Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Кардиомагнил
Худалдааны нэр
Англи
Ацетилсалицилийн хүчил
Үйлдвэрлэгч
Takeda GmbH
Гарал үүслийн улс
ХБНГУ
Тун хэмжээ
150мг
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн хэрэглээний  заавар

КАРДИОМАГНИЛ

 

ХУДАЛДААНЫ НЭР:         Кардиомагнил

ОЛОН УЛСЫН НЭРШИЛ:  Ацетилсалицилын хүчил

ЭМИЙН ХЭЛБЭР:

    Хальсан бүрхүүлтэй шахмал  75 мг

    Хальсан бүрхүүлтэй шахмал  150 мг

 

НАЙРЛАГА:

Идэвхтэй үйлчлэгч бодис: нэг бүрхүүлтэй шахмалд  75 мг эсвэл 150 мг ацетилсалицилын хүчил агуулагдана.

Туслах бодис: магнийн гидроксид, эрдэнэ шишийн цардуул, жижиг талст целлюлоз (E460), төмсний цардуул, магнийн стеарат  (E470b)

Хальсан бүрхүүлийн  найрлага: гипромеллоз (метил гидрокси пропил целлюлоз 15),  макрогол (пропиленгликоль), тальк.

ХАРАГДАХ БАЙДАЛ:

75 мг шахмал нь: Зүрхэн хэлбэртэй, хальсан бүрхүүлтэй цагаан өнгөтэй

150  мг шахмал нь: Зууван  хэлбэртэй, цагаан өнгийн хальсан бүрхүүлтэй, дундуураа хуваахад зориулсан  хэрчлээстэй.

ЭМИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ БҮЛЭГ: Ялтаст эсийн  бөөгнөрлийг дарангуйлж үйлчилдэг цус шингэлэх  бэлдмэл.

АТС КОД  В01АС06

ФАРМАКОЛОГИЙН ШИНЖ

Фармакокинетик

Шимэгдэлт:

Ацетилсалицилийн хүчил (АСХ) хоол боловсруулах замаар хурдан сайн шимэгдэнэ. Ацетилсалицилийн хүчлийн биохүрэхүй ойролцоогоор 70% байх боловч  хоол боловсруулах зам ба элгэнд үүсэх  эстераза ферментийн нөлөөгөөр ихээхэн хэлбэлздэг.  Харин салицилийн хүчлийн биохүрэхүй 80-100% байна.

Ацетилсалицилийн хүчлийг  ууж хэрэглэсний дараа ионжоогүй  хэлбэрээр шимэгддэг. Хоол хүнстэй хамт хэрэглэхэд  шимэгдэлтийн хувь буурна. Мигрень өвчтэй хүмүүсийн  хувьд  ацетилсалицилийн хүчлийн  шимэгдэлт бага байдаг. Харин ходоодны хүчил багатай буюу багасгах бэлдмэл  хэрэглэж байгаа  хүмүүст эмийн шимэгдэлт их байна. Ацетилсалицилийн хүчлийн тун ууснаас хойш 30 минутын дараа, салицилийн хүчлийн тун ууснаас хойш 1-2 цагийн дараа  цусан дахь хамгийн өндөр түвшрүүлэгтээ хүрдэг.

Тархалт:

Ацетилсалицилийн хүчлийн 80-90% сийвэнгийн уурагтай нэгддэг. Насанд хүрэгчдийн хувьд  тархалтын эзэлхүүн 170 мг/кг. Цусан дахь эмийн хэмжээ нэмэгдэх тусам  эмийг нэгдүүлэх сийвэнгийн уургийн  боломж барагдаж, чөлөөт эмийн хэмжээ ихэссэнээс  тархалтын эзэлхүүн нэмэгддэг.  Салицилатууд уурагтай их хэмжээгээр нэгддэг ч  биед өргөн тархдаг. Ихэсээр нэвтрэх ба хөхний сүүгээр  ялгарна.

Хувиралд орох:

АСХ нь  гэдэсний хөндийд гидролизийн замаар хувиралд орж идэвхтэй метаболит(салицилат) болон хувирдаг. Цусанд шимэгдсэний дараа АСХ нь салицилийн хүчил болон хувирдаг боловч эхний 20 минутын хугацаанд АСХ давамгайлдаг.

