд
Өндөр настай өвчтөнд илрэх гаж нөлөө нь хүнд явцтай үр дагаварт илүү хүргэж болно. Өндөр настангуудад эмчилгээг хамгийн бага эмчилгээний тунгаар эхэлж хэрэглэхийг зөвлөнө.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн:
Бөөрний үйл ажиллагааны дунд зэргийн өөрчлөлттэй (креатинины клиренс 0,33мл/сек (20мл/мин)-с бага) болон альбумины түвшин бага элэгний архаг өвчтэй өвчтөнд бэлдмэлийн тунг багасгана.
Хүнд явцтай элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд кетоналыг хэрэглэхгүй.
Хүүхэд ба өсвөр насныхан: бэлдмэлийг 15 хүртэл насны хүүхдэд хэрэглэхгүй.
Болгоомжлол
Трамадол болон кетоналыг дуслын 1 шингэнд (1 флаконд) холихгүй. Учир нь тунадас үүсдэг.
Дуслын флаконыг хар цаас буюу эсвэл хөнгөн цагаан фольгигоор ороож бооно. Учир нь кетопрофен гэрэлд мэдрэг байдаг.
1 удаа хэрэглэхэд зориулагдсан. Хэрэглэгдээгүй үлдсэн бэлдмэл болон хогийг тухайн газрын шаардлагын дагуу хаяж устгана.
Гаж нөлөө:
Гаж нөлөө үүсэх давтамжийн ангилал (давтамжийн үзүүлэлт нь зөвхөн ууж хэрэглэх аргад хамаарна):
Байнга илрэх (≥1/10), олонтаа илрэх (≥1/100 <1/10), хааяа илрэх (≥1/1000 <1/100) ховор илрэх (≥1/10000, <1/1000), маш ховор илрэх (<1/10000), давтамж тодорхойгүй (давтамжийг байгаа мэдээллээс тогтоох боломжгүй)
Кетопрофеныг хэрэглэх үед насанд хүрэгсэд дараах гаж нөлөө илэрч болно.
Цус ба тунгалгийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: цус алдалтын дараах цус багадалт
Давтамж тодорхойгүй: агранулоцитоз, тромбоцитын тоо цөөрөх, цус задралын цус багадалт, лейкоцитын тоо цөөрөх.
Дархлалын системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: анафилаксын урвал (шокыг оруулаад)
Бодисын солилцоо ба тэжээлийн зүгээс илрэх өөрчлөлт
Давтамж тодорхойгүй: цусан дахь натрийн хэмжээ багасах, цусан дахь калийн хэмжээ ихсэх (“онцгой анхааруулга ба болгоомжлол” ба “эмийн ба бусад хэлбэрийн харилцан үйлчлэл” гэсэн хэсгийг үз).
Сэтгэцийн зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: ухаан балартах, сэтгэл санаа тогтворгүй болох
Мэдрэлийн системийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа илрэх: толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох
Давтамж тодорхойгүй: бактерийн бус гаралтай менингит, таталдаа, тэнцвэрийн шалтгаант толгой эргэх
Харааны эрхтний зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: нүд бүрэлзэх (“онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Сонсгол ба тэнцвэрийн эрхтний зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: чих шуугих
Зүрхний зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: зүрхний дутагдал
Судасны зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: артерийн гипертензи, судасны үрэвсэл (лейкоцитокластик васкулит).
Амьсгалын систем, цээжний хөндийн эрхтэн, голтын зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: бронхын багтраа
Давтамж тодорхойгүй: бронхын агчил (ялангуяа ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бусад эмэнд харшилтай өвчтөн), хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
Хоол боловсруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Олонтаа: дотор муухайрах, бөөлжих
Хааяа: өтгөн хатах, суулгах, ходоодны үрэвсэл
Ховор: амны хөндийн үрэвсэл, идэгдмэл шархлаа.
Давтамж тодорхойгүй: ходоод гэдэсний цус алдалт, цооролт, нойр булчирхайн үрэвсэл, хоол боловсруулах замын хямрал, ходоод өвдөх, ховор тохиолдолд бүдүүн гэдэсний үрэвсэл
Элэг ба цөс дамжуулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Ховор: элэгний үрэвсэл, элэгний үрэвслийн улмаас цусан дахь билирубин ихсэх, трансаминазын түвшин ихсэх.
