
Хэрэглэх заавар
Хэрэглэх заавар: Хэрэглэгчдэд зориулсан мэдээлэл
Азитровис 100 мг/5 мл
Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг
Азитромицин (Azithromycin)
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу.
- Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
- Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв ямар нэгэн гаж нөлөө хүнд явцтай илрэх, эсвэл уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч болон эм зүйчид мэдэгдээрэй.
Уг эм хэрэглэх зааварт ямар мэдээлэл байгаа вэ?
1. Азитровис гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
2. Азитровис бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах шаардлагатай вэ?
3. Азитровис бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
4. Илэрч болох гаж нөлөө
5. Азитровис бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
6. Савлалт болон бусад мэдээлэл
7. ATC код
8. Олгох нөхцөл
1. Азитровис гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Бэлдмэлийн үйлчлэгч бодис нь макролидын бүлгийн антибиотик азитромицин юм.
Азитровис нь бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг саатуулж зонхилон тохиолдох өвчин үүсгэгч бичил биетний өсөлт үржлийг дарангуйлдаг.
Азитровис бэлдмэлийг азитромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын дээд замын халдвар – хоолойн халдвар, гүйлсэн булчирхайн үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл болон чихний халдвар
- Амьсгалын доод замын халдвар – гуурсан хоолойн үрэвсэл болон янз бүрийн хэлбэрийн уушгины үрэвсэл
- Арьс болон зөөлөн эдийн халдвар – Лаймын өвчний эхний шат(хачигт халдвар), ёлом, арьсны бусад бактерийн халдвар
2. Азитровис бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах шаардлагатай вэ?
Азитровис бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхгүй.
- Хэрэв та азитромицин болон бэлдмэлийннайрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай (хэт мэдрэг ) бол
- Хэрэв та макролидын бүлгийн бусад антибиотикт харшилтай (хэт мэдрэг) бол
- Хэрэв та харга мөөгний уламжлал агуулсан бэлдмэл хэрэглэж байгаа бол, учир нь эрготизм гэж нэрлэдэг хөл доголох болон мөч хөхрөх эмгэгийг нөхцөлдүүлж болно.
Дараах тохиолдолд Азитровис бэлдмэлийг хэрэглэж байхдаа болгоомжлох шаардлагатай.
Зарим тохиолдолд нүүр, уруул, хэл болон хоолой хавагнах, амьсгалахад бэрхшээлтэй болох, исгэрсэн амьсгал (амьсгал давхцах) болон бусад хүнд явцтай харшлын урвалууд илэрч болно. Тэдгээрийн зарим нь эм эдэд удаан хугацаагаар хуримтлагдсанаас дахин илэрч болох ба удаан хугацааны эмчилгээ болон ажиглалт шаардагдана. Харшлын урвал гэж сэжиглэж байгаа тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
Бэлдмэлийг биеийн жин багатай, зүрхний хэмнэл алдагдал (зүрхний гаж нөлөөний эрсдэл) болон дархлааны өөрчлөлттэй өвчтөнд маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Бэлдмэлийг бөөрний болон элэгний хүнд эмгэгтэй (ялангуяа цөс зогсонгишилтой тохиолдолд) өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
Бэлдмэлийг тодорхой хэлбэрийн уушгины үрэвслийн эмчилгээнд хэрэглэх эсэхийг эмч шийдвэрлэдэг гэдгийг та мэдэх хэрэгтэй.
Бактерийн эсрэг бусад бэлдмэлийн эмчилгээний нэгэн адилаар мөөгөнцөр болон бусад бактерийн давхар халдвар (антибиотик эмчилгээг удаан үргэлжлүүлсэнтэй холбоотой нэмэлт давхар халдвар үүсэх) үүсэж болно.
Бүдүүн гэдэсний хуурамч мембрант үрэвсэл (бүдүүн гэдэсний үрэвсэл – хүнд явцтай ужиг суулгалтаар илэрдэг) илрэх ба энэ нь янз бүрийн явцтай тохиолдож болно. Дунд зэргийн болон хүнд явцтай тохиолдолд тусгай эмчилгээ шаардлагатай.
Хүүхдэд:
Бэлдмэлийг нярай хүүхэд болон дутуу төрсөн нярайд хэрэглэхгүй.
Бусад эмийн харилцан үйлчлэл
Хэрэв та бусад эмийн бэлдмэлийг хэрэглэж байгаа болон хэрэглэж дуусаад удаагүй байгаа бол (жоргүй олгодог эм хамаарна) эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдээрэй.
Азитровис бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хэрэглэж болно.
