Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Миг 2% суспенз
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
Berlin Chemie AG /Menarini Group/
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
100мг/5мл - 100мл
Эмийн хэлбэр
ууж хэрэглэх хөвмөл
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

МИГ2% хөвмөл 20 мг/мл, ууж хэрэглэх зориулалттай хөвмөл

5кг (6 сар) –аас 29 кг (9нас) биеийн жинтэй хүүхдүүдэд зориулсан бэлдмэл.

Ибупрофен

Тухайн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө энэхүү эм хэрэглэх зааврын анхааралтай уншиж танилцана уу, учир нь Танд хэрэгтэй, чухал мэдээлэл агуулж байгаа.

Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт заасны дагуу, эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны зааврыг хатуу баримтлан баримтлан хэрэглэх хэрэгтэй.

  • Дахин унших шаардлагатай болж болзошгүй учраас эм хэрэглэх энэхүү зааврыг хадгалаарай
  • Хэрэв танд нэмэлт мэдээлэл эсвэл зөвлөгөө хэрэгтэй бол эмийн сангийн ажилтантай зөвлөөрэй.
  • Ямар нэг гаж нөлөө илэрсэн тохиолдолд өөрийн эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хандах хэрэгтэй. Үүнд бүх төрлийн гаж нөлөө, ялангуяа энэхүү зааварт дурьдагдаагүй гаж нөлөөний урвалуудыг оруулна. 4-р хэсгийг үзнэ үү.
  • Хэрэв өвчний шинж тэмдэг хүндрэх, эсвэл 3 хоногийн дотор сайжрал ажиглагдахгүй бол эмчид хандана уу.

Эм хэрэглэх зааврын агуулга:

1.     МИГ2% хөвмөл гэж юу болох, ямар зорилгоор түүнийг хэрэглэх вэ?

2.     МИГ2% хөвмөл эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?

3.     МИГ2% хөвмөл бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?

4.     Илэрч болзошгүй гаж нөлөө

5.     МИГ2% хөвмөл эмийн бэлдмэлийн хадгалах нөхцөл

6.     Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл

1.       МИГ 2% хөвмөл гэж юу болох, ямар зорилгоор түүнийг хэрэглэх вэ?

МИГ 2% хөвмөл нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, халуун бууруулах  үйлдэлтэй эмийн бэлдмэл (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэл, СБҮЭБ) юм.

МИГ 2% хөвмөлийг богино хугацааны, шинж тэмдгийн эмчилгээнд дараах тохиолдолд хэрэглэнэ:

  • Халууралт
  • Хөнгөн болон дунд зэргийн өвдөлт

МИГ 2% хөвмөлийг 5кг (6 сартай)-аас 29 кг (9 настай) жинтэй хүүхдийн эмчилгээнд хэрэглэх зориулалттай. 

2.         МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэж болохгүй:

-            Хэрэв таны хүүхэд ибупрофен эсвэл энэ эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист харшилтай бол (6-р хэсэгт бичигдсэн бодисууд),

-            Өмнө нь ацетилсалицилын хүчил (АСХ) хэрэглэсэний дараа эсвэл бусад өтрлийн стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдэд харшил өгч дараах шинж тэмдэг илэрч байсан бол:

-            Гуурсан хоолойн агчил

-            Гуурсан хоолойн багтраа

-            Хамрын салст бүрхүүлийн хаван

-            Арьсны урвалууд (улайлт, хаван, тууралт зэрэг)

-            Тодорхойгүй шалтгааны улмаас цус нөхөн төлжилтийн алдагдал

-            Өмнө нь ходоод/12 хуруу гэдэсний шархлаатай байсан, эсвэл одоо байгаа, эсвэл цус алдаж байсан (шархлаат өвчний хоёр буюу түүнээс дээш удаа сэдэрч байсан эсвэл цус алдаж байсан),

-            Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг өмнө нь хэрэглэсэнтэй холбоотой ходоод/нарийн гэдэсний цус алдалт эсвэл шарх цоорч байсан,

-            Хэрэв тархины цус харвалт (тархины судасны цус алдалт) эсвэл бусад хэлбэрийн цус алдалт идэвхитэй байгаа,

-            Хэрэв бөөрний үйл ажиллагааны эсвэл элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдалтай,

-            Хүнд хэлбэрийн зүрхний дутагдалтай,

-            Илэрхий усгүйжилттэй (бөөлжилт, суулгалт эсвэл хангалтгүй хэмжээний шингэн хэрэглэсэнтэй холбоотой),

-            Жирэмсний сүүлийн гурван сартайд хэрэглэхийг хориглоно.

Анхааруулга ба сэрэмжлүүлэг

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтанд хандаж зөвлөгөө аваарай.

Эмийн бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг арилгах эмчилгээний хамгийн бага тунгаар, хамгийн богино хугацаанд хэрэглэсэн тохиолдолд илэрч болзошгүй гаж нөлөө хамгийн бага түвшинд илрэх хүртэл бууруулж болно.

Хоол боловсруулах замын хувьд аюулгүй байдал

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг ЦОГ-2 хориглогч (циклооксигеназа-2-ийг сонгомлоор хориглогч) гэж нэрлэгддэг СБҮЭБ-үүдтэй хавсарч хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Ахимаг насны өвчтөн:

Ахимаг настай хүмүүс стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл (СБҮЭБ) хэрэглэхэд гаж нөлөө, ялангуяа амь насанд аюул учруулж болзошгүй ходоод гэдэсний цус алдалт, шарх цоорох зэрэг хүндрэл  илрэх давтамж илүү өндөр байдаг. Тийм учраас ахимаг настай хүмүүст эмчийн маш нарийн хяналтан дор эмчилгээг хийх хэрэгтэй.

Ходоод гэдэсний цус алдалт, шарх үүсэлт эсвэл шарх цоорох зэрэг амь насанд аюултай хүндрэлүүд аль ч төрлийн СБҮЭБ эмчилгээний ямар ч шатанд, урьдал шинж тэмдэг эсвэл хоол боловсруулах замын талаас ноцтой эмгэг өвчний түүхэнд байсан эсэхээс үл хамаараад илэрч болзошгүй байдаг.