Гадагшлалт:

 Салицилатын ихэнх хувь элэгнээс гадна хувиралд ордог. Тиймээс  сийвэн дэх салицилатын түвшрүүлэг  хэрэглэж байгаа эмийн тунгаас   шууд хамааралгүй байдаг. АСХ-г 325 мг-р хэрэглэхэд түүний сийвэн дэх хагас задралын хугацаа 2-3 цаг байдаг бол өндөр тунгаар хэрэглэх үед сийвэн дэх хагас задралын хугацаа нь  15-30 цаг болж  уртасдаг.  Салицилат шээсээр өөрчлөлтгүй хэлбэрээр  гадагшилдаг. Хэр хэмжээгээр  гадагшлах нь уусан эмийн тун ба  шээсний рH –с  хамаарна. Хэрэв шээс  шүлтлэг байвал уусан эмийн 30%, хүчиллэг байвал 2%  шээсээр гадагшилна. Бөөрөөр дамжин гадагшлахдаа  түүдгэнцрээр шүүгдэн гарч, тахир сувганцар руу орохдоо идэвхтэй шимэгдэн  орж,  цус руу эргэн  шимэгдэхдээ идэвхгүй  аргаар буцан ордог. 

Фармакодинамик

АСХ нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэлтэй.  Үүнээс гадна бага тунгаараа  ялтаст эсийн бөөгнөрөмтгий чанарыг бууруулдаг учраас цус урсах хугацааг уртасгадаг. АСХ-ийн эмчилгээний үйлдэл нь  простагландин ба тромбоксаны нийлэгжилтийг дарангуйлдагтай холбоотой бол өвдөлт намдаах үйлдэл нь захын мэдрэлийн орчимд  циклооксигеназа ферментийг дарангуйлдгаар тайлбарлагдана. Үрэвслийн эсрэг үйлдэл нь цусан шимэгдэн орсны дараа простагландин Е2-г дарангуйлдагтай холбоотой.

АСХ  нь простагландин G / H- синтаза ферментийг ацетилжуулж, эргэлтгүй  дарангуйлдаг учраас  түүний ялтаст эсэд үзүүлдэг нөлөө нь АСХ-ийн биед оршин байх хугацаанаас  илүү удаан байдаг. АСХ ялтаст эсийн доторх  тромбоксаны биосинтезэд нөлөөлснөөр цус урсах хугацаа уртсах үйл явц эмийг хэрэглээд дууссаны дараа ч   олон хоногоор үргэлжилдэг бөгөөд цусанд зөвхөн шинэ залуу ялтаст эс орж ирснээр эмийн үйлдэл зогсоно.  

Түүнээс гадна  салицилат (АСХ-ийн идэвхтэй метаболит) нь  үрэвслийн эсрэг үйлдэлтэй  ба  мөн амьсгалд, хүчил  шүлтийн тэнцвэрт, ходоодны хүчиллэг чанарт нөлөөлдөг.

Салицилатууд уртавтар тархин дахь амьсгалын төвийг  шууд  цочроох замаар амьсгалд нөлөөлдөг. Мөн  ходоодны цусан хангамжийг сайжруулж, салстыг хамгаалах үүрэгтэй  простагландины хэмжээг бууруулсны улмаас ходоодонд шархлаа үүсэх нөхцөл бүрдүүлдэг.  

Хэрэглэх заалт:

75 мг шахмалыг:

  • Зүрхний цусан  хангамжийн цочмог ба архаг дутмагшил (зүрхний  бах)
  • Зүрх судасны өвчний анхдагч сэргийлэлт: 50-с дээш насныханд тохиолддог титэм судасны  цочмог дутмагшил,  судасны бөглөрөлтөд хүргэдэг эрсдэлт хүчин зүйл болох артерийн даралт ихдэлт, чихрийн шижин, цусанд холестерин ихсэлт, таргалалт (БЖИ> 30) зэрэг  шинжүүдээс нэг буюу түүнээс олон хам шинж илэрч буй тохиолдолд. Эсвэл  эцэг эх, ах дүүсийн хэн нэгэн зүрхний шигдээсээр өвдөж байсан өгүүлэмжтэй хүмүүс
  • Урьд нь  зүрхний шигдээс ба судасны бөглөрөлтөт өвчнөөр өвдөж байсан хүмүүс дахилтаас сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

150 мг  шахмалыг: 

  • Зүрхний  титэм судасны  цочмог ба архаг дутмагшилт өвчин (зүрхний  бах)  

Хэрэглэх арга ба тун  

Ууж хэрэглэхдээ  шахмалыг  зажилж  ууж болно, усанд уусган хөвмөл болгож   байгаад   залгиж ууж болно.