Бэлдмэлийг карбамазепин, метилпреднизолон, теофиллин, диданозин зэрэг эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болно.
Азитромицинтэй дараах бэлдмэлийг хамт хэрэглэхэд:
- Дигоксин – цусан дахь Дигоксин-ий түвшин ихсэх
- Рифабутин – цусны цагаан эсийн тоог бууруулах эрсдэлтэй.
- Харга мөөгний уламжлалын бэлдмэл – эрготизмүүсгэх эрсдэлтэй
- Цусны бүлэгнэлтийг багасгадаг эмийн бэлдмэл (варфарин, кумарины антикоагулянтууд гэх мэт) – цус алдалт үүсгэх эрсдэлтэй. Протромбины хугацаа гэх мэт шаардлагатай лабораторийн үзүүлэлтийг хянах хэрэгтэй.
- Терфенадин – зүрхний хэм алдагдал үүсэх эрсдэлтэй.
- Циклоспориныг азитромицинтэй хамт хэрэглэх нь ач холбогдолтой эсэхийг эмч тогтоох ба хэрэв шаардлагатай бол циклоспорины цусан дах хэмжээг хянаж, тунгийн тохируулга хийх хэрэгтэй.
Азитровис бэлдмэлийг хоол ундны зүйлтэй хамт хэрэглэх
Азитровис бэлдмэлийг хоолноос хамаарахгүйгээр хэрэглэж болно.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Ямар нэгэн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс асууж зөвлөгөө авна.
Уг бэлдмэл нь хүүхдэд хэрэглэх заалттай боловч та дараах мэдээллийг мэдэх шаардлагатай:
Азитромициныг жирэмсэн эмэгтэйд хэрэглэхэд аюулгүй гэсэн эмнэлзүйн судалгаа хангалттай биш байдаг. Иймээс бэлдмэлийг зөвхөн эмчээс зөвлөгөө авсны дараа хэрэглэх хэрэгтэй.
Азитромицин нь хөхний сүүгээр дамждаг эсэх нь тогтоогдоогүй учир зөвхөн өөр эмчилгээний арга байхгүй үед хэрэглэх ба азитромицины эмчилгээний үед хөхөөр хооллохыг зогсоох хэрэгтэй.
Жолоо барих болон техниктэй ажиллах үед үзүүлэх нөлөө
Жолоо барих болон техниктэй ажиллах чадварт азитромицин сөргөөр нөлөөлдөг тухай нотлох баримт байхгүй байна.
Азитровис бэлдмэлийн найрлага дах зарим туслах бодистой холбоотой чухал мэдээлэл
Азитровис бэлдмэл нь туслах бодис сахароз агуулдаг тул түүнийг чихрийн шижинтэй өвчтөнүүдийн эмчилгээнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Азитровис бэлдмэлийн 100 мг/5 мл-ын 20 мл флаконд 14,484 гр сахароз агуулагддаг. Бэлтгэсэн хөвмөлийн 5 мл бүрт 3,621 гр сахароз агуулагдана.
3. Азитровис бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Азитровис бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв танд ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай.
Амьсгалын дээд, доод зам болон арьс зөөлөн эдийн халдвар:
Зөвлөж буй тун: 10мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр. Стрептококк зэрэг онцгой хэлбэрийн бактериар үүсгэгдсэн хоолойн халдварын үед эмчлэгч эмч өндөр тунгаар (өдөрт 20 мг/кг тунгаар) хэрэглэх шаардлагатай эсэхийг шийднэ.
Биеийн жингийн дагуу зөв тунг тооцохдоо дараах мэдээллийг ашиглана:
Биеийн жин |
Азитровис 100 мг/5 мл хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг |
5кг |
2,5 мл(50мг) |
6кг |
3мл (60мг) |
7kг |
3,5 мл (70 мг) |
8kг |
4мл (80 мг) |
9кг |
4,5мл (90 мг) |
10-14кг |
5мл (100 мг) |
Тунг нарийн хэмжихийн тулд савлалтанд хавсаргасан 0,5мл хуваарь бүхий (10мг азитромицинтэй тэнцэх) 5мл тугналтын тариурыг анхаарч хэрэглэх хэрэгтэй.
Уушгины үрэвсэл
Зөвлөж буй тун: эхний өдөр 10 мг/кг тунгаар хоногт нэг удаа, 2 дахь өдрөөс 5 дахь өдөр хүртэл 5 мг/кг тунгаар өдөрт нэг удаа хэрэглэнэ.
Лаймын өвчин
Эхний өдөр 20 мг/кг тунгаар өдөрт нэг удаа, 2 дахь өдрөөс 5 дахь өдөр хүртэл 10мг/кг тунгаар өдөрт нэг удаа. Ээлж эмчилгээний нийт тун 60 мг/кг.
