Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ибуфен
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
Pharmaceutical works polpharma S.A. medana branch in sieradz
Гарал үүслийн улс
Польш
Тун хэмжээ
100мг/5мл-100мл
Эмийн хэлбэр
хөвмөл
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЭМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

(Хэрэглэгчдэд зориулав)

Ибуфен®

(ибупрофен)

Худалдааны нэршил

Ибуфен

 

Олон улсын нэршил

Ибупрофен

 

Эмийн хэлбэр

100 мг/5 мл хэмжээтэй, гүзээлгэнэтэй дотуур ууж хэрэглэдэг хөвмөл.

 

Агууламж:

5 мл хөвмөлд

Үндсэн бодис: ибупрофен 100 мг

Туслах бодис: гипромеллоза, ксантины дүүргэгч, глицерол, натрийн бензоат, мальтитол, натрийн цитрат, моногидрат нимбэгний хүчил, сахарт натри, натри хлорид, гүзээлгэний амт, үнэр оруулагч, цэвэршүүлсэн ус

 

Ерөнхий шинж

Гүзээлзгэний амт, үнэртэй, цайвар цагаан хөвмөл

 

Фармакологийн ангилал

Үрэвсэл, хэрлэгийн эсрэг бэлдмэл

АТС код:  M01AE01

 

Фармакологийн үйлдэл

Фармакокинетик

Ибупрофеныг ууж хэрэглэхэд бие махбодод маш хурдан шимэгддэг. Өлөн үед ууснаас хойш 1-2 цагийн дараа цусны сийвэн дэхь бэлдмэлийн тун дээд хэмжээнд хүрнэ. Хоол ундны зүйлстэй хамт хэрэглэх нь ибупрофены шимэгдэлтийг удаашруулж  био хүртэхүй нь 30-60 минутаар уртсаж 1,5-3 цагийн дараа цусны сийвэн дэхь бэлдмэлийн тун дээд хэмжээнд хүрнэ. Ибупрофен нь сийвэнгийн уургуудтай голчлон альбуминтай 99 болон түүнээс дээш хувиар холбогддог. Ибупрофены хувиралын бүтээгдэхүүн метаболитууд нь бөөрөөр бүрэн ялгарна. Эмийн хагас задралын хугацаа 2 цаг байна.

Фармакодинамик

Ибупрофен нь пропионы хүчлээс гаргаж авсан халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл.

Бэлдмэл нь  циклооксигеназа ферментийг дарангуйлсанаар арахидоны хүчлээс простагландин үүсэлтийг саатуулж улмаар үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Ибупрофенийг хэрэглэснээс хойш ойролцоогоор 30 минутын дараа бэлдмэлийн халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэл илэрнэ.

 

Хэрэглэх заалт

Ибупрофен нь халуун бууруулах, өвдөлт намдаах зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Энэ  бэлдмэл нь халууралт, өвдөлт, хаван зэрэг шинж тэмдгүүдийг бууруулж хэсэг газарт үйлдэл үзүүлнэ.

Бэлдмэл сахар агуулаагүй тул чихрийн шижин өвчтэй хүнд хэрэглэж болно.

Ибупрофеныг нярай болон бага насны хүүхдэд дараах тохиолдолд хэрэглэнэ.

·       Халуурах:

o   Салстын эмгэг

o   Амьсгалын эрхтэний вирусын хурц халдварт эмгэгүүдийн үед

o   Ханиад томуу

o   Гүйлсэн булчирхайн үрэвсэл, залигуурын үрэвсэл

o   Халуурах шинж бүхий хүүхдийн халдварт өвчний үед

o   Вакцины дараах урвал

·       Янз бүрийн шалтгаанд хөнгөн дунд зэргийн өвдөлт:

o   Дунд чихний үрэвслийн сэдрэл

o   Шүдний өвдөлт

o   Толгойн өвдөлт, мигрен

o   Булчин, үений өвдөлт

o   Яс булчингийн гэмтэл

 

Хориглох заалт

Ибупрофен бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

·       Бэлдмэлийн найрлагад орсон бодисд хэт мэдрэг хүнд

·       Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлд мэдрэг хүнд

·       Ацетилсалицилын хүчил, стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэхэд харшлын урвал болох хамрын ханиад, тууралт, гуурсан хоолойн багтрааны шинж илэрдэг бол хэрэглэхийг хориглоно.

