
Хэрэглэх заавар
Хэрэглэгчдэд зориулсан эмийн заавар
Тайлолфен “Хот”
Tylolfen Hot
Ууталсан нунтаг: 04
ТАЙЛОЛФЕН “ХОТ” – нэг төрлийн нунтаг бэлдмэлд парацетамол, хлорфенирамины малеат, фенилэфрины гидрохлорид агуулагдана.
Зааварт энэ эмийн талаарх маш чухал мэдээлэл байгаа учраас Та бэлдмэлийг хэрэглэж эхлэхийн өмнө энэ мэдээллийг анхааралтай уншина уу.
Мөн энэ бэлдмэлийг эмч, эмнэлгийн ажилтны заавраар эсвэл мэдээлэлд заасны дагуу хэрэглэх хэрэгтэй.
• Танд мэдээллийг дахин унших шаардлага гарч болзошгүй учраас зааврыг хаялгүй хадгална уу.
• Хэрэв Танд нэмэлт мэдээлэл, зөвлөгөө шаардлагатай бол эмчдээ эсвэл эм зүйчид хандана уу.
• Хэрэв Таны бие сайжрахгүй, өвчний шинж тэмдгүүд гүнзгийрэх шинж ажиглагдвал тэр даруй эмчид хандах хэрэгтэй.
• Хэрэв Танд энэ зааварт тусгагдаагүй ямар нэгэн шинж /гаж нөлөө/ ажиглагдвал эмч эсвэл эм зүйчдээ хандана уу.
Энэ бэлдмэлийн талаарх зааврын агуулга:
1. Тайлолфен “Хот” гэж юу вэ? юунд хэрэглэдэг вэ?
2. Тайлолфен “Хот” бэлдмэлийг хэрэглэхдээ Та юуг мэдсэн байх хэрэгтэй вэ?
3. Тайлолфен “Хот” бэлдмэлийг хэрхэн хэрэглэдэг вэ?
4. Илэрч болзошгүй гаж нөлөө
5. Тайлолфен “Хот” бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
6. Бэлдмэлийн савлалт, боодол болон бусад мэдээлэл
1. ТАЙЛОЛФЕН “ХОТ” ГЭЖ ЮУ ВЭ? ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
Эмийн худалдааны нэр - Тайлолфен “Хот”. Энэ бэлдмэл нь тусгай уутанд савлагдсан, нэг төрлийн, шаргал өнгөтэй, нимбэгний үнэртэй нунтаг. Ууттай бэлдмэлийг 6 ба 12 ширхэгээр багцлан, цаасан хайрцагт хийж савласан.
Нэг ууттай Тайлолфен “Хот” бэлдмэлд 500 мг парацетамол, 4 мг хлорфенирамины малеата ба 10 мг фенилэфриний гидрохлорид агуулагдана.
Тайлолфен “Хот бэлдмэлийг: ханиад, томуу, нусгай тусах үед илэрдэг халуурах, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, хамаг бие өвдөж булрах, хамар битүүрэх, хамрын салст хорсох, нус гоожих, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүдийг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.
Энэ бэлдмэлд 3 төрлийн үндсэн үйлчлэгч бодис агуулагддаг.
Парацетамол - өвдөлт намдаах ба халуурч байх үед халуун бууруулах үйлдэлтэй.
Фенилэфриний гидрохлорид – хамар ба хамрын дайвар хөндийн салст бүрхэвчийг хавагнахаас сэргийлэх болон хаванг бууруулах замаар амьсгалах үйл ажиллагааг хөнгөвчилж өгдөг.
Хлорфенамин – гистамины эсрэг эмийн бүлэгт багтдаг бөгөөд хүний биед харшлын улмаас үүсдэг эмгэг шинж тэмдгүүдийг, тухайлбал хамраас нус гоожих, хамар битүүрэх, салст улайх болон нүдний салст улайж үрэвсэх зэргийг хөнгөвчилж өгдөг.
2. ТАЙЛОЛФЕН “ХОТ” БЭЛДМЭЛИЙГ ХЭРЭГЛЭХДЭЭ ТА ЮУГ МЭДСЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Тайлолфен “Хот” бэлдмэлийг Та дараах тохиолдолд хэрэглэж болохгүй.
