Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Ибупрофен-Денк
Худалдааны нэр
Англи
Ибупрофен
Үйлдвэрлэгч
Denk Pharma GmbH & Co.KG
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
400мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЭМИЙН БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Ибупрофен Денк 400 (Ibuprofen Denk 400)

 

Ууж хэрэглэхэд зориулсан нимгэн бүрхүүлтэй шахмал

Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл

Үйлчлэгч бодис: Ибупрофен

 

Өвчтөнд зориулсан мэдээлэл

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Учир нь танд зориулсан чухал мэдээлэл агуулдаг.

-       Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.

-       Хэрэв танд нэмэлт асуулт шаардагдвал эмч, эм зүйчээс асуугаарай.

-       Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.

-       Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох гаж нөлөө хамаарна (4-р хэсгийг үзнэ үү).

 

Уг эм хэрэглэх зааварт

1.    Ибупрофен Денк 400 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

2.    Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?

3.    Ибупрофен Денк 400 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

4.    Илэрч болох гаж нөлөө

5.    Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

6.    Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

 

1.    Ибупрофен Денк 400 гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?

Ибупрофен Денк 400 нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй [үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл/хэрэх өвчний эсрэг бэлдмэл (ҮЭСББ) бэлдмэл] эм. Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:

·         үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад)

·         үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)

·         нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтерийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин

·         нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз)

·         зөөлөн эдийн хэрэх өвчин

·         гэмтлийн дараах хөндүүрт хаван ба үрэвсэл

Шинж тэмдгийн эмчилгээнд богино хугацаанд хэрэглэх заалттай:

·         хөнгөн ба хүндэвтэр хэлбэрийн өвдөлт жишээлбэл, толгой өвдөлт шүдний өвдөлт, сарын тэмдгийн үеийн өвдөлт гэх мэт

·         Халууралт

 

2.    Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?

Дараах тохиолдолд Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

·         Хэрэв та ибупрофен болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодист харшилтай хүмүүс (6-р хэсэгт жагсаасан)

·         Хэрэв танд ацетилсалицилын хүчил болон бусад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээний явцад гуурсан хоолойн агчил, гуурсан хоолойн багтрааны өвчин хөдлөл, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл ба гэнэтийн хаван илэрч байсан хүмүүс

·         Цус төлжилтийн тодорхой бус шалтгаант дутагдалтай хүмүүс,

·         Өмнө нь ходоод ба дээд гэдэсний дахилтат шархлаа (идэгдмэл шархлаа) болон цус алдалтаар өвдөж байсан өгүүлэмжтэй (шархлаа ба цус алдалтын 2 ба түүнээс олон батлагдсан тохиолдол илэрсэн) хүмүүс. Танд өмнө нь үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл/хэрэх өвчний эсрэг бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор хоол боловсруулах замын цус алдалт болон цооролт илэрч байсан хүмүүс

·         Тархины цус харвалт (тархины судасны цус алдалт) ба бусад идэвхтэй цус алдалт илэрч байсан хүмүүс  

·         Элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдлын хүнд хэлбэр эмгэгтэй хүмүүс

·         Зүрхний хүнд хэлбэрийн дутагдалтай хүмүүс

·         Усгүйжилтийн хүнд хэлбэрийн үед (бөөлжилт, суулгалт, хангалттай хэмжээний шингэн хэрэглээгүйн улмаас)

·         Жирэмсний 3 дахь гурван сард

·         15-аас доош насны хүүхэд, өсвөр насныханд тус тус хэрэглэхийг хориглоно.

 

Анхааруулга ба болгоомжлол

Ибупрофен Денк 400 шахмалыг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэйгээ ярилцаарай. Шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд эмчилгээний үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэснээр бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болох гаж нөлөөг багасгаж болно.

 

Хоол боловсруулах замын аюулгүй байдал

Бэлдмэлийг үрэвслийн эсрэг стероид бус бусад бэлдмэлтэй (ЦОГ-2 ферментийг дарангуйлдаг бэлдмэлийг оруулаад) хамт хэрэглэхээс зайлсхийнэ.

 

Өндөр настай өвчтөн:

Өндөр настанд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийг хэрэглэхэд ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт, цооролт зэрэг амь насанд аюултай гаж нөлөө үүсэх давтамж ихэсдэг. Тиймээс өндөр настанд эмнэлгийн нарийн хяналт шаардлагатай.

 

Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа ба цооролт:

Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт зэрэг амь насанд аюултай хүндрэл нь стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бүх бэлдмэлийн эмчилгээний аль ч хугацаанд анхааруулах шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй илрэх, эсвэл өмнө нь хоол боловсруулах замын хүнд явцтай эмгэгээр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүст илэрч байсан талаар мэдээлэгдсэн байна.

Хоол боловсруулах замын цус алдалт, шархлаа, цооролт үүсэх эрсдэл ялангуяа үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн тунг нэмэгдүүлэн хэрэглэж байгаа хүмүүс болон, цус алдалт, цооролтоор хүндэрсэн шархлааны өгүүлэмжтэй өвчтөнд (Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно гэсэн 2-р хэсгийг үзнэ үү), түүнчлэн өндөр настанд өндөр байдаг байна. Эдгээр өвчтөнд эмчилгээг хамгийн бага боломжит тунгаар эхлүүлнэ.