·       Ходоод арван хоёр хуруу гэдэсний шархлааны сэдрэл үе, стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсний дараах ходоод гэдэсний замын цооролт, цус алдалтын үед

·       Бөөр, элэг, зүрх судасны хүнд эмгэгийн үед

·       Бусад стероид бус үрэвслийн эсрэг, ялангуяа ЦОГ-2 нөлөөлдөг бэлдмэлтэй хамт хэрэглэх /бэлдмэлийн гаж нөлөөг нэмэгдүүлэх/

·       Тархины цус харвалт эсвэл бусад цочмог цус алдалтын үед

·       Шалтгаан тодорхойгүй цус алдалт, цусархаг тууралттай өвчтөнд

·       Шингэн алдалтын хүнд зэргийн үед /бөөлжих, суулгах, шингэний алдагдалд орсон/

·       Жирэмсний гурав дахь гурван сартайд

 

Тун, хэрэглэх арга

Ууж хэрэглэнэ.

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.

Ибупрофены тунг өвчтөний биеийн жинд тооцож олгоно.  Бэлдмэлийн нэг удаагийн тун 7-10 мг/кг байх ба хоногийн дээд тун нь 20-30мг/кг байна.

Бэлдмэлийг  зориулалтын хэмжээст тариураар ууна.

Бэлдмэлийг доор заасан тун хэмжээгээр ууна.

Хөхүүл 3-6 сартай хүүхдэд /5-7,6 кг/: 2,5 мл-ээр өдөрт 3 удаа /хоногийн тун 150 мг ибупрофен/

Хөхүүл 6-12 сартай /7,7-9 кг/: 2,5 мл-р өдөрт 3-4 удаа /хоногийн тун 150-200 мг ибупрофен/

Хүүхэд 1-3 настай /10-15 кг/: 5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 300 мг ибупрофен/

Хүүхэд 4-6 настай /16-20 кг/: 7,5 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 450 мг ибупрофен/

Хүүхэд 7-9 настай /21-29 кг/: 10 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 600 мг ибупрофен/

Хүүхэд 10-12 настай /30-40 кг/: 15 мл-р өдөрт 3 удаа /хоногийн тун 900 мг ибупрофен/

Бэлдмэлийн тун хоорондын зай 6-8 цаг байх ба хамгийн багадаа 4 цагийн зайтай  хэрэглэж болно.

6-гаас  доош сартай хүүхдэд бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэнэ. 3-5 сартай хүүхдэд бэлдмэлийг хэрэглэх явцад шинж тэмдэг буурахгүй эсвэл нэмэгдвэл эмчид яаралтай хандана. 6 сараас  12 хүртлэх  насны хүүхдэд бэлдмэлийг хэрэглэх явцад 3 болон түүнээс дээш хоног шинж тэмдэг буурахгүй эсвэл нэмэгдвэл эмчид яаралтай хандана. Тунг хэтрүүлэхийг хориглоно. Бэлдмэл нь яаралтай эмчилгээнд зориулагдсан. Бэлдмэлийг өвчтөнд хэрэглэх үед шинж тэмдэг буурахгүй, нэмэгдэж эсвэл өөр нэмэлт шинж тэмдэг илэрвэл эмчид хандана.

Бэлдмэлийн сав баглааг нээснээс хойш 6 сарын дотор хэрэглэнэ.

 

Гаж нөлөө

Гүзээлзгэний амттай Ибупрофен нь хэрэглэхэд тааламжтай хэдий ч хэрэглэх явцад гаж нөлөө илэрч болно.

Ибупрофеныг эмчийн зөвшөөрөлгүй, жоргүй, богино хугацаанд хэрэглэснээс доорхи  гаж нөлөө илэрч болно.  Мөн удаан хугацаагаар хэрэглэснээс гаж нөлөө илэрнэ.

Бэлдмэлийн гаж нөлөө илэрлийн давтамж:

Байнга  /10 өвчтөн тутмын нэгд /

Олонтаа /100 өвчтөн тутмаас 1-10/

Хааяа  /1000 өвчтөн тутмын 1-10/

Ховор  /10 000 өвчтөн тутмын 1-10/

Маш ховор /10 000 өвчтөн тутмын 1/

Нян, шимэгчийн гаралтай халдварын үед:

Маш ховор: стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэхэд халдварт үрэвсэлт эмгэгийн сэдрэл / жишээлбэл: үхжилт фасцит/ бий болох. Магадгүй энэ нь стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийн үйлдэлтэй холбоотой байж болно. Хэрэв дээрх  халдварын шинж тэмдэг илэрч эсвэл нэмэгдвэл эмчид яаралтай хандана.   Өвчтөнд халдварын эсрэг эмчилгээ хийх заалт байгаа эсэхийг нягтлах шаардлагатай /антибиотик эмчилгээ/.

