
Хэрэглэх заавар
Лево - Денк 500 (Levo-Denk 500)
Ууж хэрэглэхэд зориулсан нимгэн бүрхүүлтэй шахмал
Фторхинолины бүлгийн антибиотик
Идэвхтэй бодис: левофлоксацин
Хэрэглэх заавар: Эмчлүүлэгчид зориулсан мэдээлэл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө уг эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь танд зориулсан чухал мэдээлэл агуулдаг.
- Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь танд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, эм зүйчээс асуугаарай.
- Уг бэлдмэл зөвхөн танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. 4-р хэсгийг үзнэ үү.
Уг эм хэрэглэх зааварт
1. Лево–Денк 500 бэлдмэл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
2. Лево–Денк 500 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
3. Лево–Денк 500 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
4. Илэрч болох гаж нөлөө
5. Лево–Денк 500 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл.
1. Лево–Денк 500 бэлдмэл гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Бэлдмэлийн нэр Лево–Денк 500. Лево–Денк 500 бэлдмэлийн үйлчлэгч бодис нь левофлоксацин бөгөөд энэ нь хинолины бүлгийн антибиотик юм. Левофлоксацин нь таны биеийн халдварын шалтгаан болж байгаа нянг устгах үйлчлэл үзүүлнэ.
Лево – Денк 500 шахмалыг дараах халдварын тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Синусит (хамрын дайврын хөндийн үрэвсэл)
- Амьсгалын замын архаг явцтай эмгэгүүд болон уушгины хатгалгаа
- Шээсний замын халдвар (бөөр, давсаг)
- Түрүү булчирхайн удаан хугацааны халдвар
- Арьс, арьсан доорх зөөлөн эд, булчингийн халдвар. Үүнийг заримдаа “зөөлөн эд” гэж нэрлэдэг.
Лево–Денк 500 бэлдмэлийг боомоор үүсгэгдсэн уушгины эмгэг, боомын нянгийн халдварт өртсөн үед болон бусад эмгэг хүндэрсэн зарим тохиолдлын эмчилгээнд хэрэглэнэ.
2. Лево–Денк 500 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
Дараах тохиолдолд Лево–Денк 500 бэлдмэл хэрэглэхийг хориглох ба хэрэв та
- левофлоксацин болон хинолины бүлгийн моксифлоксацин, ципрофлоксацин, офлоксацин зэрэг антибиотикууд болон энэхүү бэлдмэлийн найрлага дахь бусад бодисуудад харшилтай бол (6-р хэсэгт дурдсан). Харшлын шинж тэмдэгт тууралт гарах, залгих ба амьсгалахад хүндрэлтэй болох, уруул, нүүр, хоолой, хэл хавагнах зэрэг хамаарна.
- эпилепсийн өгүүлэмжтэй
- үрэвсэл, шөрмөсний эмгэг илэрч байсан болон шөрмөсний эмгэгтэй бол. Шөрмөс нь булчинг араг ястай холбодог холбоос юм.
- хүүхэд, өсч яваа өсвөр насны бол
- жирэмсэн эсвэл жирэмсэн байж болзошгүй, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол
- Хөхүүл эх бол
Хэрэв танд дээрх байдлын аль нэг нь байгаа бол бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Лево–Денк 500 бэлдмэл хэрэглэхтэй холбоотой ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчид хандаж зөвлөгөө авна уу.
Анхааруулга ба болгоомжлол
Хэрэв танд доорх тохиолдлууд байгаа бол Лево–Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч, эм зүйчтэй зөвлөнө үү.Үүнд :
- 60 ба түүнээс дээш настай
- зарим үед стериод гэж нэрлэгддэг кортикостероид хэрэглэж байгаа бол (Бусад эмийн бэлдмэл ба Лево-Денк 500 гэсэн хэсгээс үзнэ үү)
- эрхтэн шилжүүлэн суулгуулсан
- таталдаа (таталдаагаар өвчилж байсан)
- цус харвалт, тархины бусад гэмтлийн улмаас үүссэн тархины эмгэг
- бөөрний эмгэг
- глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдал. Уг эмгэгтэй өвчтөнд энэ бэлдмэлийг хэрэглэхэд хүнд явцтай цусны эмгэг үүснэ.
- сэтгэцийн эмгэгээр өвдөж байсан өгүүлэмжтэй
- зүрхний эмгэг: хэрэв та QT-ын интервалын төрөлхийн уртсал, QT интервал уртассан гэр бүлийн өгүүлэмжтэй бол (зүрхний цахилгаан идэвхжил, зүрхний цахилгаан бичлэгт илэрсэн), цусан дахь электролитийн тэнцвэрийн алдагдал (ялангуяа цусан дахь кали ба магнийн хэмжээ багасах), зүрхний хэм удаашрах (брадикарди), зүрхний дутагдалтай болон зүрхний булчингийн шигдээсээр өвдөж байсан, та эмэгтэй эсвэл өндөр настан, зүрхний цахилгаан бичлэгийн эмгэг өөрчлөлт үүсгэдэг эм хэрэглэж байгаа бол (Бусад эмийн бэлдмэл ба Лево-Денк 500 гэсэн хэсгийг үзнэ үү).