 

Эдгээр өвчтөнд мөн ацетилсалицилын хүчлийг бага тунгаар хавсруулан хэрэглэх шаардлагатай, эсвэл хоол боловсруулах замын эмгэг үүсэх эрсдлийг ихэсгэдэг бусад бэлдмэлийг хавсарч хэрэглэх шаардлагатай тохиолдолд ходоодны салст бүрхүүлийг хамгаалах зорилгоор мизопростол болон протоны шахуургыг саатуулдаг бэлдмэлийг хамт хэрэглэнэ. Хэрэв танд ялангуяа өндөр настанд урьд нь хоол боловсруулах замын зүгээс гаж нөлөө илэрч байсан бол ялангуяа бэлдмэлийг хэрэглэхэд хэвлий орчмоор илэрч буй  бус бүх зовиурыг (ялангуяа хоол боловсруулах замын цус алдалт) эмчилгээний эхний шатанд цаг алдалгүй мэдэгдэх хэрэгтэй.

Шархлаа ба цус алдалт үүсэх эрсдлийг ихэсгэдэг ууж хэрэглэдэг кортикостероид, цусны бүлэгнэлтийг саатуулдаг эм (варфарин), сэтгэл гутралын эмчилгээнд хэрэглэдэг серотониныг мэдрэлийн эсийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулдаг бэлдмэл, тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулдаг бэлдмэлтэй энэ бэлдмэлийг болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө.

Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэх үед хоол боловсруулах замын шархлаа, цус алдалт илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно. Хоол боловсруулах замын эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд (бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, Кроны өвчин) үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийг хэрэглэхэд уг эмгэг сэдэрч болзошгүй тул анхаарах хэрэгтэй (4-р хэсгийг үзнэ үү).

 

Зүрх судасны системд бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Ибупрофен зэрэг үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах бэлдмэлийг ялангуяа өндөр тунгаар хэрэглэхэд зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдлийг бага зэрэг нэмэгдүүлдэг. Бэлдмэлийн зөвлөсөн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хэтрүүлж болохгүй.

Дараах тохиолдолд Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч, эм зүйчтэйгээ зөвлөөрэй.

·          Зүрхний дутагдал, зүрхний бахыг (цээжээр өвдөх) оролцуулан зүрхний эмгэгтэй , зүрхний өвчин хөдлөлтэй, титэм судасны хагалгаа хийлгэсэн, захын артерийн судасны өвчин (артерийн судас бөглөрөх, нарийссаны улмаас хөлийн цусны эргэлт муудах), цус харвалтын бүх хэлбэр (жижиг цус харвалт, цус хомсролын түр зуурын хөдлөлийг оруулаад)

·         Цусны даралт ихсэх, чихрийн шижин, цусан дахь холестеролын хэмжээ их, зүрхний өвчин болон гэр бүлийн хүрээнд цус харвалтын өгүүлэмжтэй хүмүүс, тамхи татдаг хүмүүс.

 

Арьсны урвал

Маш ховор тохиолдолд үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл хэрэглэсэнтэй холбоотойгоор улайрал ба цэврүүт тууралт бүхий арьсны хүнд явцтай урвал (үүнд эксфолиатив дерматит, Стивенс-Джонсоны хамшинж, эпидермийн хордлогот үхжил буюу Лайеллийн хамшинж) илэрч, үхэлд хүргэсэн зарим тохиолдол мэдээлэгдсэн байдаг (4-р хэсгээс үзнэ үү). Дээрх урвал эмчилгээний эхний үед өвчтөнд илрэх хамгийн өндөр эрсдэлтэй байх ба дийлэнх тохиолдолд эмчилгээний эхний сард илэрч байжээ. Ибупрофен Денк 400 бэлдмэлийг арьсны урвал, салстын гэмтэл ба хэт мэдрэгшлийн урвалын ямар нэгэн анхны шинж тэмдэг илэрмэгц хэрэглэхээ зогсоох ба эмчид нэн даруй мэдэгдэж зөвлөгөө авна.

Ибупрофенийг салхин цэцгийн халдварын (вариселлийн халдвар) үед хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

 

Бусад мэдээлэл

Ибупрофен Денк 400 шахмалыг дараах тохиолдолд зөвхөн эмчилгээний ашигтай үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулж үзсэний үндсэн дээр хэрэглэж болно.

·         цус төлжилтийн төрөлхийн зарим эмгэг (цочмог дахилтат порфири гэх мэт)

·         аутоиммуны зарим эмгэг (тогтолцооны улаан чонон яр ба холбогч эдийн хавсарсан эмгэг)

Дараах тохиолдолд эмнэлгийн нарийн хяналт шаардлагатай. Үүнд:

·         элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдал.

·         усгүйжилт (дегиратаци)

·         том хэмжээний мэс заслын дараах үед

·         харшил (бусад бэлдмэлийн улмаас илрэх арьсны урвал, гуурсан хоолойн багтраа, өвсний халууралт), хамрын салст бүрхүүлийн архаг үрэвсэл, амьсгалын замын нарийсал бүхий архаг эмгэг.