Аутоиммун эмгэгтэй /SLE болон холбогч эдийн үрэвсэл/ өвчтөнүүдэд Ибупрофеныг хэрэглэх үед тархи нугасны бүрхүүл үрэвсэх, дагзны булчин хөших, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжис цутгах, халуурах дэмийрэх зэрэг шинж илэрч болно.

Цус, тунгалагийн тогтолцооны алдагдал

 Маш ховор: цусны шинжилгээний өөрчлөлт /цус багадалт, лейкопени, тромбоцитопени, панцитопени, агранулоцитоз/. Анхдагч шинж тэмдэг нь халуурах, хоолойн өвдөлт, өнгөц стоматит, ханиадны шинж, ядрах, хамар салстаас цус алдах. Бэлдмэлийг  удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд цусны шинжилгээнд  тогтмол хамрагдана.

Дархлаа тогтолцооны алдагдал 

Хааяа : загатнаа, тууралт зэрэг арьсны харшил болон багтраа үүсэх /артерын даралт буурахтай зэрэгцэх/. Энэ тохиодолд өвчтөн эмчид яаралтай хандах ба бэлдмэлийн хэрэглээг зогсооно.

Маш ховор: системийн хүнд харшлын урвал илэрнэ. Нүүр, хэл  хавагнах, төвөнхийн салст хөөж амьсгал саатах, тахикарди, артерийн даралт буурах цаашилбал шокд орно. Дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авна.

Сэтгэц өөрчлөгдөх

Маш ховор: сэтгэц өөрчлөгдөх, сэтгэл унал илрэх

Мэдрэлийн тогтолцооны алдагдал

Хааяа: толгойн өвдөлт, толгой эргэх, нойргүйдэх, унтамхай, цочиромтгой болох, ядрах

Маш ховор: асептик менингит

Харааны мэдрэлийн өөрчлөлт:

Хааяа: хараа өөрчлөгдөх

Сонсгол өөрчлөгдөх:

Ховор: чих шуугих

Зүрхний үйл ажиллагааны алдагдал

Маш ховор: зүрх дэлсэх, зүрхний үйл ажиллагааны алдагдал, зүрхний булчингийн шигдээс, цус харвалт

Судасны өөрчлөлт

Маш ховор: артерийн даралт ихдэлт

Ходоод гэдэсний үйл ажиллагааны хямрал

Байнга: цээж хорсох, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс хийгээр дүүрэх, өтгөн хатах, ходоод гэдэсний замаас цус алдах ба үүнээс үүдэн цус багадалт үүсэх

Хааяа: ходоод гэдэсний цоорол, цус алдалт. Шархлаат стоматит, бүдүүн гэдэсний үрэвслийн сэдрэл, Кроны өвчин, ходоодны үрэвсэл.

Маш ховор: улаан хоолойн үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, гэдэсний нарийсал. Өвчтөнд аюулхай орчим өвдөх, өтгөн цустай гарах зэрэг тохиолдолд бэлдмэлийн хэрэглээг яаралтай зогсоож эмчид хандана.  

Элэг цөсний үйл ажиллагааны алдагдал

Маш ховор: элэгний үйл ажиллагааны өөрчлөлт, удаан хугацаагаар хэрэглэх тохиолдолд элэгний цочмог үрэвсэл

Арьс, арьсан доорх эдийн өөрчлөлт

Хааяа:  арьсны олон хэлбэрт тууралт

Маш ховор: арьсны хүнд эмгэг, эксфолатив дерматит, цэврүүт тууралт, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хордлогот үхжил. Тохиолдлоор салхин цэцгийн үеийн хэрэглээнд арьсны эмгэг өөрчлөлт хүндэрч зөөлөн эдийн гэмтэл үүсч болно.

Шээс, шээс хөөх замын өөрчлөлт

Ховор: бөөрний эдийн эмгэгт өөрчлөлт /үхжилт папилит/ болон цусан дах шээсний хүчил ихсэж болно.