Бөөрний эмгэгтэй өвчтөн:
Бөөрний үйл ажиллагааны хөнгөн явцтай өөрчлөлтийн үед ихэвчлэн тунг тохируулах шаардлагагүй. Хүнд явцтай бөөрний эмгэгийн үед эмч уг бэлдмэлийн эмчилгээ боломжтой эсэхийг үнэлэх ба шаардлагатай тунг тохируулна.
Элэгний эмгэгтэй өвчтөн:
Азитромицин нь элгэнд задарч, цөсөөр ялгардаг ба бэлдмэлийг хүнд явцтай элэгний эмгэгтэй өвчтөнд хэрэглэхийг зөвлөдөггүй.
Хэрэглэх арга:
Азитровис ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтгийг хоногт 1 удаа хэрэглэнэ. Тохирох тунг савлалтанд хавсаргасан ууж хэрэглэх тунгийн тариураар нарийн хэмжинэ. Бэлдмэлийг хоолтой хамт болон хооллоогүй үед хэрэглэж болно.
Хөвмөл бэлтгэх арга:
1. Флакон дахь нунтгийг усанд хийж – ууж хэрэглэх хөвмөл бэлтгэнэ.
2. Флаконыг нээнэ.
3. Хөвмөлийг бэлтгэхийн тулд цэвэр шилэн флаконд тунгийн тариураар 12мл ус нэмж хийнэ. (тариураар 2 удаа 5 мл, 1 удаа 2 мл ус хэмжиж флаконд хийнэ.)
4. Нэг төрлийн хөвмөл болтол сайтар сэгсэрнэ.
5. Бэлтгэсэн хөвмөлөө 5 өдрийн турш хэрэглэнэ.
6. Хөвмөлийг хэрэглэх бүрийн өмнө сэгсэрнэ.
Тунгийн тариур болон халбага хэрэглэхэд зориулсан заавар
1. Тунгийн тариурын үзүүрийг хөвмөлд дүрж шаардлагатай хэмжээгээр соруулан авна.
2. Хүүхдийг хооллох байрлалд байлган аманд нь тунгийн тариурын үзүүрийг хийж хөвмөлийг аажим шахна.
3. Эмийн бэлдмэлийг хүүхдэд уулгасны дараа бага хэмжээний ус эсвэл жүүс өгнө.
4. Тариурыг хэрэглэсний дараа усаар угааж, хуурай цэвэрхэн газар хадгална.
Хэрэв Азитровис бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн бол
Хэрэв та жоронд бичсэн тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол эмчлэгч эмчдээ болон хамгийн ойрын эмнэлэгт хандах хэрэгтэй.
Энэ бүлгийн антибиотикийн тун хэтэрсэн үед түр зуур дүлийрэх, хүнд явцтай дотор муухайрал, бөөлжих болон суулгах зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ.
Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд идэвхжүүлсэн нүүрс уух болон зохих эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Хэрэв Азитровис бэлдмэлийн тунг уухаа мартаж өнгөрөөсөн бол
Хэрэв та тунг уухаа мартсан бол санасан үедээ даруйхан уух хэрэгтэй. Мартсан тунг нөхөхийн тулд давхарлаж хэрэглэж болохгүй. Дараагийн тунг хэрэглэх хугацаандаа ууна.
Хэрэв та Азитровис бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох бол
Хэрэв таны хүүхдийн биеийн байдал сайн байсан ч гэсэн эмчийн зөвшөөрөлгүйгээр бэлдмэлийг хэрэглэхээ зогсоож болохгүй. Хэрэв танд эмийн бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэг асуулт байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асуугаарай.
4. Илэрч болох гаж нөлөө
Бүх эмийн бэлдмэлийн адил Азитровис бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө илэрдэг хэдий ч энэ нь хүн болгонд илрэхгүй. Бэлдмэл нь ерөнхийдөө зохимж сайтай.
Дараах давтамж бүхий гаж нөлөө бүртгэгдсэн.
Гаж нөлөөний тохиолдлын үнэлгээнд дараах хүснэгтийг хэрэглэнэ.