 

Маш ховор тохиолдолд цочмог хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн урвал (жишээлбэл, анафилаксийн шок) ажиглагдсан. Хэт мэдрэгшлийн урвалын эхний шинж тэмдэг илэрмэгц ибупрофены эмчилгээг шууд зогсооно. Эмч шаардлагатай шинж тэмдгийн эмчилгээг хийх ёстой.

Ибупрофен бэлдмэлийн үйлчлэгч бодис болох ибупрофен тромбоцитын үйл ажиллагааны (тромбоцитын бөөгнөрөмтгий чанар) эргэн сэргэлтийг саатуулж болно. Иймээс цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнг анхааралтай хянана.

 

Ибупрофен Денк 400 бэлдмэлийн удаан хугацааны эмчилгээний үед элэг, бөөрний үйл ажиллагаа болон цусны эсүүдийн тоог тогтмол хянах шаардлагатай.

Хэрэв та Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэж байгаа бол мэс засалд орохын өмнө эмчлэгч эмч болон шүдний эмчээсээ энэ талаар асууж, мэдэгдэх хэрэгтэй.

Өвдөлт намдаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед толгой өвдөлт үүсэж болох бөгөөд энэ нь бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд намдахгүй байж болно. Хэрэв та Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэснээс үл хамааран толгойн өвдөлт дахиж байвал эмчээс зөвлөгөө аваарай.

Ихэнхдээ өвдөлт намдаах бэлдмэлийг тогтмол хэрэглэх, ялангуяа өвдөлт намдаах хэд хэдэн бэлдмэлтэй хавсарч хэрэглэснээр бөөрний дутагдал үүсгэх эрсдэл бүхий бөөрний тогтвортой гэмтэлд (өвдөлт намдаах эмийн шалтгаант бөөрний эмгэг) хүргэж болзошгүй.

Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл нь аливаа халдвар, халууралтын шинж тэмдгийг халхавчилж болно.

 

Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ

Усгүйжилтэд орсон хүүхэд, өсвөр насныханд бөөрийг гэмтээх эрсдэлтэй байдаг.

Идэвхтэй бодисын тун өндөр байдаг учир Ибупрофен Денк 400 шахмалыг 15-аас доош насны хүүхэд, өсвөр насныханд хэрэглэхгүй. Гэхдээ эдгээр насны хүүхдэд хэрэглэхэд тохирсон тунтай фармакологийн хэлбэр байдаг. (Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно гэсэн 2-р хэсгийг үзнэ үү)

 

Ибупрофен Денк 400 бэлдмэлийн бусад эмтэй харилцан үйлчлэл

Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй байгаа, эсвэл хэрэглэж байгаа, хэрэглэхээр төлөвлөж байгаа (жоргүй олгодог эмүүд ч хамаарна) бол эмчлэгч эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй.

 

Ибупрофен Денк 400 бэлдмэл нь зарим эмийн үйлдэлд нөлөөлж болох ба эсвэл зарим эмийн нөлөөгөөр үйлдэл нь өөрчлөгдөж болно. Жишээ нь:

·         Цус бүлэгнэлтийн эсрэг, бүлэнгээс сэргийлэх бэлдмэл (ацетилсалицилын хүчил, варфарин, тиклопидин)

·         Цусны даралт бууруулдаг бэлдмэл (каптоприл гэх мэт ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэл, атенолол зэрэг бета блокатор, лозартан зэрэг ангиотензин II рецепторыг хориглогч бэлдмэл)

Зарим эмийн бэлдмэл нь Ибупрофен Денк 400 бэлдмэлийн үйлчлэлд нөлөөлөх, эсвэл энэ эм нөгөө эмийн үйлчлэлд нөлөө үзүүлж  болно. Та Ибупрофен Денк 400 бэлдмэлийг бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэх тохиолдолд хэрэглэхийн өмнө эмч, эмч зүйчээс үргэлж зөвлөгөө авч байх хэрэгтэй. Ибупрофен Денк 400 бэлдмэлийг дигоксин (зүрхний агшилтыг ихэсгэдэг бэлдмэл), фенитоин (эпилепсийн эсрэг бэлдмэл) ба литиитэй (сэтгэцийн болон сэтгэл мэдрэлийн эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) хамт хэрэглэхэд эдгээр бэлдмэлийн сийвэнгийн хэмжээ ихэснэ. Сийвэн дэх литийн хэмжээг хянах шаардлагатай. Дигоксин ба фенитоины сийвэнгийн хэмжээг хянахыг зөвлөнө.

 

Бэлдмэл шээс хөөх эм ба цусны даралт бууруулах бэлдмэлийн үйлдлийг бууруулж болзошгүй.

Ибупрофен Денк 400 бэлдмэл ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч бэлдмэлийн (зүрхний дутагдал ба цусны даралт ихсэлтийн эмчилгээнд хэрэглэдэг) үйлдлийг бууруулж болох бөгөөд эдгээр бэлдмэлийн хавсарсан хэрэглээ нь бөөрийг гэмтээх эрсдлийг нэмэгдүүлнэ.