Маш ховор: өвчтөнд артерийн даралт ихдэлт, бөөрний үйл ажиллагааны алдагдал, нефротик хам шинж, болон бөөрний цочмог дутагдал үүсч болно. Иймд бөөрний ялгаруулах үйл ажиллагааг хянаж байх ёстой.

 

Тун хэтрэлт

Хүүхдэд биеийн жинд нь тооцон нэг удаад 400 мг/кг болон түүнээс дээш тунгаар бэлдмэлийн хэрэглэхэд тун хэтрэлт үүснэ.

Насанд хүрсэн хүнд нарийн тооцсон хэтэрсэн тунгийн хэмжээ байхгүй. Тун хэтрэлтийн  үед хагас задралын хугацаа  1,5-3 цаг байна.

Шинж тэмдэг:

Стероид бус үрэвслийн эсрэг эмийг хэрэглэсэн ихэнх өвчтөнд  бөөлжис цутгах, огиулах, өрцөн дор эмзэглэх, суулгах, чих шуугих, толгой өвдөх, ходоод нарийн гэдэснээс цус  алдах, амьсгал цөөрөх, цусны даралт унах зэрэг шинжүүд илэрдэг. Хүнд хэлбэрийн үед төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөс нойрмоглох, маш ховор тохиолдолд цочиромтгой болох эсвэл сааталд орох цаашилбал комын байдалд орж болзошгүй. Маш ховор тохиолдолд таталдаа үүснэ. Хүнд хордлогын үед бодисын солилцооны ацидоз, протромбины хугацаа ихсэнэ. Магадгүй: бөөрний үйл ажиллагааны алдагдал, элэг гэмтэнэ. Хэрэв өвчтөн багтраатай бол энэ нь сэдрэнэ.

Эмчилгээ:

Бэлдмэлд өвөрмөц антидот байхгүй. Иймд эмчилгээг илэрч буй шинж тэмдэгийн эсрэг хийдэг. Хэрэв өвчтөний биеийн байдал тогтворгүй бол зүрхний үйл ажиллагааг хянан бусад чухал эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийнэ. Мөн бэлдмэлийн тунг хэтрүүлэн уусны дараа нэг цагийн дотор идэвхжүүлсэн нүүрс уулгаж болно.  

 

 

 

Эмийн харилцан үйлчлэл

Ибупрофеныг /ялангуяа стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл/ доор жагсаасан эм бэлдмэлтэй хамт хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй.

·       Аль нэг стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэснээс эдгээрийн нэгдмэл үйлдлийн улмаас ходоод гэдэсний өөрчлөлт болон цус алдах эрсдэл нэмэгддэг.

·       Ацетилсалицилын хүчил бага тунгаар: ибупрофеныг бага тунгаар ацетилсалицилын хүчилтэй хамт хэрэглэхэд түүний тромбоцитын агрегацыг хориглоно. Эдгээр өгөгдөхүүнүүд нь эмнэл зүйн нөхцөлд “ex vivo” хийсэн экстраполяцаас хамаарал бүхий тодорхой бус хязгаарлагдмал өгөгдөхүүн болох тул ибупрофенийг харьцангуй тогтмол хэрэглээний ямар нэгэн ач холбогдол бүхий дүгнэлт болгон үзэх шаардлагагүй. 

·       Даралт бууруулах эмийн бэлдмэлүүд: стероид бус үрэвслийн эсрэг эм, ибупрофен зэрэг нь даралт бууруулах эмийн үйлдлийг бууруулдаг.

·       Шээс хөөх бэлдмэлүүд: эдгээрийг хамт хэрэглэхэд шээс хөөх үйлдлийг сулруулна.

·       Антикоагулянтууд: цөөн тооны эмнэл зүйн судалгаанд стероид бус үрэвслийн эсрэг эмүүд нь антикоагулянт бэлдмэлүүдийн үйлдлийг эрчимжүүлдэг гэж үздэг.

·       Лити, метотрексатууд: стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл нь цусны лити, метотрексатын хэмжээг нэмэгдүүлэх тул бэлдмэлийн хэрэглэх явцад цусны сийвэнд лити болон метотрексатын хэмжээг хянах шаардлагатай.

·       Зидовудин: ибупрофен зидовудиныг хамт хэрэглэх үед өвчтөний цус алдах эрсдэлийг нэмэгдүүлэх хандлагатай.