Өвчний түүхэндээ цус алдалт эсвэл шарх цооролтын хүндрэлтэй байсан өвчтөнд (“МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэж болохгүй тохиолдлууд” 2-р хэсгийг үзнэ үү) болон ахимаг насны өвчтөнд СБҮЭБ-ийн тунг нэмэгдүүлэхэд ходоод гэдэснээс цус алдах, шарх үүсэх, цоорох эрсдэл улам нэмэгддэг. Ийм хүмүүст эмчилгээг байж болох хамгийн бага тунгаар эхлүүлнэ.

Эдгээр өвчтөнд болон ацетилсалицилын хүчлийг (АСХ) бага тунгаар эмчилгээнд хэрэглэх шаардлагатай, эсвэл хоол боловсруулах замын талаас эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэл хэрэглэх шаардлагатай  өвчтөнд мизопростол эсвэл протоны шахуургыг хориглогчид зэрэг хамгаалах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэх боломжийг судлаж үзэх хэрэгтэй.

Хэрэв өмнө нь таны хүүхдэд ходоод гэдэсний талаас гаж нөлөө илэрч байсан бол хоол боловсруулах замын талаас, ялангуяа эмчилгээний эхний шатанд илрэх дурын таагүй шинж тэмдгийн талаар (юуны түрүүнд ходоод гэдэсний цус алдалт) эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.

Хэрэв таны хүүхэд ууж хэрэглэдэг кортикостероидууд, цус бүлэгнэлтийн эсрэг эмүүд болох варфарин, сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг серотонины эргэн шимэгдэлтийг сонгомлоор саатуулагч эсвэл тромбоцитын эсрэг бэлдмэл болох ацетилсалицилын хүчил зэрэг шарх эсвэл цус алдалт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэлийг хавсран хэрэглэж байгаа бол онцгой болгоомжтой хандах хэрэгтэй (“Бусад эмийн бэлдмэлийн хэрэглээ” 2-р хэсгийг үзнэ үү).

Хэрэв эмчилгээний явцад таны хүүхдэд цус алдалт, ходоод эсвэл гэдэсний шарх зэрэг эмгэг илэрвэл МИГ 2% хөвмөл эмчилгээг яаралтай зогсоох хэрэгтэй. Хэрэв таны хүүхдэд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас ямар нэг таагүй шинж тэмдэг илэрвэл энэ талаар яаралтай эмчид мэдэгдэнэ үү.

Өмнө нь хоол боловсруулах замын өвчнөөр (шархлаат колит, Кроны өвчин) өвдөж байсан өвчтөнд стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийг болгоомжтой хэрэглэхгүй бол эдгээр өвчин хүндэрч болзошгүй (“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).

Зүрх судасны тогтолцоо, түүнчлэн тархины судсанд үзүүлэх нөлөө

Ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг/өвдөлт намдаах эмийн бэлдмэлүүдийг өндөр тунгаар хэрэглэхэд зүрхний гэнэтийн өвдөлт (зүрхний булчингийн шигдээс) эсвэл цус харвалт үүсэхэд бага зэрэг нөлөөлж болно. Тиймд зөвлөсөн тунг нэмэгдүүлж, эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгаж болохгүй.

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийн өмнө дараах тохиолдолд эмч болон эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө авах хэрэгтэй:

-  Зүрхний дутагдал, зүрхний бах (цээжний хэнхэрцэг орчмын өвдөлт), хэрэв та зүрхний шигдээс болж байсан зэрэг зүрхний талаас илрэх эмгэгшилтэй, судас холбох хагалгаа хийлгэж байсан, хэрэв та захын артерийн судасны өвчтэй (артерийн судас нарийссан эсвэл бөглөрсний улмаас доод мөчдийн цусны эргэлт муудсан), эсвэл аль нэг төрлийн цус харвалттай (“микроинсульт” эсвэл тархины цусны эргэлтийн түр зуурын алдагдалтай “ТИА”) тохиолдолд,

-  Артерийн даралт ихсэлттэй, чихрийн шижинтэй, холестерины хэмжээ ихэссэн, гэр бүлд зүрхний өвчин, цус харвасан тохиолдолтой, эсвэл та тамхи татдаг бол эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Арьсны урвалууд

СБҮЭБ-ийг хэрэглэсэнтэй холбоотой маш ховор тохиолдох, хүнд зэргийн улайлт, цэврүүтэй, заримдаа амь насанд аюултай арьсны урвалууд (эксфолиатив дерматит, Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил/Лайеллын хам шинж) илэрч байв (“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).

Ихэнх тохиолдолд хүнд хэлбэрийн арьсны урвалууд өвчтөнд эмчилгээний эхэн үед илрэх эрсдэлтэй ба ихэнхдээ эмчилгээний эхний сард дээрх урвалууд илэрдэг байна.

Арьсны тууралт, салст бүрхүүлийн гэмтэл эсвэл хэт мэдрэгшлийн бусад шинжийн  эхний шинж тэмдэг илрэхэд МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож эмчид хандах хэрэгтэй.

Салхин цэцгийн үед МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Бусад сануулга

Хэрэв таны хүүхэд дараах эмгэгтэй бол МИГ 2% хөвмөл бэлдмэлийн эмчилгээний ашиг тус болон эрсдлийг сайтар үнэлсний үндсэн дээр хэрэглэх нь зүйтэй:

  • Аутоиммун шалтгаантай тодорхой алдагдлууд байгаа бол (тогтолцооны чонон яр, холимог хэлбэрийн коллагенозууд), энэ тохиолдолд тархины бүрхүүлүүдийн халдварын бус гаралтай үрэвслийн шинж тэмдэг илрэх эрсдэл нэмэгддэг (асептик менингит)(“Илэрч болзошгүй гаж нөлөө” 4-р хэсгийг үзнэ үү).
  • Цус төлжүүлэх тогтолцооны ямар нэг удамшлын гаралтай эмгэг байгаа бол (жишээ нь цочмог дахилтат порфири).