Маш түгээмэл |
10 эмчилгээ хийлгэсэн өвчтөнд 1-ээс олон |
Түгээмэл |
100 эмчилгээ хийлгэсэн өвчтөнд 1-ээс 10 хүртэл |
Цөөн |
1000 эмчилгээ хийлгэсэн өвчтөнд 1-ээс 10 хүртэл |
Ховор |
10000 эмчилгээ хийлгэсэн өвчтөнд 1-ээс 10 хүртэл |
Маш ховор |
10000 эмчилгээ хийлгэсэн өвчтөнд 1-ээс цөөн |
Давтамж тодорхойгүй |
Байгаа мэдээллээс тодорхойлох боломжгүй |
Халдвар болон шимэгчийн халдвар
Түгээмэл: мөөгөнцрийн халдвар, үтрээний халдвар
Давтамж тодорхойгүй: бүдүүн гэдэсний хуурамч үрэвсэл үүсэх
Цус болон тунгалгийн системийн эмгэг
Цөөн: цусны цагаан эс буурах (лейкопени, нейтропени)
Давтамж тодорхойгүй: цусны улаан эс болон ялтас эс буурах (цус задралын цус багадалт)
Дархлааны системийн зүгээс илрэх эмгэг
Цөөн: хүнд явцтай харшлын урвал болох нүүр эсвэл хоолой хавагнах, хэт мэдрэгшлийн урвал
Давтамж тодорхойгүй: хүнд явцтай харшлын урвал болох амьсгалахад бэрхшээлтэй болох, толгой эргэх (анафилаксийн урвал)
Сэтгэцийн эмгэг
Цөөн: хэт цочромтгой болох
Ховор: сандрах
Давтамж тодорхойгүй: түрэмгий болох, сэтгэл түгших
Мэдрэлийн системийн зүгээс илрэх эмгэг
Түгээмэл: толгой эргэх, толгой өвдөх, хөл болон гар бадайрах, мэдээ алдах, амт болон үнэр өөрчлөгдөх
Цөөн: мэдрэхүй буурах, унтаа байдал, нойргүйдэл
Давтамж тодорхойгүй: муужрах, таталдаа үүсэх, сэтгэц хөдөлгөөний хэт идэвхжил, үнэр мэдрэхгүй болох, амт мэдрэхгүй болох, хий юм үнэрлэх, булчин сульдал
Нүдний эмгэг
Түгээмэл: хараа өөрчлөгдөх
Чих болон тэнцвэрийн эмгэг
Түгээмэл: чих дүлийрэх
Цөөн: сонсгол өөрчлөгдөх, чих шуугих (ихэвчлэн түр зуурын шинжтэй, удаан хугацаанд хэрэглэсний дараа болон өндөр тунгаар хэрэглэх үед ажиглагддаг)
Ховор: толгой эргэх, толгой дүүрэх мэдрэмж
Зүрхний зүгээс илрэх эмгэг
Цөөн: зүрх дэлсэх, янз бүрийн явцтай зүрхний хэмнэл өөрчлөгдөх
Давтамж тодорхойгүй: амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдах (трепетани-мерцани), ховдлын тахиаритми зэрэг зүрхний хэмнэл алдагдал
Судасны зүгээс илрэх эмгэг
Давтамж тодорхойгүй: гипотензи - цусны даралт буурах
Ходоод гэдэсний замын зүгээс илрэх эмгэг
Маш түгээмэл: суулгах, хэвлийгээр өвдөх, базлах, дотор муухайрах, гэдэс дүүрэх
Түгээмэл: бөөлжих, хоол боловсруулалт муудах (хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах)
Цөөн: ходоодны үрэвсэл, өтгөн хатах
Давтамж тодорхойгүй: нойр булчирхайн үрэвсэл, хэлний өнгө өөрчлөгдөх
Элэг-цөсний замын зүгээс илрэх эмгэг
Цөөн: элэгний үрэвсэл
Ховор: элэгний дутагдал
Давтамж тодорхойгүй: элэгний дутагдал, элэгний үрэвсэл, элэгний үхжил, цөс зогсонгишлын шарлалт
Арьс болон арьсан доорх эдийн эмгэг
Түгээмэл: тууралт гарах, загатнах
Цөөн: Стивенс-Жонсоны хам шинж (арьс, ам, нүд болон бэлэг эрхтэн цэврүүтдэг хүнд явцтай өвчин), гэрэлд хэт мэдрэгших урвал (гэрэлд гарснаар үүсдэг арьсны урвал), чонон хөрвөс (гөвдрүү)
Давтамж тодорхойгүй: эпидермийн хордлогот үхжил, арьсны олон хэлбэрийн улайрал
Яс-булчингийн систем болон холбогч эдийн эмгэг
Түгээмэл: Үе өвдөх
Бөөр, шээсний зам
Давтамж тодорхойгүй: бөөрний цочмог дутагдал, бөөрний завсрын эдийн үрэвсэл (бөөрний үрэвсэл)
Ерөнхий болон эм хэрэглэх хэсэгт илрэх өөрчлөлт
Түгээмэл: ядрах
Цөөн: цээж өвдөх, хаван, ядрах, сульдах.