·       Кортикостероидууд: хамт хэрэглэх үед ходоод гэдэсний замд үзүүлэх гаж нөлөө нэмэгдэх эрсдэлтэй.

·       Дигоксин: ибупрофентай нэг дор хамт хэрэглэхэд дигоксины цусны сийвэн дэх тун нэмэгдэх магадлалтай.

·       Фенитоин: ибупрофентай нэг дор хамт хэрэглэхэд фенитойны цусны сийвэн дэх тун нэмэгдэх магадлалтай.

·       Циклоспорин: зарим стероид бус үрэвслийн эсрэг эмүүдийг циклоспоринтой хамт хэрэглэхэд бөөрний үйл ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх үйлдэл нь эрчимждэг. Иймд ибупрофен циклоспоринтой хавсарч хэрэглэхэд дээрхи гаж нөлөө илэрч болзошгүй.

·       Такролимус: бэлдмэлийн хамт хэрэглэхэд бөөр хордуулах нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдэнэ.

·       Хинолины бүлгийн нянгийн эсрэг бэлдмэлүүд: амьтан дээр хийсэн судалгаагаар стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг хинолины бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд таталт илэрч байсан тул өвчтөнд уг хоёр бэлдмэлийг хамт хэрэглэхэд таталдаа үүсч болзошгүй.

·       Пробенецид, сульфинпиразин: эдгээр хоёр бэлдмэл нь ибупрофены ялгаралтыг саатуулна.

·       Тромбоцитын үүсэлт, синапсын завсар серотониныг эргэн гаралтыг саатуулагч: эдгээртэй хамт хэрэглэхэд ходоод гэдэсний замаас цус алдалтыг нэмэгдүүлнэ.

·       Мифепристон: стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийг мифепристон хэрэглэсэний  8-12 хоног дотор хэрэглэхийг зөвлөдөггүй, учир нь стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл нь мифепристоний үйлдлийг сааруулах үйлдэл үзүүлнэ.

·       Кали баригч шээс хөөх бэлдмэлүүд: уг бэлдмэлийн ибупрофентай хамт хэрэглэхэд гиперкалиеми үүснэ. Иймд цусны сийвэн дэх калийн хэмжээг хянах шаардлагатай.

 

Цээрлэлт:

Дараах тохиолдолд өвчтөнд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.

·       Системийн чонон хөрвөс болон холбогч эдийн өөрчлөлт хавсарсан өвчтөнд асептик менингит үүсэх эрсдэл нэмэгддэг.

·       Ходоод гэдэсний бүтцийн өөрчлөлттэй, ялангуяа гэдэсний архаг үрэвсэлт эмгэгтэй өвчтөнд /бүдүүн гэдэсний шархлаа, Кроны өвчин/

·       Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор даралт ихэсдэг, зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт илэрдэг, шингэн хуримтлагдсан болон хавантай.

·       Төрөлхийн порфири бодисын солилцооны өөрчлөлттэй

·       Мэс заслын дараа шууд хэрэглэхгүй

·       Бөөрний үйл ажиллагааны алдагдал

·       Элэгний үйл ажиллагааны алдагдал

·       Цусны бүлэгнэлт өөрчлөгдсөн үед ибупрофен нь цус алдалтыг нэмэгдүүлнэ

·       Бусад эмийн бэлдмэлд хэт мэдрэг харшлын урвал илэрч байсан өвчтөнд ибупрофен харшил сэдрээх үйлдэл үзүүлж болзошгүй

·       Улиралын халууралттай, хамрын ургацаг болон амьсгалын эрхтэний архаг сэдрэлт өвчинтэй бол харшлын урвал илрэх эрсдэл нэмэгддэг. Эдгээр хариу урвалууд нь амьсгал давхцах, Квинкийн хаван, тууралт хэлбэрээр илэрнэ.

Бэлдмэлийн тунг бууруулан хэрэглэхэд гаж нөлөө үүсгэх эрсдэл буурдаг.

Өндөр настай өвчтөнгүүдэд:

Хижээл насныханд бага залуу насны хүнд хэрэглэснээс илүүтэй гаж нөлөө илэрч болзошгүй. Иймд  эдгээр хүмүүст бэлдмэлийг эмчилгээний хамгийн доод тунгаар богино хугацаанд хэрэглэнэ.