Бэлдмэлийг калийн ялгаралтыг хориглодог шээс хөөх бэлдмэлтэй (шээс хөөх бэлдмэлийн зарим хэлбэр) хамт хэрэглэхэд сийвэнгийн калийн хэмжээ ихсэж болзошгүй.

 

Ибупрофен Денк 400 бэлдмэлийг өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг бусад үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл болон глюкокортикоидтой хамт хэрэглэхэд хоол боловсруулах замын шархлаа, цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулдаг бэлдмэл, сэтгэл гутралын эсрэг зарим бэлдмэл (серотониныг мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч) хоол боловсруулах замын шархлаа үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Ибупрофен Денк 400 бэлдмэлийг метотрексат хэрэглэхээс өмнө эсвэл хэрэглэсний дараа 24 цагийн дотор хэрэглэх нь сийвэнгийн метотрексатын хэмжээ ба түүний гаж нөлөөг ихэсгэж болзошгүй.

Циклоспориныг (шилжүүлэн суулгасан эрхтэн ховхрохоос сэргийлэхэд хэрэглэдэг, мөн хэрэх өвчний эмчилгээнд хэрэглэдэг бэлдмэл) зарим үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлтэй хамт хэрэглэхэд бөөр хордуулах эрсдэл нь нэмэгддэг. Энэ үйлчлэл циклоспорин ба ибупрофены хавсарсан эмчилгээний үед илэрч болохыг үгүйсгэхгүй.

Пробенецид ба сульфинпиразон (тулай өвчнийг эмчилдэг) агуулсан бэлдмэл ибупрофены ялгаралтыг удаашруулдаг. Ингэснээр бие махбодид Ибупрофен Денк 400 бэлдмэл хуримтлагдаж түүний гаж нөлөө ихсэж болзошгүй.

Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл нь варфарин зэрэг цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлийн үйлдлийг ихэсгэж болно. Иймээс хавсарсан эмчилгээний явцад цус бүлэгнэлтийн байдлыг хянахыг зөвлөдөг.

Эмнэлзүйн судалгаагаар үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэл ба сульфонилмочевины бэлдмэлийн (цусан дахь глюкозын хэмжээг багасгадаг бэлдмэл) харилцан үйлчлэлийг тогтоосон. Бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа үед урьдчилан болгоомжилох үүднээс цусны сахарын хэмжээг хянах хэрэгтэй.

 

Такролимус: Бэлдмэлийг хамт хэрэглэх үед бөөр хордуулах эрсдэл ихэснэ.

Зидовудин: Ибупрофен ба зидовудиныг хамт хэрэглэж буй ХДХВ-ийн халдвар гемофилитэй хавсарсан өвчтөний үенд цус хурах болон цусан хураа үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

Хинолон бүлгийн антибиотикууд: Эдгээр хоёр бэлдмэлийг хамт хэрэглэсэн тохиолдолд таталт өгөх эрсдэл нэмэгдэж болно.

CYP2C9 саатуулагч болон ибупрофен нэгэн зэрэг хэрэглэхэд CYP2C9 саатуулагч нь ибупрофенд (CYP2C9 субстрат) үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлж болно. Вориконазол ба флуконазол (CYP2C9 саатуулагч)-ын эмчилгээнд хийсэн судалгаагаар S(+) ибупрофенд үзүүлэх нөлөө 80-100% нэмэгдэж байгаа нь тогтоогдсон байна. Хэрэв CYP2C9 –ийн хүчтэй саатуулагч нэгэн зэрэг хэрэглэж байгаа тохиолдолд ибупрофены тунг бууруулах хэрэгтэйг анхаарах нь чухал. Ялангуяа энэ нь вориконазол эсвэл флуконазолыг ибупрофены өндөр тунтай хавсран хэрэглэж байгаа тохиолдолд хамааралтай.

Гинкго билобаг (эмийн ургамлын бэлдмэл) үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлтэй хавсран хэрэглэхэд цус алдах эрсдэл нэмэгдэнэ.

 

Ибупрофен Денк 400 бэлдмэлийг согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь

Хэрэв боломжтой бол ибупрофеныг хэрэглэж байгаа үед согтууруулах ундаанаас татгалзах хэрэгтэй. Учир нь идэвхтэй нэгдлийн нөлөөгөөр үзүүлэх гаж нөлөө нь төв мэдрэлийн тогтолцоо, хоол боловсруулах замд илэрч болно.

 

Жирэмсэн, хөхүүл үе ба үр тогтолт

Хэрэв та жирэмсэн болон хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа бол, эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа бол уг бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчлэгч эмч, эм зүйчээс асууж зөвлөгөө аваарай.

 

Жирэмсэн үе

Хэрэв Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэж байх үедээ жирэмсэн гэдгээ мэдвэл эмчид мэдэгдээрэй. Ибупрофеныг эмчийн зөвшөөрлөөр жирэмсний зөвхөн эхний болон 2 дахь гурван сард хэрэглэж болно. Ибупрофен Денк 400 бэлдмэлийг жирэмсний сүүлийн гурван сард хэрэглэхийг хориглоно. Учир нь эх, хүүхдэд хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ.

