Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ибупрофен - Денк 600
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
Denk Pharma GmbH & Co.KG
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
600мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХ ЗААВАР


Ибупрофен Денк 600 (Ibuprofen Denk 600) 


Ууж хэрэглэхэд зориулсан нимгэн бүрхүүлтэй шахмал

Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл

Үйлчлэгч бодис: Ибупрофен

Эм хэрэглэх заавар: Өвчтөнд зориулсан мэдээлэл

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь танд зориулсан чухал мэдээлэл агуулдаг.

-       Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.

-       Хэрэв танд нэмэлт асуулт гарвал  эмч, эм зүйчээс асуугаарай.

-       Уг бэлдмэл зөвхөн танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.

-       Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө хамаарна (4-р хэсгийг үзнэ үү).

Уг эм хэрэглэх зааварт

1.    Ибупрофен Денк 600 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

2.    Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу  мэдэх шаардлагатай вэ?

3.    Ибупрофен Денк 600 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

4.    Илэрч болох гаж нөлөө

5.    Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

6.    Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

 

   1.  Ибупрофен Денк 600 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Ибупрофен Денк 600 нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчлэлтэй (үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл/хэрэх өвчний эсрэг бэлдмэл (ҮЭСББ) бэлдмэл). Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:

  • үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад)
  • үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)
  • нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтерийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин
  • нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз)
  • зөөлөн эдийн хэрэх өвчин
  • гэмтлийн дараах үрэвсэл ба хөндүүрт хаван

 2.    Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу  мэдэх шаардлагатай вэ?

Дараах тохиолдолд Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

  • Хэрэв та ибупрофен болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист харшилтай хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)
  • Хэрэв танд ацетилсалицилын хүчил болон бусад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээний явцад гуурсан хоолойн агчил, гуурсан хоолойн багтрааны өвчин хөдлөл, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл ба гэнэтийн хаван илэрч байсан хүмүүс
  • Цус төлжилтийн тодорхой бус шалтгаант дутагдлын тохиолдолд,
  • Өмнө нь ходоод ба дээд гэдэсний дахилтат шархлаа (идэгдмэл шархлаа) болон цус алдалтаар өвдөж байсан өгүүлэмжтэй (шархлаа ба цус алдалтын 2 ба түүнээс олон батлагдсан тохиолдол илэрсэн) тохиолдолд.
  • Танд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл/хэрэх өвчний эсрэг бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор хоол боловсруулах замын цус алдалт болон цооролт өмнө нь илэрч байсан тохиолдолд
  • Тархины цус харвалт (тархины судасны цус алдалт) ба бусад идэвхтэй цус алдалт илэрч байсан тохиолдолд
  • Элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдлын  хүнд хэлбэрийн эмгэгтэй тохиолдолд
  • Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай тохиолдолд
  • Усгүйжилтийн хүнд хэлбэрийн үед (бөөлжилт, суулгалт, хангалттай хэмжээний шингэн хэрэглээгүйн улмаас)
  • Жирэмсний 3 дахь гурван сард
  • 15-аас доош насны хүүхэд, өсвөр насныханд тус тус хэрэглэхийг хориглоно.

Анхааруулга ба болгоомжлол

Ибупрофен Денк 600 шахмалыг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд эмчилгээний үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэснээр бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болох гаж нөлөөг багасгаж болно. 

Хоол боловсруулах замын аюулгүй байдал

Бэлдмэлийг үрэвслийн эсрэг стероид бус бусад бэлдмэлтэй (ЦОГ-2 ферментийг дарангуйлдаг бэлдмэлийг оруулаад) хамт хэрэглэхээс зайлсхийнэ.

Өндөр настай өвчтөн

Өндөр настанд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийг хэрэглэхэд ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт, цооролт зэрэг амь насанд аюултай гаж нөлөө үүсэх давтамж ихэсдэг. Тиймээс өндөр настанд эмнэлгийн нарийн хяналт шаардлагатай.

 

Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа ба цооролт:

Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт зэрэг амь насанд аюултай хүндрэл нь үрэвслийн эсрэг стероид бус бүх бэлдмэлийн эмчилгээний аль ч хугацаанд анхааруулах шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй илрэх, эсвэл өмнө нь хоол боловсруулах замын хүнд явцтай эмгэгээр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүст илэрч байсан талаар мэдээлэгдсэн байна.

Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт үүсэх эрсдэл ялангуяа үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн тунг нэмэгдүүлэн хэрэглэж байгаа хүмүүс болон, цус алдалт, цооролтоор хүндэрсэн шархлааны өгүүлэмжтэй өвчтөнд (Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно гэсэн 2-р хэсгийг үзнэ үү), түүнчлэн өндөр настанд өндөр байдаг байна. Эдгээр өвчтөнд эмчилгээг хамгийн бага боломжит тунгаар эхлүүлнэ.

Эдгээр өвчтөнд мөн ацетилсалицилын хүчлийг (АСХ) бага тунгаар хавсруулан хэрэглэх шаардлагатай, эсвэл хоол боловсруулах замын эмгэг үүсэх эрсдлийг ихэсгэдэг бусад бэлдмэлийг хавсарч хэрэглэх шаардлагатай тохиолдолд ходоодны салст бүрхүүлийг хамгаалах зорилгоор мизопростол болон протоны шахуургыг саатуулдаг бэлдмэлийг хамт хэрэглэнэ.

 Хэрэв танд ялангуяа өндөр настанд урьд нь хоол боловсруулах замын талаас гаж нөлөө илэрч байсан бол ялангуяа бэлдмэлийг хэрэглэхэд хэвлий орчмоор илэрч буй   бүх зовиурыг (ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт) эмчилгээний эхний шатанд цаг алдалгүй мэдэгдэх хэрэгтэй. Шархлаа ба цус алдалт үүсэх эрсдлийг ихэсгэдэг ууж хэрэглэдэг кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм варфарин, серотониныг мэдрэлийн эсийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэлүүд болон тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулдаг  ацетилсалицилын хүчил (АСХ) зэрэгтэй хамт болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг. (”Бусад эм ба Ибупрофен Денк 600” 2-р хэсгийг үзнэ үү)

Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын шархлаа, цус алдалт илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.

Хоол боловсруулах замын эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийг хэрэглэхэд уг эмгэг сэдэрч болзошгүй тул анхаарах хэрэгтэй (4-р хэсгийг үзнэ үү).

 Зүрх судасны системд бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бэлдмэлийг ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдлийг бага зэрэг нэмэгдүүлдэг. Бэлдмэлийн зөвлөсөн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй.

Дараах тохиолдолд Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, эм зүйчтэйгээ зөвлөөрэй.

  • Зүрхний дутагдал, зүрхний бахыг (цээжээр өвдөх) оролцуулан зүрхний эмгэгтэй , зүрхний өвчин хөдлөлтэй, титэм судасны хагалгаа хийлгэсэн, захын артерийн судасны өвчин (артерийн судас бөглөрсөн болон нарийссаны улмаас хөлийн цусны эргэлт муудах), цус харвалтын бүх хэлбэр (жижиг цус харвалт, цус хомсролын түр зуурын хөдлөлийг оруулаад)
  • Цусны даралт ихсэх, чихрийн шижин, цусан дахь холестеролын хэмжээ ихсэх, зүрхний өвчинтэй болон гэр бүлийн хүрээнд цус харвалтын өгүүлэмжтэй хүмүүс, тамхи татдаг хүмүүс.

Арьсны урвал

Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор улайрал ба цэврүүт тууралт бүхий арьсны хүнд явцтай урвал (үүнд эксфолиатив дерматит, Стивенс-Джонсоны хамшинж, эпидермийн хордлогот үхжил буюу Лайеллийн хамшинж) илэрч, үхэлд хүргэсэн зарим тохиолдол мэдээлэгдсэн байдаг (4-р хэсгээс үзнэ үү). Дээрх урвал эмчилгээний эхэн үед өвчтөнд илрэх хамгийн өндөр эрсдэлтэй байх ба дийлэнх тохиолдолд эмчилгээний эхний сард илэрч байжээ. Ибупрофен Денк 600 бэлдмэлийг арьсны урвал, салстын гэмтэл ба хэт мэдрэгшлийн урвалын ямар нэгэн анхны шинж тэмдэг илэрмэгц хэрэглэхээ зогсоох ба эмчид нэн даруй мэдэгдэж зөвлөгөө авна.

Ибупрофенийг салхин цэцгийн халдварын (вариселлийн халдвар) үед хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

Бусад мэдээлэл

Ибупрофен Денк 600 шахмалыг дараах тохиолдолд зөвхөн эмчилгээний ашигтай үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулж үзсэний үндсэн дээр хэрэглэж болно.