Цус алдалт, ходоод гэдэсний замын цооролт:

Ходоод гэдэсний замаас цус алдалттай эсвэл цооролт үүссэн үед бэлдмэлийг хэрэглэхэд эмнэл зүйн шинж тэмдэг нэмэгдэхээс гадна эргэшгүй өөрчлөлтөнд хүргэж болзошгүй. Бэлдмэлийг хэрэглэх үед цус алдалтын шинж илэрвэл яаралтай хэрэглэхээ зогсооно. Иймд хижээл насныханд эмийг хэрэглэхийн өмнө ходоод гэдэсний эмгэг өөрчлөлт, дагалдах шинж тэмдэг болон цус алдалтын асуумжийг сайтар  авна. Хэрэв дээрх шинж тэмдэг бүхий өвчтөнд бэлдмэлийг хэрэглэх бол эмчилгээний хамгийн бага тунгаар хэрэглэнэ. Мөн ацетилсалицилын хүчлийг хамт хэрэглэхийг цээрлэн бэлдмэлийг ходоод гэдсийг хамгаалах эмүүдтэй /мизопростол, протоны шахуургыг дарангуйлах бэлдмэлүүд/ хамт хэрэглэнэ. Ходоод гэдэсний замаас цус алдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл, варфарин, антикоагулянт, серотонины нийлэгжлийг дарангуйлагч антиагрегантуудтай эмчилгээнд хавсрах  бол маш болгоомжтой хэрэглэнэ.

Цусны тогтолцоонд нөлөөлөх үйлдэл

Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэх үед шингэн хуримтлагдах, хавагнах шинж илэрдэг тул артерийн даралт ихдэлттэй, зүрхний үйл ажиллагааны алдагдалтай асуумжтай өвчтөнд тус бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.

Цусны эргэлтийн зогсонгишилтой, артерийн даралт ихдэлттэй, шинжилгээгээр зүрхний ишемитэй  нь тогтоогдсон, зүрхний судасны эмгэгүүд, зүрх судасны эмгэг үүсэх өндөр эрсдэлтэй /артерийн даралт ихдэлт, гиперлипидеми, чихрийн шижин, тамхичин/ өвчтөнд ибупрофеныг нарийн шинжилгээ хийсний дараа  эмчилгээнд хэрэглэнэ.

Эмнэл зүйн болон тархвар зүйн судалгааны дүнд ибупрофеныг тун хэтрүүлэн /өдөрт 2400мг/ удаан хугацаагаар хэрэглэснээс артерийн бөглөрөл /зүрхний булчингийн шиглээс, цус харвалтууд/ үүсгэх эрсдэл нэмэгддэг нь тогтоогдсон. Тархвар зүйн судалгаанд ибупрофеныг бага тунгаар /<1200 мг өдөрт / хэрэглэх нь зүрхний булчингийн шигдээс үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаатай холбоотой нь тогтоогдоогүй.

Арьсны хариу урвал

Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэх явцад  арьсны хүнд эмгэгт урвал түүн дотроо эксфолиатив дерматит, ховор эпидермийн үхжилт эмгэг Стивен Джонсоны хам шинжүүд маш ховор тохиолддог. Бэлдмэлийг хэрэглэж эхэлсний эхний 1 сард эдгээр хүнд хэлбэрийн харшлын урвалууд илэрч болзошгүй. Арьсны загатнаа, арьс сальстад харшлын урвал гэх мэт хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмийн хэрэглээг зогсооно.

Зарим тохиолдолд бэлдмэлийн хэрэглээ нь арьс, зөөлөн эдийн халдварт эмгэг /салхин цэцэг/  үүсэх шалтгаан болдог. Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл нь дээрхи халдваруудыг хүндрүүлж  болзошгүй тул салхин цэцэг туссан үед бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Бусад тохиолдолууд

Өвдөлт намдаах олон төрлийн эмүүдийг урт хугацаагаар хавсарч хэрэглэснээр бөөрний үйл ажиллагааны алдагдал /аналгетик нефропати/ үүсэх эрсдэл нэмэгддэг. Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл нь халдварт өвчний үед илрэх халуурах шинжийг арилгадаг.  Цөөн тохиолдолд хүнд харшлын урвал /анафилаксийн шок/ илэрнэ. Ибупрофеныг хэрэглэж эхлэх үед харшлын ямар нэг урвал илэрвэл эмийн хэрэглээг шууд зогсооно. Өвчтөнг илэрч буй  шинж тэмдгүүдээс хамаарч эмчилнэ.