Зүрхний  титэм судасны цочмог ба архаг дутмагшилт өвчинд: эхний тунг   150 мг-р  эхлээд цаашдаа 75 мг-р үргэлжлүүлнэ.

Зүрхний шигдээс болон тогтвортой бус бахын үед:  анхны шинж тэмдэг илрэнгүүт  эмчилгээг 150 - 450 мг-р  аль болох түргэн эхэлнэ.

Судасны бөглөлөртөт өвчин дахихаас сэргийлэх зорилгоор: эхний тунг   150 мг-р  эхлээд цаашдаа 75 мг-р үргэлжлүүлнэ.

50-с дээш насныханд:  өндөр эрсдэл бүхий  зүрх судасны өвчтөнд хүндрэлээс сэргийлэх зорилгоор  өдөр бүр  75 мг  ууна.

Элэг ба бөөрний үйл ажиллагааны бага ба дунд зэргийн  дутмагшилтай өвчтөнд тунг зохицуулах шаардлагатай бөгөөд хүнд зэргийн дутмагшилтай өвчтөнд хэрэглэж болохгүй.

Гаж нөлөө  

Гаж нөлөөний тохиолдлыг давтамжаар нь дараах байдлаар ангилсан: Үүнд: маш элбэг тохиолддог (≥1/10); элбэг тохиолддог (≥1/100 до <1/10); хааяа тохиолддог  (≥1/1,000 до <1/100); ховор тохиолддог (≥1/10,000 до <1/1,000); маш ховор тохиолддог (<1/10,000) гэж ангилдаг.

Маш элбэг тохиолддог:

− цус гоожилтын хугацаа уртсах

− ялтаст эсийн бөөгнөрөмтгий чанар багасах

− цээж хорсох, гашуун юмаар гулгах, хэвлийгээр өвдөх

Элбэг тохиолддог:

цусархагших хам шинж  

− толгой өвдөх  

− бронхийн багтрааг сэдрээх  

ходоод гэдэсний салстыг  цочроох,   улайлгах, огих, бөөлжих, суулгах,  диспепси

− нойргүйдэл  

Хааяа тохиолдох:

− шинж тэмдэггүй (далд)  цус алдалт

− толгой эргэх (вертиго),  нойрмоглох

− чих шуугих  

− амьсгаадах  

− хоол боловсруулах  замын  дээд хэсгээр шарх үүсэх, цус алдах, цусаар бөөлжих, цустай баах (мелена)

− харшлын урвалууд – чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван (харшлын өвчтэй хүмүүст голдуу ажиглагддаг), анафилаксийн урвал

Ховор тохиолдолд:

− биохимийн шинжилгээнд “элэгний” трансаминаз ба шүлтлэг  фосфатазын идэвх нэмэгдэх

− цус багадалт  (удаан хугацаанд хэрэглэсний дараа), цус задрах (глюкозо-6-фосфат дегидрогеназа ферментийн төрөлхийн дутагдалтай хүн)

− тархинд цус харвах

− тунгаас хамааран түр зуур сонсгол муудах, дүлийрэх

− хоол боловсруулах  замын  дээд хэсгээс  их хэмжээгээр цус алдах, ходоод гэдэс  цоорох  

− бөөрний үйл ажиллагаа хямрах  

− цусанд сахарын хэмжээ багасах

− цусархагших хам шинж бүхий  судасны үрэвсэл

Маш ховор тохиолдолд:

− өндөр тунгаар хэрэглэх үед тромбины хэмжээ буурах (гипопротромбинеми), ялтаст эсийн тоо буурах (тромбоцитопени), нейтрофиль, эозинофилийн тоо багасах, цусны дүрст элементүүд багасах (агранулоцитоз), цус төлжилт алдагдсанаас үүсэх цус багадалт  (апластик анеми)