  • цус төлжилтийн төрөлхийн зарим эмгэг (цочмог дахилтат порпури гэх мэт)
  • аутоиммуны зарим эмгэг (тогтолцооны улаан чонон яр ба холбогч эдийн хавсарсан эмгэг)

Дараах тохиолдолд эмнэлгийн нарийн хяналт шаардлагатай. Үүнд:

·         -  элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдал

·         -  усгүйжилт (дегиратаци)

·         -  том хэмжээний мэс заслын дараах үед

·      - харшил (бусад бэлдмэлийн улмаас илрэх арьсны урвал, гуурсан хоолойн багтраа, өвсний халууралт), хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, амьсгалын замын нарийсал бүхий архаг эмгэг

 

Маш ховор тохиолдолд хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн цочмог урвал (жишээлбэл, анафилаксийн шок) ажиглагдсан. Хэт мэдрэгшлийн урвалын эхний шинж тэмдэг илэрмэгц Ибупрофен Денк 600 бэлдмэлийн эмчилгээг шууд зогсооно. Эмч шаардлагатай шинж тэмдгийн эмчилгээг хийх ёстой.

Ибупрофен бэлдмэлийн үйлчлэгч бодис болох ибупрофен нь тромбоцитын үйл ажиллагааны (тромбоцитын бөөгнөрөмтгий чанар) эргэн сэргэлтийг саатуулж болно. Иймээс цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнг анхааралтай хянана.

Ибупрофен Денк 600 бэлдмэлийн удаан хугацааны эмчилгээний үед элэг, бөөрний үйл ажиллагаа болон цусны эсүүдийн тоог тогтмол хянах шаардлагатай.

Хэрэв та Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэж байгаа бол мэс засалд орохын өмнө эмчлэгч эмч болон шүдний эмчээсээ энэ талаар асууж, мэдэгдэх хэрэгтэй.

Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед толгой өвдөлт үүсэж болох бөгөөд энэ нь бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд намдахгүй байж болно. Хэрэв та Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэснээс үл хамааран толгойн өвдөлт дахиж байвал эмчээс зөвлөгөө аваарай.

Ихэнхдээ өвдөлт намдаах бэлдмэлийг тогтмол хэрэглэх, ялангуяа өвдөлт намдаах хэд хэдэн бэлдмэлтэй хавсарч хэрэглэснээр бөөрний дутагдал үүсгэх эрсдэл бүхий бөөрний тогтвортой гэмтэлд (өвдөлт намдаах эмийн шалтгаант бөөрний эмгэг) хүргэж болзошгүй.

Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл нь аливаа халдвар, халууралтын шинж тэмдгийг халхавчилж болно.

Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ

Усгүйжилтэд орсон хүүхэд, өсвөр насныханд бөөрийг гэмтээх эрсдэлтэй байдаг.

Идэвхтэй бодисын тун өндөр байдаг учир Ибупрофен Денк 600 шахмалыг 15-аас доош насны хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхгүй. Гэхдээ эдгээр насны хүүхдэд хэрэглэхэд тохирсон тунтай фармакологийн хэлбэр байдаг. (Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно гэсэн 2-р хэсгийг үзнэ үү)

Бусад бэлдмэл ба Ибупрофен Денк 600

Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй байгаа, эсвэл хэрэглэж байгаа, хэрэглэхээр төлөвлөж байгаа  бол эмчлэгч эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй.

Ибупрофен Денк 600 бэлдмэл нь зарим эмийн үйлчлэлд нөлөөлж болох ба эсвэл зарим эмийн нөлөөгөөр үйлчлэл нь өөрчлөгдөж болно. Жишээ нь:

·  Цус бүлэгнэлтийн эсрэг, бүлэнгээс сэргийлэх бэлдмэл (ацетилсалицилын хүчил, варфарин, тиклопидин)

·  Цусны даралт бууруулдаг бэлдмэл (каптоприл  зэрэг  ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл, атенолол зэрэг бета блокатор, лозартан зэрэг ангиотензин II рецепторыг хориглогч бэлдмэл)

Зарим эмийн бэлдмэл нь Ибупрофен Денк 600 бэлдмэлийн үйлчлэлд нөлөөлөх, эсвэл энэ эм нь нөгөө эмийн үйлчлэлд нөлөө үзүүлж  болно. Та Ибупрофен Денк 600 бэлдмэлийг бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх тохиолдолд хэрэглэхийн өмнө эмч, эмч зүйчээс үргэлж зөвлөгөө авч байх хэрэгтэй. Ибупрофен Денк 600 бэлдмэлийг дигоксин (зүрхний агшилтыг ихэсгэдэг бэлдмэл), фенитоин (эпилепсийн эсрэг бэлдмэл) ба литиитэй (сэтгэцийн болон сэтгэл мэдрэлийн эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) хамт хэрэглэхэд эдгээр бэлдмэлийн сийвэн дэх хэмжээ ихэснэ. Иймд сийвэн дэх литийн хэмжээг хянах шаардлагатай. Дигоксин ба фенитоины сийвэнгийн хэмжээг хянахыг зөвлөнө.