Дараах тохиолдолд эмчийн маш нарийн хяналт шаардагдана:

-         Бөөр эсвэл элэгний үйл ажиллагааны алдагдал

-         Том хэмжээний мэс ажилбарын дараа

-         Харшлын үед (жишээ нь: эмийн бэлдмэлийн нөлөөгөөр үүсэх арьсны урвал, гуурсан хоолойн багтраа, тоосонцорын харшил), хамрын салст бүрхүүлийн архаг хаван эсвэл амьсгалын замын нарийсалт бүхий  амьсгалын замын архаг өвчин,

-         Усгүйжилт (хүүхэд, өсвөр үеийнхэнд усгүйжилтийн үед бөөрний талаас  үйл ажиллагааны алдагдал илрэх эрсдэл их болно).

-           Хэт мэдрэгшилийн хүнд хэлбэрийн цочмог урвалууд (жишээ нь анафилаксийн шок) тохиолдох нь маш ховор. МИГ 2% хөвмөл бэлдмэл хэрэглэсэний дараа хэт мэдрэгшилийн эхний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ эмчилгээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй.

-           МИГ 2% хөвмөл бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис болох ибупрофен тромбоцитын идэвхийг (тромбоцитын агрегацийг) түр хугацаагаар хориглож болно. Тийм учраас цус бүлэгнэлтийн алдагдалтай өвчтөнүүд нарийн хяналтанд байх шаардлагатай. 

-           МИГ 2% хөвмөл бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэх тохиолдолд элэг болон бөөрний үйл ажиллагаа болон цусны дэлгэрэнгүй шинжилгээг тогтмол хянаж байх шаардлагатай.

-           МИГ 2% хөвмөл бэлдмэлийг мэс ажилбарын өмнө хэрэглэх бол эмчлэгч эмч болон шүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

-           Толгойн өвдөлтийн үед хэрэглэдэг өвдөлт намдаах дурын бэлдмэлийг урт хугацаагаар хэрэглэх нь өвдөлт хүчтэй болоход нөлөөлдөг. Хэрэв та ийм тохиолдолд байна гэж итгэж байгаа эсвэл таамаглаж байгаа бол эмчилгээг зогсоож эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Их хэмжээний эмийн бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотой толгой өвдсөн гэсэн таамаглал нь өвдөлт намдаах эм хэрэглэхээс үл хамаараад байнга, өдөр тутам толгой нь өвдөж, үүний улмаас тогтмол эм хэрэглэдэг хүмүүст их тохиолддог.

-           Бүхэлд нь авч үзвэл өвдөлт намдаах эм хэрэглэх зуршилтай, ялангуяа өвдөлт намдаах хэд хэдэн төрлийн үйлчлэгч бодис хавсарсан эм хэрэглэдэг бол бөөр тогтвортой гэмтэх, улмаар бөөрний дутагдал үүсгэх эрсдэлтэй (“өвдөлт намдаах эмийн гаралтай нефропати”) байдаг.

-           СБҮЭБ, тухайлбал ибупрофен халдвар болон халууралтын шинж тэмдгийг бүдэгрүүлж болзошгүй.

МИГ 2% хөвмөл бэлдмэл болон бусад эмийн бэлдмэлийг хэрэглэх

Хэрэв та бусад эмийн бэлдмэлийг, тэр дотроо жоргүйгээр олгодог бэлдмэлийг одоо хэрэглэж байгаа, эсвэл саявтархан хэрэглэсэн, эсвэл хэрэглэж магадгүй тохиолдолд та эмчлэгч эмч юмуу эмийн сангийн ажилтанд мэдэгдэх хэрэгтэй.

МИГ 2% хөвмөл бэлдмэлийн үйлдэлд зарим бэлдмэлүүд нөлөөлж болно. Нөгөө талаас МИГ 2% хөвмөл бэлдмэл нь мөн зарим эмийн бэлдмэлд нөлөө үзүүлж болно. Жишээ нь:

-            Цус бүлэгнэлтийн эсрэг үйлдэл үзүүлдэг эмийн бэлдмэлүүд (өөрөөр хэлбэл цус задлах, бүлэгнэлтийг саатуулах, жишээ нь аспирин (ацетилсалицилын хүчил), варфарин, тиклопидин),

-            Артерийн даралт бууруулах үйлдэлтэй эмийн бэлдмэлүүд (АХФ-ийг хориглогчид, жишээ нь: каптоприл, бета-блокаторууд, жишээ нь: атенололын бэлдмэл, ангиотензин II-ын рецепторын агонистууд, жишээ нь: лозартан).

Зарим эмийн бэлдмэлүүд МИГ 2% хөвмөл бэлдмэлийн эмчилгээнд нөлөө үзүүлж болно. Нөгөө талаас МИГ 2% хөвмөл бэлдмэл нь мөн зарим эмийн бэлдмэлд нөлөө үзүүлж болно. Тийм учраас МИГ 2% хөвмөл бэлдмэлийг эмчилгээнд бусад эмийн бодистой хавсран хэрэглэхийн өмнө энэ талаар эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөлдөх хэрэгтэй.

Дор бичигдсэн эмийн бэлдмэлүүд эсвэл эмийн бүлгүүдийг МИГ 2% хөвмөл бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд эмийн үйлдэл нь өөрчлөгдөж болно.

Үйлдэл хүчтэй болох ба/эсвэл гаж нөлөө:

-            Дараах бэлдмэлүүдтэй хавсарч хэрэглэхэд цусны сийвэн дэх тэдгээрийн концентраци нэмэгдэнэ:

-            дигоксин (зүрхний агшилтын эзэлхүүнийг нэмэгдүүлдэг бэлдмэл);

-               фенитоин (эпилепсийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл);

-               литий (сэтгэцийн өөрчлөлтийн үед хэрэглэдэг эмийн бэлдмэл)

Литий, дигоксин, фенитоиныг зөв хэрэглэж байгаа үед (хамгийн дээд тал нь 3 хоногийн турш) эдгээр бодисын концентрацийг цусны сийвэнд тодорхойлж хянах шаардлага байхгүй.

-            Варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэл,

-            Метотрексат (хорт хавдрын эмчилгээ болон хэрлэгийн гаралтай тодорхой өвчнүүдийн үед хэрэглэнэ), МИГ 2% хөвмөл бэлдмэлийг метотрексат хэрэглэхээс 24 цагийн өмнө эсвэл дараа хэрэглэж болохгүй. Эс бөгөөс метотрексатын цусны сийвэнгийн концентраци ихсэж түүний гаж нөлөөний эрсдэл нэмэгдэж болзошгүй.