- чихрийн шижинтэй
- элэгний эмгэгийн өгүүлэмжтэй
- миастени гравис-тай
- мэдрэлийн асуудалтай (захын мэдрэлийн үрэвсэл)
- томоохон хэмжээтэй судасны цүлхэнтэй гэж оношлогдсон хүмүүс (гол судасны болон захын судасны аневризм)
- гол судасны ханын цуурал үүсэх эрсдэлтэй гэж оношлогдсон бол (гол судасны ханын цуурал)
- хэрэв танд зүрхний хавхлагын дутагдал (зүрхний хавхлагын регургитаци) гэж оношлогдсон бол
- гэр бүлийн гишүүд нь гол судасны цүлхэн, цуурлын өгүүлэмжтэй, зүрхний хавхлагын төрөлхийн гажигтай болон эдгээр эмгэгийн эрсдэлт хүчин зүйлтэй болон урьдал эмгэгтэй бол (Марфаны хам шинж буюу холбогч эдийн эмгэг, Эхлер-Данлосын хам шинж, Турнерийн хам шинж, Шогрены хам шинж (аутоиммуны үрэвсэлт эмгэг) Такаяасугийн артерит буюу судасны гигант эсийн артерит зэрэг судасны эмгэг, Бехчетийн өвчин, цусны даралт ихдэх өвчин, судас хатуурал, хэрлэгийн үений үрэвсэл (үений өвчин), эндокардит (зүрхэнд халдвар үүсэх)
- левофлоксациныг хэрэглэсний дараа арьсны хүчтэй тууралт, халцрах, цэврүүтэх ба/эсвэл амны шарх үүсэх
Арьсны ноцтой урвал
Левофлоксациныг хэрэглэхэд Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисийн хорт үхжил, эмийн шалтгаант эозинофили болон системийн шинж тэмдгүүд (DRESS) илэрсэн.
- Стивенс-Жонсоны хам шинж/ эпидермийн хорт үхжил нь гол төлөв цэврүүтсэн улаавтар толбо эсвэл дугуй толбо хэлбэрээр илэрдэг. Мөн ам, хоолой, хамар, бэлэг эрхтэн, нүдний шархлаа (нүд улайж, хавдсан) үүсч болно. Эдгээр арьсны ноцтой тууралтын өмнө ихэвчлэн халуурах ба/эсвэл томуу төст шинж тэмдгүүд илэрдэг. Тууралт нь арьс өргөн цар хүрээтэй халцрах, амь насанд аюултай хүндрэлүүд рүү шилжих эсвэл үхэлд хүргэж болзошгүй.
- DRESS нь эхлээд ханиад томуу төст шинж тэмдэг, нүүрэн дээр тууралт хэлбэрээр илрэн дараа нь биеийн хэм ихсэх, цусны шинжилгээнд элэгний ферментийн түвшин нэмэгдэж, цусны цагаан эсийн төрөл (эозинофили) нэмэгдэж, тунгалагийн зангилаа томордог.
Хэрэв танд ноцтой тууралт эсвэл эдгээр арьсны шинж тэмдгүүдийн өөр нэг шинж илэрвэл левофлоксацины хэрэглээг зогсоож, эмчид хандаж, яаралтай эмнэлгийн тусламж аваарай.
Хэрэв танд өмнө нь хинолин ба фторхинолины бүлгийн бэлдмэл хэрэглэхэд ноцтой гаж нөлөө илэрч байсан бол нянгийн эсрэг үйлчлэлтэй фторхинолин/ хинолины бүлгийн нянгийн эсрэг бусад бэлдмэлүүд болон Лево-Денк 500-г хэрэглэж болохгүй. Энэ тохиолдолд эмчлэгч эмчтэйгээ яаралтай холбогдож зөвлөгөө авна уу.
Хэрэв танд дээр дурдсан байдлын аль нэг нь илэрч байгаа эсвэл бэлдмэлийг хэрэглэх талаар өөртөө итгэлгүй байгаа бол Лево-Денк 500 бэлдмэл хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Фторхинолоныг хэрэглэх үед эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай.
Хэрэв та хэвлий, цээж, нуруугаар гэнэт хүчтэй өвдөлт мэдэрвэл аортын аневризм, задралын шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн өрөөнд очоорой. Хэрэв та системийн кортикостероид эмчилгээ хийлгэж байгаа бол эрсдэл нэмэгдэх болно.