Бэлдмэл шээс хөөх эм ба цусны даралт бууруулах бэлдмэлийн үйлчлэлийг бууруулж болзошгүй.

Ибупрофен бэлдмэл ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэлийн (зүрхний дутагдал ба цусны даралт ихсэлтийн эмчилгээнд хэрэглэдэг) үйлчлэлийг бууруулж болох бөгөөд эдгээр бэлдмэлтэй  хавсарсан хэрэглээ нь бөөрийг гэмтээх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Ибупрофен бэлдмэлийг калийн ялгаралтыг хориглодог шээс хөөх бэлдмэлтэй (шээс хөөх бэлдмэлийн зарим хэлбэр) хамт хэрэглэхэд сийвэнгийн калийн хэмжээ ихсэж болзошгүй.

Ибупрофен Денк 600 бэлдмэлийг өвдөлт намдаах үрэвслийн эсрэг бусад бэлдмэлүүд, үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл болон глюкокортикоидтой хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын шархлаа, цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулдаг бэлдмэл, сэтгэл гутралын эсрэг зарим бэлдмэл нь (серотониныг мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч) хоол боловсруулах замын шархлаа үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Ибупрофеныг метотрексат хэрэглэхийн  өмнөх 24 цаг эсвэл хэрэглэсний дараа 24 цагийн дотор хэрэглэх нь сийвэнгийн метотрексатын хэмжээ ба түүний гаж нөлөөг ихэсгэж болзошгүй.

Циклоспориныг (шилжүүлэн суулгасан эрхтэн ховхрохоос сэргийлэхэд хэрэглэдэг, мөн хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) үрэвслийн эсрэг стероид бус зарим бэлдмэлтэй хамт хэрэглэхэд бөөр хордуулах эрсдэл нь нэмэгддэг. Энэ үйлчлэл циклоспорин ба ибупрофены хавсарсан эмчилгээний үед илэрч болохыг үгүйсгэхгүй.

Пробенецид ба сульфинпиразон (тулай өвчнийг эмчилдэг) агуулсан бэлдмэл ибупрофены ялгаралтыг удаашруулдаг. Ингэснээр бие махбодид ибупрофен хуримтлагдаж түүний гаж нөлөө ихсэж болзошгүй.

Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл нь варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлийн үйлчлэлийг ихэсгэж болно. Иймээс хавсарсан эмчилгээний явцад цус бүлэгнэлтийн байдлыг хянахыг зөвлөдөг.

Эмнэлзүйн судалгаагаар үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл ба сульфонилмочевины бэлдмэлийн (цусан дахь глюкозын хэмжээг багасгадаг бэлдмэл) харилцан үйлчлэлийг тогтоосон. Бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа үед урьдчилан болгоомжлох үүднээс цусны сахарын хэмжээг хянах хэрэгтэй.

 Такролимус: Бэлдмэлийг хамт хэрэглэх үед бөөр хордуулах эрсдэл ихэснэ.

Зидовудин: Ибупрофен ба зидовудиныг хамт хэрэглэж буй ХДХВ-ийн халдвар гемофилитэй хавсарсан өвчтөний үенд цус хурах болон цусан хураа үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Хинолон бүлгийн антибиотикууд: Эдгээр хоёр бэлдмэлийг хамт хэрэглэсэн тохиолдолд таталт өгөх эрсдэл нэмэгдэж болно.

CYP2C9 саатуулагч болон ибупрофен нэгэн зэрэг хэрэглэхэд CYP2C9 саатуулагч нь ибупрофенд (CYP2C9 субстрат) үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлж болно. Вориконазол ба флуконазол (CYP2C9 саатуулагч)-ын эмчилгээнд хийсэн судалгаагаар S(+) ибупрофенд үзүүлэх нөлөө 80-100% нэмэгдэж байгаа нь тогтоогдсон байна. Хэрэв CYP2C9 –ийн хүчтэй саатуулагч нэгэн зэрэг хэрэглэж байгаа тохиолдолд ибупрофены тунг бууруулах хэрэгтэйг анхаарах нь чухал. Ялангуяа энэ нь вориконазол эсвэл флуконазолыг ибупрофены өндөр тунтай хавсран хэрэглэж байгаа тохиолдолд хамааралтай.

Гинкго билобаг (эмийн ургамлын бэлдмэл) үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд цус алдах эрсдэл нэмэгдэнэ.