-            Ацетилсалицилын хүчил болон глюкокортикоидууд (кортизон, кортизон төст бэлдмэлүүд) зэрэг үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бусадэмийн бэлдмэлүүд (стероидын бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэлүүд): ходоод/гэдэсний шарх болон цус алдах эрсдэл нэмэгдүүлдэг.

-            Тромбоцитын агрегацийг хориглодог болон серотонины эргэн хамрагдалтыг сонгомолоор хориглогчид(сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл): ходоод/гэдэсний шарх болон цус алдах эрсдэл нэмэгдүүлдэг.

-            Пробенецид эсвэл сульфинпиразин (тулуйн эмчилгээнд ашигладаг) агуулсан бэлдмэлүүд: ибупрофены ялгаралтыг саатуулж болно. Ибупрофен биемахбодод хуримтлагдсаны дүнд түүний гаж нөлөө илрэх эрсдэл нэмэгддэг.

Үйлдэл сулрах:

-            Биеэс шингэн хөөх үйлдэлтэй эмүүд (шээс хөөх), болон ихэссэн артерийн даралт бууруулдаг эмүүд (гипонтензийн эмүүд) нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

-            АХФ-ийг хориглогчид (зүрхний дутагдлын үеийн эмчилгээнд хэрэглэдэг болон ихэссэн артерийн даралт бууруулах эмүүд) нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

-            Ацетилсалицилын хүчил бага тунгаар: ацетилсалицилын хүчлийн бага тунгаар хэрэглэсэн үеийн агрегаци бууруулах үйлдлийг сулруулж болно. 

Илэрч болзошгүй бусад харилцан үйлчлэл:

-            Зидовудин (ДОХ-ын эмчилгээнд хэрэглэдэг эмийн бэлдмэл): ХДХВ-ийн халдвартай, гемофилитэй өвчтөнд үений дотоод цус алдалт болон хөхрөлт үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

-            Циклоспорин (дархлааны урвалыг дарангуйлах, жишээ нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараа, хэрлэг өвчний эмчилгээнд хэрэглэдэг) бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлтэй холбоотой.

-            Такролимус: нь бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

-            Кали хадгалагч шээс хөөх эмүүд (шээс хөөх эмийн өөр нэг төрөл); эдгээрийг ибупрофентай хавсран хэрэглэх тохиолдолд цусны сийвэнгийн калийн концентраци нэмэгдэх эрсдэлтэй.

-            Сульфонилмочевины уламжлалт нэгдлүүд (сахар бууруулдаг эмүүд); бусад СБҮЭБ-тэй харьцуулахад ибупрофен болон сульфонилмочевины уламжлалт нэгдлүүдийн харилцан үйлчлэл бүрэн тодорхой болоогүй байгаа ч тэдгээрийг ибупрофентай хавсран хэрэглэхэд урьдчилан сэргийлэх үүднээс цусны сахарын түвшинг хэмжиж байх хэрэгтэй.

-            Хинолины бүлгийн антибиотикууд: таталт үүсгэх эрсдэл нэмэгдэж болзошгүй.

-            Ибупрофеныг CYP2C9 хориглогч бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэсэн тохиолдолд ибупрофены (CYP2C9-ийн субстрат) үйлчлэл нэмэгдэж болзошгүй. Вориконазол болон фуконазолтай (CYP2C9-ийг хориглогчид) хавсран хэрэглэсэн судалгаагаар S(+)-ибупрофен үйлчлэлийн үзүүлэлтүүд ойролцоогоор 80-100%-иар нэмэгдэж байсан байна. Хэрэв ибупрофеныг  хүчтэй үйлдэлтэй CYP2C9 хориглогчидтой хавсран хэрэглэсэн бол, ялангуяа ибупрофеныг өндөр тунгаар вориконазол болон фуконазолтай хавсран хэрэглэсэн тохиолдолд  ибупрофены тунг бууруулах шаардлагатай.

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг архи согтууруулах ундаатай хавсарч хэрэглэх

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг аль болох архи согтууруулах ундаатай хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь энэ нь гаж нөлөө илрэх эрсдлийг, ялангуяа хоол боловсруулах зам болон төв мэдрэлийн тогтолцооны зүгээс илрэх гаж нөлөөг улам нэмэгдүүлдэг талтай.

Жирэмсэн, хөхүүл үе болон нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх нь

Жирэмсэн, хөхүүл үе болон жирэмсэн болсон байж болзошгүй, эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй үед уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч эсвэл эмнэлгийн ажилтанд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Жирэмсэн

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэж байх үед жирэмсэн болбол энэ талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.

Жирэмсний эхний 6 сартайд ибупрофеныг зөвхөн эмчтэй зөвлөлдсөний дараа л хэрэглэх хэрэгтэй.

Эх болон хүүхдэд хүндрэл өгөх эрсдэл ихэсдэг учраас МИГ 2% хөвмөл бэлдмэлийг жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэж болохгүй.

Үр тогтолт

МИГ 2% хөвмөл бэлдмэл нь эмэгтэйчүүдийн үр тогтоох чадварт сөрөгөөр нөлөөлдөг эмийн бүлэгт (стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл) хамаардаг. Энэ үйлдэл нь эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоосны дараа арилах бөгөөд эргэх шинж чанартай байдаг.

Хөхүүл үед

Эмийн бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч бодис ибупрофен болон түүний задралын бүтээгдэхүүнүүд нь бага хэмжээгээр эхийн хөхний сүүгээр гадагшилдаг. Хэдийгээр одоо хүртэл дөнгөж төрсөн хүүхдэд сөрөг нөлөөтэй талаар мэдээлэл байхгүй ч уг эмийн бэлдмэлийг богино хугацаагаар хэрэглэх тохиолдолд хүүхдийг хөхнөөс нь гаргах шаардлагагүй юм. Хэрэв уг бэлдмэлийг удаан хугацаагаар, өндөр тунгаар хэрэгэлэх тохиолдолд хөхнөөс нь гаргах хэрэгтэй.

Ямар ч төрлийн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эмийн сангийн ажилтантай зөвлөлдөх хэрэгтэй.

Авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөөлөх нь

МИГ 2% хөвмөл бэлдмэл өндөр тунгаар төв мэдрэлийн тогтолцоонд нөлөө үзүүлж, ядрах, толгой эргэх, зарим тохиолдолд түргэн хариу үзүүлэх урвал сулрах, замын хөдөлгөөнд оролцож байгаад баримжаа алдагдах, машин механизм ажиллуулах чадвар сулрах зэргээр нөлөөлж болзошгүй. Ийм төрлийн хариу урвалууд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед улам нэмэгддэг. Ийм үед гэнэтийн, цочмог хариу урвал шаардсан нөхцөлд зөв болон түргэн хариулах чадварыг бууруулдаг. Энэ тохиолдолд авто тээврийн хэрэгсэл жолоодохоос зайлсхийх хэрэгтэй! Машин механизм болон багаж тоног төхөөрөмжтэй ажиллаж болохгүй! Хөл дор найдвартай тулгуургүйгээр ажиллаж болохгүй!

МИГ 2% хөвмөл бэлдмэл нь мальтитын сироп агуулдаг

Хэрэв таны хүүхэд ямар нэг сахарыг үл тэвчих эмгэгтэй бол уг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө өөрийн эмчлэгч эмчтэй уулзаж зөвлөгөө авна уу.

МИГ 2% хөвмөл бэлдмэл натри агуулдаг

Энэхүү бэлдмэл нь 3,7 мг/мл натри агуулдаг. Ийм учраас натри хязгаарласан хоолны дэглэм барьдаг хүмүүс болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

3.       МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрхэн хэрэглэх вэ?

Энэхүү бэлдмэлийг эм хэрэглэх зааварт бичигдсэний дагуу эсвэл эмчлэгч эмч болон эмийн сангийн ажилтны зөвлөсөн зааврыг ягштал баримтлан хэрэглэнэ. Хэрэв танд ямар нэг эргэлзээ үүсч байгаа бол эмчлэгч эмч эсвэл эмийн сангийн ажилтантай зөвлөлдөнө үү.

Эмчийн зүгээс нэмэлт заавар байхгүй тохиолдолд МИГ 2% хөвмөл бэлдмэлийн ердийн тун 20мг/мл байдаг:

Биеийн жин

(нас)

Нэг удаагийн тун

Хоногийн дээд тун

5 ‑ 6 кг

(6-8 сартай бага насны хүүхэд)

50 мг

(2,5 мл хөвмөлтэй дүйцнэ)

150 мг

(хоногт 7,5мл хөвмөлтэй дүйцнэ)

7 ‑ 9 кг

(9-12 сартай бага насны хүүхэд)

50 мг

(2,5 мл хөвмөлтэй дүйцнэ)

200 мг

(хоногт 10мл хөвмөлтэй дүйцнэ)

10 ‑ 15 кг

(1‑ 3 настай бага насны хүүхэд)

100 мг

(5 мл хөвмөлтэй дүйцнэ)

300 мг

(хоногт 15мл хөвмөлтэй дүйцнэ)

16 ‑ 20 кг

(4-6 настай бага насны хүүхэд)

150 мг

(7,5 мл хөвмөлтэй дүйцнэ)

450 мг

(хоногт 22,5 мл хөвмөлтэй дүйцнэ)

21 ‑ 29 кг

(9-7 настай бага насны хүүхэд)

200 мг

(10 мл хөвмөлтэй дүйцнэ)

600 мг

(хоногт 30 мл хөвмөлтэй дүйцнэ)

Эмийн бэлдмэлийг 6-аас доошгүй цагийн завсарлагатай хэрэглэнэ.

Зөвлөсөн тунг нэмэгдүүлж эсвэл ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг сунгаж болохгүй (дээд тал нь 3 хоног).

Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдал:

Элэг эсвэл бөөрний үйл ажиллагааны хөнгөн болон дунд зэргийн алдагдлын үед тунг бууруулах шаардлагагүй.

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг 6 сар хүртэл сартай болон 5кг хүртэл жинтэй хүүхдэд хэрэглэж болохгүй.

Хэрэглэх арга ба зам

Хүүхдэд ууж хэрэглэнэ.

Ууж хэрэглэхэд нарийн тугнах зорилготой тариур хайрцагт савлагдсан байна (0,5мл хуваарьтай 5 мл хүртэл хэмжээстэй).

1.            Хэрэглэхийн өмнө флаконтай хөвмөлийг сайтар сэгсэрнэ.

2.            Флаконыг нээхийн тулд таглаан дээр дараад сумаар заасан чиглэлийн дагуу эргүүлнэ.

3.            Нээгдсэн амсарт тугнах зориулалттай тариурыг оруулна.

4.            Тариурыг байрлуулаад флаконыг ёроолыг нь дээш харуулж тариурын пүршийг гадна тэмдэглэгээ хүртэл болгоожтой татаж соруулна.

5.            Флаконыг буцааж ёроолыг нь доош харуулж тариурыг болгоомжтой эргүүлж гаргана.

6.            Хөвмөлийг уулгахын тулд тариурын үзүүрийг хүүхдийн аманд оруулж пүршийг зөөлөн шахаж хөвмөлийг гаргана. Та хүүхдийнхээ залгих давтамжинд хөвмөл шахах хурдаа тааруулан уулгаарай.

Хэрэглэсэний дараа флаконыг таглана. Пүршийг тариураас сугалан бүлээн усаар угаагаад хатаана. Тариур болон ууж хэрэглэх зориулалттай хөвмөлийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэж байхад зарим өвчтөнд хөнгөн хэлбэрийн биж илэрч болзошгүй. Хэрэв таны хүүхдэд биж илэрвэл бэлдмэлийг хоолны үеэр хэрэглэж үзээрэй.

Хэрэв эмийн бэлдмэлийн үйлчлэл хэтэрхий хүчтэй, эсвэл хэтэрхий сул санагдвал та эмчид хандан зөвлөгөө аваарай.

Эмчилгээний үргэлжлэх хугацаа

Зөвхөн богино хугацааны эмчилгээнд зориулагдсан.

Хэрэв эмчилгээг 3 хоногоос урт хугацаагаар хийх шаардлагатай бол, эсвэл шинж тэмдэг улам хүндрээд байвал эмчид хандах хэрэгтэй.