Хэрэв танд ялангуяа орон дээрээ хэвтэх үед амьсгал давчдах, , шагай, хөл, хэвлий хавагнах, болон зүрх дэлсэлт (хурдан эсвэл тогтмол бус зүрхний цохилт) эхлэхийг анзаарах, амьсгал давчдах шинж илэрвэл нэн даруй эмчид мэдэгдэх хэрэгтэй.
Ховор тохиолдолд үеэр өвдөх, хавдах, үрэвсэх, шөрмөс тасрах зэрэг эрсдэл үүсч болзошгүй. Ийм эрсдэл нь хэрэв та 60-с дээш настай, эрхтэн шилжүүлэн суулгуулсан, бөөрний эмгэгтэй, кортикостероидын эмчилгээ хийлгэж байгаа бол илүүтэй тохиолдоно. Шөрмөс тасрах, үрэвсэх эрсдэл нь левофлоксацины эмчилгээ эхэлснээс хойших эхний 48 цагийн дотор болон левофлоксацины эмчилгээг зогсоосноос хойших хэдэн сарын хугацаанд илэрч болзошгүй. Шөрмөс өвдөх, үрэвсэх эхний шинж тэмдэг илрэхэд (жишээлбэл таны мөр, тохой, бугуй, өвдөг, шагайд) Лево-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхийг зогсоож, өвдөлттэй хэсэгт ачаалал өгөхгүй байж, эмчлэгч эмчдээ хандана уу. Дасгал хийх нь шөрмөс тасрах эрсдэлийг нэмэгдүүлэх тул шаардлагагүй дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Ховор тохиолдолд өвдөх, халуу оргих, чимчгэнэх, мэдээгүйжих, хөл, гар сульдаж ядрах зэрэг мэдрэлийн гэмтлийн (нейропати) шинж илэрч болзошгүй. Хэрэв эдгээр шинж илэрвэл өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж, Лево-Денк 500 бэлдмэл хэрэглэхээ зогсоож, эргэшгүй өөрчлөлт үүсэхээс сэргийлж, эмчлэгч эмчдээ яаралтай хандана уу.
Удаан хугацаанд үргэлжлэх, эргэшгүй, ноцтой гаж нөлөө:
Mаш ховор тохиолдолд Фторхинолин/хинолины бүлгийн нянгийн эсрэг бэлдмэлүүд болон Лево-Денк 500 антибиотикийг хэрэглэхэд удаан хугацаанд үргэлжлэх (хэдэн сараас хэдэн жил), эргэшгүй гаж нөлөө үүсдэг. Үүнд шөрмөс, булчин, хөл, гарын үеэр өвдөх, алхахад хүндрэлтэй байх, чимчгэнэх, мэдээгүйжих, зүүгээр хатгаж буй мэт мэдрэмж төрөх, халуу оргих, харах, амтлах, үнэрлэх, сонсох мэдрэхүй өөрчлөгдөх, сэтгэл гутрах, ой тогтоолт алдагдах, маш их ядрах, нойрны хүнд хэлбэрийн эмгэг үүсэх зэрэг шинж хамаарна.
Хэрэв танд Лево-Денк 500 бэлдмэл хэрэглэсний дараа дээрх гаж нөлөөний аль нэг нь илэрвэл эмчилгээгээ үргэлжлүүлэхээс өмнө эмчлэгч эмчтэйгээ яаралтай холбогдоно уу. Эмчилгээг үргэлжлүүлэх эсвэл өөр бүлгийн антибиотик хэрэглэх эсэхийг эмчлэгч эмчтэйгээ зөвлөнө үү.
Бусад эмийн бэлдмэл ба Лево-Денк 500
Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй болон хэрэглэж байгаа бол эмчлэгч эмч, эм зүйчдээ мэдэгдэнэ үү. Учир нь Лево-Денк 500 бэлдмэл нь бусад эмийн үйлчлэлд нөлөөлж болзошгүй. Түүнчлэн зарим эмийн бэлдмэл Лево-Денк 500 бэлдмэлийн үйлчлэлд нөлөөлдөг.
Хэрэв та дор дурдсан бэлдмэлүүдээс хэрэглэж байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ үү. Учир нь эдгээр эм Лево-Денк 500 бэлдмэлийн гаж нөлөөний эрсдэлийг нэмэгдүүлдэг:
- Кортикостероидууд, заримдаа стероидууд гэж нэрлэдэг үрэвслийн эсрэг бэлдмэл. Эдгээр нь шөрмөс тасрах ба үрэвсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Варфарин-цус шингэлэх зорилгоор хэрэглэдэг. Цус алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Эмчлэгч эмч таны цусны бүлэгнэлтийг хянахын тулд цусны шинжилгээг тогтмол хийх хэрэгтэй болдог.
- Теофиллин-амьсгалын эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг. Хэрэв та Лево-Денк 500 бэлдмэлтэй хамт хэрэглэвэл таталт үүсэх эрсдэлтэй.
- Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл (ҮЭСББ)- ацетилсалицилын хүчил, ибупрофен, фенбуфен, кетопрофен, индометацин зэрэг өвдөлт ба үрэвслийн эсрэг хэрэглэдэг эмүүдийг Лево-Денк 500 бэлдмэлтэй хамт хэрэглэхэд таталт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
- Циклоспорин-эрхтэн шилжүүлэн суулгасны дараа хэрэглэдэг эм. Циклоспорины гаж нөлөөг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
- Зүрхний цохилтод нөлөөлөх эм. Үүнд зүрхний хэм алдагдалд нөлөөлөх эм (хинидин, гидрохинидин, дизопирамид, амиодарон зэрэг зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эм), сэтгэл гутралын эсрэг эм (амитриптилин, имипрамин зэрэг гурван цагирагт бүтэцтэй эмүүд), нянгийн гаралтай халдварын эсрэг эм (макролидын бүлгийн антибиотикууд: эритромицин, азитромицин, кларитромицин), сэтгэцийн эмгэгийн бэлдмэл (психозын эсрэг) хамаарна.
- Пробенецид-тулай өвчний үед хэрэглэдэг эм. Хэрэв та бөөрний асуудалтай бол эмч таны эмийн тунг бууруулна.
- Циметидин - цээж хорсох, ходоодны шархлаа өвчний үед хэрэглэдэг бэлдмэл: Хэрэв та бөөрний эмгэгтэй бол эмч танд бэлдмэлийг бага тунгаар хэрэглэхийг зөвлөнө.
Дээрх зүйлсийн аль нэг нь танд хамааралтай бол эмчдээ хэлээрэй.
Лево-Денк 500 бэлдмэлийг дараах эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Учир нь Лево-Денк 500 бэлдмэлийн үйлчлэлд нөлөөлж болзошгүй юм:
Төмрийн бэлдмэл (цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг эм), цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, магни ба хөнгөн цагаан агуулсан ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл (ходоодны хүчил ихсэх, цээж хорсох эмгэг), диданозин, сукральфат (ходоодны шархлааны эм). “Хэрэв та төмрийн бэлдмэл, цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, диданозин, сукральфат хэрэглэсэн” бол 3-р хэсгийг үзнэ үү.
Шээсэнд опиат тодорхойлох сорил
Лево-Денк 500 хэрэглэж буй өвчтөний шээсэнд өвдөлт намдаах хүчтэй үйлчлэлтэй бэлдмэл опиат тодорхойлох лабораторийн шинжилгээний үр дүн “хуурамч эерэг” гарч болно. Хэрэв эмч танд шээсний шинжилгээ хийлгэхийг зөвлөсөн бол эмчид Лево-Денк 500 бэлдмэл хэрэглэж байгаагаа мэдэгдэнэ үү.
Сүрьеэгийн сорил
Энэ бэлдмэл нь сүрьеэ өвчний үүсгэгчийг тодорхойлох зарим шинжилгээний үр дүнг “хуурамч сөрөг” гаргаж болно.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй. Үүнд:
- та жирэмсэн, жирэмсэн байж болзошгүй, эсвэл өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа бол
- та хүүхдээ хөхөөр хооллодог эсвэл хөхөөр хооллохоор төлөвлөж байгаа бол тус тус хэрэглэхгүй.
Жолоо барих болон машин механизмтай ажиллах
Бэлдмэлийг хэрэглэх үед толгой эргэх, нойрмоглох, хараа өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болно. Эдгээр гаж нөлөөний зарим нь анхаарал төвлөрүүлэх болон бусад хариу урвалын хурдад нөлөөлж болзошгүй. Иймээс дээрх гаж нөлөө илэрвэл жолоо барихгүй байх ба анхаарал төвлөрөл шаардлагатай ажил гүйцэтгэж болохгүй.
Лево-Денк 500 бэлдмэл нь лактоз агуулдаг
Энэ бэлдмэл нь лактоз агуулдаг. Хэрэв эмч таныг зарим төрлийн сахарт хэт мэдрэг гэж сануулж байсан бол энэхүү бэлдмэлийг хэрэглэхийг өмнө эмчтэйгээ зөвлөнө үү.
Лево-Денк 500 бэлдмэл натри агуулдаг
Энэхүү бэлдмэлийн нэг шахмалд 1ммоль-с (23 мг) бага натри агуулдаг тул бэлдмэлийг “натри агуулаагүй”-д тооцож болно.
3. Лево-Денк 500 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Эмчлэгч эмчийн зөвлөснөөр бэлдмэлийг хэрэглэнэ. Хэрэв ямар нэгэн ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууна уу.
Хэрэглэх арга
- Бэлдмэлийг ууж хэрэглэнэ.
- Шахмалыг зажилалгүй бүхлээр нь усаар даруулж залгина.
- Шахмалыг хооллох үед болон хоолноос хамааралгүйгээр хэрэглэж болно.