Арьс ба арьсан доорх эдийн зүгээс илрэх өөрчлөлт:
Хааяа: тууралт, загатнаа
Давтамж тодорхойгүй: гэрэлд мэдрэгших урвал, үс унах, чонон хөрвөс, архаг чонон хөрвөс сэдрэх, судас мэдрэлийн хаван, Стивенс Джонсоны хам шинж ба эдидермийн хордлогот үхжил, цочмог явцтай трахмал экзантематоз пустулез зэрэг цэврүүт урвал.
Бөөр ба шээс ялгаруулах замын зүгээс илрэх өөрчлөлт:
Давтамж тодорхойгүй: бөөрний цочмог дутагдал, бөөрний сувганцар, завсрын эдийн үрэвсэл. бөөрний үрэвслийн хам шинж, хаван үүсгэж болзошгүй ус ба натри хуримтлагдах, бөөрний цочмог дутагдал үүсгэх бөөрний органик гэмтэл (ганц нэг тохиолдолд сувганцар болон хөхлгийн цочмог үхжил илэрсэн талаар мэдээлэгдсэн).
Ерөнхий өөрчлөлт ба хэрэглэсэн хэсэгт илрэх өөрчлөлт:
Хааяа: хаван
Давтамж тодорхойгүй: тарьсан хэсэгт хорсох ба өвдөх, хэрэглэсэн хэсэгт урвал илрэх (Николау-ын хам шинж шиг ливедоид дерматитыг оруулаад)
Стероид бус үрэвслийн эсрэг зарим эмийг хэрэглэснээр (ялангуяа өндөр тунгаар ба удаан хугацаагаар) артерийн судасны бүлэнтэх эмгэгийн эрсдэл (жишээ нь зүрхний булчингийн шигдээс ба цус харвалт) ихсэж болно (“онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз).
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Насанд хүрэгсдийн тун хэтрэлтийн үндсэн шинжид толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчмоор өвдөх зэрэг шинж хамаарна. Хүнд явцтай хордлогын үед артерийн даралт буурах, амьсгал дарангуйлагдах, хоол боловсруулах замын цус алдалт ажиглагдаж болно.
Өвчтөнг яаралтай эмнэлэгт хэвтүүлэх ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өвөрмөц антидот байдаггүй.
Эмийн болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл:
Хэрэглэж болохгүй хослол:
Стероид бус үрэвслийн эсрэг бусад эм (циклооксигеназ-2-ыг сонгомлоор хориглогчийг оруулаад) ба салицилат өндөр тунгаар: хоол боловсруулах замын цус алдалт болон шархлаа үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
Цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл:
· Цус алдах эрсдэл ихсэнэ:
· Гепарин
· Витамин К-ын антагонист (жишээ нь варфарин)
· Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг хориглогч (жишээ нь тиклопидин, клопидогрел)
· Тромбиныг саатуулагч (жишээ нь дабигатран)
· Ха хүчин зүйлийг шууд саатуулагч (жишээ нь апиксабан, ривароксабан, эдоксабан)
Хэрэв хамт хэрэглэх шаардлага гарвал эмнэлгийн нарийн хяналт шаардагдана.
Литий: цусан дахь литийн түвшин ихсэх эрсдэл нь хааяа бөөрөөр ялгарах литийн хэмжээ багассаны улмаас хортой хэмжээнд хүрч болно. Шаардлагатай үед цусан дахь литийн хэмжээг сайтар хянах ба стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний үед болон эмчилгээний дараа литийн тунг тохируулна.
Метотрексатыг 7 хоногт 15мг-с их тунгаар хэрэглэх: Ялангуяа түүнийг өндөр тунгаар (>15мг/7 хоног) хэрэглэж байгаа үед цусны сийвэнгийн уургаас метотрексатыг шахаж гаргах болон түүний бөөрний клиренс багассанаас метотрексатын цус хордуулах эрсдэл ихсэнэ. Кетопрофены эмчилгээг эхлэх буюу эсвэл дуусах болон метотрексатын эмчилгээний хоорондох зай 12 цагаас багагүй байх хэрэгтэй.
Болгоомжлол шаардлагатай хослол:
Шээс хөөх эм: шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөнд (ялангуяа усгүйжилд орсон өвчтөн) простагландины нийлэгжил дарангуйлагдсаны улмаас бөөрний цусны урсгал багассантай холбоотойгоор хүнд явцтай бөөрний дутагдал үүсэх эрсдэл ихэсдэг. Иймээс өвчтөнд эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэж эхлэхээс өмнө шингэнийг хангалттай нөхөх шаардлагатай ба эмчилгээний эхэнд бөөрний үйл ажиллагааг хянана. (“онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл ба ангиотензин II-ын рецепторыг хориглогч: Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд (жишээ нь усгүйжилд орсон болон өндөр настай өвчтөн) ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл буюу эсвэл ангиотензин II-ын рецепторыг хориглогч эм ба циклооксигеназыг саатуулагч бэлдмэлийг хамт хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаа улам муудах ба бөөрний цочмог дутагдалд хүргэж болно.