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг эмчлэгч эмч болон шүдний эмчтэй зөвлөхгүйгээр 3 хоногоос урт хугацаагаар хэрэглэж болохгүй.

Хэрэв МИГ 2% хөвмөл бэлдмэлийн тун хэтрүүлсэн тохиолдолд

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг эмчийн заавраар, эсвэл эм хэрэглэх зааварт бичсэний дагуу хэрэглэх ёстой. Хэрэв таны хүүхдийн өвдөлт хангалттай буураагүй санагдвал дураараа тунг нэмэгдүүлж болохгүй, эмчид хандах хэрэгтэй. 

Хэрэв та шаардлагатай тунгаас их хэмжээгээр МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэсэн эсвэл таны хүүхэд санамсаргүй тохиолдлоор их хэрэглэсэн бол зайлшгүй эмчид эсвэл ойр орших эмнэлгийн байгууллагад хандан үүсч болзошгүй эрсдэл болон авах арга хэмжээний талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

Тун хэтрэлтийн үед илэрч болзошгүй шинж тэмдгүүд:

  • Шинж тэмдгүүдэд дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих (цусны судалтай байж болно), толгойн өвдөлт, чих шуугих, ухаан санаа самуурах, нүдний чичирхийлсэн хөдөлгөөн зэрэг шинж орно. Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэн үед нойрмоглох, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, таталт (ялангуяа хүүхдэд), бие сулрах, чих дүлийрэх, шээсээр цус илрэх, даарах мэдрэмж, амьсгал авалт, гаргалт хүндрэх шинж илэрч байсан талаар мэдээлсэн байна.

-            Төв мэдрэлийн тогтолцооны талаас толгой өвдөх, толгой эргэх, ухаан балартлын өмнөх байдал, ухаан алдах (хүүхдэд миоклоник таталт) зэрэг алдагдал илэрч болно.

-            Ходоод-гэдэсний талаас хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хоол боловсруулах замын цус алдалт илэрч болно,

-            Элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдал

-            Артерийн даралт унах,

-            Амьсгал сулрах (дарангуйлагдах)

-            Арьс, салст бүрхүүл барайх (хөхрөлт)

-            Энэ эмийн бэлдмэлийн эсрэг тусгай ёрөндөг байхгүй.

МИГ 2% хөвмөл бэлдмэлийн тун хэтэрсэн сэжигтэй үед яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хордлогын хүндрэлийн зэргээс хамаарч эмч шаардлагатай арга хэмжээг авах болно.

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг тунг уухаа мартсан тохиолдолд

Алгассан тунг нөхөх зорилгоор давхар тун хэрэглэж болохгүй.

Уг эмийн бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой өөр ямар нэг эргэлзээтэй асуулт байгаа бол эмч эсвэл эмийн сангийн ажилтанд хандах хэрэгтэй.

4.       Илэрч болзошгүй гаж нөлөө

Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил уг эмийн бэлдмэл нь гаж нөлөө үзүүлж болно, гэхдээ бүх хэрэглэгчдэд илрэх албагүй. Хэрэв таны хүүхдэд доор бичигдсэн гаж нөлөө илэрч байна гэж сэжиглэсэн тохиолдолд эмчлэгч эмчдээ энэ талаар мэдэгдэх шаардлагатай ба эмч цаашид хэрэгцээтэй арга хэмжээг авах болно.

Хэрэв таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл энэ эмийн бэлдмэлийн хэрэглээг ЗОГСООЖ, яаралтай эмчид хандах шаардлагатай:

·     Гэдэсний цус алдалтын шинж тэмдэг: хэвлийгээр цочмог өвдөлт, хар баас, цустай эсвэл кофены үртэй төстэй хар өнгийн жижиг хэсэгтэй зүйлээр бөөлжих,

·     Ховор тохиолдох гэхдээ нойцтой харшлын урвалууд: гуурсан хоолойн багтраа, хуурай хэржигнэх, шалтгаан тодорхойгүй амьсгаадах, нүүр, хэл, залгиур хоолойн хавагнах, зүрхний хэм олшрох(зүрхний агшилтын тоо олшрох), артерийн даралт буурснаас шоконд орох. Ийм төрлийн урвалууд эмийн бэлдмэлийг эхний удаа хэрэглэсэний дараа ч үүсч болно. Дээрх шинж тэмдгийн аль нэг нь илрэхэд яаралтай түргэн тусламжийн эмч дуудах хэрэгтэй.

·   Хүнд хэлбэрийн арьсны урвалууд: бүх биеийг хамарсан тууралт, арьс гуужих, цэврүү, арьс үелэх зэрэг.

Илэрч болзошгүй гаж нөлөө

Дараах гаж нөлөөний урвалуудын жагсаалт нь ибупрофен эмчилгээ хийлгэж байх үед, ялангуяа хэрлэг өвчний улмаас өндөр тунгаар, урт хугацааны эмчилгээ хийлгэж байсан өвчтөнд илэрсэн гаж нөлөөний урвалуудыг багтаасан байгаа. Маш ховор илрэх тохиолдлоос илүүтэй илрэх давтамж нь богино хугацааны эмчилгээнд хоногийн тун нь 1200мг ибупрофен ууж хэрэглэх болон 1800 мг хөвмөл хэлбэрээр хэрэглэж байгаа үеийнх юм.

Дараах гаж нөлөөний урвалууд нь эмийн тун болон өвчтөний хувь хүний онцлог зэргээс хамаарч хэлбэлздэг.

Ходоод гэдэсний замын гаж нөлөөний урвалууд хамгийн элбэг тохиолддог.

Шархлаат өвчин үүсэх (пептик шарх), заримдаа, ялангуяа ахимаг насны өвчтөнд нас баралтаар төгсөх ходоод гэдэсний цоорол эсвэл цус алдалт үүсч болзошгүй (“МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэхэд тусгай анхаарах зүйлс” 2-р хэсгийг үзнэ үү).

Байгаа мэдээллээс харахад эмийн бэлдмэлийг хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, хоол боловсролтын алдагдал, хэвлийгээр өвдөх, хар баас, цустай бөөлжих, шархлаат стоматит (амны салстын үрэвсэл ба шалбархай), гэдэсний талын хямрал, колит, Кроны өвчний шинж тэмдэг гүнзгийрэх (“МИГ 2% хөвмөл бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх” 2-р хэсгийг үзнэ үү). 