Хэрэв та төмрийн бэлдмэл, цайр агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ходоодны хүчил саармагжуулагч бэлдмэл, диданозин, сукральфат хэрэглэж байгаа бол
- Лево-Денк 500 бэлдмэлийг дээрх эмүүдтэй нэг дор хамт хэрэглэхгүй. Эдгээр бэлдмэлийг Лево-Денк 500-г хэрэглэхээс наад зах нь 2 цагийн өмнө эсвэл дараа нь хэрэглэнэ.
Хэрэглэх тун
- Эмчлэгч эмч Лево-Денк 500 бэлдмэлийн хэдэн ширхэг шахмал хэрэглэхийг зөвлөнө.
- Хэрэглэх тун нь таны халдварын төрөл болон байрлалаас хамаарна.
- Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь таны халдварын хүнд, хөнгөнөөс хамаарна.
- Хэрэв танд бэлдмэлийн үйлчлэл хэт хүчтэй, эсвэл хэт сул санагдвал тунг дур мэдэн өөрчилж болохгүй, эмчлэгч эмчээс асууна уу.
Насанд хүрэгчид ба өндөр настан
Хамрын дайвар хөндийн халдвар
Лево-Денк 500 бэлдмэлийн нэг шахмалыг хоногт нэг удаа ууж хэрэглэнэ.
Амьсгалын замын архаг явцтай эмгэгтэй хүмүүсийн уушгины халдвар
Лево-Денк 500 бэлдмэлийн нэг шахмалыг хоногт нэг удаа ууж хэрэглэнэ.
Уушгины хатгалгаа
Лево-Денк 500 бэлдмэлийн нэг шахмалыг хоногт 1-2 удаа ууж хэрэглэнэ.
Бөөр, давсаг, шээс ялгаруулах замын халдвар
Лево-Денк 500 бэлдмэлийн 0,5-1 шахмалыг хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.
Түрүү булчирхайн халдвар
Лево-Денк 500 бэлдмэлийн нэг шахмалыг хоногт нэг удаа ууж хэрэглэнэ.
Арьс, арьсан доорх эд, булчингийн халдвар
Лево-Денк 500 бэлдмэлийн нэг шахмалыг хоногт 1-2 удаа ууж хэрэглэнэ.
Бөөрний эмгэгтэй өндөр настан, насанд хүрэгчид
Эмчлэгч эмч тунг багасгаж хэрэглүүлж болно.
Хүүхэд, өсвөр насныхны хэрэглээ
Бэлдмэлийг хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхгүй.
Арьсаа нарны туяанаас хамгаалах
Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед болон хэрэглэж дууссанаас хойш 2 өдөр нарны шууд тусгалаас арьсаа хамгаална. Учир нь таны арьс нарны туяанд маш мэдрэг болох ба хэрэв та дараах арга хэмжээг авахгүй хэрэглэвэл арьс түлэгдэж хорсох эсвэл хүнд явцтай цэврүү үүсч болно.
- Нарны өндөр хамгаалалттай тос хэрэглэх
- Хөл, гараа далдалсан хувцас, малгай өмсөх
- Зохиомол шарлагын туяанаас (шарлага хийдэг орноос) зайлсхийх
Хэрэв та Лево-Денк 500 бэлдмэлийн тунг хэтрүүлсэн хэрэглэсэн тохиолдолд:
Хэрэв та санамсаргүйгээр эмчийн зөвлөсөн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол эмч, эмнэлгийн мэргэжилтэнд нэн даруй хандана уу. Ингэхдээ хэтрүүлэн хэрэглэсэн эмийнхээ хайрцгийг авч очвол ямар эм хэрэглэсэн талаарх мэдээлэл эмчид тодорхой байх болно. Бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Үүнд: таталдах, толгой эргэх, ухаан балартах, салгалах, зүрхний хэм алдагдах, дотор муухайрах, ходоод халуу оргих зэрэг болно.
Хэрэв та Лево-Денк 500 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд
Хэрэв та бэлдмэл хэрэглэхээ мартаж өнгөрөөсөн бол дараагийн тунг хэрэглэх хугацаа нь ойртоогүй тохиолдолд мартсан шахмалыг санасан даруйдаа ууж хэрэглэнэ. Мартсан тунг нөхөх зорилгоор тунг давхарлан хэрэглэж болохгүй.
Хэрэв та Лево-Денк 500 бэлдмэл хэрэглээг зогсоох тохиолдолд
Таны биеийн байдал сайжирсан ч бэлдмэлийн эмчилгээг зогсоож болохгүй. Эмчийн бичсэн эмчилгээг бүрэн дуусгах нь хамгийн чухал. Хэрэв эмчилгээг хэтэрхий эрт зогсоовол халдвар дахилт өгч, таны биеийн байдал дордож, үүсгэгч нян эмэнд тэсвэртэй болж болзошгүй.