− ам “гэмтэх”, улаан хоолой үрэвсэх, хоол боловсруулах замын доод хэсгээр шарх үүсэх, нарийсах, бүдүүн гэдэсний үрэвсэл, гэдэсний архаг үрэвсэлт өвчин сэдрэх

− арьсан дээр тууралт гарах, улайх, Стивенс-Джонсоны хам шинж, арьсны өнгөн давхаргын хордлогот үхжил (Лайеллын хам шинж)

 төрөл бүрийн вирусын халдвар (А ба В томуу, салхин цэцэг г.м) давхацсан тохиолдолд  эмийн тунгаас хамааран элэгний хордлогот үрэвсэл түр зуур үүсч болзошгүй. 

Ганц нэг  ажиглагдаж  болзошгүй тохиолдол:

− Рейе  хам шинж

Хориглох заалт

− салицилатын бүлгийн эмүүд болон  стероидын бус үрэвслийн эсрэг эмүүдэд, эсвэл эмийн найрлагад орсон аль нэг туслах бодист  хэт мэдрэгшилтэй  нь тогтоогдсон буюу  харшилтай байж магадгүй тохиолдолд 

− цусархагших хам шинж бүхий өвчтөн  (К амин дэмийн дутагдалтай, ялтаст эсийн тоо цөөн, гемофили өвчтэй хүн)

− ходоод гэдэсний шархлааны  ид үе

−бөөрний үйл ажиллагааны хүнд  хэлбэрийн алдагдал (БТШХ <0,2 мл / буюу (10 мл / мин-с бага))

− элэгний  үйл ажиллагааны хүнд  хэлбэрийн алдагдал

− зүрхний үйл ажиллагааны хүнд  хэлбэрийн алдагдал  

− 16 нас хүрээгүй хүүхэд  

−Жирэмсний  сүүлийн 3 сард хоногт 100 мг-с дээш тунгаар хэрэглэж болохгүй

Эмийн харилцан нөлөөлөл

Харилцан нөлөөлөл  үзүүлдэг дараах эмүүдийг хамт хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Үүнд:  

Метотрексат:  АСХ метотрексатын гадагшлалтыг  багасгаснаас  цус төлжилтийг дарангуйлах  гаж нөлөө нь нэмэгдэх (лейкопени, тромбоцитопени, анеми үүсгэх)  мөн  бөөр хордуулах, салст бүрхэвчийг гэмтээх эрсдэл үүсгэнэ.    

АХФ  дарангуйлагч эмүүд

АСХ  простагландины синтезийг дарангуйлах  учраас   АХФ-ийн үйлдлийн хүч суларна.

Ацетазоламид

Ацетазоламидын цусан дахь тун ихсэхийн хэрээр  салицилатууд сийвэнгээс түрэгдэж орчны эдэд нэвчин ордог.  Үүнээс шалтгаалан ацетазоламидын хордлогын (ядарч сульдах,  нойрмоглох,  ухаан балартах, цусанд хлор ихэссэнээс шалтгаалсан хүчилшилт)  ба салицилатын хордлогын ( бөөлжих, зүрх дэлсэх, амьсгаадах, ухаан самуурах) шинжүүд ажиглагдана.  

Пробенецид, сульфинпиразон

Пробенецид  ба  салицилатыг  (> 500 мг тунгаар)  хамт хэрэглэхэд  хоёул шээсний   хүчлийн гадагшлалтыг дарангуйлснаас  болоод харилцан бие биеийнхээ үйлчилгээг  хориглоно.

Зэрэг хэрэглэх үедээ болгоомжилвол зохих эмүүд:

Клопидогрел, тиклопидин

Клопидогрел ба АСХ  харилцан синерги үйлдэлтэй  тул  цусархагших  эрсдэл нэмэгдэнэ. Иймд  эдгээр эмүүдийг зэрэг хэрэглэх үедээ  цус алдах хүндрэлээс болгоомжил 

Антикоагулянтууд: варфарин, фенпрокумон

Тромбин үүсэлтийг дарангуйлж   тромбоцитуудын идэвхийг бууруулах  (К аминдэмийн эсрэг үйлдэлтэй) учраас цус алдах эрсдэл ихэснэ.  

Абсиксимаб, тирофибан, эптифибатид

Тромбоцитын  гликопротеины IIb/IIIa рецепторыг дарангуйлснаар цус алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ.  .