Метотрексатыг 7 хоногт 15мг-с бага тунгаар хэрэглэх:
Хавсарсан эмчилгээний эхний 7 хоногт цусны дэлгэрэнгүй үзүүлэлтийг долоо хоногт 1 удаа хянах шаардлагатай. Бөөрний үйл ажиллагааны ямар нэгэн өөрчлөлттэй үед болон өндөр настай өвчтөнд илүү олонтаа хянах хэрэгтэй.
Тенофовир: тенофовир дизопроксилын фумарат болон стероид бус үрэвслийн эсрэг эмийг хамт хэрэглэхэд хүнд явцтай бөөрний дутагдал үүсэх эрсдэл нэмэгдэж болно.
Никорандил: никорандил болон стероид бус үрэвслийн эсрэг эмийг хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын шархлаа, цус алдалт, цооролт зэрэг хүнд явцтай хүндрэлийн эрсдэл нэмэгдэж болно (“онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз).
Зүрхний гликозид: кетопрофен болон дигоксины хооронд фармакокинетикийн харилцан үйлчлэл ажиглагдаагүй. Гэвч ялангуяа бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжлох хэрэгтэй. Учир нь стероид бус үрэвслийн эсрэг эм нь бөөрний үйл ажиллагааг багасгах ба зүрхний гликозидын бөөрний клиренсийг мөн багасгадаг.
Зайлшгүй анхаарах хослол:
Цусны даралт бууруулах эм (бета-адреноблокатор, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч, шээс хөөх эм): Кетопрофен цусны даралт бууруулах эмийн үйлдлийг сулруулна. (стероид бус үрэвслийн эсрэг эм нь судас өргөсгөх простагландины нийлэгжилтийг дарангуйлна)
Бүлэн хайлуулах бэлдмэл: цус алдах эрсдэл ихсэнэ.
Серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч бэлдмэл: хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл нэмэгдэнэ. (“онцгой анхааруулга ба болгоомжлол” гэсэн хэсгийг үз)
Цусан дахь калийн хэмжээ ихсэхтэй холбоотой эрсдэл
Жишээ нь калийн давс, кали хөөдөггүй шээс хөөх эм, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч ба ангиотензин II-ын рецепторыг хориглогч, стероид бус үрэвслийн эсрэг эм, гепарин (нам молекульт болон фракцжуулаагүй), циклоспорин, такролимус, триметоприм зэрэг бүхэл бүтэн эмчилгээний ангиллын болон олон бэлдмэлүүд цусан дахь калийн хэмжээг ихэсгэдэг. Цусан дахь калийн хэмжээ ихсэх нь нэмэлт хүчин зүйл байгаа эсэхээс хамаарч болно. Пээр дурьдсан бэлдмэлийг хамт хэрэглэсэн тохиолдолд эрсдэл нэмэгддэг.
Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах үйлдэлтэй холбоотой эрсдэл
Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулах зарим бэлдмэлтэй (тирофибан, эптифибарид, абциксимаб, илопроста) хамт хэрэглэх үед харилцан үйлчлэл илэрч болно. Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгах зарим бэлдмэлтэй хамт хэрэглэх үед цус алдах эрсдэл нэмэгддэг.
Түүнчлэн мэдээлэл авах шаардлагатай хослол:
Циклоспорин, такролимус: ялангуяа өндөр настай өвчтөнд бөөр хордуулах нэмэлт нөлөө үүсэх эрсдэлтэй.
Савлалт:
2мл гонзгой хэлбэртэй, бараан өнгийн шилэн ампул.
Савлалтын хэмжээ: 10 ампул
Хадгалалт:
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
25°С-аас доош хэмд хадгална.
Хүчинтэй хугацаа:
3 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жороор олгоно.
Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч ба Үйлдвэрлэгч
Лек д,д., Веровшкова 57, Любляна, Словени - Сандоз групийн компани
Эмийн зааврын хяналт
2018 оны 11 сар
Хэрэглэгчийн хүсэлтийг <<Сандоз>> компаний тухайн газрын салбарт буюу эсвэл drugsafety.cis@novartis.com шуудангийн хаяг руу гаргана.