Хэрэв танд уг бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт байвал эмчлэгч эмч, эм зүйчээс лавлана уу.
4. Илэрч болох гаж нөлөө
Бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар энэхүү бэлдмэлийг хэрэглэхэд гаж нөлөө илэрч болзошгүй ч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй. Эдгээр гаж нөлөө нь ерөнхийдөө хөнгөн болон дунд зэргийн явцтай илрэх бөгөөд ихэнх тохиолдолд богино хугацааны дараа арилдаг.
Лево-Денк 500 бэлдмэл хэрэглэхэд доорх гаж нөлөө илэрвэл бэлдмэл хэрэглэхээ зогсоож, эмчид үзүүлэх эсвэл эмнэлэгт яаралтай хандана уу. Үүнд:
Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- Харшлын урвал илрэх. Үүнд: тууралт гарах, залгих болон амьсгалахад хүндрэлтэй болох, уруул, нүүр, хоолой, хэл хавагнах
Лево-Денк 500 бэлдмэл хэрэглэхэд доор дурдсан ноцтой гаж нөлөө илэрвэл бэлдмэл хэрэглэхээ нэн даруй зогсоож яаралтай эмчид хандана уу. Танд эмнэлгийн яаралтай тусламж шаардагдах болно.
Ховор (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- Усан суулга илрэх ба энэ нь цустай гарч болно, ходоод агчих, өндөр халуурах шинж хавсарч илэрнэ. Эдгээр нь гэдэсний хүнд явцтай эмгэгийн шинж.
- Шөрмөс ба холбоосны өвдөлт, үрэвсэл илэрч улмаар шөрмөс тасарч болзошгүй. Ихэвчлэн Ахиллын шөрмөс гэмтэнэ.
- Таталт үүсэх
- Хий юм харах, сонсох (хий үзэгдэл, паранойд), үзэл бодол, бодол санаа өөрчлөгдөх (сэтгэцийн урвал) амиа хорлох бодол, үйлдэл хийх эрсдэлтэй.
- Сэтгэлийн хямрал, сэтгэцийн асуудал, тайван бус болох ( түгшүүр), хэвийн бус мөрөөдөл эсвэл хар дарсан зүүд зүүдлэх
- Өргөн тархсан тууралт, биеийн хэм ихсэх, элэгний ферментийн өсөлт, цусны хэвийн бус үзүүлэлт (эозинофили), тунгалгийн зангилаа томрох, биеийн бусад эрхтнүүдийн гэмтэл (эмийн урвал эозинофили ба системийн шинж тэмдгүүдийг DRESS буюу эмэнд хэт мэдрэгшил гэж нэрлэдэг хам шинж). Мөн 2-р хэсгийг үзнэ үү.
- Усны ялгаралт муудаж, натрийн түвшин багатай (SIADH) холбоотой хам шинж
- Цусан дахь сахарын хэмжээ буурах (гипогликеми) эсвэл цусан дахь сахарын хэмжээ буурч комд (гипогликемийн кома) орох. Энэ нь чихрийн шижин өвчтэй хүмүүст маш чухал юм.
Маш ховор илрэх (10000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- Хорсох, хатгах, өвдөх, бадайрах шинж илэрнэ. Эдгээр нь мэдрэлийн эмгэгийн шинж байж болно.
Давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй):
- Уруул, нүд, ам, хамар, бэлэг эрхтэн орчмын арьс хуурч, цэврүү үүсэх зэрэг хүнд явцтай арьсны тууралт гарах
- Хоолны дуршил буурах, арьс, нүд шарлах, шээс бараан өнгөтэй гарах, загатнах, хэвлийгээр хөндүүрлэх. Эдгээр нь элэгний эмгэгийн шинж бөгөөд амь насанд аюултай элэгний дутагдалд хүргэж болно.
Хэрэв Лево-Денк 500 бэлдмэлийг хэрэглэх үед хараа муудах эсвэл нүдний талаас ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдвэл яаралтай нүдний эмчид хандаж зөвлөгөө авна уу.
Хинолон, фторхинолоны антибиотикуудын урт хугацааны хэрэглээнд шөрмөсний үрэвсэл, шөрмөс тасрах, үе мөч өвдөх, мөчдөөр өвдөх, алхахад хүндрэлтэй байх, зүүгээр хатгуулах мэт хэвийн бус мэдрэмжүүд, удаан үргэлжлэх (сар, жил хүртэл) эмийн гаж нөлөө маш ховор тохиолдох ба хинолон, фторхинолон антибиотикийг зарим тохиолдолд хинолон, фторхинолоныг хэрэглэх үед загатнах, халуун оргих, мэдээ алдах, өвдөх (мэдрэлийн эмгэг), сэтгэл гутрал, ядрах, нойрны эмгэг, санах ойн сулрал, түүнчлэн сонсгол, хараа, амт, үнэр муудах зэрэг нь холбоотой илэрч болно.