Лабораторийн шинжилгээ
Түгээмэл: лимфоцит эсийн тоо цөөрөх, эозинофиль эсийн тоо олшрох, цусан дахь бикарбонатын хэмжээ буурах
Түгээмэл: аспартат аминотрансфераз, аланин аминотрансфераз, цусан дахь билирубин, мочевин, креатинины хэмжээ ихсэх, калийн хэмжээ өөрчлөгдөх.
Давтамж тодорхойгүй: зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарах (QT интерваль уртсах)
Хэрэв ямар нэгэн гаж нөлөө хүнд явцтай болох, эсвэл уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ болон эм зүйчид мэдэгдээрэй.
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмч эсвэл эм зүйчдээ мэдэгдэнэ. Үүнд уг савлагаан доторх эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй илэрч болох бүх гаж нөлөө хамаарна.
Эмийн гаж нөлөөг ЭЭХХЗГ-ын цахим хуудсанд (www.mmra.gov.mn) байршуулсан гаж нөлөө мэдэгдэх цэсээр нэвтрэн мэдээлэх. Мөн “Фармавишн Мед- ийн 70113890 дугаарт мэдэгдэнэ үү.
Гаж нөлөөг мэдээлснээр уг бэлдмэлийн аюулгүй байдлын талаар илүү мэдээллээр хангахад тусална.
5. Азитровис бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
25оС-аас доош хэмд хадгална.
Азитровис бэлдмэлийг савалгаан дээрх хүчинтэй хугацаа дууссаны дараа хэрэглэж болохгүй. Дуусах хугацааг тэмдэглэгдсэн сарын сүүлийн өдрөөр тооцно.
Хөвмөлийг бэлтгэснээс хойш 5 өдрийн дотор хэрэглэнэ.
Эмийн бэлдмэлийг ахуйн хог хаягдал болон бохирын усанд хаяж болохгүй. Цаашид хэрэглэгдэхгүй болсон эмийн бэлдмэлийг хэрхэн устгах талаар эм зүйчээс асуугаарай. Энэ арга нь хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах болно.
6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
Азитровис 100мг/5мл ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг юу агуулдаг вэ?
5 мл хөвмөлд үйлчлэгч бодис 100мг азитромицинтэй тэнцүү хэмжээтэй азитромицины дигидрат агуулагдана.
Бусад найрлага: сахароз, манитол, усгүй натрийн карбонат, ксантаны давирхай, коллоид усгүй цахиурын хоёрч исэл, гүзээлзгэний үнэр, амт оруулагч, гадилын үнэр, амт оруулагч, натрийн сахарин.
Азитровис 100 мг/5мл ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтгийн дүрслэл ба савлалтын агууламж:
Гадна байдал:
Бэлдмэл нь цагаанаас – цагаавтар өнгөтэй нунтаг бөгөөд устай холилдож бананын үнэртэй, гүзээлзгэнийн амттай, цагаанаас цагаавтар өнгөтэй нэг төрлийн хөвмөл үүсгэнэ.
Савлалт:
Азитровис 100мг/5 мл нь ууж хэрэглэх хөвмөл бэлтгэхэд зориулсан нунтаг нь 30 мл-ийн бараан шилэн флаконд савлагдсан байна.
1 шилтэй эмийн бэлдмэлийг эм хэрэглэх заавар болон тунгийн тариурын хамт цаасан хайрцагт савлан гаргана.
7. ATC код: J01FA10
8. Олгох нөхцөл: Жороор олгоно
Үйлдвэрлэгч:
Химакс Фарма Компани
Болгар Улс, Софи хот 1618
8А, Горицын гудамж
Утас: +359 2 955 6298/107
Имайл: info@chemaxpharma.com





































































































































































































































































