Гепарин

Тромбин үүсэлтийг багасгаж, шууд бусаар  тромбоцитуудын идэвхийг бууруулах   учраас цус алдуулах   эрсдэл нэмэгдэнэ.

Хэрэв дээр дурьдагдсан эмийн аль нэгийг  АСХ-тэй зэрэг хэрэглэвэл

синергист үйлдэл үзүүлэх тул тромбоцитын бөөгнөрөх идэвх (агрегаци) суларч  цусархагших хам шинж үүсч болохыг АНХААР

Стероидын бус үрэвслийн эсрэг эмүүд (NSAID) ба  ЦОГ-2  ферментийг дарангуйлагчид (целекоксиб)

Ходоод гэдэсний салстыг цочроох гаж нөлөө нь давхцах тул  ходоод гэдэснээс цус алдах эрсдэл нэмэгдэнэ.

Ибупрофен

Ибупрофеныг хамт хэрэглэх үед тромбоцитын агрегаци эргэлтгүй дарангуйлагдана. Мөн ибупрофины хам нөлөөгөөр АСХ-н зүрх хамгаалах нөлөө хязгаарлагддаг.  Иймд АСХ хэрэглэж байгаа хүмүүс  ибупрофен хэрэглэх зайлшгүй шаардлага тулгарвал  2 эмийг наад зах нь 2 цагийн зайтай  хэрэглэхийг зөвлөж байна. 

Фуросемид

АСХ  нь  фуросемид  бөөрний түүдгэнцрийн өгсөх сувгаар дамжин гадагшлахыг саатуулах учир түүний шээс хөөх үйлдлийг сулруулдаг.

Хинидин

Хинидин АСХ-н тромбоцитийн  агрегацийг дарангуйлах  үйлдлийг  дэмжиж цус алдах хугацааг уртасгана

Спиронолактон

АСХ нөлөөгөөр  спиронолактоны  үйлдэл буурна.

Серотонины буцан орохыг саатуулагчид

Ходоод гэдэсний  замыг цочроох үйлдэл нь  давхцдаг учраас ходоод гэдэснээс цус алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Вальпроат

АСХ нь  вальпроатын  уурагтай холбогдолт ба хувиралд орох явцыг өөрчилдөг  тул вальпроатын хордлого (төв мэдрэлийн үйл ажиллагаа дарангуйлагдах,  хоол боловсруулах замд асуудал үүсэх зэрэг гаж нөлөө) илэрч болзошгүй учраас  вальпроатын тунг багасгаж хэрэглэх шаардлагатай.

Кортикостероидууд

Кортикостероидууд ба салицилат  эмүүдийн аль аль нь ходоодны салстыг цочроодог учраас ходоод гэдсэнд шарх үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба  кортикостероидууд салицилатын бөөрөөр дамжин гадагшлах болон хувиралд орох  явцыг  түргэсгэх тул салицилатын цусан дахь тунгийн хэмжээ эмчилгээний нөлөө үзүүлж чадах түвшинд хүрэхгүй байх эрсдэлтэй.

Чихрийн шижингийн эсрэг эмүүд

Цусан дахь сахар бууруулахад   синергистээр харилцан  нөлөөлдөг  тул тунгийн зохицуулалт шаардлагатай.

Антацидууд

АСХ-н  бөөрөөр дамжин гадагшлах явцыг  түргэсгэж,  эргэн шимэгдэлтийг бууруулах учраас  салицилатуудын эмчилгээний үр нөлөө буурдаг.

Салхин цэцэг өвчний эсрэг вакцин

Үйлдлийн механизм нь бүрэн тодорхойгүй ч  Рейе хам шинж үүсгэдэг эрсдэлтэй нь нотлогдсон.

Гинкго билоба

Гингко билоба тромбоцитийн бөөгнөрлийг бууруулдаг тул цус алдах эрсдэлийг нэмэгдүүлнэ.  

Онцгой анхааруулга

Кардиомагнилыг  стероидын бус үрэвслийн эсрэг(СБҮЭ) эмийн бүлгийн бусад бэлдмэлүүдтэй удаан хугацаанд хамт хэрэглэж болохгүйг анхаар  (Эмийн харилцан нөлөөлөл хэсгийг үзнэ үү).