Ибуфен бэлдмэлийн үйлчлэгч бодис болох ибупрофен нь тромбоцитын идэвхийг /тромбоцитын бөөгнөрөл/ хэсэг хугацаанд сааруулах магадлалтай. Иймд цус бүлэгнэх үйл ажиллагаа алдагдсан хүнд болгоомжтой хэрэглэнэ. Эмийг удаан хугацаанд хэрэглэх бол элэг, бөөрний үйл ажиллагаа, цусны элементүүдийг шинжилгээгээр хянана. Өвдөлт намдаах эмийг удаан хугацаанд хэрэглэснээр илэрсэн толгойн өвдөлтийг Ибуфен бэлдмэлийн их тунгаар эмчлэхийг хориглоно.  Судалгаагаар циклооксигеназыг /простагландиний синтез/ дарангуйлдаг бэлдмэлүүдийг хэрэглэх хугацаанд өндгөн эс гадагшлах үйл явцад өөрчлөгдөж улмаар эмэгтэйчүүдэд үр тогтох үйл явцыг алдагдуулж болзошгүй ба энэ процесс нь эмийн эмчилгээг зогсооход хэвийн байдалдаа орно. Ибупрофенийг хэрэглэсэнээр токсический амблиопии үүсэх нь маш ховор боловч тохиолддог. Иймд хараанд ямар нэгэн өөрчлөлт илэрвэл эмчид яаралтай мэдэгдэх шаардлагатай.

Шингэн алдалттай хүүхдэд бөөрний дутагдалд хүргэх эрсдэл нэмэгддэг. Бэлдмэл нь мальтитол агуулдаг учир удамшлын гаралтай фруктозын солилцооны алдагдалт эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн үе

Жирэмсний эхний болон хоёр дах гурван сард  онцгой шаардлагатай тохиолдолд бэлдмэлийг хэрэглэнэ. Жирэмслэхийг төлөвлөж байгаа, жирэмсний эхний болон хоёр дах гурван сард онцгой шаардлагатай тохиолдолд эмчилгээний хамгийн бага тунгаар богино хугацаанд хэрэглэхийг зөвлөнө.

Харин жирэмсний гурав дах гурван сард бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

Хөхүүл үе

Ибупрофен болон түүний хувиралын бүтээгдэхүүн нь хөхний сүүгээр маш бага хэмжээтэй /хэрэглэсэн тунгийн 0,0008%/ ялгарна. Хэдийгээр энэ хэмжээ нь нярайд онцын хортой нөлөө үзүүлэхгүй хэдий ч эхэд өвдөлт намдаах, халуун бууруулах зорилгоор хамгийн бага тунгаар, богино хугацаанд хэрэглэхийг зөвлөнө. Бэлдмэлийг хэрэглэх явцад хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй.

Тээврийн хэрэгсэлтэй ажиллагсадын эм хэрэглээ

Ибуфеныг өндөр тунгаар хэрэглэхэд төв мэдрэлийн системд нөлөөлж ядрах, толгой эргэх болон машин барих чадварыг бууруулах хандлагатай байдаг.  Энэ үйлдэл нь спиртын төрлийн ундаатай хамт хэрэглэхэд илүү ажиглагдана.

 

Савлалт

100 мл , 120 мл-р хамгаалагч цагираг бүхий эргэдэг тагтай хуванцар саванд савласан. Савласан бэлдмэлийг хэмжээт тариур, эмийн зааврын хамт цаасан хайрцагт савласан. 

 

Хадгалалт:

Үйлдвэрийн савалгаанд 250С хэмээс ихгүй нөхцөлд хүүхдээс хол хадгална.

 

Хадгалах хугацаа

2 жил

Бэлдмэлийг онгойлгосноос хойш 6 сар хүртэлх хугацаанд хэрэглэнэ. Заагдсан хугацаа хэтэрсэн бол хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангийн олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь

Медана Фарма АО

98-200 Серадз

Ул. В. Локетка 10

Польша

 

Үйлдвэрлэсэн

Медана Фарма АО

98-200 Серадз

Ул. В. Локетка 10

Польша

 

Орчуулсан: АШУҮИС-ийн Эм судлалын тэнхимийн багш Д.Нарантунгалаг

Дистрибьютор: Ази-Фарма ХХК