Аортын хана томорч, сулрах эсвэл гол судасны ханын урагдал (аневризм ба задрал) хагарах, үхэлд хүргэж болзошгүй, зүрхний хавхлагуудын дутагдал зэрэг нь фторхинолоныг хэрэглэдэг өвчтөнүүдэд бүртгэгдсэн. Мөн 2-р хэсгийг үзнэ үү.
Хэрэв доорх гаж нөлөөний аль нэг нь хүндрэх эсвэл хэд хоног болон түүнээс удаан хугацаагаар үргэлжилбэл эмчдээ мэдэгдэнэ үү:
Олонтаа илрэх (10 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- Нойрны эмгэг
- Толгой өвдөх, толгой эргэх
- Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх
- Элэгний үйл ажиллагааны цусан дахь ферментийн хэмжээ ихсэх
Хааяа илрэх (100 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- Эмчлэгдэх шаардлагатай байж болох Candida мөөгөнцрийн халдвар, болон бусад нянгийн тоо өөрчлөгдөх
- Цусны зарим шинжилгээнд цагаан эсийн тоо өөрчлөгдөх (цагаан эсийн тоо цөөрөх, эозинофилийн тоо олшрох)
- Сэтгэл зүйн хувьд тайван бус болох (түгшүүрлэх), нойрмоглох, салгалах, тэнцвэр алдагдах, эргэлдэх мэдрэмж (вертиго)
- Амьсгаадах (диспноэ)
- Амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хоолны дуршил буурах, ходоодны хямрал буюу хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах, ходоод орчим хөндүүрлэх, гэдэс дүүрэх, өтгөн хатах
- Арьсан дээр тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, их хөлрөх (гипергидроз)
- Үе, булчин өвдөх
- Цусны шинжилгээнд элэг (билирубин ихсэх) ба бөөрний үйл ажиллагааны эмгэг (креатинин ихсэх) илрэх
- Ерөнхий сульдал
Ховор илрэх (1000 хүнд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- Тромбоцитын тоо цөөрөх ба ингэснээр хөхрөх, цус гоожих шинж илрэх
- Цусны цагаан эсийн тоо цөөрөх (нейтропени илрэх)
- Дархлааны хариу урвал идэвхжих (хэт мэдрэгших)
- Гар, хөл бадайрах (парестези)
- Чих шуугих (тиннит), нүдэнд хий юм харагдах (нүд бүрэлзэх)
- Булчин сульдал. Энэ нь миасени гравис-тай (мэдрэлийн системийн ховор өвчин) хүмүүсд их чухал.
- Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, завсрын эдийн нефрит гэж нэрлэгддэг харшлын урвалын улмаас тохиолдож болох бөөрний дутагдал
- Халуурах
- Левофлоксациныг хэрэглэснээс хойш хэдэн цагийн дотор үүсч, үрэвслийн дараах үлдэгдэл гиперпигментаци бүхий эдгэрдэг цэврүүт / цэврүүгүй, хурц зааглагдсан, улайлттай толбо; Энэ нь ихэвчлэн левофлоксациныг дараа арьс, салст бүрхэвчийн нэг хэсэгт давтагддаг.
- Ой санамж буурах
Давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй)
- Цусны улаан эсийн тоо цөөрч цус багадах. Цусны улаан эс гэмтсэний улмаас арьс цонхигор, шаргал болох, цусны бүх эсүүдийн тоо цөөрөх (панцитопени)
- Халуурах, хоолой өвдөх, бие эвгүйрхэх шинж нь цусны цагаан эсийн тоо цөөрсөнтэй (агранулоцитоз) холбоотой
- Цусны эргэлт алдагдах (анафилакси төст шок)
- Цусан дахь сахарын хэмжээ ихсэх (гипергликеми) эсвэл цусан дахь сахарын хэмжээ буурч (гипогликеми) комд орох. Энэ нь чихрийн шижинтэй хүмүүст маш чухал юм.
- Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх, үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах (парозми, анозми, агузи)
- Алхаа болон хөдөлгөөний өөрчлөлт илрэх (дискинези, экстрапирамидын эмгэг)
- Түр зуур ухаан алдах буюу муужрах
- Түр зуур хараагүй болох
- Сонсгол муудах, сонсгол алдагдах
- Зүрхний цохилт эмгэг хэлбэрээр түргэсэх, амь насанд аюултай хэлбэрийн зүрхний хэмнэл алдагдал (зүрх зогсох), зүрхний хэм өөрчлөгдөх (зүрхний цахилгаан бичлэгт QT интервал уртсах, зүрхний цахилгаан идэвхийг харах)
- Амьсгал хяхтнах, амьсгалахад хүндрэлтэй болох (гуурсан хоолойн агчил)
- Уушгины харшлын урвал (бронхоспазм)
- Нойр булчирхайн үрэвсэл (панкреатит)
- Элэгний үрэвсэл (гепатит)
- Нарны болон хэт ягаан туяанд арьс мэдрэг болох (гэрэлд хэт мэдрэгших)
- Харшлын урвалын улмаас таны биеийн гадаргууд судасны үрэвсэл (васкулит)
- Амны хөндийн салст бүрхүүлийн үрэвсэл (стоматит)
- Булчин урагдах, булчин гэмтэх (рабдомиолиз)
- Үе улайж, хавдах
- Нуруу, цээж, хөл, гар өвдөх
- Порпуритай өвчтөний өвчин сэдрэх (маш ховор тохиолдох бодисын солилцооны өвчин)
- Нүд бүрэлзэх шинж тэмдэгтэй эсвэл шинж тэмдэггүй илрэх толгойн ужиг өвчин (гавлын дотоод даралт ихсэх).