Бэлдмэлийн  найрлагад ордог магнийн  гидроксид нь антацид бэлдмэл учраас ходоодны хүчлийг саармагжуулж, лизолецитин ба цөсний хүчилтэй холбогдон ходоодыг бүрхэж салстыг хамгаалах нөлөө үзүүлдэг.  Өндөр настнуудад  ходоод гэдэсний цус алдалт үүсэх эрсдэл өндөр байдгаас шалтгаалан өвдөлт намдаах, үрэвсэл  дарах, халуун бууруулах болон хэрлэг өвчнийг эмчлэх зорилгоор удаан хэрэглэхээс аль болохоор зайлсхийх хэрэгтэй.  Өндөр настанд зүрх судасны өвчнийг (зүрхний бах, цус харвалт зэрэг) эмчлэх ба хүндрэлээс сэргийлэх зорилгоор  бага тунгаар  хэрэглэлээ ч  ходоод гэдэсний цус алдалт үүсэх эрсдэл өндөр байдгийг  анхаар.

АСХ  нь бронх агшаах, багтраа сэдрээх болон бусад харшлын урвал үүсгэх шалтгаан болж болно.

Дор дурьдсан тохиолдлуудад бэлдмэлийг болгоомжтой хэрэглэ: Үүнд:

- Ходоод гэдэсний шархлаа өвчнөөр өвдөж байсан өгүүлэмжтэй, ялангуяа хоол боловсруулах замаас цус алдаж байсан хүн

- Бөөрний, элэгний  болон зүрхний үйл ажиллагааны  алдагдалтай хүн

- Глюкоз 6 фосфат дегидрогеназа (Г6ФД) ферментийн төрөлхийн хүнд хэлбэрийн дутагдалтай, АСХ хэрэглэснээр цус задралын цус багадалт үүсэх  эрсдэлтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. 

АСХ  хэрэглэж байгаа  үедээ шүд авахуулах гэх мэт мэс ажилбар хийлгэхэд цус ихээр алдах эрсдэлтэйг анхаар. 

Нөхөн үржихүйд нөлөөлөх

 АСХ нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чадварт сөргөөр нөлөөлөх боломжтой учраас жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд шаардлага багатай үед хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв энэ эмийг хэрэглэх зайлшгүй шаардлага байгаа бол эмчилгээг аль болох богино хугацаанд, эмийн тунг  аль болох бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Нөхөн үржихүйн чадварт нөлөөлөх сөрөг нөлөө нь эргэх (хэрэглэхээ болиход арилах) чанартай.  

Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйд хэрэглэх

Жирэмсэн эх  бага (хоногт 100 мг-с бага) тунгаар хэрэглэх:

Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйд  аль болох бага (хоногт 100 мг хүртэл) тунгаар хэрэглэнэ. АСХ-г эх барихын практикт бага тунгаар, эмчийн хяналтан дор  хэрэглэхэд аюулгүй болох нь батлагдсан. 

Жирэмсэн эх  өндөр тунгаар (хоногт 100 мг-с их) хэрэглэх:  

Жирэмсний эхний 6 сарын хугацаанд: простагландины нийлэгжилтийг дарангуйлах үйлдэлтэй эмүүдийг аль болохоор хэрэглэхгүй байхыг хичээх  хэрэгтэй бөгөөд  зөвхөн зайлшгүй тохиолдолд аль болох богино хугацаанд, аль болох бага тунгаар хэрэглэх ёстой. 

Жирэмсний сүүлийн 3 сард: хоногт 100 мг-с илүү тунгаар хэрэглэх үед урагт сөргөөр нөлөөлж болох юм.  Үүнд: ургийн зүрх уушгины тогтолцоонд (Баталовын суваг  хугацаанаасаа өмнө битүүрсний улмаас ургийн  уушгины артерийн даралт өндөрших) сөрөг нөлөө үзүүлэх

- ургийн бөөрний үйл ажиллагааг алдагдуулж улмаар бөөрний дутагдалд хүргэх, ураг орчмын шингэний хэмжээг багасгах нөлөө үзүүлнэ;

Жирэмслэлтийн сүүлийн өдрүүдэд хэрэглэсэн эх ба урагт үзүүлэх нөлөө:

- Ялтаст эсийн бөөгнөрлийг дарангуйлснаар цус урсах хугацааг уртасгах,  

- Умайн булчингийн  агших идэвхийг бууруулснаар төрөлт удаашрах, илүү тээлт үүсэх  зэрэг шалтгаануудын улмаас жирэмсний сүүлийн 3 сард АСХ-г хоногт 100 мг- с илүү тунгаар хэрэглэхийг хориглодог.  