• Хэрэв Та энэ бэлдмэлийн найрлагад ордог парацетамол, фенилэфриний гидрохлорид, хлорфенамин болон бусад туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшсэн буюу харшилтай бол;
• Хэрэв Та элэг эсвэл бөөрний өвчтэй, бамбай булчирхайн үйл ажиллагааны хэт идэвхжилтэй, чихрийн шижин өвчтэй, артерийн даралт ихтэй, зүрхний эмгэгтэй эсвэл зүрхний үйл ажиллагааны алдагдалтай бол;
• Хэрэв Та бөөрний дээд булчирхайн хорт хавдар (феохромоцитома) эсвэл нүдний дотоод даралт ихдэх эмгэгтэй (глаукома) бол;
• Хэрэв Та гурван циклт антидепрессант (имипрамин, амитриптилин г.м) бэлдмэл хэрэглэж байгаа, эсвэл сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд, сэтгэл гутралын үед хэрэглэгддэг - моноаминоксидаза ферментийг (МАО) дарангуйлагч (моклобемид г.м) эмүүдийг хэрэглэж байсан бол;
• Хэрэв Та бета-адреноблокатор гэгдэх бүлгийн эмүүдийг хэрэглэж байгаа бол;
• хэрэв Танд зарим төрлийн саахар тохирдоггүй болохыг эмч олж тогтоосон бол (энэ бэлдмэлийн найрлагад сахароз гэдэг бодис ордог учраас);
• Хэрэв Та жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй бол тус тус хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.
Энэ бэлдмэлийг хэрэглэж байх үедээ парацетамол агуулсан өөр ямар ч эмийг хамт хэрэглэж болохгүй. Мөн салстын хавагналтыг арилгадаг болон гистамины эсрэг үйлдэл бүхий эмийн бодис агуулсан ямар нэг бэлдмэлийг энэ эмтэй зэрэг хэрэглэж болохгүй.
Тайлолфен “Хот” бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх тохиолдлууд:
Хэрэв Танд дараах шинж тэмдгүүд бий бол эмчээсээ асууж тодруулна уу:
• Хэрэв Таны элэг тааруу, зүрхний эмгэгтэй, артерийн даралт ихтэй (түүний дотор феохромоцитома өвчний үе дэх) бол;
• Хэрэв Та багтраатай, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй, уушгины ямар нэг эмгэгтэй бол;
• Хэрэв Таны нүдний дотоод даралт ихэсдэг (глаукома) бол;
• Хэрэв эр хүн Та түрүү булчирхайн эмгэгтэй бол;
• Танд Рейно хам шинж гэх мэт судасны эмгэг байдаг бол;
• Хэрэв Та чихрийн шижин өвчтэй бол (Тун тус бүрт 17,5 г сахароз агуулагддаг учраас болгоомжтой хэрэглэх ёстой);
• Хэрэв эмч, Танд саахар зохихгүй ховор тохиолдох эмгэг байгааг анхааруулсан бол тус тус эмчлэгч эмчдээ хандаж зөвлөлгөө авч байна уу.
Энэ эмийн талаарх бусад мэдээлэл
Жолоо барих зэрэг машин механизмтай харьцаж ажиллах:
Энэ эмийг хэрэглэх үед нойр хүрэх, толгой эргэх, хараа бүрэлзэх шинж илэрч болзошгүй учраас хэрэв Танд ийм шинж илэрч байгаа болон илэрч болзошгүй байвал жолоо барих, машин механизмтай харьцаж ажиллахаас зайлсхийх шаардлагатай.
Энэ бэлдмэлийг Архи, согтууруулах ундааг (вино, пиво, архи) хэрэглэж байх үедээ хамт хэрэглэхийг хориглодог.
Жирэмсэн эхийн хэрэглээ
Хэрэв Та жирэмсэн бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ эсвэл эм зүйчид заавал хэлэх хэрэгтэй.
Хэрэв Танд эмч зөвлөөгүй л бол, жирэмсэн эх Тайлолфен “Хот” бэлдмэлийг сайн дураараа хэрэглэж болохгүй. Хэрэв энэ бэлдмэлийг хэрэглэж байх үедээ Та жирэмсэн болсноо мэдсэн бол эмчдээ хэлээрэй.
Хөхүүл эхийн хэрэглээ
Хэрэв Та хөхүүл хүүхэдтэй бол энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмчлэгч эмчдээ эсвэл эм зүйчид заавал хэлэх хэрэгтэй. Хэрэв Танд эмч зөвлөөгүй л бол энэ эмийг сайн дураараа хэрэглэж болохгүй.