Ибупрофен Денк 600 бэлдмэлийг согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь

Хэрэв боломжтой бол ибупрофеныг хэрэглэж байгаа үед согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь идэвхтэй нэгдлийн нөлөөгөөр үзүүлэх гаж нөлөө нь төв мэдрэлийн тогтолцоо, хоол боловсруулах замд илэрч болно.

Жирэмсэн, хөхүүл үе ба үр тогтолт

Хэрэв та жирэмсэн, хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа , эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч, эм зүйчээс асууж зөвлөгөө аваарай.

Жирэмсэн үе

Хэрэв Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэж байх үедээ жирэмсэн гэдгээ мэдвэл эмчид мэдэгдээрэй. Ибупрофеныг эмчийн зөвшөөрлөөр жирэмсний зөвхөн эхний болон хоёр дахь гурван сард хэрэглэж болно. Ибупрофен Денк 600 бэлдмэлийг жирэмсний сүүлийн гурван сард хэрэглэхийг хориглоно. Учир нь эх, хүүхдэд хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Хөхүүл үе

Бэлдмэлийн үйлчлэгч бодис болох ибупрофен ба түүний задралын бүтээгдэхүүн хөхний сүүгээр маш бага хэмжээгээр ялгардаг. Хөхүүл хүүхдэд бэлдмэлийн үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдээгүй ба бэлдмэлийг богино хугацаагаар хэрэглэж буй тохиолдолд хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагагүй. Хэдий тийм боловч эмч бэлдмэлийг удаан хугацаагаар эсвэл өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөсөн бол хүүхдийг хөхнөөс эрт гаргах талаар бодолцож үзэх хэрэгтэй.

Үр тогтолт

Ибупрофен нь таныг жирэмслэхэд саад учруулж болзошгүй юм. Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл жирэмслэхэд хүндрэлтэй байгаа бол эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.

Жолоо барих ба машин механизмтай ажиллах

Ибупрофеныг өндөр тунгаар хэрэглэх үед ядрах, толгой эргэх зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч болно. Онцгой тохиолдолд жолоо барих ба машин механизмтай ажиллах чадвар болон хариу үйлдэл үзүүлэх чадварт нөлөөлж болно. Энэ нь ялангуяа согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үед илэрдэг. Энэ үед гэнэтийн зүйл тохиолдоход тохирсон зөв хариу арга хэмжээ авах чадваргүй байдаг. Ийм тохиолдолд жолоо барихыг хориглоно. Багаж хэрэгсэл ба машин механизмтай ажиллаж болохгүй. Аюулгүйн ажиллагааны дэмжлэггүй ажиллахыг хориглоно.

3.    Ибупрофен Денк 600 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууж шалгана.

 

Зөвлөмж буй тун:

Ибупрофен хэрэглэх тун биеийн жин болон наснаас хамаарна.

а. Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ

15-аас дээш өсвөр насныхан ба насанд хүрэгчдэд ибупрофеныг хоногт 1200 мг-аас 2400 мг тунгийн хязгаарт хэрэглэхийг зөвлөнө.

Насанд хүрэгчдийн нэг удаагийн хамгийн өндөр тун нь 800 мг ибупрофен байна.

 

     

       Нас

Нэг удаагийн тун: Ибупрофен Денк 600- нимгэн бүрхүүлтэй шахмалын хэрэглэх тоо

Өдрийн нийт тун:

Ибупрофен Денк 600- нимгэн бүрхүүлтэй шахмалын хэрэглэх тоо

15 болон түүнээс дээш өсвөр насныхан ба насанд хүрэгчид

1/2-1

(300 мг-600 мг ибупрофентэй дүйцнэ)

2-4

(1200 мг -2400 мг ибупрофентэй дүйцнэ.)


Хэрэх өвчний үед Ибупрофен Денк 600 бэлдмэлийг урт хугацаагаар өвчтөнд хэрэглэх шаардлага гарч болно. Эмчлэгч эмч хир удаан хугацаанд эмчилгээ хийхийг шийдвэрлэнэ.

Шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд эмчилгээний үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэснээр бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болох гаж нөлөөг багасгаж болно.

Хэрэглэх хэлбэр

Бэлдмэлийг бүхлээр нь залгиж их хэмжээний усаар даруулан уух ба өлөн үед хэрэглэж болохгүй. Хэрэв таны ходоод хэт мэдрэг бол Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэх нь зүйтэй.