Хөхүүл эхэд хэрэглэж болох эсэх  талаар  хийгдсэн туршлага байхгүй учраас хөхүүл эхэд хэрэглэхээр бол эхэд үзүүлж болох ашиг тус хийгээд нярайд учирч болох эрсдэлийг цэгнэн үзсэний үндсэн дээр шийдвэрлэх хэрэгтэй.

Автомашин жолоодох гэх мэт сэтгэцийн болон хөдөлгөөний өндөр хурд, анхаарал шаардсан  ажил, хөдөлмөр эрхлэх

Кардиомагнил нь тээврийн хэрэгсэл болон хөдлөгч механизмтай харьцаж ажиллахад онцгой нөлөө үзүүлэхгүй.

Тун хэтрэлт

Насанд хүрэгчдэд аюултай хордуулах тун бол: 300 мг/кг.

Шинж тэмдэг:

Удаан хугацаагаар  өндөр тунгаар хэрэглэх үед  хөнгөн хэлбэрийн архаг хордлого үүсэх ба дараах шинж тэмдгээр илэрнэ: халуурах, амьсгал түргэсэх, чих шуугих,  хэт хурдан амьсгалсны улмаас  бие мах бодь шүлтжих,  эсвэл бодисын солилцоонд өөрчлөлт орсноос  хэт хүчилших,  бие сульдах,  бие махбодь усгүйжих,  огих ба бөөлжих.

Хэрэв өвчтөн архаг хордлогын суурин дээр дахин өндөр тунгаар нэмж хэрэглэсэн эсвэл эм хэрэглэгч өндөр настай эсвэл бага насны хүүхэд бол хордлого илүү хүнд явцтай илэрч болно.

Эмчилгээ: хэрэв өвчтөн АСХ-г 120 мг/кг тунгаас илүү хэмжээгээр уусан байх магадлалтай бол  ходоодыг нь даруй угааж идэвхжүүлсэн нүүрс уулгана. Сийвэн дэх  салицилатын хэмжээг, зохих үр дүн гартал (салицилатын цусан дахь хэмжээ буурч, хүчил шүлтийн тэнцвэрт байдал сэргэтэл) 2  цаг тутамд  шинжилж байх хэрэгтэй.

Хэрэв цус алдах шинж илэрч эхэлбэл протромбины хугацаа  ба цус бүлэгнэлтийн бусад үзүүлэлтүүдийг байнга үзэж шинжлэх.

Ус эрдсийн тэнцвэрт байдлыг түргэн сэргээх. Шээсийг шүлтлэг чанартай болгох ба гемодиализ эмчилгээ хийх нь салицилатуудыг биеэс гаргах үндсэн арга юм. Хүнд хордлогын үед гемодиализ  эмчилгээ хийснээр  салицилатын гадагшлалт түргэсч ус эрдсийн ба хүчил шүлтийн тэнцвэрийг түргэн сэргээдэг.

Эмийн хэлбэр, савлалт:   

Полиэтилен  материалаар хийгдсэн,  таглааг  онгойлгоогүйг батлах битүүмжлэлтэй,  цагаан таглаатай  бараан өнгийн шилэн бортгонд 30 ба  100 ширхгээр  савлаж битүүмжилсэн.  Бортоготой эмийг хэрэглэх зааврын хамт  хатуу цаасан хайрцганд хийсэн.  

Хадгалах нөхцөл

Нарны шууд тусгалаас хамгаалж,  25˚С-с дээшгүй хэмд хадгална

Хүүхэд хүрэхээргүй газар хадгал!

Хүчинтэй  хугацаа

3 жил.  Хүчинтэй хугацаа нь дууссан эмийг хэрэглэж болохгүй  

Эм олгох нөхцөл

Жоргүй олгоно

Үйлдвэрлэгч  орнууд

Такеда ГмбХ, Ораниенбург, Герман