Ховор тохиолдолд ходоодны салстын үрэвсэл (гастрит) тохиолдож болно. Ходоод гэдэсний замаас цус алдах эрсдэл эмийн тун болон хэрэглэж буй хугацаанаас хамаардаг.

СБҮЭБ-ээр эмчлэх үед хаван, артерийн даралт ихсэлт, зүрхний дутагдал үүсч байсан талаар бүртгэгдсэн байна.

МИГ 2% хөвмөл бэлдмэлтэй төстэй эмийн бэлдмэлүүд зүрхний гэнэтийн өвдөлт (“зүрхний булчингийн инфаркт”) эсвэл цус харвалт үүсэх эрсдлийг нэмэгдүүлж болно.

Элбэг (10 өвчтөний 1-т нь тохиолдож болно)

Ходоод болон хоол боловсруулах тогтолцооны талаас илрэх хямрал: цээж хорсох, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс цанхайх, суулгах, өтгөн хатах, мөн түүнчлэн ходоод гэдэсний бага зэргийн цус алдалт, тэр нь цаашлаад цусны улаан бөөмийн тоо цөөрөхөд (цус багадалт) хүргэж болох зовиурууд хоол боловсруулах замын талаас илэрч болно.  

Хаяа (100 өвчтөний 1-т нь тохиолдож болно)

Дархлаа тогтолцоо: арьсны тууралт, загатнаа бүхий хэт мэдрэгшилийн урвалууд, мөн түүнчлэн гуурсан хоолойн багтраа сэдрэх (зарим тохиолдолд артерийн даралт унаж болно).

Ийм урвал илэрсэн тохиолдолд МИГ 2% хөвмөл бэлдмэлийн хэрэглээг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Мэдрэлийн тогтолцооны хямрал: толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, цочромхой болох, уцаарлах эсвэл ядрах зэрэг төв мэдрэлийн тогтолцооны хямралын шинжүүд илэрч болно.

Харааны эрхтний зүгээс илрэх хямрал: харааны алдагдал.

Ийм урвал илэрсэн тохиолдолд МИГ 2% хөвмөл бэлдмэлийн хэрэглээг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Ходоод ба хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас илрэх хямрал: цус алдах, цоорох эрсдэл бүхий ходоод/дээрх гэдэсний шарх (пептик шархлаа), шархлаа бүхий амны салст бүрхүүлийн үрэвсэл (шархлаат стоматит), шархлаат колит эсвэл кроны өвчин сэдрэх, ходоодны салст бүрхүүлийн үрэвсэл (гастрит).

Арьс ба үс: арьсны төрөл бүрийн тууралт

Ховор (1000 өвчтөний 1-т нь тохиолдож болно)

Сонсголын талаас: чих шуугих (тиннитус)

Бөөр, шээс ялгаруулах замын талаас илрэх хямрал: бөөрний эд гэмтэж болзошгүй (бөөрний хөхлөгүүдийн үхжил), ялангуяа урт хугацааны эмчилгээний үед илэрч болно мөн цусан дахь шээсний хүчлийн концентраци ихсэж болно.

Маш ховор (10000 өвчтөний 1-т нь тохиолдож болно)

Халдварт болон шимэгчийн гаралтай өвчнүүд: тодорхой стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийн бэлдмэлүүдийг хэрэглэсэнтэй холбоотой  (МИГ 2% хөвмөл бэлдмэл харъяалагддаг СБҮЭБ) халдварын гаралтай үрэвсэлт өвчнүүдийн сэдрэл (жишээ нь үхжилт фасциит) болж байсан талаар мэдээлэл бий. 

Тархины бүрхүүлийн үрэвслийн (асептик менингит) шинж тэмдгүүд болох толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, дагзны булчин чангарах эсвэл ухаан балартах зэрэг шинж ажиглагдаж байв. Дээрх шинж тэмдгүүд аутоиммун шалтгаантай тодорхой өвчинтэй хүмүүст илрэх эрсдэл улам өндөр байдаг (тогтолцооны чонон яр, холимог хэлбэрийн коллагеноз).

МИГ 2% хөвмөл бэлдмэлийг хэрэглэх үед халдварын шинж тэмдгүүд гүнзгийрсэн тохиолдолд (жишээ нь улайлт, хаван, халуун оргих, өвдөлт, халуурах)яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Цус ба тунгалагын тогтолцооны талаас илрэх хямрал: цус төлжилтийн алдагдал (цус багадалт, цагаан эсийн тоо цөөрөх, ялтас эсийн тоо цөөрөх, бүх эсийн тоо цөөрөх, агранулоцитоз).

Эхний шинж тэмдгүүд нь: халууралт, хоолой өвдөх, амны хөндийн шархлаа, томуу төст шинж тэмдэг, илэрхий ядрах, хамрын цус алдалт, арьсан доорх цус харвалт.

Ийм төрлийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандах хэрэгтэй. Дураараа өвдөлт намдаах болон халуун бууруулах эм хэрэглэж болохгүй.

Дархлаа тогтолцоо: хүнд хэлбэрийн,  харшлын ерөнхий урвалууд илэрч болно.

Илэрч болох хэлбэрүүд: нүүр, хэл хавагнах, амьсгалын замын нарийсалттай төвөнхийн хаван, амьсгаадалт, зүрхний цохилтын тоо олшрох, шоконд орж амь насанд аюултай байдал үүсэхэд хүргэх артерийн даралт унах.

Бэлдмэлийг эхний удаа хэрэглэхэд ч байсан эдгээр шинж тэмдгүүдээс аль нэг нь илрэхэд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай.

Сэтгэцийн талын хямрал: солиорлын урвал, сэтгэл унал.

Зүрх ба судасны талаас илрэх өөрчлөлт: зүрх дэлсэх, зүрхний дутагдал, зүрхээр гэнэт өвдөх (“зүрхний булчингийн шигдээс”), артерийн даралт ихсэлт (артерийн гипертензи).

Амьсгалын зам, цээжний хэнхэрцэг болон голтын эрхтнүүдийн талаас гарах хямрал: гуурсан хоолойн агчил, амьсгаадалт, хуурай хэржигнүүр.