Бусад эмүүдтэй хамт хэрэглэх
Эмч Танд энэ эмийг бичиж өгөх үед Та хэрэглэж байгаа эмүүдийнхээ нэрийг эмчдээ хэлээрэй. Ялангуяа дараах нэр бүхий эмүүдийг энэ бэлдмэлтэй хамт хэрэглэхээр бол заавал мэдээлэх хэрэгтэй. Үүнд:
• Метоклопрамид эсвэл домперидон (дотор муухайрах ба огилт бөөлжилтийг дарах зорилгоор хэрэглэдэг) зэрэг эм;
• Эрготамин эсвэл метилсергид (мигрень өвчинд хэрэглэдэг) зэрэг эмүүд;
• Холестирамин (цусан дахь холестеринийг бууруулдаг);
• Артерийн даралт бууруулдаг эмүүд;
• Хоолны дуршил бууруулдаг эмүүд;
• Сэтгэл гутралын эсрэг хэрэглэдэг гурван циклт антидепрессант гэж нэрлэгдэх амитриптилин зэрэг эмүүд;
• Зүрх судасны эмгэгт хэрэглэгддэг дигоксин зэрэг эмүүд;
• Цус шингэлдэг үйлдэлтэй антикоагулянт гэж нэрлэгддэг варфарин зэрэг эмүүд;
• Гистамины эсрэг бүлгийн бусад эмүүд, түүний дотор ханиад, томууны эсрэг хэрэглэгддэг нойр хүргэх үйлдэлтэй эмүүд;
• Тайвшруулах үйлдэл бүхий (нойрсуулах, тайвшруулах эм, антидепрессантууд);
• Фенитоин (эпилепси өвчинд хэрэглэдэг) зэрэг эмүүд орно.
Хэрэв Та дараах эмүүдийг (үүний дотор жоргүй олгогддог эмүүд ч орно) саявтархан хэрэглэж байсан бол эмч эсвэл эм зүйчдээ заавал мэдээлээрэй. Үүнд:
• Тайвшруулах үйлдэл бүхий (нойрсуулах, тайвшруулах эм, антидепрессантууд);
• Фенитоин (эпилепси өвчинд хэрэглэдэг) зэрэг эмүүд орно.
3. ТАЙЛОЛФЕН “ХОТ” БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?
ТАЙЛОЛФЕН “ХОТ” бэлдмэлийг насанд хүрэгчдэд болон 16 хүртэл насны хүүхдэд дараах байдлаар хэрэглэнэ.
• Бэлдмэлийг 160 мл халуун усанд (= стандарт хэмжээтэй аяганд) хийж уусгаад тэр даруй уух хэрэгтэй.
• Бэлдмэлийг 4 цагаас ойр зайтай хэрэглэх хэрэггүй ба хоногийн тун нь хамгийн ихдээ 6 уут байж болно.
• Бусад эмтэй хамт хэрэглэж байгаа бол эм хоорондын зайг 6 -цагаас их байлгах бөгөөд, хоногт хамгийн олондоо 4 уутыг хэрэглэх боломжтой.
• Заагдсан тунгаас илүү ихийг ууж болохгүй.
• Эмч өөрөөр заагаагүй тохиолдолд 7 хоногоос илүү хугацаагаар хэрэглэх ёсгүй.
• 16-с доош насны хүүхдэд хэрэглэж болохгүй.
ТАЙЛОЛФЕН “ХОТ” бэлдмэлийг заагдсан тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд:
Хэрэв ТАЙЛОЛФЕН “ХОТ” бэлдмэлийг зохих тунгаас хэтрүүлэн хэрэглэсэн бол биеийн байдал чинь хэвийн байсан ч эмчлэгч эмчдээ заавал мэдэгдэх хэрэгтэй. Учир нь парацетамолыг их тунгаар хэрэглэсний улмаас элэг хүчтэй гэмтдэг. Хэрэв биед ямар нэг зовиур илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
4. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ
Хэдийгээр хэрэглэсэн хүн бүрт илрээд байдаггүй ч бусад бүх эмийн нэгэн адил энэ эмийг хэрэглэх үед ямар нэг гаж нөлөө илэрч болзошгүй.
Хэрэв дор бичигдсэн гаж нөлөө илэрвэл эмийн хэрэглээг нэн даруй зогсоож, эмчдээ эсвэл ойрын эмнэлэгт яаралтай хандана уу. Үүнд:
• Харшлын хүнд хэлбэрийн урвал: арьсаар туурах, загатнах, хэл уруул, хоолой, нүүр хавагнах, амьсгаадах гэх мэт урвалууд.
• Арьсан дээгүүр тууралт гарч, арьс гуужих эсвэл амны салст шархлах
• Амьсгалахад хүнд болох. Энэ үзэгдэл ялангуяа урьд нь ийм явдал тохиолдож байсан болон ибупрофен, аспирин зэрэг өвдөлт намдаах эм хэрэглэсэн хүмүүст илрэх магадлал өндөр
• Биеийн арьс санаандгүй байхад хөхөрч “няцрах” эсвэл цус гарамтгай болох.
• Үе үе халуурах болон халдварт өртөмхий болох
• Дотор муухайрч бөөлжис цутгах, гэнэт турах, хоолонд дургүй болох, арьс ба нүд шарлах.