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд энэхүү зааварт тэмдэглэгдсэн болон тэмдэглэгдээгүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ үү.
Илэрсэн гаж нөлөөг мэдээлэх нь энэ бэлдмэлийн аюулгүй байдлын мэдээллийг сайжруулахад туслалцаа болох юм.
5. Лево – Денк 500 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
Бэлдмэлийг хүүхдээс хол байлгана уу.
Бэлдмэлийн савлагаан дээрх хүчинтэй “ЕХР” хугацаа хэтэрсэн бол хэрэглэхгүй. Эмийн хүчинтэй хугацааг тухайн сарын сүүлийн өдрөөр тооцно.
Хүчинтэй хугацаа: 3 жил
250С - с доош хэмд хадгална. Бэлдмэлийг үйлдвэрлэсэн савлагаанд нь хадгална.
Бэлдмэлийг бохир усны хоолой руу хаяж болохгүй бөгөөд хэрэглэхгүй үлдсэн эмийг хэрхэн хаях тухай эм зүйчээс лавлана уу. Энэ арга хэмжээ нь хүрээлэн байгаа орчноо хамгаалахад тань тусална.
6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
Лево - Денк 500 бэлдмэлийн найрлага
- Идэвхтэй бодис нь левофлоксацин юм. Нимгэн бүрхүүлтэй нэг шахмал бүрд 500 мг левофлоксацин (512,46 мг левофлоксацин гемигидраттай тэнцэнэ) агуулагдана.
- Бусад бодист бичил талстат целлюлоз, целлюлозын нунтаг, желатинжсан цардуул, эрдэнэ шишийн цардуул, кросповидон, повидон К25, натрийн стеарил фумарат, лактоз моногидрат, гипромеллиоз, титани диоксид, макрогол 4000, төмрийн оксид, гидроксид,
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгодог эмийн бэлдмэл
Лево - Денк 500 бэлдмэлийн харагдах байдал, савлалтын агууламж
Лево-Денк 500 бэлдмэл ягаан өнгөтэй, зууван хэлбэртэй, тал тус бүртээ тэнцүү хуваах боломжтой хэрчлээстэй, нимгэн бүрхүүлтэй шахмал.
Нимгэн бүрхүүлтэй шахмал нь тэнцүү тунгаар хуваагдах боломжтой.
Лево-Денк 500 бэлдмэл нь хөнгөн цагаан/хөнгөн цагаан блистерт савлагдана.
Савлалтын хэмжээ: 10 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалаар савлагдана.
Маркетингийн Итгэмжлэгдсэн Эзэмшигч
Денк Фарма ХХК
Принзрегентен гудамж. 79,
81675 Мюнхен,
Герман
Бөөнөөр үйлдвэрлэгч, савлагч, багцаар нийлүүлэгч
аллфамед Фарбил Арзнеймиттел ХХК
Хилдебранд гудамж, 10-12
37081 Готтинген
Герман
Зааврыг шинэчилсэн огноо 2022 оны 02 сар.
Vers.50002558/001
Бүртгүүлэгч байгууллага: Денкфармын Монгол дахь төлөөлөгчийн газар
Хаяг: УБ хот, СБД, 1-р хороо, Нью Хоризон тауэр, 1001 тоот
Утас: 7575919




































































































































































































































































