Хэрэв Ибупрофен Денк 600 бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд

Ибупрофен Денк 600 бэлдмэлийг эмчийн зааврыг үргэлж нарийн баримтлан, уг эм хэрэглэх зааварт бичсэн тунгийн дагуу хэрэглэнэ. Хэрэв энэ тунгаар хэрэглэхэд өвдөлт хангалттай намдахгүй байгаа мэт санагдвал өөрөө дур мэдэн тунг ихэсгэж болохгүй, харин эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Хэрэв та Ибупрофен бэлдмэлийг тунг хэтрүүлэн хэрэглэсэн, эсвэл хүүхэд санаандгүй хэрэглэсэн бол эмчтэй холбогдож, ойролцоо байрлах эмнэлэгт хандан гарч болох эрсдлийг лавлан асууж, авах арга хэмжээний талаар зөвлөгөө авна уу.

Бэлдмэлийн тун хэтрүүлсэн үед дотор муухайрах, ходоод өвдөх, бөөлжих (магадгүй цусан судалтай), толгой өвдөх, чих шуугих, ухаан алдах, нүдний хөдөлгөөн чичирхийлэх шинж тэмдгүүд илэрнэ. Түүнчлэн, хоол боловсруулах замын цус алдалт үүсч болно. Өндөр тунгийн нөлөөгөөр нойрмоглох, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, таталт өгөх (зонхилон хүүхдэд), сульдах, толгой эргэх, шээсээр цус гарах, элэг бөөрний үйл ажиллагаа гэмтэх, амьсгал цөөрөх (амьсгал дарангуйлагдах), цусны даралт унах, арьс салст бүрхэвч хөхөлбөр өнгөтэй болох (цианоз), бие хүйт оргих, амьсгал бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдгүүд бүртгэгдсэн байна.

Энэ үед өвөрмөц эмчилгээ байхгүй (антидот).

Хэрэв Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд

Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

Хэрэв бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн асуулт байвал эмч, эм зүйчээс асуугаарай.

 4.    Илэрч болох гаж нөлөө

Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.

Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.

Нийтлэг илрэх: 10 хүнд 1-с олон тохиолдол илэрч болзошгүй

Олонтаа илрэх: 10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй

Хааяа илрэх: 100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй.

Ховор илрэх: 1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй

Маш ховор илрэх: 10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй

Давтамж тодорхойгүй илрэх: Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй.

 

Илэрч болох гаж нөлөө

Дараах гаж нөлөө дийлэнхдээ тунгаас хамааралтай байх ба хүн бүрт харилцан адилгүй илэрдэг гэдгийг анхаарна уу.

Бэлдмэлийг хэрэглэх үед нийтлэг илрэх гаж нөлөө нь хоол боловсруулах замын талаас илэрдэг. Ходоод, дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт нь зарим тохиолдолд  ялангуяа өндөр настанг үхэлд хүргэж болно (2-р хэсгийг үзнэ үү).

Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, биж хамшинж илрэх, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны шархлаат үрэвсэл (шархлаат стоматит), бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин сэдрэх шинж тэмдэг илэрсэн байна (2-р хэсгээс үзнэ үү). Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно. Хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл ихэнхдээ тунгийн хэмжээ ба эмчилгээний хугацаанаас хамаардаг.

Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээний үед хавагнах, цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна.

Ибупрофен нь зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) ба цус харвалтын эрсдлийг бага зэрэг ихэсгэж болзошгүй.

Халдварын болон шимэгчийн эмгэг

Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг стероид бус зарим бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой халдварын шалтгаант үрэвсэлт эмгэг (хальсны үхжилт үрэвсэл) хүндрэх нь илэрсэн.

Ибупрофен Денк 600 бэлдмэлийн эмчилгээний үед халдварын шинжүүд (улайх, хавдах, халах, өвдөх, халуурах) илрэх ба хэрэв таны биеийн байдал дордвол эмчид яаралтай мэдэгдэнэ үү.

Маш ховор тохиолдолд ибупрофены хэрэглээтэй холбоотой толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүү хөших ба ухаан балартах зэрэг халдварын бус шалтгаант (асептик менингит) тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслийн шинжүүд илэрсэн байна. Тогтолцооны улаан чонон яр, холбогч эдийн хавсарсан эмгэг зэрэг зарим аутоиммуны өвчнөөр шаналж буй өвчтөнд уг эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг.

Цус ба тунгалагийн системийн эмгэг

Маш ховор илрэх: Цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, цусны цагаан эс ба тромбоцит цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох). Илрэх эхний шинж тэмдэг: халуурах, хоолой өвдөх, амны салстын өнгөц гэмтэл, томуу төст өвчин, хэт ядрах, хамраас цус гарах, арьсанд цус харвах. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө. Өвдөлт намдаах болон халуун бууруулах бэлдмэлээр өөрийгөө эмчлэхийг хатуу хориглоно.