 

Хөхүүл үе

Бэлдмэлийн үйлчлэгч бодис болох ибупрофен ба түүний задралын бүтээгдэхүүн хөхний сүүгээр маш бага хэмжээгээр ялгардаг. Хөхүүл хүүхдэд бэлдмэлийн үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдээгүй ба бэлдмэлийг богино хугацаагаар хэрэглэж буй тохиолдолд хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагагүй. Хэдий тийм боловч эмч бэлдмэлийг удаан хугацаагаар эсвэл өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөсөн бол хүүхдийг хөхнөөс эрт гаргах талаар бодолцож үзэх хэрэгтэй.

 

Үр тогтолт

Ибупрофен нь таныг жирэмслэхэд саад учруулж болзошгүй юм. Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж байгаа эсвэл жирэмслэхэд хүндрэлтэй байгаа бол эмчдээ мэдэгдэх хэрэгтэй.

 

Жолоо барих ба машин механизмтай ажиллах

Ибупрофен Денк 400 бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэх үед ядрах, толгой эргэх зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрч болно. Онцгой тохиолдолд жолоо барих ба машин механизмтай ажиллах чадвар болон хариу үйлдэл үзүүлэх чадварт нөлөөлж болно. Энэ нь ялангуяа согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн үед илэрдэг. Энэ үед гэнэтийн зүйл тохиолдоход тохирсон зөв хариу арга хэмжээ авах чадваргүй байдаг. Ийм тохиолдолд жолоо барихыг хориглоно. Багаж хэрэгсэл ба машин механизмтай ажиллаж болохгүй. Аюулгүйн ажиллагааны дэмжлэггүй ажиллахыг хориглоно.

 

3.    Ибупрофен Денк 400 бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?

Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч, эм зүйчээс асууж шалгана.

Зөвлөмж буй тун:

 

а. Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ

15-аас наснаас дээш өсвөр насныхан ба насанд хүрэгчид ( ≥40кг )

Ибупрофен 400 мг бол үр дүнтэй тохирсон тун бөгөөд хоногийн нийт тунг 1200 мг буюу нимгэн бүрхүүлтэй 3 ширхэг шахмалаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Хэрэв та нэг удаагийн махимум тунг авсан бол дараагийн тунг хэрэглэх хүртлээ наад тал нь 6 цаг хүлээх хэрэгтэй.

 

15 –аас доош насны хүүхэд ба өсвөр насныхан:

Ибупрофен Денк 400 бэлдмэл нь 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь үйлчлэгч бодис нь өндөр тунтай байдаг.

 

б.Хэрэхийн эсрэг эмчилгээ

Ибупрофены тунг биеийн жин, наснаас хамааран тодорхойлж хэрэглэнэ.

Насанд хүрэгчид болон 15-аас дээш өсвөр насныханд хоногт 1200мг -аас 2400мг тунгаар хэрэглэнэ. Насанд хүрэгчдийн нэг удаагийн хамгийн өндөр тун нь 800 мг ибупрофен байна.

 

     

       Нас

Нэг удаагийн тун: Ибупрофен Денк 400 нимгэн бүрхүүлтэй шахмалын хэрэглэх тоо

Өдрийн нийт тун*:

Ибупрофен Денк 400 нимгэн бүрхүүлтэй шахмалын хэрэглэх тоо

Насанд хүрэгчид

1-2

(400 мг-800 мг ибупрофентэй дүйцнэ)

3-6

(1200 мг -2400 мг ибупрофентэй дүйцнэ.)

15 болон түүнээс дээш өсвөр насныхан

1

(400 мг ибупрофентэй дүйцнэ)

*Хэрэв та бэлдмэлийг хамгийн өндөр нэг удаагийн тунгаар хэрэглэсэн бол дараагийн тунг автал наад тал нь 6 цаг хүлээх хэрэгтэй.

 

15-аас доош насны хүүхэд өсвөр насныхан

Ибупрофен Денк 400 бэлдмэл нь 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь үйлчлэгч бодис нь өндөр тунтай байдаг.

Хэрэх өвчний үед Ибупрофен Денк 400 бэлдмэлийг урт хугацаагаар өвчтөнд

хэрэглэх шаардлага гарч болно. Эмчлэгч эмч хир удаан хугацаанд эмчилгээ хийхийг шийдвэрлэнэ. Шинж тэмдгийг хянахад шаардагдах хамгийн богино хугацаанд эмчилгээний үр нөлөө үзүүлэх хамгийн бага тунгаар хэрэглэснээр бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болох гаж нөлөөг багасгаж болно.

Хэрэглэх хэлбэр

Бэлдмэлийг их хэмжээний усаар даруулан бүхлээр нь залгиж уух ба өлөн үед хэрэглэж болохгүй. Хэрэв таны ходоод хэт мэдрэг бол Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэх нь зүйтэй.