Ходоод болон хоол боловсруулах эрхтний талаас гарах хямрал: улаан хоолой (эзофагит) болон нойр булчирхайн үрэвсэл (панкреатит), нарийн болон бүдүүн гэдсэнд сорвижилт нарийсал (нарийн гэдэсний өрц хэлбэрийн нарийсал).

Элэг болон цөсний талаас илрэх хямрал:

Ялангуяа урт хугацааны эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний гэмтэл, элэгний хурц дутагдал, элэгний цочмог үрэвсэл (гепатит).

Урт хугацаанд үргэлжлүүлэн хэрэглэх үед элэгний үйл ажиллагааг тогтмол хянах хэрэгтэй.

Арьс ба үс:

Улайсан арьсан дээрх тууралт цуврүүтэлт зэрэг арьсны илэрхий урвалууд (жишээ нь Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжил, Лайеллын хам шинж), үс унах (халзрах) шинж илэрч болно.

Салхин цэцгийн үед онцгой тохиолдолд хүнд хэлбэрийн арьсны халдвар илэрч зөөлөн эдийн талаас хүндрэл илэрч болзошгүй (“Халдварт болон шимэгчийн өвчнүүд” хэсгийг үзнэ үү).

Бөөр болон үээс дамжуулах эрхтний талаас илрэх алдагдал: ялангуяа артерийн даралт ихсэлттэй эсвэл бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд диурез буурах (ялгарах шээсний хэмжээ багасах) болон эдэд шингэн ихээр баригдах (хаван үүсэх), нефротик хам шинж (биемахбодод шингэн хуримтлагдах [хаван] болон шээсээр их хэмжээний уураг ялгарах), бөөрний үрэвсэлт өвчин (интерстициаль нефрит) үүсч бөөрний хүнд зэргийн үйл ажиллагааны алдагдал дагалдан гарч болзошгүй.

Ялгарах шээсний хэмжээ буурах, биед шингэн баригдах (хаван) болон биемахбод ерөнхийдөө муудах зэрэг нь бөөрний үйл ажиллагааны алдагдлын, улмаар бөөрний дутагдлын шинж тэмдэг байж болзошгүй. Дээрх шинж тэмдэг илрэх эсвэл хүндрэх тохиолдолд эмийн бэлдмэлийн хэрэглээг зогсоож яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Тодорхойгүй (одоо мэдэгдэж байгаа мэдээлэлд тулгуурлан үнэлэх боломжгүй)

DRESS хам шинж” зэрэг хүнд хэлбэрийн арьсны урвал илэрч болзошгүй. DRESS хам шинжийн шинж тэмдгүүдэд биеийн температур ихсэх, тунгалгын зангилаанууд томрох, эозинофилын (тодорхой төрлийн лейкоцит) тоо олшрох зэрэг шинжүүд орно.

Гаж нөлөөний талаар мэдээлэх

Ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмийн сангийн ажилтан эсвэл сувилагчид хандах хэрэгтэй. Энэхүү эмийн зааварт дурьдагдаагүй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мөн мэдэгдэнэ. Та гаж нөлөөний урвалын талаар мэдээллэсэнээр энэхүү эмийн бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад туслах болно.

5.       МИГ2% хөвмөл эмийн бэлдмэлийг хадгалах нөхцөл

Энэ эмийн бэлдмэлийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

Цаасан хайрцаг болон блистер дээрх хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд эмийн бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдрийг заана.

Энэхүү эмийн бэлдмэлийг хадгалах тусгай нөхцөл шаардлагагүй.

Эхний удаа бэлдмэлийг нээснээс хойш 25°C-ээс доош хэмд хадгална.

Хүчинтэй хугацаа 3 жил.

Флаконыг нээснээс хойш бэлдмэл 6 сарын турш тогтвортой байдаг.

Ямар ч төрлийн эмийн бэлдмэлийг нийтийн усан хангамжинд хаяж болохгүй. Хэрэглэгдэхгүй эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар эмийн сангийн ажилтнаас зөвлөгөө аваарай. Энэ арга хэмжээ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад тустай.

6.Савлагааны агуулагдахуун ба бусад мэдээлэл

МИГ 2% хөвмөл бэлдмэлийн найрлага

Эмийн үйлчлэгч бодис нь ибупрофен болно.

1 мл хөвмөлд 20мг ибупрофен агуулагдана.

Туслах үйлдэлтэй бодис:

Натрийн бензоат; усгүйжүүлсэн нимбэгний хүчил; натрийн цитрат; натрийн сахарин; натрийн хлорид; гипромеллоз; ксантаны камедь; шингэн мальтитол; глицерин; цэвэршүүлсэн ус; гүзээлзгэний үнэр оруулагч, (байгалийн үнэртүүлэгчтэй ижил бодис, байгалийн үнэр оруулагч, пропиленгликоль агуулдаг).

МИГ 2% хөвмөл бэлдмэлийн харагдах байдал ба савлагааны агуулагдахуун

МИГ 2% хөвмөл бэлдмэл нь ууж хэрэглэх зориулалттай, цагаан эсвэл бараг цагаан өнгийн, зууралдамхай хөвмөл юм.

МИГ 2% хөвмөл нь 100мл эсвэл 200мл ууж хэрэглэх зориулалттай хөвмөл агуулсан флаконд савлагдсан байна.

Савлагаан дотор хөвмөлийг уулгах зориулалттай тариур (0,5мл-ийн хэмжээ бүхий 5мл-ийн эзэлхүүнтэй) агуулагдана.

Хүүхдийн МИГ®  полиэтилентерефталатаар (ПЭТФ) хийсэн, ууж хэрэглэх зориулалттай 100мл хөвмөл агуулсан хүрэн флаконд савласан байдаг.

Тугнах төхөөрөмж нь хөвмөлийг уулгах зориулалттай тариур (0,5мл-ийн хэмжээ бүхий 5мл-ийн эзэлхүүнтэй) байна.

Эмийн сангаас олгох нөхцөл

Хүүхдийн МИГ® бэлдмэлийг жоргүй олгоно.

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч болон үйлдвэрлэгч

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч:

Эмийн зааварт редакц хийсэн сүүлийн огноо: 2018 оны 2-р сар.