Удаан хугацааны эмчилгээний үед цусны эсийн тоог тогтмол хянана.

Дархлалын системийн эмгэг

Хааяа илрэх: тууралтат болон загатнаат хэт мэдрэгших урвалууд, мөн түүнчлэн гуурсан хоолойн багтрааны хөдлөл (заримдаа цусны даралт бууралттай хамт илэрнэ).

Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмчдээ мэдэгдэх ба Ибупрофен Денк 600 бэлдмэлийг дахин хэрэглэж болохгүй.

Маш ховор илрэх: Хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн ерөнхий урвал болох нүүр хавагнах, хэл хавагнах болон төвөнх хавагнаж амьсгалын зам нарийсах, хүчилсэн амьсгал, зүрх дэлсэх, цусны даралт буурах болон амь насанд аюултай шокийн шинжүүд илэрч болж болно.

Хэрэв эдгээр шинж тэмдгээс илрэх эсвэл бэлдмэлийг анх удаа хэрэглэж байгаа үед дээрх шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлэгт хандана. Ийм тохиолдолд эмчээс зөвлөгөө авах ба Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.

Сэтгэцийн эмгэг

Маш ховор илрэх: солиорлын урвалууд, сэтгэл гутрал илэрч болно.

Мэдрэлийн системийн эмгэг  

Олонтаа илрэх: толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, сэрэмтгий ба цочромтгой болох, ядрах зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрнэ.

Нүдний эмгэг

Хааяа илрэх: Хараа муудах. Хэрэв энэ шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож эмчид мэдэгдэнэ.

Чих ба лабиринтын (тэнцвэрийн аппарат) эмгэг

Маш ховор илрэх: Чих шуугих, сонсгол буурах.

Зүрх судасны системийн эмгэг

Маш ховор илрэх: Зүрх дэлсэх, хавагнах, зүрхний дутагдал, зүрхний өвчин хөдлөл

Судасны эмгэг

Маш ховор илрэх: цусны даралт ихсэх (артерийн даралт ихсэх)

Хоол боловсруулах замын эмгэг

Нийтлэг илрэх: цээж хорсох, хэвлий орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах, онцгой тохиолдолд цус багадалт үүсч болох ба хоол боловсруулах замын бага зэргийн цус алдалт зэрэг хоол боловсруулах замын эмгэгүүд илэрнэ.

Олонтаа илрэх: ходоод/дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа). Зарим үед цус алдалт ба цооролт хамт илэрнэ. Амны хөндийн шархлаат үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл ба Кроны өвчин сэдрэх.

Хааяа илрэх: ходоодны үрэвсэл.

Маш ховор илрэх: улаан хоолой ба нойр булчирхайн үрэвсэл

Хэрэв хэвлийн дээд хэсгийн хүчтэй өвдөлт, цусаар бөөлжих, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах зэрэг шинж илэрвэл Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхээ нэн даруй зогсоох ба эмчдээ мэдэгдэнэ.

Маш ховор илрэх: нарийн, бүдүүн гэдсэнд мембран төст нарийсал үүсэх (гэдэсний хаалт төст нарийсал).

Элэг цөсний замын эмгэг

Маш ховор илрэх: Элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний эмгэгшил, ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний дутагдал болон элэгний цочмог үрэвсэл (хепатит) үүсч болно.

Удаан хугацааны эмчилгээний үед элэгний үзүүлэлтүүдийг тогтмол хянана.

Арьс ба арьсан доорх эдийн эмгэг

Маш ховор илрэх: арьсны улайралт болон цэврүүт тууралт бүхий арьсны хүнд хэлбэрийн урвалууд (Стивенс-Джонсоны хамшинж, эпидермийн хордлогот үхжил/Лайеллийн хамшинж), үс халцрах (алопеци) зэрэг шинж илэрч болно.

Тодорхойгүй: DRESS хамшинж буюу арьсны хүнд хэлбэрийн урвал ажиглагдаж болно. DRESS хамшинж нь арьсны тууралт, халууралт, тунгалагийн булчирхай хавдах, эозинфил эс олшрох (цусны цагаан эсийн нэг төрөл)

Онцгой тохиолдолд салхин цэцгийн (varicella вирусын халдвар) үед арьсны хүнд хэлбэрийн халдвар ба зөөлөн эдийн хүндрэлүүд тохиолдож болно.