 

Хэрэв Ибупрофен Денк 400 бэлдмэлийн тунг хэтрүүлсэн тохиолдолд

Ибупрофен Денк 400 бэлдмэлийг эмчийн зааврыг үргэлж нарийн баримтлан, уг эм хэрэглэх зааварт бичсэн тунгийн дагуу хэрэглэнэ. Хэрэв энэ тунгаар хэрэглэхэд өвдөлт хангалттай намдахгүй байгаа мэт санагдвал өөрөө дур мэдэн тунг ихэсгэж болохгүй, харин эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна. Хэрэв та Ибупрофен Денк 400 бэлдмэлийг тунг хэтрүүлэн хэрэглэсэн, эсвэл хүүхэд санаандгүй хэрэглэсэн бол эмчтэй холбогдож, ойролцоо байрлах эмнэлэгт хандан гарч болох эрсдлийг лавлан асууж, авах арга хэмжээний талаар зөвлөгөө авна уу.

 

Бэлдмэлийн тун хэтрүүлсэн үед дотор муухайрах, ходоод өвдөх, бөөлжих (магадгүй цусан судалтай), толгой өвдөх, чих шуугих, ухаан алдах, нүдний хөдөлгөөн чичирхийлэх шинж тэмдгүүд илэрнэ. Түүнчлэн, хоол боловсруулах замын цус алдалт үүсч болно. Өндөр тунгийн нөлөөгөөр нойрмоглох, цээжээр өвдөх, зүрх дэлсэх, ухаан алдах, таталт өгөх (зонхилон хүүхдэд), сульдах, толгой эргэх, шээсээр цус гарах, элэг бөөрний үйл ажиллагаа гэмтэх, амьсгал цөөрөх (амьсгал дарангуйлагдах), цусны даралт унах, арьс салст бүрхэвч хөхөлбөр өнгөтэй болох (цианоз), бие хүйт оргих, амьсгал бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдгүүд бүртгэгдсэн байна. Энэ үед өвөрмөц эмчилгээ байхгүй (антидот).

 

Хэрэв Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхээ мартсан тохиолдолд

Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.

Хэрэв бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн асуулт байвал эмч, эм зүйчээс асуугаарай.

 

4.    Илэрч болох гаж нөлөө

Хэдийгээр Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст илэрдэггүй.

Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилна.

Нийтлэг илрэх: 10 хүнд 1-с олон тохиолдох.

Олонтаа илрэх: 10 хүнд 1 хүртэл тохиолдох.

Хааяа илрэх: 100 хүнд 1 хүртэл тохиолдох.

Ховор илрэх: 1000 хүнд 1 хүртэл тохиолдох.

Маш ховор илрэх: 10000 хүнд 1 хүртэл тохиолдох.

Давтамж тодорхойгүй илрэх: Байгаа тоон мэдээллээс тооцох боломжгүй.

 

Илэрч болох гаж нөлөө

Дараах гаж нөлөө дийлэнхдээ тунгаас хамааралтай байх ба хүн бүрт харилцан адилгүй илэрдэг гэдгийг анхаарна уу.

Бэлдмэлийг хэрэглэх үед нийтлэг илрэх гаж нөлөө нь хоол боловсруулах замын зүгээс илэрдэг. Ходоод, дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа), цооролт ба цус алдалт заримдаа ялангуяа өндөр настанд үхэлд хүргэж болно (2-р хэсгийг үзнэ үү).

Бэлдмэлийг хэрэглэсний дараа дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, биж хамшинж илрэх, хэвлийгээр өвдөх, өтгөн хар гарах, цустай бөөлжих, амны шархлаат үрэвсэл (шархлаат стоматит) бүдүүн гэдэсний үрэвсэл болон Кроны өвчин сэдрэх шинж тэмдэг илэрсэн байна (2-р хэсгээс үзнэ үү). Ходоодны үрэвсэл цөөн тохиолдоно. Хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл ихэнхдээ тунгийн хэмжээ ба эмчилгээний хугацаанаас хамаардаг.

 

Үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн эмчилгээний үед хавагнах, цусны даралт ихсэх ба зүрхний дутагдал илэрсэн талаар тэмдэглэгдсэн байна.

Ибупрофен нь зүрхний өвчин хөдлөл (зүрхний булчингийн шигдээс) ба цус харвалтын эрсдлийг бага зэрэг ихэсгэж болзошгүй.

 

Халдварын болон шимэгчийн эмгэг

Маш ховор тохиолдолд зарим үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлийн хэрэглээтэй холбоотой халдварын шалтгаант үрэвсэлт эмгэг (хальсны үхжилт үрэвсэл) хүндрэх нь илэрсэн.

Ибупрофен Денк 400 бэлдмэлийн эмчилгээний үед халдварын шинжүүд (улайх, хавдах, халах, өвдөх, халуурах) илрэх эсвэл биеийн байдал дордвол эмчид яаралтай мэдэгдэнэ.

Маш ховор тохиолдолд ибупрофены хэрэглээтэй холбоотой толгой хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, хүзүү хөших ба ухаан балартах зэрэг халдварын бус шалтгаант (асептик менингит) тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслийн шинжүүд илэрсэн байна. Тогтолцооны улаан чонон яр, холбогч эдийн хавсарсан эмгэг зэрэг зарим аутоиммуны өвчнөөр шаналж буй өвчтөнд уг эмгэг үүсэх эрсдэл нэмэгддэг.