• Хараа муудах. Энэ гаж нөлөө ховор тохиолддог ч глаукома өвчтэй хүмүүст тохиолдох магадлал өндөр
• Зүрх дэлсэх, зүрхний хэм хэт түргэсэх ба хэм алдагдах
• Шээс чавдаграх. Энэ үзэгдэл ихэвчлэн түрүү булчирхайн томролттой эрчүүдэд тохиолддог.
Хэрэв Танд дор дурьдсан гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ эсвэл эм зүйчид хандах хэрэгтэй. Үүнд:
• Нойрмоглох, унтамхай болох, ядарч сульдах
• Анхаарал төвлөрөл муудах, толгой эргэх, толгой өвдөх, харааны чадвар өөрчлөгдөх.
• Бие “сулрах”, дотор муухайрах, ам хатах, цээж хорсох, гүйлгэх, ходоод өвдөх.
• Хоолны дуршил буурах, шээхэд хүндрэлтэй болох, чих шуугих.
• Харшлын хүнд биш урвалууд, үүний дотор арьс гуужих, арьсан дээр улаан тууралт гарч загатнах, гэрэлд хэт мэдрэгших.
• Зүрхний хэм түргэсэх, зүрх дэлсэх, артерийн даралт буурах (Таны бие сульдаж мэдрэгдэх болно), зүрх орчмоор өвдөх
• Цагаан мөгөөрсөн хоолойн шүүрэл өтгөрөх (үүнээс шалтгаалан ханиалгах эсвэл цэр гаралт ихсэх)
• Элэгний үйл ажиллагааны хямрал, элэгний үрэвсэл ба шарлалт үүсэх (арьс, нүдний алим шарлах)
• Цус багадалт үүсэх зэрэг эмгэг өөрчлөлтүүд
• Булчин сулрах, булчин таталдах, биеийн тэнцвэр алдагдах
• Сэтгэл гутрал илрэх, цочромтгой болох, хар дарж зүүдлэх
• Өндөр настанд: ухаан самуурах
• Хүүхэд хэт цочромтгой болох
Бага насны хүүхэд болон өндөр настанд дараах гаж нөлөөнүүд илүү өндөр давтамжтай тохиолдох магадлалтай. Үүнд:
• Цусны даралт ихсэх, толгой өвдөх, толгой эргэх, нойр хямрах, тайван бус, уур уцаартай болох, гүйлгэх эсвэл бие сульдах.
Хэрэв дээр дурьдагдсан болон дурьдагдаагүй ямар нэгэн ноцтой байж болох гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ эсвэл эм зүйчдээ мэдээлнэ үү.
5. ТАЙЛОЛФЕН “ХОТ” БЭЛДМЭЛИЙГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?
Бэлдмэлийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт, 25°-с доош хэмд, өөрийн нь саванд хадгал. Хадгалалтын хүчинтэй хугацаа нь хэтэрсэн бол хэрэглэж болохгүй. Хүчинтэй хугацааг цаасан хайрцаг дээр нь бичсэн байх бөгөөд, хугацаа дуусах өдөр нь бичигдсэн сарын сүүлийн өдрөөр дуусгавар болдог.
БЭЛДМЭЛИЙН САВЛАЛТ, БООДОЛ БОЛОН БУСАД МЭДЭЭЛЭЛ
Нэг уутан доторх 20 г нунтаг бэлдмэл тус бүрт:
Идэвхтэй үйлчлэгч бодисууд:
Парацетамол …………… ......................... 500 мг
Хлорфенирамины малеат ................... ....... 4 мг
Фенилэфриний гидрохлорид .................... 10 мг
Туслах буюу дүүргэгч бодисууд:
Натрийн бензоат, хинолины шар, нунтагласан болон цэвэршүүлсэн сахар, сахарын нунтаг (сахароз), нимбэгний амтат нунтаг, хуурайшуулсан нимбэгний хүчил, дарсны хүчил, натрийн гидрокарбонат, хуурайшуулсан натрийн карбонат, повидон.
БОРЛУУЛАЛТЫН ЭРХИЙГ ЭЗЭМШИГЧ
NOBEL İLAÇ SANAYİİ ve TİCARET A.Ş. Сарай Махаллези Д-р Аднан Бююкдениз Кад.
№: 14 34768 Умрание / Стамбул TÜRKİYE Телефон: +90 (216) 633 60 00 Факс: +90 (216) 633 60 01
NOBEL İLAÇ SANAYİİ ve TİCARET A.Ş. Saray Mahallesi Dr. Adnan Büyükdeniz Cad. No: 14 34768 Ümraniye / İstanbul TÜRKİYE Phone : +90 (216) 633 60 00 Fax: +90 (216) 633 60 01
,