Бөөр, шээсний замын эмгэг

Хааяа илрэх: ялангуяа цусны даралт ихтэй болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөний эдэд шингэн хуримтлагдаж хаван үүснэ, нефроз хамшинж (хавагнах ба шээсээр их хэмжээтэй уураг алдах), бөөрний цочмог дутагдал үүсгэж болзошгүй бөөрний үрэвсэлт эмгэг (бөөрний завсрын эдийн үрэвсэл).

Маш ховор илрэх: бөөрний эдийн өвчлөл (хөхлөгийн үхжил), цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэх.  

Шээсний гарц багасаж, биед шингэн хуримтлагдах (хаван), бие тавгүйрхэх нь бөөрний дутагдалд хүргэх бөөрний эмгэгийн дохио болно. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрч,  улмаар таны биеийн байдал дордвол Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчид нэн даруй мэдэгдэнэ.

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө орно.

Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.

5.    Ибупрофен Денк 600 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

Бэлдмэлийг хүүхэд үзэж, хүрэхээргүй газар хадгална.

Блистер ба цаасан хайрцаг дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдөр хүртэл үргэлжилнэ.

Хадгалах хугацаа: 36 сар.

30°С-с доош хэмд хадгална.

Ямар нэгэн бэлдмэлийг бохирын усны хоолой руу хаяж болохгүй. Хэрэглээгүй үлдсэн бэлдмэлийг хэрхэн хаяж устгах талаар эм зүйчээс асууна. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.

6.    Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

Фармакодинамик

Эмийн эмчилгээний бүлэг: Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл: пропионы хүчлийн уламжлал.

АТС код: М01АЕ01.

Ибупрофен бол үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл/хэрэх өвчний эсрэг бэлдмэл. Амьтанд хийсэн үрэвслийн эсрэг үйлчлэлийн талаарх ердийн судалгаагаар түүний простагландины нийлэгжилтийг саатуулдаг үйлчлэл батлагдсан.

Ибупрофеныг хэрэглэхэд үрэвслийн гаралтай өвдөлтийг намдааж, хаван ба халууралтыг бууруулна. Түүнээс гадна ибупрофен нь АДФ болон коллаген хамааралт тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг түр зуур дарангуйлна.

Фармакокинетик

Бэлдмэлийг ууж хэрэглэхэд зарим хэсэг нь ходоодонд шимэгдэж, үлдсэн хэсэг нь нарийн гэдсэнд бүрэн шимэгдэнэ.

Элгэнд метаболизмд (гидроксилжих, карбоксилжих) орж, идэвхгүй метаболит болсноор ихэнх нь бөөрөөр (90%), зарим хэсэг нь цөстэй хамт ялгарна. Эрүүл хүнд бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь 1.8-3.5 цаг байх ба элэг болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст сийвэнгийн уурагтай ойролцоогоор 99% холбогдоно.

Ибупрофены шахмалыг ууж хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа түүний сийвэнгийн концентраци дээд хэмжээндээ хүрч, хэвийн чөлөөлөгддөг.

Ибупрофен Денк 600 бэлдмэлийн найрлага

Үйлчлэгч бодис нь ибупрофен.

Нимгэн бүрхүүлтэй нэг ширхэг шахмалд 600мг ибупрофен агуулагдана.

Бусад найрлага: эрдэнэшишийн цардуул, магнийн стеарат цардуулт натрийн гликолят (тип А), коллойд усжуулсан цахиур, макрогол 6000, гипромеллоз, тальк, титанийн хоёрч исэл.

Эмийн сангаас олгох нөхцөл

Жороор олгодог эмийн бэлдмэл.

Ибупрофен Денк 600 бэлдмэлийн дүрслэл, савлалт

Хоёр талдаа хэрчлээс бүхий цагаан өнгийн, урт гонзгой, гөлгөр, нимгэн бүрхүүлтэй шахмал.

Нимгэн бүрхүүлтэй шахмалыг 2 тэнцүү хэсэгт хувааж болно.

Ибупрофен Денк 600 нь PVC/PVDC/хөнгөн цагаан блистерт савлагдана.

Нимгэн бүрхүүлтэй 20 ба 100 ширхэг шахмалаар савлагдана.


Маркетингийн Итгэмжлэгдсэн Эзэмшигч ба Үйлдвэрлэгч

ДENK Pharma GmbH & Co.KG

Prinzregentenstr.79,81675 München, Germany

Үйлдвэрлэдэг газар

Göllstr.1,

84529 Tittmoning,

Germany

 

Зааврыг шинэчилсэн огноо 2018 оны 12 сар

Vers.6542/001