 

Цус ба тунгалгийн системийн эмгэг

Маш ховор илрэх: Цус төлжилт өөрчлөгдөх (цус багадалт, цусны цагаан эс ба тромбоцит цөөрөх, цусны бүх эсийн тоо цөөрөх, мөхлөггүй цагаан эсийн тоо олшрох). Илрэх эхний шинж тэмдэг: халуурах, хоолой өвдөх, амны салстын өнгөц гэмтэл, томуу төст өвчин, хэт ядрах, хамраас цус гарах, арьсанд цус харвах. Хэрэв эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчилгээг нэн даруй зогсоох ба эмчтэйгээ зөвлөнө. Өвдөлт намдаах болон халуун бууруулах бэлдмэлээр өөрийгөө эмчлэхийг хатуу хориглоно.

Удаан хугацааны эмчилгээний үед цусны эсийн тоог тогтмол хянана.

 

Дархлалын системийн эмгэг

Хааяа илрэх: тууралтат болон загатнаат хэт мэдрэгших урвалууд, мөн түүнчлэн гуурсан хоолойн багтрааны хөдлөл (заримдаа цусны даралт бууралттай хамт илэрнэ).

Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй эмчдээ мэдэгдэх ба Ибупрофен Денк 400 бэлдмэлийг дахин хэрэглэж болохгүй.

Маш ховор илрэх: Ерөнхий хэт мэдрэгшлийн хүнд хэлбэрийн урвал болох нүүр хавагнах, хэл хавагнах болон төвөнх хавагнаж амьсгалын зам нарийсах, хүчилсэн амьсгал, зүрх дэлсэх, цусны даралт буурах болон амь насанд аюултай шокийн шинжүүд илэрч болж болно.

Хэрэв эдгээр шинж тэмдгээс илрэх эсвэл бэлдмэлийг анх удаа хэрэглэж байгаа үед дээрх шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлэгт хандана. Ийм тохиолдолд эмчээс зөвлөгөө авах ба Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.

 

Сэтгэцийн эмгэг

Маш ховор илрэх: солиорлын урвалууд, сэтгэл гутрал илэрч болно.

 

Мэдрэлийн системийн эмгэг  

Олонтаа илрэх: толгой өвдөх, толгой эргэх, нойргүйдэх, сэрэмтгий ба цочромтгой болох, ядрах зэрэг төв мэдрэлийн системийн эмгэг өөрчлөлт илэрнэ.

 

Нүдний эмгэг

Хааяа илрэх: Хараа муудах. Хэрэв энэ шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоож эмчид мэдэгдэнэ.

 

Чих ба лабиринтын (тэнцвэрийн аппарат) эмгэг

Маш ховор илрэх: Чих шуугих, сонсгол буурах.

 

Зүрх судасны системийн эмгэг

Маш ховор илрэх: Зүрх дэлсэх, хавагнах, зүрхний дутагдал, зүрхний өвчин хөдлөл

 

Судасны эмгэг

Маш ховор илрэх: цусны даралт ихсэх (артерийн даралт ихсэх)

 

Хоол боловсруулах замын эмгэг

Цээж хорсох, хэвлий орчим өвдөх, дотор муухайрах, бөөлжих, гэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах, онцгой тохиолдолд цус багадалт үүсгэж болох ба хоол боловсруулах замын бага зэргийн цус алдалт зэрэг хоол боловсруулах замын эмгэг илэрнэ.

Олонтаа илрэх: ходоод/дээд гэдэсний шархлаа (идэгдмэл шархлаа). Зарим үед цус алдалт ба цооролт хамт илэрнэ. Амны хөндийн шархлаат үрэвсэл, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл ба Кроны өвчин сэдрэх.

Хааяа илрэх: ходоодны үрэвсэл.

Ховор илрэх: улаан хоолой ба нойр булчирхайн үрэвсэл

Маш ховор илрэх: нарийн, бүдүүн гэдсэнд мембран төст нарийсал үүсэх (гэдэсний хаалт төст нарийсал).

Хэрэв хэвлийн дээд хэсгийн хүчтэй өвдөлт, цусаар бөөлжих, өтгөн цустай гарах, өтгөн хар гарах зэрэг шинж илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ нэн даруй зогсоох ба эмчдээ мэдэгдэнэ.

 

Элэг цөсний замын эмгэг

Маш ховор илрэх: Элэгний үйл ажилагааны алдагдал, элэгний эмгэгшил, ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед элэгний дутагдал болон элэгний цочмог үрэвсэл (гепатит) үүсч болно.

Удаан хугацааны эмчилгээний үед элэгний үзүүлэлтүүдийг тогтмол хянана.

 

Арьс ба арьсанд доорх эдийн эмгэг

Маш ховор илрэх: арьсны улайралт болон цэврүүт тууралт бүхий арьсны хүнд хэлбэрийн урвалууд (Стивенс-Джонсоны хамшинж, эпидермийн хордлогот үхжил/Лайеллийн хамшинж), үс халцрах (алопеци) зэрэг шинж илэрч болно.

 

Тодорхойгүй: DRESS хамшинж буюу арьсны хүнд хэлбэрийн урвал ажиглагдаж болно. DRESS хамшинж нь арьсны тууралт, халууралт, тунгалагийн булчирхай хавдах, эозинфил эс олшрох (цусны цагаан эсийн нэг төрөл)

Онцгой тохиолдолд салхин цэцгийн (varicella вирусын халдвар) үед арьсны хүнд хэлбэрийн халдвар ба зөөлөн эдийн хүндрэлүүд тохиолдож болно.

 

Бөөр, шээсний замын эмгэг

Хааяа илрэх: ялангуяа цусны даралт ихтэй болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөний эдэд шингэн хуримтлагдаж хаван үүснэ, нефроз хамшинж (хавагнах ба шээсээр их хэмжээтэй уураг алдах), бөөрний цочмог дутагдал үүсгэж болзошгүй бөөрний үрэвсэлт эмгэг (бөөрний завсрын эдийн үрэвсэл).

Маш ховор илрэх: бөөрний эдийн өвчлөл (хөхлөгийн үхжил), цусан дахь шээсний хүчлийн хэмжээ ихсэх.  

Шээсний гарц багасаж биед шингэн хуримтлагдах (хаван), бие тавгүйрхэх нь бөөрний дутагдалд хүргэх бөөрний эмгэгийн дохио болно. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илрэх эсвэл биеийн байдал дордвол Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох ба эмчид нэн даруй мэдэгдэнэ.

 

Гаж нөлөөг мэдээлэх

Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө орно.

Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээллээр хангахад тусална.

 

5.    Ибупрофен Денк 400 бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?

Бэлдмэлийг хүүхэд үзэж, хүрэхээргүй газар хадгална.

Блистер ба цаасан хайрцаг дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй. Хүчинтэй хугацаа нь тухайн сарын сүүлийн өдөр хүртэл үргэлжилнэ.

Хадгалах хугацаа: 48 сар.

25°С-с доош хэмийн хуурай газар хадгална.

Ямар нэгэн бэлдмэлийг ахуйн хогонд хаяж болохгүй. Хэрэглээгүй үлдсэн бэлдмэлийг хэрхэн хаяж устгах талаар эм зүйчээс асууна. Энэ нь хүрээлэн буй орчноо хамгаалахад тусална.

 

6.    Савлалтын агууламж болон бусад мэдээлэл

Фармакодинамик

Эмийн эмчилгээний бүлэг: Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл: пропионы хүчлийн уламжлал.

АТС код: М01АЕ01.

Ибупрофен бол стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бэлдмэл/хэрэх өвчний эсрэг бэлдмэл. Амьтанд хийсэн үрэвслийн талаарх ердийн судалгаагаар түүний простагландины нийлэгжилтийг саатуулдаг үйлдэл батлагдсан.

Ибупрофеныг хэрэглэхэд үрэвслийн гаралтай өвдөлтийг намдааж, хаван ба халууралтыг бууруулна. Түүнээс гадна ибупрофен АДФ болон коллаген хамааралт тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг түр зуур дарангуйлна.

 

Фармакокинетик

Бэлдмэлийг ууж хэрэглэхэд зарим хэсэг нь ходоодонд шимэгдэж, үлдсэн хэсэг нь нарийн гэдсэнд бүрэн шимэгдэнэ.

Элгэнд метаболизмд (гидроксилжих, карбоксилжих) орж, идэвхгүй метаболит болсноор ихэнх нь бөөрөөр (90%), зарим хэсэг нь цөстэй хамт ялгарна. Эрүүл хүнд бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь 1.8-3.5 цаг байх ба элэг болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст сийвэнгийн уурагтай ойролцоогоор 99% холбогдоно.

Ибупрофены шахмалыг ууж хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа түүний сийвэнгийн концентраци дээд хэмжээндээ хүрч, хэвийн чөлөөлөгддөг.

 

Ибупрофен Денк 400 бэлдмэлийн найрлага

Үйлчлэгч бодис нь ибупрофен.

Нимгэн бүрхүүлтэй нэг ширхэг шахмалд 400мг ибупрофен агуулагдана.

Бусад найрлага: эрдэнэшишийн цардуул, төмсний цардуул, цардуул натрийн гликолят (тип А), царцмагжуулалтын өмнөх цардуул, усгүйжүүлсэн коллойд кремнийн хоёрч исэл, магнийн стеарат, макрогол 6000, гипромеллоз, тальк болон титанийн хоёрч исэл.

 

Эмийн сангаас олгох нөхцөл

Жороор олгодог эмийн бэлдмэл.

 

Ибупрофен Денк 400 бэлдмэлийн дүрслэл, савлалт

Хоёр талдаа хэрчлээс бүхий цагаан өнгийн, урт гонзгой, гөлгөр, нимгэн бүрхүүлтэй шахмал. Нимгэн бүрхүүлтэй шахмалыг 2 тэнцүү хэсэгт хувааж болно.

Ибупрофен Денк 400 нь PVC/PVDC/хөнгөн цагаан блистерт савлагдана.

20 ба 100 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалаар савлагдана.

 

Маркетингийн итгэмжлэгдсэн эзэмшигч ба үйлдвэрлэгч

ДENK Pharma GmbH & Co.KG

Prinzregentenstr.79,81675 München, Germany

 

Үйлдвэрлэгч

Göllstr.1,84529 Tittmoning, Germany

 

Зааврыг шинэчилсэн огноо 2019 оны 4 сар.

Vers.3053/003